Дуулим хорвоог дуугаар аргадсан тавилан

2024-04-29
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

 

“Хүний сайхан сэтгэлийг хайрлаж яваарай гээд

Хүч дэлхийд би хүслээ шингээж дуулмаар байна

Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг

Ялгуун сарны доор үгээр хэлэхийн аргагүй ээ” хэмээх хүн бүрд аялагдаж явдаг сонсголонт дууны зохиогч бол Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Эрдэнэчулуун билээ. Түүнийг  “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа онцолж байна. Дуу хуурын өлгий нутгаас төрөн гарсан их авьяастны түүхийг сийрүүлэн бичсэнээ хүргэе.

 

Аав ээжийн авьяасаа өвлөсөн нь

Аав У.Гомбо, ээж н.Лхагвасүрэн нь сайхан дуулдаг байжээ.

Хөгжмийн зохиолч Г.Эрдэнэчулуун Дундговь аймгийн Дэрэн суманд 1959 онд хүмүүн заяаг олж мэндэлжээ. Тэрээр багаасаа л урлагийн авьяастай байсан нь өнөөдрийн замналын эхлэл болсон гэлтэй. Түүний аав У.Гомбо нь их сайхан  дуулдаг, авьяаслаг хүмүүн бол ээж н.Лхагвасүрэн нь мөн л дуулах авьяастай. Тэдний  ундарсан их урлагийн авьяасыг хүү нь өвлөж төрсөн гэлтэй. Г.Эрдэнэчулууны эгч, дүү ч дуулна. Гэхдээ урлагийн замналыг сонгоогүй байна. Өдгөө дүү нарынх нь хүүхдүүд нь сайхан дуулдгийг онцолж байв. Нийтлэлийн баатар цэргээс халагдаж ирээд нэг жилийн хугацаанд сумынхаа соёлын төвийн эрхлэгчээр ажилласан гэдэг. Энэ л сумын тайзнаас авьяастнууд ихээр төрж гарсан. Ардын жүжигчин, алдарт уртын  дуучин Н.Норовбанзадаас эхлээд тоочвол уран бүтээлчид олон. Сумынхаа тайзнаа тэмдэглэлт өдрөөр тоглолт толилуулдаг байсан дурсамж дүүрэн, мартахын аргагүй түүх Г.Эрдэнэчулууных. Нэг удаа хөгжмийн зохиолч Г.Бирваа гуай Дундговь аймгаар тойрч ардын авьяастан шалгаруулж явжээ. Дэрэн суманд очоод авьяастай хүн асуухад хүмүүс Г.Эрдэнэчулууныг зааж өгч. Тэрээр дуулж, ерөөл магтаал уншиж, морин хуур, төгөлдөр хуур, гитар тоглодог байна. Сумаас тоглолт толилуулахад Г.Бирваа гуай үзжээ. Энэ үед Г.Эрдэнэчулууныг ихэд онцолж “Ийм авьяастай хүнийг аймгийн Соёлын ордонд авах хэрэгтэй” гэжээ. Тухайн үед Дундговь аймгийн соёлын ордны найруулагчаар Д.Цэвээнравдан гуай ажиллаж байсан гэдэг. Гэтэл Д.Цэвээнравданг Дэрэн сумын соёлын төвийн эрхлэгчээр томилж, Г.Эрдэнэчулууныг аймгийн соёлын ордонд жүжигчнээр ажиллуулжээ. Ингээд 1979 онд Дундговь аймгийн соёлын ордны нэгэн эд эс болсон байна.

 

“Түмэн эх” чуулгад 26 жил ажиллаж байна

Хилийн цэргийн дуу бүжгийн  чуулгын уран бүтээлчид.

