Ч.Хашчулуун: Бүсчилсэн хөгжлийг өөрөөр харах эргэлтийн үе иржээ

2024-01-22
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Эдийн засагч, доктор Ч.Хашчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Ирэх парламентын сонгууль бүсчилсэн тойргоор явагдана.  Үүнийг дагаад бүсчилсэн хөгжлийн бодлого, загвар нэлээд яригдах төлөвтэй байна.  Ер нь манай улсад бүсчилсэн хөгжлийн бодлого ямар шатанд явж ирсэн юм бэ?

-Шинэ ойлголт биш л дээ. Манай улс 1960-1970 оны үед бүсчилсэн хөгжлийн судалгааг эхлүүлсэн байдаг. Тухайн үед 2-3 бүсэд хувааж, эдийн засгийг хөгжүүлэх санал санаачилга гарч байлаа.  Гэхдээ төдийлөн амжилтад хүрч чадаагүй. Түүний дараа 1990 -ээд оны дундуур бүсчилсэн хөгжлийг албажуулах ёстой гэсэн санал гарч, хилийн чөлөөт бүсүүдийг хөгжүүлж эхэлсэн. Үүний дараа энэхүү бодлогын ач холбогдлыг ойлгож, 2001 оноос бүсчилсэн хөгжлийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. 2005 оноос бүх бүсийн хөгжлийн хөтөлбөрийг гаргаж, парламент баталж байлаа. Манай улс баруун, зүүн, хангай, төвийн бүс, Улаанбаатар гэсэн таван бүсэд бодлогоо хэрэгжүүлж хөгжих боломжтой гэж үзсэн. Өнгөрсөн 20 жилийн бүсчилсэн хөгжлийн бодлогыг харахад ерөнхийдөө бүх зорилтууд нь биелсэн гэж үзэж болно.

-Тухайлбал, ямар зорилтыг нь та онцлох вэ?

-“Мянганы зам” төсөл бол бүсчилсэн хөгжлийн томоохон зорилт байсан.  Маш амжилттай хэрэгжиж дууссан.  Боомтуудын хөгжлийн бодлогыг мөн онцлох хэрэгтэй. Орон нутагт томоохон уул, уурхайн ордуудыг нээх асуудал тусгагдаж байлаа. Энэ бүхэн амжилттай хэрэгжээд явж байна.  2010 онд Олон улсын байгууллагаас манай улсад бүсчилсэн хөгжлийн талаар судалгаа хийсэн.  Ингэхдээ зорилтуудын 50 орчим хувь нь хэрэгжсэн гэж үзсэн.  Түүнээс хойшхи 10 жилд энэ тоо нэлээд нэмэгдсэн байх учиртай.   Харин одоо бүсчилсэн хөгжлийг шинэ нөхцөл байдалд хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг эргэлтийн цаг хугацаа ирсэн байна.  Энэ удаагийн сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулахаар заасан нь олон нийтийн анхааралд орж ирлээ. Өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд бүсчилсэн хөгжлийн бодлого хаягдсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Бүсчилсэн хөгжлийн үндэсний зөвлөл гэж бий.  Энэ зөвлөл идэвхигүй болоод удаж байгаа.

-Манай улс бүсчилсэн хөгжлийн бодлоготой, зорилтууд нь ч нэлээд амжилттай хэрэгжсэн. Эрх зүйн орчин бүрдсэн. Гэвч энэ загвар үр дүнд хүрч чадаагүй, сүүлийн зургаан жил бараг орхигдсон шалтгааныг та юу гэж хардаг вэ?

-Энэ их чухал асуудал л даа. 2000 оны эхээр таван том бүстэй байна гэдэг шийдвэр гарсан.  Улмаар  бүс болгон өөрийн гэсэн санхүүтэй байх ёстой.  Гэвч санхүү, эдийн засгийн асуудал нь шийдэгдэж үнэндээ чадаагүй.  Аймаг аймгаараа хуваагдсан асуудал бий.  Энэ нь бүсчилсэн хөгжлийн бодлогыг сулруулж, ач холбогдлыг нь багасгасан.  Одоо бид бүсчилсэн хөгжлийн 20 жилээ эргэн харж,  шинэ зорилтуудыг хэрэгжүүлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд манай эдийн засгийн нөхцөл байдал нэлээд өөрчлөгдлөө. Эдийн засгийн төв бланс хэсэг маань өөр болсон гэсэн үг.  Тэр үед манай Улаанбаатар өнөөдрийнх шиг өндөр ачаалалтай байгаагүй.  Хүн ам нь жигд тархсан байсан.  Харин одоо Монголын эдийн засгийн дотор дахиад нэг эдийн засаг бий болсон байна.  Мөн дэд бүтэц, уул уурхай өнөөдрийн хэмжээнд хүрч хөгжөөгүй байлаа.  Тэгэхээр  бид  одоо таван бүсэд хуваах нь зөв үү, буруу юу.  Эдийн засгийн гурван чөлөөт бүс үүргээ биелүүлж чадсан уу.  Энэ бүхэн дээр үнэлэлт, дүгнэлт өгөх цаг болсон байна. Тэгээд бүсчилсэн хөгжлийг шинэ өнцгөөр харж, цааш явах нь зүйтэй.

