“Нас чацуу” чөлөөт бүсүүдийн ялгаа

2024-12-07
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

 

Чөлөөт бүс гэдэг үгийг амны уншлага мэт давтдаг болсоор бид 30 дахь жилийнхээ босгыг алхах гэж байна. Монгол Улсын Их Хурлын 1995 оны 87 дугаар тогтоолоор “Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай үзэл баримтлал”-ыг баталж энэ үгийг улс төрчид моданд оруулж байв даа. Улмаар 2002 онд Чөлөөт бүсийн тухай хууль, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай, 2003 онд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн эрхзүйн байдлын тухай хуулийг тус тус баталж байсан бол саяхан “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг 2022 оны дөрөвдүгээр сард хэлэлцэн баталсан. Одоогоор манай улс Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур, Хөшигийн хөндийн гэсэн албан ёсны дөрвөн чөлөөт бүс бий.

Тэднээс хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн нь Замын-Үүдийнх. Өмнөд хөрштэй хил залгаа энэ боомтыг эдийн засгийн гол зангилаа, хөрөнгө оруулалтыг хуу хамж авчрах ид шидийн бүс байгуулж байгаа мэтээр л ярьдаг байв даа. Тиймдээ ч чөлөөт бүсэд оруулсан хөрөнгө оруулалтын дийлэнх нь энэ чөлөөт бүсийг байгуулахад зарцуулагдсан. 57 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн гэдэг байх шүү.

Харин дараагийнх нь Алтанбулагийн чөлөөт бүсэд 35 тэрбум орчим төгрөгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийсний үр дүнд одоогийн байдалд арай гэж хүргээд байгаа. Харин бодит байдал дээр энэ их мөнгөөр ямархуу хэмжээний дэд бүтэц, бүтээн байгуулалт хийгдсэнийг бид хараад санаа алдахаас хэтрэхгүй нь гачлантай. Одоогоор тус чөлөөт бүсэд үйлчилгээний 98, тээвэр ложистикийн дөрөв, амралт зугаалгын чиглэлээр гурав гээд хэдхэн 130-140 аж ахуй нэгж л бүртгэлтэй байна. Мөн байнгын үйл ажиллагаатай 31 дэлгүүр ажиллаж байгаа байна. Мөн дэлхийн 20 гаруй орны 200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалдаг. 2015-2023 оны хооронд 63.3 сая ам долларын бараа эргэлт явагдсан тухай албан ёсны цахим хуудастаа мэдээлсэн байх юм.

Өнгөрсөн жил манай сурвалжлах баг Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Алтанбулаг чөлөөт бүсийг зорин очиж байлаа. Ковидын үед овоо амь орох шинжтэй байсан Алтанбулагийн чөлөөт бүс нэртэй худалдааны павилионууд хүнгүй шахам дүр зураг биднийг угтсан. Павилион бүрд ганц худалдагч хэд гурван хүн л үйлчлүүлж байгаад эмзэглэж манай тоймч Д.Цэрэннадмид “Чөлөөт бүс чөлөөтэй байна” гэж ч бичиж байв.

Ер нь чөлөөт бүс гэдэг үгийг чөлөөтэйгээр хэрэглэхээс биш бодит байдал дээр чөлөө завтай хэдэн хүн л нэр төдий цалин аваад суудаг байдал 20 гаран жил болж байгааг бид мэднэ. Энэ хугацаанд байдал дээрдсэнгүй. Шадар сайд С.Амарсайхан 2021 онд Замын-Үүдэд очиж мөн л чөлөөт бүсийн чөдрийг мултлаад, үүдийг нь нээж үр ашигтай болгоно гээд л амлаж байв. Одоо ч бахь байдгаараа, яв янзаараа. 

Харин өнгөрсөн сард БНСУ-д албан ажлаар очих үедээ айлын улсын хөгжилд атаархсан ч гэх үү өөрийн улсын унхиагүйд уурссан ч гэх үү гомдлын мэдрэмж өвөртлөн буцсан газар бол Инчеоны чөлөөт бүс, ухаалаг хот байлаа.

 

Инчеоныг Зүүн Азид тэргүүлэгч чөлөөт бүс болгохоор зорьж байна

Инчеоны чөлөөт бүс 20 жилийн өмнө ба хойно.

БНСУ-ын Инчеон хотыг бид цагтаа дэлхийд нэгдүгээрт нэрлэгдэж байсан, одоо ч эхний тавд үргэлж жагсдаг Инчеоны олон улсын буудлаар нь маш сайн мэднэ. БНСУ-ыг зорьсон хүн бүрийн дайран өнгөрдөг дэндүү танил энэ хот одоо нисэх буудлаараа биш ухаалгаар хөгжүүлж байгаа хот байгуулалт, чөлөөт бүсийн хөгжлөөрөө алмайруулах болжээ.

Дэлхийд эдийн засгийн хөгжлөөрөө долдугаарт бичигдэж байгаа Солонгос улс. Чөлөөт бүс байгуулах шийдвэрийг бараг манай улстай адил цаг хугацаанд гаргаж байж. Мэдээж чөлөөт бүсийн гол зорилго бол гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх. Энэ зорилгодоо тулгуурлаж аль болох хөрөнгө оруулагчдад ээлтэй, нэгдсэн бодлогыг зангидаж түүнийгээ баримтлан одоогийн нүсэр бүтээн байгуулалт, Азидаа тэргүүлэх шинэ хотыг босгоод байна.

Инчеоны чөлөөт бүс манай “Алтанбулаг”-тай нас чацуу, 2003 онд байгуулагдсан, БНСУ-ын анхны эдийн засгийн чөлөөт бүс юм. Тус улсад одоогоор есөн чөлөөт бүс байгаа. Инчионы чөлөөт бүс дотроо Songdo smart city, Yeongjong international city Cheangno international city гэсэн гурван төвлөрсөн жижиг хоттой.

Бидний зочилсон Songdo ухаалаг хот бол хөрөнгө оруулагчдад зориулсан татварын хөнгөлөлт, дэлхийд нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай сургуулиуд, хүний амьдралын ая тухыг хангасан шинэ үеийн ухаалаг хот гээд олон эерэг зүйлсээр хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татах болсон газар. Одоогоор 7622 компани үйл ажиллагаа явуулж байгаа БНСУ-ын чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт 2022 оны долдугаар сарын БНСУ гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 22 тэрбум ам.долларт хүрсэн бол үүний 70 гаруй хувь нь зөвхөн Инчеоны хөрөнгө оруулатынх. Тиймээс ч энэ чөлөөт бүс цаашид улсдаа төдийгүй Зүүн Өмнөд Азидаа тэргүүлэх чөлөөт худалдаа эдийн засаг, аялал жуулчлал, ая тухтай амьдралын хэв маягаар тэргүүлэх том амбицтай ажиллаж байна

 

Ая тухтай хотын ухаалаг шийдлүүд

 

Хэдий 500 мянган хүн амтай ч Сонгдо ухаалаг хотод хүний ая тухыг дээд зэргээр хангаж болох бүх зүйлийг бүтээн байгуулсан гэв. 40-өөс дээш давхар өндөр шилэн байшингуудыг орчин үеийн технологид нийцүүлэн тохижуулснаас гадна автобусны зогсоол нь халаалттай, эргэн тойрон, автозам явган хүний зам бүгд камераар хянагддаг. Үүнийг мэдээж иргэдийнх нь аюулгүй байдлын төлөө бүтээн байгуулсан. Тиймдээ ч аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй хяналтын төв 24 цагаар ажилладаг. Энгийнээр хэлэхэд, гудамжинд явж байсн хүн даралт нь ихсээд уналаа гэхэд хөдөлгөөн мэдрэгч шууд ажиллаж Аюулгүй байдлын зохицуулалтын газарт тэр дороо мэдээлэл очно. Ингээд мэдээлэл авсан даруйд эрүүл мэндийн тусламж, галын машин гээд шаардлагатай тусламж цаг алдалгүй очдог гээд түгжрэлээ ч шийдэж чадахгүй байгаа манай хотод үнэндээ л хол санагдах олон сайхныг энд зүгээр л энгийн стандарт болгож орхисон байх жишээтэй. Мөн ухаалаг хотод үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гадаадын иргэдэд тус улсад байнга оршин суух виз буюу “ногоон карт” өгөх зэргээр олон төрлийн дэмжлэг үзүүлдэг. Манай улсаас амьдарч байгаа монголчууд маань ч сүүлийн үед энд үл хөдлөх хөрөнгө худалдан авч нүүр бардам хууль ёсоор амьдрах ногоон карт авдаг болсон сурагтай.

 

Дэлхийн шилдэг таван их дээд сургуулийн салбар бий

 

Инчеоны гадаадынхныг татаж байгаа бас нэг онцлог бол дэлхийн шилдэг их сургуулиудын салбар болон олон улсын жишигт нийцсэн гадаадын дунд сургуулиудын төвлөрсөн Инчеон глобал кампус байгуулахад ихээхэн анхаарч байна.

Одоогоор АНУ-ын Нью-Йоркийн их сургууль, Жорж Мэйсоны их сургууль, Гентийн их сургууль, Ютагийн их сургууль, Загварын технологийн институт гээд дэлхийн шилдэгт тооцогддог нэр хүндтэй таван их сургуулийн салбарыг амжилттай эх орондоо оруулж чаджээ. Мөн Их Британийн Ерөнхий сайд асан У.Черчиль зэрэг олон нэр хүндтэй хүмүүсийг төрүүлсэн, 1572 оноос эхлэлтэй арвин түүхт “Harrow” их сургуулийн салбарыг нээх ажил хэлэлцээрийн шатанд яваа гэнэ.

 

Дэлхийн био төв байгуулахаар зорьж байна

 

2030 он гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж буй Сонгдо био кластер нь Инчеоны чөлөөт бүсийн бас нэгэн чухал төв. Бүтээн байгуулалтын ажил нь ид өрнөж байгаа энэ төслийг Өмнөд Солонгосын био гурван том компани болох Celltrion, Samsung Biologics болон SK Bioscience-ийн хөрөнгө оруулалтаар хөгжүүлж байна. Улсаас тусгай бодлогоор дэмжиж, гадаад дотоодын хосолсон хөрөнгө оруулалтад түшиглэх судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлд суурилсан дэлхийн био кластер болгохоор зорьж байгаа гэсэн. Тухайлбал, Lotte Biologics компани 2030 он гэхэд нийт 360,000 литр эсрэг биет үйлдвэрлэх хүчин чадалтай био эмийн үйлдвэр барих гэрээг саяхан үзэглэж. Дээрх гурван компанийн хөгжүүлж буй энэ кластерт одоогоор 10 мянга гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд 100 гаруй үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны байгууллагууд байгаа бөгөөд 2022 онд 5.2 тэрбум ам.долларын орлого олжээ.

Эдгээр бүтээн байгуулалтууд нь Инчеоны чөлөөт бүсийн хөгжлийн хэсэгхэн нь. Үүнээс гадна гарааны бизнесийг дэмжих парк, урлагийн томоохон театр, цогцолбор гээд бүхий л салбарын хөрөнгө оруулалтыг нэг газарт төвлөрүүлэн татах бодлогоор улсдаа биш дэлхийд тэргүүлэх амбицтайгаар эдийн засгийн чөлөөт бүсээ хөгжүүлж байна. Дээр хэлсэнчлэн үүн шиг хөгжих боломжтой, хөгжүүлсээр байгаа найман чөлөөт бүс цаана нь бий. БНСУ-ыг бид 2000-аад оны үед Азийн дөрвөн барын нэг хэмээн нэрийддэг байв. Харин одоо тэр бар улс дэлхий нийтэд цоо шинээр гарч ирсэх болсон технологи, инновац ирээдүйн хиймэл оюун ухаанд суурилсан бүхэнд манлайлаан түүчээлж, хөгжлийг жинхэнэ утгаар нь харуулсан том тоглогч хэдий нь болжээ.

Манай хоёр улс 20 жилийн өмнө ижил цаг хугацаанд аль аль нь анхны эдийн засгийн чөлөөт бүсээ нээж байсан бол нас чацуу хоёр чөлөөт бүсийн “ялгааг олвол” иймэрхүү л байна даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 236 (7480)

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэлэлцлээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэлэлцлээ

11 цаг 29 мин
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өгч шалгуулахаа мэдэгдлээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өгч шалгуулахаа мэдэгдлээ

15 цаг 25 мин
“ГОЛОМТ БАНК” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

“Голомт банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 00/02 тоот тогтоолоор 2026 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын товыг шийдвэрлэлээ.

15 цаг 59 мин
Б.Эрдэнэбат: Бидний амгалан тайван амьдрал бол үе үеийн эх орончид, өвөг дээдсийн минь хичээл зүтгэлийн үр дүн билээ

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зоч

18 цаг 59 мин
Манай улс 100-150 М/Вт-ын хүчин чадалтай нар, салхины эх үүсвэр барих боломжтой

Монгол Улс эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах зорилгоор ойрын таван жил

18 цаг 59 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Хар тамхи үйлдвэрлэх, тээвэрлэх, бусдыг хэрэглэхэд хүргэсэн үйлдэлд тооцох ялын бодлогыг чангатгана

Засгийн газрын хуралдаанаар Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн

18 цаг 59 мин
Н.Алтанхуягийг цагаатгасан тогтоолуудыг хүчингүй болгож, шүүхээс тайлбар гаргажээ

Н.Алтанхуягийг цагаатгасан тогтоолуудыг хүчингүй болгож, шүүхээс тайлбар гаргажээ

Уржигдар 10 цаг 13 мин
Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс татан авчирлаа

Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс татан авчирлаа

Уржигдар 10 цаг 03 мин
Эсрэг тэсрэг байр суурь

ИЗНН-ынхан хоёр хуваагдаж хуралдсан. Тодруулбал, ИЗНН-ын дарга Б.Батбаатар намынхаа гишүүдтэй намын ойн баярын хурлаа

Уржигдар 06 цаг 00 мин
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа анхаарах хандуулах шаардлагатай салбарт з

Уржигдар 06 цаг 00 мин