СУИС-иас өмнө УБИС-д урлагийн анги байжээ. Үүнд Г.Эрдэнэчулуун 1986 онд  элсэж мэргэжлийн ур чадвараа сайжруулсан гэнэ. Тухайн үед тус сургууль нь хөгжмийн багшийн анги жил өнжиж элсэлт авдаг байв. Сургуулиа төгсөөд Дундговь аймгийнхаа театрт буцаж очиж ажиллажээ. Энэ тухайгаа Г.Эрдэнэчулуун “Сургуулиа төгсөөд театртаа ажиллаж байх үед хүнд үетэй нүүр тулсан. Учир нь театруудад өгдөг улсын төсөв багассан. Уран бүтээлчдэд гурван сарын цалингүй чөлөө өгч билээ. Би Нийслэл хотыг зорьж Хилийн цэргийн дуу бүжгийн найрал дууны багшаар хоёр жил ажиллалаа. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Ардын армийн дуу бүжгийн чуулга хоёр нэгдэж Бүх цэргийн дуу бүжгийн чуулга болов. Тус чуулгын найрал дууны багшаар томилогдож ерөнхий хормейстроор гурван жил ажилласан” гэв. Тэрээр 1998 онд үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгатай ажил амьдралаа холбож 26 жилтэйгээ золгож, өдгөө дууны багшаар ажиллаж буй. Олон чадварлаг багшаас суралцсан эрдмээ одоогийн залууст өвлүүлж яваа үйлс нь ирээдүйн урлагийн алдартнуудыг төрүүлнэ гэдэгт итгэх хүн олон. Түүнийг тус чуулгын уран бүтээлчид багшаа хэмээн дуудаж суралцаж явна. Эрдэмтэй хүн даруу гэдэг үгээр Г.Эрдэнэчулууныг тодорхойлмоор. Багшаа гэж хэлүүлж хүндлүүлэх бүрдээ тухайн уран бүтээлчид юу зааснаа дүгнэх нь олон аж.  Мөн 2004 онд Дэлхийн зөн олон улсын байгууллагын дэмжлэгээр хүүхдийн найрал дууны  хамтлаг байгуулж уран бүтээл, тоглолт хийсэн. Тус төсөл нь 2016 он хүртэл үргэлжилж. Тухайн үедээ Малайз, Сингапур, Кон конг, тайланд, Энэтхэг, Тайван, Солонгос явж тоглолт хийжээ.

 

Багшийн эрдэм шавьд

2004 оноос эхэлсэн хүүхдийн найрал дууны хамтлаг. Тэд 2016 он хүртэд уран бүтээлээ үргэлжлүүлсэн байна.

Хүн залуу насандаа аливаа зүйлийн үнэ цэнийг ойлгодоггүй гэдгийг авьяаслаг хөгжмийн зохиолч хэлж байв. Зааж чиглүүлж буй багш ихийг сургадаг жамтай. Г.Эрдэнэчулуунд Д.Мяасүрэн гэж багш ихийг сургажээ. Хөгжмийн зохиолчийн амьдралд олон сайн багш таарч урлагийн замналд тус болсон гэлтэй. Анхны багштайгаа аймгийнхаа соёлын ордонд таарчээ. Түүний багш нь н.Мушгиа гэж туршлагатай нэгэн бөгөөд Бөмбөгөр ногоон театрын найруулагч, жүжигчнээр ажиллаж байсан гавьяатай. Мөн урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч С.Дашням мөн л түүний багш. Багшийн нарыг нь асуухад “Би олон сайхан багштай учирч ихийг сурсан. Тэднийгээ сэтгэлдээ биширч талархаж явдаг даа. Алдарт хөгжмийн зохиолч Лувсаншарав гуайн хүү Даваахүү хормейстр мөн л миний багш. Сайн багш сайхан хүмүүстэй учруулж танилцуулдаг. Намайг Хангал багшид шавь оруулсан. Найруулагч н.Мушгиа багш минь аймгийн соёлын ордонд юу ч мэдэхгүй очиход Ц.Сэвжид багш руу ярьж намайг морин хуурын сургалтад сургаж билээ. Тэрээр намайг тосоод Б.Баатархүү багшид шавь оруулсан. Нотоор дуу дуулуулдаг байсан нь ур чадвараа хөгжүүлэхэд нөлөөлсөн дөө” гэсэн юм.

 

Анхны уран бүтээл нь “Нутгийн бүрд”

Авьяаслаг хөгжмийн зохиолчид сэдэв сэдвийн уран бүтээл бий. Уран бүтээлийн гараагаа 1980 оноос эхэлсэн. Өдгөө урын сандаа 300 гаруй уран бүтээлтэй. Л.Мөрдорж гуай зуун дуунаас нэг дууг ард түмэн мэддэг бол чи хөгжмийн зохиолч гэж хэлсэн байдаг. Үүнээс харахад Г.Эрдэнэчулуун олонд хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн уран бүтээлч гэдэгтэй хүн бүр санал нийлнэ. Анхны уран бүтээл нь “Нутгийн бүрд”. Тус дууг СУИС-ийн уртын дууны багш  Ц.Дэлгэр дуулж олны хүртээл болгожээ.  Дундговь аймгийн Соёлын ордны тайзнаа “Нутгийн бүрд” дуу эгшиглэсэн түүхтэй. Г.Эрдэнэчулуун нутагтаа зориулж олон ч дуу зохиож. Дундговь аймгийн сүлд дуунаас эхлээд тоолбол барагдахгүй. Мөн шүлгийг нь өөрөө бичиж нутагтаа зориулж дуу гаргажээ.

“Цант хайрхны өвөр дээр цайраад харагдах нутаг минь Цацлын мөнгөн сүүгээ өргөөд үлдсэн ээж минь” гэж бичиж аялгуу хийжээ. Энэ сайхан уран бүтээлийг Дэрэн суманд мэдэхгүй хүн ховор. Анх Гавьяат жүжигчин А.Мөнхбат дуулжээ. Дараа нь залуу дуучдаас гадна хамтлагууд дуулдаг гэдгийг Г.Эрдэнэчулуун хэлж байв.

 

Анхны цомнолоо бичсэн түүх

 

Олон дууны хөгжим бичихээс гадна 5-6 цомнол бичжээ. Анхны цомнолоо 1990 онд бичсэн нь “Царцаа намжил”. Монгол ардын үлгэрийг дуулалт жүжгийн зохиол болгож найруулагч Ч.Ганхуяг бичжээ. Ингээд манай нийтлэлийн баатарт ая хийхийг санал болгож. Ихэд олзуурхаж хүлээн авч таван өдрийн турш бичсэн гэнэ. Хошин дуулалт жүжиг мэндэлсэн байна. Үүний дараа Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Төрбатын цомнолоор “Цагаан гардийн цадиг”, “Жанжин заан” дуулалт жүжиг мэндэлсэн. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсантай хамтарч хоёр дуулалт жүжиг туурвижээ. “Маргаашгүй хаан” цомнол нь Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын тайзнаа үзэгчдэд хүрсэн. Нөгөө цомнол нь Бэлгүүдэй хааны тухай цомнол Өвөрмонголд тоглогджээ. Учир нь авга хошуу нь Бэлгүүдэй баатрын удам гэдэг. Их түүхийг хадгалсан цомнол ингэж л үзэгчдийн хүртээл болсон нь сайхан. 

 

“Амин хайр”, “Хөх тэнгэрийн хүүхдүүд” дуу нэг өдөр мэндэлжээ

1992 онд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын найрал дууны багш.

