"Монголын баялаг 330"-ыг "гууль" биш "алт" болгох сон

2024-02-27
Нийтэлсэн: Админ
 23 мин унших

(Нэгэн цуврал нэвтрүүлгийг эргэцүүлсэн тэмдэглэл)

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Сүрэнгийн Зэвсэг

 

Түмэнд хэрэгтэй, түүхэнд үлдэцтэй төсөл

 

Манай Төрийн тэргүүн нараас Монгол орныхоо түүх соёлыг гүгзгийрүүлэн судлах, дэлхийн дайдад сурталчлах зорилгоор “Буурал түүхийн жимээр”, “Их Монгол Улс” зэрэг төсөл санаачлан хэрэгжүүлж ирсэн буянтай үйл бий. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” зарилга гаргаад хэрэгжиж байна. Мөн “Монголын баялаг 330” хэмээх нэн ач холбогдол бүхий төслийг Ерөнхийлөгч өөрийн ивээлд хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Нэвтрүүлгийн эхэнд “Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор бүтээв” гэх гоёмсог бичиг гарна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төгсгөлд нь үзэгч олондоо хандан үг хэлж байна. Түүний “Монгол соёлын дархлаатай дэлхийн монгол хүн, Монгол үндэсний оюун санааны тусгаар тогтнолын төлөө хамтдаа зүтгэе! Монголын түүх соёл, монголчууд бидний үнэлж баршгүй баялаг мөн” гэсэн үгийг Монгол Улсын Төрийн далбааны дүрс бүхий дэвсгэр дээр бичиж харуулснаар төгсөнө. Энэ нь нэвтрүүлгийн үүрэг зорилго, хүрээ далайц, хариуцлага ач холбогдлыг тодорхойлж байна. Төслийг санаачлагчид С.Баатархуяг (Төслийн удирдагч), Ч.Махбал, Ц.Сэрэглэн, Ж.Дэмбэрэлсайхан, Г.Энхбат, Г.Рэгзэн, А.Энхтөр, Д.Бум-Очир нарын зөвлөхүүд гээд зохиогч редактор, найруулагч, зураглаач, эвлүүлэгч, сэтгүүлч, хөгжмийн зохиолч гэхчлэн олон хүний нэр дурайтал гарна. Эндээс нэвтрүүлэг ямар хүчтэй, том бүрэлдэхүүнтэй багийн хөдөлмөр зүтгэлээр бүтэж байгааг илэрхийлж байгаа нь харагдана.

 

Сонирхол дагуулсан хүлээлт

 

Би “Энэ нэвтрүүлэг, Монгол Улсын 330 сумын нутгийн байгалийн үзэсгэлэнт газар, судлагаагаар илэрсэн түүх археологийн баримт, соёлын дурсгал, биет болон биет бус өв баялаг, эд өлгийн зүйл, нутаг нутгийн ард олны аж төрөх хэв маяг, зан заншил угсаатны зүйн онцлог зэргийг судлах, хараахан илэрч мэдэгдээгүй археологийн баримт булш хиригсүүр, тахилын онгон зэргийг, нэвтрүүлгийг хийх явцад боломжоороо хайх, олох, гүнзгийрүүлэн судлах, тулгуур баримт болгон хадгалж сан бүрдүүлэх. Улс, аймаг, орон нутгийн гэх эрэмбээр бүртгэлжүүлж хамгаалалтад авах, судлагааны эргэлтэд оруулах, олон нийт ялангуяа дотоод гадаадын жуулчдад хүргэж сурталчлахад чиглэсэн арга хэмжээ юм байна” хэмээн олзуурхан хүлээж авч нэлээдийг нь Ютүүб сувгаас (Нэвтрүүлгээ “YouTube” сувагт байрлуулсан нь сайшаалтай) үзлээ. Нэвтрүүлэг ямар болох нь Нэг талаас: нэвтрүүлгийг санаачлан хийж, зохион байгуулж байгаа байгууллага, хүмүүсийн ур чадвар, туршлага, идэвх санаачилга, хариуцлагаас, нөгөө талаас: сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон Засаг дарга нар энэ ажилд хэр ач холбогдол өгч дэмжих, сум орноо сурталчлах нэг боломж болгох, олдсон завшааныг оновчтой ашиглах сэтгэлээс, түүнчлэн тухайн нутгийн байгалийн тогтоц уул толгод, нуур ус, хад чулуу, өвс ургамал, түүх соёлын ил далд дурсгал, биет болон биет бус өв баялгийн тоо хэмжээ зэргээс хамаарах юм байна гэж ойлгосон.

