Монголчууд баялагтаа эзэн байх боломжоо хуулиар баталгаажуулж чадсан уу?

2024-06-05
Нийтэлсэн: Админ
 40 мин унших

Олон жил дуншсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газраас өргөн барьж, парламент баталсан. Ингэснээр уул уурхайн баялгаас ирээдүй хойчдоо өвлүүлэх, иргэн бүрд  хувь хүртээх нөхцөл бүрдэж,  хуримтлалын санг нээх боломжтой болсон билээ.  Аливаа  улс орны хөгжил тухайн улсын иргэн бүртээ салшгүй холбоотой байдаг.  Тиймээс “Зууны мэдээ” сонин зургаадугаар сарын “Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа Монгол Улсын 30 иргэнийг урьж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн үзэл санаа хэрэгжилтийн тухай байр суурийг нь сонслоо.

 

- Монголчууд баялагтаа эзэн болох ёстой гэсэн үзэл баримтлалын хүрээнд Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьж, парламент яаралтай горимоор баталснаар хууль хэрэгжиж эхэлсэн.   Хуулийн хэрэгжилтийг та хэрхэн харж байна вэ. Монголчууд баялагтаа эзэн болж чадах уу?
-Ер нь байгалийн баялгийн хуваарилалтыг ямар байдлаар хийвэл оновчтой гэж та үзэж байна вэ.  Баялгийн сан байгуулж, эхний удаад ипотекийн зээлийн санхүүжилтэд өгсөн.  Энэ хэр оновчтой шийдвэр байв?

 

Иргэн бүр баялагтаа эзэн байх ёстой гэсэн зарчмыг тууштай дэмжинэ

Э.Батшугар
УИХ-ын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга

♦ Монголчууд баялагтаа эзэн болох ёстой.  Монгол Улс маш их баялагтай орон. Харин энэ их баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Байгаль, дэлхий монголчуудад заяасан. Тийм учраас Монгол Улсын иргэн бүр баялгийн өгөөжийг нь тэгш, шударга, жигд хүртэх ёстой. Хамгийн зөв механизм нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль.  Хуулийн хүрээнд дэлхийн хамгийн зөв жишээний баялгийн сангуудыг нэгтгээд, гурван төрөлжсөн сан байгуулж буй юм.  Ирээдүйн өв сан нь Норвегийн тэтгэврийн сантай адилхан ирээдүйн монголчууд буюу бидний үр ач нарт зориулсан байгаа. Энэ бол цэвэр АМНАТ-ын орлогоор бүрдэх бөгөөд энэ санг хэн ч оролдохгүй. Харин зөв менежмент хийгээд өгөөжийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Хуримтлалын сан нь  Кувейт болон Саудын Арабын баялгийн сантай адилхан байгуулагдаж байгаа. Тэр нь орж ирж буй баялгийг бүгдийг нь хадгалахгүйгээр эдийн засгаа солонгоруулж өнөөдөр амьдарч буй иргэдийн орон сууц, боловсролыг нь дээшлүүлэх зэргээр амьдралынх нь чанарыг сайжруулах буюу хөгжлийг хурдасгах байдлаар явах юм. Хөгжлийн сан бол  бүсчилсэн хөгжил, эдийн засгийн том төслүүдээ хөдөлгөх сан. Катарын болон Сингапурын Темасек сан нь үүнтэй адилхан. Тэгэхээр өнөө үед, ирээдүй үед хамгийн тулгамдсан том мега төслүүдийг шийдэх бололцоог нэг дор шийдсэн Үндэсний баялгийн сангийн тухай хууль гэж харж байна.

 

Баялгийн сантай болсноор иргэдийн зээлжих зэрэглэл нэмэгдэнэ

Ч.Хашчулуун
МУИС-ийн багш, эдийн засагч

♦ Санхүүгийн салбарын хувьд хэдэн өөрчлөлт гарахаар байна. Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бүрэн  сайн ойлгохгүй  байгаа ч хувь хүмүүст уул уурхайгаас  орж ирэх мөнгийг шууд өгдөг тогтолцоог үүсгэх гээд байх шиг байна. Саяхан нэг хүнд “Эрдэнэс таван толгой”-н ордын ашгаас нэг хүнд 150 ам.долларыг  шууд шилжүүллээ. Ингэснээр эхний ээлжид байнгын орлого орж ирэх боломжтой болсноор иргэдийн зээлжих зэрэглэл нэмэгдэнэ. Энэ мөнгөө барьцаалж өөрөөр хэлбэл, ирээдүйд ирэх ашгаараа зээл авах боломж ирнэ. Мэдээж Монгол банк хянаад явах байх. Гэхдээ  сайн төсөөлж чадахгүй байна. Ирээдүйд уул уурхайгаас орж ирэх 5-6 их наяд төгрөгийг тодорхой хэмжээгээр барьцаалж ашиглах байх яваандаа. Санхүүгийн салбарт бол сайн нөлөө үзүүлнэ.    Банкны салбар одоогоор өрсөлдөөн сайн байна. Ер нь баялгийн сан санхүүгийн салбарыг мод  усалж, угжиж байгаатай ижил шинэ зүйл гарч ирлээ гэж санагдаж байна. Энэ утгаар их ирээдүйтэй.

Баялгийн сангаас сая 500 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүллээ. Энэ загвар нь Сингапурын загвартай төстэй. Сингапурын загвар нь хүн болгон нийгмийн даатгалын шимтгэлээ төлснөөр сангаа бүрдүүлдэг. Ингэснээр уг сангаас гурван зүйлд ашиглаж болдог. Боловсрол, эрүүл мэнд, орон сууц авахад зориулдаг. Энэ бол шилдэг загвар. Сингапур хүн ам цөөтэй цомхон хот. Богино хугацаанд энэ сангийн загварыг хэрэгжүүлснээр хүн амынхаа  эрүүл мэнд, боловсрол, орон сууцны асуудлыг шийдвэрлэж чадсан. Монголын  хувьд  санд хуримтлагдах мөнгө нь нийгмийн даатгалаас илүү, уул уурхайн салбараас орж ирэх болж байгаагаараа онцлогтой. Мөнгө энэ салбарт байгаа болохоор болохгүй гэж зүйлгүй. Харин энэ систем хэр зэрэг сайн ажиллаж чадах вэ гэдгийг харах үлдлээ. Зарчмын хувьд олон улсын сайн жишиг мөн. Түүнчлэн Сангийн удирдлага хараат бус байж чадах уу. Буруу зүйлд мөнгөө зарцуулж  алдагдал хүлээх үү, зөв зүйлд байршуулж арвижуулах уу гэдэг нь шалтгаална. 

 

Уул уурхайн салбар ил тод, сайн засаглалтай явах ёстой

Б.Уянга
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд

♦ Монголчууд баялагтаа эзэн болж сайхан амьдрах ёстой. Уул уурхайн салбар ил тод сайн засаглалтай явах хэрэгтэй. Яагаад гэвэл, АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг экспортолж, худалдаалж буй уул уурхайн бүтээгдэхүүн бүрээс авдаг. Тэр орлогоосоо сандаа хуримтлуулаад шаардлагатай төсөл хөтөлбөрөө санхүүжүүлээд явах нь зөв. Уул уурхайн салбарын засаглал сайн байх юм бол заавал тэр орд төрийн мэдэлд байснаараа ашигтай ажиллана гэсэн үг биш.

♦ Монгол Улсын нутаг дэвсгэрт хаана ч ашиглаж олборлож байгаа уурхай болгон нь хариуцлагатай үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Үүнийг хянаж, шаардаад явахаас гадна гарч ирж байгаа ашигт малтмал нь худалдааны зарчмаар хэчнээн төгрөгөөр борлуулсан нь ил тод байх юм бол ямар ч хүндрэлгүй. Ашигт малтмал бол ашигтай үедээ ашигтай. Ашиггүй хэн ч тоохгүй үе бий. Тээвэр логистик, боомт талаас нь бүх түвшинд анхаараад өгвөл борлуулалтын орлогоосоо АМНАТ авч баялгийн сангаа бүрдүүлнэ.

 

Баялгийн өгөөж хүний хөгжил рүү хөрөнгө оруулах цорго байх ёстой

О.Батнайрамдал
МАН-ын Нарийн бичгийн дарга

♦ Үндэсний баялгийн сангийн хууль бол Үндсэн хуультай дүйцэхүйц ач холбогдолтой гэж харж байгаа. Манай улс уул уурхайгаас өндөр хамааралтай энэ үед баялгийн сангийн механизм хамгийн чухал. Бусад орны жишгийг харвал газрын баялаг ард түмний өмч байгаа хэрнээ хуваарилалт дээрээ асуудал үүсдэг. Харин байгалийн баялгаараа амжилт олж байгаа орнууд хуваарилалтаа маш зөв хийсэн байна. Баялгийн сангийн хууль батлагдана гэдэг том дэвшил, анхны даваагаа амжилттай давлаа гэсэн үг. Хэрэгжихэд олон асуудал тулгарна. Зөв менежментээр, үр ашигтай ажиллуулахын тулд мэргэжлийн баг удирдах ёстой. Тэр нь улс төрөөс хараат бус, ил тод нээлттэй. Эргээд ард түмэндээ тайлагнадаг, УИХ-ын түвшинд хяналтын механизм  ажиллах ёстой. Энэ бүгд зөв ажиллаж байж олон улсын жишигт нийцэж, ард түмэн өгөөжийг нь хүртэнэ. Тиймээс баялгийн санг зөвхөн хуваарилалт гэж харж болохгүй. Арвижуулах, ирээдүйд өвлүүлж үлдээх учиртай.  Энэ мэтээр Баялгийн сан амжилттай байх эсэх нь “Эрдэнэс Монгол” нэгдэлтэй шууд уялдах учраас 3.5 сая иргэн энэ компаниас нүд салгахгүй хяналтаа тавих хэрэгтэй.  

♦ Байгалийн баялгийн хуваарилалтыг төсөв болон ногдол ашиг гэж өрөөсгөл байдлаар харж болохгүй. Шударга хуваарилалт гэдэг бол ард түмний амьдралд шууд нөлөөлөх, бодитоор мэдрэгдэх явдал юм. Өөрөөр хэлбэл, баялгийн сангийн өгөөж зүгээр нэг ногдол ашиг биш боловсролын чанар, эрүүл мэндийн хүртээмж зэргээр хүнийхээ хөгжил рүү хөрөнгө оруулах цорго нь байх учиртай. Мөн хүний хамгийн анхдагч хэрэгцээ орон сууцны асуудлыг шийдвэрлэж чадвал жинхэнэ утгаараа шударга, зөв хуваарилалт болно. Баялгийн өгөөж хүний хөгжил рүү чиглэж байж урт хугацааны цогц шийдэл байх юм. Эрүүл, өндөр боловсролтой хүн баялаг бүтээнэ шүү дээ.

 

Ипотекийн зээлд зарцуулсан нь зөв шийдэл

Д.Уламбаяр
ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм, судлалын сургуулийн захирал, доктор профессор

♦ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газар тун бага хугацаанд оруулж ирж батлууллаа.   Хэдийгээр яаралтай горимоор хэлэлцэж баталсан ч хэрэгжиж буй эхний үр дүнг нааштай үнэлж байна. Алдаа оноотой зүйл, заалт, агуулга байж мэднэ.  Засаж сайжруулаад явах нь гарцаагүй. Баялгийн сангийн хуулийн дагуу хэрэгжүүлж эхэлж байгаа нь зөв зүйтэй шийдэл гэж харж байна.  Орон сууцжуулах төсөл маш чухал. Норвегийн баялгийн сангийн формат яг л иймэрхүү дэгээр явагддаг. Цаашдаа иймэрхүү хэлбэрээр явах нь зүйтэй. Бэлэн мөнгө тараах нь инфляцад нөлөөлөхөөс гадна, үр ашиг багатайгаар үрэн таран хийгээд дуусаж байна. Тиймээс ипотекийн зээл, боловсрол, эмчилгээний төлбөрт зарцуулах нь чухал хэмээн үзэж байна.

 

Ипотекийн зээлийг шийдэхээр болсон нь тун оносон шийдэл

Л.Соронзонболд
“М банк”-ны гүйцэтгэх захирал

♦ Би эдийн засагч хүний хувьд Баялгийн сангийн тухай хууль батлагдсанд баяртай байгаа. Яагаад гэвэл, энэ хуулиар газрын доорх баялгийнхаа үр өгөөжийг нийт ард иргэд, улс орныхоо хөгжилд зориулах боломжтой болж байна. Үзэл санаа, философийн хувьд наaдад хоёр зүйл маш их таалагдсан. Эхнийх нь, газрын доорх баялгаас олсон орлогоо хуримтлуулах үзэл санаа. Үүгээрээ улс нь иргэддээ зориулсан хуримтлалын сантай болж байна. Удаах нь, уул уурхайгаас өнөөдөр олж байгаа ашгийг ирээдүйдээ зориулж зарцуулахаар тусгасан явдал. Нэг ёсондоо маргаашаа бодсон, их алсын хараатай шийдвэр. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлахдаа олон улсын туршлагыг судалж, гадаад дотоодын эрдэмтэд, зөвлөхүүдийн саналыг маш сайн тусгаж, судалгааны үндсэн дээр боловсруулсан юм билээ. Тиймээс алдаагүй, зөв хууль болсон.

Байгалийн баялгаа оновчтой ашиглаж чадаагүйгээс алдсан улс орнууд олон байдаг. Монгол Улс ч ялгаагүй, саяхныг болтол байгалийнхаа баялгийг шударга хуваарилж, ард иргэддээ үр өгөөжийг нь хүртээж чадахгүй явж ирсэн. Тэгвэл Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсанаар баялгаас олсон орлогоо нийт ард иргэддээ хүртээмжтэйгээр хуваарилах боломж нээгдэж байгаа юм. Үүний нэг жишээ нь ипотекийн зээлийг энэ сангаас санхүүжүүлэхээр болсон явдал. Үүнийг би их зөв шийдвэр гэж дүгнэж байгаа. Яагаад гэвэл, Монгол Улсад урт хугацааны эх үүсвэрээр ипотекийг шийдэх бололцоо байсан. Энэ эх үүсвэрийг гадаадын өндөр  хүүтэй зээл, бонд зэрэг эх үүсвэрээр биш, өөрсдийн дотоодын нөөц боломжоор бий болгосон эх үүсвэрээр шийдэж байгаа нь эдийн засгийн хувьд тун оносон, ард иргэддээ ч тустай, улс оронд ч ашигтай шийдэл юм.

 

Нөхөн сэргээлтийг сайн хийдэг тогтолцоог хуульчилж өгөөсэй

Д.Ганболд
"Цагаан лавай" чуулгын найруулагч

♦ Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Баялгийн сангийн тухай хуулийг УИХ яаралтай горимоор баталсанд иргэнийхээ хувьд баяртай байна. Учир нь монголчууд бид байгалийн баялгаа эрх тэгш хүртэх хэрэгтэй. Ямар нэгэн эрх мэдэл бүхий компани, хувь хүн бус иргэдийн амьжиргаанд зориулагдаасай гэж хүсэж байна. Гэвч цааших процесс нь хэрхэн үргэлжлэхийг хэлж мэдэхгүй байна. Дэлхий дээр Норвегийн баялгийн сан хамгийн алдартай. Норвегт хүн бүр байгалийн баялгаа ижил тэгш хүртэж, өнөөдөр санаа зовох зүйлгүй амьдарч байна. Монгол шиг цөөхөн хүн амтай, асар уудам газар нутагтай, газар доор болоод дээрх баялгаараа харьцангуй өндөр орны хувьд энэхүү баялгийн сангийн хууль зайлшгүй хэрэгтэй .  

♦ Харин хуулийн хэрэгжилт нь шударга, нүдээ олсон, зөв менежментээр урагшилбал Монгол Улсын хөгжил ойрхон байна. Баялгийн сангийн хуулийн хамгийн муу жишээ нь Африк шүү дээ. Бүр тухайн хуулиа “Баялгийн хараал” гээд нэрлэчихсэн. Энэ хуулийг хэрэгжүүлснээр улс нь бүр доройтчихсон. Тиймээс олон улсын сайн туршлагыг судлаасай. Мөн баялгийг ухах амархан. Харин нөхөн сэргээлтийг сайн хийдэг тогтолцоог хуульчилж өгөөсэй гэж хүсэж байна.  

 

Үржүүлэх эффект өндөртэй салбар руу хийсэн нь илүү өгөөжтэй байх байсан

Б.Мөнхдөл
Зах зээлийн мэдээллийн “Cover Mongolia” компанийн захирал

♦  Байгалийн баялагтай орны хувьд баялгийн хараалд өртөхгүйн тулд зөв зохистой удирдах, байгалийн нөөцийн менежмент, удирдлага маш сайн байх хэрэгтэй. Хэдхэн жилийн өмнө бид “Баялгийн хараал болохгүй” гэж ярьдаг байсан бол одоо хараалд өртөөд эхэлчихсэн байна. Энэ нь дан ганц уул уурхайгаас хараат тэр дундаа нэг бүтээгдэхүүн буюу нүүрсний үнэ, нэг зах зээлээс хамааралтай болсон байна. Түүнээс гадна тухайн улсын ажиллах хүч зөвхөн нэг салбарт төвлөрдөг. Манай улсын хувьд уул уурхайн салбарын дундаж цалинг бусад салбарынхтай харьцуулахад харьцангуй өндөр байдаг. Баялгийн сангийн үндсэн концепц бол зөв. Учир нь Баялгийн санд АМНАТ-ын тодорхой хувийг хуримтлуулахаар төлөвлөсөн байна.  Нөгөөтээгүүр төрийн өмчит компаниудын ашгийг тэгш хуваарилан боломж бүрдэнэ. Гэхдээ энэ төрлийн компаниудыг одоо байгаагаас нэмэх шаардлагагүй. Харин ч тоог нь бууруулах нь зүйтэй.  Тэгэхээр бид баялгийн хараалаас гарахын тулд хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх шаардлагатай. Хэдийгээр энэ талаар ярьдаг боловч бодит хөрөнгө оруулалт байхгүй болсонтой адил шүү дээ. 

♦  Баялгийн сангийн хөрөнгийг барилгын салбарт хийхээр шийдэж байна. Залуу гэр бүлд орон сууцны хөнгөлөлттэй зээл байх нь чухал асуудал. Агаарын бохирдлыг бууруулахад орон сууцжуулах хөтөлбөр тодорхой үр дүнд хүргэх боломж бий. Гэхдээ бодит үнэн нь гэвэл энэ шийдэл буруу. Эдийн засагт үржүүлэх хүрдний хууль бий. Баялгийн сангийн хөрөнгийг үржүүлэх эффект өндөртэй салбар руу хийсэн нь илүү өгөөжтэй байх байсан. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгийн орлогоор барилгын салбарт хөрөнгө оруулалт хийх нь төдийлөн зохистой биш. Энэ удаагийн шийдэл Сингапурын загвар л даа. Гэтэл тус улсын Баялгийн сан нь хувь хүн тэтгэврийн санд төвлөрсөн мөнгөнөөс ипотекийн зээлийн урьдчилгаанд зарцуулдаг юм. Үндсэндээ сангийн хуваарилалтыг хуулбарлаж ашигласан. Гэхдээ орлогын эх үүсвэр гэдгийг бодох ёстой.

 

Хувийн хэвшил ашиг олж буй байгалийн баялгаас ард түмэнд хүртээх зарчим руу шилжих ёстой

С.Наранцогт
"Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал

♦ Монголчууд ашигт малтмал дээрээ тулгуурлаж хөгжих ёстой. Ашигт малтмалын том стратегийн орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж улс орны хөгжил ард иргэдийнхээ амьдралд зориулна гэдэг үндэслэлээр “Эрдэнэс Монгол” компанийг анх байгуулсан байдаг. Үндэсний баялгийн сангийн хуулиар бол манай нэгдлийн олж буй орлого хаана хэнд хүртэх, юунд зарцуулагдах гэдэг эрх зүйн үндсийг давхар бий болгож өгсөн нь бидний 20 жилийн өмнөх баялгийн өгөөжөө ард түмэнд тэгш хүртээх агуулга энэ цаг үед ирж байна гэж хэлж болно. Үндэсний баялгийн сангийн хууль батлагдах нэг хэрэг. Ний нуугүй хэлэхэд, үндсэн агуулга, мөн чанарыг нь цөөн хүн ойлгож байгаа. “Амь” оруулж ажил болгоход хийх зүйл нэлээн бий.  

♦ Стратегийн 16 ордоос долоо нь “Эрдэнэс Монгол”-д бусад нь хувийн хэвшлийн мэдэлд бий. Мөн стратегийн орд байх ёстой, ёсгүй гэх маргаан байдаг. Яг бодит байдал дээр дийлэнх татвар хураамжийг төрийн мэдэлд байгаа стратегийн ордуудаас бүрдүүлдэг. Тиймээс хувийн хэвшлийн асуудал яригдахаас аргагүй. Үндсэн зарчим бол төрд тодорхой хувиа эзэмшүүлэх ёстой гэж үзэж байгаа. Тэндээс "Эрдэнэс Монгол" компани юм уу, төр нэг ч төгрөг авахгүй. Үйл ажиллагаа нь төр, ард түмний нүдэн дээр ил тод, нээлттэй болох ёстой. Харин олсон ашгаасаа хуримтлалын сангаар дамжуулж ард иргэдийн өмнө тулгамдаад байгаа орон сууц, эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулна, үүнээс төр нэг ч төгрөг хурааж авахгүй. Нэг хүнд ногдох байгалийн баялгаараа дэлхийд нэгдүгээрт ордог Монгол Улсын иргэд өнөөдөр ядуу зүдүү, утаа, хөрсний бохирдол дунд түгжирч амьдрахгүй ёсгүй. Үүнийг шийдвэрлэх гарц бол баялгаа зөв ашиглаж зөв хуваарилах л асуудал. Ер нь төр, хувийн ялгаагүй уул уурхай, ашигт малтмалын үйл ажиллагаа ил тод болж далд эдийн засаг байхгүй болох ёстой.

 

Байгаль, экологийн асуудалд анхаардаг байх хэрэгтэй

Л.Мөнхбаясгалан
Сэтгүүлч

♦ Энэ бол маш чухал хууль. Би өмнө нь Сингапур, Норвеги улсад очиж баялгийн сангийнх нь үйл ажиллагаатай танилцаж байсан. Норвегийн баялгийн хуваарилалт бол тун оновчтой. Байгалийн баялгийн орлого нь улсын төсөв рүүгээ ордоггүй.  Тусад нь баялгийн сандаа татан төвлөрүүлж, ямар зүйлд зарцуулахаа тухайн жилдээ зарладаг.  Мөн иргэддээ хувь хүртээдэг.  Бас нэг сонирхолтой зүйл нь баялгийн сангийн орлогоосоо дэлхийн уул уурхай компаниудаас хувьцаа худалдан авч сангийн орлогыг нэмэгдүүлдэг.  Гэхдээ тэр нь таван хувиас хэтрэхгүй байх гэсэн өөрийн квоттой юм билээ. Тэгэхээр маш удаан яригдаж байж саяхан  баталсан.  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг би маш чухал хууль гэж харж байна. Норвегийн баялгийн сангийн  зохицуулалттай нэлээд ойролцоо гэж ойлгосон.  Одоо бид хуулийн хэрэгжилт дээр анхаарах ёстой.  Ард түмэнд ашиг хүртээдэг байх.  Боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн асуудлыг шийддэг байх учиртай.  Дээр нь нэмээд Баялгийн сангийн орлогоор Монгол Улс байгал, экологийн асуудалдаа анхаарах хэрэгтэй. Тухайлбал, говийн усгүй болчихлоо. Өмнөговийн Цогтцэций суманд гэхэд 400 метр ухаад ус гарч ирэхгүй байна.  Өмнө нь говийг устай болгох “Хэрлэн тоонот” төслийг хэрэгжүүлэх талаар яригдаж байсан ч одоо хүртэл үр дүнтэй төсөл хөтөлбөр гэж алга.  Монгол Улс экологийн тэнцвэр алдагдсан есөн орны нэг. 2028 онд усгүй болох орны тоонд багтаж байна. Тэгэхээр  Үндэсний баялгийн сангийн орлогоо энэ мэтчилэн улс орны нэн чухал асуудлуудад зарцуулах ёстой гэж үзэж байна. 

 

Уул уурхайг төрийн өмчийн салбар болгох гээд байна

Ж.Золжаргал
Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал

♦ Баялгийн сан хэрэгтэй. Гэтэл хажуугаар нь Ашигт малтмалын хуульд сэмхэн өөрчлөлт хийж уул уурхайг төрийн өмчийн салбар болгох гэж байна.  Төрийн өмч гэдэг бол ард түмнийх гэсэн үг биш. Засгийн газрын мэдлийнх. Засгийн газрыг сонгуульд ялсан нам байгуулдаг. Ингэж төрийн өмч намын мэдлийнх болж хувирдаг. Төрийн өмч томроод, уул уурхайн салбар улс төржинө гэдэг нь намын нөлөөнд л орно гэсэн үг. Уул уурхай бол Монголын эдийн засаг. Эдийн засаг намын мэдэлд очсоноор эрх баригч намд хэсэг бүлэг хүн, хэнд ч дийлдэхгүй, өрсөлдөх боломжгүй монопол болж хувирна. Энэ нь даамжраад нийгэм, улс төрийн тогтолцооны өөрчлөлт рүү хөтөлнө. Ингээд чөлөөт нийгэм устах эхлэл тавигдаж байгаа юм.

Төрийн өмчийн томоохон үйлдвэр, уурхайнуудыг Засгийн газрын нэрийн ард нуугдсан намчид биш Монголын иргэд өөрсдөө шууд хувьцааг нь эзэмших ёстой. Иргэд баян, төр цомхон болж байж л эдийн засаг эрчимжинэ, улс төр цэвэршинэ. Гэтэл эсрэг хандлага яваад байна. Татвар хураагаад явахын оронд төрийн өмчийн компаниудыг томруулж байгаа нь тэдгээрийн удирдлагыг улс төрчид томилж, үйл ажиллагааг зохицуулж, худалдан авалт, ариун цэврийн өрөөний үйлчилгээнд хүртэл оролцоно гэсэн үг.  Засгийн газар бүгдийг төвлөрүүлж хурааж байгаад буцаагаад зөв хуваарилна гэдэг үлгэрт одоо хүмүүс итгэхээ больсон. Иргэд, хөдөлмөрчид, үйлдвэрлэгчид бага татвар төлж, гар дээрээ ахиу үлдээж татварт бага төлбөл ашиг орлого нэмэгдэнэ, татвар төлөлт өснө, эдийн засаг тэлнэ, Монгол хөгжинө. Эсрэгээрээ төр томроод л байвал хүмүүс хийж бүтээхийн оронд халамж хүлээж сууна, нам төрийн дээр гарна, эдийн засаг агшина, Монгол хоцрогдоно. Ийм л байна.

 

Иргэдийнхээ амьжиргаанд чиглэсэн бүтээн байгуулалтад зарцуулаасай

З.Нямзул
Соёл, урлагийн менежер

♦ Баялгийн сангийн тухай хууль батлагдсанд баяртай байна. Монголчуудын хувьд цаг ямагт төрж өссөн газар нутгийнхаа байгалийн баялагт эзэн нь байсаар ирсэн. Цаашдаа ч энэ хэвээр байгаасай. Харин хуваарилалтыг иргэдийнхээ амьжиргаанд чиглэсэн бүтээн байгуулалтад зарцуулаасай гэж хүсдэг. Бодит ажлын байрыг нэмэгдүүлдэг ч юм уу. Иргэдийн хөгжих, ажиллах, аюулгүй амьдрах боломж нөхцөлд нь дэмжлэг болоход зориулсан томоохон бүтээн байгуулалтыг хийвэл тун сайн. 

♦ Энэхүү мөнгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд зарцуулсныг зөв шийдвэр гэж бодож байна. Ялангуяа Монголын залуу гэр бүлүүдийн хувьд өөрийн орон байртай болох нь хамгийн тулгамдсан асуудал байдаг. Харин ипотекийн зээлд хамрагдсанаар олон гэр бүлд урам зориг, тус болсон болов уу.   

 

Байгалийн баялагтаа эзэн байна гэдэг хууль батлуулаад болчихдог зүйл биш

Ө.Цэрэнчунт
Дуурийн дуучин

♦ Ийм хууль хэрэгжиж байгаа талаар мэдээлэл бага байна. Ер нь байгалийн баялагтаа эзэн байна гэдэг зүгээр л хууль батлуулаад болчихдог зүйл биш. Хэн нэгэн хууль батлуулаад баяжих зэвсэг ч биш байгаасай гэж хүсэж байна. Төрийн өндөрлөгт гарсан эрхмүүд энэ хугацаанд ард түмнээ тэнэг харагдуулж, үзэл бодлыг нь доройтуулсаар ирлээ. Хоол, хов хоёроос өөр зүйл бодох тэнхэлгүй болгочихоод, сонгууль дөхөхөөр юм хийж байгаа юм шиг дүр үзүүлж байгаа нь харамсалтай. Тиймээс хууль санаачилж буй эрхэм нөхдүүд эхлээд ухамсраа нэмж, хэн нэгэнд таалагдах хүслээсээ ангижирмаар байна. 

♦ Үнэхээр ипотекийн зээл нь энгийн ард иргэдэд хүрсэн бол сайн л байна. Харин бусдад яг хэрэгтэй хууль санаачилсан бол ажил хэрэг болж, үр өгөөжөө өгтөл нь өөрийн үзэл бодолдоо тууштай, байр суурин дээрээ баттай зогсдог байгаасай. Мөн удахгүй сонгууль болно. Тиймээс ард иргэдэд худал зүйл амлаж, саналыг битгий худалдаж аваасай гэж хүсэж байна. 

 

Баялгийн санд орж ирэх мөнгөний урсгал, хуримтлагдах зам нь хязгаарлагдмал байна

О.Адъяа
"AmCHam Mongolia" гүйцэтгэх захирал

♦ Баялгийн сан хэрэгтэй юу, хэрэгтэй. Байгалийн баялгаас орж ирсэн орлогоо төвлөрүүлэх нь  зөв. Гэхдээ  санд орж ирэх мөнгөний урсгал, хуримтлагдах зам нь хязгаарлагдсан байдал ажиглагдаж байна. Учир нь баялгийн санг дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт хийх шаардлага үүссэн. Тухайлбал, Ашигт малтмалын тухай  хуульд өөрчлөлт орж Засгийн газар стратегийн ордуудын 34 хувийг үнэгүй эзэмшинэ гэж заасан. Үе үеийн засгийн газар  ашигтай байх ордууддаа өөртөө төвлөрүүлж стратегийн жагсаалтад оруулдаг. Ийм эрсдэл байгаа учраас томоохон хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байх магадлал өндөр. Өөрөөр хэлбэл, ураны, газрын ховор элементийн, зэсийн ашигтай байх ордод хөрөнгө оруулагчид хөрөнгөө гаргаж төслөө хэрэгжүүлж байтал  Засгийн газар  стратегийн ордод оруулж 34 хувийг үнэгүй эзэмшинэ гэх үндэслэл хуулиар тогтсон гэсэн үг. Үүгээрээ гадаадын  хөрөнгө оруулагчдыг үргээж байна. Мэдээж баялгийн сан байх ёстой. Тиймээс шинээр бүрэлдэх Засгийн газар үүнд эргэж харж нухацтай хандаасай гэж хүсэж байна. Үг үйлдэл нь зөрөөд байна. Өнгөрсөн жил Оюутолгойн далд уурхай ашиглалтад орсон үед эрх баригчид бид үндэстэн дамнасан том хөрөнгө оруулагчидтай ажиллаж суралцлаа. Тэгэхээр бусад Рио тинто  шиг том хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллахад бэлэн байна гэсэн мессэж өгсөн хэр нь  өнөөдөр үйлдэл нь буруу болж байгаад харамсаж байна. “Оюу толгой”-н хөрөнгө оруулалтаас өөр хөрөнгө оруулалт Монголд сүүлийн 10 жилд орж ирсэнгүй.

 

Ипотекийн зээлийг санхүүжүүлэх боломж бүрдлээ

Б.Бүжинлхам
"Re/Max Mongolia" бүсийн гүйцэтгэх захирал

♦ Баялгийн сангийн  хууль батлагдсанд талархалтай байна. Одоо бүтээж буй баялгийг  зөв менежментээр удирдаж эргүүлээд ирээдүйд залуучуудад хөрөнгө оруулалт хийж, баялгаа үлдээх боломж ирлээ гэж харж байна. Аливаа улс  аж ахуйн нэгжийн татвараар санхүүжиж хөгждөг эдийн засгийн механизм нь зөвхөн /таx/ татвар биш. Харин Баялгийн санд төвлөрөх мөнгөөрөө эргүүлээд эдийн засгаа санхүүжүүлэх бас нэг боломж юм. Гэхдээ үүний зэрэгцээ баялгийн сангаа зөв удирдаж чадах уу. Ил тод нээлттэй байдлаар цаашаа хөгжих чадах уу гэдгээс сан амжилттай үргэлжлэх нь шалтгаална. Монголд байгаа  авлигын асуудал үг санг тойрохгүй, дайраад өнгөрөх эрсдэл байгаа. Үл хөдлөх хөрөнгийн салбарын талаас нь харвал Баялгийн сан дотроо гурван сантай. Үүний нэг нь  Үндэсний баялгийн сан. Сангийн сайд Б.Жавхлан саяхан мэдэгдэл хийж тус санд  500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр хийлээ. Ингэснээр эдийн засаг энэ хэрээр эргэлтэд орж залуу гэр бүлүүдэд моргэйжийн зээлд хамруулах боломж ирлээ. Энэ бол сайн мэдээ сайн дохио. Цаашдаа  энэ хэвээр үргэлжлээд яваасай гэж хүсэж байна. Гэхдээ хууль өнгөрсөн дөрөвдүгээр сард батлагдсан болохоор ирээдүйд төчнөөн тэрбум доллар цугларч ипотекийн зээлийг санхүүжүүлнэ гэсэн хүлээлт одоогоор алга. Тиймээс богино нь  хугацаанд хүлээлт  алга. Урт хугацаанд байж болно. 500 тэрбум төгрөг нэг талаасаа боломж боловч нөгөө талаасаа яг одоо байгаа эрэлтэйгээ харьцуулбал хангалттай биш. 6000 орчим өрх үүнд хамрагдана. Гэтэл цаана нь 100 мянган өрх орон сууцтай болох эрэлт байна.

 

Монголчууд баялагтаа эзэн болж чадна

Ц.Базарханд
МУИС-ийн Газарзүйн тэнхимийн доктор, дэд профессор, Монгол Улсын зөвлөх инженер

♦ 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр   газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх, байгалийн баялгийг ашигласнаас олох орлого, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтоох талаар заасан. Дэлхийн өндөр хөгжилтэй олон оронд хэрэгжсэн зөв туршлага тул монголчууд баялагтаа эзэн болж чадах бүрэн боломжтой. Энэ хуулиар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн энэ тулгуур үзэл баримтлал бодитой хэрэгжих боломж бүрдэж байгаа нь нэн чухал ач холбогдолтой юм.

♦ Баялгийн сан байгуулж олсон орлогыг оновчтой хуваарилах хэрэгтэй. Зөв тогтолцоо шаардлагатай байна гэж харж байна.

 

Баялгийн сангийн зарцуулалт тодорхой байх ёстой

С.Бямбахорлоо
СЭЗИС-ийн Эдийн засаг санхүү хариуцсан проректор, эдийн засагч, доктор

♦  Баялгийн сангийн тухай хуулийг дэмжиж байгаа ч зарцуулалт нь маш тодорхой байх ёстой. Баялгийн сангийн мөнгө сонгуулийн сурталчилгаанд үрэгдэх ёсгүй. Баялгийн сангийн тухай хуулийг сонгуулиар далимдуулан батлах нь зөв байсан. Хамгийн гол нь Баялгийн сангийн зарцуулалт тодорхой, урт хугацаанд ирээдүйд чиглэсэн, шинжлэх ухаан боловсролд хөрөнгө оруулах байдлаар тусгах нь зөв.

 

Аль хэдийнэ зарцуулаад эхэлсэн байна

Г.Жавхлантөгс
Монгол дахь Америкийн худалдааны танхимын Бодлого хариуцсан захирал

♦  Баялгийн сангийн тухай хууль байх ёстой. Батлагдсан нь зөв. Мэдээж баялгийн сангаа арвижуулж ард түмэнд хүртээгээд явах нь зүйн хэрэг. Гэхдээ зарим зүйлийг эргэж харах, засаж, сайжруулах шаардлага бий. Тухайлбал, дагалдаж хэрэгжих Ашигт малтмалын тухай хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд орсон өөрчлөлтөд нэг хувьцаа эзэмшигч стратегийн ордод 34 хувиас дээш эзэмшиж болохгүй. Мөн өвлүүлэх болон бэлэглэхэд 30 хувийн татвар ногдуулна гэснийг эргэж харах хэрэгтэй гэж хэлээд байгаа юм. Хамгийн гол нь цаашид энэ хууль урт хугацаанд, өгөөжтэй байдлаар хэрэгжих учиртай. Нэгэнт 34 хувиас илүүгээр хувьцаа эзэмшихгүй гэхээр хөрөнгө оруулагч 51 хувийг эзэмшихийг хүсвэл Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шаардлага үүсэж байна. Хэрэв энэ байдал үргэлжилбэл цаашид хөрөнгө оруулалт орж ирэх эсэх нь мөн л эргэлзээтэй болж байгаа юм.

♦  Баялгийн сан хуримтлал үүсгэн түүнийгээ өсгөж ногдол ашиг хүртээдэг зарчимтай. Жишээлбэл, Норвегийн баялгийн сан хуримтлалаа өсгөхийн тулд мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлсэн баг ажиллаж хөрөнгө оруулалт хийж мөнгөө өсгөөд түүнээсээ ногдол ашиг хүртээдэг. Гэтэл манай улс аль хэдийн зарцуулаад эхэлж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, өсгөхөөсөө урьтаад зарцуулаад эхэлж байгаа нь итгэл төрүүлэхгүй байна. Хэдийгээр бэлэн мөнгөөр тараахгүй гэж байгаа нь сайн боловч хуримтлалын мөнгийг өсгөх үндсэн зарчим алдагдаж байгаа хэрэг. Тэгэхээр иргэд бодитой ашиг хүртэж чадахгүй болно гэсэн үг. Үндсэндээ зах зээлийн зарчмаар л ажиллавал бодит ажил болно. Энэ хууль батлагдсанаар хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж байна. Тэгэхээр зайлшгүй засаж, сайжруулах шаардлагатай гэсэн үг.

 

Баялгийн сан ил тод байх хэрэгтэй

Т.Энхбаяр
Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга

♦ Би говь нутгийн гаралтай хүн. Хоёр өвөө минь Өмнөговь аймгийн хүмүүс. Би өөрөө Дундговь аймагт төрж өссөн. Монголчууд байгалийн баялагтаа эзэн шиг эзэн байх ёстой. Алтан дээр сандайлсан гуйлгачин шиг байж болохгүй. Уул уурхайгаас орж ирж байгаа орлогоос иргэд шууд өгөөжийг нь хүртдэг байх хэрэгтэй байна. Үндэсний баялгийн санг бий болгохдоо  ил тод, маш хариуцлагатай зохион байгуулах ёстой. Тиймээс л эрх баригчдаас илүү сөрөг хүчин хүчтэй байх ёстой. Байгалийн баялгийг зөвхөн хэн нэгэн эрх мэдэлтэн, гадаадын компани хүртдэг болоод удаж байна. Үүнийг таслан зогсоож иргэн бүр өгөөжийг нь шууд хүртдэг байдлаар хуваарилж байж л оновчтой болно.  Тухайлбал,  Хятад, Норвег, Саудын Араб зэрэг баялгийн сан байдаг. Эдгээрийн сайн туршлага, алдаа оноог судлах хэрэгтэй. Одоо болон ирээдүй үеийнхэндээ өгөөжөө хүртээх байдлаар гол бодлого нь явдаг. Бид ирээдүй хойч үедээ байгалийн баялгаа хадгалж үлдээх ёстой л юм байгаа юм.

 

Сангийн удирдлага, менежмент  мэргэжлийн, хараат бус байх нь чухал

Н.Алгаа
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал асан

♦ Бид Ирээдүйн өв сан, Хүний хөгжлийн сан гэх мэт олон сан байгуулж байсан. Өнөөдөр эдгээр сангууд амжилттай болсон нь байна уу. Тэгэхээр  сан байгуулах нь нэг асуудал. Харин уг санг ямар менежментээр хэн удирдах вэ гэдэг нь хамгийн чухал асуудал. Төрийн оролцоотой  сангийн менежмент, төрийн оролцоотой удирдлагаар сан амжилттай явна гэж байхгүй. Энэ удаагийн УИХ Баялгийн сангийн хууль баталж сантай болсон нь зөв ч хараат бус мэргэжлийн  сангийн удирдлагыг хуульчилж өгөөгүй нь учир дутагдалтай.  Байгалийн баялгаас ирэх мөнгийг санд  төвлөрүүлчхээд төсөвт зарцуулж үргүй зардал болговол хуримтлал үүсэхгүй. Уг нь сангийн мөнгө арвижиж байх учиртай. Тэгэхээр уул уурхайн стратегийн ордын төлөөлөл, иргэний нийгмийн төлөөлөл, уул уурхайн мэргэжлийн холбоод, санхүүгийн салбар зэрэг төрөөс хараат бус мэргэжлийн сангийн удирдлага байх нь чухал. Үүнийг хуулиар баталгаажуулах ёстой. Ингэснээр сан амжилттай, зорилго нь биелүүлэх үндэслэлтэй. Дөрвөн жилээр солигдох сангийн удирдлага байж болохгүй.

 

Баялгийн тухай хууль цаасан дээр л үлдэх нь

Н.Отгонжаргал
Соёл, урлагийн менежер

♦ Уг нь хууль нь батлагдаад, хэрэгжилт нь явж байгаа гэж сонссон. Харин миний харж буйгаар яг хуулийнхаа дагуу, ард иргэд байгалийн баялагтаа эзэн болж чадахгүй байна.Тэгэхээр энэ хууль зүгээр л цаасан дээр үлдэх дүр зураг харагдаж байна. Хэрэв хуулийн хэрэгжилт үнэн зөвөөр явж, шат шатандаа хэрэгжиж чадвал монголчууд баялагтаа эзэн болж чадах хүмүүс. Гэхдээ тэр системийг бий болгож, хянах зөв хөшүүрэг нь байхгүй байгаа нь харамсалтай.

♦ Байгалийн баялгийн хуваарилалтыг ирээдүй хойч үедээ өвлүүлэх, улс орныхоо хөгжилд зөв хөрөнгө оруулах зүйлд ашигладаг баймаар байна. Ипотекийн зээлийн хувьд яг эзнээ онож очсон бол нэг талаараа зөв. Харин нөгөө талаас нь харахад иргэд хэтэрхий туйлшрах вий гэсэн бодол төрж байна. Тиймээс энэ хуулийн хэрэгжилтийг их зөв, судалгаатайгаар хийгээсэй гэж хүсэж байна.

 

Төрийн уламжлалыг сайн хадгалж чадвал хууль хэрэгжих боломжтой

З.Баянзул
Хүүхэлдэйн театрын захирал

♦ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан нь Монгол Улсын хувьд чухал эрх зүйн баримт бичиг болсон. Хуулийн хэрэгжилтэд улс төрийн тогтвортой байдал чухал нөлөөтэй. Хэрэв төрийн уламжлалын залгамжийг сайн хадгалж чадвал хууль хэрэгжих боломжтой.

♦ Нэгэнт хууль батлагдсан учир хуулийн хэрэгжилтийг харах хугацаа хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсад агаарын болон хөрсний бохирдол их байгаа учир орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх нь тулгамдсан асуудал болж байна. Иймд эхний удаа ипотекийн зээлд өгөхөд буруудах зүйлгүй гэж бодож байна.

 

Үндсэн хуулийн үзэл баримтлалыг амилуулсан

Н.Энхболд
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн

♦ Хууль батлагдсан суурь шалтгаан нь 2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт юм.  Баялгийн ашиг тэр дундаа уул уурхайгаас олж байгаа баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэдэг агуулгыг Үндсэн хуульд оруулж өгсөн.  Байгалийн баялгийн ашигтай улс орон болгон янз бүрийн эрх зүйн зохицуулалтаар, арга хэлбэрийг ашиглаж, хуваарилалтыг хийдэг.  Тухайлбал, үндэсний баялгийн, тогтворжуулалтын, хадгаламжийн, ирээдүй хойч үеийн, тэтгэврийн, валют, нөөцийн хөрөнгө оруулалтын, стратегийн хөгжлийн хуваарилалтын сан гээд олон хэлбэртэй байна.  Түүнээс манайх олон тал талаас нь судалж байж бас өөрийнхөө онцлог, уур амьсгал нөхцөл байдалд таарсан гурван санг тусгаж, хууль баталсан. Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хууль болж байгаа.  Хэдийгээр яаралтай оруулж ирж баталсан ч цаашаа боловсронгуй болгоод энэ анхдагч хуулиа хөгжүүлээд явах ийм боломжууд бий.

 

Баялгийн сангийн орлогоор боловсролын салбараа хөгжүүлэх нь чухал байна

А.Санжмятав
Соёмбо академийн захирал, доктор

♦ Монгол Улс байгалийн арвин баялагтай орон.  Гэтэл ард иргэдийн амьжиргаа сайжрахгүй байна.  Эдийн засгийн өсөлт ч хангалттай хэмжээнд хүрч чадсангүй.  Үүнийгээ дагаад  манайд боловсролын салбарын хүртээмж чанар байнга асуудалтай явж ирсэн.  Одоо байгалийн баялгаа тэгш, жигд хүртээх хууль эрх зүйн орчин бүрдсэн учраас энэ чиглэлдээ нэлээд анхаараасай.  Хуулийн үзэл баримтлал боловсрол, эрүүл мэнд, орон сууцжуулах хөтөлбөр гээд нэлээд боломжийн асуудлууд туссан.  Одоо хэрэгжүүлж, баялгийн ашгаа сандаа төвлөрүүлэх нь чухал байна.  Боловсролын салбарт  гэхэд багшийн хөгжил хөтөлбөрийг санаачилж, бүх шатны боловсролын байгууллагын багш сурган хүмүүжүүлэгчдийг гадаад болон дотоодын сургалтад хамруулж мэргэжил дээшлүүлэх талаар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.

 

Санд орох мөнгөний эх үүсвэр нь хязгаарлагдах нь гэж л харж байна

Г.Болормаа
Эрхзүйч

♦  Баялгийн сангийн тухай хууль батлагдсан нь зөв. Гэхдээ хууль батлах явцыг хууль тогтоомжид нийцүүлэх асуудлыг орхигдуулсан. Засгийн газар хөрөнгө оруулалт татах бодлого боловсруулж ажиллаж байгаа. Гэтэл энэ бодлогынхоо эсрэг үйлдлийг яаралтай горимоор баталсан хуулийн үр нөлөөгөөр харуулж байна гэж болно. Хөрөнгө оруулалтыг татна гэж хэлсэн атлаа хаалгаа хааж байгаа юм биш үү гэсэн байр суурийг хүмүүс илэрхийлж байгаа. Өмнө нь стратегийн салбарын хөрөнгө оруулагчдыг зохицуулах тухай хууль баталж байсан. Гэсэн хэдий ч засаж залруулахгүй бол болохгүй гэдэг шалтгаанаар хүчингүй болгож байсан удаа бий. Түүнтэй адилаар Үндэсний баялгийн сангийн тухай хууль ч мөн ийм байдалд хүрэх болов уу гэсэн болгоомжлол бий. Нөгөөтээгүүр, Шинэ сэргэлтийн бодлогодоо төрийн оролцоог хумих тухай оруулсан. Гэсэн атлаа төрийн оролцоог нэмэгдүүлэх арга замыг хуульчилж байна гэж харж байгаа.

♦  Хэдийгээр баялгийн санд орлого төвлөрүүлж ард түмэнд тэгш, шударга байдлаар хуваарилалт хийнэ гэж байгаа ч санд орох мөнгөний эх үүсвэр нь хязгаарлагдах нь гэж л харж байна.

 

Баялгийн сангийн хууль нийгмийн захиалга байж болно

Г.Отгонтуяа
Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн

♦ Манай зөвлөл нь уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарт хариуцлагатай уул уурхайг дэмжих, БОНЗ-ыг нэвтрүүлэх чиглэлд ажилладаг.   Монгол Улс бол баялгийн арвин нөөцтэй улс орон. Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгцээ шаардлага, нийгмийн захиалга байж болно, үгүйсгэхгүй. Гэхдээ яаралтай горимоор баталсан нь сонгуулийн үеийн улс төрийн намуудын тоглолт биш байгаасай л гэж найдаж байгаа. Баялгийн сангийн тухай хуулийн төсөлд Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван сантай байхаар тусгасан байсан.  Гол нь эдгээр сангуудыг удирдах, захиран зарцуулах менежментийн бүтэц маш чухал.  Улс төрөөс хараат бус, ил тод, шилэн байх ёстой. Ялангуяа эрх баригчдын хамаарлыг маш бага байлгах хэрэгтэй.  Өмнө хэрэгжиж байсан Хүний хөгжлийн сан шиг нэг өдөр гэнэт алга болчихдог байж болохгүй.  Монголын ард түмэн байгалийн баялгаа шударга, тэгш хуваан хүртэх ёстой. Гэхдээ энэ нь хүн бүхэн хүрз бариад баялгаа олборлоно гэсэн үг биш.  Хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрлөө авсан хувийн хэвшлүүд хөрөнгө оруулалт татаад уул уурхайн төсөл, үйлдвэрлэл явуулаад улсын төсөвт татвараа төвлөрүүлж, иргэдийг ажлын байраар хангаж улмаар улс болон орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих замаар бид баялагтаа эзэн болж чадна. Ипотекийн зээлийн санхүүжилтийг бол сонгуулийн өмнөх поп шийдвэр л гэж харж байгаа.  Хамгийн гол нь гурван сангийн хөрөнгийн хуваарилалт баталгаатай, зарцуулалт оновчтой байх л чухал байна. Засаглалын менежментийг нь л сайн хийчихвэл ард түмэнд үлдэцтэй, ирээдүй, хойч үед хэрэгтэй гэж харж байна.

 

Сонгуулийн циклд зориулсан хууль биш байгаасай

Б.Анхзаяа
Улс төр судлаач

♦ Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэх эрхийг хангах чухал хууль мөн үү гэвэл мөн.  Гэхдээ хууль батлагдаж байгаа цаг хугацаа, батлагдах үеийн процесс нь бага зэрэг эргэлзээ төрүүлж байна. Анхдагч үзэл санаагаа дагаж мөрдөх хуулиуддаа гуйвуулж тусгах л юм бол эсрэгээрээ маш аюултай хууль болж хувирна.  Олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд  баялаг бүтээгчид, Олон улсын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг нэгтгэж чадвал энэ хууль мөн чанараараа үйлчилнэ гэж харж байна. Сонгуулийн циклд зориулсан л хууль биш байгаасай л гэж найдаж байна.

 

“Хүн” ч гэсэн “Үндэсний Баялаг юм”

Н.Энхбаяр
Эдийн засагч

♦ Баялгийн шударга хуваарилалтын тухай асуудал нийгэмд анхаарал татсан чухал асуудал. Үүнийг зохистойгоор шийдвэрлэхийн тулд улс төрчид Баялгийн сангийн тухай хуулийг боловсруулан хэлэлцэж баталсан. Өмнө хэрэгжиж ирсэн Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн банк зэргээс сургамж авч хөрөнгийн хуримтлал, хуваарилалтын асуудлаар бодлого зохицуулалтыг сайжруулах алхам хийж байгаа нь сайн хэрэг. Өнгөрсөн жилүүдэд хууль тогтоомжоор бий болгосон олон сангуудын ашиглалт, зарцуулалт төдийлөн оновчтой байгаагүй, хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан жишээ олон гарч байсан билээ. Баялаг буюу “Wealth” гэж юу вэ гэдгийг бид сайн ойлгох хэрэгтэй. Ард иргэдийн хувьд баялаг гэдгийг ашигт малтмал, түүнийг экспортод гаргасан орлого гэж ойлгож байна. Өргөн утгаараа Баялаг гэдэг нь зөвхөн ашигт малтмалын тухай ойлголт бус тухайн улс оронд байгаа байгалийн баялаг, өмч хөрөнгө, газар, мөнгө санхүүг бүхэлд нь багтаасан ойлголт байдаг. Харин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 1.1 болон 4.1 заалтад “Баялагийн сан” гэсэн ойлголтыг ашигт малтмал, түүний экспортын орлогоос бүрдсэн санг хэлнэ гэж тайлбарласан байна. Хэрэв Монголчууд Баялагтаа эзэн байж чадах уу гэвэл бид зөвхөн энэ хуулиар байгуулагдсан сангийн тухай бус илүү өргөн хүрээтэй байдлаар ойлгож, хандах шаардлагатай. Цаашид бид байгалийн нөөц баялаг, газар, ус маань ч гэсэн, бас “Хүн” ч гэсэн “Үндэсний Баялаг юм” байна гэж өргөн утгаар нь ойлгодог болох шаардлагатай.

♦ Энэ удаагийн батлагдсан хуулиар Баялгийн сан нь дотроо хуримтлалын, хөгжлийн, ирээдүйн өв сан байна гэж зориулалтаар нь ялгаж, салгасан нь нэг ахиц. Харин Ирээдүйн өв сангийн хөрөнгийг цаашид ямар менежментээр удирдах вэ, хэн захиран зарцуулах вэ, хэрхэн арвижуулах ёстой вэ гэдгийг дахин сайтар бодох ёстой. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөлд, эдийн засаг уул уурхайн салбараас хэт хамааралтай байгаа нөхцөлд ашигт малтмалын богино хугацааны үнийн өсөлт, эрэлтээс үүссэн нэмэгдэл орлогыг дотоодын эдийн засагт оруулах бус гадаад зах зээлд байршуулах нь эдийн засгийн болзошгүй халалтаас сэргийлэх, эдийн засгийн төрөлжилтийг дэмжихэд эерэгээр нөлөөлөх учиртай гэж үзэж байна. Богино хугацаанд гадаад хүчин зүйлийн түлхүү нөлөөллөөр бий болсон нэмэгдэл орлогыг уул уурхайн салбарт буюу илүү ашиг өгөөж өгөх салбарт зарцуулах ёсгүй, хэрэв хөрөнгөө арвижуулах зорилгод хөтлөгдсөн замаар хандсаар байвал эдийн засаг уул уурхайн салбараас улам бүр хамааралтай болж, эдийн засгийг төрөлжүүлэх урт хугацааны бодлогын зорилтод сөргөөр нөлөөлдөг талтай. 

 

Улстөрчдийн оролцоог аль болох багасгах хэрэгтэй

Б.Лакшми
Эдийн засагч

♦  Төсвийн алдагдал нөхөхөд болон маш олон төрлийн нийгмийн халамж зэрэгт бид өөрсдийн хуримтлагдсан мөнгөө үрчихээд байна.  Тэгэхээр баялгийн сангийн зохицуулалт их чухал байна.  Ямар ч гэсэн хуулиа баталчихлаа.  Цаашид энэ асуудалд улстөрчдийн оролцоог аль болох багасгах хэрэгтэй. Баялгийн сангийн орлогыг уул уурхай, ашигт малтмалын орлогоос төвлөрүүлнэ. Уул уурхайн гол төслүүдийг хувийн томоохон аж ахуйн нэгжүүд хөдөлгөж байна. Мөн Баялгийн санг бүрдүүлэх түүхий эдийн үнэ нь тогтворгүй учраас эргэж хэрэглэх эрсдэл нь өндөр байна. Иймээс удирдах зөвлөлийг зөв бүрдүүлэх хэрэгтэй. Төрийн өмчит компаниудын удирдах зөвлөл ихэнхдээ албан тушаалаар явдаг. Тэгэхээр албан тушаалаар давхардсан тоогоор орж ирдэг. Дээр нь үндсэн ажлаа хийнэ. Албан тушаалын давхардлыг хориглох, хараат бус гишүүний тоог нэмэх хэрэгтэй. Хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг тодорхой тоо нэмж байж ил тод байна.

 

Хуулиа хэрхэн сайжруулах, дагаж мөрдөхөөс л хамаарна

Ж.Дэлгэрсайхан
СЭЗИС-ийн зөвлөх багш

♦ Баялгийн сангийн тухай хууль батлагдсан нь зүйтэй. Уул уурхайн баялгаас орж ирсэн орлогыг нэгдмэл удирдлагаар зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Хуулийн ерөнхий үзэл баримтлал ч сайн болсон. Байгалийн баялгийг хүн бүрд тэгш хүртээх, ирээдүйдээ хадгалах, хөгжлийн төлөө зарцуулах гурван үндсэн чиглэлд сан байгуулахаар төлөвлөсөн нь зөв. Гэхдээ энэ хуулийг яаралтай горимоор баталсан нь зөвхөн суурь үндэс болж байна гэж харж байгаа. Цаашид маш олон чиглэлд сайжруулах ёстой. Засаглал хэрэгжилт, удирдлага чиглэлд анхаарах зүйлс бий. Гэтэл олон улсын баялгийн сангийн туршлагаас харвал, удирдлага, хяналт нь тодорхой хэмжээнд улс төрийн институциас хараат байх ёстой. Тиймээс засаглалын чиглэлд засаж, сайжруулах шаардлага үүсэх болов уу. Харин байгалийн баялагтаа эзэн болж чадах эсэх нь баталж гаргасан хуулиа хэрхэн сайжруулах, дагаж мөрдөхөөс хамаарна. Өөрөөр хэлбэл, хуулиа дээдэлж хэрэгжүүлэх чадамжтай засаглалаас хамаарна. Учир нь Монгол Улс олон хууль, тогтоомжтой. Гэтэл хэрэгжилтийн түвшинд алдаа гарч байна. Энэ нь хууль дээдлэхгүй байна. Нөгөөтээгүүр засаглал муу ажиллаж байгаагийн илрэл.

♦ Одоогийн гаргаж ирсэн гурван чиглэл нь зөв шийдвэр. Мэдээж байгалийн баялгийн орлогоосоо нэгдүгээрт, ирээдүйдээ хадгалах ёстой. Хоёрдугаарт, Хуримтлалын санд хуримтлуулахдаа өнөөдөр байгаа хүмүүстээ чиглүүлж байна. гуравдугаарт, хөгжлийн санд төвлөрүүлэх нь. Тэгэхээр хуримтлалын сангийн хөрөнгийн орон сууц, боловсролын хэрэгцээтэй уях уу. Эсвэл хөгжлийн сангаа эдийн засгийн хөгжлөөр дамжуулан нийгмээ хөгжүүлж боловсрол, эрүүл мэндийн тэгш хүртээмжийг чиглүүлэх үү. Харин иргэдийг ирээдүйн эрсдэлээс хамгаалахын тулд хуримтлалын сангийн хөрөнгийг тэтгэврийн сантай нь уялдуулах нь зөв байх. Өөрөөр хэлбэл, ирээдүйн баталгаа руу нь чиглүүлэх нь оновчтой гэж харж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 111 (7355)

 

Г.Шижирбат ялна

Г.Шижирбат ялна

Уржигдар 18 цаг 08 мин
Төрийн тэргүүний төрсөн өдөр тохиож байна

Төрийн тэргүүний төрсөн өдөр тохиож байна

Уржигдар 15 цаг 52 мин
Ерөнхийлөгч М.Бадарчийн улсын арслан цолыг хураах зарлиг гаргажээ

М.Бадарчийн улсын арслан цолыг хураах ерөнхийлөгчийн зарлиг гарчээ

Уржигдар 15 цаг 12 мин
СЕХ: Гадаад дахь сонгогчдын бүртгэл маргааш дуусна

СЕХ: Гадаад дахь сонгогчдын бүртгэл маргааш дуусна

Уржигдар 15 цаг 07 мин
Говийн бүсийнхэн нэр дэвшигчтэйгээ цахимаар холбогдож, санал бодлоо илэрхийлээрэй

Говийн бүсийнхэн нэр дэвшигчтэйгээ цахимаар холбогдож, санал бодлоо илэрхийлээрэй

Уржигдар 13 цаг 59 мин
“СОНГОГЧ ТАНАА” гарын авлагыг хүлээн авна уу

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боло

Уржигдар 06 цаг 00 мин
Украин дахь хямралын үеийн хүний эрхийн байдлын талаар

Украин нь ямар ч эргэлзээгүй ардчилсан улс гэсэн ойлголт Барууны мэдээллийн орон

Уржигдар 06 цаг 00 мин
Дахин “давтагдашгүй” үндэсний үйлдвэрлэл

Нийслэлийн төв талбайд цагаан асрууд эгнүүлэн барьсан байх бөгөөд т

Уржигдар 06 цаг 00 мин
А.Энхбаяр: “Guyuk” метаверсээр дамжуулан түүх, өв соёлоо өвлүүлэн үлдээнэ

“Азийн инновац соёлын форум 2024” технологи, соёлын мэргэжилтнүүдийн

Уржигдар 06 цаг 00 мин
Нэг тэрбум иргэний эрхийн төлөө монгол эмэгтэй

Нийгэм нь түүнийг бүрдүүлэгч төрөл бүрийн хүмүүсийн онцлог бүлгү

Уржигдар 06 цаг 00 мин