Г.Тэгш-Үйлс: Насны хязгааргүй спорт болохоор тамирчнаа болиход дасгалжуулагч, шүүгч хийчихнэ

2024-09-03
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Рагчаагийн ОЮУН

 

Энэ удаагийн "Спорт" нүүрний  зочноор Буудлага спортын мастер Г.Тэгш-Үйлсийг урилаа.

 

-Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Юуны өмнө “Зууны мэдээ” сонины уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би гар бууны төрөлд 2008 оноос өнөөдрийг хүртэл 10 метрийн хийн гар буу, 25 метрийн спорт гар буу гэсэн төрлөөр хичээллэж байна. 2009-2014 онд МУБИС-ийн Буудлагын дасгалжуулагчийн ангийг бакалавраар төгсөөд 2015 онд Казахстаны Үндэсний их сургуульд хоёр жил Биеийн тамирын заах арга зүйчээр мэргэжил дээшлүүлж магистраа хамгаалсан. Буудлага спортын мастер, дасгалжуулагч мэргэжилтэй. Буудлагын спортын мастер цолоо 2012 онд авсан. Дасгалжуулагчийн олон улсын С, олон улсын шүүгчийн В зэрэглэлтэй. Хилийн цэргийн хүнтэй суугаад есөн жил болж байна. Хотод байдаг шиг бэлтгэл сургуулилт хийх боломжгүй учраас гэр зуураа өөртөө цаг гаргаж бэлтгэлээ хийдэг.

-Буудлагын спортыг хэзээнээс сонирхох болов?

-2008 оны Бээжингийн олимпоор Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмааг медаль авахад сонирхолтой санагдаж, аав ээждээ хэлээд тэр жилийнхээ аравдугаар сард энэ спортоор хичээллэхээр сэтгэл шулуудаж, бүртгүүлээд 10 жилээсээ эхэлж хичээллэсэн. О.Гүндэгмаа гавьяаттай одоо ч гэсэн эгч дүүгийн харилцаатай. Хамтдаа бэлтгэл хийдэг. Ээжээс минь өөрцгүй миний хуурай эгч. Эгчээсээ их зүйл суралцаж байна.

-Энэ спортоор хичээллээд багагүй хугацаа өнгөрчээ. Анхны тэмцээнийхээ сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

-2013 онд анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-д болоход дөнгөж 20 настай, дотроо “Аав ээж, ах дүү, бүх хүн надад итгэл найдвар хүлээлгэж хөрөнгө мөнгө зарцуулаад явуулж байхад би яана аа” гэсэн айдастай явж байсан. Гэсэн ч энэ тэмцээнээс хүрэл медальтай ирж өөртөө итгэх итгэлийг олж авсан. Дараа жил нь буюу 2014 онд улсын аварга болж, нэрэмжит тэмцээнүүдэд оролцсон. Миний хамгийн том хоёр амжилт гэвэл улсын аварга, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль минь юм. Энэ спортоосоо жаахан холдохоор зүүдэлдэг юм билээ. Миний хувьд буудлага спортоосоо холдох нөхцөл байхгүй.

-Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажилласан уу?

-Гуравдугаар курсээсээ гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатын “Аваргаас аварга” клубт ажиллаж байгаад магистраа хамгаалахаар Казахстан руу явсан. Эргэж ирээд нэг хэсэг ажилласан. Хэрэв хотод очоод “Би ингээд ажилламаар байна, хүүхдүүд хариуцаад авья” гэвэл надад том боломж байгаа.

-Та олон улсын шүүгчийн В зэрэглэлтэй гэсэн?

-Шүүгч гэвэл улсдаа нэгдүгээр зэрэгтэй. Олон улсын шүүгчийн В зэрэглэлийг Сингапурт курс сургуульд суралцаад авч байсан. Олон улсын шүүгчийн зэрэг авахад Монголдоо хэр чанартай шүүгч хийдэг, ажилдаа хэр сэтгэл хангалуун байдгийг Буудлагын холбооноос асуудаг юм билээ. Буудлагын холбооноос “Таны нэрийг явуулахад биднээс татгалзах зүйл алга. Та яаж байна. Танд боломж байна уу, явах сонирхол байна уу” гээд нэр явуулдаг. Олон улсын Буудлагын холбооны хүмүүс Монголд ирээд бидэнд боломж олгож олон улсын дасгалжуулагчийн С зэрэглэлийг Монголдоо авсан.     

-Мэдээж дасгалжуулагчаараа ажиллах сонирхол байгаа байх?

-Буудлагын спорт нас харгалздаггүй. Сая 55 настай хүн олимпод ороод медаль авч байна. Тиймээс хэдэн ч настай байсан хичээллэх боломжтой. Өөрөө боломж бололцоо, чадал нь байвал хэдэн ч нас хүртлээ буудах боломжтой учраас тамирчнаа хийнэ. Миний боломж үүгээр дуусаагүй. Цаашид үргэлжлүүлээд дасгалжуулагчаа хийнэ, болохгүй бол шүүгчээ хийнэ. Надад олон боломж бий. 

-Хүүхдүүд нь буудлагын спортыг хэр сонирхож байна. Өөрийн гэсэн гарын шавьтай больё гэсэн бодол байдаг уу?

-Буудлага өртөг өндөртэй спорт. Нэг гох дарахад тэнд мөнгө явж байдаг. Өөрийн биеэр мэдэрсэн болохоор одоохондоо хоёр хүүхдээ сургана гэж бодохгүй байна. Мэдээж том амжилтад хүрвэл болох байх. Би өмнө нь гарын хоёр шавьтай байсан ч нөхрөө дагаж явсан учраас алсын зайнаас заах боломжгүй болохоор өөр багштай болгосон.

-Эмэгтэй хүн хэчнээн сайхан мэргэжилтэй байсан ч нөхрийгөө дагаад өөрийгөө золиослодог байх?

-Тийм ээ. Өөрийгөө золиослоод найман жил нөхрөө дагаад хилийн анги, салбараар явж байна. Тэглээ гээд надад муудсан юм байхгүй. Миний сонгосон амьдрал учраас гомдох эрхгүй. Насны хязгааргүй спорт болохоор тамирчин биш юм гэхэд дасгалжуулагч, шүүгч хийчихнэ. Шүүгчийн хувьд тэмцээн болоход би байж байна. Олон улсад очоод шүүгч хийсэн ч болно. Олон улсад шүүгч хийхийн тулд эхлээд туршлага судлах маягаар өөрөө зардлаа гаргана. Тухайлбал, ойрхон Хятадад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд хөндлөнгийн шүүгч эсвэл галын шугамын үгүйдээ тооцооны, байны шүүгч хийе гэнэ. Шүүгч дотроо олон янз байдаг. Хэрэв олон улсын Буудлагын холбоо зөвшөөрвөл би өөрийнхөө зардлаар хоёр удаа явна. Дараагийнхаас “Энэ шүүгч хийхэд хангалттай чадвартай. Энэ шүүгчийг дуудъя” гэдэг утгаараа урилга өгөхөд бүх зардлыг цаанаас нь даадаг.

Манай буудлагын спорт олон хүний зардлыг улсаас гаргах боломжгүй. Тиймээс буу, сумаа өөрөө авахаас гадна зардлаа ч өөрөө даана. Гар буучдын хувьд хэрэглэл урт буучидтай харьцуулахад бага. Шагай гарсан гуталтай, нүдний хаалт хэрэглэхгүй хүн байдаг. Бүр харж чадахгүй байгаа хүмүүс нүдний хаалт, чихэвч хэрэглэнэ. Урт буучид маань биднийг бодоход буу нь хүнд том, үнэтэй, битүү хувцастай, гутал нь цаанаасаа байдаг. Тиймээс заримдаа гар буунд орсондоо баярладаг. Урт бууны нэг ах маань “Би хэрэглэлээ тооцсон чинь 20-оод сая төгрөг болж байна” гэж байсан.

-Нөхөртэйгөө анх хэрхэн танилцсан бэ?             

-Казахстан руу Баян-Өлгийгөөр дамжиж явдаг юм билээ. Тэгээд нөхөртэйгөө 2015 онд Баян-Өлгий рүү явдаг фаз автобусанд танилцсан. Нөхөр маань амралтаа дуусгаад буцаж байсан юм билээ. Бид хоёр хоёулаа хотынх. Манай нөхөр Баян-Өлгийд ажиллаж байгаад Булган аймгийн Тэшиг сум дахь Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0286 дугаар ангид ирж суурьшсаны дараа би 2016 оны зун нь ирсэн. Хилийн цэргийн нөхөртэй болсноороо эхнэр хүн, эмэгтэй хүн ямар байх вэ гэдгийг хилийн анги, салбар болон энэ олон хүнтэй танилцаж, хамтарч ажиллахдаа мэдэж, их зүйл сурсан. Амьдралыг харах нүдийг нээж өгсөн. Харин буудлага спорт намайг тэвчээртэй болгосон.

Анх хилийн багана дээр очоод нэг шон байхад нь гайхсан. Тэгээд “Хайраа энэ шон яадаг юм бэ” гэж асуугаад зэмлүүлж байлаа. Одоо бол өөр болсон. Хилийн цэрэг сургамж их хайрладаг.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 170 (7414)

 

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Өвөг дээдсээс монголчууд бидэнд үлдээсэн үүц болох Оюутолгойн зэс-алтны орд газар нь олон жил

16 цаг 46 мин
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхий дахинд зэсийн үнэ өсч, эрэлт ихэсч байгаа үед манай улстай хамтран Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч болох Р

16 цаг 46 мин
Тэтгэмжийн 46, түрээсийн 14 тэрбумын зардал төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

УИХ-ын намрын чуулганы өчигдрийн хуралдаан төсвийн тодотгол тойрсон хэлэлцүүлгээр

16 цаг 46 мин
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ өргөмж

Өчигдөр 19 цаг 34 мин
Нийслэлийн данснаас алданги хасагдаагүй гэж хотын дарга мэдэгдэв

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Туулын хурдны замы

Өчигдөр 19 цаг 17 мин
АҮЭБ-ын сайд Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт аравдугаар сард харьцангуй тогтворжино гэж харж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа шатахууны хомсдолто

Өчигдөр 19 цаг 13 мин
Brent газрын тос 102 доллар орчимд хэлбэлзэж байна

Дэлхийн газрын тосны жишиг үнэ болох Brent өнгөрсөн баасан гаригт нэг баррель нь 102 доллар орчимд арилжаалагд

Өчигдөр 16 цаг 41 мин
2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар төсөв, төсвийн тогтвортой байдал

Өчигдөр 06 цаг 00 мин
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Эх орны хилээр нүүрс гарахаа больжээ. Ингэвэл идэх уух зэрэг ойр зуурын хэрэглээ залгуулдаг мөнгө тасарна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны

Өчигдөр 06 цаг 00 мин