Төмөрбаатарын БАТСАЙХАН
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэгийг урьж, ярилцлаа.
“13 мянга гаруй хүүхдэд эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө өгсөн”
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөхийн ажилд томилогдоод нэг жил зургаан сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд би олон шинэ зүйлтэй нүүр тулж, түүнээсээ суралцаж, цаашид эрүүл мэндийн салбарын бодлогын түвшинд ажиллах туршлага хуримтлууллаа. Ерөнхийлөгч маань залуу хүмүүсээр багаа бүрдүүлж байгаа нь надад маш их урам өгсөн.
Би энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө 10 орчим жил шүдний эмчээр ажилласан. Мөн хүүхдийн шүдний эрүүл мэндийг дэмжих зорилготой “National Dental Health Education Foundation” нэртэй санг байгуулж, анх долоон эмчтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Хөдөө орон нутгаар ажиллах явцад зөвхөн шүдний эмч биш, бусад олон төрлийн нарийн мэргэжлийн эмч шаардлагатай байгааг ойлгосон. Ингээд манай эмч нарийн баг өргөжиж, нүд, шүд, хүүхдийн мэдрэл, зүрх, эмэгтэйчүүдийн эмч гэсэн 43 мэргэжлийн эмчтэй, сайн дурын ажилтнуудтайгаа нийлээд 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй болж, явуулын эмнэлгийн хэлбэрээр ажиллах болсон. Бид энэ хугацаанд алслагдсан сум, дүүргийн 13 мянга гаруй хүүхдэд эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө өгсөн. Магадгүй энэ сайн дурын ажлыг минь Төрийн тэргүүн анзаарч, илүү олон хүүхдэд хүрэх зорилготойгоор надад Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллах санал тавьсан байх гэж боддог.
“Залуучууд эмнэлэгт ирдэггүй учраас хамгийн олноороо цугладаг газар нь очиж эрүүл мэндэд нь анхаарахыг зорьж байна”
-Би 2024 оны есдүгээр сарын 16-нд томилогдсоныхоо дараа “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд өмнөх жилүүдэд хийгдсэн ажлуудыг судалж үзсэн. Ингэхэд нэг зүйл тодорхой болсон. Ерөнхийлөгчийн институци бол Засгийн газрын ажилд шууд оролцдог байгууллага биш. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүд дээр очиж эмч нарт заавар өгөх, бодлого хэрэгжүүлэх эрх зүйн боломжгүй. Харин бодлогын түвшинд нөлөөлөх, чиглэл өгөх үүрэгтэй. Засгийн газар, салбарын яам өвдсөн иргэдийг эмчлэхэд анхаарч ажилладаг бол “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн эрүүл байгаа иргэдийг өвчлөхөөс нь өмнө хамгаалах зорилготой. Өөрөөр хэлбэл, урьдчилан сэргийлэх бодлогыг хүчтэй болгох гэсэн үг. Тиймээс энэ хөдөлгөөний үндсэн концепцыг эрүүл байгаа иргэдийнхээ эрүүл мэндэд чиглэсэн бодлого гэж тодорхойлж, Ерөнхийлөгчид танилцуулсан.
