Н.Лхамсүрэн: “Loriblu” монголчуудад асар хүндэтгэлтэй хандаж чаддаг брэнд

2024-11-06
Нийтэлсэн: Админ
 14 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог  билээ.  Энэ удаагийн зочноор “Loriblu Mongolia” брэндийг үүсгэн байгуулагч Н.Лхамсүрэнг урьж, ярилцлаа. 

 

“Сайн гутал сайхан газар аваачдаг гэдэг яг л үнэн” 

“Хүн аливаа зүйлд зориг гаргаад зүтгэсэн байхад алдах, онох нь бий. Тэгвэл 10 жилийн өмнө эдийн засгийн “шуургатай” тэр цаг үед брэнд дэлгүүрээ нээсэн минь оносон гэдгийг бидний өнөөдрийн үйл ажиллагаанаас харж болно”.

-Дэлхийд алдартай Италийн  “Loriblu”  брэндийн дэлгүүр албан ёсоор Монголд нээгдээд 10 жил болжээ. Арван жилийн өмнө дэлгүүрээ нээж байсан үеийн таны төсөөлөл, мөрөөдөл юу байв.  Ер нь 10 жил гэдэг бага хугацаа биш л дээ.  Ялангуяа алдартай брэндийг Монголд “бойжуулна” гэдэг хэн дуртай хүний зориглож хийх ажил биш байх гэж бодоод байна?

- Тийм ээ. Брэндийг оруулж ирж “нутагшуулна” гэдэг зүгээр нэг бодож  төлөвлөж байгаад хийчихдэг юм биш л дээ. Тодорхой хэмжээний судалгаа орно. Тухайн улс оронд нь очиж, брэндийн бүтээгдэхүүнийг нь өөрөө эдэлж, хэрэглэж, туршиж үзнэ.  Захидал харилцаагаар харилцаж, өөрийгөө үнэн зөвөөр ойлгуулна гээд нэлээд удаан хугацааны судалгаа, шинжилгээ, эрэл хайгуулын дараа би  “Loriblu”-тэй учирсан даа.  Энэ брэнд өөрөө Италидаа их том үйлдвэртэй.  Энэ нь нэгдүгээрт надад таалагдсан. Аливаа бизнес эрхлэхэд өөрийн гэсэн орон байр чухал.   Түүнтэй адил үйлдвэрлэл явуулж байгаа брэнд маань өөрөө үйлдвэртэй байх нь бизнесийг аливаа эрсдэлээс хамгаалж байдаг.  Дэлхийн алдартай топ брэндүүдээс өөрөө үйлдвэрлэл явуулдаггүй, захиалж бүтээгдэхүүнээ хийлгэдэг газар олон бий.  “Loriblu” бол тийм биш. Италидаа брэндийн үйлдвэр маань хамгийн сүүлийн үеийн технологитой, хамгийн том үйлдвэрт тооцогддог.  Анх “Loriblu”-гийн үйлдвэртэй танилцахад цавууны, материалын өчүүхэн ч үнэр байхгүй, гайхалтай байсан. Цэвэр цэмцгэр. “Loriblu”-гийн мастерууд, гар урлаачид бүгд цагаан халаадтай.  Яг л эмч шиг, эмнэлэгт орсон юм шиг санагдаж билээ. Ингэж дурлаж, гайхан биширч явсаар “Loriblu” брэндийг албан ёсоор Монголдоо худалдаалах эрхийг авч байлаа. Италийн хамгийн шилдэг, хамгийн тансаг дээд зэрэглэлийн брэндэд тооцогддог “Loriblu” компани 2015 оны есдүгээр сарын 17-ны өдөр Монголд албан ёсоор 44 дэх салбар дэлгүүрээ нээж байсан. Нээлтийн ажиллагаанд оролцохоор Италийн “LORIBLU” брэндийн гүйцэтгэх захирал хатагтай Аннарита Пилотти хүрэлцэн ирсэн. Тэрээр Итали, Европын гутлын үйлдвэрүүдийн холбооны ерөнхийлөгчийн нэр хүндтэй албыг хашдаг хүн л дээ.   “Loriblu” брэнд нь өдөр тутмын, гоёлын, спорт загварын гээд төрөл бүрийн сонголтыг санал болгодог. Бас үнэт чулуу, Сваровский элементтэй загварууд нь олны таашаалд нийцдэг. Дэлхийд “Маde in Italy” гэдэг нь өөрөө брэнд байдаг. Тэр шилмэл дундаас тансаг, чанартай хамгийн сайныг нь Монголынхоо хэрэглэгчдэд хүргэх болсондоо маш их баярлаж байлаа.  

