Төмөрбаатарын БАТСАЙХАН
“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “доголдол”-ын асуудлыг хөндөж байна. Үндэсний аудитын газраас Эрчим хүчний сайдын хариуцдаг байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, нийт санхүүгийн зөрчлийг 79.98 тэрбумд хүрсэн гэж дүгнэжээ. Гэхдээ энэ зөрчил иргэдээс хураадаг цахилгааны төлбөр бага байгаатай холбоогүй гэдгийг тодотгох нь зүйтэй. Цэвэр зохион байгуулалт, төсвийн сахилга бат, салбарын уялдаа холбоог харуулсан зөрчлүүд байна. Үүнээс харахад, эрчим хүчний салбарын эдийн засгийн нөхцөл байдал ямар эмзэг, замбараагүй, дүрэм журамгүй явж байгааг харж болно. Эрчим хүч бол улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой чухал салбар. Өнөөдөр нийслэлд хэдхэн цаг цахилгааны хязгаарлалт хийхэд ямар эрсдэлт байдлууд үүсэж байгааг бэлхнээ харж болно. Тиймээс Үндэсний аудитын газраас гаргасан тайлан дээр үндэслэн эрчим хүчний салбарын эдийн засгийн “доголдол” ямар хэмжээнд байгааг тоймлон хүргэж байна. Мөн олон жилийн гацаанд орсон эрчим хүчний томоохон төслүүдийн зөрчил мөн л олон арван тэрбумаар яригдаж байна.
ҮАГ: Эрчим хүчний яаманд дотоод хяналт хангалтгүй байна
Үндэсний аудитын газраас Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ. 2025 оны байдлаар аудитын шалгалтаар нийт 79.98 тэрбум төгрөгийн 207 зөрчил илэрснээс 189.1 сая төгрөгийн төлбөрийн 45 акт тогтоож, 74.53 тэрбум төгрөгийн 87 албан шаардлага хүргүүлж, 5.2 тэрбум төгрөгийн 75 зөвлөмж өгчээ. Аудитаар илэрсэн 79.98 тэрбум төгрөгийн зөрчил нь материаллаг байдлын түвшнээс давсан тул аудитын байгууллагаас “хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байна. Санхүүгийн тайланг шалгах явцад зарим хэсэгт нь хангалттай нотолгоо авч чадаагүй, эсвэл тодорхой асуудал илэрсэн үед өгдөг дүгнэлт юм.
Мөн аудитын дүгнэлтэд, Эрчим хүчний яамны дотоод болон бүртгэлээр тавих хяналт хангалтгүй байгаагаас сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд 79.98 тэрбумын зөрчил илэрсэн гэжээ. Энэ нь Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т “хариуцлагатай байх”, 6 дугаар зүйлийн 6.6.1-д “төсвийн захирагч нь түүнийг томилсон байгууллага, албан тушаалтны өмнө, эсхүл дээд шатныхаа төсвийн захирагчийн өмнө төсвийн талаар хариуцлага хүлээдэг байх”, 14 дүгээр зүйлийн 14.2.3-т “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах”,14.2.10-т “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх”, 14.3-т “Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын төсвийн орлого, зарлагын зүй зохистой, үр ашигтай байдал, үр дүнгийн гүйцэтгэлийг хангаж, өөрт хамаарах төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, болон Зөвлөл Засгийн газар, Улсын Их Хурлын өмнө бүрэн хариуцна”, 16 дугаар зүйлийн 16.5.6-т “дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх”, 69 дүгээр зүйлийн 69.1-т “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна” гэж заасныг зөрчсөн байна гэжээ.
Санхүүгийн зөрчлийг таслан зогсоож, давтан гаргахгүй байх шаардлага хүргүүлжээ

Улмаар Төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод хяналтыг сайжруулж, санхүүгийн үйл ажиллагаанд гарч буй зөрчлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, өмнөх онд өгсөн зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлээгүй зөрчлийг таслан зогсоож, давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах албан шаардлага хүргүүлжээ. Олон жилийн насжилттай 2013-2021 онд үүссэн гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагад буцаан олгоогүй 154.1 сая төгрөгийн барьцааны үлдэгдэл бүртгэлтэй байна. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-т “эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах” гэж заасантай нийцэхгүй байна. Шүүхийн маргаантай гурван ажлын барьцааны 461.9 сая төгрөгийн үлдэгдлийг тооцоо нийлж, баталгаажуулаагүй байна. Энэ нь мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-д “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах” гэж заасантай нийцэхгүй байна гэжээ.
