Г.Цэрэндолгор: Эх орноо бүтэн авч үлдэхийн төлөө ард түмэн сонор соргог байх цаг үе иржээ

2024-04-22
Нийтэлсэн: Админ
 18 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин  “Амьдралын тойрог” буландаа УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны зөвлөх  Гунгаажавын Цэрэндолгорыг урьсан юм. Булган нутгийн гаралтай, үе удмаараа эх орныхоо нэгэн цаг үеийн бүтээн байгуулалтад хүчин зүтгэж ирсэн хөдөлмөрч эмэгтэйтэй ярилцлаа.

 

-Удам судар, үүсэл гарал гэдэг зүйл хүний амьдралд их чухал байр суурь эзэлдэг шүү дээ.   Таны аав, ээж ямар хүмүүс байв.   Та энэ хорвоод ирэхдээ хаана “унаж”, хүн болов.  Энэ талаар яриагаа эхэлье?

-Намайг Гунгаажавын Цэрэндолгор гэдэг.  Миний аав ээж Булган аймгийн уугуул хүмүүс.  Аав минь Баян-Агт, ээж минь Хутаг-Өндөр суманд төрсөн. Булган хангай нутаг Бүрэгхангай, Дулаан хаан, Бүтээл, Хангай, дархан гээд ой хөвчит уул нуруудтай, байгалийн үзэмж төгс, хүн зон нь алдар хүнд өндөртэй  сайхан нутаг даа.   Аав ээж хоёр минь тэр сайхан хангайд гал голомтоо бадрааж гэр бүл болцгоон, мал аж ахуй эрхлэн амьдардаг байсан.  Удаагүй аав минь цэргийн албанд татагдсан байгаа юм. 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнуудад оролцож,  эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэж явсан эх орончдын нэг,  ахмад дайчин хүн байснаар нь бид үргэлж бахархдаг. 

Ээж минь гэр бүлийнхээ арын албыг дааж, үр хүүхдүүдээ өсгөж, айлын том охин тул өөрийн дүү нартаа нөмөр нөөлөг болж, хоёр талынхаа аав ээжийг асран өргөсөн буянтай хүн байсан. Аав ээжийн минь аль аль талд эрдэм номтой, судар ном уншдаг, гартаа шидтэй, хүүхэд эх барьж авдаг, хүн эмчилдэг өвөг дээдэст минь ачлалтай хүмүүс олон  байсан юм билээ. Зарим нь хэлмэгдэж, аавын минь дүү дайнаас эргэж ирээгүй гээд тухайн цаг үеийн  шуурганд өртсөн түүх манай удамд байдаг. Манайх Булган аймгийн төв рүү 1963 онд нүүж аав ээж хоёр минь  аймгийн сургууль цэцэрлэг гээд олон барилга баригдахад оролцож, 1967 онд Дархан хот руу шилжиж, тэндхийн анхдагч айлуудын нэг болж өнөөгийн Дархан хотыг үүсгэн байгуулалцсан түүхтэй. Орон сууц,  үйлдвэр заводууд маш хурдтай баригдаж  бүтээн байгуулалт эд өрнөсөн тэр цаг үед аав минь мужаан ээж минь засал чимэглэлийн ажлаар мэргэшиж салбартаа тууштай ажиллаж байгаад чөлөөний амралтдаа гарсан. Аав минь  мэргэжилдээ ур чадвартай  байсан тул  “Алтан гадас” одонгоор шагнагдаж, Улаанбаатар, Эрдэнэт хотын бүтээн байгуулалтад  томилолтоор  ажилладаг байв. Ээж минь орос эгч нартай хамтран ажиллаж орос хэл сурч байснаа дурсан ярих дуртай. Манайх ах дүү 11-үүлээ.  Би долоон эрэгтэй, дөрвөн эмэгтэй хүүхэдтэй айлын отгон охин болж, 1976 онд Дархан хотдоо төрсөн.  Монгол Улсын хоёр дахь хотод хүүхэд нас минь өнгөрсөн учраас нэлээд хотжуу өссөн,  суурь боловсролоо ч сайн эзэмшсэн.

-Та арван ах эгчийн дунд ёстой эрхэлж өссөн байх даа?

-Айлын бага охин учраас аав, ээж ах эгч нарын хайр, халамж дунд л өссөн.  Ах эгч нарын дүүгээ гэх сэтгэл агуу шүү дээ. Ах эгч нар минь  нэг нэг дүүгээ хариуцаад авчихдаг байлаа. Намайг дээрээсээ зургаа дахь ах минь хариуцна.  Тэгээд сургууль соёлд суралцах, хэнтэй найзалж нөхөрлөж байна гээд  бүхий л зүйлд анхаарч,тусалж дэмжиж ирсэн. Аав минь бурханд явснаас хойш ээж минь нийгэм шилжсэн үед хүндхэн амьдралын замыг туулсан даа. Ээжийгээ ихэд хайрлан өрөвдөж бид ачийг нь хариулахыг дор бүрнээ хичээсэн. Мянгантаа хичээсэн ч ээжийнхээ ачийг хариулах нь юу билээ дээ гэдэг  ч ээж минь бидэнд “ачийг минь хариуллаа баярлалаа” гэж хэлдэг байсан. Намайг сайн яваагаар бахархаж их хүндэтгэлтэй харьцдаг байсан. Ах дүү нартаа дэмтэй тусалж дэмждэгт л их сэтгэл нь өег байдаг байсан байгаа юм. Ээж минь их  хатуужилтай,  ажилсаг, хүнлэг, олонтойгоо хүн байсан.  Түүнийг нь харж өссөн  би багаасаа л зоригтой, хариуцлагатай, зарчимч болж төлөвшсөн. Ээждээ зориулан “Ээжийгээ би шүтнэ” гэдэг нэртэй шүлэг хүртэл бичиж байлаа.

-Аав ээж тань танд юу гэж зааж сургаж байв. Өөрсдөөрөө үлгэрлэж байсан гэвэл ямар зүйл нь таны сэтгэлд хамгийн тод санагдаж байна вэ?

-Аав минь намайг есөн настай байхад  өөд болсон.  Маш халамжтай хүн байлаа.  Ээжийг минь ёстой л алган дээрээ бөмбөрүүлнэ. Аавын минь үр хүүхдүүд биднийхээ төлөө амьдарсан цаг хугацаа бүхэн юутай ч зүйрлэшгүй их ачлал юм. Хүнийг хайрлах, өгөөмөр байх, эх оронч үзэлтэй байх, дайчин байх гээд сайхан зан чанарыг нь бид өвлөсөн. Миний ээж 93 настайдаа 2023 онд бурхны орноо зорьсон. Ээжтэйгээ байхад дүүрэн байсан сэтгэл байхгүй болчихоор нь их л хоосордог юм билээ. Ээж минь үр хүүхдүүдээсээ гадна ах дүү нартаа, айл саахалтынхандаа хайрлагдан хүндлэгдсэн, амгалан, тайван, бодь  зан чанартай хүн байсан. Энэ зан чанар нь миний ээжийг амьдралын хүнд шалгууруудыг давах, урт  наслахад нь  нөлөөлсөн байх гэж боддог юм. Би ээжийнхээ уужим сэтгэл, энэрэнгүй зан чанарыг нь  өвлөж, амьдралдаа хэрэгжүүлэхийг байнга хичээж явдаг, харин аавын минь хурц, дайчин, эх оронч, шударга зан чанар надад байгаа нь нас ахих тусам илэрч байна.

-Та гэр бүлийнхээ хүнтэй оюутан байхдаа танилцсан юм байна.  Ханийнхаа тухай талаарх анхны сэтгэгдлээ дурсаач?

