Дэлхийд ижилгүй Дэрэн сумын 100 жил

2024-04-29
Нийтэлсэн: Админ
 20 мин унших

Сумын түүх оршвой

 

Өнөөгийн Дэрэн сумын түүхийн эхлэл нь Дайчин бээсийн хошууны төв нутагт 1924 онд Богдхан уулын аймгийн Дэлгэрцогт уулын хошуунд нутгийн ард олны хэзээнээс шүтэж тахиж ирсэн Дэрэн уулаар нэрлэсэн сум байгуулагдан анхны даргаар нь Цэгмэд гэдэг хүнийг ажиллуулжээ гэж бичигдсэн бий.

Газар нутгийн хувьд элсэрхэг хөнгөн шавранцар хөрстэй говирхуу ухаа, толгод хяр хонхор голлосон гадаргатай Модонгийн зоо, Цант, Дэрэн, Улаандэл зэрэг далайн түвшнээс 1390-1517 метр өндөрт орших уул овоод, Гашуун хар, Давст, Хур, Хөгцтий гэх мэт хөндий, Наран, Бумбат, Долоод, Дөхөм, зүүн, баруун түрүү, Ёл, Гурван түрүү, Талбулаг зэрэг бутат ухаад, говьтой юм.

Мөн Хайлааст, Саруул, Унаган дэнж, Тохой хэрэм, Заазын ам зэрэг домогт газрууд болон Исгэлэнгийн рашаан, Алагын зос, Будагтын өнгийн шавар Ёлын хужир, Бумбат улааны нүүрс гээд байгалийн баялагтай билээ.

Уул хээртээ үнэг хярс, өмхий хүрэн, мануул, чоно, зээр зэрэг ан амьтантай. Нэг хэлэх юм гол онцлог бол тал, хээрийн ургамалтай нутгийн хүйс нь Давстын говь гэдэг юм.

Оршин суугчдын хувьд авга, асуд барга, баяд, дуутан еншөөбү, монгу, олхонуд, тайж, улаанууд, харчууд овгийнхон бий. Тэр дотроос голлох нэг овог нь боржигон юм.

Түүхэнд тэмдэглэснээр 1931 оны Засаг захиргааны хуваарийн өөрчлөлтөөр Төв аймгийн харьяанд шилжсэн бол 1941 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 81 дүгээр тогтоолоор “Шарангад” аймаг байгуулагдахад Дэрэн зэрэг долоон сум багтжээ.

Энэ үе буюу 1942 оны бүртгэлээр тус сум 2511 хүн амтай, 103,2 мянган толгой малтай байжээ.

Мөн бага сургууль, ганц сувилагчтай хүний бага эмчийн салбартай байсан бол 1954 онд “Найрамдал” нэгдэл зэрэг 10 гаруй байгууллага, аж ахуйн нэгжтэй болон өргөжсөн байдаг.

Тэр дотроос ууган байгууллагууд нь бага сургууль, худалдаа бэлтгэлийн анги цаашлаад хүн, малын эмнэлэг байв.

Бага сургууль гэхэд 70-80-аад хүүхэдтэй гурав, дөрвөн багш, аж ахуй, дотуур байрны тогооч, галч гээд 4-5 хүнтэй ажиллаж байсан тухай “Дэрэнгийн сургуулийн дэлгэрэх цадиг” номонд бий.

Худалдааны байгууллагын хувьд бүр 1920-иод оны эхээр бий болж сумын төвд дэлгүүр, хөдөөдөө агент ажиллуулж байж.

Сумын төвд одоо ч байдаг дэлгүүрийн намхан цагаан байшин сумын хамгийн анхны барилгад тооцогддог.

Сумынхан нэг үе утсаар ярих гэж Дэлгэрцогтын холбоонд очдог байсан бол 1950-иад оны дунд үед аймаг, хоттой харилцах утсан холбоотой болсон гэдэг .

1950-иад онд урьд нь бий болж байсан “Саруул зам”, “Бадралт”, Социалист ялалт” нэртэй нэгдлүүдийг нэгтгэж байгуулагдсан. “Найрамдал” нэгдэл тус сумын эдийн засгийн хүчин чадлыг өргөтгөх, малчин түмэнд хөдөлмөрийнхөө үр шимийг хүртээхэд чухал үүрэгтэйгээр олон жил амжилттай ажилласан.