Нөгөө талаар 2015 онд дэлгүүрээ нээж байхад Монголд бас л  нэг төрлийн эдийн засгийн хямрал нүүрлэж байсан.  Тэр үед найз нөхөд ойр дотнынхон минь надад хэлж байсан л даа. “Лхам аа, хямрал эхэлж байхад юун үнэтэй брэнд дэлгүүр вэ” гээд л. Надад тухайн үед зогсох, буцах эрх байгаагүй.   Тэр том брэндийн дэлгүүрийн эрхийг аваад гэрээгээ байгуулаад, бүх зүйлээ яриад тохирчихсон.  Галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн байсан.  Ингээд ямар ч гэсэн Монголдоо дэлгүүрээ нээсэн.   Би ер нь нэгэнт л зорьж зүтгэсэн бол эрсдэлээс айдаггүй, зоригтой.   Хүн аливаа зүйлд зориг гаргаад зүтгэсэн байхад алдах, онох нь бий л байх.  Тэгвэл 10 жилийн өмнө эдийн засгийн “шуургатай” тэр цаг үед брэнд дэлгүүрээ нээсэн минь оножээ гэдгийг өнөөдрийн манай дэлгүүрийн үйл ажиллагаанаас харж болох юм.

-Эдийн засгийн амаргүй цаг үе таарсан байж.  Нөгөө талаас хэрэглэгчдийн брэнд бүтээгдэхүүнийг ойлгох ойлголт, хандлага ямар байсан юм бэ. Таны бизнесийн амжилтын нэг чухал зүйл нь худалдан авалт шүү дээ?

-Дэлхийн бусад брэндүүд Монголд орж ирээд харьцангуй танигдсан байсан л даа.  Анх “Loriblu”-г зөвхөн гутлын брэнд гэдгээр нь хүлээж авч байсан.  Манай монгол бүсгүйчүүд дэлхийн хамгийн ганган бүсгүйчүүдийн тоонд ордог.  Маш эрхэмсэг, өөртөө анхаарал тавьдаг хүмүүс. Орос, Итали, Англичуудтай эн зэрэгцэхүйц элеганс бүсгүйчүүд байдаг. Гудамжаар явахад өндөр өсгийтийг янз бүрээр нь өссөн хүүхнүүд хаана байна, Монголд л байна  шүү дээ. Гутлын үнэ цэнийг ч их мэддэг, мэдэрдэг.  Ер нь гарал үүсэл, угсаа түүх талаасаа ч Чингис хааны үеэс эхлээд арьсан гутлаа өмсөж, арьсан богц үүрээд дэлхийг эзэлж байлаа.  Хэзээ ч даавуу гутал өмсөж байсангүй.  Тийм өвөг дээдсийн үр сад учраас арьсны сайныг эдэлж, хэрэглэх их хувь заяатай хүмүүс гэж боддог юм.  Тэгэхээр анх дэлгүүрээ нээхэд хэрэглэгч талдаа санаа зовох зүйл байсангүй. Гутлын чанарыг дээд зэргээр мэддэг хүмүүс намайг угтсан. Сайн гутал сайхан газар аваачдаг гэдэг яг үнэн.  Арьсны чанар, гар урлал,  шигтгээ энэ бүхэн өөрөө тансаг хэрэглээ.  Үүгээрээ “Loriblu”  ялгардаг.  Энэ онцлогийг брэнд маань үе уламжлан авч явж байгаагаараа үнэ цэнтэй юм. Эртний хаад ноёд дандаа шигтгээтэй, гар урлалын гайхамшгийг шингээсэн гоё сайхан гутлуудаар гангарч байсан.  Тэр хаадын гутлыг хараад хэнийх нь гутал илүү их гоёмсог үнэт шигтгээтэй, гар ажиллагаа их орсон байна.   Үүгээр нь зэрэг зиндааг нь тодорхойлж иржээ.  Гутлыг сонгохдоо эхлээд гоё ганганыг нь олж харна.  Дараа нь өмсөж үзээд хөл ямар эвтэйхэн юм бэ гэдгийг нь мэдэрнэ.  Ингээд худалдан авч, гэр бүлээрээ өмсөж байж, чанарыг нь мэдэрч, судалгаа хийсний үндсэн дээр хэрэглэгчдэдээ санал болгодог.  Монгол бүсгүйчүүддээ аль болох гоё сайхан, тав тухтай, чанартай гутал өмсүүлье гэж л зорьдог доо.