-Би өөрийгөө их азтай эмэгтэйд тооцдог. Сайн ханьтай учирсан. Миний хадам аав Дорнодын буриад Цэрэндаш гэж хүн байсан. Ээж  минь Батчулуун гэж Хөвсгөлийн Баянзүрх сумын Дархад удмын сайхан буурай  бий. Одоо Говьсүмбэр аймагт амьдардаг. Хань минь дөрвөн хүүхэдтэй айлын ганц бага хүү. Би аав, ах нар шигээ халамжтай сайн  хүнийг сонгож энэ хүнийхээ хүчээр сайхан амьдарч яваадаа талархдаг. Сонгож гэдэг нь би анх хараад дурлачихсан юм л даа. Өндөр, царайлаг сагс гоё тоглодог залуу. Анх хараад их л сэтгэл догдолсон, гэхдээ азтай нь харц татсан тэр хүн намайг ч гэсэн анзаарч, сэтгэл татагдсан байсан. Хань минь миний бүхий л хүсэл сонирхлыг дэмжиж ирсэн, цаашид ч дэмжин тэтгэсээр байна гэдэгт нь бүрэн итгэдэг. Бид анхны хүүхдээ алдаж зовлон амссан. Уурхайн хүнд нөхцөлд ажилладаг, цалин хаанаа ч хүрэлцэхгүй, шилжилтийн үеийн золиос болсон манай үеийнхний адил бид  амьдралын эрээн бараан замыг туулж, алдаж онож  хамтдаа давсаар, хатуужин тэмцсээр бараг 30 жил нэгийгээ түшиж тулж, нэг хүн шиг болон амьдарч байна. Одоо ч харцаараа ойлголцож, улам л бие биенээ хүндэтгэн хайрлаж, хийхийг хүссэн зүйлийг нь дэмжиж, эрүүл амьдралыг эрмэлзэж, тэмүүлэлтэй амьдрахыг хүсдэг. Бид охин, хүү  хоёртой. Охин  минь Хөгжим, бүжгийн консерватори төгсөөд, БНСУ-д урлагийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Одоо Хүмүүнлэгийн ухааны их сургуульд суралцаж байна.Хүү минь дунд сургуулийн сурагч. Гэр бүл бол хамгийн үнэ цэнтэй хамгийн  гол хүч, түшиг тулгуур юм даа, миний амжилт бүхэн манай гэр бүлийн хүний надад итгэсэн итгэли, сэтгэлийн өглөг гэж боддог.

Манайх охин, хүү  хоёртой. Охин минь Хөгжим, бүжгийн консерватори төгсөөд, БНСУ-д урлагийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Одоо Хүмүүнлэгийн ухааны их сургуульд суралцаж байна. Хүү минь дунд сургуулийн сурагч. 

-Та барилгын салбарт  хөл тавьж, чамгүй амжилттай яваа хүн.  Аав ээж хоёрын чинь энэ салбарт ажил­лаж ирсэн нь танд нөлөөлсөн үү?

-Барилгын салбарт ажиллах болсноо би аав ээж хоёрын  минь хийсэн бүтээсэн хөдөлмөрийн үр шим нь үр хүүхдүүд бидэнд нь цагаан зам татуулан хувь заяаг минь ивээж байна даа гэж сүсэглэдэг. Би чинь барилгатай ямар ч хамаагүй мэргэжилтэй хүн.  1991 онд наймдугаар ангиа төгссөн. 1991 он гэдэг Монголын нийгэмд ардчилсан хувьсгал өрнөсөн их ээдрээтэй цаг үе байсан. Иймд миний ээж намайг 10 дугаар анги төгсгөхгүй шууд техникумд орохыг зөвлөсөн. Ээжийнхээ хүсэл сонирхлоор Дарханыхаа Техникийн коллежийн уул уурхайн ашиглалтын  ангид элсэн орж, суралцаж 1995 онд төгссөн. Энэ сургуульд суралцаж, эндээс ханьтайгаа учирснаа би хувь төөрөг, ерөөл гэж боддог.  Бид сургуулиа төгсөөд ажлын гараагаа хамтдаа Говьсүмбэрийн Шивээ-Овоогийн нүүрсний уурхайгаас эхэлж байлаа.  Би Шивээ-Овоогийн уурхайд  долоон жил ажилласан, харин  манай гэр бүлийн хүн нэлээд олон жил ажиллаад одоо нөхөр маань Таван толгойн нүүрсний уурхайд инженерээр ажиллаж байна. Би 2003 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг бизнесийн удирдлагаар төгсөж  дунд сургуульд нягтлан бодогч, Монгол шуудан банкинд тооцооны төвийн нягтлан бодогч эрхлэгчээр ажиллаж байгаад  хувийн бизнес рүү орсон.

-Шууд компаниа байгуулсан юм уу?