“Монголын баялаг-330” нэвтрүүлгийнхэн ажлаа наран гарах зүгийн сумдаас эхлэв. Тэдний ажлын гараа шинэхэн сонихон, бас анхны нэвтрүүлгүүд дэлгэцэнд гарч байгаа, дээр нь өнөөгийн төр засгийн зарим удирдлагын уугуул ус, суугуул нутаг гэхээр нэр нүүрээ бодож хичээсэн (Ая тал зассан гэж хэлээгүй шүү) байх. Эхний буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтийн аймгийн зарим сумдын нэвтрүүлэг жигд сайн болж байгаа нь ажиглагдсан. Үзэгчдийн ихэнх нь таашаалтай хүлээн авч “Манай сумын нэвтрүүлэг хэзээ гарах бол” гэх хүлээлт бий болоо биз. Гэтэл “Өглөө хазаар, орой ташуур” гэгч болсон уу, яасан? Сүүлдээ жаахан хайнгадуу хандаж “сулрах” маягтай боллоо гэцгээх болсон. Одоогийн байдлаар 200 гаруй сумын нэвтрүүлгийг эфирт гаргасан буюу бэлтгэж байгаа гэнэ. Гэхдээ миний үзсэн цөөхөн нэвтрүүлгийн хувьд зүүн аймгуудын зарим сумдаас гадна Төв аймгийн Эрдэнэсант, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Дундговийн Адаацаг зэрэг сумдын нэвтрүүлэг харьцангүй гайгүй болсон. Тэгээд ч энэ олон сумдын нэвтрүүлгийг жигд сайн хийнэ гэдэг хэцүү. Нэвтрүүлгийн чанарт нөлөөлж байгаа хүчин зүйл цөөнгүй байж таарна. Гэхдээ жигд харж анхаарах, хариуцлагатай хандах учиртай. Хүсэн хүлээсэн Эрдэнэдалай сумын маань “Монголын баялаг 330” нэвтрүүлэг ч  (Ютүүбт 2023.01.04-нд байрлуулсан юм билээ) гарлаа.

 

Бага гэж басамгүй баримт

 

“Монголын баялаг 330” нэвтрүүлгийг ажиглаад төрсөн бодол, сэтгэгдлээ зөвхөн Эрдэнэдалай сумын нэвтрүүлэгт түшиглэн тоймлож хэлэхэд Нэгдүгээрт: Нэвтрүүлэг Эрдэнэдалай сумын төвийг “Далайн төвшнөөс дээш 1835 метр өндөрт оршдог” хэмээн эхлэх юм. Би, тус сумын нутгийн хамгийн өндөр газрыг Булагуудын Хэцийн Баргилт Хайрхан хэмээх хээр талын бэсрэг уулыг гэж боддог. Энэ уулыг газарзүйн шинжлэх ухааны нэртэй эрдэмтэн, Ардын багш Ш.Шагдар “Монголын газарзүйн нэрийн товч толь бичиг” номдоо (33-р талд) Баргилтхайрхан уул 1773 м өндөр гэжээ. Гэтэл яагаад сумын төв орших “Хар Бутан дэнж” Баргилт Хайрханаас 62 метрийн өндөрт байдаг билээ. Ингэхэд нэвтрүүлгийг бүтээгчид, салбарын нэртэй эрдэмтэн нарын хэнийх нь зөв юм бол...? Хоёрдугаарт: Сумын “Нутгийн удирдлагын ордон”-ы үүдэнд нэгэн залуу ярьж байна. Тэр хүний зургийн тайлбарт (титрт) “Эрдэнэдалай сумын Засаг дарга Б.Лхагвамандал” хэмээн тодруулжээ. Би хэрдээ сайн харлаа. Лхагвамандал дарга биш ээ. Улаанбаатарын зах хязгаар, хуучин “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлын орчимд байх “Титан Пикчёр” компанийн ажлын байранд автобус хүлээх, түгжрэлд гацахын бэрхшээлтэй “нөхөрлөн” явсаар очиж уран бүтээлчидтэй уулзав. Захирал С.Баатархуяг бараг мэндгүй “Та болио. Таны мэддэг тэндээ. Бид бас хийсэн ажлаа мэднэ. Танай сумынхан чинь юу ч бэлдээгүй, юугаа ч мэдэхгүй хүмүүс байсан. Харин ч бид хэр чинээгээрээ хийсэн шүү. Та, зүгээр эндээс түргэн зайлж үз” гэв. Би “Эрх биш сумынхаа даргыг танина. Энэ хүн манай дарга биш” гэж учирлалаа. Тэгтэл захирал, нэг ажилтан руугаа “Та нар юу бичсэн юм. Та нар юу анхаарч байдаг улс вэ, наадахынхаа учрыг ол. Эрдэнэчимэг гэж хүүхэнтэй ярь. Тэр ер нь юу харж, юу хийж явсан хүн юм. Та нар яахаараа ийм балай алдаатай юм хийдэг байнаа” гэж ундууцлаа. Цаадуул нь “Тэр хүүхэн утсаа авахгүй байна” гэхчилэн шуугилдсаар. Тэгэхээр нь би, сумандаа олон жил алба хашсан нутгийн иргэн Ө.Лхагвасүрэнгээс лавлаж “Лхагвамандал” гэж тайлбарласан хүний зургийг цахимаар явуултал “Наадах чинь Засаг дарга Лхагвамандал биш, орлогч дарга Осорын Базаррагчаа” гэв. Учрыг уран бүтээлчдэд хэллээ. Баатархуяг захирал ихэд уурсан “Та нар наад балай юмаа одоо засч залруул” гэв. Цаадуул нь “Залруулчихлаа” (“YouTube”-т 2024.02.22-ны байдлаар залруулаагүй байв) гэцгээсэн.