 

“Loriblu”-тэй учирсан би азтай эмэгтэй

Loriblu брэндийг үүсгэн байгуулагч захирал хатагтай Аннарита Пилоттигийн хамт.

-Та энэ бизнест орохоос өмнө юу хийж байв.  Ер нь бизнесийн суурь, санаа, ойлголт хаанаас эхлэлтэй юм бэ?

- 1992 онд “Мөнхийн дөлгөөн мөрөн” гэр бүлийн компани байгуулж, ОХУ-ын арьс боловсруулдаг томоохон үйлдвэрүүдтэй хамтарч ажиллаж байсан. Тэндээс арьс шир авч, Монголынхоо гутлын үйлдвэрлэгч нарт нийлүүлж байлаа.  Тэр ч утгаараа арьс, шир гэдэг бүтээгдэхүүнийг “амьтай” гэдгийг хамгийн их ойлгодог. Аливаа гутлыг хараад л арьс нь ямар вэ гэдгийг тодорхойлчихно.  Нөгөө талаар Монголд зах зээлийн “шуурга” гарч, гутлын томоохон үйлдвэрүүд дампуурлаа зарлаж байсан үед салбартаа үнэнч хүмүүс хэсэг хэсгээрээ цех байгуулж ажиллуулсан.  Тэр хүмүүст ОХУ-аас бүтээгдэхүүн нийлүүлж байлаа.  Өнөөдөр тэр хүмүүсийн нуруун дээр Монголын Үндэсний үйлдвэрүүд үндэслэн хөгжсөн байна.  Тухайн үедээ гуравхан хүнтэй  байсан гутлын цех өнөөдөр 300 ажилтантай том үйлдвэр болж өндийжээ.  Тэгэхээр үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурийг тавьж ажилласандаа баярладаг.   Энэ л ойлголтууд, үнэ цэнийн суурин дээр өөрийн хүсэл сонирхлын дагуу гутлын брэнд дэлгүүрээ нээж байлаа.

-Брэндийг “нутагшуулна” гэдэг юм уу, “суурьшуулна” гэх үү.  Ингэхэд танд хүндрэлтэй асуудал юу байв. Таны бизнесийн зарчим юу вэ?

-Ер нь асар их хөдөлмөр л дөө. Маш их толгой ажиллана.  Өөрийн онцлогт тохирсон маркетинг хийнэ. Брэндээ таниулж, түүнийг цаг хугацааны явцад мартуулахгүйн тулд сэргээнэ. Энэ мэтчилэн үйл ажиллагааг байнга явуулж ирсэн.  Анх Монголд үйлдвэрээ нээчхээд хийлч Ч.Дэлгэрцэцэгийг аваад Италид очиж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, хийл хөгжмийг нь тоглуулж, Монголынхоо урлагийг таниулж, эх орноо сурталчилж байлаа.  Мөн “Loriblu” үйлдвэрээс бүтээгдэхүүн хэрхэн бий болдог процессыг харуулсан кино бүтээсэн.  Итали улсын нэрийн дор зөндөө олон брэнд бий.  Түүнээс худал брэнд ч олон байдаг.  Хятад, Турк, Унгар улсад үйлдвэрлэгдээд Итали нэрийн дор явдаг брэндүүд байна.  “Loriblu”-гийн гол давуу тал бол чанарын тэмдэгтэй, зөвхөн италидаа үйлдвэрлэгддэг, үүгээрээ ч ялгардаг.  Энэ бол “Loriblu”-чүүдийн бахархал,  үнэ цэн гэх үү дээ.  Энэ үнэ цэнийг олж харсан учраас би эрсдэлгүй бизнес  гэдгийг мэдэрч энэ брэндтэй учирсандаа өөрийгөө азтай эмэгтэй, азтай бизнесмэнд тооцож явдаг.  Ингээд ямартай ч  миний амьдралын 10 жил энэ брэндтэй өнгөрсөн байна.  Одоо цаашид ч он удаан жил тогтвор суурьшилтай, ажиллуулах алсын хараа зорилго надад бий.   Ингэхийн тулд анхнаасаа шударга, сахилга баттай, хариуцлагатай ажиллахыг зарчим болгож ирсэн. Ер нь аливаа бизнесийг эхлүүлэхдээ нэн тэргүүнд хариуцлагатай байх хэрэгтэй.  Хариуцлагаа дааж чаддаг байх нь чухал. Мөн эрсдэлгүй ажиллахын  тулд өөрийн ажлын байртай байх хэрэгтэй.  Саяхан  дэлхийн даяар цар тахалтай нүүр туллаа.  Өөрийн биш түрээсийн байранд байдаг газруудад тодорхой эрсдэл учирч байсныг та бүхэн мэднэ.  Ийм эрсдэл нь өөрийгөө ч хамтрагч байгууллагаа ч цаашлаад хэрэглэгчдээ хүнд байдалд оруулдаг шүү дээ. Тэгэхээр миний баримталдаг зарчим ерөөсөө л хаа хаанаа хариуцлагатай байх.  Шударга, чин сэтгэлээсээ байхыг л илүүд үзнэ.   Ер нь энэ зарчим дээр тулгуурласан харилцаа минь хэрэглэгчдийг хүмүүсийг над руу, миний бизнес руу татдаг гэж хардаг.

