"Сурагчийн дүрэмт хувцасны чанар үнэд өөрчлөлт ороогүй"

2024-08-14
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Л.ОТГОНДҮҮ

 

Хичээлийн шинэ жилийг угтан сурагч, оюутан, эцэг, эхчүүдэд ойрхон, хүртээмжтэй, харьцангуй хямд үнээр хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, шаардлагатай бусад хэрэгслийг худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилгоор хичээлийн үзэсгэлэн худалдааг энэ оны наймдугаар сарын 1-нээс 15 байршилд зохион байгуулж буй.

Үүнтэй холбоотойгоор сурагчийн дүрэмт хувцас болон хичээлийн хэрэгсэл ямар үнэ ханштай байгааг сурвалжлахаар "Дүнжингарав" худалдааны төв, Сүхбаатар дүүргийн Голомт хотхоны гадна талбай болон Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж буюу бидний хэлж заншсанаар фантамыг зорилоо.

Бид эхлээд Дүнжингарав худалдааны төв орж сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн үнэ ханш сонирхов. Хаалгаар нь ороход хаалганы хажууханд дүрэмт хувцас, цэнхэр сорочкон цамц төрөл төрлөөрөө өлгөөтэй байх бөгөөд цааш тав алхаад л сурагчийн дүрэмт хувцасны лангуу цөөнгүй байлаа. Хүүхэддээ өмсгөж үзүүлэн худалдан авч байгаа хүн ч олон байв. "Бүгд урд хөршөөс ирсэн материал сайтай. Материалыг нь бариад үзээрэй. Өмсгөж үзэж болно шүү" гэж лангуу бүрийн араас сонсогдоно. Хичээлийн хэрэгслээс илүү дүрэмт хувцасны тасаг худалдан авагч ихтэй байлаа. Дүнжингарав худалдааны төвд худалдаалагдаж байгаа сурагчийн дүрэмт хувцас бүгд урд хөршөөс иржээ.

Үнийн хувьд хичээлийн цэнхэр цамц 27-30 мянган төгрөгийн үнэтэй. Бага ангийн эрэгтэй хүүхдийн хүрэм 60 мянга, өмд 35 мянга, цамц 27 мянга, зангиа 4000, нийтдээ 126 мянган төгрөг. Харин охидын сарафан 65 мянга, цамц 27 мянга, зангиа 4000, нийтдээ 96 мянган төгрөг. Дунд ангийн хөвгүүдийн хүрэм 75 мянга, өмд 45 мянга, цамц 30 мянга, зангиа 6000, нийтдээ 156 мянган төгрөг. Охидын хүрэм 75 мянга, юбка 40 мянга, цамц 30 мянга, зангиа 6000, нийт 151 мянган төгрөг. Ахлах ангийн хөвгүүдийн хүрэм 90 мянга, өмд 50 мянга, цамц 32 мянга, зангиа 7000, нийтдээ 179 мянган төгрөг. Охидын хүрэм 90 мянга, юбка 45 мянга, цамц 32 мянга, зангиа 7000, нийтдээ 174 мянган төгрөгөөр борлуулагдаж байна.

Худалдаа эрхлэгч С.Оюунтуул “Манайх Хятад улсаас оруулж ирсэн дүрэмт хувцас худалдаалдаг. Монгол улсад үйлдвэрлэсэн дүрэмт хувцастай яг адилхан материалтай байдаг. Гэхдээ үнийн хувьд урд хөршөөс оруулж ирдэг дүрэмт хувцас Монгол үйлдвэрийн хувцаснаас илүү хямд учраас хүмүүс их авдаг. Үнийн хувьд бид нэмээгүй, өмнөх жилийн үнээрээ худалдаалж байгаа” гэсэн юм.

Цааш хичээлийн хэрэгсэл худалдаалж буй лангуунууд руу очлоо. Аль улсын ямар үйлдвэр гэдгээс хамаараад 12 хуудастай дэвтэр 400-450, 24 хуудастай нь 600-900, 32 хуудастай нь 800-1000, 96 хуудастай нь 2000-3000 төгрөг, хичээлийн цүнх 25-250 мянган төгрөгөөр худалдаалагдаж байв.

Дүнжингарав худалдааны төвөөс гартал гадна талбайд "Өүлэн" брэндийн сурагчийн дүрэмт хувцасны өргөтгөсөн худалдаа болж байв. Ингээд тийш ороход бага ангиас дунд ангийн сурагчийн дүрэмт хувцаснууд тавиур дээрээ эгнүүлэн өрсөн байлаа. Мөн тэнд хичээлийн хэрэгсэл ч бүгд байв. Хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд ихэвчлэн дэвтэр, дэвтрийн хавтас худалдан авч байлаа. "Улаанбаатар принт" ХХК-ийн 12 хуудастай дэвтэр 420, 24 хуудастай нь 770, 36 хуудастай нь 970, 60 хуудастай нь 1620, 96 хуудастай нь 2580 төгрөгөөр худалдаалж байв.

Үргэлжлүүлэн бид фантам дээр болж буй үзэсгэлэн худалдааг зорилоо. "Отто", "Шилмэл загвар ХХК", "Торгон хийц ХХК", "Төмөр трейд ХХК" зэрэг монгол үйлдвэрийн дүрэмт хувцаснууд худалдаалагдаж байлаа.

Худалдаа эрхлэгч Т.Энхзул “Дүрэмт хувцас хийх гэж маш их хөдөлмөр шаарддаг. Материал, оёдол нэг бүрд анхаарч хийдэг. Хятад улсаас авчирдаг дүрэмт хувцастай харьцуулбал оёдол, материал нь илт өөр байдаг. Чанарын шаардлага хангасан химийн хорт бодисын агууламжгүй, эрүүл мэндэд хоргүй материалаар хийгддэг. Хувцасны үнээ нэмээгүй, өмнө жилийнхээ үнээр худалдаалж байна. Хамгийн гол нь чанар шүү дээ. Тиймээс оёдлын хувьд ч бид бат бөх, чанартай хийхийг хичээдэг. Хүмүүс Монгол үйлдвэрийн дүрэмтийг үнэтэй гэдэг. Гэхдээ хямд үнээр эдэлгээ муутай хувцас дахин дахин авснаас нэг мөсөн хэдэн жил өмсөх чанартай хувцас авсан нь санхүүд ч гэсэн дээр санагддаг” гэсэн юм.

Үнийн хувьд “Шилмэл загвар ХХК” болон “Торгон хийц ХХК”-ийн дүрэмт хувцас адилхан үнэтэй байлаа. Бусад монгол үйлдвэрийн хувцас нь 6000-8000 төгрөгөөр хямд байв. Адил үнэтэй байсан хоёр компанийн хувцасны үнийг харвал бага ангийн эмэгтэй сарафан 78 мянга, цамц 35 мянга, зангиа 6000, нийтдээ 119 мянган төгрөг. Харин эрэгтэй хүүхдийн хүрэм 78 мянга, өмд 49, цамц 35 мянга, зангиа 6000, нийтдээ 168 мянган төгрөг. Дунд ангийн эмэгтэй хүрэм 95 мянга, юбка 56 мянга, цамц 38 мянга, зангиа 9000, нийтдээ 198 мянган төгрөг. Эрэгтэй хүрэм 95 мянга, өмд 60 мянга, цамц 38 мянга, зангиа 9000, нийтдээ 202 мянган төгрөг. Ахлах ангийн эмэгтэй хүрэм 108 мянга, юбка 58 мянга, цамц 40 мянга, зангиа 9000, нийтдээ 215 мянган төгрөг. Эрэгтэй хүрэм 120 мянга, өмд 65 мянга, цамц 40 мянга, зангиа 9000, нийтдээ 234 мянган төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Цүнх зарж буй худалдаа эрхлэгч үнэ нь өмнөх жилийнхээс нэмэгдээгүй, 25-250 мянган төгрөгөөр худалдаалж байгаа талаар хэлж байсан юм.

Хүүхдийн хичээлийн хэрэгсэл худалдан авч байгаа хүмүүсээс худалдан авалтынх талаар тодруулахад, Х.Гэрэлчимэг “Бага ангийн хоёр хүүхэддээ 287 мянган төгрөгөөр дүрэмт хувцас авлаа. Хүү мань одоо хоёрдугаар ангид орно. Охин маань нэгдүгээр ангид орно. Өмнө жил хүүдээ Хятад үйлдвэрийн дүрэмт хувцас авсан. Гэтэл угаахаар гялайгаад байсан учраас энэ жил Монгол үйлдвэрийн дүрэмт хувцас худалдан авч байна. Материалын хувьд Монголд үйлдвэрлэсэн хувцас нь дээр гэж бодоод энэ жил сургуульд орж байгаа охиндоо ч бас Шилмэл загварын хувцаснаас авчихлаа. Одоогоор зөвхөн дүрэмт хувцас авсан. Хичээлийн хэрэгслийг нь аваагүй байгаа. Хоёр хүүхдийн хичээлийн хэрэгсэлд нэг сая гаруй төгрөг зарцуулах байх” гэсэн юм.

Ж.Сарангэрэл “Монгол үйлдвэрийн хувцасыг Монгол хүмүүс өөрсдөө оёдог учраас чанартай хийдэг. Хийц загвар, оёдол, материал нь чанартай санагддаг. Сая дөрвөн хүүхэддээ хүрэмнээс бусад хувцасыг авахад 500 мянган төгрөг боллоо. Манайх дунд ангийн хоёр, бага ангийн хоёр хүүхэдтэй. Олон хүүхэдтэй айлд бол бүгдэд хичээлийн дүрэмтийг бүрэн авч өгнө гэвэл санхүүгийн хувьд хэцүү болж байгаа юм. Хүрэм нь үнэтэй болохоор гурван хүүдээ цамц өмд, охиндоо цамц, юбка авсан. Одоо хичээлийн хэрэгслийг нь авахаар ойролцоогоор хоёр сая төгрөг болох байх гэж бодож байна” гэсэн юм.

Ингээд цааш Голомт хотхоны гадна талбайд болж буй үзэсгэлэн рүү очлоо. “Сурагчийн дүрэмт хувцас худалдаа” гэсэн бичиг гадгаа хадсан нэг асар байв. Тус асарт зөвхөн “Шилмэл загвар ХХК”-ийн дүрэмт хувцас худалдаалагдаж байгаа аж. Дээр дурдсанчлан өмнө жилийнхээ үнээр худалдаалж байсан бөгөөд худалдан авагч цөөтэй байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 156 (7400)

 

Сэлбэ дэд төвийн тендертэй холбоотой хэрэгт шалгагдаж байгаа Б.Сэргэлэнбаатар гэж хэн бэ?

Сэлбэ дэд төвийн тендертэй холбоотой хэрэгт шалгагдаж байгаа Б.Сэргэлэнбаатар гэж хэн бэ?

24 мин
“Цинхуа” их сургуулийн Зөвлөлийн дарга Qiu Yong айлчилж байна

Азийн шилдэг, дэлхийд эхний 10–20 дугаар байрт тогтмол бичигддэг БНХАУ-ын Цинхуа их сургуулийн

4 цаг 40 мин
Ч.Лодойсамбуу: Х.Нямбаатар уучлалт гуйгаад сайн дураараа огцрох ёстой

Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагт УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу оролцож, мэдээлэл өглөө.  Түүний байр суурийг хүргэе.

4 цаг 40 мин
Ази-Номхон далайн бүс: Хууль эрх зүйн “зэвсэг”-ээр хэвлэлийн эрх чөлөөг боомилж байна

2026 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн дүн Ази-Номхон далайн бүс нутагт хэвлэлийн эрх чөлөө ноцто

19 цаг 9 мин
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинд хэрэг үүсгэжээ

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинд

20 цаг 41 мин
Ч.Лодойсамбуу: Хотын дарга сайн дураараа ажлаа өгөх ёстой

Туулын хурдны зам төсөлд төсвийн хөрөнгөний 500 тэрбум төгрөгийг үрэн таран хийж, хууль зөрчсөн. Тиймээс Хотын дарга сайн дураараа ажлаа өгөх ёстой

21 цаг 14 мин
А.Баяр: Х.Нямбаатар нийслэлээс явах ёстой гэсэн төлөөлөгч олон байгаа

А.Баяр: Х.Нямбаатар нийслэлээс явах ёстой гэсэн төлөөлөгчид олон байгаа

21 цаг 21 мин
Татварын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Энхбаярыг Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн Олон улсын зөвлөхүүдийн хорооны гишүүнээр томиллоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Азийн тэргүүлэгч Цинхуа их сургуулийн дэргэдэх Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн Тогтвортой хөгж

Өчигдөр 06 цаг 00 мин
“Monestery tower” шүүхэд татагдлаа

“Monestery tower” шүүхэд татагдлаа

Уржигдар 17 цаг 07 мин