Нэвтрүүлэгт Эрдэнэдалай сумын нэрний тухай хоёр гурван домог таамаг ярьсны нэгийг тэмдэглэхэд “Норов Гүн гэдэг хүн ирж Өвөр-Угтаалын давыг үзээд “Энэ нэгэн зүйлийн эрдэнэ байна” гээд сумын нэрэнд “Эрдэнэ” гэх үгийг оруулсан гэж байна. “Дав” гэж чухам юу болохыг элдэв толь бичиг эргүүлж хараад олсонгүй. Энэ бүхэн бол жижиг юм биш. Тэр тусмаа Монгол Улсын Төрийн тэргүүний ивээл, нэр хаягаар нь хийж байгаа түүх соёл, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой, Монгол орноор төдийгүй бүр Ютүүбт (“YouTube”) тавьж дэлхий даяар цацаж байгаа, цаашид судлагааны эх сурвалж болгон хадгалах зорилготой нэвтрүүлэгт ингэж хайнга хандмааргүй санагдлаа. Засаг дарга Б.Лхагвамандал ээлжийн амралтаа авч, орлогчдоо “Нэвтрүүлэг хийх хүмүүс ирнэ. Миний өмнөөс яриа өгөөрэй” гэж хэлсэн байж болно. Үүний тулд орлогчтой байдаг биз. Харин “Чи өөрийгөө би Лхагвамандал байна” гэж хэлээд яриа өгөөрэй” гэж хэлээгүй байх. Сум төлөөлж ажилласан Ө.Эрдэнэчимэг, Н.Чулуун (Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байх) нар чухам юу хийж, юу харж байсан нь сонин. Гуравдугаарт: Нэвтрүүлгийн эхэнд Эрдэнэдалай сум Рашаант, Цагаан-Овоо, Цавчир, Өнгөт, Тэнгэлэг, Сангийндалай гэсэн зургаан багтай гэж онцолсон. Гэтэл Цагаан-Овоо, Өнгөт гэсэн хоёр багийн талаар өнгөцхөн дурдаад өнгөрлөө. Харсан хүнд “Эрдэнэдалай чинь ердөө Цагаан-Овоо, Өнгөт гэсэн хоёр багтай. Үнэстийн Цагаан-Овоо, Үнэстийн хийдийн дуганы балгас, Баян Улааны хэц, Ханан хашаат орчмын булш хирэгсүүр, Өнгөт багийн Эргэнэгийн говь, Үнэгэд Хар толгой, сумын төвийн Дамбадаржаалин хийдийн Хөх дуганаас өөр үзүүлэх, ярих зүйлгүй юм уу” гэхээр. Юм аа мэддэг, түүнийгээ илэрхийлж чадвал ганц хүн ганцаардаггүйг Адаацаг сумын нэвтрүүлгийн С.Энх-Амгалангийн яриа харуулсан. Гэхдээ С.Ганчулуун, А.Гансүх, О.Бямбасүрэн, М.Бямбасүрэн, Н.Чулуун нар муу яриагүй. Дарга нэг өдөр “За чи, Монголын баялаг 330 гэдэг нэвтрүүлэгт орж сум багийнхаа тухай ярина шүү” гэж үүрэгдсэн биз. Ярих зүйлээ урьдчилан бэлтгэж амжаагүй, микрфоны өмнө шууд ярих туршлага дутсан, цагаар хавчиж яаруулсан” гээд юм юм нөлөөлсөн болов уу.

Сийлбэрч М.Бямбасүрэнгийн урлангаас санаа авч нэгэн баримтыг дурдъя  “Төмрийн хаан” хэмээн алдаршиж домог болсон нэртэй дархан Ц.Сумъяагийн тухай ганц үг дурсаж уран бүтээлээс нэгийг ч харуулаагүй нь хачирхалтай. Ц.Сумъяагийн ач хүү, Монгол Улсын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Д.Жанцанхорол “Түшиг” номдоо “1949 онд И.В.Сталины 70 насны ойд зориулж цэвэр гангаар урласан таван хушуу малын сийлбэр”, мөн 12 жилийн дарааллаар түлхүүрдэж онгойдог 12 түлхүүртэй цоож, архи зэрэг тунгалаг зүйл хийхээр ёроолд нь янз бүрийн зураг тодорч харагддаг мөнгөн аяга зэрэг гайхамшигтай бүтээлүүд нь улс, аймгийн музейд хадгалагдаж байгаа. Ц.Сумъяа Монгол Улсын Засгийн газрын захиалгаар, гадаадын хүндэт зочдод зориулсан бэлэг дурсгалыг урладаг төрийн дархан хүн байлаа” гэж бичсэн бий. Энэ бүхэн нь нэг талаас нэвтрүүлгээ хийлгэж байгаа хүмүүсийн ажил хэргийн чадвар, санаачилга самбаа, ажилдаа өөриймсүү хандах сэтгэлээс, нөгөө талаас уран бүтээлчид очиж ажиллах сумынхаа талаар баримт судлагааг цуглуулж бэлтгэлээ хэрхэн хангасан, мөн томилж байгаа байгууллагынх нь ажил хэрэгч байдал зэргээс шалтгаалсан байх. Дөрөвдүгээрт: О.Бямбасүрэн “Манай Эргэнэгийн говь бол Баянхонгор аймаг хүртэл (Лавтай 500 гаруй км газар байх.С.З) үргэржилдэг том говь” гэж ярьсан. Эргэнэгийн говь чухам хаагуур хаагуур явж, яг юу юу дамжиж үргэлжилсээр Баянхонгор аймаг хүрдэг юм бол. Ямар нэг баримт, эх сурвалж байдаг аж. Үнэн бол маш сонин, судлууштай баримт. Нэвтрүүлгийг бүтээгчид лавласан байх! Шинжлэх ухаан, танин мэдэхүйн баримтат нэвтрүүлэг аман яриа, үлгэр домогт гэхээсээ илүү бодит баримт судалгаанд түшиглэх учиртай. Түүнчлэн Соёлын өвийн үндэсний төвийн Үл хөдлөх дурсгалын шинжээч Ж.Цамбагарав (Одоо “Хархорин” музейд ажиллаж байгаа) Үнэгэд хар толгойн тухай гурван удаа дурсахдаа “Үнэгэд Хар толгой, Эрдэнэдалай сумын төвөөс баруун хойш “31, 35, 36 км зайд оршдог” гэж гурван өөр тоо хэлж байна. Энэ бол ярьсан хүний зөв, буруу гэхээс илүүтэй редактор, найруулагч эвлүүлэгч нар юу харж, юу анхаардагтай холбоотой. Давтан хэлэхэд энэ нэвтрүүлгийг “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор бүтээв” гээд байгаа. Тэгвэл ивээлд нь багтаж байгаа хүнийхээ нэр төрийг бодмоор. Үнэхээр шинжлэх ухаан, танин мэдэхүйн баримтат нэвтрүүлэг юм бол хэлж буй мэдээлэл, баримт нь үнэн зөв, ямар нэг хоёрдмол утга санаагүй байх учиртай сан.

