Ц.МЯГМАРБАЯР
“Бизнес хөгжил” буландаа “KHSMT” компанийн захирал Х.Оролмааг урьж ярилцав.
-Төрийн тогтворгүй бодлогоос болж зарим компани газраа зараад гарч байна гэдэг. Танай компанийн тухайд?
-Манай компани 2005 оноос газар тариалангийн салбар руу орж ажилласан. Тухайн үед газар тариалангийн салбар нэлээд хүнд үеийг туулж зарим компаниуд энэ салбараас гарч байхад манайх эсрэгээрээ орж ажилласан. Тухайн үед санхүүжилт, хөрөнгө оруулалт тасарснаас болж эргэлт хийгээгүй атаршсан олон мянган га талбай байсан. Харин С.Баярын Засгийн газраас 2008 оноос “Атарын III” аяныг эхлүүлснээр Монгол Улсын газар тариалангийн салбарт сэхэх эхлэл тавигдсан. Энэ аян өрнөснөөр газар тариалангийн салбарт оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засгийн тухайд үсрэлт хийсэн гэж болно. Ингэснээр Монгол Улс улаан буудай болон гурилын хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангах эхлэл болсон. Нэг үгээр хэлбэл, газар тариаланчдад урам өгсөн юм. Одоогоор Сэлэнгэ, Булган, Төв аймгийг хамарсан 20 орчим мянган га талбайд тариалалт хийж байна. Төрийн тогтворгүй шийдвэрээс улбаатай сүүлийн жилүүдэд улаан буудайн тариалалт буурч байгаа. Манай компанийн тухайд өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 100 орчим га-гаар улаан буудайн тариалалт багссан. Энэ нь зах зээл дэх борлуулалт, үнийн савлагаатай тогтворгүй зэргээс шалтгаалж буурсан. Гаднаас татваргүй улаан буудай болон хуурай гурил бүх боомтоор чөлөөтэй орж ирсэн нь нөлөөлсөн. Мэдээж тогтворгүй зах зээлд тариалан эрхлэгч компаниуд болгоомжилж тариалалтаа багассан. Гурилын импортыг татваргүй болгосноор улаан буудайн тариалалт буурч улмаар өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Засгийн газраас 150 мянган тонн улаан буудай импортоор оруулж ирэх шийдвэр гарсан. Жилд манай компани 6-7 мянган аг -д тариалалт хийдэг. Тэгвэл өнгөрсөн жилийн тухайд 1800 га-д тариалалт хийсэн. Өөрөөр хэлбэл, гаднаас их хэмжээгээр татваргүйгээр хямд улаан буудай болон гурил оруулаад ирэхээр бидний бүтээгдэхүүний нэгж өртөг өндөр тогтох нөхцөл үүссэн. Өндөр үнэтэй улаан буудайг дотоодын үйлдвэрүүд авахгүй. Энэ мэтчилэн бусад олон асуудлаас үүдэж тариалалтаа бууруулах жишээтэй.
-Улаан буудайн оронд рапс их хэмжээгээр тарьсан гэж байсан. Танайх рапс тариалсан уу. Рапс хөрсөнд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Ер нь газар тариалангийн салбарт бизнес эрхлэгчид жил бүр тодорхой хэмжээгээр техникийн шинэчлэл хийдэг. Шинэчлэлээ дагаад хөрөнгө оруулалт, өртөг өндөр байдаг. Ерөнхийдөө сүүлийн жилүүдийн улаан буудайн борлуулалт муу, зах зээл дэх үнийн өрсөлдөөн, цаг агаарын эрс, тэс байдал нь салхиа дагаад хөрсний элэгдэл их хэмжээгээр бий болсон зэргээс шалтгаалж эдийн засгийн өсөлтөд муугаар нөлөөлж буй нь зарим компани газраа зараад гарч байгаа нь үнэн. Манайх өнгөрсөн жил 2000 орчим га-д рапс тариалсан. Жил ирэх тусам рапс тариалалт нэмэгдэж байна. Нийт талбайнхаа 60 орчим хувьд зарим жижиг компаниуд 70 орчимд нь рапс тариалсан. Рапсыг сэлгээнд тариалах нь зөв ч гэсэн жил дараалан тарих нь хөрсөндөө муу үр дүнтэй. Хэдийгээр богино хугацаанд тариалж борлуулалт өндөр байгаа ч цаашид хөрсний доройтолд муугаар нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, тухайн аж ахуйн нэгж тогтвортой ургац авах нөхцөл буурна л гэсэн үг.
-Энэ хаврын тариалалт, уринш хагалалт ямар байх дүр зурагтай байна вэ?
-Өнгөрсөн жилийн тухайд ган, гачигтай холбоотой тариалсан талбай нь уриншид шилжээд ирэх хаврын тариалалт нэмэгдэх төлөвтэй. Уринштай талбай их байгаа учраас тэр. Түүнчлэн манайх гэхэд хоёр жил дараалан рапс тариалсан учраас ирэх хаврын тухайд улаан буудайн тариалалтаа нэмэгдүүлнэ. Манайхтай ижил олон компани байгаа байх. Одоогоор импортоор орж ирэх бүтээгдэхүүнд хязгаарлалт тавиад эхлэх чигтэй. Тэгвэл тариалалт нэмэгдэх дүр, зурагтай байна. Нөгөөтээгүүр, сэлгээний тариалалт хийх сонирхол нэлээд нэмэгдсэн. Малын тэжээл, буурцагт ургамал, эрдэнэ шиш, маалинга гэх мэт. Хамгийн гол эдгээрийг экспортод гаргах боломж нь хязгаарлагдмал учраас их хэмжээгээр тариалах боломжгүй. Одоо зөвхөн экспортод рапс гаргах боломжтой. Нэг сайн мэдээ гэвэл удахгүй манай ХХААХҮ-ийн дэд сайд Казакстантай 10 төрлийн таримал ургамал гаргах тухайд санамж бичиг байгуулах түвшний ажил хийх талаар ярьж байна. Үүнд овьёос, маалинга болон найман төрлийн эмийн ургамал гадагшаа гаргах гэрээ, хэлэлцээр хийх юм билээ. Энэ бол маш том дэмжлэг, давуу талтай. Ингэснээр сэлгээнд тариалах ургамлын нэр төрөл нэмэгдэх нь хөрсөнд маш сайн. Улмаар хөнгөлөлттэй санхүүжилт хэлбэрээр зориуд бодлогоор хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл,импортоор авдаг таримал ургамлуудыг эх орондоо нутагшуулах сонирхлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэснээр гадаадаас оруулж ирж буй бүтээгдэхүүний импортын хамаарлыг бууруулах боломжтой. Энэ ч үүднээс манай компани эрдэнэ шишийн таримлыг Монголд нутагшуулах чиглэлд сүүлийн 4-5 жил ажиллаж байна.Жил бүр 20-30 га-д тариалалт хийдэг. Өмнөх жилд анх удаа 500 га-д шар буурцаг тариалсан.Энэ нь Монголдоо анхдагч нь гэж хэлж болно. Ер нь шар буурцыг Монголын хөрсөнд сэлгээний зориулалтаар тарих боломжтой гэдгийг харуулсан. Эрс, тэс уур амьсгал ойролцоо ОХУ-ын нэг сортыг нутагшуулж байна. ОХУ 100 гаруй төрлийн шар буурцгийн сорт бий. Нэг буурцагт таримлын 100 гаруй сорттой гэсэн үг. Үүнээс 30 гаруйг нь үр хэлбэрээр тариалдаг. Сүүлийн жилүүдэд манайхтай ойр Эрхүү мужид шар буурцаг нутагшуулж байгаа. Манайх хамтын ажиллагаагаа өргөжүүлж тэдний заавар зөвлөгөөг хэрэгжүүлж туршлага судалсан. Ерөнхийдөө шар буурцаг тариалах технологийг бүрэн эзэмшиж байна: Ирэх хавар 1000 орчим га-д тариалалт хийхээр төлөвлөж байна. Шар буурцаг хөрсөнд азот хуримтлуулдаг ургамал. Өөрөөр хэлбэл, агаараас 150-200 кг азотыг хөрсөнд авч үлддэг онцлогтой. Азот бол уургийн өндөр агууламжтай. Тэр хэрээр шар буурцаг уураг ихтэй ургамал. Сүү болон махны чиглэлийн үхрийн аж ахуйд хамгийн чухал тэжээл гэж үздэг. Түүнчлэн тос шахаж шар буурцгийн сүү ч хийж болдог. Маш олон төрлийн ач холбогдолтой ургамал. Сэлгээнд орох хамгийн тохиромжтой нь буурцагт ургамал. Хөрсөндөө үнэгүй азот авч байна гэсэн үг. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл, нэг тонн азот хоёр сая төгрөг гэж тооцвол 150-200 кг азотыг хөрсөнд ургамал тариалснаар үнэгүй авч байна гэсэн үг. Цаашид олон аж ахуйн нэгж шар буурцаг тариалах байх. Үүнийг тариалахын төлөө бусад компанид манлайлж харуулахыг зорьж буй. Өөрсдийн нэвтрүүлсэн технологийг бусдад зааж ямар төрлийн ургамалд нь ямар төрлийн бордоо хэрэглэдэг юм, тарихын өмнөх хөрсний бэлтгэлийг хэрхэн хийх, ямар хугацаагаар тарих гэх мэт олон асуудлыг манайх шийдэж хамтран ажиллах боломжтой.
-Танай компани хүний нөөцийн асуудлаа хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Салбарын хамгийн тулгамдсан асуудал хүн, хүчний хомсдол. Том тэрэгний жолооч авъя гээд зар тавиад ирдэггүй. Ашиг орлого өндөр, цалин ахуй хангамж сайтай уул уурхайн салбар руу ихээр ордог. Одоогоор хөдөө аж ахуй, газар тариаланд ажиллах хүчний хомсдол үүссэн. Тиймээс гаднаас ажиллах хүчээ авахаар судалж байна. Улаанбаатарт үйлчилгээний салбарт гадаадын ажиллах хүч ихээр ороод ирсэн байна. Үүнтэй адил бид авахаас өөр гарцгүй болж байна. Үхрийн аж ахуй, фермүүд гадаадаас 1000 орчим хүмүүсийг гэр бүлээр нь авч ажиллуулж байгаа юм билээ. Миний хувьд бага, залуугаасаа газар тариалантай холбогдсон. Уг нь улс төр судлаач мэргэжилтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 22 (7764)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn