Жамсрангийн Цэвээнийг судлаач Жамбалын Цэцэгмаагийн шинэ номын тухай

2024-01-26
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

Вандангийн АЛЗАХГҮЙ

 

Түүхийн ухааны доктор, профессор

Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Жамбалын Цэцэгмаа их эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн судлалыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, “Монгол оронд Жамсрангийн Цэвээний өрнүүлсэн эрдэм шинжилгээ, соён гэгээрүүлэлт, нийгэм-улс төрийн үйл ажиллагаа /1911-1931/”, “Суут эрдэмтэн Жамсрангийн Цэвээн”, “Монгол Улсын сэргэн мандалтад Буриадын сэхээтнүүдийн гүйцэтгэсэн үүрэг /ХХ зууны эхэн үе/”  зэрэг нэгэн сэдэвт бүтээлүүд, 90 шахам ном, өгүүлэл бичиж хэвлүүлж, нийтлүүлсэн судлаач, эрдэмтэн билээ.

 Ж.Цэцэгмаа энэ удаад “Монголын анхны доктор Жамсрангийн Цэвээн” хэмээх нэгэн сэдэвт бүтээл туурвиснаа уншигч түмэн, олон нийтэд өргөн барьжээ. “Жамсрангийн Цэвээн судлал” манай улсад илүүтэй хөгжиж, түүний  эрдэм шинжилгээ, бүтээлийн  их өвийг судалгааны эргэлтэд оруулахад  “Их засаг” их сургууль, тус сургуулийн эрдэмтэн багш, судлаачид гол үүргийг гүйцэтгэж байна.

Монгол дахь Цэвээн судлал тус сургуульд төвлөрөх болсноос хойш жил бүр эрдэм шинжилгээний хурал хийж, ном, товхимол хэвлүүлж, түүний бүтээлүүдийг олны хүртээл болгох үйл ажиллагаа уламжлал болон тогтмолжиж байна. Ж.Цэцэгмаагийн энэ удаагийн нэгэн сэдэвт бүтээл их эрдэмтний намтрын он дарааллын дагуу “Санкт-Петербургийн их сургууль ба Жамсрангийн Цэвээний эрдэм судалгааны ажлын эхлэл” гэсэн нэгдүгээр бүлгээс “Жамсрангийн Цэвээний амьдралын сүүлчийн жилүүд ба эрдэм шинжилгээний ажил” гэсэн 6 бүлэг бүхий, судлаачийн өөрийн нь бичсэнээр “Монголын нам, төр, соёл, шинжлэх ухааныг хөгжүүлэх, ард түмнийг соён гэгээрүүлэх аугаа их буянт үйлсийг бүтээсэн алдарт эрдэмтэн Жамсрангийн Цэвээний Монголын ард түмний төлөө хэрхэн зүтгэж, бие сэтгэлээ зориулан ажиллаж байсан тухай хол, ойрын түүх баримтыг нягтлан судалснаа” уншигч олонд толилуулж байгаагаараа онцлог бүтээл юм.

Ж.Цэцэгмаа эхний бүлэгт Ж.Цэвээний төрсөн оноос эхлээд бага боловсрол эзэмшсэн сургууль зэргийг түүхийн эх сурвалж, бичиг баримтад тулгуурлан дахин тодотгосон байна. Б.Цыбиков, Ш.Чимитдоржиев нарын нэрт эрдэмтэд Ж.Цэвээнийг Дээд Үдэд бага боловсрол эзэмшсэн гэж бичиж ирсэн боловч тэрбээр Чита хотод бага сургууль дүүргээд хөх цэнхэр далайн эрэг ирмэг газарт очиж Петр Бадмаевын гимназид суралцахаар маш их хүсэл мөрөөдлийг тээж очсон боловч аргагүйн эрхэнд орхиж,  Эрхүүгийн багшийн семинарт үргэлжлүүлэн суралцаж бага ангийн багшийн мэргэжил эзэмшсэн, энэ мэргэжлээрээ нэг жил ажилласан хүн. Зөвхөн энэ жишээнээс харахад түүх бичлэгт нэг удаа л бага зэргийн зөрүү, буруу гарахад тэр нь дахин давтан хэрэглэгдсээр үнэнээс зөрж эхэлдэгийг хожуу ч гэлээ залруулж байх нь судлаачдын үүрэг юм. “Ж.Цэвээн судлал” Зөвлөлт Холбоот Улсын үеэс эхлэн эдүгээ хүртэл ОХУ түүний төрж өссөн Буриад нутагт болон манай улсад чамгүй олон жил үргэлжилж байна. Гэвч бага гэлтгүй буруу, зөрүүг залруулж байх нь маш чухал. Их эрдэмтний амьдралын богино мөртлөө бахархалт намтар цадигт Богд Хаант Монгол Улс, БНМАУ-д ажиллаж амьдарсан он жилүүд онцгой байрыг эзэлдэг. 1911 онд Монгол Улс хэдий автономит боловч туурга тусгаар, Богд Хаант улс болсныхоо дараахан нь тухайн үедээ нэрд гараад байсан эрдэмт хүмүүн Жамсрангийн Цэвээнийг урьж ирүүлсэн нь Богд хааны сонголт, Ж.Цэвээний эх оронч үзэл хоёр нэгэн цэгт огтлолцсон нэн чухал үйл явдал байлаа.

 1890-ээд оны эхээр үнэн алдарт шашны лам нар Эрхүүгийн буриадуудыг хүчээр шашиндаа оруулан хэрээс зүүж, тэднийг цагдаа, аравт, зуутын дарга нарын хүчээр сүмдээ цуглуулахыг оролддог, бага сургууль байвч тэнд буриад хэл огт үздэггүй, нутгийн захиргааны ажил албанд зөвхөн орос хүн ажилладаг зэргийг хурц шүүмжлэн  бичснээс үзэхэд Ж.Цэвээн бусдын эрхшээл дор аж төрж буй буриадуудынхаа ирээдүйн төлөө ямагт зовинож, явсан  нь нэн тодорхой.  Ийм үзэл бодолтой, үндэсний үзэл баримтлал эрт төлөвшсөн, эх оронч хүн монгол үндэстний гал голомт нутагт буй Ар Монгол тусгаар тогтносныг нэн талархалтай угтан, Богд хааны урилгыг хүлээн авсан даруйд яаран ирсэн буйзаа. Профессор Ж,Цэцэгмаа эрдэмтэн Ж.Цэвээний манай оронд ажиллаж амьдарсан он жилүүдийн түүхийг хоёр үе шаттай авч үзсэн нь арга зүйн хувьд зөв юм. Тэрбээр Өргөө хот дахь Оросын консулын газарт зөвлөхөөр томилогдон анх ирсэн.  Энэ ажлынхаа зэрэгцээ   1911-1917 онд /номын 2 дугаар бүлэг/   Монгол Улсын Засгийн газарт боловсрол, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа эрхэлсэн зөвлөх түшмэлээр ажиллаж, эрдэм боловсрол түгээх, соён гэгээрүүлэх чиглэлээр илүүтэй анхаарч маш идэвхтэй ажиллажээ.  Харин хоёрдахь удаагаа илүү өргөн хүрээтэй том зорилгыг өвөртлөн ирж,  1921-1931 онд /номын 3 дугаар бүлэг/ Монгол Ардын Нам байгуулах, улмаар ардын ардчилсан хувьсгал хийж, цоо шинэ Монгол Улсыг төвхнүүлэхэд эрдэм боловсрол, хичээл чармайлтаа зориулах хувь тавилантай байсныг зохиогч түүхийн эх сурвалжуудад тулгуурлан дэлгэрэнгүй авч үзжээ. Эхний томилолтоос хойших богинохон хугацаанд Орос оронд октябрийн хувьсгал ялж, Зөвлөлүүдийн засаг тогтож, нийгэм, улс төрийн амьдрал орвонгоороо эргэсэн нь Жамсрангийн Цэвээний хоёрдахь удаагийн томилолтын зорилгыг эрс өөрчилсөн юм. 1921 онд  Бэгзиев гэдэг нууц нэрээр, гэргийн хамт суурьшин амьдрахаар ирсэн нь Зөвлөлт Засгийн газрын Ар Монголын талаар баримталж байсан улс төрийн бодлоготой холбоотой нь тодорхой харагддаг. Ж.Цэвээн 1912 онд 47 сурагчтай анхны бага сургуулийг нээн хичээллүүлж, бага боловсрол эзэмшсний нь дараа Эрхүүгийн гимназид суралцуулсан бодит жишээг үндэслэн орчин цагийн боловсролын байгууллагын үндэс суурийг тавьсан он тооллыг энэ оноос эхлэн тооцох, Орос Улс, Эрхүү хотод монгол хүүхдүүдийг суралцуулж эхэлсэн түүхийг ч цаг хугацааны хувьд эргэн харах саналыг зохиогч дэвшүүлснийг холбогдох байгууллагууд анхаарах нь зүйтэй юм. Ямар ч ажил алба эрхэлж байсан Жамсрангийн Цэвээн эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа огтхон ч хойш тавьж байсангүй. Судар бичгийн хүрээлэнг үүсгэн байгуулснаар шинжлэх ухааны байгууллагын тулгын чулууг тулж, шавь сургалтаар эрдэм шинжилгээний ажилтнууд бэлтгэж, хэвлэн нийтлэх, орчуулах, өрнө дорнын соёлтой монголчуудыг танилцуулахын төлөө нэгэн биеийн алжаал, ядралыг огоорон хичээнгүйлэн зүтгэж, нэгэн биед хэтийдсэн ачааг үүрч, хийж бүтээснийг Ж.Цэцэгмаа өөрийн энэ нэгэн сэдэвт бүтээлдээ цэгцтэй авч үзжээ.  Номын 4 дүгээр бүлэгт “Жамсрангийн Цэвээний үзэл санааны онцлог”-ийг, 5 дугаар бүлэгт “Жамсрангийн Цэвээн ба шашны асуудал”-ыг онцолж судалсан байна. Агын Буриад нутгийн хорь буриад малчин аав, ээжийн хүү Жамсрангийн Цэвээн бага наснаас өндөр боловсрол эзэмшиж, сурч мэдсэн бүхнээ үндэс угсаа нэгт монгол түмнийхээ төлөө зориулж, үзэл бодлынхоо төлөө амь насаа ч хайрлаагүй. Хэдийгээр Ж.Цэвээн  үндэсний үзэлтэй хүн байсан боловч социализмыг үндэсний дарлалыг устгах, ардчилсан эрх чөлөө, тэгш эрхийг тогтооход ашиг тусаа өгөх онол сургаал мөн гэж итгэж хүлээн авчээ. Социализм, коммунизмын үед үндэсний хэл,соёл, шашин шүтлэг бүхий Нэгдсэн Монгол Улс сэргэн мандана гэдэгт тэрбээр хэлбэрэлтгүй итгэж байжээ. Үүний тулд БНМАУ-ыг сэргээн мандуулж, боловсролд суурилан хөгжлийн нь үндэс, суурийг зөв тавьж өгөх нь маш чухал болохыг бичиж, ухуулж, өргөн хүрээнд сурталчилж байлаа. Засаг захиргааны хувьд нэгдмэл биш боловч Оросын харьяаны буриад үндэстнээ өөрийн унаган төрөлх газар нутаг, нэгдмэл оюун санаа, хэл, шашин соёл зэрэг үнэт зүйлсээ  байнга хадгалан хөгжүүлж байхын чухлыг ямагт ухуулан сэнхрүүлж байснаараа оюун санааны нь удирдагч болж хүлээн зөвшөөрөгдсөн юм. Ж.Цэцэгмаа Жамсрангийн Цэвээний гүн ухааны онцлогийг судлаад түүний “үндэсний үзэл санаа” нь Нэгдсэн Монгол Улсыг байгуулж, тусгаар тогтнуулах,  монгол бичиг үсэгт тулгуурласан үндэсний соёлыг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх, шашныг ариунаар хөгжүүлж, буддын сургаал номлолыг эрхэмлэх гэсэн үндсэн чиглэлтэй хэмээн тодорхойлжээ. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх үндсэн арга нь “хувьсгалт ардчилсан үзэл санаа” байх ёстой гэсэн итгэл үнэмшилтэй байжээ. Тийм ч учраас хувьсгал хийх нь зайлшгүйг нотлон, энэ үзэл баримтлалаа МАН-ын анхны мөрийн хөтөлбөр болох “Түмэн олонд зарлан тунхаглах бичиг-”т багтаан шингээжээ. Энэ бичиг баримтыг тэрбээр өөрийн биеэр монгол болон орос хэл дээр төгс боловсруулсан юм. Ж.Цэвээн монгол туургатныг нэгтгэсэн Төв Азийн холбооны улс байгуулах чин эрмэлзлэл, үзэл баримтлалтай байсан бөгөөд “... монгол овогтон нь манай Монгол ба Улаанбаатар лугаа эрдэм соёлын холбоотой байх хэрэгтэй бөгөөд Дотоод Монгол, Хөх нуур зэрэг газрын үзүүрт Улаанбаатар нь Москва адил болох хэрэгтэй” гэж бичиж үлдээснээс үзэхэд тусгаар тогтнол ямар их үнэ цэнэтэй, түүний төлөө хэнтэй ч нэгдэж нийлэн тус дэмжлэгийг авч болохын чухлыг амь насаараа мэдэрч байсныг судлаач улам тодотгон нарийн шинжлэн тогтоохыг эрмэлзсэн байна. Ж.Цэвээн “Ард Цэвээний Жамсрангаас МАХН-ын Төв Хороонд өргөсөн өргөдөл”-дөө “Баяжигтун” гэсэн уриа дуудлагыг анх дэвшүүлж, амин хувийн аж ахуйтнуудыг хэвээр үлдээхийг санал болгожээ. “Баяжих хэмээх үгийг ташааран ухаж болохгүй, олон нийтээр баяжихыг эрмэлзсэн утга бөгөөд бусдыг мөлжиж хөрөнгөжвөөс үл болно. Хэрэв ард түмнээ үгээгүй хоосны туйлд хүргэсэн цөөхөн хүн баяжваас эцэстээ улс төр мөхөхийн шалтгаан болно” гэж хэлсэн их эрдэмтний сургаал үг өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй байгааг Ж.Цэцэгмаа цохон тэмдэглэсэн байна. Түүхийн эх сурвалжуудад тулгуурлан зохиогч “Баяжигтун” гэсэн үгийг 1990 оноос Ерөнхий сайд П.Гэндэнгийн дэвшүүлсэн лоозон мэтээр өнөөдрийг хүртэл бичиж сурталчилсаар байгааг залруулах ёстойг сануулсныг дэмжиж байна. Жамсрангийн Цэвээн ээдрээт цаг үед ажиллаж, амьдарсан хувь хүн, түүний үзэл санааны хувьсал, өөрчлөлтийг түүхэн цаг үе, дэлхийн олон улс орнуудын байдал, хөгжлийн чиг хандлага зэрэг өргөн хүрээнд тал бүрээс авч үзэхэд энэ бүтээл ач тусаа өгнө. Ж.Цэвээн Коментернийг талархан сайшаах, ЗХУ-ыг өргөмжлөн дээдлэхээс аргагүй цаг үеийг туулж өнгөрүүлэхдээ хүчирхэг, элбэг баян нэгдсэн Монгол Улсыг байгуулах суурь үзэл баримтлалаасаа алхам ч ухраагүйг Ж.Цэцэгмаагийн энэхүү нэгэн сэдэвт бүтээл нотолжээ. Жамсрангийн Цэвээн хэл, соёл, түүх, уламжлал нэгтэй ард түмнийг оюун санааны хувьд нэгэтгэх нэг том хүчин зүйл нь шашин хэмээн үзэж, түүнийг ариунаар сэргээн мандуулах, шашинд шинжлэх ухааны байр сууринаас хандах ёстой хэмээн үздэг байжээ. Олон газарт тархан суурьшсан монголчуудын тухайд тэрбээр буддын шашныг голлох, үндсэн шашин нь хэмээн үзэж, машид хүндэтгэлтэй хандаж ирсэн юм. Тэрбээр загалмайтны шашинд орохгүйн тулд зорьж очсон гимназаа хүртэл орхиж, судалгаа шинжилгээний ажлаар Эрхүү, баруун, зүүн нутгийн буриадуудын дунд болон Өвөр Монголын Ордос зэрэг өргөн уудам орон зайг хамаарсан нутагт явахдаа шашны сүм хийд, лам нарын дэмжлэг туслалцааг авч, ойр дотно, нэн хүндэтгэлтэй харьцдаг байжээ. 1925 онд хуралдсан МАХН-ын 4 дүгээр их хурлаар Жамсрангийн Цэвээний бусад нөхдийн хамт боловсруулсан түр дүрэмд “Шашны хэрэг явдлыг улс төрийн хэргээс тусгаар явуулахаас гадна хүн болгон өөрийн дуртай шашныг шүтэх, эс шүтэх эрх буй” гэж төр шашин хоорондын харилцааны асуудлаар баримтлах бодлогыг тодорхойлсон байна. Ж.Цэвээн сүм хийдийн хөрөнгө хураах, жасын мал сүргээс татвар авах, лам хуврагууд, шашныг хэтэрхий дайрч доромжлох, лам нарт дарамт шахалт үзүүлэхээс татгалзахыг ямагт зөвлөж, маш болгоомжтой хандаж байсныг ухаарсан бол лам нарын 1932 оны бослого, их хэлмэгдүүлэлт зэрэг алдаа завхрал гарахгүй байх боломж байсныг энэ бүтээлд өгүүлсэн нь өнөөдөр ч сургамжтай. Монголчууд олон ургалч үзлийн үед шашны хувьд аль болох нэгдмэл байх нь чухал. Төр, шашны асуудалд шинжлэх ухааны үүднээс ухаалаг хандах, зохист түвшинд хэмжээ хязгаартай хөгжүүлэхийн ач холбогдлыг ухаарч чадваас дэвшил, хэт хавтгайруулан дур зорогт тавибаас хор уршигтай болохыг бараг 100 жилийн өмнөөс сануулж байсныг өнөөдөр эргэн харах хэрэгтэй болчихжээ. Лам нарын тоо хэт олширсноос сөрөг үр дүнд хүрч, улс оронд ажиллах хүч дутагдан хөгжлөөр хоцрогдох, олон ламын дотроос шашны нэр хүндэд харшлах явдал гаргах сул тал байгааг сэрэмжлүүлж байсныг судлаач онцолсон байна. Он жилүүдийн шалгуурыг даван од мэт гэрэлтэж, оюун ухааны дэнлүү болсон бүтээл туурвилыг үлдээх нь ухааны бяр, чадлыг илтгэн харуулдаг ажээ. Шинжлэх ухааны доктор Ж.Цэцэгмаагийн энэ нэгэн сэдэвт бүтээл “Жамсрангийн Цэвээний амьдралын сүүлчийн жилүүд ба эрдэм шинжилгээний ажил” гэсэн зургаадугаар бүлгээр өндөрлөж байна. Жамсрангийн Цэвээн элдвийн хавчлага, хардалт, дарамт шахалтаас залхан нийгэм, улс төрийн амьдралыг орхин 1932-1937 онд Ленинградад суурьшин эрдэм номын ажилдаа цаг хугацааг бүрэн зориулсан юм. Энэ хугацаанд тэрбээр эрдэм шинжилгээний ажлаа эрчимтэй хийж, аман зохиол, угсаатны зүй, эх сурвалж судлал, ерөнхий түүхийн шинж чанартай  монгол судлалын үнэ цэнэтэй олон бүтээлээ туурвижээ. Ж.Цэцэгмаа их эрдэмтэн жилд 1-2 томоохон бүтээл хэвлүүлж байсныг онцолжээ. ЗХУ-ын шинжлэх ухааны академийн тэргүүлэгчид Жамсрангийн Цэвээний эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг өндрөөр үнэлэн түүнд 1935 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг хүртээсэн байна. Улмаар ШУА-ийн сурвалжлагч гишүүнээр сонгосон нь Монгол судлалд түүний оруулсан хувь нэмэр, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг нь өндрөөр үнэлэн хүлээн зөвшөөрч баталгаажуулсан түүхэн шийдвэр байв. Доктор Ж.Цэцэгмаа энэ бүтээлээ “Монголын анхны доктор Жамсрангийн Цэвээн” гэж санамсаргүй нэрлээгүй. Шинжлэх ухааны докторын зэрэг албан ёсоор хүртсэн манай улсын анхны иргэн нь Жамсрангийн Цэвээн мөн гэдгийг нотолж, албан ёсоор баталгаажуулах саналыг дэвшүүлжээ. Ингэж авч үзэх бүрэн үндэслэлтэй. Хэдийгээр Ж.Цэвээн Агын буриадад төрсөн буриад ястан, монгол үндэстэн боловч тэрбээр бүр 1915 онд албан ёсоор Богд Хаант Монгол Улсын иргэн болсон юм. Богд хаан зарлиг буулган гүнгийн зэрэг хүртээж, Эрдэнийн Очир одонгоор шагнаж түүний иргэншлийг давхар давхар баталгаажуулжээ. ЗСБНХУ-ын Дотоодыг хамгаалах ардын комиссар, дотоодыг хамгаалахын ерөнхий комиссар Н.И.Ежовын ЗХУКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга И.В.Сталинд бичсэн “Профессор, монголч эрдэмтэн Ц.Ж.Жамцараног баривчлах тухай” мэдэгдэлд “БНМАУ-ын иргэн, проф. Ц.Жамцарано, Мэргэн гүн Гомбожав нарыг баривчлахыг хүсье” гэж бичснийг И.В.Сталин “За арист. Сталин” гэж гарын үсгээ зурж зөвшөөрөл өгч, иргэншлийг нь давхар баталгаажуулжээ. Ж.Цэвээнийг БНМАУ-ын иргэн болохыг үүнээс илүүгээр хэрхэн нотлох билээ. ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн түүхчид энэ бүх нотолгоо, баримтуудыг үндэслэн зохих дүгнэлт гаргаж, холбогдох байгууллага нь албан ёсоор баталгаажуулаасай гэж түмэнтээ хүснэ. Жамсрангийн Цэвээнийг Жамбалын Цэцэгмаа мэргэшин судлах ерөөл тавилантай байжээ. Монгол Улс дахь “Жамсрангийн Цэвээн судлал” Их Засаг их сургуульд  төвлөрч,  далай мэт их өвийг нь тал бүрээс шинжлэн бүтээл туурвил тасралтгүй ундрахад Жамбалын Цэцэгмаа үнэтэй хувь нэмрээ оруулж байна. Ийнхүү Ж.Цэвээн судлал эзэнтэй, харьяалах байгууллага, судлаачидтай болсон нь чухамхүү эртний барилдлагат ерөөл буйзаа.                                                                                   