Жараад оны эхэн үед сумын бүх малын 60 орчим хувь нь нэгдэл нийгмийнх байсан бөгөөд үлдсэн 40-өөд хувь нь амины өмч байсан мэдээ байдаг.

“Найрамдал” нэгдэл 1990-ээд он хүртэл оршин тогтнохдоо тухайн үеийн ханшаар 13 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй жилдээ 3-3,5 сая төгрөгийн орлого бүхий хамтын аж ахуй болсон түүхтэй юм.

Тус нэгдлийн анхны дарга нь Хандын Шонхор гэж хүн байв. Дэрэн сумынхны нэг онцлог нь аргамаг хурдан хүлэг, алдартай уяачид, уртын дуучдаараа үеийн үед бахархаж ирсэн. Их уяач “Хэрлэн хэмээх Пунцаг шорон хуруу” Хайнзан, “Халзан” Хайнзан, С.Гармаа, Ё.Довуучий, Б.Пэлжид гээд ахмад үеийнхнээс эхлээд Монгол улсын тод манлай уяач Г.Батчулуун, алдарт уяач Д.Цэлхээ, аймгийн алдарт уяач П.Намсрай, М.Сосорбурам гээд хөвөрч өгнө. Мөн Дэрэнгийн айраг онцгой гэдэг.

1950-иад он 1960-аад оны эхээр гэхэд Дундговь аймгийн наадмын морины хамаг түрүүг Дэрэнгийнхэн авдаг байв.

Боржигон уртын дууны “хаан” гэгддэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин, ХХ зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзад, уртын дууч Борнамхай, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт уртын дууч Г.Дадьсүрэн нараас эхтэй дуучид, морин хуурчдын удам одоо ч авьяас чадвараа гайхуулж байнам.

Дэрэн сум тал, хээрийн бүсийн өмнөд хэсгийг хамарсан 390,0 мянган хавтгай дөрвөлжин газар нутагтай Улаанбаатараас 210, аймгийнхаа төв Мандалговь хотоос 66 км-т оршдог.

Сумын иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр хөдөлмөр эрхлэлт нь мал аж ахуй бөгөөд хөдөлмөрийн насны нийт хүний 70-аад хувь мал аж ахуйн салбарт ажилладаг.

Нийт 130 гаруй мянган мал сүргийн 98 хувь нь малчдын хувийн өмч, үлдсэн хоёрхон хувь нь албан байгууллага, аж ахуйн нэгжийн мэдэлд байдаг ажээ.

Төв аймгийн Баян-Өнжүүл, Баянцагаан өөрийн аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Сайнцагаан, Дэлгэрцогт сумдтай газар нутгаар хиллэн оршдог юм.

 

Дэрэн сумаас төрсөн алдартнууд

 

-БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай уртын дуучин Намжилын НОРОВБАНЗАД

-Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хүндэт профессор, хөгжмийн зохиолч, удирдаач Бадамдоржийн ГАНБАТ

-БНМАУ-ын гавьяат багш, Монгол Улсын ардын багш, Хүндэт профессор, Зөвлөх багш Далхсүрэнгийн ТӨМӨР

-Монгол Улсын гавьяат жүжигчин, Ардын жүжигчин Бэх-Очирын  ЖАРГАЛСАЙХАН

-Монгол Улсын спортын ууган гавьяат дасгалжуулагч, гар бөмбөгийн спортын мастер Анжийн  ДОРЖСҮРЭН

-Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын хошой шагналт, сэтгүүлч, яруу найрагч Цэндийн  ЧИМЭДДОРЖ

-Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан,  аймгийн хүүхэд залуучуудын паркийн анхны захирал Гончигдоржийн  ЭНХТҮВШИН

-Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, жүжигчин, найруулагч Нацагдоржийн ПҮРЭВДОРЖ

-Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Боржигин уртын дуучин Гарамын ДАДЬСҮРЭН

-Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, удирдаач Гомбын ЭРДЭНЭЧУЛУУН

-Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Дуламын ЦЭРЭННАДМИД

-Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, зөвлөх эмч Амаржаргалын АМБАСЭЛМАА

-Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан, төр нийгмийн зүтгэлтэн Сандагийн ҮРЖИН

-Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан Цэндийн ХАЛТАР

-Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн болон Д.Нацагдорж, С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Рагчаагийн БАТЖАРГАЛ

-Монгол Улсын гавьяат жүжигчин, морин хуур чуулгын хөгжимчин, нэрт ятгач Очирхуягийн  МӨНХТОГТОХ

-Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, дипломатч, элчин сайдын зөвлөх Цогсүрэнгийн ГАНБОЛД

*   *   *

-Ардын ерөөлч магтаалч Сандагийн ҮРЖИНХАНД

-Үндэсний сурын харвааны хүндэт мэргэн, спортын дэд мастер Үндэсний шагайн харвааны хүндэт харваач, харьшгүй мэргэн, нэрт мужаан, ерөөлч магтаалч Лхүндэвийн ЧОЙДОРЖ

-Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Аюурбуньяагийн ЛХАГВА

-Аймгийн “Болор цом” наадмын таван удаагийн тэргүүн байр, О.Сэр-одын шагналт, МУСТА, яруу найрагч  Ойдовын ГОНЧИГСҮРЭН

-МСНЭ-ийн “Ган үзэгтэн” шагналт,  АБТА багш, сэтгүүлч, яруу найрагч Навааны МӨНХЦЭЦЭГ

-Гандагдэгчиглэн хийдийн дэд хамба Содномын  ГАНТӨМӨР

 

Гандантэгчинлэн хийдийн дэд хамба С.Гантөмөр

С.Гантөмөрийг дунд сургуульд байхдаа хичээл бүхэндээ гарамгай сурлагатай хүүхэд байсан гэж ангийнхан нь ярьдаг юм. Тэрбээр дотооддоо шашны дээд сургуулийг дүүргээд дараа нь бурхан Будда, Богд Зонховын халуун голомт болсон Энэтхэг Түвдийн оронд олон жил үргэлжлүүлэн суралцаж Чойрын номын ухаанд бүрэн нэвтэрсэн юм гэдэг. Тэнд суралцах явцдаа Гомон дацангийн 300 хуваргуудаас тодорч байж. Эх орондоо ирээд бурхан шашны гүн ухааныг дэлгэрүүлэх, шавь нараа бэлтгэх их үйлсэд хүчин зүтгэхийн зэрэгцээ олон олон судар номыг эх хэлэндээ орчуулсан эрдэмт хүн юм. Гавж С.Гантөмөр нэгэн үе Гандантэгчинлэн Дашчоймбол дацанд гавж шуналанвын мядаг зэрэгтэй лам байсан бол энэ жил Азийн бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн дэд хамбаар өргөмжлөгдөөд байна. Түүний дээд үеийнхэн нь голдуу лам хувраг, малчин, уяач, цэрэг улс төрийн зүтгэлтэн хүмүүс байсан юм билээ. 

 

Буянт малынхаа хишгээр сайхан амьдарч байна

Адуу малынхаа бэлчээрт жаргаж өргөө цагаан гэртээ идээ цагаагаа бялхуулж яваа сайн малчид манай Дэрэнгийн хонхорт олон бий. Миний хувьд энэ сайхан нутагт төрсөн унаган хүн. Би өнөөгийн өнгөнд удамтай  сайн малчдынхаа хойчийг залгаж нэр төртэй яваагаа буянт малын хишиг хэмээн бодож явдаг даа.

Анх 1980-аад оны эхээр цэргийн албанаас ирээд "Найрамдал" нэгдэлдээ адуу малласан. Адуу гэдэг хийморьтой амьтны тоосонд уургаа суналзуулан хангинатал исгэрч явах шиг жаргалтай юм ховор доо. Түүнээс хойш ХАА-н үйлдвэрлэлд 30 гаруй жил зүтгэж өдий зэрэгт буюу Монгол Улсын хошой аварга малчин болж гэр бүлээрээ сумынхаа 100 жилийн ойд бэлэг барьж байна. Энэ амжилт маань сумын аваргаас л эхэлсэн дээ. Ажилсаг бүсгүй эхнэр Чүтэмжамцын Наранцэцэгийг минь хамтын хичээл зүтгэлээр энэ амжилт бий болон юм. Би 1918 онд улсын аварга малчин эхнэр маань дараа жил нь улсын аварга саальчин болж байлаа. Тэгээд энэ жил бид хосоороо улсын аваргын шагнал хүртлээ. Бид малдаа жинхэнэ эзэн байхыг хичээхийн зэрэгцээ нутгийнхаа малч өвгө дээдсийн үг сургаал, үлгэр жишээг дагаж ажилласны минь үр дүн юм.