-Үгүй ээ.  Тэр хүртэл бас нэлээд амьдрал үзсэн гэх үү дээ.  Тэр үеийн залуусын давалгаанд өртөж,  Солонгос явж ажил хийх гэж үзлээ, бараагүй.  Багагүй өр ширэнд орж үзлээ, бас л болдоггүй.  Ингээд цементийн худалдаа, бизнес хийдэг үеэл эгч дээрээ ирж учир байдлаа хэлээд тэдний компанид ажилд орсон.  2006 оноос Замын-Үүдэд  “Сайхан хараа” компанийг төлөөлөн  БНХАУ-аас цемент импортоор оруулж ирснээр энэ бизнесийн анхдагчдын нэг болсон түүхтэй. Энэ бизнесийн талбарт маш амархан учраа олж, нэг их удалгүй цементийн борлуулалт, худалдааг бие даан хийж эхэлсэн. Гэхдээ бага хүүгээ 2009 онд төрүүлэхээр болж, нэг хэсэг цементийн бизнесийн үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ хугацаандаа ч зүгээр суугаагүй. Ер нь зүгээр сууж чаддаггүй хүн юм шиг ээ.  Хүүгээ төрүүлээд нялх биетэй байхдаа жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж,  Говьсүмбэр аймагт  “ЦХБ” ХХК байгуулж, бууз, банш, хэрчсэн гурилын үйлдвэрлэл эрхэлж, хүнсний дэлгүүр ажиллуулсан. Хүнсний үйлдвэрлэл маань  булган сүүлтэй, үр өгөөжөө өгсөн ажил.  Тэндээс би  их зүйлийг суралцсан болохоор  одоо ч  энэ ажлаа дурсан ярих дуртай байдаг. Манай компани 2010 онд  “Цементийн бизнес эрхлэгчдийн  холбоо” ТББ байгууллагад нэгдэж, миний бие ТУЗ-ийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Бид хамтдаа олон ажлыг хийж чадсан. Бүтээн байгуулалт ид өрнөж байсан цаг үед цементийн хомсдол тулгамдсан асуудал болж, манай холбооныхон энэ ачааллыг үүрч Монгол Улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж чадсан гэж боддог. Дотоодын  цементийн үйлдвэрүүд ашиглалтад ороход манай холбооны гишүүд тэдний бүтээгдэхүүнийг  зах зээлд таниулах,  борлуулах үйл ажиллагааг нь дэмжиж, эрсдэлийг мөн л нуруун дээрээ  үүрч явсан, одоо ч амжилттай ажилласаар байдаг.  Миний хувьд  2019 онд бетон зуурмагийн үйлдвэрлэл, улмаар 2020 оноос “Өндөр Сэнтийт трейд” ХХК  маань албан ёсоор барилгын бизнес рүү орсон. Орон сууцны барилга барихын зэрэгцээ борлуулалтыг нь бас хамт авч явах нь зүйтэй хэмээн үзэж, үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Мондара реалти групп” гэх компаниа  байгуулж, 13 ажилтантайгаар үйл ажиллагаа эхлүүлж байлаа. Ер нь миний бизнес бага багаар, алхам алхмаар дандаа урагшилж, дэвшин дээшилсээр л ирсэн. Манай компани “Ханбогд” хороолол, “Хансвилл” хотхон, “Чухаг хотхон”, “Арцат I” хотхон гэх мэт, мөн олон  сургууль цэцэрлэгийн төслийг цемент бетон зуурмагаар хангаж, “Арцат II” хотхонд  бие даан захиалагчаар ажилласан  түүхтэй.Одоо нэлээд хэдэн төсөлтэй хамтран ажиллаж байна.

-Барилгын компаниуд маш олон өндөр орон сууц барьсаар, Улаанбаатар хотыг цементэн ширэнгэ болгож байна гэж шүүмжилдэг. Салбарын бизнес эрхлэгчийн хувьд хотыг ийм болгоход та ч хувь нэмрээ оруулжээ?

-Тийм шүү. Үнэн л дээ. Улаанбаатар хотыг анхнаасаа зөв төлөвлөж чадаагүй. Одоо үүссэн гэр хорооллоо барилгажуулж ус, агаар, хөрсний бохирдол, түгжрэлээ шийдэж чадахгүй иргэдээ хохироосоор байна. Энэ бол төр засгийн алдаатай шийдвэрийн үр дагавар. Бид Эрдэнэт, Дархан  хотуудаа энэ зам руу оруулчихгүйхэн шиг цаашлаад бүсчилсэн хөгжлийн томоохон суурин газруудаа  зөв төлөвлөөд, хөгжүүлэх юм сан гэж боддог. Барилгын бизнес эрхлэгчдийн хувьд ч хотын төлөвлөлтгүй байдал, дэд бүтцийн хүрэлцээ муугаас шалтгаалж газар олдохгүй хүндрэл  бэрхшээл тулгарч байна. Үндсэндээ хотын  хувьд барилгын бизнес газрын асуудлаас болж зогсонги байдалд хүрч байгаа тул дагуул хотуудыг бий болгох, хөгжүүлж барилга барих  газрын үнийн өсөлтийг зогсоох шаардлагатай байна. Хөгжлийг тэлж иргэдээ дэмжиж томоохон суурин газрууд аймгийн төвүүдээ хөгжүүлэх цаг нь болсон гэж хардаг. Жишээлбэл,  бүсчилсэн хөгжлийн томоохон тулгуур нь Эрдэнэт байж болно. 

