БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Авлигаас ангижрахын тулд бүлэглэл, эрх ашигт нэгдсэн нөхдөд өвдөлт мэдрүүлэхээс өөр арга байхгүй

2024-05-10
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Өдөр тутмын гурван сонины сэтгүүлчид БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг ярилцлагад урьжээ. “Өдрийн сонин”-ы сэтгүүлч М.Мөнхцэцэг, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч С.Уянга, “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Сувдмаа нарын Б.Бат-Эрдэнэ сайдтай хийсэн ярилцлагыг хүргэе.

 

“Өнөөдөр”:

-Та БОАЖ-ын сайдаар ажиллаад хоёр жил гаруйн нүүр үзэж байна. Хэдийгээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүрэлдэхүүнд хожуу “багтсан” боловч салбартаа, нийгэмд дөнгүүр танигдсан сайд нарын нэгт тооцогддог. Үүнийг та юутай холбоотой гэж үзэж байна вэ?

-Салбартаа зөв мөр үлдээх тухайд богинохон цаг хугацаа. Засгийн газрын үйл ажиллагаатай холбож үзнэ. Сайд ирэхэд төрийн ажил явдаг, эзгүйд зогсдог байдлыг халсан.  Салбар системийн дагуу ажлууд нь явагддаг, хөгждөг тогтолцоог бий болгохыг зорьсон.

“Өдрийн сонин”: -Айхтар зуд болж өнгөрлөө. “Нэг ямаа нэг жуулчин” хөтөлбөрийн хүрээнд жуулчдад бэлэглэсэн ямаа зуданд эндсэн бол яах вэ. Цаашид энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх үү?

-Энэ бол жуулчныг малчны хотонд аваачиж малчдыг орлогожуулах хөтөлбөр. Жуулчид манай улсад ирэхдээ нүүдэлчин соёл ахуйтай танилцах гэж ирдэг. Тэр ахуй малчид дээр байна. Эндээсээ малчид мөнгө олох ёстой. Нэг малчны хэлсэн үг бий. Хотонд минь байгаа хонинд хотод байгаа та санаа зовоод яахав. Энэ миний өмч. Яахаа би мэдье гэж. Энэ бол нэг жуулчинд нэг хонь (ямаа) хөтөлбөр. Малчдыг орлогожуулах хөтөлбөр. Жилдээ 10 сая төгрөг олж байгаа малчдын орлогыг багадаа 50 сая төгрөгөөр нэмэгдүүлэх ажил. Малчид орлоготой болох нь нүүдэлчин ахуйгаа хамгаалах, газар нутгаа эзэнтэй байлгах, аялал жуулчлал хөгжих бүрэн боломж. Нүүдэлчин соёл ахуй, зан заншил, уламжлал малчид дээр минь бий. Энэ тасралтгүй үргэлжлэх ёстой.

“Зууны мэдээ”:

-Олон улсын Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагаас хийсэн судалгаагаар монголчууд уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг ойлголт туйлын дутмаг гэсэн дүгнэлт гарсан. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх, сэтгүүлчдийг мэргэшүүлэх, бодлогын хэмжээнд анхаарах цогц асуудлыг хэр хэмжээнд хийсэн бэ?

-Өнгөрсөн өвлийн зуд, турханыг бид мартаж болохгүй. 2050 он хүртэл Монголын агаарын температур дахиад 2.62 хэмээр, 2080 он хүртэл 6.2 хэмээр нэмэгдэнэ. Энэ бол дулааны улирлын хур тунадас буурах, хүйтний улиралд орох цасны хэмжээ өдөр бүрээр нэмэгдэх нөхцөл. Жил бүр цас их унана. Бид зудгүй өвөлжих тухай одооноос бодох, малчдаа нэмэлт орлогожуулах хөтөлбөрүүдийг хийж байна. Олон улсын уур амьсгалын арга хэмжээнд сэтгүүлчдийг түлхүү авч явж байгаа. Тэнд бүх нөхцөл байдлыг биеэрээ ойлгоосой гэж хүсэж байгаа.

