“Бүс ба зам” санаачилгатай уялдах Монгол Улсын бодлогууд

2024-05-07
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш, “Нэг бүс нэг зам” Хамтын хөгжил судалгааны Төвийн хятад судлаач, Боловсролын ухааны салбарын Доктор (Ph.D), 

Т.ЧУЛУУН-ЭРДЭНЭ

Төрөөс Монгол Улсын эдийн засгийн гадаад бодлогын үндсэн зорилгыг улсын эдийн засгийн хэтийн болон цаг үеийн зорилтыг зохистой шийдвэрлэхэд гадаад хүчин зүйлийг оновчтой ашиглах, улмаар улс орны эдийн засгийг бүс нутгийн интеграцид өөрийн гэсэн байр суурьтай болоход оршино гэж тодорхойлсон байдаг. Монгол Улсын Үндэсний Хөгжлийн Газраас 2018 онд хийсэн “Гадаад харилцаа, худалдаа, эдийн засгийн интеграцийн судалгаа”-нд “Монгол Улсын байгалийн баялаг, түүхий эдийн үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдааны бодлого хоорондын уялдаагүй байдал, түүнийг дэмжин хөгжүүлэх гадаад харилцааны бодлого алдагдсаны улмаас манай улсын бүс нутгийн эдийн засгийн интеграцид оролцох оролцоо хангалтгүй, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломж хязгаарлагдмал байсаар байна” гэж онцолжээ.

Монгол Хятад хоёр улсын бүх талын стратеги түншлэлийн харилцаа гүнзгийрч байгаа хэдий ч хоёр улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд шууд хамаарах дэд бүтэц сул байгаа нь хоёр улсыг эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэн ахиулахад нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл зам тээвэр дэд бүтэц муу, ложистикийн үйлчилгээний өртөг хэт өндөр зэрэг нь хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байна.

БНХАУ-ын гангийн томоохон үйлдвэрүүд нь хойд бүс нутагтаа буюу Хөбэй, Жянсу, Шаньдун, Ляонин, Өвөрмонгол, Гансу мужуудад түлхүү байрлаж, манай уул уурхайн голлох бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд боомтуудаар гарч эдгээр мужуудад хүрдэг байна. Одоогийн байдлаар боомт болон замын дэд бүтэц сайн хөгжөөгүйгээс нийт нүүрсний экспортынхоо 20 хувийг Гансу мужийн Жючуан төмрийн үйлдвэрт, 60 хувийг Өвөр Монголын Баяннуур аймагт, 20 хувийг Хөбэй мужийн Таншань үйлдвэрт нийлүүлж байгаа бол цаашид боомтын хүчин чадал, дэд бүтцийг сайжруулснаар Ляонин болон Жянсу зэрэг мужуудын том зах зээлд нэвтрэх бүрэн боломжтой. Ийнхүү БНХАУ-ын аж үйлдвэр, эдийн засаг, геополитикийн чухал нутаг болох зүүн хойд бүсэд нийлүүлэлт хийснээр зах зээлийн шинэ боломж нээгдэж, бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх боломжтой болно. Одоогийн байдлаар Монгол Улсын экспортын ачааны 90 орчим хувь нь 3 боомтоор, импортын ачааны 90 гаруй хувь нь 2 боомтоор хийгдэж байгаа нь голлох боомтууд дээр ачааны бөөгнөрөл үүсэх шалтгаан болж, экспортын алдагдсан боломжийг нэмэгдүүлж байна. Нөгөө талаас хилийн боомтуудын тээвэрлэх дэд бүтэц (AGV, шилжүүлэн ачих терминал, чингэлэг тээврийн терминал, дүүжин тээвэр гэх мэт) хангалттай хөгжөөгүйн улмаас экспортын биет хэмжээ хэлбэлзэх, доголдох асуудал гардаг. Түүнчлэн Монгол Улс сүүлийн 3 жилд төмөр замын сүлжээг 924 км өргөтгөсний дийлэнх уул уурхайн бүтээгдэхүүний экспортын чиглэлээр тавигдсан нь экспорт эрчимтэй нэмэгдэх суурь нөхцөл бүрдээд байна. Иймд боомтуудыг өргөтгөн шинэчлэх зайлшгүй шаардлага үүсэж байна.

Хятад улсын дарга Ши Жиньпин 2014 оны есдүгээр сард Монгол, Хятад, Оросын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг Оросын Евроазийн эдийн засгийн холбоо болон Монгол Улсын “Талын зам” санаачилгатай уялдуулж, “Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор”-ыг бүтээн байгуулж болно” гээд холбогдох хөтөлбөрийг баталсан.

Эдийн засгийн зургаан коридорын бүтээн байгуулалтыг “Бүс ба зам” санаачилгын үндсэн тулгуур гэж үздэг. Тэгвэл Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын зорилго нь гурван улсын хооронд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвараар хангах, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх замаар гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэх нөхцөлийг хангахад оршино. Хөтөлбөрийн хүрээнд дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлснээр дараах боломжуудыг бий болно гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна. Үүнд:

1) Зам, тээврийн салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэж, бусад салбарын хөгжлийг хангагч гол тулгуур болон эдийн засгийн өсөлтийг хурдасгана.

2) Монгол Улс Ази, Европ тивийг холбосон олон улсын тээвэр, ложистикийн коридорыг үе шаттай хөгжүүлснээр найдвартай, хямд, үр ашигтай тээврийн нэгдсэн сүлжээ бий болж, олон улсын худалдаа, тээвэр, ложистикийн зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлнэ [1].

“Шинэ сэргэлтийн бодлого” нь Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст халдварын цар тахлын эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулах, дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм. Тэгвэл тус бодлогод Монгол Улсын хөгжилд сорилт болж буй зургаан багц асуудлыг дэвшүүлсэн. Үүний нэг боомтуудын үйл ажиллагааны тогтвортой бус байдал гэж тодорхойлсон. Боомтуудыг хөгжүүлснээр уул уурхайн голлох бүтээгдэхүүний үнэ цэн болоод экспортыг нэмэгдүүлж, цаашлаад шинэ зах зээлд нэвтрэх боломжтой. Тухайлбал, БНХАУ-ын “14 дэх таван жилийн төлөвлөгөө”-нд “Хил залгаа орнуудтай харилцаж буй боомтуудын бүтээн байгуулалт, хөгжлийг бэхжүүлэх” ажлыг идэвхтэй урагшлуулахаар тусгасны дотор Монгол Улстай хиллэдэг Сэхээ, Ганцмод, Эрээн, Мандал, Зүүнхатавч боомтууд багтсан байна. Мөн нүүрсний нийт хэрэглээгээ 2050 он гэхэд 2.3 дахин бууруулахаар төлөвлөж байгаа ч эрчим хүчний нүүрсний импортыг түлхүү бууруулахаар төлөвлөсөн тул манай улсын косксжих нүүрсний экспортын зах зээл хэвээр хадгалагдахаар байна. Түүнчлэн дэлхий даяар 2020 онд 1.9 тэрбум тонн ган үйлдвэрлэсний 57 хувийг БНХАУ дангаараа үйлдвэрлэж байгаа нь манай улс гол зах зээлд ойр болохыг илтгэдэг.

Тухайлбал Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын “1.2.1.2. ОХУ, БНХАУ-ын төмөр замын тээврийн сүлжээг ашиглан гуравдагч зах зээлд хүрэх худалдаа, тээврийг хөнгөвчилсөн шинэ замнал (маршрут)-ыг бий болгон далайн боомтуудад гарцтай болох 1.2.1.3. төмөр замын нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, уул уурхайн бүтээгдэхүүн, дамжин өнгөрүүлэх ачаа тээвэр болон экспорт, импортын ачаа эргэлтийг үр дүнтэй хангах тээвэрлэлтийн оновчтой зохион байгуулалт бүхий төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээтэй болох 1.2.1.6. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх боломжийг ашиглан төмөр замын сүлжээг өргөжүүлэх чиглэлийг тогтоосны үндсэн дээр Ази-Европыг холбосон өрсөлдөх чадвартай дамжин өнгөрүүлэх тээврийн шинэ замнал (маршрут) бий болгох” гэсэн бол “2.2.4-д ашигт малтмалын гаралтай түүхий эд, түүнээс боловсруулан гаргах бүтээгдэхүүнийг голлон худалдан авагч нь ОХУ, БНХАУ, Ази, Номхон далайн орнууд болон Европын холбоо байна” гээд “далайд гарцгүй манай улсын гадаад худалдаа, хамтын ажиллагаа өргөжиж, уул уурхайн бүтээгдэхүүний ОХУ-д болон гуравдагч орнуудад ОХУ-ын Алс Дорнодын боомтыг ашиглан экспортлох боломжийг бий болгохыг эрмэлзэх” [2] гэж тодорхой заажээ.