Ямар ч цаг үед монгол хүний газар, шороогоо гэсэн үзэл санаа оршиж үндэсний аюулгүй байдлынхаа төлөө иргэн бүр хариуцлагатай сэтгэлтэй байх үүрэгтэйг ухамсарлаж  миний бие энэ зарчим дээр  хатуу байр суурьтай байж тэмцэл өрнүүлж эхэлсэн.

-Бизнесийн салбарт эмэгтэй хүн бүү хэл эрэгтэй хүн даван туулахад амаргүй шалгууртай тулгарах нь бий.  Ер нь таны туулсан энэ зам хэр хүндрэл бэрхшээлтэй байв. Юунд мохож, хаанаас урам зориг авч байв?

-Монголд бизнес эрхлэх мэдээж амаргүй.  Ажлын байр нэмэгдүүлж, цалин олгож байгаагийнхаа хэрээр татварын дарамтад орж байна. Хэдийгээр төсөв татвараас бүрддэг хэдий ч сүүлийн үед эрх баригчид дэндүү нэмж байгаа нь компаниуд ажилтнаа цөөлөх, зарим нь дампуурахад хүргэж байна. Хүн цалинжуулж ажлын байр нэмэгдүүлж хөрөнгө оруулалт хийчхээд төрийн буруугаас болж өндөг хагарах шиг  үрэн таран болж байгааг нь жишээнүүд олон байна.Татвар төлөгчдийн мөнгө үр ашиггүй зарцуулагдаж, бизнесийн таатай орчин бүрдэхгүй байгааг онцгой анхаарах хэрэгтэй гэж боддог. Мөн дөнгөж байгуулагдсан компани олон жил үйл ажиллагаа явуулсан монопол  хүчин чадал өндөртэй томоохон компаниудтай өрсөлдөх ямар ч боломжгүй нөхцөл аль хэдийн бүрдчихсэн. Монголын нийгэмд асуудал, гажуудал их байна, бүх салбар доголдолтой байна. Хүн хүндээ итгэх итгэл багассаар байна, нийгэмд тэр чигтээ шударга ёс алдагдаж байна. Энэ нь том утгаараа улс орны доройтлийг идэвхжүүлж, ядуурлыг бий болгож аливаа бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж нэг нэгнээ татан унагаж байна. Дараагийн нэг асуудал бол хүний нөөцийн хомсдол үүссэн. Чадвартай боловсон хүчнүүд маань өөрийн карьераа хөөх, томоохон компанийг сонгох эсвэл гадагшаа явахыг илүүд үзэх боллоо. Тэднийг буруутгах аргагүй иймд хүний нөөцийн зохистой харилцааг холбогдолтой салбар бүхэнтэй уялдуулах төрийн менежмент нэн шаардлагатай байна. Уул уурхайн мэргэжилтэй хүний хувьд дүгнэхэд баялгийг мөн л хэдхэн гэр бүл эзэмшиж хөрөнгөжиж байгаад харамсдаг. Бид баялгаа тэгш хүртээж хүн нэг бүрээ ирээдүйгээ хангалттай чинээлэг амьдруулах боломжтой. Даанч төрд гарсан хүмүүст сэтгэл алга.  Тэд зөвхөн хар амиа л хоохойлж байгаад гомдолтой санагддаг. Хуультай ардчилсан улсад байж боломгүй эмх замбараагүй байдал 35 жил үргэлжиллээ.  Гажуудалтай тогтолцоог  бүхэлд нь эргэн харж, үндсээр нь өөрчлөх цаг нь болсон. Бид сэрж эх орноо, өөрсдийгөө, ирээдүйгээ хамгаалах ёстой.

-УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх гэхээр та улс төрд хамааралтай хүн болж.  Бизнесийн хүн улс төрийн намын бүлгийн зөвлөх гэхээр уншигчид янз бүрээр хүлээж авах нь бий.  Бизнесээ хамгаалах нь, эсвэл тэлж, хөгжүүлэх нь гэдэг.  Таны зорилго аль нь вэ?

-Энэ хоёрын аль нь ч биш.  Миний бизнес  олон нийтийн төлөө хийх ажиллагаатай ямар ч хамаагүй. Би магистрын зэрэг хамгаалахдаа  “авлига ашиг сонирхлын зөрчилд холбогдсон албан тушаалтны ангилал”-д судалгаа хийсэн. Энэ сэдвийг сонгох болсон шалтгаан нь авилга улс орныг дампууралд хүргэж байгаа гэж үзсэн. Олон улсын байгууллагын судалгаа манай улсын  улс төрийн хүрээний авлига буюу эрх мэдэл, албан тушаалаа ашиглах ашиг сонирхол жил ирэх бүр өссөөр байгааг дүгнэн хэлдэг юм билээ. Иймд би судалгааны дүнг  улс төрийн албан тушаалтнууд өндөр үзүүлэлттэй гарах болов уу гэж таамаглаж байтал  эсрэгээрээ байсан.  Улстөрчид хариуцлага хүлээхээс илүү хувь хүн, аж ахуй нэгж, төрийн өмчит компанийн албан тушаалтнууд хариуцлага хүлээж, харин улс төрийн хүрээнийхэн хариуцлага хүлээсэн тохиолдол нь маш цөөн байв.Олон улсын судалгааны дүгнэлттэй таарахгүй байгаа нь далд хэлбэртэй, хууль хяналтын байгууллагад  нөлөөлдөг байх талтай. Авлигатай тэмцэнэ гэж бүхэл бүтэн байгууллага ажиллаад байхад үр дүн гарахгүй дэлхийн сүүлийн найман жилд судалгаанд оролцсон 129 орноос 2023 онд 121 дүгээр байрт,  авлигын индексээр жил бүр ухарсаар байгаа нь харамсалтай байна. Энэ бол цэвэр улстөрчдийн  болоод алдаатай шийдвэрийн буруу юм. Хамгийн аюултай нь  авлигын нөлөө газар нутгийн бүрэн бүтэн байдалд халдаж эхэлсэн нь сэтгэл зовоож байна. Ямар ч цаг үед монгол хүний газар, шороогоо гэсэн үзэл санаа оршиж үндэсний аюулгүй байдлынхаа төлөө иргэн бүр хариуцлагатай сэтгэлтэй байх үүрэгтэйг ухамсарлаж  миний бие энэ зарчим дээр  хатуу байр суурьтай байж тэмцэл өрнүүлж эхэлсэн.

-Таны аав бол Монголынхоо газар шорооны төлөө тэмцэж, хоёр ч дайнд оролцож явсан хүн юм байна.   Яг тухайн үеийн газар шорооныхоо төлөө тэмцэж явсан хүмүүсийн үзэл санаа  одоо ч үргэлжлэх ёстой гэж та үзэж байна уу? 