Түүний уран бүтээлд гар нийлж ажилладаг хамтрагч олон. Үүнээс  Ц.Чимэддорж гуайтай олон бүтээлд хамтарсан нь бий. Тэд бол нэг оны цэрэг. Эхэндээ Г.Эрдэнэчулуун хөгжмөө бичиж, Ц.Чимэддорж гуай дуулдаг байжээ. Сүүлд Ц.Чимэддорж гуай яруу найраг бичсэнээр тэдний хамтын уран бүтээлүүд эхэлсэн гэж ойлгож болно. Уран бүтээлчид алтан цаг хугацаа, зүрх сэтгэлээ зориулсан дуугаа бүхнээс илүү нандигнан хайрладаг. Гэхдээ дурсамж үлдээсэн сайхан дуу байх нь тодорхой. Г.Эрдэнэчулуун “Уран бүтээлээсээ онцолбол “Их хайр” дуу байна. Гавьяат жүжигчин Б.Сийлэгмаа, Л.Батцэрэн хоёр дуулж олонд хүргэсэн. Ц.Чимэддорж бид хоёр энэ дуугаа их дурлаж гаргасан даа. Шөнөжин хамт сонсож билээ. Энэ дуунаасаа их урам авч ихийг бүтээх сэдэл авсан. Үүний дараа “Амин хайр” гэж уран бүтээл гаргасан байна. Энэ үед “Хөх тэнгэрийн хүүхдүүд” дууны хөгжмийг зэрэг бичиж гаргасан нь ховорхон тохиол болсон шүү” гэлээ.  “Амин хайр” дууг Соёлын тэргүүний ажилтан Э.Дэлгэрмаа дуулж олонд хүргэснээс гадна “Морин хуур” наадамд оролцож гуравдугаар байр эзэлсэн. Харин “Хөх тэнгэрийн хүүхдүүд” дууг Ардын жүжигчин Б.Зангад гуай хүүхдийн найрал хамтлагтай хамтран дуулжээ.  Ингээд “Алтан намар” наадмаас гран-при шагнал хүртсэн. Нийтийн болон хүүхдийн найрал дуу хоёр нэг өдөр мэндэлсэн түүх нь содон. Тус хоёр дууны үгийг  Ц.Чимэддорж бичсэн гэнэ. Г.Эрдэнэчулуун аяыг нь хийхдээ нэг өдөр зарцуулж хүмүүсийн сонсох дуртай уран бүтээл мэндэлсэн байна. Хамтрагчийнхаа тухай “Яруу найрагч Ц.Чимэддоржийн бичсэн шүлэг засвар шаардахгүйгээр аяндаа тохирдог. Дуу бүрийн мэндлэх хугацаа харилцан адилгүй. Хурдан хугацаанд бүтсэн бүтээл байхад олон сар үргэлжилж бололгүй, өөр уран бүтээлч рүү шилжсэн” гэлээ. Дууны аялгуу шүлэгтээ шингэсэн байдаг. Ая хийх гээд хичээгээд байхад болдоггүй шүлэг байдаг гэж уран бүтээлийн амттай яриа өрнүүлж байлаа. Г.Эрдэнэчулуун нэг найздаа ээжийн тухай хэд хэдэн уран бүтээл гаргасан. Одоо аавын тухай дуу хиймээр байна гэж хэлж л дээ. Л.Төмөрбат найз нь аавын тухай сайхан шүлэг бичиж өгч. Ая хийх болоход нэг л болж өгөхгүй учраас  бүх цэргийн дуу бүжгийн удирдаач Л.Ганбатад өгч, ая хийлгэсэн гэдэг.

 

“Морин хуур” наадмыг өнгөлж явсан түүх

 

Тэрээр олн уралдаанд оролцож байр эзэлж, залуу насны эрч хүчээр шуугиулж явсан удаатай. Үүнээсээ урам авч уран бүтээл хийх сэдэлд хөтлөгдсөн байна. Нэгэн үе оны шилдэг дуу, уран бүтээл шалгаруулдаг "Морин хуур" наадамд оролцож шагналт байрт шалгарчээ. Дөрвөн номинацид дөрвөн байр эзлэхээс гадна Хөгжмийн холбооны нэрэмжит шагнал авсан. Мөн гавьяат жүжигчин С.Цогтсайхан, Б.Батмэнд нарын дуулсан дуу гутгаар байр эзэлсэн бол “Буурал боржигин” дуугаар тусгай байр, “Дуулж аргадах нутаг” дуугаар тэргүүн байр гээд дөрвөн төрөлд байр эзэлжээ. 2021 онд урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан. Нар ээсэн намрын налгар өдөр төрдөө үнсүүлсэн удаатай. Г.Эрдэнэчулуун “Би өөрийн хөдөлмөрөөрөө шагналд хүрээгүй. Урлагийн гавьяат зүтгэлтэн бол олон хүний хамтын шагнал. Нэг уран бүтээлийн ард олон хүний хөдөлмөр оршдог. Хөдөлмөрөө төрдөө үнэлүүлэх сайхан” гэлээ.  Тэрээр туурвисан дуу бүрээ ард түмэндээ зориулдаг. Зөвхөн мэргэжлийн дуучин дуулж явах нь утгагүй. Хүн бүр л дуулж явах нь тааламжтай хэмээн ярьж байлаа. Сүүлд “Сэтгэл” хэмээх  уран бүтээл гаргахаар ажиллаж байна. Тус уран бүтээлийг түүний шавь, Соёлын тэргүүний ажилтан Д.Эрдэнэсувд дуулж олонд хүргэхээр байна. Шүлгийг нь Сүхбаатар аймгийн харьяат н.Дамчаа гэж хүн бичсэн ажээ.