-Ер нь бүсчилсэн хөгжил гэж юу вэ.  Олон улсад энэ загвараар хөгжсөн сайн туршлагын талаар та хуваалцахгүй юу?

-Улс орон болгон өөрийн гэсэн онцлогтой учраас бүсчилсэн хөгжлийн дэлхийн стандарт гэж байхгүй.  Гэхдээ манай хөрш орнууд өргөн уудам нутагтай учраас энэ загварт их анхаардаг.  Ялангуяа Хятад улс эдийн засгийн чөлөөт бүсийг маш олноор байгуулсан.   ОХУ-ын хувьд эдийн засгаа хэд хэдэн том бүсэд хувааж хөгжүүлэх гэж үзсэн. Ингэхдээ чөлөөт бүс, тусгай бүс, эдийн засгийн бүс зэрэг ач холбогдлоор нь хуваасан байдаг.  БНСУ-ын хувьд газар нутгаа зургаан бүсэд хувааж, бүс болгонд нь яг ийм салбарыг хөгжүүлнэ гэж тодорхойлоод улсаас нь дэмжлэг үзүүлдэг. Энэ бол их бодит алхам юм. Манай улсын хувьд таван бүсэд хуваасан ч хөрөнгө санхүүгийн хувьд 21 аймагтаа төвлөрч байгаа нь гол асуудал. Энэ нь магадгүй УИХ-ын сонгуулийн системтэй ч холбоотой байж мэднэ.  Цаашид бид том бүсээр харж эхэлбэл бүс болгондоо яг юу хийх вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Хойд хэсэгтээ магадгүй, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа хөгжүүлж болно. Говийн бүсдээ уул уурхайн бодлогоо зангиддаг ч юм уу байгаль экологийн нөхцөл байдлаа мөн харж хуваарилах хэрэгтэй. Үүний дараа санхүүгийн системээ мөн бүсчилээд өгвөл тодорхой үр дүнд хүрч чадна.

-Энэ удаа бид сонгуулийн системээ бүсчилсэн хэлбэрт оруулж чадлаа.  Өмнө нь ийм улс төр, эдийн засгийн оролдлого хийж байсан  уу?

-Сонгуулийн систем маань аймгийн түвшинд явж ирсэн. Яг бүсчилсэн хэлбэрт оруулах оролдлого, үзэл санаа гарч байсан эсэхийг би сайн мэдэхгүй юм. Манай аймгууд олон улсын түвшинтэй харьцуулахад газар нутгийн хувьд том.  Бусад орны хэд хэдэн бүстэй дүйцэхүйц газартай гэдгийг бас онцлох нь зүйтэй.  Тэгэхээр аль нь аймгийн хэмжээнд, аль нь бүсийн хэмжээнд шийдэх боломжтой төсөл вэ гэдгийг бас нарийн төлөвлөх хэрэгтэй. Судалгаа хийх хэрэгтэй.  Нийгмийн зарим хэсэг бүсчилсэн хөгжил гэхээр бас их хийсвэр талаас нь ойлгох гээд байдаг.   Монгол Улсын яг төв хэсэгт нийслэл байх ёстой ч гэдэг юм уу.  Энэ бол гол асуудал биш. Нэгэнт энэ бодлогыг хэрэгжүүлэх гэж байгаа бол бүс болгон хот болж хөгжиж ч болно шүү дээ.

-Эдийн засгийн ач холбогдлыг та нэлээд ярилаа. Улс төр, жалга довны үзэл дээр ч нэлээд өөрчлөлт орно гэж ярьж байна. Таныхаар?

-Аймгийн хэмжээнд хийж чадахгүй зүйлийг гурван аймаг нийлж хийнэ гэсэн үг.  Энэ нь улс төрийн манлайлал, хүн хүчний хувьд ч давуу талтай. Аливааг аймгийн түвшинд биш бүсийн хэмжээнд харахаар иргэдийн маань хандлага ч өөрчлөгдөх болов уу. Ер нь энэ бодлого биднийг их  шинэ түвшинд аваачина.  БНСУ-ын хувьд энэ чиглэлийг хөгжүүлэхдээ манайхтай адилхан зовлон бэршхээлтэй тулгарч байсан. Сөүл гэдэг маш том бүс нутаг үүссэн байсан. Хүн амын төвлөрөл, түгжрэл, стресс гээд маш олон асуудлыг дагуулж байв.  Ингээд энэ их хүнийг задлахын тулд шинэ нийслэл байгуулж, ард иргэдээ нүүлгэсэн.  Зургаан  бүс нутгаа хөгжлүүлэх маш оновчтой шийдлийг гаргаж хэрэгжүүлсэн.  Манайх ч энэ загварыг хэрэгжүүлэх боломжтой гэж хардаг.   Бид төмөр зам, засмал замын сүлжээгээ ерөнхийд нь байгуулж, чадлаа. Говийн бүсэд хүнд аж үйлдвэр, уул уурхайн төвүүд бий боллоо.  Аймгийн төвүүд маань ч хөгжиж эхэллээ. Өнгөрсөн 20 жилээ харахад бас ч гэж амжилттай хэрэгжсэн зүйлүүд бий.

-Хотоо нүүлгэж, төвлөрлийн асуудлаа шийдсэн Солонгосын туршлагаас бид юуг нь суралцах вэ. Ажил хэрэг болоогүй байгаа ч дагуул хот, шинэ хотын төлөвлөлт санаанууд манайд байгаа шүү дээ?

- Хэт их төвлөрөл нь эргээд хүн амдаа олон төрлийн эрсдэлийг бий болгож байгаа учраас Азийн улс орнууд төвлөрлийг багасгах оролдлогыг хийсээр байна.  БНСУ, Индонез, манай хөрш Казахстан хүртэл амжилттай хэрэгжүүлж, хотоо нүүлгэсэн.  Шинэ хотыг байгуулах нь үлэмж их зардалтай ажил л даа.  Манай улс шинэ хот, дагуул хотоо байгуулж болно.  Гэхдээ үндсэн нийслэл болох Улаанбаатар минь дэд бүтцээс эхлээд асуудлууд нь шийдэгдэж чадаагүй л байна.  Тэгэхээр одоо байгаа хотынхоо асуудлыг шийдээд дараагийн алхмаа хийсэн нь зөв болов уу гэж харж байна.  Дагуул хот байгууллаа гээд өмнөх хотын маань асуудал шийдэгдэх үү гэвэл,  тийм биш шүү дээ. Дараагийн нэг асуудал нь  бид зах зээлийн эдийн засагтай улс оронд амьдарч байна.  Иргэд, аж ахуй нэгжүүд хаана зах зээл сайтай байна тэнд л амьдарч үйл ажиллагаа явуулахыг хүснэ.  Тэгэхээр Улаанбаатар маань хөгжихөөс өөр аргагүй.  Тэр нь дараагийн хотод залгамж болж очно.  Түүнээс биш иргэдийг нүүлгэх асуудлыг захиргааны аргаар шийдэж чадахгүй шүү дээ.   Эхлээд дэд бүтцийн асуудлаа сайн хөгжүүлэх хэрэгтэй.  Хэдхэн жилийн өмнө урд хөрш маань хов хоосон газар метро барьж дэлхийг инээлгэж байлаа.  Гэтэл хэдхэн жилийн дараа тэр метрог дагаад хөгжил ирсэн байна. Жинхэнэ төлөвлөлт гэдэг маань тэр л дээ. 

-Манай улсад бүсчилэн хөгжих төлөвлөлт, төлөвлөгөө бий.  Хэр оновчтой вэ гэдэг нь л асуудал юм байна. Ер нь энэ асуудлыг парламент, Засгийн газрын түвшинд ярихдаа та бүхний үгийг сонсож, тусгадаг уу?

-Бүсчилсэн бодлогоо бид өнгөрсөн жилүүдэд орхиж ирсэн нь үнэн.  Уул уурхайн мега төслүүд хэрэгжиж эхлээд тухайн бүс нутгийн асуудлууд ч тодорхой хэмжээнд шийдэгдэж ирсэн нь бий.  Дутуу зүйлүүд байсан учраас Боомтын сэргэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа нь сайн хэрэг.  Цаашид хөрөнгө оруулалтаа оновчтой болгох хэрэгтэй. Орон нутаг руу хэт анхаарч, Улаанбаатараа орхиж, бланс алдагдсан асуудал бий.  Өнөөдөр ингэсний сөрөг үр дагаврууд ч гараад эхэллээ. Нийслэлд маань дулаан, цахилгаан, гэр хороолол, нийтийн тээвэр гээд асуудал их байна.  Тэгэхээр бүсчилсэн хөгжил дээр ганцхан орон нутаг биш нийслэлээ хөгжүүлэх бодлогыг ч тусгаж явах хэрэгтэй.  Сүүлийн үед метроны талаар ярьж байна.  Энэ төслийг урагшлуулж чадвал олон асуудал шийдэгдэх учиртай.

-Хөгжил гэхээр хөрөнгө оруулалт, байшин барилга,  уул уурхай ярих нь зүйн хэрэг.  Гэхдээ нөгөө талаас хөгжилд хүрэхийн тулд хувь хүний хөгжлийн бодлогыг ярихаас өөр аргагүй санагддаг.  Бид хөгжилд бэлэн байна уу.  Та юу гэж боддог вэ?

-Энэ маш хэцүү асуудал. Эдийн засгийн хөгжил гэж юу вэ гэдэгт бэлэн хариулт байдаггүй.  Хөгжил гэдэг ерөөсөө эдийн засаг биш хүмүүсийн аз жаргалын индекс гэж хүртэл ярьдаг.  Энэ талаар Европын холбооноос аз жаргалын индексийн судалгаа хүртэл хийж байсан.  Гэхдээ явж явж, дэлхийн даяар боловсролын түвшин, дундаж наслалт, нэг хүнд ногдох орлого гэдэг хүний хөгжлийн гурван тулгуураар л хөгжлийг хэмжиж байна. Энэ үзүүлэлтээр бол манай улсын дундаж наслалт бага зэрэг өссөн.  Боловсролын түвшин нэг талаасаа сайн. Нөгөө талаасаа дэлхийн дундажаас хоёр жилээр хоцрогдож байна гэсэн судалгаа бий.  Эдийн засгийн түвшин хүн ам боловсролын түвшин ойролцоо улс орнуудтай харьцуулахад доогуур. Тэгэхээр Монгол Улс хөгжлийн хувьд бүхий л чиглэлд мэрийлт гаргах хэрэгтэй.  Өнгөрсөн хугацаанд уул уурхайн орлогоороо бид эдийн засгаа 10 дахин томруулсан.  Гэхдээ цаашид уул уурхайгаараа хөгжлөө авч явна гэвэл төвөгтэй.  Манай хамгийн гол зах зээл Хятад улс. Гэтэл урд хөрш маань эдийн засгийн хувьд удаашралтай болж байна.  Хойд хөрш маань эдийн засгийн насжилт нь бас их хурдан явагдаж байна. Дээрээс  нь дотоод гадаад нөхцөл байдал нь амаргүй болсон. Цаашид урт хугацаандаа бид тэндээс цахилгаан, шатахуун, хүнсний бүтээгдэхүүн авч чадах уу гэдэг эргэлзээтэй. Тиймээс эдийн засгаа бүх боломжоор нь хөгжүүлэх оршин тогтнохтой холбоотой асуудал болжээ. Үүний эхлэл эргэлт нь бүсчилсэн хөгжлийн бодлого гэж харж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 14 (7258)

 

hurdhan shig l jaahan hugjmuur hund zoriulsan niigemtei bolmoor bainaa
"Халхын голын тангараг"

"Халхын голын тангараг"

Уржигдар 09 цаг 00 мин
Хотод залуучуудын ирц бага байна

Хотод залуучуудын ирц бага байна

2024-10-11
Нийслэлийн алслагдсан дүүргийн ирц өндөр байна

Нийслэлийн алслагдсан дүүргийн ирц өндөр байна

2024-10-11
Өвөл хэрхэн дулаахан бас загварлаг хувцаслах вэ

Өвлийн улирал хүйтэн, бэрхшээл ихтэй байдаг ч энэ нь та заавал ду

2024-10-11
Ховор баримт, бичмэлтэй үзэсгэлэн

Ховор баримт, бичмэлтэй үзэсгэлэн

2024-10-11
Халх голын 85 жилийн ойд зориулсан дугуй ширээний уулзалт боллоо

Халх голын 85 жилийн ойд зориулсан дугуй ширээний уулзалт боллоо

2024-10-10
Шүүхээс Ч.Ганхуягт торгох шийтгэл ногдуулжээ

Шүүхээс Ч.Ганхуягт торгох шийтгэл ногдуулжээ

2024-10-10
Орон нутгийн сонгуульд хэрхэн санал өгөх вэ?

Орон нутгийн сонгуульд хэрхэн санал өгөх вэ?

2024-10-10
ДЭМБ: Найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй байна

ДЭМБ: Найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй байна

2024-10-10
П.Дэлгэрнаран: Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч эхэллээ

П.Дэлгэрнаран: Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч эхэллээ

2024-10-10