
М.ЗҮЙР
Татварын ерөнхий газрын Олон нийттэй харилцах төвийн Татварын улсын байцаагч Л.Батцэнгэлтэй ярилцлаа.
-Монголын татварын алба 2025 онд “Зөвлөн туслагч татварын алба” болох зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Хийж буй онцлог ажлуудаас яриагаа эхлэе?
-“Зөвлөн туслагч татварын алба”-ны гол зорилго нь татвар төлөгчдийг татварын хууль зөрчиж, татварын эрсдэл гарчихсаных нь дараа шийтгэдэг, торгодог биш татварын эрсдэлд орохоос өмнө урьдчилан сэргийлж, зөвлөгөө өгөх замаар татвар төлөгч, татварын алба хамтдаа эрсдэлээс сэргийлэх чиглэлийг гол зорилгоо болгон ажиллаж байна.
Энэ зорилтын хүрээнд олон нийтийн телевиз, радио, сошиал мэдээллийн сувгаар татвар төлөгчдөд зориулсан татварын хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам, аргачлалуудыг тайлбарлан таниулах ажлуудыг хийж байна.
“Татвар” гэдэг татвар төлөгч талаасаа нийгмийн үйлчилгээг авсныхаа төлөө төлж байгаа төлбөр гэж ойлгож болно. Нөгөө талаасаа буюу төр Засгийн газрын зүгээс авч үзвэл татвараар дамжуулаад улс орныхоо эдийн засгийг зохицуулах гол хэрэгсэл болж байдаг гэсэн үг.
-Төр буй дор татвар буй гэдэг. Гэхдээ татвар ямар үүрэгтэй байдаг юм бэ?
-Татвар нь хэд, хэдэн үүрэгтэй. Эдийн засгийн сонгодог онолынхны тайлбарладгаар татварын хамгийн гол үүрэг нь улсын төсвийн орлого бүрдүүлэх.
Улсын төсвийн орлого бүрдүүлнэ гэдэг нь аливаа улс орон оршин тогтнож, үйл ажиллагаа явуулахын тулд тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэр зайлшгүй шаардлагатай. Энэ санхүүгийн эх үүсвэрийг бий болгоход татварын орлого хамгийн чухал хэсэг нь болдог. Тэгэхээр улс орны үйл ажиллагаа тасралтгүй байхын тулд татвар зайлшгүй байх ёстой гэсэн үг.
Хоёрдугаарт, эдийн засгийг зохицуулах үүрэгтэй. Улс орон болгон татварын бодлого, санхүү, мөнгөний бодлогоороо дамжуулаад улсынхаа эдийн засгийг удирдаж байдаг. Тиймээс ямар салбарын эдийн засгийг дэмжих вэ, ямар салбарын үйл ажиллагааг хязгаарлах вэ гэх мэт зохицуулалтыг татварын бодлогоор дамжуулан хэрэгжүүлдэг. Ялангуяа шинэ Кенсийн онолынхон татварын гол үүрэг нь энэ зохицуулалтын үүрэг гэж тайлбарладаг.
Гурав дахь үндсэн үүрэг нь хуваарилалтын үүрэг. Бодит байдал дээр иргэн, ААН-ийн орлого харилцан адилгүй, тэгш бус байдаг. Мөн нийгмийн халамж, тусламж шаардлагатай хэсгүүд ч байна. Өндөр насны тэтгэвэрт гарчихсан хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тусгай хэрэгцээт иргэд орлого багатай. Тиймээс орлого олж байгаа хэсгээс нь татвар суутгаж аваад, нийгмийн халамж үйлчилгээ хэрэгтэй хэсэгт төрийн үйлчилгээг хүргэх байдлаар хуваарилалт хийнэ.
Дөрөвдүгээрт, татвар нь бүртгэл, хяналтын үүрэг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл татвараа авахын тулд тухайн татвар төлөгч нь ямар хэмжээний орлого олж байна, ямар хэмжээний хөрөнгөтэй гэдгийг тодорхойлох, хяналт тавих хэрэгтэй болдог. Үүнтэй холбоотойгоор нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн болон татварын тайлангууд бэлтгэдэг. Үүний цаана мэдээллийн сан бий болж байдаг.
Бид нар сүүлийн үед хиймэл оюун ухаан, биг датаг их ярьж байна. Тэгэхээр татварын бас нэг үүрэг бол татварын хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотойгоор иргэн, ААН-ийн мэдээллийн санг бүрдүүлэх явдал юм.
Ийм үндсэн чиг үүргүүд хэрэгжүүлж байдаг учраас татвар өөрөө зайлшгүй байх ёстой зүйл.
-Өнөөдөр бидний төлж байгаа татвар юунд зарцуулагдаж байгааг мэргэжлийн хүний хувьд ойлгомжтойгоор тайлбарлаад өгөөч?
-Татварын гол үүрэг улсын төсвийн орлого бүрдүүлэх. Татварын орлого байдлаар цугларсан төсвийн мөнгө нь төрөөс нийгэмд үзүүлж байгаа олон төрлийн үйлчилгээнд зарцуулагддаг. Тиймээс татвар төлөгч буюу иргэн, хуулийн этгээд бүр яагаад улсын төсвийн орлого бүрдүүлэх үйл ажиллагаанд оролцох ёстой вэ гэдгийг “Нийгмийн үйлчилгээ” гэдэг ойлголтоор тайлбарлая.
Нэгд. Боловсрол олгох үйл ажиллагаа. Боловсролын тухай хуульд заасны дагуу албан боловсролыг иргэн бүр үнэ төлбөргүй эзэмших эрхтэй. Төрөөс албан боловсролын үйлчилгээг үзүүлэхэд татварын орлогоо л зарцуулна;
Хоёрт. Иргэн бүр эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй. Тэгэхээр төсвийн мөнгө нь эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэхэд зарцуулагдана.
Гуравт. Бид эрүүл, аюулгүй нийгэмд амьдрах ёстой. Үүнтэй холбоотойгоор батлан хамгаалах үйлчилгээ, нийгмийн хэв журмыг сахиулах үйлчилгээнд төсвийн мөнгө зарцуулагддаг.
Дөрөвт. Нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулагдаж байна.
Мөн байгаль хамгаалах үйлчилгээ, спорт, соёл урлагийн үйлчилгээ, үүн дотор Монголын уламжлалт зан заншил, соёлыг олон нийтэд, дэлхий дахинд сурталчлах ажлуудад зарцуулагдана.
Төрийн нийтийн үйлчилгээ буюу төрийн байгууллагуудын үйлчилгээнд зарцуулагдана. Хууль, дүрэм журам тогтоохоос эхлээд түүнийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавихтай холбоотой үйлчилгээнүүд байна. Цаашилбал төрийн нийтлэг үйлчилгээнүүд болох нийтийн тээвэр, нийтийн эзэмшлийн зам гүүр, талбай, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт дэд бүтцийн шинжтэй үйлчилгээг иргэдэд жигд, хүртээмжтэй үзүүлэхэд төсвийн мөнгө зарцуулагддаг.
Тэгэхээр эдгээр нийгмийн үйлчилгээнүүдийн чанар хүртээмжийг сайн байлгая гэвэл иргэн болон аж ахуйн нэгж байгууллагууд татвараа шударгаар төлж хэвших нь чухал. Учир нь татвар бол нийгмийн үйлчилгээг авсныхаа төлөө төлж байгаа төлбөр юм.
-Татварыг хуулийн дагуу авах ёстой. Тэгэхээр хуулинд татвар яаж авах талаар тодорхойлсон байдаг уу?
-Татварын хамгийн гол шинж чанар бол татварыг зөвхөн хуулиар тогтооно.
Нэг дэх үндсэн шинж бол татвар заавал хуульчлагдсан байна. Хуульгүйгээр иргэн ААН-ээс ямар нэгэн татвар авахгүй. Зөвхөн хуулиар ногдуулсан татварыг л иргэн, татвар төлөгч төлөх үүрэгтэй гэсэн үг.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд Монгол Улсын иргэний үүргийг тодорхойлсон байдаг. Энд үндсэн 4 үүрэг байдгаас 3 дахь үүрэг нь “Хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүрэг”-тэй гэж заасан.