 

Олдсон “завшаан”-ыг ойшоосонгүй

Их Булаг. Дундговь. Эрдэнэдалай.

Эрдэнэдалай сумынханд олдсон нэг давуу тал нь нэвтрүүлгийг хийх ажил, зураг авалт тус сумын 100 жилийн ойн босгон дээр, бэлтгэл ажилтай яг давхцаж таарсан нь том завшаан юм. Учир нь орон нутгийн нөхцөлд олигтой ном хийж хэвлүүлэх, зохих хэмжээний нэвтрүүлэг хийлгэнэ гэдэг хүн хүчний болоод зардал мөнгөний хувьд хүндхэн асуудал байдгийн учир дээрээс гарсан санаачилгыг шүүрэн авч далимд нь бэлэн зэлэн төсөв зардал, өндөр чадвартай мэргэжлийн багийг ашиглан ямар л бол ямар нэвтрүүлэг хийлгээд 2023 онд болсон 100 жилийнхээ ойд өргөн барих байв. Иймд сумын удирдлага энэ завшааныг ашиглан юуны өмнө нэгд: “Байгалийн үзэсгэлэнтэй сайхан нутаг, түүх соёлын судлагдсан судлагдаагүй дурсгалт газрууд, соёлын биет, биет бус өвийн судлагааг цаасан дээр болон цахим хэлбэрээр бэлтгэсэн баримт, танилцуулага, жагсаалт, боломжтой зарим эд өлгийн зүйл, хамт явж газарчилж, ярьж тайлбарлах, нутгаа сайн мэддэг, ажил хэргийн чадвартай хүнийг эртнээс бэлтгэж томилох; Хоёрт: Нэвтрүүлгийн уран бүтээлчдэд “За, манай тийм ийм нутгаар явна, түүнийг үзнэ. Энэ хүмүүс та нартай хамт явж газарчилж тайлбарлана. Энийг анхаарч, тэр хөшөө хадны зургийг хичээж авах юм шүү гэдгийг тодорхой хэлж өгөх байв. Ингэснээр мэргэжлийн байгууллага хүмүүсийн тус дэмээр, нутгаасаа олдсон, мөн мэдэгдээгүй дурсгалуудыг хайх олох, олсон түүнийгээ бүртгэлд авч баримтжуулах, хол ойрын зочид аялагчдад хүргэж сурталчлах таатай боломж олдсон ч ойшоосонгүй; гуравт: Булагуудын Хэц, Тэнгэлэгийн хяр, Шивээ Шивнүүр, Бодьсог, Сайн Гашуун, цагтаа газар тариалангийн нутаг байсан Цагаан Хад, мөн Хаяа, Хар Толгойн говь, Авдар Бунхантын хэц, Өнт, Өлзийтийн гол, Ширгүүний Улаан нуур, Бөгтөр Цагаан Тэмээт (Алтны уурхайтай), Өвөр-Угтаалын давсны орд гээд сумынхаа нэр алдар, өнгө төрх, нэрийн хуудас болсон өгөөмөр сайхан бэлчээр нутаг. Тэр бүхнийг ундаалдаг Булагуудын Хэцээс тал тал тийшээ ундран урсдаг Их Булаг, Ар булаг, Энгэр булаг, Хөшөө нь булаг, Цагаан Хадын булаг, түмэнд тустай эртний түүхтэй Хадан Усны рашааныг ч дурссангүй; Дөрөвт: “Монголын баялаг 330” нэвтрүүлэг анхнаасаа л эрт үеийн элдэв булш бунхан, хиригсүүр оршуулга, хот балгасын буурь тууриар хөөцөлдсөн. Тэгвэл Эрдэнэдалай суманд Хадны Усны жас, Дэлгэрэхийн жас, Тэнгэлэгийн жасын буурь үлдэгдэл, булш бунхан, оршуулга хиригсүүр цөөнгүй байгаа. Хөшөө дурсгал гэхэд л Булагуудын Хэцийн баруун үзүүрийн Хөшөө нь Харын хөшөө, тэндээс зүүн тийш 20 орчим километрт байгаа Хөшөөтийн голын эртний хөшөө, Баян-Улаан, Зүрх уул орчмын Өөлдийн Хөтөлийн хөндий хоолойд нэг дор бөөнөөрөө орших олон булш бий. Нутгийн хөгшид бидний багад Халх Ойрдын дайны үетэй холбож ярьдаг сан. Хөдөлмөрийн баатар Р.