Өмнөх оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өгсөн зөвлөмж хэрэгжээгүй, тайлант онд хэрэгжиж хугацаа дууссан 92.14 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 63 төсөл, арга хэмжээг улсын комиссын актаар хүлээж авсан боловч төсөл, арга хэмжээг ашиглагч байгууллагад шилжүүлээгүйгээс, холбогдох байгууллагад шийдвэрлээгүй 39.26 тэрбум төгрөгийн хөрөнгө байна. Энэ нь Төсвийн тухай хууль, Засгийн газрын 2023 оны 278 дугаар тогтоол, Монгол Улсын ерөнхий аудиторын 2020 оны А/106 дугаар тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журам”-ын 19 дүгээр зүйлийн 19.1-т “Шалгагдагч этгээд аудитаар өгсөн зөрчил дутагдлыг арилгах, асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн зөвлөмжийн дагуу зохих ёсоор арга хэмжээ авч, залруулах ажлыг зохион байгуулсан байна” гэж заасныг зөрчсөн байна. Тиймээс Улсын комиссын актаар хүлээн авч ашиглалтад орсон барилга, байгууламжийн хөрөнгийн бүртгэл, өмчлөлийн асуудлыг холбогдох хууль, журмын дагуу тухай бүрд шийдвэрлээгүй зөрчлийг таслан зогсоож, давтан гаргахгүй, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах албан шаардлага хүргүүлсэн байна.
Эрчим хүчний томоохон төслүүд ч аудитын шалгалтад бүдэрч санхүүгийн зөрчил нь хэдэн тэрбумаар яригдаж байгаа юм. Томоохон төслүүдэд хийсэн аудитын шалгалтын дүнгээс тоймлон хүргэж байна.
Эрдэнэ бүрэнгийн УЦС: Зарим ажлыг тендер зарлагдаагүй, шууд гэрээгээр гүйцэтгэсэн
Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцыг байгуулах ажил 1964 оноос эхлэлтэй. Тэгэхээр өдгөө 62 жилийн хугацаа өнгөрчээ. Анх ЗХУ-ын эрчим хүчний “Электросеть” хүрээлэнгээс урьдчилсан судалгаа хийж байв. Дараа нь 2008 онд "MCS, Kyushu Electric Power, West Japan Engineering Consultants, Industrial Design" компаниуд УЦС-ын анхны ТЭЗҮ-г боловсруулсан байна. 2015 онд төслийн нэгжийг байгуулж, 2019 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар 28 мянга га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байв. Мөн оны арваннэгдүгээр сард төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн баталж, 2021 оны есдүгээр сард төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Пауэр Чайна-Пауэр Чайна Чэнгду" түншлэл шалгарч түлхүүр гардуулах нөхцөлөөр гэрээ байгуулсан байдаг. 2022 оны долоодугаар сард хайгуул, судалгааны ажлыг хийсэн. Харин 2024 оны арваннэгдүгээр сард тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян нар уулзалт хийх үеэр "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц" төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар 253 сая ам.долларын санхүүжилт шийдэгдсэн байдаг. Олон жил гацсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөлд хамгийн сүүлд буюу 2025 онд гаргасан аудитын дүгнэлтээр 1.3 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрчээ. Зөрчилд ажлын удирдамж болон албан томилолтоор ажилласан тухай тэмдэглэлд ирсэн, явсан огноо зөрүүтэй хуудсаар зардлыг олгож, анхан шатны баримтын бүрдэл хангаагүй зөрчлийг давтан гаргасан байна. Өмнөх оны аудитаар өгсөн зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Төрийн аудитын байгууллагад хуулийн хугацаанд ирүүлээгүй байна. Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд харьяалагдах нуур үүсэх талбайд байрлах Казах иргэдийн булш бунхныг нүүлгэн шилжүүлэх ажил буюу 596.131.2 мянган төгрөгийн ажил www.tender.gov.mn цахим хуудсан дээр тендер зарлагдаагүй гэрээ шууд гэрээ байгуулах аргаар хийгдсэн. Санхүүгийн тайлангийн жилд үндсэн хөрөнгийн тооллогыг хийгээгүй гэсэн зөрчлүүд аудитын шалгалтаар илэрсэн байна. Уг нь Эрдэнэ бүрэнгийн УЦС нь баруун бүсийн болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах бөгөөд их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах юм.
