Дмитрий Чернов: Мотоциклтой акробатын ховор үзүүлбэр багтсан

2024-10-07
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

П.ЛХАГВАЖАРГАЛ

 

Үүдээр нь орох төдийд эрч хүч, инээд хөөр цацруулж, сэтгэлд гэрэл гэгээ, өнгө нэмж байдаг газар бол цирк билээ. “Зууны мэдээ” сонины сурвалжлах баг өнгөрсөн амралтын өдрөөр буюу аравдугаар сарын 5-наас үзэгчдийн хүртээл болсон “Дэлхийн цирк Монголд” олон улсын циркийн бэлтгэлээр зочиллоо. Эрч хүч, урам зориг, гэнэтийн тэсрэлт шингэсэн үгээр хэлэхийн аргагүй үзүүлбэрүүд  тод гэрэл, хүчирхэг хөгжимтэй  тайзны голд хараа булааж байв.

Дэлхийд алдартай, дахин давтагдашгүй үзүүлбэрийг монголчуудад хүргэхээр есөн орны 260 уран бүтээлч нэгэн дээвэр дор чуулжээ. Олон орны уран бүтээлчид бэлтгэл сургуулилтаа жигд, хүртээмжтэй хангахын тулд нарийн цагийн хуваариар ээлжилдэг байна. Бидний очих үед ОХУ-ын уран бүтээлчид бэлтгэлээ хангаж байв. Орос циркчид их найрсаг, тоглоом наргиа хийж, инээд хөөр цацруулсан гэгээлэг хүмүүс байлаа. Тэдэнтэй хэсэг хугацаанд үзүүлбэрийнх нь тухай хүүрнэсэн юм.

 

Ольга Кудряцева: Хамгийн ахмад баавгай нь 35 настай

“Дэлхийн цирк Монголд” тоглолтыг үзэх хамгийн том шалтгааны нэг бол Юрий Никулины нэрэмжит Москвагийн төв циркийн сургуулилттай баавгайнууд юм. Энэ гурван байгаа нь машин, мотоцикл, скүүтер унадаг бөгөөд дэлхийд цор ганцад тооцогддог гайхамшгууд билээ. Монте Карлогийн мөнгөн цомын эзэн энэ баавгайнуудын сургагч, удирдаач нь ОХУ-ын Гавьяат жүжигчин Ольга Кудряцева гэх бүсгүй юм. Бага наснаасаа амьтанд хайртай байсан түүний ихэнх тоглоом нь бамбарууш байсан гэнэ. Тэрээр амьтан сургагчаар 40 жил ажиллаж байгаа ба гэр бүлийн хүн нь энэ замд хөтлөн оруулжээ. Ольга Кудряцевагийн нөхөр мөн баавгай сургагч бөгөөд ОХУ-ын Ардын жүжигчин ажээ. Энэхүү гурван баавгай нь гурвуулаа эм. Бамбарууш байхаасаа Ольга Кудряцева дээр өссөн ба одоо хамгийн ахмад нь 35 настай юм. Харин хамгийн залуу нь 20 настай. Тэрээр “Амьтан сургахад хамгийн хэцүү нь өөртөө дасгаж, аюулгүй гэдгийг мэдрүүлэх байдаг. Сургуулилттай эр, эм баавгайнууд байдаг. Гэхдээ байгаль, улирлын нөлөөгөөр эр баавгайнуудын ороо нь орохоос эхлээд хүндрэл гардаг. Тиймээс эм баавгайг сонгосон. Баавгай байгальд 15 орчим, амьтны хүрээлэнд 20 орчим, циркт 35 орчим насалдаг. Учир нь цирк хоол хүнснээс эхлээд бүхий л зүйл дээр онцгой анхаарал хандуулдаг. Өдөрт гурван удаа тоглодог учраас  дараа нь их ядардаг. Тиймээс шим тэжээлтэй хоол хүнс өгөх нь чухал. Гэхдээ цадтал нь хоолловол  залхуураад байдаг. Ер нь бол хүнтэй л адилхан. Бид ч ядарна. Тэд ч ядарна” хэмээсэн юм. Тэрээр мөн их хошин нэгэн бөгөөд “Дэлхийд эмэгтэй амьтан сургагч хэр олон бэ” гэхэд минь “Сансрын нисгэгчид хавь олон байхаа” гэж хариулсан юм даа. Сонирхуулахад, баавгайнууд дан талх иддэггүй ба заавал масло, цөцгий түрхүүлдэг гэнэ.

 

Дмитрий Чернов: Экстрим моточидын үзүүлбэр энэ тоглолтод зориулагдсан шинэ номер

Дэлхийн цөөн оронд тоглосон Спорт Арена төрлийн циркийн үзүүлбэрийг эх орондоо толилуулж зургаа дахь улс Монгол юм. Энэ циркийн нэг онцлог бол зөвхөн арена буюу том цогцолборт эсвэл гадна талбайд үзүүлэх боломжтой экстрим, эр зориг шаардсан өндөр эрсдэлтэй үзүүлбэрийг багтаасан юм.  Тоглолтын найруулагч Дмитрий Черновын ““Дэлхийн цирк Монголд” зориулсан цоо шинэ үзүүлбэр бол экстрим моточид билээ. Алсын зайнд өндөрт харайж, мотоциклтой акробатын үзүүлбэр толилуулж буйгаараа онцлог бөгөөд гайхалтай” гэсэн юм. Тэд энэ спортын төрлөөр хүүхэд байхаасаа хичээллэсэн ба мэргэжлийн багшаар техниктэй заалгаж хөл тавьсан байна. Моточин Мишагийн хувьд удам залгасан нэгэн бөгөөд түүний аав ч мөн энэ спортын хүн юм. Төрсөн цагаасаа аавыгаа харж өссөн түүний хувьд долоон настайгаасаа мотоциклтой нөхөрлөжээ. Харин одоо мотоцикл дээрээ суусан тэр мөчөөс л догдолж, эрч хүч  авдаг гэв. Тэрээр “Бид энэ удаа дөрвөн хүний хосолсон “Backflip”, “Superman” тэргүүтэй олон номерууд үзүүлнэ. Үзэгчдийг суудал дээрээ тогтож сууж чадахгүй болгоно гэдэгтээ итгэлтэй байна. Хүмүүсийн суудлаасаа босоод алга ташиж, баяр хүргэж байгаа мэдрэмж үнэхээр сайхан байдаг. Улам илүү хичээж, гал гарсан гайхалтай зүйл үзүүлмээр санагддаг” гэж ярьсан юм. Мотоциклоо хаазлаад л зааланд орж ирэх тэр мөчөөс л зүрхний цохилт дээд хэмжээндээ тулсан мэт хүчтэй цохилж байлаа. Хойд, урд нэг дугуйн дээрээ явах нь тэдний хувьд энгийн зүйл мэт санагдана. Хэдэн метрийн өндөрт дүүлэн нисэж, хараа булааж, сэтгэл цэнгүүлнэ гэж үүнийг л хэлэх байх. Энэ төрлийн үзүүлбэр Монголд анх удаа ирж байгаа тул алдаж болохгүй ховорхон боломж гэдгийг хэлмээр байна.

 

Аюултай хэдий ч хамгаалалтын хэрэгсэлгүй үзүүлбэрээ үзүүлнэ

Эр зориг, авхаалж самбаа, уян тансаг байдлын илэрхийлэл болсон циркийн нэг төрөл бол акробат юм. Тэдний бэлтгэлийг түр хугацаанд харахад асар их хөдөлмөр, хамтын хүч шаарддаг нь илэрхий байв. Хүүхэд байхдаа спортын гимнастикаар хичээллэж байгаад циркийн жүжигчин болсон хүмүүс цөөнгүй гэнэ. Тэд энэ төрлөөр хамгийн багадаа 15 жил хичээллэж байгаа бөгөөд биесээ нэгэн цул мэт мэдэрч байв. “Дээр нь үсэрч байгаа хүний амь нас, аюулгүй байдал 100 хувь суурь хүнээс шалтгаалдаг. Бэлтгэл дээр хамгаалалтын бэхэлгээ хийдэг. Харин жинхэнэ тоглолт дээр өөрөөс гарах бүхнээ дайчилж, хамгаалалтгүйгээр үзүүлбэрээ үзүүлдэг. Энэ нь үзэгчид болон бидэнд мартагдашгүй мөчийг бүтээлцдэг” хэмээн  давчуу бэлтгэлээсээ бяцхан хормыг бидэнтэй хуваалцсан юм. Тэднийг үзэж байгаа хүнээс адреналин даавар ялгарахгүй байхын аргагүй ажээ.