Раш “Багадаа хонь малд явж байхад, Баян-Улаан, Хөтөл Ус, Баянгийн шанд, Баянгийн Их усны баруун урд ар, Хөлийн Хонд хавиас хүрлээр хийсэн хүний дүрс олддог. Манайхан “Хүүхдэд сайн, өлгийнд нь зүүж өгнө” гэцгээдэг сэн. Харин Өөлдийн Хөтөлийн тэр олон хиригсүүр булш чинь том жижиг олон янз, зарим нь бүр урд талдаа үүдтэй. Тэр хавьд нэгэн цагт том дайн болсон байх аа” гэж хуучилсан бол энэхүү тэмдэглэлийг тэрлэж суугаа миний бие, тэр хавиас олддог сумны хүрэл зэвийг хөгшчүүл “Тэнгэрийн дуунд сайн” гэж олзуурхан ярьж байхыг сонссон; Тавд: Ойр хавьдаа төдийгүй улсад нэртэй, өвөг дээдэс минь үеийн үед дээдэлж ирсэн шүтээн уул Баргилт Хайрханы тухай үг, үсэг ч хөндсөнгүй. Энэ хайрхан нутаг усандаа бол домогт Шилийн Богд, Хатан Суудал, Сар Хайрхан, Баатар Хайрханы нэгэн адил хүндэтгэл бишрэлийн хангай. Тэнгэлэг Багийн Энгэр Шандны дэргэд нэн эртний унамал хөшөө бололтой, хоёр метр гаруй урт чулуу, Рашаант багийн Дуган Хайрханд том чулуун хашлага хүрээтэй хөшөө байдаг. Судлаачдын хэлдгээр тахилын онгон гэдэг нь байх гэхээр. Бас Хурдангийн Ам хэмээх нэлээд урт үргэлжлэх хадан хавцлын адгийн Их Усны хажуугийн хаданд дүрс бичиг, тамга тэмдэг маягийн сонин зураг байх жишээтэй. Гэтэл энэ олон баримтыг үзүүлэх нь байтугай дурссан ч үгүй. Ийнхүү Эрдэнэдалайнхан олдсон завшаан “Амандаа орсон олзыг хэлээрээ түлхэнэ” гэгч болжээ. Шуудхан хэлэхэд сумын удирдлага, ажил хариуцсан хүмүүсийн сэтгэл санаачилгатай холбоотой. “Монголын баялаг 330” нэвтрүүлэгт ач холбогдол өгч, санаа тавьсангүй. Төслийн удирдагч, нэвтрүүлгийг удирдан хийлгэж байгаа С.Баатархуяг “Бид, нэвтрүүлгийнхээ тухай Эрдэнэдалай сумын удирдлагад бүр эрт танилцуулж “Танай сумын нэвтрүүлэг 2023 онд гарна. Зураг авалт 2022 онд эхэлнэ. Бэлтгэлээ сайн хангаж байгаарай” гэдгийг олон удаа ярьсан. Харамсалтай нь яг зураг авалт эхлэхэд хэн ч байхгүй зугтаачихсан. Соёлын төвийн хүн гэсэн байхаа Эрдэнэчимэг гэж хүүхэн бидэнтэй хамт явсан, сумынхаа түүх соёлын дурсгалыг байтугай нутгаа ч сайн мэддэггүй хүн билээ. Бидэнд ямар нэг яриа ярилцлага өгөөгүй. Тийм хүнд ажлаа даатгаж орхисон. Мэдэхгүй чадахгүйгээс гадна “Хийе бүтээе болгоё” гэх сэтгэлгүй хүмүүс байна билээ” гэв. Үнэн бол харамсалтай!

Хүн, юм болгоныг мэдэх албагүй, тийм боломж ч байхгүй. Бас хүн ажлаа мэдэхгүй байж болно. Санаачлага дутдаг, мэдлэг чадвар хүрдэггүй байж ч болно. Харин сэтгэлгүй, хариуцлагагүй, ажил албанаасаа хувийн эрх ашгийг дээгүүр тавьдаг, эсвэл аливаад мэдэмхийрэх, үл тоох байдлаар ханддаг. Гавихгүй атлаа улстөржиж ажил хохироодог байж болохгүй. Ямар намаас нэр дэвшсэн Ерөнхийлөгчийн санаачлан хийж байгаа ажил, ямар нам Засгийн эрх барьж байгаагаас шалтгаалж “Энэ ажлыг унагаж чаддаггүй юм гэхэд дэмжихгүй байя” гэсэн сэтгэлээр ажил асуудалд ханддаг атгаг санаа, арчаагүй бодлоосоо манай  том жижиг дарга нар салмаар юм. Түүнээс биш нутаг орныхоо жаахан гайгүй гэсэн юмыг олон түмэнд хүргэж сурталчлах сэтгэлгүй дарга, ажилтан баймааргүй сан.