Өмнөх зөвлөхүүдийн эхлүүлсэн томоохон ажлуудын нэг нь архины хатуулагийг бууруулах тухай Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлиг байсан. Энэ зарлигийн дагуу архины градусыг хоёр жил тутамд хоёр градусаар бууруулах бодлого хэрэгжиж байна. Мөн эрт илрүүлгийн үзлэгт хамруулах ажлыг эхлүүлсэн. Энэ ажлыг Засгийн газар, Эрүүл мэндийн яам үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ёстой. Ингээд залуучуудын эрүүл мэндийн асуудалд анхаарах нь зүйтэй гэж бодсон. Манай улсын эмнэлгүүдийн ачааллын ихэнхийг 35–40 наснаас дээш насныхны архаг өвчлөл эзэлдэг. Харин залуучууд эрүүл мэндийн үзлэгт бараг хамрагддаггүй. Өөрсдийгөө залуу, эрүүл гэж боддог учраас эмнэлэгт очих сонирхол бага байдаг. Тиймээс бид залуучуудыг эмнэлэгт ирэхийг хүлээх биш, харин цуглардаг газар нь очих шийдлийг сонгосон. Үүний нэг жишээ бол цэрэг татлага байлаа. “Идэр чийрэг Монгол цэрэг” дэд төслийн хүрээнд цэрэг татлагад ирсэн залуусыг иж бүрэн эрүүл мэндийн шинжилгээнд хамруулж эхэлсэн. Жишээлбэл, Баянзүрх дүүрэгт 14 мянган залууг эрт илрүүлгийн үзлэгт хамруулахад 400 орчим нь эрүүл мэндийн шалтгаанаар цэрэгт тэнцээгүй. Өмнө нь ийм залуус зүгээр л буцаад явдаг байсан бол одоо тэднийг дүүргийн эмнэлгүүдтэй холбож, дараагийн цэрэг татлагад эрүүл болгох тогтолцоог бүрдүүлнэ. Энэ туршлага амжилттай болсон учраас цаашид бусад дүүргүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
“Цэргийн эмч, сувилагч бэлтгэх тогтолцоог дахин сэргээж байна”

-Дараагийн нэг асуудал бол Зэвсэгт хүчний цэргийн ангиудад эмч, сувилагчийн хүрэлцээ хангалтгүй байна. Үүнийг шийдэхийн тулд АШУҮИС-тай хамтран цэргийн эмч, сувилагч бэлтгэх тогтолцоог дахин сэргээж эхэлсэн. 2025 оноос эхлэн анхны элсэлтээ авч, оюутнууд суралцаж байна. Эдгээр залуус цэргийн болон анагаах ухааны хоёр тангарагтай мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ. Ер нь цаашид бид эрүүл мэндийн боловсролыг сургуулиас эхлүүлэх хэрэгтэй байна. 30, 40 настай хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчлөх маш хэцүү. Харин хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгож чадвал ирээдүйн эрүүл иргэнийг бэлтгэх боломжтой. Иймээс ерөнхий боловсролын сургуулиудад “Эрүүл Монгол хүн” клуб байгуулж эхэлсэн. Одоогийн байдлаар Ерөнхий боловсролын 881 сургуулиас 560 гаруйд нь энэ клуб байгуулагдсан. Клубын хүрээнд сар бүр хүүхдүүдэд эрүүл мэндийн мэдлэгийг эмч нарын хэллэгээр бус, ойлгомжтой энгийн хэлээр зааж өгдөг. Мөн Боловсролын яамтай хамтран сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг дахин оруулах асуудлыг ярилцаж, одоогоор 16 цагийн эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулаад байна.
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлд хэрэгжүүлж буй ажил
-Нийгмийн эрүүл мэнд гэдэг нь зөвхөн өвчнийг эмчлэх асуудал биш. Харин өвчин үүсэх шалтгаан, орчин нөхцөлийг судалж, урьдчилан сэргийлэх бодлогыг хэрэгжүүлэхийг хэлдэг. Энэ хүрээнд “Сэтгэцийн эрүүл мэндийн аюулгүй байдал” форумыг зохион байгуулж, Австралийн “Mental Health First Aid” хөтөлбөрийг Монголд нэвтрүүлсэн. Энэ нь хүн бүр заавал сэтгэл зүйч байх шаардлагагүй ч хажууд байгаа хүндээ сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх чадвартай болох зорилготой хөтөлбөр юм.
Мөн “Community Health Worker” буюу олон нийтийн эрүүл мэндийн ажилтан бэлтгэх тогтолцоог эхлүүлж байна. Эдгээр хүмүүс эмчилгээ хийхгүй ч өрхийн эмчид туслан ажиллаж, айл өрхөөр орж даралт хэмжих, вакцины товлол сануулах, өндөр настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зөвлөгөө өгөх зэрэг ажил хийдэг. Ер нь эрүүл мэндийн бодлого гэдэг богино хугацаанд үр дүн нь харагддаггүй. Харин урт хугацаанд үр нөлөө нь илэрдэг. Тиймээс миний хувьд “Эрүүл Монгол хүн” хөдөлгөөнийг нэг удаагийн компанит ажил биш, харин урт хугацаанд үргэлжлэх тогтолцоо болгохыг зорьж байна. Эрүүл мэнд бол зөвхөн эмнэлгийн асуудал биш. Энэ нь Монгол Улсын аюулгүй байдал, хүн амын хөгжил, цаашлаад үндэсний оршин тогтнолтой шууд холбоотой асуудал юм. Тиймээс иргэд, төр, бодлого тодорхойлогчид бүгд энэ асуудалд илүү анхаарах шаардлагатай байна.
“Эрүүл мэндийн салбарт удирдлагын залгамж чанар чухал байна”
-Эрүүл мэндийн салбарт анзаарагддаг нэг томоохон асуудал бол удирдлагын залгамж чанар юм. Зарим тохиолдолд дарга, удирдлагууд тэтгэвэрт гарах эсвэл ажлаасаа чөлөөлөгдөх үед өмнө нь эхлүүлсэн бодлого, хэрэгжүүлж байсан ажил нь тасалдаад үлдэх тохиолдол цөөнгүй. Би ийм жишээг олон удаа харж байсан. Тиймээс өмнөх удирдлагын хийж байсан ажлыг зохион байгуулалттайгаар дараагийн захиралдаа хүлээлгэн өгөх, эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлэх тогтолцоо зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Хэрэв удирдлагын залгамж халааг зөв тогтоож өгөхгүй бол хамгийн их хүндрэл залуу боловсон хүчинд үүсдэг. Шинэ дарга ирэх бүрд өмнөх удирдлагын эхлүүлсэн ажил зогсож, бүх зүйл дахин шинээр эхэлдэг. Ингэснээр залуу эмч нарын хувьд итгэл үнэмшил сулрах, ажлын тогтвортой байдал алдагдах нөхцөл бий болдог. “Одоо л нэг ажил жигдэрч эхэлж байна” гэж байтал удирдлага солигдож, дахиад бүх зүйл бужигнаж эхэлдэг. Үүний үр дагавар зөвхөн байгууллагын дотоод орчинд бус, эцэстээ иргэдэд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээний чанарт хүртэл нөлөөлдөг. Тиймээс ийм байдлыг арилгахын тулд өмнөх удирдлагыг тодорхой хугацаанд зөвлөхөөр үлдээх, эсвэл шинэ дарга нь өмнөх даргатайгаа хамтран ажиллаж, эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлэх боломжийг бодлогын түвшинд бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Ялангуяа эрүүл мэндийн салбарын хувьд энэ нь маш чухал асуудал юм. Мөн эрүүл мэндийн салбарт хүн хоорондын харилцаа, харилцан ойлголцол, хамтын ажиллагаа ч мөн адил чухал. Зарим тохиолдолд бие биенээ дэмжихээс илүүтэй эсрэгцэх, нэгнийхээ ажлыг үгүйсгэх хандлага ажиглагддаг. Ийм уур амьсгал салбарын хөгжилд сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой. Нөгөө талаас нийгэмд хамгийн их яригдаж байгаа сэдвүүдийн нэг бол эрүүл мэндийн даатгалын асуудал. Манай “Эрүүл Монгол” хөдөлгөөний цахим хуудсанд хүртэл иргэдийн бичсэн сэтгэгдлийг харахад ихэнх нь эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шүүмжилсэн байдаг. Гэхдээ нөгөө талаар иргэд өөрсдөө сар бүр эрүүл мэндийн даатгалд хэдий хэмжээний шимтгэл төлж байгаагаа тэр бүр мэддэггүй. Тиймээс иргэд сар бүр тодорхой хэмжээний шимтгэл төлж, эргээд эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээ авч байгаа гэдгээ ойлгож, даатгалын тогтолцооны талаар илүү бодит мэдээлэлтэй байх нь чухал. Энэ талаар бид Эрүүл мэндийн яамтай ярилцаж, иргэдэд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог илүү ойлгомжтой тайлбарлах, мэдээллийг нь хүргэх шаардлагатай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн төр засаг бус, иргэд өөрсдөө ч эрүүл мэндийн даатгалын талаарх ойлголтоо нэмэгдүүлэх хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 43 (7785)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn