Алтай, Ховдынхны ажил үйлсийн замналаас...

2025-03-25
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Нэг. Их хурлын даргын орон нутаг дахь ажлын айлчлалаас

 

Агаараар нь амьсгалж, усаар нь ундаалсан Алтай сайхан нутагтаа зорин ирж зорилтот ажил үйлсээ төвхнүүлж буй Их хурлын дарга болон ажлын албаныханд нутаг зүгийнхэн тун ч талархалтай байлаа.

Аав ижийн минь төрөл садан мэт Алтай хэмээх сайхан нэр алдрайхан үрс бидэнд “Уул ус – газар шороо, үүх түүх – үнэ цэнэ” гэж сонсогдном, зэ.

Алтайд “Бороо орж гэнэ” гэхэд алхалж яваа газар минь хөлрөн хурын ус сэнхийдэг дээ.

Алтайгаас ирлээ... гэсэн аяны хүмүүнтэй тааралдахад өөрөө Алтайгаас ирж буй мэт бодогддог юм аа. Алтай сайхан нутгаа ойртуулан бас алсруулан бодоход алдуурсан алс хэтийн хүслэн хийгээд зөн совин, мэдрэмж болоод ухаарал цөмөөр Алтайтай л холбогддог юм аа.

Сансрын цэнхэр салхи, мөнх цаст уулсын цуурай юу өгүүлдгийг, бас шивнэдгийг Алтайхан л мэднэ.

Тиймээ. Эгэл боргил – эрхэмсэг сүрлэг – хэрсүү атлаа оршихуйн далд хүч цаагуураа нуугиулсан Алтайн хад хайрцаг шиг ягшмал эрсийн төрмөл чанартай Засагт Ханы хөх харчуулын нэгэн бол мөнөөх “60 жил” хоршооны дарга Дашзэвгэ гуай бүлгээ, бас Жааяа дарга, миний эцэг их барилга болон “хангамжийн” Лхагваа дарга, Амгаа гишүүн, Амараа дарга... зэрэг хүмүүсийг нутаг орондоо үнэн сэтгэлээсээ бүтээл үйлсээ үлдээсэн хүмүүс гэж одоо ч домоглосоор байдгийм аа.

Энэ л нутгийг олж төрснөөрөө баярламаар, аав ээждээ талархаж Алтай сайхан нутгийг огшин магтмаар, хайрлан гайхмаар аа.

Зорилгүй удвал зүүдэлж өмөлздөг Эх сайхан нутаг минь, очихгүй л бол... санааны үзүүрт нэг юм гогодоод салахгүй сайхан нутаг Алтай минь.

Тэгш дүүрэн, тэнүүн уудам, өөдрөг заяатай, өндөр босготой, үлэмжийн сайхан энэ л нутаг оронд юманд цаг үе, нөхцөл шалтгаан бүрэлддэгийг мэдрүүлж Монгол төрийн эрхэм зүтгэлтэн Жасрай гуайгаас хойш анх удаа Улсын Их Хурлын даргын хувиар хүрэлцэн ирж нутаг ус, уул хайрхад, хүн зоноо тодоор баярлуулсан Дашзэвгийн Амарбаясгаланд томоор талархацгаанам.

Алтайн уулс нь өндөр учраас тэнд төрсөн хүмүүний тэмүүлэл өндөрлөг, ухаан сэтгэл сэтгэхүй нь ноёлог байдаг хэмээвээс ард түмнийхээ оюун ухаанд бага ч гэсэн гэрэл гэгээ нэмэх сэн... гэж мөрөөдсөөр, мөрөөдлөө ажил болгож “Номын цагаан хишиг” цувралын хүрээнд 20-иод ном, Сурагчийн, Багшийн, Эмэгтэйчүүдийн лавлах,  “Зурхайг сонирхохын учир I, II”  Дууны цуврал эмхэтгэл номнууд хэвлүүлсэн багш, сэтгүүлч хүний хувьд дараах санал тавьсныг талархалтайгаар хүлээн авсан болно.

Дэлхийн болон Монголын сонгодог уран зохиолын дээж болсон “Ангийн номын сан-200 ном” төслийг энэ нутаг орны бүх сургууль, дотуур байрны хүүхдүүдэд уншуулж ажил хэрэг болгомоор байгаа юм.

Мэдээж 1 сая 800 мянган төгрөгийн өртгийг тухайн сургуулийн хамт олон, эцэг эхчүүдээс “оюуны хөрөнгө” болгож босгох юм. Ингэснээр байгалийн шалгарлаар ялгарсан оюуны өндөр потенциалтай Алтайн залуу үеийнхэн улам улмаар уншиж судлан, хэрсүүжин бойжих болно. Бас номын амтыг таашааж, оюуны цэнгэлийг ч мэдрэх юм.

Улирах онд 20 жилийн ойгоо тэмдэглэсэн “Алтай Гомбо Сан”-гийн тухайд гуравдахь “Арван”-ы эхлэл болгож аймгийнхаа ИТХ-тэй хамтран эрүүл мэндийг дэмжих “80+” хөтөлбөрийн хүрээнд зорилтот гурван Удирдамж батлуулснаа танилцуулсан билээ. Удирдамжийг дэмжсэн эрч хүчтэй, ажил хэрэгч ИТХ-ын дарга Л. Насанбуянгаар нутгийнхан бахархана.

Нийгмийн эрүүл мэндийг сайжруулж, нийт иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд эмч нар, сувилагч, анагаахын сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулагдах эсээ бичлэгийн уралдаан нь  төр, ТББ-ын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэж, уламжлал болгон үлдээх зорилготой юм.

Иргэний нийгмийн эд эс мэт ажиллаж, амьдарч, өөрсдийгөө хөгжүүлж, цаг үеийг соргогоор мэдэрч шинэ мэдлэг мэдээлэлд хөл нийлүүлэн зэрэгцэн ажиллаж амьдарч, бусдын төлөө цаг зав- оюун ухаан-сэтгэл зүтгэлээ зориулж байгаа бие хүмүүс ч оролцох боломжтойгоороо онцлог юм.

Зөв хооллолт, эрүүл аж төрөх хэв маяг, амьдралын зөв хэвшил, уламжлалт анагаах ухааны мэдлэг болон хүний бие физиологийн биологийн цаг, цахим хэрэглээ хийгээд хүн ардын дундах нийгмийн сөрөг үзэгдэл мэт болсон энэ цагт нийгмийн соён гэгээрэлд чиглэсэн дээрх асуудлуудыг онцлон анхаарч тус аймагт томилолтоор ажилласан салбарын Сайд нь нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөрөөр дамжуулан улсын хэмжээнд “ажил үйлс” болгоё хэмээсэнд талархнам.

Ташрамд нутагтаа ажилласан сэтгүүлчийн хувьд, орон нутгийн сонгуульд Алтай сумандаа бүдэрсэн нөхөр аймагт ирээд л ИТХ-ын нарийн бичиг хийж буйд иргэд гомдолтой байна. Бас МЗЭ-ийн Говь-Алтай дахь салбарыг гурван жил удирдаж буй эмч, Найрагч залуу нэг ч удаа тайлангаа тавиагүй, ажил зохион байгуулаагүйд уран бүтээлч залуус бухимдалтай байна.

Гэвч, тус аймагт сайхны жишээ ч бишгүй ажээ. Замын цагдаагийн тасгийн Эржан даргын үлдээсэн “легаси” гэмээр жишгийг тэд онцолж байна. Өвлийн цагт мотоциклоор зорчихыг хугацааны хувьд хязгаарласан нь тун ч ончтой шийдвэр гэдгийг ам уралдан өгүүлж байлаа.

Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойгоо бахархалтайгаар тэмдэглэсэн Алтай нутгаас зүүн тийш “жилийж одсон” нутаг зүгийнхэн ураг удмаараа хэлэлцээд 1-3 оюутан сурагчдыг эх нутагтаа суурьшуулах хөдөлгөөн өрнүүлсэн нь бас цаг үеийн онцлог байсан. Ингэж нутаг орныхоо хөгжилд эрвийж дэрвийхээрээ бүгд сэтгэл гарган оролцохоор болсон нь дэмжүүштэй сайн үйлс байлаа.

 

Хоёр. Ховд аймгийн Тэмээчдийн Анхдугаар зөвлөгөөний сонин сайхнаас...

1993 оны Улсын аварга тэмээчин Ч.Гүнзэл, Р.Занданхүү нар.

Хос бөхт тэмээний өлгий нутаг бол Монгол Улс юм. Монгол тэмээ нь говь, тал хээрийн байгаль-цаг уурын нөхцөлд гайхалтай дасан зохицсон мал бөгөөд таван хошуу мал дотроос ган, зудад хамгийн тэсвэртэй амьтан ажээ.

Манай улсын тэмээн сүргийн 50 гаруй хувь нь Өмнөговь, Дундговь, Дорноговь, Баянхонгор аймгуудад байдаг.

2024 оны жилийн эцэст улсын хэмжээнд нийт 473,9 мянган тэмээ тоолуулсан бөгөөд манай улсад тэмээний зургаан үүлдэр, омог байна. Монгол үүлдэр, Төхөм тунгалагийн хүрэн, Ханын хэцийн хүрэн, Галбын говийн улаан, Ламын гэгээний улаан үүлдэр, Олдохын хүрэн омогийн тэмээ... гэж.

2024 оны жилийн эцэст Ховд аймаг 35,0 мянган тэмээ тоолуулсан бөгөөд үүний 10 мянга орчим нь ингэ байна.

1980 онд 42,1 мянган тэмээтэй байжээ. Сүргийн бүтцийн хувьд аймгийн нийт мал сүргийн нэг хувийг тэмээн сүрэг эзэлж байгаа бөгөөд Дөргөн сум 8274 тэмээ, Чандмань 4379 тэмээ, Манхан 3764 тэмээ, Зэрэг сум 2963 тэмээ тоолуулаад байна.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2022 онд Тэмээн сүргийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, тоо толгойг өсгөх, тэмээний үүлдэр угсааг сайжруулах, нүүдэлчдийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, тэмээчдийг урамшуулахад чиглэсэн “Тэмээ өсгөх, чанарыг сайжруулах, бойжуулсан ботгонд мөнгөн урамшуулал олгох” журмыг баталснаараа баруун бүсдээ төдийгүй улсад АНХДАГЧ болцгоожээ.

Тус журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2024 онд 75,0 сая төгрөгийн урамшууллыг тэмээ өсгөн үржүүлж буй иргэдэд олгосон бол 2025 оны эхний улиралд багтаан урамшууллын мөнгийг олгох бөгөөд энэ нь тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, тэмээчдийг урамшуулах чухал хөшүүрэг болж байна.

Ховд аймгийн тэмээчдийн анхдугаар зөвлөгөөнд Засаг дарга бөгөөд Баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа шилдэг тэмээчдийн хамт.

Мянга мянган жилийн өмнөөс уламжлалт аргаар эмчилгээний зорилгоор ингэний сүүг хэрэглэсээр ирсэн Монголчууд бидэнд ашиг шимийн хувьд ингэний сүүг боловсруулан тэмээчдийн орлогыг нэмэгдүүлэх боломж өргөн байна.

Дэлхийн аль ч оронд ингэний сүүг өргөн ашигладаг, тэр тусмаа манай ард түмэн хүнсэндээ өргөн хэрэглэж ирсэн уламжлалтай. Ингэ нь олон жил саалинд ашиглагддаг, саалийн хугацаа урттай, сүү нь өтгөн, тэжээллэг, эмчилгээ сувиллын чанараар сайн, гашилж муудах нь удаан, урин дулаан цагт хадгалах, тээвэрлэх боломжтой зэрэг онцлогтойгоор бусад малынхаас олон давуу талуудтай юм.

БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Буурал тохой сумын “Шиньжян Ванюань” тэмээний сүүний үйлдвэрээр зочилсон Ховдын төлөөлөгчид ярихдаа: “Хоногт 250 тн ингэний сүү хүлээн авч, боловсруулах хүчин чадалтай бөгөөд Хятад орон даяар өөрийн нэрийн 2500 сүлжээ дэлгүүрээр борлуулалтаа хийж энэ үзүүлэлтээрээ Хятад улсдаа тэргүүлдэг үйлдвэрт бид зочиллоо” гэв.

Шиньжян Ванюань үйлдвэр 2007 онд анх байгуулагдах үед Алтай аймаг 3500 гаруй тэмээтэй байсан бол үйлдвэрийн байнгын ажиллагаа болон бүтээгдэхүүний эрэлтийг дагаж өнөөдөр 35000 гаруй тэмээтэй болжээ.Тус компани жил бүр ханган нийлүүлэгчид буюу сүү худалдан авдаг малчдадаа ашгийн урамшуулал олгож, өнгөрсөн жилээс тэдэнд зориулж орон сууцны тусгай хорооллыг барьж эхэлсэн байна.

“Тиймээс дээрх үйлдвэрийн жишгээр Ховд аймагт ингэний шим тэжээл, ашиг тус өндөр сүүг малчдаасаа худалдан авч, боловсруулдаг үйлдвэртэй болбол өдөртөө 10-20 тонн ингэний сүү бэлтгэх боломжтой юм. Үүнийг дагаад малчид байнгын орлоготой болж, тэмээний тоо толгой өсч, орон нутагт ажлын байр бий болох цаашлаад үйлдвэрлэгч аймаг болох боломж бүрдэнэ” гэдгийг удирдлагууд онцлов.

“Ховд аймаг дэд бүтэц хөгжсөн,  мөн үйлдвэр технологийн парк байгуулж байгаа, засаг төр тогтвортой болсон зэрэг давуу талтай учраас танайд хөрөнгө оруулах, техник технологи, чанар стандартад нийцсэн үйлдвэр барих боломж байна” гэж Шиньжян Ванюань үйлдвэрийн зүгээс онцолсон бөгөөд Ховд аймагт тэмээний сүү боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг нааштайгаар шийдэж энэ ондоо багтааж гэрээг байгуулахаар болсныг Ховд аймгийн Засаг дарга бөгөөд Баруун бүсийн зөвлөлийн дарга Морхын Амарсанаа онцлон тэмдэглэв.

“Буйлган шар” Тэмээчдийн холбооны тэргүүн Гүнзэлийн Батмөнх ярихдаа: “2017 онд дэлхийн 13 улс нэгдэж Тэмээн соёл уралдааны холбоог үүсгэн байгуулжээ. 2024 он болоход Дөрөвдүгээр хуралдааныг Грек улсын Афин хотод зохион байгуулсан бөгөөд одоогоор дэлхийн 35 улс орон нэгдсэн, нэмж 10-аад улс нэгдэх хүсэлтээ өгсөн байна”.

Энэ жилийн тухайд Тэмээн соёл уралдааны холбооны тавдугаар их хуралдаан Марокко улсад зохион байгуулагдах ба 2026 оны хуралдааныг Монгол улсад зохиох магадлалтай байгаа нь хэлэлцээрийн түвшинд яригдаж буй аж.

Дэлхийд гурван төрлийн тэмээ байдаг. Нэг бөхтэй тэмээ 40 сая, хоёр бөхтэй хоёр сая тэмээний 500 мянга нь манай улсад байдаг аж. Нэг сая орчим лам гөрөөс хэмээх тэмээ Австрали улсад дийлэнх нь байдаг гэнэ. Тэмээ унаж байгаа хүмүүсийг тамирчид гэж үздэг бөгөөд цаашид Олимпын нэг төрлөөр оруулах лобби хүчтэй явагдаж байгаа аж.