Хөшөөтийн голын эртний хөшөө. Дундговь. Эрдэнэдалай

“Дуутай тэнгэр хургүй... сүржин ажил сүүлгүй...”

 

Би, Эрдэнэдалай сумынхаа “Монголын баялаг 330” нэвтрүүлгийг сайхан болно хэмээн хүлээж байсан. Учир нь манай сум Түшээт хан аймгийн Говь Түшээ гүний хушуу гэж байхаасаа намтар баян түүхтэй, нутаг дэвсгэр том, цаг агаарын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохицон аж төрж нутагшсан хүн ам олонтой, түүх соёлын эртний уламжлалтай гээд анхаарч, ажил хэрэгч хандаж, ашиглаж чадвал юм юмтай нутаг. Байгалийн үзэсгэлэнт газар нутаг, уул нуруу, хэмжээ томтой нуур, гол ус, ой тайга, тураг ан амьтнаар гойдгүй ч “Оготно ч гэсэн олгой ходоодтой, овоохой ч гэсэн оосор хошлонтой” гэгчээр бусдаас нэг их дутахааргүй хаа ч байдаг л тал хээрийн бэсрэг уул толгод, булаг шанд, энгийн болон гүний цэнгэг сайхан ус ундтай, нуур цөөрөм цөөнгүй, идээ цагаа элбэг дэлбэг, ард иргэд нь хөдөлмөрч хичээнгүй, олон алдартныг төрүүлсэн. Монгол Улсын хамгийн олон малтай (2023 онд 525629 мал тоолуулж 330 сумаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр (564314 малтай) сумын дараа хоёрт орж байгаа) сумдын нэг. Тэгээд ч ХХ зууны сүүлийн хагаст нийт мал, хонь адууныхаа тоо, ажлаараа улсдаа тэргүүлж явсан Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонтой, түүх соёлын дурсгал, байгалийн сайхнаараа ч бусдын хойно орхооргүй сум. Энэ нэвтрүүлгийг ид бэлтгэж дэлгэцэнд гаргаж эхэлсэн 2023 онд 100 насныхаа ойг тэмдэглэсэн, хэмжээ далайцаараа улсдаа айргийн тавд биш гэхэд шилдэг сумдад багтах хэмжээний том айл, чухам л “Эрдэнэдалай” гэдэг нэрэндээ дүйсэн өгөөмөр сайхан нутаг. Харин олон арван жил, магадгүй хамгаалж хадгалж чадвал хэдэн зуун жилийн настай түүх соёлын хосгүй дурсгал, тулгуур баримт болж үлдэнэ гэхэд Эрдэнэдалай сумын “Монголын баялаг 330” нэвтрүүлэгт сэтгэл нэн дундуур байгаагаа давтан хэлье.

Нэвтрүүлгийн байдлаас ажиглахад “Монголын баялаг 330” нэвтрүүлгийг бүтээгчид Эрдэнэдалай сумын хувьд, газар хүн хоёроо олоогүй, дээр нь цагт хавчигдаж яаруу сандруу ажилласан бололтой. Олон удаа явж ажиллах боломж хомс учир, нэг явсных цагийн ая даах даацтай бүтээл хийсэнгүй дээ гэж бодлоо. Энэ чухал сэдэв ажлыг нэгэнт зориглон барьж авсан бол цаг хугацаа, хөрөнгө мөнгөнд хавчигдаж гар татаж, яарч давхиад яахав баймаар. Хатуухан хэлэхэд жаахан хариуцлагагүй, ажил хэрэгч бус, үл тоож хандсан, эсвэл ажлаа гэсэн сэтгэл дутсан бололтой. Эхний нэвтрүүлгүүдэд Шинжлэх ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэд судлаачид оролцон туслаж, зарим баримт дурсгалыг ярьж тайлбарлаж байсан. Харин дараа дараагийн нэвтрүүлгүүдэд тэд харагдах нь цөөрсөн. Соёлын өвийн үндэсний төвийн судлаач мэрэгжилтнүүд гол ачааг үүрч яваа бололтой. Археологийн хүрээлэнгийн Дундад зууны салбарын эрхлэгч А.Энхтөр “Бидний оролцоо багасч байгаа нь үнэн. Бас шалтгаан бий. Нэгд: Төсөв зардал хангалтгүй. Ерөнхийлөгчийн зүгээс төсөв зардал өгнө гэж юу байхав. Засгийн газар, аймаг сумдын удирдлагуудад газарчин, бензин, хоол унд гэх мэтээр тус дэм үзүүлэх чиглэл өгсөн байх. Зарим газар сайхан хүлээж авч анхаарал тавьдаг. Хамгийн гол нь хоол унд яахав, нэвтрүүлэгт орох баримт, газарчин, ярьж тайлбарлах хүнээ сайн бэлтгэж өгөх учиртай. Гэвч аймаг сумдын удирдлагууд олигтой анхаардаггүй. Хоёрт: Нэвтрүүлэг хийж байгаа студи маань нүүгээд Буянт-Ухаад очсон. Бид, түгжрэл гацаан дундуур хотын нэг захаас нөгөө захад хүрч тэдний ажилд оролцох, үзэж хянах, зөвлөлгөө өгч туслах боломж хомс болсон. Гуравт: Эрдэнэдалай сумын нэвтрүүлэг тааруу болсон гэдэгтэй санал нэг байна. Энэ нь сумын удирдлагуудын дэмжлэг санаачилгатай холбоотой. Дундговь аймгийн зарим сумдын нэвтрүүлэг тун тааруу болсон. Дахиж хийхээр ч юм бий” гэж ярьсан.