 

“Loriblu” өөрийнхөө үнэ цэнийг мэдэрсэн хүмүүст зориулагдсан брэнд”

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд “Loriblu”-гийн бүтээгдэхүүнүүд хэр шинэчлэгдэж, өөрчлөгдсөн бэ?

-Би анх дэлгүүрээ нээгээд яг нэг жилийн хугацаанд худалдагчийн ажил хийж байлаа. Энэ брэндийг нутагшуулахад судалгааны ажил чухал байсан. Хүмүүс ямар гутал илүү авч байна. Гутал худалдан авахад ямар асуудал байна. Монгол хүний анатомид юу нь тохирохгүй байна гээд бүгдийг нь судалсан. Энэ судалгаа маань их амжилттай болсон л доо. Манай бүсгүйчүүд шилбэ өргөн, подём өндөртэй. Зарим нь тавхай өргөн. Гэтэл европ эмэгтэйчүүд шилбэ нарийнтай, подём нь хотгор байдаг.  Ингээд судалгааныхаа үндсэн дээр “Loriblu”-гийн үйлдвэрт тусгайлан монгол бүсгүйчүүдэд зориулсан захиалга өгч бүтээгдэхүүнээ хийлгэдэг болсон.  Ингэхдээ хамгийн чанартай арьс, үсийг сонгож, хийлгэдэг. Ул, өсгий нь хальтрахгүй, 50-60 хэмийн хүйтэнд хөлдөхгүй, лабораторийн туршилтад орсноор захиалдаг.  Загварын хувьд улирал тутамд өөрчлөгдөж, шинэчлэгдээд явж байна. Хэрэглэгчид маань ч үүнийг ойлгосон учраас манай бүтээгдэхүүнд ямар нэгэн эргэлзээгүйгээр сонголтоо хийдэг болсон.  Энэ бол 10 жилийн хөдөлмөрийн нэг үр шим юм даа.