Татварын хоёр дахь үндсэн шинж бол татвар нь буцаан төлөгдөхгүй. Яагаад гэхээр татвараар цуглуулсан мөнгөөр төсвийн орлогыг бүрдүүлдэг. Энэхүү төсөв нь нийгмийн маш олон төрлийн үйлчилгээг санхүүжүүлэхэд зарцуулагддаг.
Татварын гурав дахь үндсэн шинж бол татвар нь ямар нэгэн хариу төлбөргүй байна. Өмнө татвар дахин хуваарилах үүрэгтэй гэсэн шүү дээ. Нөгөө өндөр орлоготой хэсгээс нь өндөр татвар аваад, нөгөө талд нь нийгмийн халамж нийгмийн тусламж дэмжлэг хэрэгтэй хэсэгт үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс би өндөр татвар төлсөн юм чинь илүү их үйлчилгээ авах ёстой гэдэг ойлголт татварын харилцаанд байхгүй.
Татварын дөрөв дэх үндсэн шинж бол татвар нь албадлагын шинжтэй. Энэ нь татварыг зөвхөн хуулиар тогтооно гэсэн эхний шинж чанартай шууд холбоотой. Нэгэнт хууль байгаа тул хүн бүр тэр хуулийг дагаж мөрдөх ёстой. Хуулийг мөрдөхгүй бол хуулийн зөрчил болно. Энэ үндсэн шинж чанараасаа үндэслээд татвар нь албадлагын шинжтэй гэсэн үг. Үндсэн хуулинд ч иргэний үндсэн үүрэг гэж заасан байдаг. Иймээс хуулиар ногдуулсан татварыг төлөх үүрэгтэй, хэрэв төлөхгүй бол хариуцлагын болон албадлагын зохицуулалт байдаг.
Тиймээс Монголын татварын алба нь татвар төлөгчдийг заавал дагаж мөрдөх хууль тогтоомжийг мэдэхгүйгээс үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор татварын багц хууль түүнд нийцүүлэн гаргасан журам аргачлалын хүрээнд өдөр тутам татвар төлөгчдөд мэдээ, мэдээлэл хүргэх зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна.
-Тиймээс зөвлөн туслах ажлыг илүү хүртээмжтэй болгохоор энэ жилийн гол зорилгоо болгосон байх нь ээ?
-Тиймээ. Монголын татварын алба нь 2025 оноос зөвлөн туслагч татварын алба байх зорилго тавьсан. Татварыг хуулиар тогтоочихсон байдаг тул дагаж мөрдөөгүй, зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлагад орно. Иймээс татварын алба татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүргийн хүрээнд татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулан татвар төлөгчдөд үзүүлэх зөвлөн туслах үйлчилгээнийхээ хүртээмжийг сайжруулах замаар татвар төлөгчдийг татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд илүү анхаарч ажиллаж байна.
-Татварын үйл ажиллагаанд баримталдаг зарчим гэж байх уу?
-Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд баримтлах зарчим нь олон улсад нийтлэг байдаг. Одоогоос 250 гаруй жилийн өмнө зах зээлийн эдийн засгийн “Үл үзэгдэгч гар”-ын онолыг үндэслэсэн Шотландын философич Адам Смит 1776 онд хэвлүүлсэн “Ард түмний баялаг” номдоо татварын үндсэн дөрвөн зарчмыг тодорхойлж байсан. Үүнийг олон улсад одоог хүртэл ашиглаж байна. Манай улсын хувьд ч гэсэн яг ижил бөгөөд Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална” гээд тусгачихсан байгаа. Үүнд,
-Зайлшгүй байх
-Тодорхой байх
-Шударга байх
-Үр ашигтай байх
Татварын зарчмууд нь татварын үйл ажиллагаа явуулахдаа төрийн байгууллагууд, татвар төлөгч талууд ямар ч тохиолдолд зарчмын дагуу оролцох ёстойг зааж өгдөг. Эдгээр зарчмууд нь зөвшилцөлд, шударга ёс, урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй.