 “Шинэ сэргэлтийн бодлого”-д боомтын сэргэлтийг эн тэргүүний гэж тодорхойлсон бол дараагийн нэг чухал сэргэлт бол яалт ч үгүй эрчим хүчний сэргэлт, хөгжлийн асуудал байна. Тус бодлогод сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэхээр тусгаж, байгальд ээлтэй дэвшилтэт технологид суурилан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах төслүүд, шинжлэх ухаан технологид суурилсан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлнэ гэж заасан нь тун талархууштай.

2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хятад улсад төрийн албан ёсны айлчлал хийх үеэр Хятад улсын дарга Ши Жиньпинтэй уулзаж, “Талын зам” үндэсний хөтөлбөрийг “Бүс ба зам” санаачилгатай, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-тай, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг “Хоёр алхам” хөгжлийн стратегийн зорилттой тус тус уялдуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц, цахим эдийн засаг, ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр тохиролцсон .

Тэгвэл “Бүс ба зам” санаачилгатай уялдах ёстой “талын зам” санаачилга хэдийгээс эхлэлтэй вэ?

 2014 оны тавдугаар сарын 24-ний өдөр ОХУ 2018 оноос эхлэн Хятад Улсад 30 жилийн туршид байгалийн хий нийлүүлэх гэрээг Шанхай хотод байгуулсан. Харин Монгол Улсын Засгийн газар хоёр хөршийн байгуулсан энэхүү гэрээг үндэслэн, өөрийн улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд өмнөд хойд хоёр хөршөө холбосон авто зам, төмөр зам, эрчим хүчний шугам, газрын тос болон байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан тавих тухай тусгаж, таван замаар Ази-Европыг холбох “Талын зам” төсөл хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан. Манай засгийн газраас “Талын зам” төсөл нь БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилга, ОХУ-ын “Евроазийн эдийн засгийн холбоо”-ны хүрээнд хэрэгжүүлж байгаа зам тээвэр, эрчим хүч, дэд бүтцийн төслүүдтэй Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулахад чиглэнэ гэж үзээд 2017 онд “Талын зам үндэсний хөтөлбөр”-ийг албан ёсоор батлав. 2019 он “Хөгжлийн зам” болгон өөрчилж байсан ч эдүгээ анхны талын гэсэн нэршлээр байгаа.

Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө төсөл нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд өрхийн орлого нэмэгдүүлэхийг гол зорилгоо болгон 1) экспортыг нэмэгдүүлэх, 2) хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, 3) хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах, 4) аялал жуулчлалыг хөгжүүлэх, 5) хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, 6) Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, 7) засаглалын үзүүлэлтийг сайжруулах, 8) ногоон хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах гэсэн бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон байна.

Түүнчлэн тус “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод 2020-2030 оны хооронд Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засгийн коридорыг эхлүүлж, коридорын тусламжтай бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцид нэгдэх, 2041-2050 онд Ази-Номхон далайн бүс нутаг дахь эдийн засаг, худалдааны интеграцид нэгдэж, эдийн засаг, худалдааг эрс нэмэгдүүлэхээр төлөвлөгөөнд тусгажээ.

