Д.Энхлин: Ногоон зээлийг нэмэгдүүлэхэд бодлогын шинэ хөшүүрэг хэрэгтэй

2024-11-04
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Тогтвортой санхүүгийн /Тос/ холбооны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Энхлинг урьж, ярилцлаа.

 

Тогтвортой санхүүжилтийн тухай ойлголтыг банкнууд манлайлан, бусад салбарт дэлгэрүүлсэн

Блиц

Даваажавын Энхлин

Төрсөн газар: Төв аймаг, Зуун мод сум 

Боловсрол: 
2005 онд: Нисэх, Буянт ухаа, 7-р сургууль 
2013 онд: Эм Ай Ю олон улсын дээд сургууль, Олон улсын бизнесийн удирдлага
2018 онд: БНСУ-ын Хандоны их сургууль, Бизнесийн удирдлагын магистрийн хөтөлбөр
2023 онд: ХБНГУ-ын Франкфуртын их сургуулийн БОНЗ, Нөлөөллийн хөрөнгө орууллалтын эксперт бэлдэх сертификаттай хөтөлбөр

Ажилласан байдал: 
2024 оны 10 сар- Одоог хүртэл: ТоС Холбоо, Ерөнхий менежер бөгөөд Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч
2022-2024 оны 10 сар: ТоС Холбоо, БОНЗ-ын хэрэгжилт, Тайлагнал хариуцсан Ахлах менежер
2019-2022 онд: Монголын банкны холбоо, Төсөл, Хамтын ажиллагаа хариуцсан менежер
2018-2019 онд: ТоС Холбоо, Төсөл, Хамтын ажиллагаа хариуцсан менежер
2013-2015 онд: Хас банк, Олон улсын төлбөр тооцооны мэргэжилтэн 

Сонгуульт ажил: 
НҮБХХ-ийн дэргэдэх иргэний нийгмийн зөвлөлдөх хорооны гишүүн

-Арван жилийн өмнөөс тогтвортой, ногоон санхүүжилтийн талаар ярьж эхэлсэн. Тухайн үеийн  банкны удирдлагууд  алсаа харсан ирээдүйтэй санаачилга, шийдвэр гаргасан гэж хардаг. Тухайн үед олон улсын байгууллагаас манай дотоодын банкны удирдлагуудтай хөрөнгө оруулалтын хэлцэл хийхэд дотоодын банкнууд байгаль орчин, нийгэмд ээлтэй санхүүжилт олгох болон эдгээртэй холбоотой эрсдэлийн удирдлагыг нэвтрүүлэхийг зөвлөж байсан. Банкнууд энэ хандлагыг тэрхэн цаг үеийн асуудал биш алсдаа бүх төрлийн хөрөнгө оруулалт, санхүүжилт тогтвортой ногоон хөгжил рүү чиглэх юм байна гэдгийг мэдэрсэн хэрэг. Тиймээс бид улсаараа энэ чиглэл рүү хандах хэрэгтэй. Учир нь агаар, хөрс, усны бохирдол мөн хоол хүнс, хөдөө аж ахуй гэх зэргээр салбар бүрд  хязгаарлагдмал нөөцийн хомсдол үүснэ. Энэ бүх  хязгаарлагдмал нөөцийг зөв зохистой ашиглаж, ирээдүй хойч үедээ уламжлуулан үлдээхэд Тогтвортой санхүүжилт (ТоС) чухал гэдгийг банкныхан мэдэрч өнөөдрийн түвшинд хүргэсэн. Аливаа төсөл хөтөлбөр хэрэгжихэд ард нь мөнгөн урсгал, зардал, санхүүжилт яригддаг. Мөнгөн урсгал нь  ялангуяа том  төсөл хөтөлбөрийг эхлүүлэх үү, зогсоох уу, эсвэл ямар нэгэн шаардлага биелүүлсний дараа урагшлуулах уу гэдгийг шийдвэрлэх, хянах чухал хэрэгсэл. Өөрөөр хэлбэл, аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжилтээр нь хянаж болно. Энэ ч үүднээс  Монгол Улсын санхүүгийн салбарын 95 орчим хувийг бүрдүүлдэг  банкны салбар том үүрэгтэй байх юм байна гэдэг алсын хараагаар Тогтвортой санхүүжилт буюу “ТоС” хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн. Тухайн үед банкны 13 гүйцэтгэх захирал сайн дураараа ТоС-ийн санаачилгад нэгдэж, гарын үсгээ зурсан байдаг. Энэ нь цаашид дэлхий даяар ногоон санхүүжилтийн давлагаа өрнөх нь ойлгомжтой гэсэн алсыг харсан мэдрэмжтэй үйлдэл байжээ гэж бид хардаг.

 

Монгол Улсад тогтвортой, ногоон ирээдүйг бий болгоход ТоС-ийн экосистем чухал

 

-Тогтвортой санхүүжилтийн талаарх ойлголт, байгаль орчин, нийгэм засаглалын  эрсдэлийг үнэлэх, бууруулах чиглэлээр банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээл, санхүүжилтийн мэргэжилтэн,  бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг зэрэг бүх шатны ажилтнуудад сургалтуудыг жил бүр үе шаттайгаар зохион байгуулж нийт 25 мянган гаруй хүнийг хамруулсан. Улмаар тэд байгаль орчин, нийгэм, засаглалын менежмент, удирдлагыг байгууллагадаа бий болгож, хэрэгжилтийг улам сайжруулах чиглэлд ажиллаж байна.

Өнөөдөр аль ч банкны 50 болон 100 сая төгрөгөөс дээш дүнтэй бүх төрлийн зээлүүдэд байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийн үнэлгээг цогц байдлаар мөн ТоС Холбооны гишүүн ББСБ-ууд бизнесийн зээлд энэ үнэлгээг хийдэг болсон. Ямар ч банкны зээлийн хороо тухайн зээлийн санхүүжилтийг шийдвэрлэх нэг чухал үзүүлэлт нь энэхүү эрсдэлийн үнэлгээ. Эдгээр ажлуудыг бид хамтдаа олон улсын байгууллагууд, дотоодын зохицуулагч байгууллагуудын дэмжлэгтэйгээр хийсэн. Эхний таван жилд банкнуудынхаа чадавхийг бэхжүүлэх тогтвортой санхүүжилтийн талаарх ойлголт, хэрэгжилтэд нэлээн анхаарч ажилласан. Дараа нь 2017-2018 онд банкны салбараас хальж бүх санхүүгийн байгууллагуудад нэвтрүүлэх ажлыг  ТоС холбоогоор дамжуулан эхлүүлсэн. ТоС Холбоонд ББСБ, бичил санхүүгийн байгууллага, даатгал, Монголын ипотекийн корпорац, Хөгжлийн банк, Зээлийн батлан даалтын сан зэрэг 56 гишүүн байгууллагыг нэгтгээд байна.

Сүүлийн үед бизнесийн байгууллагууд нэлээн сонирхож манай холбоонд элсэж байна. Тэд байгалийн нөөцийг үнэ төлбөргүй ашиглаж байгаагийн хэрээр буцаагаад нөөцөө хэмнэх болон хэрэглээ, үйл ажиллагаанаас үүдэх нөлөөллийг ил тод тайлагнах бизнесийн шинэ зарчим руу шилжих олон улсын трэндтэй нийцүүлэн явахаа ойлгож сайн дураараа манай холбоонд нэгдэж байна. Чадавх бэхжүүлэх ажлын зэрэгцээ  төрөл бүрийн ногоон зээл олголттой холбоотой олон техникийн сургалтын багцуудыг  ОУ-ын байгууллагуудын дэмжлэгтэй бий болгож гишүүддээ хүргэж байна. Ингэснээр “ТоС” ногоон санхүүжилт, гэр бүл, жендерийн мэдрэмжтэй санхүүжилт, ил тод тайлагнал болон тэдгээртэй холбоотой бүх төрлийн гарын авлага, удирдамж, аргачлал гэх зэргээр  олон улсын зарчимд нийцүүлэн ТоС-ийг нэвтрүүлж ажиллахыг бүх  дотоод, гадаадын  байгууллага бүр Засгийн газрын түвшинд хэрэгжүүлэх хөтөлбөр болгож байгаад сайшаалтай, урамтай байдаг. Хэдийгээр манай “ТоС” холбоо байгуулагдаад 5-6 жил болсон залуу холбоо ч  гэсэн үүний цаана олон зуун хүний сэтгэл, зүтгэлийн ачаар өнөөдөр бүс нутаг, ОУ-ын түвшинд “ахисан” түвшинд “ТоС”-ийг хэрэгжүүлдэг хэмээн үнэлэгдэж  байна.Зөвхөн олон улсын байгууллагын шаардлагыг хангахдаа биш ирээдүй болсон үр хүүхэд, залуу хойч үеийнхээ төлөө энэ бүх ажлыг мэргэжлийн түвшинд түүчээлдэг. Бидэнд цаашид “ТоС”-ийн хэрэгжилтийг хурдасгаж, үндэсний хэмжээнд экосистемийг бэхжүүлэхэд хийж бүтээх олон ажил, томоохон даваа бий. ТоС Холбоонд бүрдэж буй экспертээ, туршлагыг улам гүнзгийрүүлж, бидний ажлыг дэмжиж ойлгодог бүх оролцогч талуудын нээлттэй, ил тод, эрүүл, зөв харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлснээр зорилгодоо хүрч чадна гэж итгэдэг.

 

Монгол Улс “Ногоон таксономи” буюу ногоон үйл ажиллагааны ангиллаа баталсан дэлхийн хоёр дахь орон

-Ногоон санхүүжилт, ногоон зээл гэж  ямар үйл ажиллагааг хэлдэг юм бэ гэсэн тодорхойлолт зайлшгүй байх шаардлагатай болсон.Энэ ажлын хүрээнд 2018 онд Монгол Улсын анхны “Ногоон таксономи” буюу ногоон эдийн засгийн үйл ажиллагааны ан­гил­лыг БНХАУ-ын Цинхуа их сургуу­лийн мэргэжлийн багтай хамтран боловс­руулсан. Тодруулбал, ямар эдийн засгийн үйл ажиллагааг  ногоон шалгуур хан­гасан ногоон зээл болон хөрөнгө оруу­лалт хийх боломжтой  үйл ажиллагаа гэж үзэх вэ гэсэн тодорхой ойлголт юм. Энэ  маш чухал амжилт,  дэвшил, хурдасгуур байсан бөгөөд бид ногоон үйл ажиллагаагаа тодорхойлсон баримт бичгийг анх баталсан  дэлхийн хоёрдогч улс болсон. Тэр үед зөвхөн БНХАУ “Тогтвортой санхүүгийн таксономи”  ангилалтай орон байв. Тэгвэл бидний араас өнөөдөр 40 гаруй орон өөрсдийн ногоон шалгуур, “Ногоон, тогтвортой санхүүгийн таксономи”ангиллаа  ба­тал­жээ. Энэ ангиллын бичиг баримт онцлогтой. Нэг  батлаад өнгөрдөггүй. Жил бүр салбар салбарын мэргэжлийн экспертүүдээс бүрдсэн техникийн баг, зөвлөл тогтмол хянаж байх шаард­лагатай. Учир нь  2018 онд зарим үйл ажиллагааг ногоон гэж үзэж байсан бол өнөөдөр уг үйл ажиллагааг илүү задлах, үйл ажиллагааны суурь шалгуурыг тодорхой болгох шаардлага үүсэж болно. Шал­гуур үзүүлэлтүүд нь илүү нарийсах, шинэчлэгдэх боломжтой гэсэн үг. Зарим тохиолдолд эдийн засгийн шинэ үйл ажиллагааг  ангилалд оруулах хэрэгцээ ч үүсэж болно. “Ногоон таксономи”  батлагдсанаас хойш бид салбар бүрийн экспертүүдтэй хамтарч ажиллаж байна. “Ногоон таксономи” батлагдсаны үр дүнд Монгол банк, Санхүүгийн зохи­цуу­лах хороо 2021 оноос эхлэн ногоон зээ­лийн тайлан мэдээг бүх банк, ББСБ -аас жил, улирал бүр авч эхэлсэн. Тай­лан­гуудын нэгтгэлийг улирал бүр гаргадаг.

 

2030 он гэхэд ногоон зээл олголтыг 10 хувьд хүргэх зорилготой

 

-Өнөөдөр ногоон зээлийн түвшин банкны салбарт 3.2 хувь, ББСБ-д 4.0 хувь орчим хэлбэлзэж байна. Тогтвортой санхүүжилтийн замын зураг буюу 2030 он хүртэл Парисын хэлэлцээрийн хүрээнд тавьсан Монгол Улсын зорилтуудыг биелүүлэхэд санхүүгийн салбараас авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд бид тоон үзүүлэлтээр банкны салбарын ногоон зээлийн хэмжээг 10 хувьд, ББСБ-д 5.0 хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ зорилтод хүрэхийн тулд ногоон төслүүд, бүтээгдэхүүнийг бойжуулах хэрэгцээ үүсдэг. Манай холбооны анхаардаг том ажлын нэг нь энэ. Цаашлаад, санхүүгийн байгууллагын харилцагчдыг сургах, мэдлэгжүүлэх, ногоон зээл санхүүжилтийн боломжийг таниулах нь чухал байна. Иймд, ногоон зээлийг идэвхжүүлэх, нэмэгдүүлэхэд бодлогын хөшүүрэг чухал хэвээр байна. Бусад улсууд ч үүн рүү чиглэж байна. Засгийн газар, зохицуулагч байгууллагуудын оролцоотой хийхээс өөр аргагүй. Жишээлбэл, ноолуурын бизнес эрхэлдэг нэгэнд бэлтгэн нийлүүлэгчдээсээ  түүхий эд, бараа материалаа авах ч юм уу, эргэлтийн хөрөнгө, төрөл бүрийн  санхүүжилт хэрэгтэй боллоо гэхэд ногоон зээлээр шийдвэрлэх боломжтой. Мэдээж банк, санхүүгийн байгууллага  энгийн зээлийн зарчмаар тухайн төслийн зээлийг судалж, үнэлнэ. Харин ногоон зээлд хамрагдах боломжтой төслийн хувьд арай илүү шалгуур, нэмэлт процесс үүснэ. Банк, санхүүгийн байгууллага аль болох ногоон байх шалгууруудыг хангуулахын тулд харилцагчтай тохирно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, танаас ногоон, байгаль орчны үр нөлөөний тайланг (Хүлэмжийн хийн ялгарал тооцохтой холбоотой мэдээлэл г.м) улирал бүр эсвэл хагас жилд нэг удаа гэх мэт тодорхой хугацаанд хүлээн авах, газар дээрх хяналт шалгалтыг хийнэ. Эргээд энэ төсөл, үйл ажиллагаа дууссаны дараа байгаль орчин, нийгэм, уур амьсгалын үр нөлөөг тооцно. Үүнийг харилцагчтай зөвшилцөх, чиглүүлэх замаар хамтран гүйцэтгэнэ. Ийм л энгийн үйл явцтай. Түүнээс биш банкнууд ойлгомжгүй нарийн зүйлийг шаарддаггүй. Харилцагчаасаа бүх мэдээллийг авч аль болох чирэгдэлгүй байхыг л зорьж байгаа. Энгийн зээлтэй харьцуулахад ногоон зээл арай бага хүүтэй байгаа, үүнийг банк, санхүүгийн байгууллагууд өөрсдийн эх үүсвэрийн онцлог, боломжид тулгуурлан санал болгож байна. Үүнийг төр бодлогоор зохицуулж дэмжих нь чухал байна. Банкнуудын хувьд ОУ-аас ногоон эх үүсвэрийг ямар өртөгтэй оруулж ирж байгаагаас хүүний хэмжээ тогтох суурь нөхцөл бий болно. Гэвч банкнууд харилцагчдадаа таатай нөхцөл санал болгохын тулд өөрсдийн ашгийн маржинаа бууруулах зэргээр аль болох энгийн зээлийн хүүгээс бага байлгахыг эрмэлзэж буй нь харагддаг. Банкнууд мэдээж бусад улсын банк санхүүгийн байгууллагаас мөн л ногоон хөрөнгө оруулалтын шалгуурыг хангаж байж эх үүсвэр татаж байгаа.Тэр хэрээр эргүүлээд төрөл бүрийн баталгаажуулалт, тайлангаа тавина.Тэгэхээр энэ өөрөө маш өндөр хариуцлагатай санхүүжилтийн тогтолцоо юм. Хөрөнгө оруулагчдын олгосон эх үүсвэрээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход нөлөө үзүүлэхүйц төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлсэн үү гэдгээ тайлагнадаг учраас ногоон зээл, санхүүжилт олгох, олгосны дараа хяналт хийж, ногоон үр нөлөөг баталгаажуулах эдгээр үйл явц нь хүний нөөц, чадавх, техникийн шаардлага хангуулах гээд зардал их олон шаттай байдаг. Ганц манайд ч биш бусад оронд ч энэ ижил байх. Ногоон зээлийн мөн чанарыг ойлгож санхүүгийн байгууллагатай бүх түвшинд хамтран ажилладаг том болон жижиг дунд бизнес олон болж байна, ногоон зээлд хамрагдан тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийснээр эдийн засгийн үр өгөөж, эрчим хүчний зардал хэрхэн бодитоор хэмнэгдэж буй туршлагаас бусдадаа хуваалцаж байна.

 

Урамшуулал, татаастай хөтөлбөрийг ногоон санхүүжилтийн зарчимд нийцүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй 

 

-Засгийн газраас бодлогын олон хөшүүрэг дээр анхаарал хандуулмаар байна. Манайхаас ч эдгээр боломжийн талаар гишүүдээ төлөөлөн олон санал өгдөг. Тухайлбал, хөдөө аж ахуй, газар тариаланчид, малчдад хандсан татаастай хөтөлбөр болох “Шинэ хоршоо”, “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” зэрэг хөтөлбөрийг ногоон шалгууртай болгох  боломжтой. Эдгээр хөтөлбөрүүдэд багтдаг ихэнх эдийн засгийн үйл ажиллагаа “Ногоон таксономи” -д уялддаг. Ногоон шалгуур тавихын зэрэгцээ урамшуулал заавал байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, татаастай хөтөлбөрт хамрагдаж буй малчин байлаа гэж бодоход ногоон шалгуур хангаж байвал энгийн хөтөлбөрийн зээлийн хүүгээс 1-2 нэгж хувиар бага хүүтэй авах нөхцөлийг бий болговол ногоон зээл санхүүжилтээр дамжуулан илүү олон төсөл, үйл ажиллагааг байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бууруулах чиглэлд хариуцлагажуулж, салбар салбарт ногоон шилжилтийг санхүүгээр дамжуулан урагшлуулах чухал бодлогын дэмжлэг байх болов уу гэж хардаг. Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд ногоон шилжилтийг хурдасгах чиглэлийн томоохон ажлууд орсон. Тэгэхээр ирэх жилүүдэд ногоон, тогтвортой санхүүжилтийг Засгийн түвшинд бодитоор дэмжиж ажиллах нь гэсэн эерэг хүлээлттэй байна даа.

 

Бидний сэтгэлгээ, эрэлт ногоон бизнесийг хөгжүүлэх хөшүүрэг нь болно

 

-Он тооллын хуудас 2030 оныг заахад зургаан жил үлдэж. Өнөөдөр 18 настай хүүхэд зургаан жилийн дараа 24 настай ид хийж бүтээх насан дээрээ ирнэ. Тэгвэл бид тэдэнд ямар нийгэм үлдээх үү гэдэг өнөөдөр бидний хийж буй сонголт, шийдвэрээс шалтгаалж буй. Бидний өмнөх үеийнхэн бидэнд ямар нийгэм үлдээсэн билээ.Зарим алдааг давтах уу. Тэгэхээр нэг ч болов барилга, байгууламж зөв төлөвлөлтэй баригддаг болоосой. Голын ай сав, байгалийн томоохон нөөц хамгаалагдаж байгалийн төрхөөрөө үлдээсэй. Хамгаалагдахгүй, ашиглагдаж байгаа газрыг нөхөн сэргээгээд дахин ашиглах болон хог хаягдлаа зөв зохистой ангилж ялган дахин боловсруулж, тойрог эдийн засгийн загвар руу шилжээсэй.  Хувь хүмүүс бидний хэрэглээ эко, ногоон болоосой. Аль болох ногоон шошготой бүтээгдэхүүн авахыг зорьдог болоосой. Мөн энэ сонголтыг нь урамшуулах шинэ инновацлаг үйлчилгээ бий болоосой. Харилцагч бидний худалдан авах сэтгэлгээ  эрэлтийг бий болгож улмаар ногоон  бизнесийг дэмжих хөшүүрэг нь болно гэсэн үг. Тэгэхээр  хувь хүмүүс, хүүхдүүдэд тогтвортой ногоон санхүүжилтийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх нь чухал болж байна. Парисын хэлэлцээрт Монгол Улс хүлэмжийн хийг 22.7 хувиар бууруулна гэж амалсан. Энэ зорилтод хүрэхэд санхүүгийн байгууллага ямар ажил хийх вэ гэдэг үндэсний Тогтвортой санхүүжилтийн замын зураг бодлогын баримт бичгийг 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон бүс нутгийн чуулганаар баталсан. Энэ бол тунхаг төдий бичиг баримт биш юм. Маш тодорхой, хугацаатай ажлын төлөвлөгөөг баталсан. Үндэсний замын зурагт орсон ажлуудаа эргээд үнэлэхэд 30-40 хувийн өндөр биелэлттэй явж байна. Цаашид салбар яамдтай хамтрах Засгийн газрын өргөн хүрээнд хийх ажлуудыг эхлүүлэх хэрэгтэй байна.