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 18 (7262)

 

"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

8 цаг 48 мин
"Талийгаач Хархайнтолгой төсөл дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан, энэ бол зохион байгуулалттай аллага"

"Талийгаач Хархайнтолгой төсөл дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан, энэ бол зохион байгуулалттай аллага"

9 цаг 57 мин
Ү Хён Мин: Хотын даргын шийдвэрээр “Сөүл” ресторан хаагдвал хоёр орны харилцаанд ч таагүй байдал үүсэх эрсдэлтэй

Ү Хён Мин: Хотын даргын шийдвэрээр “Сөүл” ресторан хаагдвал хоёр орны харилцаанд ч таагүй байдал үүсэх эрсдэлтэй

10 цаг 5 мин
Бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, хүч хэрэглэн 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан хэргийг шүүх шийдвэрлэжээ

Бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, хүч хэрэглэн 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан хэргийг шүүх шийдвэрлэжээ

12 цаг 7 мин
“…Төрийг цэвэрлэнэ” гэдэг Төв цэнгэлдэхийн захирал шиг хүмүүсийг зайлуулахын нэр шүү, Х.Нямбаатар дарга аа?!

“…Төрийг цэвэрлэнэ” гэдэг Төв цэнгэлдэхийн захирал шиг хүмүүсийг зайлуулахын нэр шүү, Х.Нямбаатар дарга аа?!

14 цаг 49 мин
Л.Амартүвшин: Дэрэн сум сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбараа түшиглэн хөгжинө

Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг дарга Л.Амартүвшинтэй ярилцлаа.

17 цаг 12 мин
Дэлхийд ижилгүй Дэрэн сумын 100 жил

Өнөөгийн Дэрэн сумын түүхийн эхлэл нь Дайчин бээсийн хошууны төв нутагт

17 цаг 17 мин
Э.Сүндарь: Иргэний төлөөх засаглал бүрдүүлэхэд чанартай боловсрол чухал байна

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буланд

17 цаг 22 мин
“Оюу толгой I улиралд  9.0 сая тонн хүдэр олборлож  629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

“Оюу толгой” 2024 оны I улирлын тайлангаа танилцууллаа.  Гүний уурхайн олборлолт э

17 цаг 27 мин
ЖДҮ-ийн сангаас 37 төсөлд 7.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл  олгохоор боллоо

Аль ч улсын  эдийн  засгийн хөгжлийн тулгуур амин сүнс нь үндэсний  үйлдвэрлэл. Тэр дун

17 цаг 32 мин