Үүнээс гадна Монгол Улс 2001 онд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсан ч хэрэгжилт хангалтгүй байсаар өдийг хүрсэн билээ. Тэгвэл 2024 оныг Засгийн газраас “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав.

Харин манай улсын ногоон хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах бодлогын талаар сонирхвол эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлж, экспортлогч орон болно гэсэн том зорилго тавьсан байна. Чингэхдээ эрчим хүчний салбарт шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлж, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг огцом нэмэгдүүлнэ, НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан болон бусад олон улсын санхүүгийн механизмаар дамжуулан сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хаягдлыг багасгах, нөөцийн ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх ногоон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж заажээ. Гэвч гурван улсын эдийн засгийн коридорын 32 төслийн хүрээнд Монгол, Оросын цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэхэд Хятадын аж ахуйн нэгжүүд оролцох боломжийг судлах гэсэн эрчим хүчний цор ганц төсөл оруулсан. Сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, төсөл огт бичигдээгүй байна.

Дээр дурдсан бодлогууд бүгд Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад Монгол Улсаас баримтлах үндсэн чиглэл, гурван улсын бодлогын уялдааг сайжруулах нэгэн урьдач нөхцөл гэж болно.

Манай стратеги судалгааны нэгэн чадалтай судлаач асан М.Батчимэг “Шатрын өрөг дэх Монгол” номондоо нэгэнтээ “Жижиг улсад ч өөрийн давуу тал байдаг. Монгол Улс хэдийгээр улс төр, эдийн засгийн хувьд БНХАУ-аас ихээхэн хамааралтай боловч нөгөө талаас энэ байдал нь Монгол Улсын хувьд хоёр орны харилцаанд улам идэвхтэй байр сууринаас хандах үндэс болох учиртай. Монгол-Хятадын харилцааг цаашид ямар чиглэлд, ямар агуулгаар баяжуулж, оршиж байгаа асуудлуудыг хэрхэн засч хоёр орны аюулгүй байдал, хөгжил дэвшилд хэрхэн үр нөлөөтэйгээр чиглүүлэх вэ гэдэг асуудалд чухамдаа монголчууд бид л бусдыг харалгүй идэвх санаачилгатай ажиллах ёстой. Эс тэгвээс ашиг сонирхолыг нь шууд хөндсөн дотоод гадаадын олон асуудлаар цаг наргүй ажиллаж байгаа их гүрний засгийн газар хоёр орны асуудлаар монголчуудын ашиг сонирхолд нийцсэн тодорхой бодлого, зорилт дэвшүүлж, уриалан дуудахыг нь хүлээвэл бид өөрсдөө хохирч, цаг, минутаар хэмжигдэх болсон дэлхийн хөгжлөөс улам хоцрох болно. Идэвх гарган ажиллах аваас олон асуудалд бидний хүссэнээр шийдвэрлэгдэх боломж бий” гэж тун зөв өнцгөөс, оновчтой бичсэн байдаг. Тиймээс бид “Бүс ба зам” санаачилгад өөрийн ашиг сонирхолд нийцсэн тодорхой бодлоготой, тодорхой зорилготой бас тооцоотой оролцож гэмээнэ Хятадуудын хэлдгээр Монгол Улс нь хөрш улстайгаа  “win win” буюу “хоёулаа хожих” зарчмаар хамтдаа хөгжих хөгжлийн зөв гольдролд орох бүрэн боломжтой болно.

 

Ашигласан эх сурвалж:

[1] УИХ-ын дарга М.Энхболдод хандсан Ерөнхий сайдын мэдээлэл, МУ Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газар, дугаар 222, 2019-01-25.

[2] Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, МУ-ын Их хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралт, 2020-06-05

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 91 (7335)

 

 

DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

5 цаг 14 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

5 цаг 16 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

5 цаг 19 мин
МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

Уржигдар 17 цаг 50 мин
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

Уржигдар 17 цаг 48 мин
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

Уржигдар 17 цаг 48 мин
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

Уржигдар 17 цаг 46 мин
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

Уржигдар 16 цаг 21 мин
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Уржигдар 15 цаг 20 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Уржигдар 12 цаг 55 мин