-Эх орныхоо төлөө ахмад үе минь амь биеэрээ тэмцэж өнөөдрийн бидний амьдрах эрх чөлөөт орныг бидэнд үлдээсэн. Тэдний хүсэл мөрөөдөл эх орноо гэх сэтгэл зүрх бидэнд өнөөгийн боломжийг үлдээсэн. Тэгвэл энх цагт эрх ямба хөрөнгө мөнгөнд шунаж газар шороогоо харийн хүмүүст арилжиж амиа бодох хүмүүст эгдүүцдэг. Ирээдүй хаана яаж амьдрах  болж байна вэ гэж айдаг. Саяхан парламентад эх оронч үзэл санааны эсрэг хуулийн төсөл орж ирсэн шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалтын хууль нэрээр халхавчилж, Эдийн Засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын санаачилж, удаа дараа УИХ-аар батлуулах гэж шахаж, гишүүдийн олонх үүнийг дэмжиж байгаад харамссан. Засгийн газар, бүлэг, байнгын хорооны хуралдаанаар ийм хуулийн төсөл дэмжигдээд УИХ-д батлах хэмжээнд тулж ирнэ гэдэг ёстой айдас хүрмээр юм шүү. УИХ-ын гишүүд энэ хуулийн төсөл дээр тодорхой хэмжээний лоббид автсан гэж хардахаас өөр аргагүй. Тэгээд хуулийн төслийг нэлээд судалсан л даа.  Өмнөх Хөрөнгө оруулалтын хуулийг манай АН засаглаж байхдаа баталсан.  Ингэхдээ хөрөнгө оруулагчдад тодорхой босготой, шалгууртай байсан.  Мөн газар эзэмших хугацааг  дунд нь сунгах талаар тусгаж, илүү нарийвчилсан хуулийг баталж байжээ. Гэтэл саяын төслөөр бол бүх босго, шалгуурыг авч хаясан, ёстой нөгөө хулгайн хуулийг оруулж ирж батлах оролдлого явагдлаа.  Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ-ийг тэглэх хэмжээний асуудал дагаж орж ирсэн. Олон нийт маань үүнд маш соргог хандаж, хуулийн төслийг буцааж чадлаа. Ерөнхийлөгч асан Х.Баттулга ч гэсэн газар шороогоо хамгаалах, Монголын эрх ашигт нийцэхгүй зүйлтэй хэзээ ч санал нэгдэхгүй гэдгээ илэрхийлж, УИХ-ын даргад шаардлагаа өөрийн биеэр хүргэж өгч,  эсэргүүцсэн.  Монголын Ардчилсан холбоо “Бүтэн Монгол” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, маш олон хүн энэ эсэргүүцэлд нэгдэж гарын үсэг зурсны хүчинд нэг удаа зогсоож чадлаа. Хүрэлбаатар сайдын өргөн барьсан хуулийн  хамгийн ноцтой үр дагавар үзүүлж болохуйц ганц жишээг  татвал Хятадын компани манайд хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явууллаа гэхэд тус улсын төр нь хилийн чанадад өөрийнхөө улсын өмч хөрөнгийг, компанийг, иргэдээ цэргийн хүчээр хамгаалах хуультай орон. Тэгэхээр тухайн орноос хэдий чинээ олон хөрөнгө оруулагч орж ирнэ.  Төдий чинээ тэр улсын манай нутаг дэвсгэр дээр өөрсдийгөө хамгаалах төрийн хамгаалалт нь нэмэгдэнэ гэсэн үг.  Энэ бол манай улсад маш аюултай. Иймд бид газар нутгаа хамгаалах дархлаагаа улам нэмэгдүүлж сайжруулах шаардлагатай байна.  Энэ олон газрын лицензийн асуудлыг  шийдвэр гаргах түвшинд хүчингүй болгох,  цэгцлэх шаардлагатай гэж үзэж байна. Тэгж байж бид эх орноо бүтэн авч үлдэх цаг үе тулж иржээ.

-АН дотроо олон фракцтай.  Та МоАХ-ны гишүүн.  Яагаад энэ холбоонд гишүүнээр элсэж, үзэл баримтлалд нь нэгдсэн бэ?

-Би энэ холбооны харьцангуй залуу гишүүн нь. МоАХ бол Монголд ардчилсан үзэл санааг бий болгох эх үүсвэрийг тавьж, үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэгдэл шүү дээ. Улс төрийн манлайлагч, төр нийгмийн зүтгэлтнүүд эндээс төрсөн. МоАХ-ны мөн чанарыг харахаар энэ байгууллагад дандаа л эх орончид  байдаг нь миний үзэл санаатай нэгдсэн учраас би гишүүн болсон. МоАХ-ны үе үеийн гишүүд нь эрх мэдэл, албан тушаалын төлөө яваагүй  эх орныхоо төлөө дуу хоолойгоо өргөдөг жинхэнэ ардчиллын фронтод зүтгэдэг, ардчиллын төлөө, шударга ёсны төлөө, ард түмнийхээ төлөө зогсдог, хамгаалдаг эх орончид тул үзэл санаа нэгдэж улс төрийн хувьд энэ сонголтыг хийсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 79 (7323)

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

15 цаг 17 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

15 цаг 20 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

15 цаг 32 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

18 цаг 19 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

18 цаг 42 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

18 цаг 47 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

21 цаг 20 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

21 цаг 25 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

21 цаг 30 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

21 цаг 35 мин