Америк, Герман, Хятад, Унгар, Орос, Монгол тэргүүтэй есөн орны шилдэг циркийн жүжигчид зөвхөн монголчуудад зориулж гайхалтай үзүүлбэрээ үзүүлэхэд бэлэн болоод байна. Дээр дурдсан төрлөөс гадна жонглер, тэнцвэр, утас, гимнастик, дуу хөгжим, мөн монгол уран нугаралтын үзүүлбэрүүд багтаж байгаа юм. Монгол цирк хөгжлийн төвийн дэргэдэх уран нугаралтын студи ангийн найман нугараач охин оролцож байгаа юм. Э.Амарбаясгалангийн хувьд 13 жил уран нугаралтаар хичээллэж байна. Тэрээр “Уран нугаралтын үзүүлбэр “Дэлхийн цирк Монголд” тоглолтод анх удаа оролцож байгаагаараа онцлог. Мөн бид уламжлалт уран нугаралтын удаан, тайван хэмнэлийг эвдэж хурд, хүч шаардсан тэсрэлттэй ховор элементүүдийг хийж байгаа” хэмээсэн юм. Энэхүү тоглолт нь аравдугаар сарын 5-наас 27-ны өдрийг хүртэл зөвхөн амралтын өдрөөр “Steppe Arena-Мөсөн ордон”-д тоглох юм. Циркийн урлаг нь зөвхөн хүүхэд багачууд төдийгүй хэн бүхэнд баяр баясал, инээд хөөр, гоо сайхан бэлэглэдэг билээ. Дэлхийд цор ганц, дахин давтагдашгүй үзүүлбэрийг гэр бүл, найз нөхдийн хамт үзэж, сайхан дурсамж бүтээгээрэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 194 (7438)

 

“Монастыр товэр”: Дээд шүүхийн шийдвэр байдаг гэж сонссон, гэхдээ бид хохирохгүй!?

Хотын дарга Х.Нямбаатарын үед гаргасан хууль бус шийдвэр олон. Түүний нэг нь Сүхбаатар дүүргийн VIII хороо, “Дашчойлин

4 цаг 15 мин
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?

Дэлхийн спортын ноён оргил Хөлбөмбөгийн World Cup 2026-д энэ удаа тив тивийн ш

8 цаг 28 мин
Сонсгол: Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн төсвийн зарцуулалтын талаар хэлэлцэнэ

Сонсгол: Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн төсвийн зарцуулалтын талаар хэлэлцэнэ

11 цаг 20 мин
Сэрэмжлүүлэг: Энхтайваны гүүрээс автомашин унасан ноцтой осол гарчээ

Сэрэмжлүүлэг: Энхтайваны гүүрээс автомашин гарсан ноцтой осол гарчээ

12 цаг 38 мин
АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт татаж, гурван хүнийг цагдан хорьсон 

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн б

16 цаг 48 мин
Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

Газрын ховор элементийг дэлхий нийтэд үйлдвэрлэлийн витамин хэмээдэг. Учир нь аль ч улс орны эрчим хүч, ба

16 цаг 48 мин
Бизнесийн эрх чөлөөний хууль, татвар, нийгмийн даатгалын тухай хуулиудыг хаврын чуулганы хугацаанд батална

Бизнесийн эрх чөлөөний хууль, татвар, нийгмийн даатгалын тухай хуулиудыг хаврын чуулганы хугацаанд батална

Өчигдөр 15 цаг 29 мин
Б.Пүрэвдагва: Энэ зун нийслэлд 73.2 км дугуйн зам барина

Хотын дарга Б.Пүрэвдагва Улаанбаатар хотод шинээр барихаар төлөвлөсөн дугуйн замын төслийг танилцууллаа. 2026 оны зуны улиралд багтаан нийслэлийн таван дүүрэгт 73.2 км унадаг дугуйн зам барихаар төлөвлөжээ.

Өчигдөр 11 цаг 12 мин
Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн төсвийн сонсголд оролцохоор иржээ

Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн төсвийн сонсголд оролцохоор иржээ

Өчигдөр 11 цаг 05 мин
Нийслэлийн мега төслүүдийн талаарх ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

Нийслэлийн мега төслүүдийн талаарх ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

Өчигдөр 10 цаг 57 мин