 

“Өнөөдөр”:

-Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт шийдвэл зохих,хоолойд тулсан олон асуудал бий. Эдгээрийг бодлогын түвшинд зангидаж, эрэмбэлж, шийдэх нөхцөлийг бүрдүүлэх нь сайдын ажил. Та өнгөрсөн хугацаанд ямар асуудлуудыг тэргүүн эгнээнд эрэмбэлж, шийдэхийг эрмэлзэв?

-Гудамжаа цэвэрлээгүй бол гэр хэчнээн цэвэрлээд ч бохир адил энэ салбарын албан хаагчдын ажил, нийгмийн асуудлыг ойлгож шийдвэрлэхгүйгээр салбарын асуудлуудыг шийдэхгүй. Байгаль хамгаалагчид, цаг уурчдын цалин, хангамж жишигт буюу сумын өртөө харуул, техникчийн цалин 2.4 сая төгрөгт хүрсэн. Салбар дан татвар төлөгчдийн мөнгөөр биш өөрсдийн менежментээр орлогын эх үүсвэрээ бүрдүүлэх бодлого гаргах тал дээр анхаарч ажиллалаа.

 

“Өдрийн сонин”:

-Богд уулын дархан цаазат газрын хилийг дээшлүүлж уул руугаа өгсүүлбэл яасан юм бэ. Зайсангийн ам зэрэг энэ том хотуудыг нураалтай нь биш, худал яриад жуулчны хотхон гээд байлтай нь биш. Мөн Богд уулаа нүхлээд Шинэ зуун мод суурин байгуулна гэж байгаа. Энэ бүгдийг бодсон ч дархан газрын хилийг дээшлүүлсэн нь зөв байх...

-Үгүй. Богдхан дархан цаазат уул маань ЮНЕСКО буюу “Хүн ба шим мандлын нөөц”-д бүртгэгдсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд өөрчлөлт оруулах байдлаар шийднэ. Өөрөөр хэлбэл нийслэлийн хязгаарлалтын бүс гэсэн шинэ бүсчлэлийг оруулж ирж байгаа. Ингэснээр барилгажсан нийт талбайг татварын шинэ бодлоготой болгох, иргэдэд орон сууцаа өмчлөх, эдийн засгийн харилцаанд оруулах нөхцлийг бүрдүүлж өгнө.  Энэ бол эрхзүйн хийгдэх ёстой шинэчлэлт. Асуудлуудыг бүрэн шийдвэрлэх боломж. 

“Зууны мэдээ”:

-Манай улс байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийг бий болгох, хангах чиглэлээр олон улсын конвенц, хэлэлцээрүүдэд нэгдэж олон үүрэг амлалт авсан. Байгаль орчны салбарт шаардлагатай хөрөнгийг хэрхэн бүрдүүлэх санхүүжилтийн механизмыг хэрхэн бий болгож байна вэ?

-Бид бие даасан менежментийн тогтолцоог байгаль орчны салбарт бүрдүүлэхээр ажиллаж байна. Сая олон улсын ТНС байгууллагатай “Байгаль хамгааллын итгэлцлийн сан” байгуулж эхний 71 сая ам.доллар буюу 240 орчим тэрбум төгрөгийг бүрдүүлж чадлаа. Энэ бол 15 жил үргэлжлэх нийт 198 сая ам.доллар буюу 600 гаруй тэрбум төгрөг байгаль орчны салбарт зарцуулагдах бие даасан төсөв. Байгаль орчны салбар бие даасан, тогтмол санхүүжилттэй байх ёстой. Эхлэл нь энэ.

 

“Өнөөдөр”:

-Таныг ариун цэврийн байгууламж, хог хаягдлаас эхлээд оролцохгүй юмгүй, зарим үед хэт “хэнээрхэж” байна гэж шүүмжилдэг. Сайд том байх ёстой, бодлого ярих ёстой гэж сануулах хүмүүс ч байдаг. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-“The Devil is in the details”  гэж үг байдаг. Том байж бодлого гаргахад нарийн ширийн зүйлсээ орхигдуулж болохгүй. Сайд гэдэг бол сайн менежер гэсэн үг. Менежер хүн нарийн, жижиг зүйлийг анхаарч ажиллах ёстой. Ингэж байж бүтээмж үр дүнтэй болно. 

 

“Өдрийн сонин”:

-Хөв цөөрөмд мөнгө тавьж олныг байгуулмаар байна. Эхлээд ядахдаа аймаг бүрд цас, борооны усаар нэг томоохон хөв цөөрөм байгуулах боломж байдаг уу?

-Хөв цөөрмийг хэд хэдэн янзаар хийдэг. Дундаж зардал 300 орчим сая төгрөг. Энэ ажлууд ээлж дараалан явагдаж байгаа. Түрүүн хэлсэнчлэн “Байгаль хамгааллын итгэлцлийн сан” дээрээс энэ ажлыг хийхэд анхаарна. Бид өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийтдээ 11 хөв цөөрмийг бий болгосон. Мөн нуур, гол мөрөн гээд бохирдлоос салгах, цутгал, тэжээлийг цэвэрлэх, сувгийг өргөсгөх олон ажлыг хийсэн.

 

“Зууны мэдээ”:

-Байгаль орчны үнэлгээний асуудал бий. Жишээлбэл, үйлчилгээний салбарын нэг компани үнэлгээгээ хийлгэж чадахгүй 2-3 жил болж байхад уул уурхайн компанийнх хоёр сарын дотор гарч байна. Энэ мэтээр бизнесийг боомилж олон жил ужгирч ирсэн ямар асуудлуудыг өөрчилж шинэчлэв?

-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Үнэлгээг нутгийн иргэдийн нийтийн хурлаар заавал оруулж зөвшөөрөл авч байж батлуулдаг. Энэ нь их удаан процесс үүсгэдэг. Мөн нарийвчилсан үнэлгээтэй цуг таван жилээр менежентийн төлөвлөгөөг баталдаг мөртлөө жил бүр дахиад батлуулахыг шаарддаг. Мөн бэлэн мөнгө байршуулдаг гээд олон асуудлыг энэ хуулиар нэгмөр шийдэхээр тусгасан. УИХ-аар батлагдахад бүгд хялбаршина. Өмнө нь сард нэг удаа хуралдах тушаалтай байсан бол одоо 7 хоног бүр хуралдахаар өөрчилсөн.

 

“Өнөөдөр”:

-Таныг сайдаар томилогдох үед олон салбар цар тахлаас улбаатай хямралд өртсөн, нийгэм, эдийн засгийн байдал тогтворгүй, Монгол Улс жуулчдад хилээ ч бүрэн нээгээгүй байсан шүү дээ. Энэ үүднээсээ илүү хариуцлагатай, зоримог ажиллах сонголт танд тулгарсан гэж хардаг. БОАЖ-ын сайдаар ажиллахдаа ямар бодлого, зарчим баримталж ирэв?

-Аялал жуулчлалын салбар Монгол Улсын хоёр дахь тэрбум ам.доллар давсан борлуулалт хийсэн салбар болсон. Агаарын тээврийн либералчлал, визнээс чөлөөлөлтүүд, Монгол Улсыг сурталчлах олон улсын арга хэмжээ гээд олон ажлуудыг бид хийсэн. Татварын ялгамжтай бодлого буюу аялал жуучлалын бүсэд аялал жуулчлалын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад хамгийн таатай орчинг Засгийн газраас бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, буцалтгүй тусламж, газар олголт, чөлөөт бүсийн адил орчин.

 

“Өдрийн сонин”:

-Гэр хорооллын айл бүр хашаандаа гурван мод тарьвал агаар орчны бохирдол багасна гэдэг. Ийм хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй байна?

-Тэрбум мод үндэсний хөтөлбөр байна. Өрх бүр жимсний мод тарьсанаар орлогожих боломж бий. Нөгөө талдаа олон улсын хүлэмжийн хийн зах зээлээс жил бүр доллар авах боломж ч байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын яам олон улсын зах зээлээс бэлчээрийн ашиглалт, даац, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хүрээнд жилдээ 2.6 тэрбум төгрөгийг авч малчдад өгөөд эхэлчихсэн. Одоо бид тарьсан мод бүрт зах зээл дээрээс доллар авч өгөх ажлыг хийж байна. Энэ ажил удахгүй бүрэн хэрэгжинэ. Монгол Улс ойн сангаасаа жилдээ 877000 ам.доллараас 1 тэрбум 400 сая ам.долларыг олох боломжтой. Тиймээс энэ мөнгийг хүлэмжийн хийн зах зээлээс оруулж ирээд аймаг бүрт байх ойн санд хувиарлаж сум, аймагт амьдарч байгаа нутгийн иргэдийг орлогожуулж, хашаанд тарьсан мод бүрийг бүртгэлжүүлж, өрх бүрийг орлогожуулна.

 

“Зууны мэдээ”:

-Монголчуудын хамгийн их бухимддаг утааны асуудал таны эрхлэх ажлын хүрээнд байдаг. Зөвхөн нийслэл гэлтгүй аймгуудын утаа анхаарах асуудал болж байна. Утааг бууруулахад та ямар ахиц дэвшил гаргав?

-Утаа бол манай эрхлэх асуудал биш. Засгийн газрын тухай хуулиар бүх яамдад, сайд нарт хариуцуулсан байдаг.  Утаа бол дулаан үйлдвэрлэлийн үр дагавар. Дулаан үйлдвэрлэл бол Эрчим хүчний асуудал. Манай яаманд шахмал түлш, нүүрс, технологийн үйлдвэрүүд байдаггүй. Бид хяналтаа сайн тавьж, стандарт дээр анхаарч хянах үүргийг хүлээдэг.

 

“Өнөөдөр”:

-Байгаль орчны салбар шийдэх асуудал ихтэйн дээр эрх ашгаас үүдэлтэй зөрчил, тэмцэл ихтэй салбар.  Тиймээс сайд нарыг элдэв шүүмжлэл, хэл ам байнга дагадаг. Тусгай зориулалтын ан, газар олголт, уул уурхай  гээд далд эрх ашиг ихтэй асуудлуудтай холбоотой ямарваа нэг шийдвэр гаргах нь сайд нарын хувьд өөр дээрээ “гал дуудахтай” ижил байдаг. Та бугшмал, олон талын эрх ашигт “хүлэгдсэн” асуудлуудын гүнд орж, нүүр тулж ажиллаж чадсан уу?

-Чадсан гэж шууд хэлнэ. Бидний удирдлагын баг ажиллах эхлэх үед манай салбарыг авлига үүрлэсэн гэдэг байлаа. Бид шинэлэг олон ажлыг хийсэн. Авлигатай тэмцэх газрын комиссарыг дэргэдээ авчирч авлигатай газар дээр нь тэмцэж эхэлсэн. Манай яам 24 тусгай зөвшөөрөл олгодог. Бүгдийг хүнээс хараат бус болгож цахимжуулсан. Мөн нээлттэй ажлын байр буюу “Open office” хийснээр тусдаа суудаг байсан дарга нар нийт албан хаагчидтай нэг том өрөөнд суудаг болж байнгын хяналт бий болсон.

 

“Өдрийн сонин”:

-Жил бүр мод тарьдаг. Тарьсан моднуудын ургалт ямар байна. Энэ талын судалгаа байгаа юу?

-Тэрбум мод үндэсний хөдөлгөөн өрнөснөөс хойш 41.5 сая мод ургуулж, жилдээ 62 орчим сая ширхэг тарьц суулгацын нөөцтэй болж, 12.1 тн үрийн нөөцтэй болсон. Энэ үрийн нөөцөөр бид 283 сая ширхэг мод тарьж болно. Говийн бүсээр ургалтын хувь 85-92 хувьтай, хангайн бүсэд 97-99 хувьтай, хээрийн бүсэд 95 орчим хувийн ургалттай байгаа. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн бол мод тарихаас гадна  хүлэмжийн хийн зах зээл дээрээс тэрбум ам.доллар оруулж ирж эдийн засгийн эргэлтийг бий болгох том хөтөлбөр.

 

“Зууны мэдээ”:

-Нэлээд шүүмжлүүлдэг сайд нарын нэг нь та. Ер нь салбарын хэмжээнд үр дүнтэй ажиллах, бодит ахиц дэвшил гаргахад улс төрийн болоод өөр ямар нэг байдлаар ямар саад бэрхшээл гарав. Өөрчилж шинэчлэх итгэл үнэмшил төрөв үү?

-Авлигаас салах ёстой. Хуучин тогтолцоог өөрчлөх нь их хэцүү. Тухайлбал, Ан агнуур аймгуудад шилжүүлж дуудлага худалдаанд оруулсан. Хэн нэгний хармаанд жил бүр зүгээр л хэвтэж байхад нь ороод байдаг байсан мөнгө алга болчихоор уурлана. Газрын наймаа. Тусгай хамгаалалтанд байгаа газруудыг ерөнхий төлөвлөгөөгүй, төлөвлөлтгүй олгож ирсэн. Газар олголтыг зогсоож цуцалж эхэлсэн. Авлигаар авсан газрыг нь нэг сайд гарч ирээд цуцалчихаар уурлана. Бүгдийг цахимжуулаад, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд оруулаад бүх мэдээллийг ил тод болгочихоор бас л уурлана. Авлигаас ангижрахын тулд бүлэглэл, эрх ашигт нэгдсэн нөхдөд өвдөлт мэдрүүлэхээс өөр арга байхгүй. Хэцүү байсан ч бид хийх ёстой. Сайд гэдэг хувийн биш нийтийн төлөө ажиллах хүн.

 

“Өнөөдөр”:

-Манай улс өнгөрсөн онд түүхэндээ анх удаа 650 гаруй мянган жуулчин хүлээн авлаа.  Энэ онд жуулчны тоог нэг саяд хүргэх зорилт тавьсан. Үүнтэй холбоотойгоор ямар ажлууд хийв, юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Хоёр асуудал бий. Манай улс олон улсын нислэг хүлээж авч байгаа ганцхан нисэх буудалтай. Тиймээс менежмент сайжрах ёстой. Мөн Улаанбаатар хотын олон улсын жуулчин хүлээж авах зочид буудлуудын нэг өдрийн даац буюу нийт орны тоо 4000. Жилдээ өдөр бүр жуулчин авахад 1.4 сая жуулчин авах боломж гэсэн үг. Дотоодын аялагч, жуулчид бас буух ёстой. Тиймээс нэг сая гэдэг бол энэ тоогоор боломжгүй тоо. Бид Улаанбаатар хотыг өдөртөө 10 мянган жуулчин хүлээж авах боломжоор хангахаар ажиллаж байгаа. Сая жуулчинг ингэж авна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 94 (7338)

 

Ардчилсан намаас батлах “128 нэрсийн” эргэн тойронд...

Ардчилсан намаас батлах “128 нэрсийн” эргэн тойронд...

20 мин
Нүүрс борлуулаад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нүүрс борлуулаад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

5 цаг 4 мин
Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

5 цаг 19 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

10 цаг 56 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

15 цаг 58 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

16 цаг 3 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

16 цаг 8 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

16 цаг 13 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

16 цаг 18 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

16 цаг 23 мин