Нэвтрүүлэг хийж байгаа хүмүүс ч хариуцлагагүй ханддаг, бүр ядахдаа хийж нэвтрүүлгийнхээ нэрийг зөв бичиж чадахгүй. Дундговийн 15 сумаас Эрдэнэдалай, Адаацаг, Өлзийт, Дэлгэрхангай зэрэг зургаан сумын нэвтрүүлгийг “Монголын баялан 330” гэж бичсэн байх жишээтэй. Харин захирал С.Баатархуяг надад “Эрдэнэдалай сумын нэвтрүүлгийг дахиж хийх” гурван хувилбар санал хэлсэн. Дахиж хийх эсэх нь тэдний асуудал. Гагцхүү нэвтрүүлэг чанартай, аар саар ч гэсэн алдаагүй байх нь чухал. Би “Энэ нэвтрүүлэгт намайг оруулсангүй. Би орох ёстой” гэх юм уу, эсвэл зөвхөн нутагсаж энэ нийтлэлийг бичээгүй. Сэтгүүлч хүний хувьд “Монголын баялаг 330” хэмээх Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хийж байгаа нэвтрүүлэгтээ жаахан хариуцлагатай хандаасай, сайхан нэвтрүүлэг болж түүхэнд үлдээсэй, үлдсэн сумдын нэвтрүүлгийг хийхдээ дохио санаа аваасай гэж л үзэг цаас үрэлдүүлж байгаа минь энэ. Хэн нэгний алдааг тоочиж  мууг дуудах гээгүй.

Юуны түрүүнд нэвтрүүлгийг хийлгэж буй сум, хийж байгаа уран бүтээлчид, тэдний ажилд хяналт тавьж чиглүүлэх, туслах үүрэгтэй төрийн болон эрдэм шинжилгээний байгууллагууд ялангуяа Монгол Улсын Соёлын яам энэ ажлыг тоолгүй зөнд нь хаясан бололтой. Түүх археологийн мэргэжлийн байгууллага, Соёлын өвийн үндэсний төвийн удирдлага ч хайнга хандаж байна. Тухайлбал, С.Баатархуяг хаанаас хэн гэгч гаргасан, яаж албажуулсан нь тодорхойгүй “Сумдад хийх зураг авалтын хуваарь. 2022.8.3” гэсэн бичгийг үзүүлж “Ямар сумын хаана хаана очих, юу юуны зураг авахыг Түүх архелогийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв гаргаж өгдөг. Бид тэр лист төлөвлөгөөгөөр явдаг” гэж ярьсан. Тэрхүү лист төлөвлөгөөний Эрдэнэдалай суманд хамаарах хэсгийг яг байгаагаар нь харвал “Сангийн далайн хийдийн цончиндуган, Үнстийн хийдийн туурь, үлдэгдэл, Үнэгт хайрханы булш, Баян улааны Түрэгийн тахилын онгон, Талын булгын Тахилын онгон, Харц хатны булш” (Энэ хэдэн үг нь бас алдаатай) гээд ард нь Ханан хашаат, Цагаан-Овоо, Өрнөгт (Энэ нь дуулаагүй газрын нэр байв. Бодвол “Өнгөт” гэхийг Өрнөгт гэж андуурсан байх) хайрхан гэсэн гурван өгүүлбэр, тэгээд хойно нь Ө.Эрдэнэчимэг гээд нэг утасны дугаар бололтой тоо төдийхөн. Энэ нь Соёлын яам юм уу, Соёлын өвийн үндэсний төв, Түүх археологийн хүрээлэнгээс гаргаж өгсөн албан ёсны баримт бичиг юм байх. Үүнийг нэг сумын “Монголын баялаг 330” нэвтрүүлгийн төлөвлөгөө, найруулгын зохиол гэж ойлгоход тун хэцүү.

