Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр бүрэн эхээрээ

4 цаг 9 мин
Нийтэлсэн: Админ
 35 мин унших

2025 оны аравдугаар сарын 22-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болсон билээ. Үндсэн хуулийн цэц тус хуралдаанаар гаргасан тогтоолын үндэслэл хэсгийн агуулга болон тогтоох хэсгийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн, их суудлын хуралдааны илтгэгч гишүүн О.Мөнхсайхан уншиж сонсгосон ба тус шууд дамжуулалтыг текст болгон бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт

2025 оны 10 дугаар сарын 22 -ны өдөр

Дугаар 08

Улаанбаатар хот

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим, 22 цаг 50 минут.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан (даргалагч), Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан (илтгэгч), Э.Энхтуяа, Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарын бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

/Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцогч талуудыг танилцуулав/

Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг оцгруулах асуудлыг хэлэлцсэн Улсын Их Хурлын чуулганы 2025.10.17-ны нэгдсэн хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 8 дугаар тогтоол нь нийт 38 хуудас учраас та бүхэнд дүгнэлтийн үндэслэл хэсгийн агуулга болон тогтоох хэсгийг бүхэлд нь уншиж сонсгоё.

Онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудлаар маргаан шууд үүсгэсэн тухай

Монгол Улсын Ерөнхий сайд (цаашид “Ерөнхий сайд” гэх) – ийн хүсэлт, түүний ихэсгэсэн шаардлага

Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Улсын Их Хурлын чуулганы 2025.10.17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас гарсан Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах УИХ-н 95-р тогтоол нь Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2, 43 дугаар зүйлийн 1, 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж, шаардлагаа дараах 3 үндэслэлээр тайлбарласан байна.

1. Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа УИХ-н 2025.10.16-ны өдрийн ч.нэгдсэн хуралдааны даргалахдаа Төрийн байгуулалтын байнгын хорооны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалгахаар мэдэгдэж, зохион байгуулсан нь Үндсэн хууль зөрчсөн.

2. УИХ-н 2025.10.17-ны өдрийн ч.нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүдийн албан ёсоор тавьсан Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжье гэсэн томьёоллоор биш харин байнгын хорооны санал, дүгнэлтээр санал хураалт явуулж Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын 2025 оны 95-р тогтоолыг баталсан тул уг тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн.

3. УИХ-н 2025.10.16-ны ч.нэгдсэн хуралдааны ирц бүрдээгүй, хуралдаан албан ёсоор эхлээгүй байхад 2025.10.17-ны өдрийн хуралдааны ирцтэй нэгтгэн тооцож 51.6%-ийн ирцээр хуралдааныг эхлүүлсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн.

Дүгнэлтийн дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэсэн тухай
Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ гэж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хүсэлт ирүүлсэн тохиолдолд шууд маргаан хянан шийдвэрлэх аижллагаа үүсгэн шийдвэрлэхээр зохицуулжээ.

Харин, иргэдийн өргөдөл мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар шийдвэрлэнэ. Мөн, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль (“ҮХЦМХШтХ”) – ийн 21 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу иргэдээс өргөдөл мэдээллийг хүлээн авч шалгасан гишүүний шийдвэрийг эс зөвшөөрвөл маргагч талууд гомдол гаргахаар зохицуулсан. Харин, хүсэлтээр үүсгэсэн маргаанд гомдол гаргах эрхгүй байна.

Ерөнхий сайдаас Үндсэн хуулийн цэцэд хандаж 2025.10.16-ны өдрийн ЗГ-1/110 дугаар албан бичгээр хүсэлт ирүүлсний дагуу Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулий 66 дугаар зүйлийн 1, ҮХЦМХШтХ-ийн 21.3 дахь хэсгийн дагуу Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг шууд үүсгэсэн болно.

Уг маргааныг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд хэлэлцүүлэхэд бэлтгэл хангах явцад хүсэлт гаргагчаас 2025.10.16-ны өдрийн ЗГ-1/115 дугаар албан бичгээр УИХ-н дэд дарга, гишүүн Х.Булгантуяа Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-н чуулганы 2025.10.17-ны өдрийн нэгдсэн хуралдааны дараа Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай 95-р тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж тус тус шаардлагаа ихэсгэсэн байна.

ҮХЦМХШтХ-ийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт Цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан тал хянаж байгаа асуудлын хүрээнд Цэцийн хуралдаан зөвлөлдөхөөр завсарлахаас өмнө аль ч шатанд өөрийн шаардлагын үндэслэл, зүйлийг өөрчлөх, хэмжээг ихэсгэх, багасгах болон шаардлагаас бүхэлд нь буюу зарим хэсгээс нь татгалзах эрхтэй гэж заасан тул хүсэлт гаргагчийн шаардлагын дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Хүсэлт болон ихэсгэсэн шаардлагыг нэгтгэн шалгасан тухай:

УИХ-н дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа УИХ-ын чуулганы 2025.10.17-ны өдрийн Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-н 95-р тогтоолыг хэлэлцэж батлахдаа Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудал нь бүхэлдээ Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцсэн эсэх тухай маргаан байна. Эдгээр 3 асуудал харилцан хамааралтай байх тул тусгаарлан шийдвэрлэх үндэслэлгүй юм.

Тодруулбал, УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа гишүүдийн 2025.10.16, 17-ны өдрийн ирцийг нэгтгэн тооцож, Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй саналыг дэмжье гэдэг санал хураахдаа удаа дараа мэдэгдэж, мэдсээр байж санал хурааж уг саналын дүнгээр УИХ-н 95-р тогтоолыг батлагдсан тооцсон байх тул эдгээр бүх шаардлага агуулгын хувьд нэгдмэл асуудал байна.

Тиймээс, ҮХЦМХШтХ-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн 23.1.8 дахь заалтад Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байгаа гишүүн уг маргааныг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэхдээ нэг асуудлаар хоёр буюу хэд хэдэн өргөдөл, мэдээлэл, хүсэлт байгаа бол тэдгээрийг нэгтгэх тогтоол гаргах ажиллагааг хийнэ гэж заасны дагуу эдгээр маргааныг нэгтгэн шалгаж, нэг хуралдаанаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

ҮХЦМХШтХ-ийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт хуралдаанд оруулахаар маргаан үүсгэн шалгасан бүх асуудлыг анхлан шийдвэрлэх хуралдааныг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй хийнэ, мөн зүйлийн 4 дэх хэсэгт Цэц энэ хуулийн 13 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг их суудал буюу 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ гэжээ.

УИХ-н дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэхийг их суудал буюу 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэж, УИХ-н шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхээр хуульчилсан байна.

Гэвч уг маргаан нь Ерөнхий сайдыг огцруулах үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн эсэхтэй холбоотой байх тул анх ирүүлсэн хүсэлтийн шаардлагатай нэгтгэж үүсгэсэн нэг маргаан гэж үзэн их суудлын хуралдаанаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн уг маргааныг тусгаарлаж өөр өөр хуралдаанаар шийдвэрлэх тохиолдолд нэг асуудлыг ялгаатай бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж, ялгаатай шийдвэр гаргах, хугацаа алдах эрсдэлтэй байсныг тэмдэглэж байна.

Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж УИХ-д оруулна гэж, 1 дэх хэсэгт УИХ-ын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх, УИХ дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх гэжээ. Энэ маргаан нь УИХ-н дэд дарга, гишүүний үйл ажиллагаа болон УИХ-н шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудал тул дүгнэлт гаргаж УИХ [дараагийн хэсэг рүү шилжив].

Маргаан хянан шийдвэрлэх хугацааны тухай:

ҮХЦМХШтХ-ийн 23.2 хэсэгт Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэснээс хойш хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногийн дотор гүйцэтгэх бөгөөд маргаан ээдрээ, төвөгтэй шалтгаанаар дээрхи хугацаанд дуусахгүй бол Цэцийн дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно. Гэж заасан.

Энэ нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэснээс хойш 30 хоногт хуралдаанд бэлтгэх агуулгыг илэрхийлэхгүй бөгөөд хуралдаанд оруулах хугацааны доод хязгаарыг тусгаагүй зохицуулалт болно.

Түүнчлэн, уг маргаан нь онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал байх тул хуралдаанд бэлтгэх ажлыг нэн даруй дуусгасан болно. Учир нь Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ерөнхий сайдыг огцруулснаас хойш 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ерөнхийлөгч УИХ-г тараах шийдвэр гаргах үр дагавартай.

Тиймээс, уг маргаан бүхий боломжит богино хугацаанд шийдвэрлэх нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаарх дүгнэлт гараагүй байхад шинэ Ерөнхий сайдыг томилох, эсхүл УИХ тарах улмаар улс төрийн хямрал үүсэх асуудлыг бууруулахад зайлшгүй шаардлагатай гэж үзсэн болно.

ҮХЦМХШтХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт цэцийн гишүүн нь хуралдааныг нээлттэй буюу хаалттай гэж, мөн цэцийн даргатай зөвшилцөн хуралдаан болох газар, өдөр, цагийг товлож энэ хуулийн 23.3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд 7 хоногийн өмнө төрийн төв хэвлэлд нийтэлж зарлана гэж хугацааны товыг зарлах журмыг зохицуулсан боловч Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн 64 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа тул Үндсэн хуульт ёсонд эрсдэл бий болохоос өмнө маргааныг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ.

Үндсэн хуулийн 64 дүгээр 2 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна гэж заасан. Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бусаар Үндсэн хуулийг чандлан сахиулах явцад Үндсэн хуулийг хамгаалах зорилго болон ердийн хууль хоорондын зөрчил бий болох тохиолдолд дээд эрэмбийн хуулийг буюу Үндсэн хуулийн зохицуулалтыг баримтлана гэдгийг дурдах нь зүйтэй байна.

УИХД-н үүргийг хэрэгжүүлэх ажиллагаа нь Үндсэн хуулийн цэцийн хяналтад байх тухай:

Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт УИХ-н даргын түр эзгүйд түүний даалгаснаар дэд дарга үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн УИХ-ын даргын бүрэн эрхийг зохицуулсан байна. УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа УИХ-ын даргын үүргийг хэрэгжүүлэх үедээ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудал нь Үндсэн хуулийн хяналтад хамаарахаар байна.

Түүнчлэн, Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн өдрөөс эхлэн хууль зүйн туслалцаа авах эрхийг олгосон боловч өөрөө уг эрхээ эдлээгүйг дурдах нь зүйтэй.

Хоёр. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэж 2019.11.14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан байна.

Улсын Их Хурлын гишүүдийн ¼ - ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал гэдэгт 32 эсвэл түүнээс дээш гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьсан байхыг ойлгоно.

Улсын Их Хурлын гишүүд 2025.10.07-ны өдрийн УИХ 03/11-570 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг УИХ-н дарга Д.Амарбаясгаланд тавьсан бөгөөд уг саналд 54 гишүүн гарын үсэг зурсан байгаа нь Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байна.

УИХ 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэнэ гэдэг нь Ерөнхий сайдыг огцруулах санал тавьсан өдрөөс хойш 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэхийг хэлнэ.

3 хоногийн дараа хэлэлцэх хугацааг тухайлан заасан нь уг хугацаанд УИХ-ын гишүүн бүр тус саналтай тэгш эрхтэйгээр танилцах, судлах, санал, асуултаа боловсруулах, Ерөнхий сайд хариу тайлбараа бэлдэх боломж олгох зорилготой тул уг саналыг УИХ-д албан ёсоор тавьсан даруйд УИХ-ын гишүүдэд хүргүүлэх нь зүйтэй байна.

Гэвч, УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очирт хандан явуулсан 2025.10.09-ний өдрийн УИХ 03/11-679 тоот хүсэлтэд Ерөнхий сайдыг огцруулах талаар гаргасан бидний саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж эхлэх үед тараалгах арга хэмжээ авна уу гэсэн байх бөгөөд 2025.10.07-09-ний өдөрт энэхүү саналыг УИХ-ын гишүүдэд хүргүүлээгүй тухай тайлбарыг маргалдагч талаас ирүүлээгүй байна.

Тус хүсэлтийн улмаас Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг 2025.10.10-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн гэдэг нь гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Ерөнхий сайдыг огцруулах саналыг 10 хоногийн дотор шийдвэрлэх гэдэгт УИХ-н гишүүдийн ¼-ээс доошгүй нь санал албан ёсоор тавьсан өдрөөс хойш 10 хоногийн дотор шийдвэрлэхийг ойлгоно.

Улсын Их Хурлын 54 гишүүн 2025.10.07-ны өдөр саналыг албан ёсоор тавьсан тул 2025.10.17-ны өдөрт багтаан шийдвэрлэх шаардлагатай байжээ.

УИХ 2025.10.17-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай 95-р тогтоолоор 10 хоногийн хугацаанд багтаан шийдвэрлэсэн байна.

Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсан тооцох гэсэн хэсгийг зөрчсөн эсэх нь маргаан бүхий асуудал байх тул үүнийг шалгахад дараах үндэслэл тогтоогдож байна.

Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн агуулгыг тайлбарлахын тулд бичвэрийн үгийн шууд утга, 2019.11.14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан НӨ-өөс өмнөх үеийн түүхэн нөхцөл байдал, уг өөрчлөлтийн зорилго зэргийг харгалзахаас гадна Үндсэн хуулийн бусад зохицуулалттай холбож системчлэн тайлбарлах нь зүйтэй.

Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн бичвэрт ерөнхий сайдыг огцруулах саналыг уг саналыг гэж тусгасан нь байнгын хорооны саналыг нийт гишүүний олонхоор шийдвэрлэнэ гэх агуулгыг илэрхийлэхгүй бөгөөд үгийн шууд утгаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ гэж ойлгогдохоор байна.

Үндсэн хуулийн зохицуулалтыг тайлбарлахдаа эх бичвэрийн үгийн шууд утгыг ашиглахаас гадна тухайн зохицуулалтын зорилгыг харгалзан үзэх нь Үндсэн хуульт ёс оршин бэхжихэд ач холбогдолтой. Тиймээс, 2019.11.14 өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулах болсон зорилгыг тогтоох нь зүйтэй байна.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалд Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөх үндэслэлийг тусгажээ.

Тодруулбал, Үндсэн хууль батлагдахаас хойших хугацаанд нийт 14 засгийн газар байгуулагдсан бөгөөд 2 оос бусад нь бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө огцорч байжээ. Нэг парламентийн бүрэн эрхийн хугацаанд дөрвөн Засгийн газар солигдож байсан тохиолдолд ч гарч байв. Засгийн газрын дундаж бүрэн эрхийн хугацаа 1.8 жил байгаагаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж, үр дүнг нь үзүүлэх боломжгүй болж, ардчилсан дэглэмд итгэх иргэдийн итгэлийг сулруулж байна. Засгийн газрыг бүрдүүлж, сайд нарыг томилох, чөлөөлөх, огцруулахад УИХ-д өргөн эрх мэдэл олгосон нь Засгийн газрын танхимын зарчмаар ажиллах зарчмыг алдагдуулжээ гэсэн байна.

Парламентын засаглалтай улсад хууль тогтоох эрх мэдлээс гүйцэтгэх эрх мэдлийн хуулийн биелэлтийг хангах чиг үүрэгт хяналт тавих, хариуцлага тооцох зарчим чухал боловч гүйцэтгэх эрх мэдлийн бие даасан байдал суларч, үйл ажиллагаа хэт тогтворгүй байх нь ардчилсан дэглэмийг сулруулах эрсдэлтэй байдаг.

Тиймээс, Үндсэн хуульд Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргахад шаардлагатай УИХ-ын гишүүний тоог ердийн шийдвэр гаргах босгоос илүү өндөр босгоор тогтоосон бөгөөд огцруулах журмын зохицуулалтыг тодорхой тусгажээ.

Энэ нь УИХ-ын гишүүн тодорхойгүй, эргэлзээ бүхий томьёоллоор санал хураалт явуулснаас улбаалж өөрийн хүсэл зоригын эсрэг санал өгөх эрсдэлийг бууруулах зорилготой. Өөрөөр хэлбэл, УИХ-н шийдвэр гаргах журмыг тусгасан зохицуулалт нь хуулийн тодорхой бус ерөнхий зохицуулалтаас үүдэлтэйгээр арга, заль хэрэглэж гүйцэтгэх эрх мэдлийн бие даасан тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх, урвуулан ашиглахаас сэргийлэх үр нөлөөтэй байна.

Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд томилогдсон шинжээч дүгнэлтдээ “43-р зүйл зөвхөн органих хэм хэмжээ байснаасаа зарчмын өөр шинжтэй болж өөрчлөгдөж, зохицуулах үүрэгтэй функционал хэм хэмжээ болсон бөгөөд Ерөнхий сайдыг огцруулах явц дахь талуудын оролцоо, дараалал, хугацаа, үр дагаврыг журамлах болсон юм. Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн санал бол Ерөнхий сайдыг огцруулахгүй гэсэн агуулгатай. Энэ саналыг дэмжинэ гэдэг нь огцруулахгүй гэсэн, харин дэмжихгүй гэсэн нь огцруулна гэсэн агуулгатай болж байна. Өөрөөр хэлбэл, урвуу логикоор санал хураах нь ойлгоход хялбар байх шаардлагыг хангахгүй банйа” гэж тайлбарлажээ.

Маргагч, маргалдагч талууд Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “уг санал” гэдгийг ялгаатай агуулгаар тайлбарласан байна.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайдаас ирүүлсэн хүсэлтэд Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахаар УИХ чуулганы нэгдсэн хуралдааны өмнө гэнэт мэдэгдэн зохион байгуулж байгаа нь Үндсэн хуулийг ноцтой зөрчих нөхцөлийг бүрдүүлж байна.

УИХ-ын гишүүн, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирсэн албан бичигт “санал хураалтын томьёолол нь парламентын шийдвэр гаргах үйл явцын салшгүй хэсэг бөгөөд парламентын дотоод ажиллагааны бүрэлдэхүүн элемент юм” гэжээ.

Саналын томьёоллын ялгаатай хувилбараас аль нь Үндсэн хуулийн зохицуулалтын зорилго буюу парламентын олонхын итгэл хүлээх зарчмыг алдагдуулахгүйгээр гүйцэтгэх эрх мэдлийн бие даасан тогтвортой байдлыг хангах зорилгод нийцэхийг сонгон хэрэглэх нь зүйтэй байна.

УИХ-н чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих эсэх гэсэн саналын томьёолол оруулснаар санал хураалт өгсөн гишүүд тодорхой бус байдал эргэлзээ үүсэхгүй бөгөөд нийт гишүүний олонх дэмжье гэсэн санал өгсөн тохиолдолд Ерөнхий сайд огцрох үр дагавар бий болно. Ингэснээр, парламентын тогтолцооны үндсэн зарчим буюу гүйцэтгэх эрх мэдэл ард түмнээс сонгогдсон төлөөлөгчдийн олонхын итгэл хүлээх зарчмыг алдагдуулахгүй юм.

Харин, Төрийн байгуулалтын байнгын хорооны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн саналыг дэмжих эсэх гэсэн томьёоллоор санал хураалт явуулсан тохиолдолд гишүүдэд тодорхой бус байдал үүсэх, эргэлзээ төрөх, саналын томьёоллыг андуурч саналаа өгөх эрсдэл үүснэ. Энэ тохиолдолд, УИХ-ын гишүүн гүйцэтгэх эрх мэдэлд хариуцлага тооцох бүрэн эрхээ хэрэгжүүлж буй явдал бус харин санал хураалтад оролцохдоо хүсэл зоригоосоо эсрэг санал өгсөн үйлдэл болно. Уг эрсдэл бий болсноор хууль тогтоогчийн гүйцэтгэх эрх мэдэлд хариуцлага тооцох эсэх талаарх бодит хүсэл зоригийг алдагдуулах, гүйцэтгэх эрх мэдлийн бие даасан тогтвортой байдалд зүй бусаар нөлөөлөх магадлалтай байна.

Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болохын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн оршилд тодорхойлсон эрхэм зорилгын хүрээнд Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үндсэн хуулийн эх бичвэр, үнэт зүйл, эрхэм зорилгыг удирдлага болгосноор Үндсэн хуулийн дотоод нийцлийг алдагдуулахгүй байх, Үндсэн хуулийн зүйл заалт өөр хоорондын зөрчилдөөнгүй байх, ард түмний хүсэл зоригыг эрхэмлэн хамгаалж, үндэсний эрх зүйн тогтолцооны нэгдмэл цогц байдлыг хангах юм. Тиймээс, Үндсэн хуулийн бичвэрт тусгагдсан УИХ-н шийдвэр гаргахад шаардлагатай гишүүний тоог заасан зохицуулалтыг цогцоор нь тайлбарлах шаардлагатай.

Үндсэн хуулийн 69 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ-н нийт гишүүний ¾-с доошгүйн саналаар батлана гэж зохицуулсан. Уг зохицуулалтын дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах эсэх шийдвэрийг гаргахад саналын томьёоллоос шалтгаалж үр дүн нь ялгаатай байдаг.

Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахыг дэмжих эсэх гэх саналын томьёоллоор УИХ-н чуулганы нэгдсэн хуралдаанд санал хураалт явуулсан тохиолдолд нийт гишүүний ¼ буюу 32-с доошгүй гишүүн нэмэлт, өөрчлөлтийг батлахаас татгалзах байр суурьтай байвал тус нэмэлт өөрчлөлт батлагдахгүй.

Харин, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахыг дэмжээгүй саналыг дэмжих эсэх гэсэн саналын томьёоллоор санал хураавал 95-аас дээш гишүүн нэмэлт, өөрчлөлтийг батлахаас татгалзах байр суурьт нэгдсэн тохиолдолд л нэмэлт, өөрчлөлт батлагдахгүй бөгөөд 94 гишүүн татгалзах байр суурьтай байсан ч уг нэмэлт, өөрчлөлт батлагдана. Энэ тохиолдолд, үндсэндээ 32 гишүүний саналаар нэмэлт, өөрчлөлтийг батлах боломжтой болно. Тиймээс, негатив утгаар буюу огцруулах, батлахыг дэмжихгүй саналыг дэмжих эсэх гэсэн саналын томьёолол оруулахыг Үндсэн хуулиар хориглоогүй гэж үзвэл практикт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын нийт гишүүний ¼ ээр батлах боломж бүрдэж Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал зөрчигдөх бодит эрсдэлтэй байна.

Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргалаас ирүүлсэн 2025.10.21 өдрийн УИХ 03-12-089 дугаар тайлбар гаргах тухай албан бичигт УИХ дэгээ өөрөө тогтооно гэсэн Үндсэн хуулийн зарчим нь хууль тогтоох байгууллагын дотоод бие даасан институцын дархлааг баталгаажуулдаг. Энэхүү зарчимд хуралдааны журам, саналын хураалтын дэг, шийдвэр гаргах томьёолол зэрэг асуудлыг парламент өөрөө тогтоох, өөрөө тайлбарлах, өөрөө хэрэгжүүлэх бүрэн эрхтэй гэсэн утга агуулагдана гэжээ.

Шийдвэр гаргах УИХ-н гишүүдийн тоог зохицуулсан Үндсэн хуулийн зохицуулалт нь саналын томьёоллыг тусгаагүй бөгөөд УИХ-н хуралдааны дэгээ тогтоох бүрэн эрхийн асуудал гэж үзвэл чуулганы нэгдсэн хуралдаанд саналын томьёоллыг хэрхэн оруулахаас шалтгаалж 32 гишүүний саналаар ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах бодит эрсдэл үүсэхээр байна. Энэ нь ердийн хууль батлахаас 2 дахин бага шалгуур юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ердийн хууль батлахаас 2 дахин бага босгоор батлах Үндсэн хуулийн зарчим, үзэл баримтлал байхгүй болно.

Иймд, УИХ-н шийдвэр гаргах журмыг зохицуулсан Үндсэн хуулийн заалтыг эерэг утгаар ойлгоно. Тухайлбал, УИХ шийдвэр гаргах журмыг Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 44 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 68 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зохицуулсан байна.

Үндсэн хуулийн эдгээр зохицуулалтын дагуу шийдвэр гаргахдаа Ерөнхийлөгчийг огцруулахыг дэмжих эсэх, Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих эсэх, Ерөнхий сайдад итгэл хүлээх тогтоолын төсөл батлахыг дэмжих эсэх, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжих эсэх, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулахыг дэмжих эсэх гэсэн Үндсэн хуулийн томьёоллоор санал хураах шаардлагатай байна.

Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн эх бичвэрийн 43 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт УИХ Засгийн газрыг огцруулах тухай өөрөө санаачилсан болон Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын мэдэгдлийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж, 4 дэх хэсэгт УИХ-н гишүүдийн ¼-с доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ гэж Засгийн газрыг огцруулах саналыг хэн тавих, хэдэн хоногийн дотор шийдвэрлэх талаар ерөнхий зохицуулсан байжээ.

Харин, 2019 оны өөрчлөн найруулсан хувилбар нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэн гаргах, хэдэн хоногийн дотор шийдвэрлэх зохицуулалтаараа өмнөх хувилбартай төстэй боловч УИХ-н нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-н тогтоол батлагдсан тооцно гэж Ерөнхий сайдыг огцруулах журмын талаар нэмж тодорхой зохицуулснаараа, мөн Ерөнхий сайдыг ийнхүү огцруулснаас хойш 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-г тараах шийдвэр гаргах санкц бий болгосноороо ялгаатай байна.

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс өмнөх зохицуулалт үйлчилж байх үед буюу 2014 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг, 2017 онд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах 1992 оны Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн УИХ-д өргөн мэдүүлсэн байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа 2021 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтыг үндэслэн огцрох саналаа өөрөө ирүүлж, 2025 оны Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцох тухай асуудлыг Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн хэлэлцжээ.

Иймд, УИХ-н 2025.10.17-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай 95-р тогтоол нь өмнөх бүх тохиолдлоос ялгаатай бөгөөд 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан зохицуулалтыг анх удаа хэрэглэснийг дурдах нь зүйтэй.

Иймд, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг шийдвэрлэх УИХ-н чуулганы нэгдсэн хуралдаанд Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье томьёоллоор санал хураасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, хуульд дээдлэх зарчмыг, түүнчлэн 43 дугаар зүйлийн 1, 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна.

Гурав. УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа МУИХЧХДтХ-ийн холбогдох зохицуулалт болон Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн ардчилсан ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн хэсгийг зөрчсөн тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж заасан. Хууль дээдлэх тухай ойлголт нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаар илэрхийлэгдсэн боловч агуулга багтаамжийн хувьд ардчилсан эрх зүйт төрийн үнэт зүйлийг өргөн агуулгаар хамгаалж, үндсэн хуульт ёсны суурь үзэл баримтлалыг өөртөө багтаана.

Тодруулбал, хууль дээдлэх ёс нь эрх зүйн байдлыг дордуулсан эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхийг хориглох, аливаа хууль эрх зүйн тодорхой байдлыг хангах, үндсэн эрхийн хязгаарлалт хууль ёсны зорилгодоо тохирсон байх, хараат бус шударга шүүхийн үр нөлөөтэй хяналт байх зэрэг зарчмыг төдийгүй үндсэн эрхийг баталгаатай хангах, төрийн эрх мэдэл хуваарилах, аливаа хууль эрх зүйн акт үнэт зүйлд нийцсэн байх зэрэг үндсэн хуульт ёсны шаардлагыг багтаана.

Үндсэн хууль нь Монгол Улсын дээд хууль болж, төр нь Үндсэн хуулийг дагаж, мөрдөж буй хэрээр эрх зүйт төрийн шинжийг илтгэх бөгөөд Үндсэн хуулиа дээдэлж байвал тэр нь Үндсэн хуульт төр мөн.

Хууль дээдлэх ёсыг уг маргаанд хамааралтай агуулгад эрх зүйн тодорхой байдал, хууль хэрэгждэг байх утга багтана. Эрх зүйн тодорхой байдал нь хуулиар юуг зөвшөөрч, хориглох, ямар эрх эдлүүлж, үүрэг хүлээлгэж байгааг мэдэгдэх, хуулийг сахин биелүүлснээр үүсэх үр дагаврыг урьдчилан таамаглах, үүнийхээ үндсэн дээр хүн хувийн амьдарлаа төлөвлөж хэрэгжүүлэх боломж буюу эрх чөлөөний энгийн утгыг баталгаажуулдаг.

Түүнчлэн, хууль хэрэгждэг байх шаардлагатай бөгөөд хуулийг иргэн, байгууллага, албан тушаалтан нэгэн адил сахин биелүүлэх ёстой. Тухайлбал, төрийн албан хаагчийн үйлдэл, эс үйлдэхүй нь хуульд үндэслэсэн, хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд байх шаардлагатай. Хууль тогтоох байгууллагын шийдвэр гаргах үйл явц нь ил тод, хариуцлагатай, ардчилсан зарчмаар явагдаж, хууль ёсны байдлыг хангах шаардлагатай бөгөөд дур мэдэн үйлдэл хийхийг хориглоно.

Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт Монгол Улсын Үндсэн хуульд баталгаажуулсан хууль дээдлэх зарчмын агуулга нь нийт байгууллага, иргэний аливаа үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байхын зэрэгцээ хуулийн хүрээнд явагдах агуулгыг илэрхийлнэ (Цэцийн 2024 оны 1-р дүгнэлт) гэж тайлбарласан байх бөгөөд Үндсэн хуулийн цэц УИХ-н дарга УИХтХ, УИХЧХДтХ-ийн холбогдох заалтыг зөрчсөн нь өөрөө хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж шийдвэрлэснийг тэмдэглэж байна (Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 3-р дүгнэлт).

Гэвч, Үндсэн хуулиас бусад хуулийн зөрчил бүрийг Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг зөрчинө гэж шууд үзэхгүй. Харин, Үндсэн хуулийн зарчим, үзэл баримтлалыг тодорхойлон зохицуулсан хуулийн заалтыг зөрчсөнөөр Үндсэн хуулийн зүйл, заалт, үзэл баримтлал зөрчигдөх нөхцөл бүрдсэн тохиолдолд хууль дээдлэх зарчмыг зөрчсөнд тооцно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт УИХ-н чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцосон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэж хууль тогтоох байгууллагын шийдвэр гаргах ирцийн талаар зохицуулсан.

Мөн, Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт УИХ-н бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно гэж заасны дагуу УИХ-аас 2024.05.16-ны өдөр МУИХЧХДтХ-г баталсан байна. Уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10-13, 14-18 цагт хуралдана, гишүүд өглөө 9 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно гэж Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг нарийвчлан зохицуулжээ.

Энэ нь УИХ-н чуулганы нэгдсэн хуралдаанд бүртгүүлэх цаг 9:00 цагаас эхэлж 18:00 цагт хуралдаан дуусах хүртэл үргэлжлэх бөгөөд товлосон асуудлын хэлэлцэх цагийг гишүүдийн олонх хүрэлцэн ирж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын санал хураалтаар сунгаж болох талаар тодорхой, хоёрдмол утгагүй тусгасан зохицуулалт болно. Өөрөөр хэлбэл, МУИХЧХДтХ-ийн 6 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт хуралдаан даргалагч тухайн өдрийн хуралдааныг нээж гэж зааснаас үзвэл пүрэв, баасан гарагын хуралдааныг тус тусад нь ойлгохоор байна.

УИХ-н 2025 оны намрын ээлжит чуулганы 10 сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанд 9:00 цагаас 18:00 цаг хүртэлх хугацаанд 52 гишүүн, 18:00 цагаас 24:00 цаг хүртэлх хугацаанд 9 гишүүн ирцээр бүртгүүлсэн байна (УИХ-н чуулганы хуралдааны тэмдэглэл 2025 оны 10 сарын 16).

МУИХЧХДтХ-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу 64 гишүүн хүрэлцэн ирснээр хуралдаан хүчинтэйд тооцогдох боловч 10 сарын 16-ны өдөр 9:00 цагаас 18:00 цаг хүртэлх хугацаанд 52 гишүүн ирцээр бүртгүүлсэн байх тул тус өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан хүчингүй буюу хуралдаан болоогүйд тооцогдоно. Мөн хуулийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу товолсон асуудлыг хуралдаанаар хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуралдааныг сунгах санал өгснөөр хуралдааны цаг сунгагдах боломжтой. Гэвч, 2025.10.16 өдрийн хуралдаан явуулах ирц бүрдээгүй бөгөөд хуралдааны цагийг сунгах санал хураалт явагдаагүй болох нь УИХ-н 2025.10.16 өдрийн нэгдсэн хуралдааны дүрс бичлэг болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Тиймээс, 2025 оны намрын ээлжит чуулганы 10 сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдааны ирц дангаараа бүрдсэн тохиолдолд тухайн хуралдааныг хүчинтэйд тооцно.

УИХ 2025 оны 10 сарын 16, 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанд хүрэлцэн ирсэн гишүүдийн ирцийг нэгтгэн тооцсон нь Үндсэн хууль болон МУИХЧХДтХ-ийн холбогдох зохицуулалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. УИХ-н 2025 оны намрын ээлжит чуулганы 10 сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдааны ирцийг нэгтгэн тооцсон талаар УИХ ЕНБД Б.Баасандорж 2025 оны 10 сарын 16-ны пүрэв гарагын чуулганы хуралдаан 09:00 цагт эхэлсэн бүртгэл, 2025 оны 10 сарын 17-ны өдрийн 10:13 минутад ирц бүрдлээ, УИХ-ын гишүүн, дэд дарга Х.Булгантуяа УИХ-ын Тамгын газрын ЕНБД 2025 оны намрын ээлжит чуулганыг 10 сарын 16-ны ирцтэйгээр үргэлжлүүлэн хуралдуулахад асуудал байхгүй гэсэн тул өнөөдөр нэгдсэн хуралдааныг нээснийг мэдэгдье гэжээ (Монгол Улсын Их Хурлын Чуулганы 2025.10.17 өдрийн нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэгэлэл).

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 10 сарын 16- өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэхээр тов гаргасан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт УИХ-н нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-н тогтоол батлагдсанд тооцож гэж заасны нийт гишүүний олонхын саналаар шийдвэр гарна. Гэвч, Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 10 сарын 16, 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанд хүрэлцэн ирсэн гишүүдийн ирцийг нэгтгэн тооцсон үйлдэл нь Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зөрчигдөхөд хүргэхээр байна.

МУИХЧХДтХ-ийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсэгт тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт заасан эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдаан орхин гарсан эсхүл бүртгэлээс татгалзан картаа сугалсан бол түүнийг хуралдааны ирцэд оруулж тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно гэж заасан тул 2025 оны 10 сарын 16 өдрийн ирцийн бүртгэлд орсон гишүүд мөн оны 10 сарын 17-ны өдрийн ирцийн бүртгэл болон санал хураалтад оролцоогүй байхад Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих саналд тооцогдох үр дагавартай байна.

Улсын Их Хурлаас 2025 оны 10 сарын 21-ны өдөр ирүүлсэн ТГ-01/12-13 дугаар холбогдох баримт хүргүүлэх тухай албан бичигт Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанд оролцосон гишүүдийн ирц болон Ерөнхий сайдыг огцруулах санал хураалтын мэдээлэл ирүүлсэн.

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн санал явуулж, 12:59 минутад шийдвэрлэсэн байна. Тус өдрийн хуралдаанд 9-13 цагийн хооронд 50 гишүүн ирцэд бүртгүүлсэн байна. Гэвч, өмнөх өдрийн нэгдсэн хуралдааны ирц буюу 61 гишүүний ирц дээр 50 гишүүний ирцийг нэмж 111 гишүүнийг санал өгснөөр тооцсон байна.

Түүнчлэн, 2025.10.17-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж саналаа өгсөн 52 гишүүн байсан. Харин, огцруулахыг дэмжээгүй санал өгсөн 40 гишүүн, ямар нэгэн тодорхой санал гаргаагүй, хууль бус ирцийн бүртгэлээр эсрэг санал өгсөнд тооцогдсон 19 гишүүн байна гэж ЗГ-аас 2025.10.20-ны өдөр баримт хүргүүлэх тухай ЗГ-1/117 дугаар албан бичигт тэмдэглэжээ. Үүнийг няцаах нотлох баримтыг Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар буюу маргагч талаас ирүүлээгүй болно.

Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ гэж асуудлыг гишүүд саналаа гаргаж шийдвэрлэх буюу идэвхтэй үйлдэл хийснээр санал тоологдох тухай зохицуулсан байна. Улсын Их Хурлаас аливаа шийдвэр гаргахад зөвхөн санал өгсөн гишүүний тоог тоолох нь Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх зарчимд илүү нийцнэ.

Бусад ардчилсан улсад санал өгөөгүй гишүүнийг эсрэг санал өгсөнд тооцогддог практик тогтоогдохгүй байна.

Иймд, Улсын Их Хурлын 2 өдрийн ирцийг нэгтгэн тооцсон нь Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэг МУИХЧХДтХ-ийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг зөрчсөнөөр Үндсэн хуулий Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Үндсэн хуулий Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ардчилсан ёс нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан. Иймээс, ард түмний бүрэн эрхт байдлыг Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна, Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаар уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж тусгасан бөгөөд энэ зарчим нь төрийн бүх эрх мэдлийг ард түмнээс эхтэй байхыг шаарддаг. Ардчилсан ёс нь олон суурь зарчим, агуулгыг илэрхийлэх боловч түүний хамгийн үнэт зүйлсэд ардчилсан сонгуулиар бүрдсэн парламент олонхоороо шийдвэр гаргадаг байх явдал багтана.

Тиймээс, МУИХЧХДтХ-ийн дээр дурдсан заалтыг зөрчих замаар УИХ-н 2025 оны 95-р тогтоолыг баталж ард түмнээс сонгогдсон төлөөлөгчдийн олонхоороо шийдвэр гаргах зарчмыг алдагдуулсан нь ардчилсан ёсонд нийцэхгүй байна.

Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болохын хувьд албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар гарсан Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийн байна. Энэ талаар, албан тушаалтны талаар гарсан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт УИХ-д хянагдахгүй, гагцхүү шийдвэр гарах үндэслэл болно гэдгийг Үндсэн хуулийн цэцийн 1995 оны 1-р дүгнэлт зэрэг шийдвэрт тэмдэглэсэн байгааг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1, 65 дугаар зүйлийн 1, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, ҮХЦМХШАтХ-ийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргах нь:

1. Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2 дахь хэсгийн ардчилсан ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, 43.1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэснийг зөрчсөн байна.

2. Монгол Улсын Их Хурлын 2025 оны 10 сарын 17-ны өдрийн 95-р тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2 дахь хэсгийн ардчилсан ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, 43.1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно”, 70.1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн байна.

Даргалагч Г.Баясгалан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа, Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа

Буриадад шатахууны хязгаарлалт хийжээ

BRK шатахуун түгээх станцууд АИ-92 бензинийг нэг хэрэглэгчдэд 20 литр хүртэл хязгаарлаж байна.

2 цаг 13 мин
“Хадгаламжтай аялал” аяны 2-р ээлжийн азтанууд шагналаа гардан авлаа

Голомт банк харилцагчдынхаа хуримтлуулах зуршлыг дэмжих зорилгоор “Хадгаламжтай

3 цаг 38 мин
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр бүрэн эхээрээ

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр бүрэн эхээрээ

4 цаг 9 мин
Өргөдлийн байнгын хороо хуралдлаа

Өргөдлийн байнгын хороо хуралдлаа

5 цаг 30 мин
Төрийн ордон /2025.10.23/

Төрийн ордон /2025.10.23/

5 цаг 50 мин
Л.Батцэнгэл: Татварын хувь хэмжээг гурван янзаар тогтоож болдог

Татварын ерөнхий газрын Олон нийттэй харилцах төвийн татварын улсын байцаагч Л.Батцэнгэлтэй ярилцлаа.

14 цаг 24 мин
Н.Амарбаясгалан: Хүнд дурсамжийг нь бэлэглэх хамгийн сайхан

Дүү нар минь хамтдаа” гэх хүүхдийн дууны мөрт та бидний сэтгэлд хэдийнээ танил байгаа б

14 цаг 24 мин
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны эргэн тойронд

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны эргэн тойронд

Өчигдөр 15 цаг 44 мин
Ерөнхий сайдыг огцруулсан асуудал нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэхийг хэлэлцэх гэж байна

Ерөнхий сайдыг огцруулсан асуудал нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэхийг хэлэлцэх гэж байна

Өчигдөр 09 цаг 30 мин
Л.Болд: Илтэд худал мэдээлэл тараасан учраас иргэний шүүхэд хандаж байгаа

Монгол Улсаас Бельгийн хаант улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Болдоос цахим орчинд гарч байгаа мэдээллийн талаар тодрууллаа.

Өчигдөр 06 цаг 00 мин