Эгийн голын УЦС-д 16.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Төрийн аудитын байгууллагын 2025 онд гаргасан тайланд Эгийн голын УЦС-ын төслөөс 16.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн гэдгийг тодотгожээ. Зөрчилд Эгийн голын усан цахилгаан станцыг барьж байгуулахаас өмнөх шинжилгээ судалгааны ажлын өртгийг үндсэн хөрөнгийн дуусаагүй барилга дансанд хуримтлуулж бүртгэсэн байна гэдгийг дурджээ. Захирлын 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн А/12 дугаар тушаалаар баталсан "Автомашин ашиглах журам"-д шатахуун зарцуулалтын нормыг тус байгууллагын автомашинуудыг 10 жилээс дээш хугацаагаар ашиглаж байгаа гэсэн тайлбартайгаар тодорхой судалгаа үндэслэлгүйгээр зөвшөөрсөн нормоос илүү тогтоож мөрдүүлсэн. Цалингийн зардлаас бусад 5.0 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлогын 688 сая мянган төгрөгийн гурав, зарлагын 121 сая мянган төгрөгийн 11 гүйлгээг хугацаа хоцроож мэдээлсэн байна. Аудитын байгууллагаас санхүүгийн зөрчил арилгах зөвлөмж хүргүүлсэн байна. Эгийн голын усан цахилгаан станцыг УИХ-аас баталсан “Монгол-Хятадын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх” хэлцэл хийгдэж, 2007 онд тендер зарлан Хятадын компаниуд шалгарсан байдаг. Гэвч Засгийн газар солигдсоноор төсөл зогссон гэдэг. Улмаар 2013 онд Эгийн голын УЦС-ыг барих тухай Засгийн газрын шийдвэр дахин гарч, ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулж байв. Харин 2016 он буюу УИХ-ын сонгуулийн жилд БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ-аас “ЮНЕСКО”-д “Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх” асуудлаар хандсаны улмаас ажил саатсан. Харин Л.Оюун-Эрдэнийн гаын үед эрэмбэлсэн 14 мега төсөлд Эгийн голын 310 мВт-ын УЦС-ын төсөл багтсан бөгөөд барилгын ажлыг 2024 онд эхлүүлж, 2032 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байдаг. Эгийн голын УЦС ашиглалтад орсноор ОХУ-д жил бүр төлдөг 48-52 орчим сая ам.долларын импортын төлбөрийг хэмнэж валютын гадагш урсгалыг бууруулна гэж тооцоолж байгаа юм.
Эрчим хүч-2: Шилэн дансны тухай хууль зөрчсөн
Дэлхийн банкнаас санхүүжилттэй “Эрчим хүч 2” төсөл 2017 оноос эхлэн хэрэгжиж байна. Төслийн хүрээнд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан түгээх болон хангах үйл ажиллагаа явуулдаг Багануур хот , Хэнтий, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн төв, Бор-Өндөр болон Замын-Үүд сумын цахилгаан түгээх сүлжээний өргөтгөл шинэчлэл, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан түгээх болон хангах үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт хот, Булган, Архангай, Өвөрхангай аймгийн төв, Хархорин сумын цахилгаан түгээх сүлжээний өргөтгөл шинэчлэл, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Багануур болон Хангайн салбарт хуваарилах байгууламжийн өргөтгөлийн ажлыг хийх юм. Мөн “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК ХК-д 10мВт-ын нарны цахилгаан станц барих юм. Үндэсний аудитын байгууллагын 2025 оны дүгнэлтээр Шилэн дансны тухай хууль зөрчсөн 28.34 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Зөрчлийн тайлбарт 2024 оны 9, 10, 11 дүгээр сарын нийт 28.34 тэрбум төгрөгийн гурван мэдээг мэдээг хугацаа хоцроож, өмнөх аудитаар илэрсэн зөрчлийг давтан гаргаж, өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй байна гэжээ. Өмнөх оны аудитаар өгсөн зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Төрийн аудитын байгууллагад хуулийн хугацаанд ирүүлээгүй, өмнөх зөвлөмжийн биелэлтийн явцын тайлангийн хамт 2024 оны арван нэгдүгээр сард хугацаа хоцроож ирүүлсэн гэжээ. Үүнээс харахад “Эрчим хүч 2” төслийнхөн Үндэсний аудитын байгууллагын үйл ажиллагааг үл хүндэтгэдэг бололтой.
"Тавантолгой дулааны цахилгаан станц" ТӨХК 64.24 тэрбумын зөрчилтэй
Монгол Улсын Засгийн газар Тавантолгой дулааны цахилгаан станцыг барина гэснээс хойш 10 гаруй жил өнгөрчээ. 2013 оноос эхэлсэн Тавантолгойн цахилгаан станцын төсөл “Рио тинто”-гийн төлбөрийн баталгаа, Оюутолгойн худалдан авах үнийн асуудал тохиролцоонд хүрээгүйн улмаас 2016 оноос гацаанд орсон. Уг ажлыг эрчимжүүлэхээр "Таван толгой дулааны цахилгаан станц" ТӨХК-ийг 2020 онд байгуулсан байдаг. Гэвч тус компани байгуулагдаад таван жилийн нүүр үзэж байгаа ч төсөл "гацсан" хэвээр байгаа юм. Хэрэв хугацаандаа ашиглалтад орсон бол 300 мВт эрчим хүч үйлдвэрлэх байлаа. Үндэсний аудитын байгууллагын дүгнэлтэд "Тавантолгой дулааны цахилгаан станц" ТӨХК-д 64.24 тэрбум төгрөгийн гурван зөрчил илрүүлж, зөвлөмж хүргүүлжээ.
