Г.Ганцогт: Дайны сэдэвтэй дуу дуулахад яг л халуун цэгт нь очсон мэт  мэдрэмж төрдөг

2024-11-01
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” булангийнхаа дугаарын зочноор ЦДБЭЧ-ын гоцлол дуучин Г.Ганцогтыг урилаа. Тэрээр энэ сарын 24-нд “Зүүдний мөнгөн өглөө” бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэлдээ оржээ.

-“Зүүдний мөнгөн өглөө” тоглолт болоход цөөхөн хоног үлджээ. Энэ удаагийн тоглолт таны хэддэх удаагийн уран бүтээлийн тайлан бэ. Тоглолтын гол онцлогийн тухай та яриач?

-“Зүүдний мөнгөн өглөө” миний анхны бие даасан тоглолт. Энэ удаагийн тоглолтдоо цэрэг, эх орны сэдвээс гадна нутаг ус, аав ээж, хайр сэтгэлийн дуунуудыг нэг дор дуулахаараа онцлог юм болов уу.

-Тоглолтдоо зориуллж шинэ уран бүтээл хийсэн үү. Хийсэн бол тухайн дууныхаа тухай та онцлооч?

-Миний тоглолтоо нэрлэсэн “Зүүдний мөнгөн өглөө” дууны клипний ажил дууслаа. Үүнээс гадна “Тавилан нэгтэй амраг” гээд дуэт дуугаа өлгийдөж аваад удаагүй байна. Өмнө нь дуулсан “Хайрын цагаан сондор” гээд гайхалтай уран бүтээл минь бий. Надаас гадна тоглолтод нутгийн уран бүтээлчдээс гадна гавьяат жүжигчин О.Хүрэлбаатар Батбаатар, Б.Гомбо-очир гээд  авьяаслаг уран бүтээлчид ирж, ая дуугаа өргөнө гэдгийг дуулгахад таатай байна.

-Тоглолтын бэлтгэл хэдэн хувьтай хангагдаж байна. Таны хувьд сонсогчидтойгоо уулзана гэхээр хэр догдолж байгаа вэ?

-Мэдээж анхны уран бүтээлийн тоглолт гэдэг утгаараа догдлол их байна. Мөн ирж буй үзэгчиддээ чанартай, сайн уран бүтээл хүргэх юм сан гэсэн хүсэлтэй. Тиймээс илүү хариуцлагатай хандаж, бэлтгэлээ базааж байгаа. Одоогоор тоглолтын бэлтгэл 30-40 хувийн хангалттай урагшилж байна.

-Та 1999 оноос хойш ЦДБЭЧ-д ажиллаж байна. Анх яагаад энэхүү байгууллагад орсон тухайгаа хуваалцаач?

-Анх 1999 онд буюу Бүх цэргийн дуу бүжгийн чуулга гэж байхад нь би энэхүү урлагийн байгууллагад орж байлаа. Би багаасаа цэргийн хүн болох хүсэлтэй байсан. Ингээд хүүхэд насныхаа энэхүү мөрөөдлийг биелүүлж, энэ л амьдралаар амьдрах хүсэлдээ хөтлөгдөөд анх хаалгыг нь татсан түүхтэй.

-Таныг анх ороход ямар уран бүтээлчид угтаж, юу гэж зааж зөвлөдөг байв?

-Намайг анх Монгол Улсын гавьяат жүжигчин Нандинцэцэг багш минь угтаж авсан. Харин манай найрал дууны ангид “Жаран хар”-д байсан мундаг уран бүтээлчид дуулдаг байлаа. Жишээлбэл, Галсанцэдэн, Хишигбаяр, Алтангэрэл, Дорждэрэм гээд ах нартайгаа ажиллаж байжээ. Одоо эргээд болоход би Монголын мэргэжлийн хөгжмийн түүхийг бүтээж явсан эдгээр хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж байсан ямар азтай, хувьтай юм бэ гэж бодогддог юм. 

-Та дуурийн дуулаачийн ангийг төгссөн юм билээ. Яагаад театрт орж ажиллаагүй юм бол?

-Би ЦДБЭЧ-д дуучин байхдаа буюу 2004 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид суралцсан. Анхнаасаа л энэхүү чуулгадаа ажиллаж байсан учир өөр мэргэжлийн урлагийн байгууллагад оръё гэсэн бодол төрөөгүй. Өнөөдрийг хүртэл энэхүү сайхан хамт олонтойгоо ажиллаж байгаадаа үргэлж талархдаг.