-Аливаа бизнесийг тогтвортой, хариуцлагатай авч явахад олон хүчин зүйл нөлөөлдөг болов уу.  Манай улсын  бизнесийн орчин хэр таатай вэ.  Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Монгол Улсад бизнес эрхлэгчид маань төрийн ямар ч дэмжлэггүйгээр яг л өөрсдийнхөө бор зүрхээр оршин тогтнож байна. Өөрсдөө гадаад орчинтойгоо харилцаж, тэндээсээ аливаа бизнесийн санааг олж, эх орондоо нутагшуулж, босгож  ирэх гэж ёстой зүтгэдэг хүмүүс.   Цаашид төрийн бодлого энэ хэвээрээ л байгаад байх уу. Ямар ч бизнес алсын хараатай эхэлдэг. Тэр нь 5-10 жил байх юм уу.  Бүр гэр бүлийн бизнес болгож үр хүүхдэдээ өвлүүлмээр байгаа юм уу. Энэ бүгдийг тодорхой болгож, бизнесийн алсын харааг тодорхойлоход төрийн бодлого чухал байна. Би өнгөрсөн хугацаанд Итали улсын бизнесийн орчныг нэлээд судалсан. Тэнд гэр бүлийн бизнес маш удаан оршин тогтнодог. Бүр 1800-аад оны үеийн бизнес одоо ч хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Хувцасны брэндүүд нь ч ялгаагүй. Дэлхийн олон орон энэ жишиг рүү явж, бизнесийн салбараа хөгжүүлж байна. Үүнд, төрийн засгийн зөв бодлого, бизнесийн таатай орчин нөлөөлж байна. Гэтэл өнөөдөр бид гааль, импортын татвар, НӨАТ гээд татварын дарамт дунд л явж байна. Үүнээс шалтгаалж олон бизнес дампуурч байна. Цаашлаад байгаа хэд нь хөгжиж, хөлжихгүй байна.  Ашигтай ажиллаж чадахгүй, тогтвортой байхыг хичээж тэсэж тэвчиж байгаа нь үнэн.  Тэгэхээр Монголд бизнесийн таатай орчин бүрдүүлэх, цаашид тогтвортой байлгахад төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай байна гэж би хардаг.  Мэдээж  Монгол Улсад бизнес эрхлэгч олон байж, тэд нар нь хөгжин дээшилж байж, Монгол Улс хөгжиж, баян улс болно шүү дээ.  Нөгөө талаар Монголд ажиллах хүчний асуудал дутагдалтай, асуудалтай байна.  Монгол хүний зан характер ч гэх юм уу хүндрэлтэй асуудал их байх юм.  Тогтвор суурьшилтай байж чадахгүй юм.  Жаахан ажлын шаардлага тавих төдийд алга болчихдог. Би өөрөө хариуцлагатай зарчимтай ажиллахыг хичээдэг учраас надтай хариуцлагатай зарчимтай л хүн хамтарч ажиллана шүү дээ. Үүнийг нөхөж ажиллах хүн ховор л байна. Цаашлаад бид хэрэглэгчдийнхээ таашаалд нийцүүлж ажиллах нь чухал. Хэрэглэгч байхгүй бол бид байхгүй. Би өөрөө хэрэглэгчдэдээ сэтгэл гаргах их дуртай. Ер нь аливаа бизнес сэтгэлгүйгээр явахгүй.  Хүнийг хайрлахгүйгээр, хүнд чин сэтгэлээсээ шударга хандахгүйгээр бизнес тогтвортой байна гэж байхгүй. Тэр чинээгээрээ өөрийгөө, компаниа төлөөлж байгаа хүмүүст бас өндөр шаардлага тавих гээд байдаг тал бий. 

-“Loriblu Mongolia” 10 жилийн ойн баяраа удахгүй тэмдэглэнэ. Брэндийн хувьд дараагийн шинэ хуудас нээгдэх нь гэж харж байна.  Та ирэх он жилүүдийг хэрхэн харж, төлөвлөж байна вэ?

-Дэлхийн нийт хэт их өсөлт хөгжил гэхээс илүү тогтвортой, минималист тал руугаа явж байна.  Гэхдээ мэдээж хөгжил дэвшлийг харж анхааралгүй яах вэ. Хэрэглэгчид бол хэрэглэгчид.  Эмэгтэй л хүн учраас гоё сайханд татагдаж, хэрэглэнэ.  Гоё сайхны эрэл хайгуул хэзээ ч зогсохгүй.  Харин үнийн тогтвортой байдал, чанарыг улам сайжруулж ажиллахыг хичээнэ.  Загварын хувьд цаг үетэйгээ нийцсэн өөрчлөлтүүдийг шуурхай хийнэ.  Би загварын тал дээр “Loriblu”-гийн удирдагч нартай уулзалтуудыг хийдэг.  Ингэхдээ монгол хүний онцлогийг байнга ярьж сануулж, загварын деталиудад ч шингээхийг хичээдэг.  Бие онцлогоос гадна монгол хүний зан характерын онцлогийг хүртэл тайлбарлаж, өнгө уусгалтаас эхлээд анхаардаг. Өсгий, ул, гутлын цахилгаан гээд бүх зүйлийг монгол хүнд зориулан бүтээдэг гээд бод доо.  Түүнээс биш өөр олон улсуудад салбартай алдартай брэнд шүү дээ.  Өөр улсын хэрэглэгчдэд тэгж ханддаггүй. “Loriblu” бол Монголын хэрэглэгчдэд асар хүндэтгэлтэй хандаж чаддаг брэнд.  Монголчууд арьсны дээдийг хэрэглэж чаддаг ард түмэн.  Үнэхээр гоё ганганыг өмсөж чаддаг хүмүүс гэдгийг өнгөрсөн хугацаанд ойлгуулж чадсан.  Найз нар маань дэлхийн улс орнуудад байгаа “Loriblu ”-гийн салбаруудад ороод ярьдаг л даа.  Үнэхээр “Loriblu Mongoliа” шиг гоё ганган загвар алга аа Лхамаа” гээд л.  Надад үнэхээр сайхан санагддаг.

-Монгол Улс дэлхийн хоёр том зах зээлийн дунд оршдог.   Иргэд маань асар олон сонголт дунд амьдарч байна. Мэдээж бүтээгдэхүүнийхээ давуу талуудыг өмнө нь та зөндөө тайлбарлалаа.  Гэхдээ яагаад “Loriblu” гэж.  Үүн дээр та нэг хариулт өгөөч?

-Хүн би өөрөө юу өмсөх үү, би өөрөө хэн бэ гэдгээ мэдэрч сонголтоо хийдэг. “Loriblu” бол би хэн бэ гэдгээ тодорхойлоод өөрийнхөө үнэ цэнийг мэдэрсэн хүмүүст зориулагдсан брэнд.  Би өөрөө үнэ цэнтэй, тийм учраас “Loriblu” өмсөх ёстой гэж манайхаас сонголтоо хийдэг хүмүүс бий.  Үүнд бүтээгдэхүүний тав тухтай байдал бас маш чухал.

-Бизнесийн салбарт дахь эмэгтэйчүүд улс төр ч юм уу аливаа салбарт хөрвөх чадвар сайтай байдаг л даа.  Танд ямар нэгэн хөдөлгөөн хийх бодол бий юу?

-Нийгмийн чиглэлд жаахан идэвхтэй байхаар хүмүүс янз бүрээс л боддог юм билээ.  “Чи улс төрд орох нь уу” гэж хэд хэдэн удаа асууж байсан. Миний байр суурь өөр л дөө.  Миний хийж чадах зүйл бол бизнес.  Ер нь хүн өөрийн чадах зүйлээ шударга, хариуцлагатай, сахилга баттай хийж байж урагшилна.  Түүнээс биш сэтгэлийн хөөрлөө дагаад үсчээд үсчээд явах нь гол биш л дээ.

 

LORIBLU Mongolia 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 215 (7459)

 

Аалзны тархины шинэ судалгаа Альцгеймерийн өвчний шалтгааныг олоход тусалжээ

Аалзны тархины мэдрэлийн доройтлын талаарх судалгаа нь ой санамжаа алдах Ал

1 цаг 35 мин
Гэрийн ажилд туслах Neo роботыг ирэх жилээс худалдаална

Норвеги болон Цахиурын хөндийд байрладаг 1Х компани гэрийн ажилд ту

1 цаг 36 мин
“Эрсдэлтэй гэнэтийн шийдвэр гаргасан ерөнхийлөгчийг огцруулахаар жагсаж байна”

Өмнөд Солонгост сүүлийн хэдэн арван жилд тохиолдсон хамгийн том улс төрийн хямралын үеэр

2 цаг 19 мин
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, говийн бүс нутагт усан хангамжийг сайжруулна

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, говийн бүс нутагт усан хангамжийг сайжруулна

5 цаг 50 мин
Сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлалын чиглэлд Саудын Арабтай хамтран ажиллана

Сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлалын чиглэлд Саудын Арабтай хамтран ажиллана

6 цаг 3 мин
Монгол Францын хамтын ажиллагааг эрчимжүүлэх томоохон төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ

Монгол Францын хамтын ажиллагааг эрчимжүүлэх томоохон төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ

6 цаг 15 мин
МИАТ ТӨХК: Сөүл чиглэлийн нислэгүүд хэвийн явагдахыг мэдэгдэж байна

МИАТ ТӨХК: Сөүл чиглэлийн нислэгүүд хэвийн явагдахыг мэдэгдэж байна

6 цаг 53 мин
ЭСЯ: Олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны ойр орчмоор зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

ЭСЯ: Олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны ойр орчмоор зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

6 цаг 59 мин
Юн Сүк Ёл: Төрийн эсрэг хүчнээс улсаа аврахын тулд онц байдал зарласан ч Үндэсний Ассамблейн шаардлагын дагуу цуцалж байна

Юн Сүк Ёл: Төрийн эсрэг хүчнээс улсаа аврахын тулд онц байдал зарласан ч Үндэсний Ассамблейн шаардлагын дагуу цуцалж байна

7 цаг 4 мин
Улсын төсвийг энэ сарын 10-ны дотор хэлэлцэж батална

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хуралдаж,  Төсвийн тухай хуульд нэмэлт

10 цаг 24 мин