Ж.Одонпүрэвийн мал нь өнгөлөг, эдний идээ цагаа сум, аймагтаа алдаршсан гэж нутгийнхан манайхыг магтдагт баярладаг даа.

Мал маллахад гол нь ухаан чухал. Хонио гэхэд өглөө эрт бэлчээж болж өгвөл оройхон хотлуулдаг. Зун, намар уул, овооны ар газраар. Өвөл, хаврын  цагт болохоор энгэр ээвэр бэлчээрт хариулдаг. Намар оройтож анхны цас орох хүртэл малаа чирэгжүүлэх хариулгыг гол болгодог. Ер нь ч тэгээд дассан нутагтаа идээшсэн мал гэдэг эзэн хүндээ түшиг болдог юм. Өнгөрсөн жилүүдэд малаа таван төрөлд нь өсгөж ирлээ. Тиймдээ нутгийнхаа малгүй болон цөөн малтай хэд хэдэн өрхийг малжуулсан.

Цөөн малтай нэг малчин өрхөд гэхэд нэг удаадаа 55 хонь, 23 ямаа, унааны морь гурвыг өгч байсан удаа бий. Бусдад тус хүргэж байвал өөрт хариу тус ирдэг юм гэсэн аав, ижийгийн сургаал ажиллах, амьдралын луужин болж явдаг юм даа. За тэгээд сумынхаа хөдөлмөрч малчид Дэрэнгээр овоглож явдаг хүмүүн бүрт сум байгуулагдсаны 100 жилийн мэндчилгээг дэвшүүлье.

Алаг өндөр баг, Монгол Улсын хошой аварга малчин Жасрайн Одонпүрэв.

 

Сумандаа ажиллаж байсан үеэ санагалзаж сууна

 

Би 1930 онд төрсөн хүн. 1952 онд сумынхаа ХЗЭ-ийн үүрийн дарга болсноос хойш улс, нийгэмдээ 40-өөд жил тасралтгүй ажилласан өнөөгийн хэлээр төрийн албан хаагч явсан л даа.

Сумандаа намын үүрийн дарга байлаа. Дараа нь барилга, худалдааны салбар, аймгийн намын хороонд ажилласан.

Дэрэн, Гурвансайхан суманд сум, нэгдлийн дарга байж үзэв.

Энэ бүх хугацаанд үүрэгт ажилдаа үргэлж бусдаас түрүүлж, магтаал сайшаал сонсож явсан гэх нь юу юм бэ. Хоцорч сүүл барьж л яваагүй дээ.

Албандаа хичээл, зүтгэлээ зориулж байлаа. Бага, дунд сургууль, хожмоо Намын дээд сургуульд суралцаж улс төрийн дээд боловсрол олж авсан минь алив ажилд хандах хандлага, хүнтэй ажиллах арга ухааныг эзэмшихэд нөлөөлсөн гэж боддог.

Бас ЗХУ-д түр курст явж, Хятад, Болгар зэрэг улс оронд очиж нүд тайлсан юм. Ажилласан хугацааны дийлэнх он жилүүдийг Дэрэндээ өнгөрүүлсэн байдаг. Сум, орон нутгаа хөгжүүлэх, ард олныхоо амьдрал ахуйг дээшлүүлэх, улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийн төлөө нөхдийнхөө тус дэмжлэгээр юм юм л санаж, сэдэж байлаа.

Бидний ажиллаж байсан жилүүдэд Дэрэнгийн мал багагүй өссөн.

1975 онд аймгийн тэргүүний сум болох зорилттой ажиллаад амлалтаа хэрэгжүүлсэн удаатай юм.

Тухайн үед манай сумынхан төмс, хүнсний ногоо тарьж чамлахааргүй ургац авч байв.

Мөн гахай, туулай үржүүлж ч үзсэн. Хадлан ч гайгүй авчихдаг байж.Сумын худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байхад хамт олон маань аймгийн тэргүүний байгууллагаар хоёр удаа шалгарч байсан юм.

Хамт олны хүчээр байгууллагаа тохижуулж, хүнс, барааны гэх төрөлжсөн агуулахтай төв дэлгүүрээ өөртөө үйлчлэх хэлбэрт шилжүүлж, бригадын агентуудыг байртай болгосон гээд тухайн үедээ шинэлэг гэхээр ажлууд амжуулсан гэж боддог.

Өнөөгийн өндөрлөгөөс өөрийн өндөр насны даваан дээрээс харахад төрөлх сум маань өдрөөс өдөрт өргөжиж хөгжиж, өнгөжин жавхаажиж одоо 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна.

Сумынхаа ах дүүс, хамт олондоо ажил, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

1975-1989 онд сумын даргаар ажиллаж байсан Хоролын Наранжав

 

Багш болсоноороо бахархдаг даа

 

Монгол Улсын ардын багш, МУБИС-ийн хүндэт профессор, зөвлөх багш Далхсүрэнгийн Төмөр ярьж байна.

Багш болсныхоо дараахан сумынхаа ерөнхий боловсролын сургуульд өөрийн хүсэлтээр багшлахаар ирж 11 жил тасралтгүй ажиллаж, сурган хүмүүжүүлэх ажил, амьдрал минь улам л цэгцэрч, сайхан үр дүнд хүрч, олон зуун шавьтай болж, тэр л сайн хүүхдүүдийнхээ хүчинд 1990 онд 41 настайдаа, 18 жил багшлаад БНМАУ-ын гавьяат багш гэсэн эрхэм хүндтэй алдрын эзэн болсондоо баяртай явдаг.

Дараа нь аймагтаа болон Улаанбаатар хотод багшилсаар 2008 онд 59 настайдаа 36 жил сурган хүмүүжүүлэх ажлаа хийсний үр дүнд Монгол Улсын ардын багш гэдэг хамгийн сайхан цолын эзэн болсны дараагийн жил нь Дэрэн сумын сургуулийн маань 70 жилийн ой тохиож, аймаг орон нутгийн хүсэлтээр миний нэрэмжит сургууль болсон түүхтэй.

2019 онд тус сургуулийн 80 жилийн ой болж энэ үеэр сургууль хамт олон, шавь нар, эцэг эхчүүдийн хүсэлтээр “Нэрэмжит сургуулийн хөдөлмөр алдрын түүхэн танхим”-аа байгуулан, ирээдүйн бяцхан дүү нар, нутаг орондоо албан ёсоор хүлээлгэн өгсөн нь эдүгээ энд тэндхийн төрөл бүрийн мэргэжлийн, ялангуяа сурган хүмүүжүүлэгчдийн үзмээр санагддаг, үзээд “олз олдог” танхим болсон гэдгийг удирдлагаас, хүмүүсийн ярианаас, шавь нарын бахархлаас сонсоод, мэдээд сэтгэл хангалуун байдаг аа.

Тэтгэвэртээ суусан сүүлийн 15 жилийн дотор сум орон нутаг, сургуультайгаа байнга л холбоотой байдаг. Сургуулийн захирал Дадьсүрэнгийн Мөнхтогтохын удирдсан хамт олон Ерөнхий боловсролын сургалтын байгууллага, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр Улсын хэмжээний 700 гаруй сургуулиас нэгдүгээр түвшин дэх  34 сургуулийн нэг болж, аймагтаа манлайлж, жил дараалан энэ амжилтынхаа эзэн болж байгаад өвгөн багш би талархалтай явдаг билээ.

Би сумынхаа 100 жилд зориулан сүүлийн 10 гаруй жилийн дотор нутаг орон, найз нөхөд, шавь нар, сургууль хамт олон, бусад төрийн байгууллагын үйл ажиллагааны талаар 10 төрлийн 100 гаруй бодит, баримтат, түүхэн, дурсамжит, бахархалт, аялгуут, видео цомгийг өөрийн мэдэхийн хэмжээгээр баримтжуулан хийж байна.

Энэ цомог нь 20 метр урттай,  давхардсан тоогоор 1000 шахам хүний гэрэл зургийг багтаан, орон нутгийнхаа гурван үеийн түүхийг харуулсан тайлбартай юм.

Түүхт зуун жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа нутгийнхандаа аз жаргал, эрүүл энх, урт удаан насалж, жаргалтай дэлгэр байхын ерөөл өргөе өө!  

 

Дэгжин хөгжсөн Дэрэнгийн сургууль

Дэрэн сумын сургууль 1939 оны намар Цант уулын энгэрт 20 гаруй сурагчтайгаар хичээллэж голомтоо бадраасан түүхтэй. Тэгвэл 1940 оны намар  хоёр гэрт хоёр багштайгаар 41 сурагчтай хичээллэснээр анхны бага сургууль байгуулагдсан.