-Анх дуурийн дуучнаар сурчихаад цэргийн хэмнэлтэй дуу дуулахад хэр бэрхшээлтэй тулгарч байв?

-Дуурь болон цэргийн дуу мэдээж хоорондоо асар ялгаатай. Миний хувьд хэдийгээр дуурийн дуулаач гэсэн мэргэжлийг эзэмшсэн боловч анхнаасаа л цэрэг, эх орны сэдэвтэй дуу дуулсан учир энэхүү сэдэв илүү дотно, сайхан санагддаг болжээ.

-Цэргийн дуучин хүний бусад дуучдаас ялгарах онцлог нь юу вэ?

-Цэргийн хүн аливаад их зарчимч байдаг шүү дээ. Уран бүтээлч бидний хувьд ч ялгаагүй хариуцлагатай, шударга байхыг эрхэмлэдэг. Хөдөө гадаа хаана ч явсан цэрэг, эх орныхоо дууг дуулаад явж байхад хүмүүс их сайхан хүлээж авдаг. Энэ төрлийн дуу чинь цаанаасаа л цоглог, жавхаалаг байдагтай холбоотой болов уу.  

-Цэрэг, эх орны сэдэвтэй дуу дуулахад танд ямар омогшил төрдөг вэ?

-Би цэргийн дуучин гэдгээрээ үргэлж омогшдог. Ялангуяа чуулгаараа бахархах мэдрэмж төрдөг. Цэрэг, эх орны сэдэвтэй дууг дуулж, чуулгынхаа нэрээр овоглуулахын тулд би энэ байгууллагад ажиллаж байна. Энэ сэдвийн дуунууд ч дуучныг өөрийн эрхгүй огшоодог. Ялангуяа дайны тухай дуунуудыг дуулахад үнэхээр дайны халуун цэгт очсон мэт бодит мэдрэмж төрдөг нь гайхалтай.    

-Энэ сэдвийн дууг ямар үед дуулахад илүү гайхалтай мэдрэмж авдаг бол?

-Цэргийн баяр болоод Ялалтын баяраар дуулахад илүү бахархалтай мэдрэмж төрдөг. Ялангуяа хүндэтгэлийн ойг тэмдэглээд, тайзан дээр дуулах мөч л үгээр хэлэхийн аргагүй сайхан санагддаг юм. 

-Та тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойгоор “Чингис хаан” рок дуурийн Зэлмийн дүрд дуулж байжээ. Энэ саналыг танд хэн тавьж байв?

-Анх энэ дүрд н.Зоригтбаатар гээд ах маань дуулж байсан. Ахынхаа залгамж халаа болж би дуулсан. Зэлмэ гэж тэрхүү баатрын дүрийг гаргахын тулд найруулагчтайгаа их сайн ойлголцохыг хичээсэн. Зөвхөн дуулахаас гадна дүрийн мөн чанарыг илэрхийлэхийг хүссэн. 

-Дуурийн дуучин хүн дуулахаас гадна жүжиглэдэг онцлогтой. Энэ дүрийг бүтээхдээ та юунд анхаарч, голлож ажилласан бэ?

-Зэлмэ гэдэг баатрын ааш болоод Чингис хаанд хандаж хэлж буй дууны үгэнд түлхүү, голлож ажилласан. Дуурийн дуучин хүн тайзан дээр гарч тоглохдоо нэг ёсны этюд хийдэг шүү дээ. Гэхдээ үзэгчдэд дүрээ илүү ойлгуулахын тулд түүнийгээ чин сэтгэлээсээ мэдэрч, хийх нь чухал юм билээ.

-Дахиад дуурийн гол дүрд дуулаач гэсэн санал ирвэл та хүлээж авах уу?

-Хэрэв дахиад санал ирвэл татгалзах асуудал байхгүй. Гэхдээ эхлээд ямар дүр байна, миний хоолойн онцлогт тохирох уу гэдэг нь их чухал. 

-Та энхийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. Энэ тухайгаа яриач. Таныг очиход ямар нөхцөл байдал угтаж авсан бэ?

-Би 2019-2020 оны хооронд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед Монголоос очиход цаг уурын эрс тэс уур амьсгал хүлээж авсан. Онгоцноос буухад их чийглэг, амьсгал авахад жаахан хүндхэн санагдаж байлаа. Гэхдээ хүн амьдарч буй газраа удалгүй дасдаг юм билээ. Ингээд 850 гаруй хүнтэй хамт үүргээ амжилттай гүйцэтгэсэн. 