 

Мэргэжил нэгт ханиараа гоёсон он жилүүд

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Эрдэнэчулуун гэр бүлийн хамт.

Г.Эрдэнэчулууны эхнэрийг Н.Тунгалаг гэдэг. Хөгжмийн багш мэргэжилтэй авьяаслаг бүсгүй. Тэд нэг нутаг тэр ч болоогүй нэг ангийн сурагч. Өсвөр наснаасаа нөхөрлөж өдгөө сайхан амьдралыг бүтээсэн байна. Үргэлжлэл болсон болсон хоёр охинтой. Охид аав ээжийнхээ мэргэжлийг эзэмшээгүй ч урлагийн авьяастай. Г.Эрдэнэчулуун, Н.Тунгалаг нар гурван зээтэй. Тэд нэг мэргэжил эзэмшсэн учраас ямар ч үед нэгнээ ойлгож дэмждэг гэнэ лээ. Эхнэр нь хөгжмийн багшаар ажиллахад нь Г.Эрдэнэчулуун хажууд нь түшиж, зөвлөсөн гэнэ. Эндээс нэг гэр бүлийн хоёр ижил мэргэжил, хүсэл сонирхолтой  байхын сайхныг харж болохоор. Ханьдаа зориулж бичсэн дуу олон байгаа гэдгээ хэлж байлаа.

Түүнд урлаг их авьяасаа хөглөх жигүүр болж, залуугаараа байх нууц бэлэглэсэн гэлтэй. Урлагийн замналыг сонгосон хүн бүр уран бүтээлч болдоггүй. Хэн тэвчээртэй, хөдөлмөрлөсөн нь олонд танигдаж хол явдаг. Г.Эрдэнэчулуун “Урлагаас хүмүүжил хүн байхыг олсондоо талархдаг. Баяр баясгалан, нинжин сэтгэл, бусдыг гэсэн сэтгэл олно. Уран бүтээлч хүн ямагт зөв зам мөртэй байдаг” гэж онцоллоо.

Урлаг бол ариусал хэмээн ярих туршлагатай уран бүтээлч үг, харцнаас цаашид ихийг бүтээх хүсэл харагдаж байлаа. Түмэн олноо урлагаар соён гэгээрүүлэх үйлс нь амжилт дүүрэн байх нь тодорхой биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 84 (7328)

 

хүж дэлхийд би хүслээ шингээж дуулнаааааа
"Иргэд хогоо ангилж дахвираар нь ялгаж сурсан"

Монгол орон байгалийн үзэсгэлэнт газар нутагтай. Нутгийн хэ

17 мин
"Сувилагч маш сайн сонсогч, өвчтөнд урам өгдөг байх ёстой"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор гурав дахь жилдээ

22 мин
“Нэр үгүй”-чүүд нэр дэвших эсэхийг явж явж СЕХ мэднэ

Улс төрийн намууд УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруу

27 мин
Намууд дахь “...Хууччуул тойрог руу, “шинэков”-ууд жагсаалтад” нанчилдаан

Ер нь бол аль ч намын хувьд “...Хэн, хаанаас нэр дэвших вэ”, “...

37 мин
Нэр дэвшүүлэх ажиллагаагаар намууд “нэр үгүй” хүмүүсээ шахаж чадах уу?!

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшихээр горилогчид “гарааны зурхай” руу хөдөллөө. Хэдэн горилогч явааг хэлэхэд хэцүү.

42 мин
О.Цогтгэрэл: Эрх баригчид сонсгол хийх дургүй байна

Хуваарь ёсоор өчигдөр намын бүлгүүд хуралдах байсан ч эрх баригч намын бүлэг хуралдсангүй. 

47 мин
Сонгогчид хоёр саналын хуудас бөглөнө

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдл

52 мин
“Тархины урсгал”-аа тогтоон барихад төрийн зөв бодлого хэрэгтэй

Монгол Улсын иргэн Х 37 настай. Эхнэр хоёр хүүхдийн хамт Солонго

57 мин
Медальд аргамжаатай монголчууд

1921 оны ардын хувьсгалын анхны долоогийн нэг Солийн Данзаны хэлсэн “Ирг

13 цаг 14 мин