Нэвтрүүлгийн багийнхан Эрдэнэдалай сумын, дээр дурдсан газар нутаг, хөшөө дурсгалыг гололгүй магадлан харж боломжтойг нь бүртгэж, судлагааны эргэлтэд оруулах нь байтугай үзээ ч үгүй байх. Тийм сэтгэл гаргасангүй. Түүнчлэн цаг агаарын өөрчлөлт хуурайшилт, бэлчээрийн зохистой бус ашиглалтаас шалтгаалж булаг шанд, нуур цөөрөм нь ширгэж, ургамлын гарц доройтож байгаа хэдий ч залхуурахгүйгээр, байгалийн гайгүй гэхээр газрыг хайн олж, цаг нараа тааруулж, аятайхан талаас нь цэгээ олж зураг авч чадсан бол Эрдэнэдалай суманд сайхан газар бас бий шүү. Хоёр гуравхан секунтын бичлэг, ганц хоёр аятайхан кадр зураг авчихсан байхад нэвтрүүлэгт хөөрхөн шигтгээ болж үзэгчдийн сонирхолыг бага ч гэлээ татдаг даа. Харамсалтай нь тэгж чадсангүй. Тэд аргагүйн эрхэнд сумын төвийн ерөнхий план, Цагаан-Овоо, Үнэгдийн хяр мэтийг дроноор авсан хэдэн зургийг ул дол болтол харуулж цаг нөгцөөсөөр нэвтрүүлгээ төгсгөсөн. Уг нь “Монголын баялаг-330” нэвтрүүлэг бол зарим байгууллага, ивээн тэтгэгчдийн багагүй мөнгө, олон хүний хүч хөдөлмөрөөр бүтэж байгаа хамтын бүтээл. С.Баатархуяг захирал надаас “Та, нэг сумын нэвтрүүлэг хэдэн төгрөгөөр бүтэж байгааг төсөөлж байна уу” гэж асуухад нь би “Дэлгэцэнд гарч байгаа нэвтрүүлгийн байдлыг харвал 3-4 сая төгрөг орчим болов уу” гэхэд мань хүн, нэлээн эгдүүцсэн янзтай “Тэгвэл өнөөдөр тийм юм байхгүй шүү. Та мэдэхгүй байна. Нэг сумын нэвтрүүлгийг 15-30 сая төгрөгөөр хийдэг” гэж албан ёсоор мэдэгдсэн. Хэрэв би андуураагүй бол 330 сумын зөвхөн нэг нэвтрүүлгийг дундчаар 20 сая төгрөгөөр хийнэ гэвэл 6,6 тэрбум орчим төгрөг болох нь. Бага мөнгө биш. Чадахгүй байж ингэж ажил хийсэн нэр зүүж, хүрч ядсан төсөв мөнгө, сайн санаат байгууллага хүмүүсийн хандив тусламжийг үрэн таран хийж байхын хэрэг юу билээ. Энэ байдлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яамныхан анхаарахад илүүдэхгүй мэт санагдлаа. “Чингис хаан” музейн захирал, академич С.Чулуунтай “Цогт Хун тайжийн шүлгийг Дуутын Хар хаданд сийлсний 400 жилийн ойн” тухай цөөн үг солих зуур, түүхч судлаач хүнийх нь хувьд “Монголын баялаг 330” нэвтрүүлгийн талаар ямар сэтгэгдэлтэй байгааг нь лавлахад “Харин тийм ээ, Ерөнхийлөгчийн нэрийг барьсан хэдэн нөхөд, мөнгө дэмий үрж халтур хийгээд байгаа юм. Манай хөдөө орон нутаг 330 гаруй сумдад түүх археологийн ямар ямар чухал дурсгал хаана хаана байгааг тоймлон харуулж болох маш чухал санаачилга сэдэв юм шүү” гэсэн товч тодорхой хариултаар тэмдэглэлээ өндөрлөе. Мэргэн уншигчид минь болгоож авах гээхийн ухаанаар хандах биз ээ.

2024.02.21.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 38 (7282)

Passports, Visas, Driver's License, ID CARDS
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
Аалзны тархины шинэ судалгаа Альцгеймерийн өвчний шалтгааныг олоход тусалжээ

Аалзны тархины мэдрэлийн доройтлын талаарх судалгаа нь ой санамжаа алдах Ал

3 цаг 32 мин
Гэрийн ажилд туслах Neo роботыг ирэх жилээс худалдаална

Норвеги болон Цахиурын хөндийд байрладаг 1Х компани гэрийн ажилд ту

3 цаг 33 мин
“Эрсдэлтэй гэнэтийн шийдвэр гаргасан ерөнхийлөгчийг огцруулахаар жагсаж байна”

Өмнөд Солонгост сүүлийн хэдэн арван жилд тохиолдсон хамгийн том улс төрийн хямралын үеэр

4 цаг 16 мин
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, говийн бүс нутагт усан хангамжийг сайжруулна

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, говийн бүс нутагт усан хангамжийг сайжруулна

7 цаг 47 мин
Сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлалын чиглэлд Саудын Арабтай хамтран ажиллана

Сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлалын чиглэлд Саудын Арабтай хамтран ажиллана

8 цаг 0 мин
Монгол Францын хамтын ажиллагааг эрчимжүүлэх томоохон төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ

Монгол Францын хамтын ажиллагааг эрчимжүүлэх томоохон төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ

8 цаг 12 мин
МИАТ ТӨХК: Сөүл чиглэлийн нислэгүүд хэвийн явагдахыг мэдэгдэж байна

МИАТ ТӨХК: Сөүл чиглэлийн нислэгүүд хэвийн явагдахыг мэдэгдэж байна

8 цаг 50 мин
ЭСЯ: Олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны ойр орчмоор зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

ЭСЯ: Олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны ойр орчмоор зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

8 цаг 56 мин
Юн Сүк Ёл: Төрийн эсрэг хүчнээс улсаа аврахын тулд онц байдал зарласан ч Үндэсний Ассамблейн шаардлагын дагуу цуцалж байна

Юн Сүк Ёл: Төрийн эсрэг хүчнээс улсаа аврахын тулд онц байдал зарласан ч Үндэсний Ассамблейн шаардлагын дагуу цуцалж байна

9 цаг 1 мин