Энэ арвандүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд жил бүр уламжлал бол­гон зохион байгуулдаг Тогтвортой санхүүгийн форум, хэлэлцүүлэг, сургалт ворк­шопууд Ерөнхийлөгчийн ивээл дор бүх түвш­ний бодлогын байгууллагууд, ОУ-ын донор байгууллагуудын дэмж­­лэг­тэй зохион байгуулагдах гэж байна.”ТоС” холбооноос бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Жил бүрийн энэхүү томоохон хэлэлцүүлэг, арга хэмжээг ТоС Холбоог тухайн жил манлайлан удирдаж буй “ТоС” манлай байгууллагатай хамтран зохион байгуулдаг. Энэ жи­лийн манлай байгууллага болох Хаан­банкны ногоон санхүүжилтийн хэлтэс, Тогтвортой хөгжлийн газрын чадварлаг багийнхантай хамтран энэ жилийн форумаар томоохон бодлогын нөлөөллийн ажлуудыг урагшлуулахаар зорьж байна. Удахгүй болох “ТоС” форумаар хөдөө аж ахуй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууц, ногоон санхүүжилт, ногоон зээлийн бодлогын хөшүүрэг гэсэн гурван чиглэлд төвлөрөн тодорхой үр дүн шийдлүүдийг гаргахаар ажиллаж байна. Компани, бизнесийн төлөөллүүд маань “ТоС” форумд орол­цон, ногоон шилжилтэд нийтээр хэрхэн оролцох хувь нэмрээ оруулах талаар мэ­дээ­лэлтэй байхыг энэ дашрамд уриалж байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 213 (7457)

Аалзны тархины шинэ судалгаа Альцгеймерийн өвчний шалтгааныг олоход тусалжээ

Аалзны тархины мэдрэлийн доройтлын талаарх судалгаа нь ой санамжаа алдах Ал

2 цаг 59 мин
Гэрийн ажилд туслах Neo роботыг ирэх жилээс худалдаална

Норвеги болон Цахиурын хөндийд байрладаг 1Х компани гэрийн ажилд ту

3 цаг 0 мин
“Эрсдэлтэй гэнэтийн шийдвэр гаргасан ерөнхийлөгчийг огцруулахаар жагсаж байна”

Өмнөд Солонгост сүүлийн хэдэн арван жилд тохиолдсон хамгийн том улс төрийн хямралын үеэр

3 цаг 43 мин
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, говийн бүс нутагт усан хангамжийг сайжруулна

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, говийн бүс нутагт усан хангамжийг сайжруулна

7 цаг 14 мин
Сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлалын чиглэлд Саудын Арабтай хамтран ажиллана

Сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлалын чиглэлд Саудын Арабтай хамтран ажиллана

7 цаг 27 мин
Монгол Францын хамтын ажиллагааг эрчимжүүлэх томоохон төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ

Монгол Францын хамтын ажиллагааг эрчимжүүлэх томоохон төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ

7 цаг 39 мин
МИАТ ТӨХК: Сөүл чиглэлийн нислэгүүд хэвийн явагдахыг мэдэгдэж байна

МИАТ ТӨХК: Сөүл чиглэлийн нислэгүүд хэвийн явагдахыг мэдэгдэж байна

8 цаг 17 мин
ЭСЯ: Олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны ойр орчмоор зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

ЭСЯ: Олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны ойр орчмоор зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

8 цаг 23 мин
Юн Сүк Ёл: Төрийн эсрэг хүчнээс улсаа аврахын тулд онц байдал зарласан ч Үндэсний Ассамблейн шаардлагын дагуу цуцалж байна

Юн Сүк Ёл: Төрийн эсрэг хүчнээс улсаа аврахын тулд онц байдал зарласан ч Үндэсний Ассамблейн шаардлагын дагуу цуцалж байна

8 цаг 28 мин
Улсын төсвийг энэ сарын 10-ны дотор хэлэлцэж батална

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хуралдаж,  Төсвийн тухай хуульд нэмэлт

11 цаг 48 мин