Монгол улсын хувьд долоон аймаг албан ёсны Холбоодоо байгуулсан бөгөөд нэмж гурван аймаг уг холбоог байгуулж удирдах зөвлөлд орох боломжтой. 10000-аас доош тооны тэмээтэй аймгууд дэмжигч гишүүдээр бүртгэгддэг.

Тэмээчин Ч. Гүнзэл гуай, эхнэр Р. Занданхүүгийн хамт 1993 онд Улсын аварга Тэмээчний шагналаа авсан бөгөөд Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдэлд төлөөр нь 1500 ботго бойжуулж өгсөн гавьяатай хүмүүс билээ. Тэднийг улсын аварга тэмээчнээр шалгарахад цул мөнгөөр урласан жижигхэн морины дүрс өгсөн нь одоо ч хадгалагдсаар байдаг. Өмнөх жилүүдэд нь иж бүрэн таван ханатай гэр олгодог уламжлалтай байсан ч зах зээлийн хомсдлоос шалтгаалж ийнхүү солигджээ.

Өдгөө хүү Г.Ганзориг нь удам дамжсан тэмээчин бол охин Г. Ганчимэг нь “Жинстийн жинчид транс” ХК-ийн нягтлангаар ажилладаг. Тэд ярихдаа “Тэмээ маллана гэдэг мөн ч их хөдөлмөр дөө. Шилрэнэ, салхи шуурганд хоньчлон хариулдаг. Тухайн үед нэг саальчинд 18-23 ингэ ногддог бөгөөд өглөө, өдөр, орой бүр нэмээд шөнийн хагаст босч саадаг байлаа” хэмээв.

Р. Занданхүү эгч ярихдаа “Тэмээ бол тэвчээр сайтай, бэлчээрт гамтай, сааль сүү айраг хоормог нь элбэг, уналга эдэлгээнд оруулж, амьд хүнтэй харьцаж буй мэт зөөлөн хандвал номхон уяхан, шаваг тэсэг бударгана юухан хээхнээр хооллодог эко махтай ашиг шимээр арвин. Ботгыг байнга уяж, тэгж номхруулдаг. Одоогийн залуус үүнийг мэдүүштэй” гэв.

Алтай Ховдынхны ажил үйлсийн замналаас товчхон дурьдахад ийм буюу.

Экологийн сэтгүүлч Л.Оюунчимэг

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 54 (7551)

 

Н.Алтанхуяг: Гурилын үнийн асуудлыг Засгийн газар шийдэх боломжтой

Н.Алтанхуяг: Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн

4 цаг 35 мин
"Онтрэ" компанийн асуудалд бид хуулиа л баримтална"

Н.Учрал: "Онтрэ" компанийн асуудалд бид хуулиа л баримтална

5 цаг 8 мин
Н.Учрал: Уурхайг түшиглэсэн үүсмэл ордыг ашиглахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалт явуулна

Н.Учрал: Уурхайг түшиглэсэн үүсмэл ордыг ашиглахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалт явуулна

5 цаг 13 мин
Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэн баталлаа

Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэн баталла

5 цаг 37 мин
Тэнгэрийн татах хүч

Машин, техник сонирхдоггүй, төрөл бүрийн машин, галт тэрэг, онгоц зэргээр тоглож өсөөгүй эрэгтэй хүүхэд бараг л байхгүй байх.

12 цаг 40 мин
Шалтаг нь “...Баярцогт” шалтгаан нь Баялгийн сан

Монголын улс төр яг л гадаах тэнгэр шиг хуйсгануур байна. Угаасаа, өдийд ингэдэг л дээ. Тэр

12 цаг 40 мин
Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя

Оршоосон шарил бүрийн дэргэд ургах үхэшгүй мөнхийн бэлгэдэл гацуур тэргүүтэ

12 цаг 40 мин
Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Өчигдөр 09 цаг 54 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Өчигдөр 08 цаг 36 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

Өчигдөр 06 цаг 00 мин