"Хөрсний дулааны насосын систем"-ийн барилга байгууламжийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байна
Баруун бүсийн алслагдсан сум, орон нутгийн хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн хүртээмж, чанарыг дээшлүүлэхээр уг төслийг хэрэгжүүлж байна. Төсөлд хийсэн аудитын шалгалтаар 1.2 тэрбумын зөрчил илэрчээ. Элэгдлийн зардал зөрүүтэй тайлагнасан, төсвийн гүйцэтгэлийн тайлан алдаатай илэрхийлэгдсэн гэжээ. Мөн Завхан аймгийн Улиастай хотын Жавхлант цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгын дулаан хангамжийн 110кВт-ын хүчин чадал бүхий "Хөрсний дулааны насосын систем"-ийн барилга байгууламжийн ажлын гүйцэтгэл хангалтгүй гэсэн байна. Одоогоор уг төслийг хүрээнд Говь-Алтай аймгийн Алтай сумын хосолсон систем, Завхан аймгийн Улиастай сумын 5МВт-ын нарны цахилгаан станц, 3.6МВт*ц багтаамжтай цэнэг хуримтлуурын станц, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10 МВт нарны цахилгаан станц, Завхан аймгийн Тэлмэн сумын дэд станцад 10 MVar хуурмаг чадал компенсацлах төхөөрөмжийг суурилуулах, Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн барилгын дулаан хангамжид 135 кВт хүчин чадал бүхий хөрсний дулааны насосын систем суурилуулах, Завхан аймгийн Улиастай сумын 2-р сургуулийн барилгын дулаан хангамжид 110 кВт-ын хөрсний дулааны насосын систем суурилуулах ажлыг хийжээ. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10МВт нарны цахилгаан станц барина.
Дүгнэлт
Монгол Улс эрчим хүчний хомсдолд орчихсон, “шинэ станц барина” гэж ярьсаар олон жилийг үдлээ. Яриа бол хангалттай. Харин бодит байдал дээр нэг ч томоохон эх үүсвэр баригдсангүй. Энэ бол мөнгө хөрөнгөгүйдээ, технологигүйдээ биш гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Мөн импортын хараат байдлаас ашиг хүртэгчид чөдөр тушаа болж байгаа нь нууц биш. Монгол Улс жил бүр гадаадаас цахилгаан импортолдог. Энэ хараат байдлаас зуучлагчид, импортын гэрээ тойрсон бүлэглэл, хуучин станцын засвар, нүүрсний нийлүүлэлтэд “наалдсан” сүлжээ ашиг хүртдэг. Шинэ том станц баригдвал тэдний ашиг нэг мөсөн тасарна. Тиймээс тэд ил гарч эсэргүүцэхгүй ч дотроос нь гацааж ирсэн гэдэгтэй хэн бүхэн санал нийлнэ. Монголд станцын ТЭЗҮ хийгддэг ч барилга болохгүй байгаа шалтгаан нь тендер маргаантай, хугацаа сунжирсан, өртөг өссөн, эцэст нь “болохгүй” гэж хаагддаг нь харамсалтай. Харин хэн ч хариуцлага хүлээхгүй, ард иргэд хохирсоор үлдэж байна. Өнөөдөр цахилгаан тасарна, маргааш үйлдвэрлэл зогсоно. Тэгээд эдийн засаг унана монголчууд яах вэ гэдэгт үнэлэлт дүгнэлт цаг өгөх болжээ.
Эрчим хүчний яамны тайлбар
Үндэсний аудитын газраас Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит 79.98 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн асуудлаар тус яамнаас тайлбар ирүүллээ. Тус тайлбарт “Эрчим хүчний сайдын 2024 оны нэгтгэсэн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын мөрөөр 25 төрийн өмчит компани, хоёр төрийн өмчит үйлдвэрийн газар, нэг төсөл хэрэгжүүлэх нэгж, Төсвийн ерөнхийлөн захирагч болон яамны санхүүгийн тайлан зэрэг нийт 33 байгууллагын 2024 оны санхүүгийн үр дүн нэгтгэгдэж, 79,989.5 сая буюу 79.9 тэрбум төгрөгийн 206 алдаанд 75 зөвлөмж, 44 төлбөрийн акт, 87 албан шаардлага ирүүлсэн. Салбарын хэмжээнд санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн зөвлөмж, акт, албан шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж ажилласнаар зөвлөмжийн биелэлт 88 хувь, актын биелэлт 99.5 хувь, албан шаардлага 91 хувь хангасан байх бөгөөд аудитын шийдвэрийн хэрэгжилтийн дундаж 92.8 хувьтай байна гэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 18 (7760)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn