АНУ-Израиль VS Иран: Эдийн засаг, аюулгүй байдлын хямрал гүнзгийрч байна

1 цаг 14 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

 

Ираны дээд удирдагч амиа алдаж, 40 хоногийн гашуудал зарлалаа

Өнгөрсөн бямба гарагт АНУ, Израилийн зүгээс Иран руу өргөн хүрээтэй агаарын цохилт өгсөн нь Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг огцом хурцатгасан үйл явдал боллоо. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр “Operation Epic Fury” хэмээн нэрлэсэн энэхүү агаарын довтолгооны улмаас Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеи амь үрэгдсэнийг АНУ болон Ираны төв хэвлэл баталгаажуулаад байна. Мөн Батлан хамгаалахын сайд Азиз Насирзаде, Хувьсгалт гвардын командлагч Мохаммад Пакпур, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нөлөө бүхий гишүүн Али Шамхани болон дээд удирдагч Хаменейн охин, хүргэн болон ойрын гэр бүлийн гишүүд мөн довтолгооны үеэр амь үрэгдсэнийг мэдээлсэн байна.

Дээд удирдагч нь амь үрэгдсэнтэй холбогдуулан Ираны Засгийн газар 40 хоногийн бүх нийтийн гашуудал зарлалаа. Хаменеийн хувьд сүүлийн 36 жил Исламын Бүгд Найрамдах Иран Улсыг удирдаж байсан юм.

Урьдчилсан мэдээллээр Иранд 200 гаруй хүн амь үрэгдэж, 700 гаруй хүн шархадсан байна. Эдгээрийн дотор энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүд өртсөн мэдээлэл бий. Булангийн орнууд болон Израильд ч тодорхой хэмжээний хохирол бүртгэгдсэн ч Иран дахь хүний гарз илүү өндөр байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна.

Одоогоор Иранд шинэ Дээд удирдагч томилогдоогүй бөгөөд түр шилжилтийн зохицуулалт хэрэгжиж эхэлжээ. Дараагийн удирдагчийг сонгох үйл явц хэрхэн өрнөх нь тус улсын дотоод тогтвортой байдал, бүс нутгийн цаашдын нөхцөл байдалд чухал нөлөө үзүүлэхээр байгаа юм.

 

Бүс нутагт тогтворгүй байдал бий болов

Ираны тал хариу арга хэмжээ авч, пуужин болон дроны довтолгоо явуулснаар Персийн булангийн бүс нутаг бүхэлдээ цэргийн болон аюулгүй байдлын өндөр бэлэн байдалд шилжээд байна. Ираны явуулсан хариу довтолгооны улмаас АНЭУ, Катар, Бахрейн, Кувейт зэрэг орнуудад нөхцөл байдал аюултай хэмжээнд очиж, аялал жуулчлалын эдгээр бүс нутгуудад тодорхойгүй байдал бий болоод байна. Тухайлбал, Дубайн олон улсын нисэх буудал болон Абу Дабигийн “Зайед” нисэх буудлын орчимд дэлбэрэлт болж дроны хэлтэрхий унаснаас нэг хүн нас барж, долоон хүн шархадсаныг “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна. Мөн Дубайн олон улсын нисэх буудалд нэг хүн амиа алдаж, дөрвөн хүн шархадсан, Израильд нэг хүн нас барж, цөөн тооны иргэд шархадсан талаар Guardian сайт мэдээлжээ. Харин АНУ-ын талд амь үрэгдсэн, шархадсан тохиолдол бүртгэгдээгүй болохыг Пентагон мэдэгджээ.

 

Олон мянган хүмүүс онгоцны буудалд “гацав”

Довтолгооны улмаас Иран, Израиль, Ирак, Катар, Кувейт, Бахрейн, АНЭУ зэрэг орнууд агаарын орон зайгаа түр хугацаагаар хааж, олон улсын болон дамжин өнгөрөх нислэгүүдийг зогсоов. Дубай, Доха, Абу Даби зэрэг дэлхийн томоохон нисэх онгоцны буудлуудад нэг өдрийн дотор мянга гаруй нислэг цуцлагдсан тухай мэдээлэл гарсан. Emirates, Etihad, Qatar Airways зэрэг бүс нутгийн томоохон тээвэрлэгчид нислэгээ түр зогсоож, Европ, Азийн олон авиа компани булангийн бүсийг тойрон урт маршрутаар нисэх шийдвэр гаргав. Одоогоор 90 мянга гаруй зорчигчид нисэх онгоцны буудалд гацсан байдалтай байна.  Үүний улмаас түлшний зардал нэмэгдэж, нислэгийн хугацаа уртасч, агаарын тээврийн салбарын алдагдал хэдэн зуун сая ам.доллараар хэмжигдэж болзошгүй гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

 

Нефтийн зах зээл савлаж эхэллээ

 

Ийнхүү ердөө хоёр хоногийн дотор өрнөсөн цэргийн ажиллагаа нь улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, тээвэр, эрчим хүчний зах зээл зэрэг олон салбарт зэрэгцэн цохилт өгч, Ойрхи Дорнодын бүс нутаг хямралын нөхцөл байдалд шилжээд байна. Цаашид АНУ–Израилийн дараагийн алхам, мөн бүс нутгийн орнуудын байр сууринаас шууд хамаарах нөхцөл байдал үүсээд байна. Олон улсын шинжээчдийн дүгнэж байгаагаар мөргөлдөөн хэд хоног үргэлжилсэн ч НҮБ-ын санаачилгаар “гал зогсоох” хэлэлцээ рүү шахагдах боломжтой хэмээн үзэж байна. Харин ойрын хугацаанд булангийн бусад улс орнуудад халдлага дахин нөлөөлвөл нөхцөл байдал илүү хурцдаж, мөргөлдөөн олон оролцогчидтой болж өргөжих эрсдэл бий. Мөн эдийн засгийн талаас харвал цаашид дэлхийн нефтийн зах зээл дээр үнийн хүчтэй савлагаа болж болзошгүй хэмээн анхааруулж байна. Ялангуяа нефтийн үнэ 70 ам доллараас өсч 80-100 ам.долларт хүрэх магадлалтай гэж үзэж байна. Ормузын хоолойгоор дэлхийн нефтийн тээвэрлэлтийн дийлэнх нь дамждаг тул уг бүсэд үүссэн аюул нь нийлүүлэлтийн эрсдэлийг огцом нэмэгдүүлж, тээвэрлэлтийн өртөг өсөх нөхцөл бүрдүүлжээ. Хэрэв энэ байдал үргэлжилбэл дэлхийн инфляцын дарамт дахин нэмэгдэж, эрчим хүч импортлогч орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлөх төлөвтэй байна.

 

Улс орны удирдагчид юу хэлэв?

 

Израил, АНУ-ын цэргүүд Ираны хотуудад цохилт өгсний дараа дэлхийн улс орнууд өөр өөрсдийнхөөр мэдэгдэл гарган, байр сууриа илэрхийлсээр байна.

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш:

“Ойрхи Дорнод дахь өнөөдрийн цэргийн үйл ажиллагааг эрс эсэргүүцэж байна. Талууд дайсагналыг нэн даруй зогсоож, хурцадмал байдлыг бууруулахыг уриалж байна… Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэхээс өөр бодит хувилбар үгүй”.

 

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон:

“Энэхүү үүссэн нөхцөл байдал бүх талд аюул заналхийлж байна. Тиймээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нэн даруй хуралдах ёстой. Хурцадмал байдлыг зогсоох ёстой. Ираны дэглэм сайн дурын үндсэн дээр хэлэлцээрийн ширээний ард суух ёстой”

 

Их Британийн Засгийн газрын мэдэгдэл:

Бүс нутагт мөргөлдөөн цааш даамжирч, өргөжихгүй байхыг хүсэж байна. Иранд цөмийн зэвсэг бүтээхийг хэзээ ч зөвшөөрч болохгүй. Тиймээс бид асуудлыг яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх хүчин чармайлтыг үргэлж дэмжсээр ирсэн. 

 

Германы Канцлер Ф.Мерц:

Бид Израйлийн Аюулгүй байдалд санаа зовниж байгаа ч гал нээсэн цохилтод Герман улс оролцоогүй гэдгийг мэдэгдье. Бүс нутагт гал зогсож харилцан гал зогсох хэрэгтэй. Тегераны удирдагчид ард түмнийхээ эсрэг түрэмгийллийг энн даруй зогсоож хэлэлцэрэийн ширээний ард суух нөхцөл байдлыг бий болгох хэрэгтэй.

 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров:

“АНУ-Израилийн цохилтуудыг бид урьдчилан төлөвлөсөн, НҮБ-ын гишүүн орны эсрэг явуулж буй зэвсэгт түрэмгийлэл гэж буруушааж байна… Энэ нь хүмүүнлэгийн болоод эдийн засгийн, цаашлаад цөмийн гамшигт хүргэх эрсдэлтэй.”

 

Саудын Арабын Гадаад хэргийн яам:

“Ираны ил тод түрэмгий үйлдлийг хамгийн хатуу хэлбэрээр буруушааж байна… Бид булангийн орнуудтай бүрэн эв санааны нэгдэлтэй байх болно”

 

Пакистаны Гадаад хэргийн сайд Ишак Дар:

“Бид шаардлагагүй, үндэслэлгүй довтолгоог буруушааж байна. Цэргийн довтолгоог нэн даруй зогсоох шаардлагатай.”

 

Туркийн Гадаад хэргийн яамны мэдэгдэл:

Ираны эсрэг АНУ, Израилын ажиллагаа бүс нутгийн төлөв болон дэлхий дахины тогтвортой байдалд аюул учруулж байна. Турк улс Ираны эргэн тойронд үүсээд буй асуудлуудыг шийдвэрлэхэд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, цохилтоо зогсоохыг уриалсан байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 38 (7780)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
АНУ-Израиль VS Иран: Эдийн засаг, аюулгүй байдлын хямрал гүнзгийрч байна

Өнгөрсөн бямба гарагт АНУ, Израилийн зүгээс Иран руу өргөн хүрээтэй агаарын цохилт өгсөн нь Ойрхи

1 цаг 14 мин
Ерөнхийлөгч УИХ-ыг, МАН гишүүдээ “онилж” хаврын улс төрийг эхлүүлэв

Өнгөрсөн баасан гарагт хаврын улс төр албан ёсоор хөшгөө нээв. 

1 цаг 14 мин
"126 авлигач ба нэг лидер"

“…УИХ-ын гишүүд ёс зүйтэй, хариуцлагатай байвал парламентын дархлаа бэхжиж, нэр хүнд өснө” гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үзжээ.

1 цаг 14 мин
Т.Ганболд жүжигчин болжээ

Т.Ганболд жүжигчин болжээ

17 цаг 11 мин
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ намайг хилсээр ялуулсан, Г.Занданшатар Ерөнхий сайдын авлигын эсрэг тэмцлийг дэмжиж ажиллана

Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ намайг хилсээр ялуулсан, Г.Занданшатар Ерөнхий сайдын авлигын эсрэг тэмцлийг дэмжиж ажиллана

17 цаг 47 мин
Д.Амарбаясгалан: Хил хязгаар давж, хэлсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэхгүй

Д.Амарбаясгалан: Хил хязгаар давж, хэлсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэхгүй

18 цаг 10 мин
Д.Амарбаясгалан явж, Ж.Мөнхбат ирэв

Эрх баригч нам өнөөдөр бага хурлаа хийж морь жилийн улс төрөө эхлүүллээ. Бага хур

2026-02-27
Фото: МАН-ын бага хурал

Фото: МАН-ын бага хурал

2026-02-27
Г.Занданшатар: Монголын эдийн засаг зөв чиглэлд, зөв голдиролдоо орж байна

Г.Занданшатар: Монголын эдийн засаг зөв чиглэлд, зөв голдиролдоо орж байна

2026-02-27
МАН-ын бага хурал: Д.Амарбаясгалан,Н.Тавинбэх, Х.Булгантуяа, А.Амундраа нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ

Д.Амарбаясгалан,Н.Тавинбэх, Х.Булгантуяа, А.Амундраа нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ

2026-02-27