Зайлшгүй бөгөөд хамааралтай байх. Иргэн бүр хуулиар ногдуулсан татварыг төлөх үндсэн үүрэгтэй бөгөөд татвар төлөх нь зайлшгүй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйл дээр энэ талаар тодорхой тусгасан. Гэхдээ татварыг хамааралтай зүйлд л ногдуулна. Жишээлбэл, намайг орлого олоогүй байхад надаас орлогын татвар авах гээд байж болохгүй. Үүнтэй адил би үл хөдлөх хөрөнгө эзэмшдэггүй байтал надаас үл хөдлөх хөрөнгийн татвар авах гээд, автомашингүй байтал надаас АТБӨЯХ-ийн албан татвар авах гээд байж болохгүй. Тэгэхээр албан татварыг хамааралтай зүйлд л ногдуулах ёстой.
Тодорхой байх. Татвар нь хуулиар тогтоогдсон харилцаа бөгөөд дагаж мөрдөөгүй, биелүүлээгүй тохиолдолд мөн хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Тийм учраас хэн, ямар төрлийн татварыг хэзээ төлөх нь маш тодорхой байх ёстой.
Мөн тэр татвараа хэрхэн яаж ногдуулан тооцох, тооцох аргачлал, хувь хэмжээ нь бас ойлгомжтой, тодорхой байх ёстой. Хэрхэн яаж бүртгэх, яаж тайлагнах, хэрвээ төлөхгүй бол ямар хариуцлага хүлээх нь ойлгомжтой байх ёстой. Өөрөөр хэлбэл тодорхой байх гэдэг нь татвар төлөгчид ямар татвар ногдуулах, ямар хувь хэмжээгээр тооцох, ямар хугацаанд төлөх ёстой вэ гэдгээс гадна хөнгөлөлт, чөлөөлөлт, тайлагналын нөхцөл нь ойлгомжтой ил тод байх тухай асуудал юм.
Шударга байх. Иргэн бүр хуулиар ногдуулсан татварыг төлнө. Тиймээс татварын хувь хэмжээ зохицуулалт нь иргэн бүрд ижилхэн байх ёстой. Тэгэхээр шударга байх гэдэг нь татвар төлөгчдийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан татварын хувь хэмжээ, ногдуулалт, тайлагнал, төлөлт, хяналт шалгалт зэрэг үйл ажиллагаа нь хэн нэгэнд давуу эрх олгохгүй, хэн нэгнийг ялгаварлахгүй, нийгэмд эрх тэгш үйлчилдэг байх тухай ойлголт.
Үр ашигтай байх. Энэ нь татварыг төсөвт төвлөрүүлэх, хураах, хяналт шалгалт хийх гэх мэт нь аль болох зардал багатай, үр дүнтэй байж, төр болон татвар төлөгчид аль аль талдаа боломжит хэмнэлттэй байх тухай ойлголт юм. Энэ хүрээнд татварын харилцаа улам бүр цахимжиж байна.
Татварын шинэчлэлийн хүрээнд ХХОАТ-ын тухай хуульд орж байгаа нэг том өөрчлөлт бол татварын алба тухайн татвар төлөгч иргэний татварын тайланг цахимаар, урьдчилан гаргаж өгнө гэж байгаа. Таны татварын тайланг урьдчилсан байдлаар гаргаад тан уруу илгээнэ. Та хянаж үзээд болж байна гэх юм бол баталгаажуулснаар таны хувьд тайланг илгээсэн төлөвт шилжинэ. Техник технологийн салбарт гарсан өөрчлөлтүүд тэр дундаа биг дата дээр суурилсан хиймэл оюун ухаан бид нарын өмнөөс зарим тооцооллуудыг хийж өгч байна. Энэ шилжилт рүү татварын алба ч гэсэн маш эрчтэй орж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 190 (7687)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.