-Ямар орны энхийг сахиулагчидтай үүрэг гүйцэтгэж байв?

-Би 17 орны 12 мянга гаруй цэргийн алба хаагчтай хамт байсан. Түүн дотор Филлипин, Ганг, Энэтхэг, Япон гээд орон орны залуус бий. Бид үүргээ хамтдаа гүйцэтгэж, энхийг сахиулж, нэгэн сайхан түүхийг бүтээсэн гэж боддог.  

-Суданд байх хугацаанд таны өдөр тутамдаа хийдэг гол ажил, үүрэг юу байв?

Өөрийнхөө мэргэжлийн дагуу цэргийн баяр, цагаан сар, төрсөн өдрийн баяраар нь ая дуугаа өргөж байлаа. Мөн уламжлалт баяруудаар концертынх нь найруулга дээр бусад улсын энхийг сахиулагч нартайгаа санал бодлоо солилцож, хамтарч ажилладаг байсан.

-Энхийг сахиулна гэдэг амь насаараа дэнчин тавьсан хэрэг. Тухайн үед эмээх, шантрах үе тохиож байв уу?

-Олон сайхан аавын хөвгүүдтэй хамт байсан болохоор шантрах асуудал байсангүй. Тухайн үед дарга нарынхаа өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээд явахад ямар ч асуудал гардаггүй байлаа. Мөн цэрэг хүнийхээ хувьд олон улсын үйл ажиллагаанд эх орноо төлөөлж, энхийг сахиулна гэдэг бахархам шүү дээ.

-Үүргээ амжилттай биелүүлээд эх орондоо ирэхэд ямар мэдрэмж төрж байв?

-Үүргээ гүйцэтгээд эх орондоо ирэх үе үгээр хэлэхийн аргагүй сайхан мөч байсан. Онгоц газардах дөхөхөд өөрийн эрхгүй нулимс урссан. Онгоцны хаалга онгойгоод шатаар доошоо буухад үлээвэр найрал хөгжим эгшиглэхийг сонсоод монгол эр хүн тэр дундаа цэргийн албан хаагч болсноороо бахархаж, омогшиж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 212 (7456)

 

Дуучиндаа урлагын өндөр амжилт хүсэн ерөөе. Таныг урлагын тэнгэр Янжинлхам бурхан үргэлж ивээж байх болтугай. Удахгүй болох анхны бие даасан тоглолтонд нь амжилт хүсье!
amjilt husye
Улс орны удирдагчид АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид баяр хүргэж байна

Европын Зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель АНУ-ын сонгуульд ялалт байгуу

2 цаг 13 мин
Б.Мандуул: Ардчилал 200 жил хөгжсөн АНУ-ын сонгуулиас суралцах зүйл их байна

“Ondo”-ийн гүйцэтгэх захирал Б.Мандуул АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуул

3 цаг 35 мин
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарахад хэдхэн цаг үлдээд байна

АНУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан сонгууль ажиглах өдөрлөгийн үеэр “

4 цаг 51 мин
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн тодорхой болж БНН-аас нэр дэвшигч  Дональд Трамп тэргүүлсээр байна

АНУ-ын Монгол дахь элчин сайдын яамнаас зохион байгуулсан сонгууль өдөрлөгийн үеэр зарим оролцогчдыг сэтгэгдлийн хуваалцсанаа хүргэе.

4 цаг 55 мин
М.Алтан-Очир, С.Энхбаатар нар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэрээ дэвшүүлжээ

М.Алтан-Очир, С.Энхбаатар нар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэрээ дэвшүүлжээ

6 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах өдөрлөгт оролцсон Монголчууд “саналаа өгөв”

АНУ-д  47 дахь ерөнхийлөгчөө сонгох сонгууль ид явагдаж байна.

7 цаг 49 мин
Ногоон автобусны шүүх хурал дахин хойшиллоо

Ногоон автобусны шүүх хурал дахин хойшиллоо

8 цаг 38 мин
Яагаад арваннэгдүгээр сарын 5 гэж?

Яагаад арваннэгдүгээр сарын 5 гэж?

12 цаг 25 мин
FT: АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй сонгууль боллоо

FT: АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль түүхэн дэххамгийн өндөр өртөгтэй сонгууль боллоо

12 цаг 27 мин
Өвлийн ЭЕШ-ын бүртгэл хаагдахад дөрөв хоног үлдлээ

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн мэдлэг, чадварын т

16 цаг 30 мин