Захирлаар нь Төв аймгийн Өнжүүл сумын харьяат Содномпил, багшаар Дэрэн сумын харьяат Ш.Дашбалжир нар ажиллаж байлаа.

Хичээлийн жилдээ уйгаржин монгол бичгээр унших, бичих, үг хөгжүүлэх, дөрвөн аргын тоо бодох сургалттай байсан. Мөн цэвэр бичгийн хичээл гэж бие даасан цагтай байв..1941 оны намраас кирилл шинэ үсэг үзэж эхэлсэн бөгөөд тэр жилүүдэд Дамба, Мижиддорж, Ё.Миеэ нар багшилж байсан.

1943-1944 оны хичээлийн жил эхлэхэд 2 бүлэг нийлж 44 сурагчтай 4-р анги болон хичээллэж ангийн багшаар нь Увс аймгийн харьяат Хулганы Мандуусүрэн гэдэг хүн ажиллаж байсан. Жил  ирэх тусам хүүхдийн тоо нэмэгдсээр   гэрт хичээллэх  боломжгүй болж сургуулийн анхны барилга баригдсан.

Ойдов захиралтай бага сургууль нь “Аймгийн тэргүүн сургууль”-уудын нэг болж байсан ба Мишигтаяа багшийн удирдсан анги “Анхны соёлч нөхөрлөлийн анги” болжээ. 1975 онд улсын хэмжээний сургуулиудын дунд зарлагдсан “Тэргүүний пионерийн танхим шалгаруулах” болзолт уралдаанд О.Нацагдорж пионерийн удирдагчтай тус сургуулийн пионерийн танхим гуравдугаар байр эзэлж байсан. 1940-1973 он хүртэл бага сургууль байж төгссөн сурагчдаа Дэлгэрцогт сумын сургуульд суралцуулдаг байлаа. Тус сургуулийн багшлах боловсон хүчин материаллаг бааз нэмэгдсээр аймгийн тэргүүний сургуулиудын нэг болж улмаар 1973-1974 оны хичээлийн жилд найман  жилийн сургууль болон өргөжсөн.

1975-1979 онуудад 160 хүүхдийн хичээлийн байр , 52 хүүхдийн дотуур байрууд баригдаж хүүхдийн суралцах амьдрах орчин сайжирсан.

1989 онд 80 хүүхдийн дотуур байр баригдаж 1990 онд спорт заалтай болсноор сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх сайхан боломж бүрдсэн.

1996, 1997, 1999, 2001, 2005, 2007, 2009, 2010, 2012 онд “Сумын тэргүүний байгууллага”, 2005 онд Хүүхдэд ээлтэй сургууль, 2006 онд аймгийн тэргүүний хамт олон болж байсан. 2009 онд Ардын багш Д.Төмөрийн нэрэмжит сургууль болсон түүхтэй.

Тус сургуулийн багшлах боловсон хүчин, сургалтын материаллаг бааз жил ирэх тутам тасралтгүй өсөн нэмэгдэж 80 жил угтсан бүтээн байгуулалтын ажлаар 80 хүүхдийн дотуур байраа иж бүрэн засварлаж 2019 онд 320 хүүхдийн сургуулийн барилгыг ашиглалтад оруулсан нь багш ажилчдын ажиллах, сурагчдын суралцах амьдрах орчныг сайжруулсан үйл явдал болсон.

2023-2024  оны хичээлийн жилд 266  сурагч 37 багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус сургуульд  тэргүүлэх  зэрэгтэй захирал Д.Мөнхтогтох,  сургалтын менежер Г.Энхтуяа, аймгийн шилдэг багш  Л.Оюунчимэг, математикийн багш Б.Батжаргал, бага ангийн багш Н.Болормаа,  Э.Ууганжаргал, биеийн тамирын багш Б.Багахүү, Заах аргач зэрэгтэй бага ангийн багш  Э.Сайнтуяа, М.Норжмаа, дүрслэх урлаг технологийн багш  Э.Ариунаа, Ө.Бямбадорж, англи хэлний багш Д.Мягмаржав,ахлах зэрэгтэй нийгмийн ажилтан М.Банзрагч мэргэжлийн  зэрэгтэй тогооч Н.Энхтуяа, У.Буд нар ажиллаж байна.Сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн нэгдүгээр түвшинд байж чадсан бөгөөд  2023-2024 оны хичээлийн жилд өмнөх хоёр жилийн үнэлгээгээ бататгах зорилгоор хичээл зүтгэл гарган ажиллаж байна.

 

Наадам тойрсон дурсамж

 

Дэрэнгийнхэн хурдтай нутаг. Эндхийн уяачид 1921-2012 оны улсын баяр наадамд бүрэн бус мэдээгээр долоон түрүү, 26 айраг хүртсэн гэсэн баримт бий. Тэр дотор дөрвөн үеэрээ хүлэг морьдоо сойж, үе болгондоо айраг түрүү авч байсан ховорхон амжилт бий. Нэрт уяач "журамт" хэмээх Д.Ёндон түүний хүү Ё.Довуучий түүний хүү Д.Цэлхээ, түүний хүү Ц.Бямбасүрэн гээд хөвөрнө. Хамгийн сүүлд 2012 онд Ц.Бямбасүрэнгийн зээрд азарга улсын баяр наадамд аман хүзүүдсэн юм.

***

Уясан бүхэн нь айрагддаг байсан гэх Сүрэнгийн Гармаа гуайн хурдан саарал шүдлэн 1960 онд улсын баяр наадамд тасархай түрүүлжээ.

***

Нууц товчооны 750 жилийн ой буюу Хэрлэнгийн Хөдөө аралд болсон Даншиг хэмээх наадамд Д.Цэлхээ гуайн хүрэн үрээ магнайдаа тоосгүй ирж байжээ.

***

1939 оны улсын баяр наадамд очоод алдарт уяач Хайнзан гуай морио мордуулчихаад, -За миний хоёр морь ч өнөөдөр намайг маршалтай гар бариулах биз ээ гэж зогсчээ. Тэгтэл түүний хонгор морь магнай болон түрүүлж үнэхээр Х.Чойбалсан ирж Хайнзан гуайд баяр хүргээд унаач хүү Сэрээтэрт бугуй цагаа бэлэглэсэн юм гэдэг.

***

1950-иад онд Дундговь аймгийн баяр наадмын зургаан насны түрүүг Дэрэнгийнхэн авч байсан удаа бий. 1956 онд л лав наадамчид хаанахын морь түрүүлэв гэж асуухын оронд "Дэрэнгийнх л биз дээ" гэцгээж байсныг мэдэх юм.

***

Дундговь аймгийн сумдаас улсын баяр наадамд хамгийн олон морь түрүүлгэж, айрагдуулсан сум нь Дэрэн гэдэг юм билээ.

***

Дэрэнгийн хонхороос үеийн үед олон сайн бөхчүүд төрсөн гэдэг. Тэр дотроос аймгийн арслан Сугарын Шараа онцгой амжилтын эзэн юм. Энэ эр юугаараа онцгой юм бэ гэвэл сумын наадамд 15 удаа түрүүлсэн содон бөх. Тэрбээр аймгийн заан цолтойгоор цэрэгт мордсон бол шинэ цэрэг байхдаа Сүхбаатар аймгийн баяр наадамд торолгүй түрүүлж аймгийн арслан болж байжээ. Арслан маань одоо Нийслэл Улаанбаатарт аж төрж байна.

"Нутаг усны түүхэн өгүүлэл" номоос түүвэрлэн авав.

 

Нутгаа дуулах сэтгэлийн эгшиглэн

 

Дэрэнгийн дөлтэй хийгээд "дэлтэй" найрагчийн нэг СТА О.Гончигсүрэн "Уянгын цэнхэр өөжин" зэрэг яруу найргийн номоо уншигчиддаа өргөн барьсан аймгийн "Болор цом"-д таван удаа шалгарч байсан юм.Түүний уугуул нутгаа магтсан найраглалаас энд хэсэглэн нийтлэв.

/ Найраглал/

Оршил.

Дэрэн гэдэг миний

Дээдэс өвгийн нэр

Дэрэн гэдэг миний

Дээвэрт цагаан гэр

Дэрэн гэдэг миний

Дэлт хүлэг морин

Дэрэн гэдэг миний

Дээдэлж шүтэх наран

Түүхийн буурал улбаанд

Нэр нь мөнхөрч үлдсэн

Түмэн оны нугачаанд

Дүр нь тодорч бүтсэн

Ихэр бяцхан толгодын

Эвлэж тогтсон чуулган

Ижил заяатай түмний

Эсэн мэндийн хадган

Мөнх тэнгэрээ шүтсэн

Халх боржгины удам

Мөрөө барлаж орхисон

Харц булаам уудам

Орчлонд ирсэн бидний

Нэгэн насны буудал

Он жилүүдийг өртөөлсөн

Эцэг өвгөдийн суудал                          

Уяхан замбуу тивийн

Мөхөлгүй наранд уужирсан

Усан болор хурын

Мөнгөн дуслаар ундаалсан

Унаган төрөлх нутаг минь

Мөнхийн амьдрал дагуулна

Урсан ирэх өдөрүүд нь

Мөрөөдөл хүсэл агуулна.

Нэг.

Эрхийн чинээхэн амьтан

Эхний дуугаа цацаж

Эргэх орчлонгийн хүрдэнд

Ээлийн хэвлээс унахад минь

Алтан заадас салган

Аялуу бүүвээнд уярч

Хүйн холбоо таслан

Хүний хорвоод ирэхэд минь

Алгаа тоссон шороо

Үндэс мөлхсөн Дэрэнгийнх

Амьсгал авсан агаар

Үүлс хөлөхсөн тэнгэрийнх

Угаасан ариухан ус

Гүн цэнгэг худгийнх

Уяран сонссон бүүвэй

Хун танхил ижийнх ээ!

 Өсөж төрсөн голомтоо

Асаж бадартал огшин

Өрмөн шаргал толгодоо

Босож өндийтөл омогшиж

Морин хуураа хөглөж

Аялгуу эгшиг өргөхөд

Монгол найраг хөгжөөн

Ахуй нутгаа дуулахад минь

Намрын дунд сарын

Арван долооны найранд

Надад бус  шүлгэнд минь

Ард хотлоороо шимтдэг

Гол усаа баясаан

Гойд сайхан наадахдаа

Гончигт бус найрагт минь

Гоо охид дурладаг

Элбэг хангалуун найрын

Эрэмбэ дараатай суудалд

Энгэр заам түвшин

Энэ бие минь өссөндөө

Эрийн хийморь наадмын

Дэнж хотойсон дэвжээнд

Ээтэн гутал ногтолж

Дэвж шавж боссондоо

Хүү нь дуугаа цацах

Тэнгэрээрээ би бахархана

Хүлэг нь хөрвөөж амрах

Газраараа бас аархана

Хүсэл дагуулсан олон

Ард түмнээрээ гайхуулна

Хүрэх замын алсад

Амьдрал жаргалаа шагшуулна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 84 (7328)

 

"Сувилагч маш сайн сонсогч, өвчтөнд урам өгдөг байх ёстой"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор гурав дахь жилдээ

2 мин
“Нэр үгүй”-чүүд нэр дэвших эсэхийг явж явж СЕХ мэднэ

Улс төрийн намууд УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруу

7 мин
Намууд дахь “...Хууччуул тойрог руу, “шинэков”-ууд жагсаалтад” нанчилдаан

Ер нь бол аль ч намын хувьд “...Хэн, хаанаас нэр дэвших вэ”, “...

17 мин
Нэр дэвшүүлэх ажиллагаагаар намууд “нэр үгүй” хүмүүсээ шахаж чадах уу?!

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшихээр горилогчид “гарааны зурхай” руу хөдөллөө. Хэдэн горилогч явааг хэлэхэд хэцүү.

22 мин
О.Цогтгэрэл: Эрх баригчид сонсгол хийх дургүй байна

Хуваарь ёсоор өчигдөр намын бүлгүүд хуралдах байсан ч эрх баригч намын бүлэг хуралдсангүй. 

27 мин
Сонгогчид хоёр саналын хуудас бөглөнө

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдл

32 мин
“Тархины урсгал”-аа тогтоон барихад төрийн зөв бодлого хэрэгтэй

Монгол Улсын иргэн Х 37 настай. Эхнэр хоёр хүүхдийн хамт Солонго

37 мин
Медальд аргамжаатай монголчууд

1921 оны ардын хувьсгалын анхны долоогийн нэг Солийн Данзаны хэлсэн “Ирг

12 цаг 54 мин
О.Цогтгэрэл: Ардчиллын анхдагч, түүчээлэгчдийг тойрогт очиж өрсөлдөхийг уриалж байна

О.Цогтгэрэл: Ардчиллын анхдагчид, түүчээлэгчдийг тойрогт очиж өрсөлдөхийг уриалж байна

18 цаг 32 мин