Лай Чин Тэ Тайванийн ерөнхийлөгчөөр сонгогдов

2024-01-15
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

 

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинаа болсон онцлох үйл явдлын нэг нь Тайванийн ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн дүн байлаа. Мөн Франц улсын залуу ерөнхий сайд Габриель Атталь Засгийн газрын бүрэлдэхүүнээ зарласан бол Япон болон АНУ харилцан хамтран ажиллах хэлэлцээ хийжээ. Мөн өнөөдөр  Давосын чуулган эхэлнэ. Эдийн засгийн чуулганд олон улс багагүй анхаарал хандуулж байгаагийн дотор БНХАУ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Олон улсад болсон үйл явдлын мэдээг тоймлон хүргэе.  

 

Эрх баригч нам парламентад олонхын суудлаа алдлаа

 

Тайванийн төрийн тэргүүний болон парламентын сонгууль өнгөрсөн бямба гарагт боллоо.  Сонгуулийн дүн гарахад, эрх баригч Ардчилсан дэвшилтэт намаас нэр дэвшигч Лай Чин Тэ ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Тэрбээр ялалт байгуулсныхаа дараа "Бид Тайванийн ардчиллын түүхэнд шинэ хуудас нээлээ" гэжээ. Харин парламентын  сонгуульд Ардчилсан дэвшилтэт нам олонхын дэмжлэгийг авч чадаагүй учир эрх барих эрхээ алдаж өрсөлдөгч Хятадын Гоминдан намын тэргүүн Сьяу Бикхим хууль тогтоох байгууллагын тэргүүн болох нь тодорхой болжээ.

Тайванийн хууль тогтоох байгууллагын сонгуульд Хятадын Гоминдан нам 52, Ардчилсан дэвшилтэт нам 51, Тайванийн Ардын нам найман суудал тус тус авсан байна. Мөн бие даагч хоёр нэр дэвшигч ялалт байгуулжээ.

Ингэснээр эрх баригч нам ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан ч парламентад олонхын суудлаа авч чадсангүй. Тайванийн сонгуулийн дүнг мэдээлсний дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Тайванийг тусгаар тогтнох асуудалд АНУ дэмжлэг үзүүлэхгүй хэмээн мэдэгджээ. Харин шинэ ерөнхийлөгч Бээжинтэй харилцахдаа аль  болох зөвшилцлийн замаар харилцах болно гэж сэтгүүлчдэд ярьсныг "Ройтерс" агентлаг онцолжээ.

 

Францын шинэ Засгийн газар бүрдлээ

 

Францын Ерөнхий сайдаар томилогдсон Габриэль Атталь шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ  пүрэв гарагт танилцууллаа. Европын парламентын гишүүн Стефан Сежурне Гадаад хэргийн сайдаар томилогдсон байна. Харин Эдийн засгийн сайд Брюно Ле Мэр, Дотоод хэргийн сайд Жеральд Дарманен, Хууль зүйн сайд Эрик Дюпон-Моретти, Батлан хамгаалахын сайд Себастьян Лекорню нар албан тушаалдаа хэвээр үлджээ.

Мөн Эрүүл мэндийн яамыг Хөдөлмөрийн яамтай нэгтгэж, сайдаар нь К.Вотренийг томилсон байна. Ингэснээр өнгөрсөн оноос эхэлсэн тэтгэврийн шинэчлэлийн  үеэр шүүмжлэлийн бай болсон  Оливье Дюссо суудлаасаа бууж байна. Харин Соёлын сайдаар Рашида Дати томилогдсон бол Марк Фесно Хөдөө аж ахуйн сайдын албан тушаалдаа хэвээр үлджээ. Амели Удеа-Кастера Спортын сайдын үүргийг гүйцэтгэхээс гадна Боловсролын яамыг удирдахаар болжээ.

 

АНУ, Японы гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийлээ

 

Япон улсын Ерөнхий сайд Кишида Фүмио ирэх гуравдугаар сард АНУ-д айлчлахаар төлөвлөөд буй. Түүний  айлчлалаас өмнө талууд хэрхэн нягт хамтрахаа тохиролцож, Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар баасан гарагт Вашингтон хотноо хэлэлцээ хийжээ. Талууд Хятад, Умард Солонгостой холбоотой сорилтуудыг хамтран шийдвэрлэхээр тохиролцож, Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалах нь чухал болохыг нотолжээ.

Э.Блинкен Японы төв нутагт болсон хүчтэй газар хөдлөлт, Токиогийн “Ханэда” нисэх онгоцны буудалд болсон осолд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэв. Тэрбээр мөн АНУ-ын Засгийн газрын зүгээс аливаа тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг уламжилжээ.

К.Йоко дэлхий нийт “эргэлтийн цэг” дээр ирээд байгааг онцлоод, Япон-АНУ-ын эвсэл урьд хожид байгаагүй чухал ач холбогдолтой болоод байгааг хэллээ.

К.Йоко, Э.Блинкен нар мөн Украиныг үргэлжлүүлэн дэмжиж, Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээг үргэлжлүүлэн авахаа мэдэгдсэн байна. Мөн Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн дэлхийн бусад хэсэгт тэлэн өргөжихөөс сэргийлэх чиглэлд хүчин чармайлт тавихаар тохиролцжээ.

 

Давосын чуулган өнөөдөр эхэлнэ

 

Жил бүрийн эхэнд болдог Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ. Уламжлал ёсоор Швейцарын  Давос хотноо зохион байгуулагдаж буй 54 дэх удаагийн чуулган энэ жил "Итгэлцлийг сэргээх нь" уриан дор болох гэж байна.

Сөргөлдөөн ихтэй, хуваагдсан дэлхий дахины аюулгүй байдал, хамтын ажиллагааг хангах чиглэлд гол хэлэлцэх сэдвүүд өрнөх юм. Мөн сүүлийн үеийн олон улсын анхааралд орох болсон хиймэл оюун ухааны эрсдэл, боломжуудын тухай хэлэлцэхээр зэхжээ. Чуулга уулзалтад 100 орчим орны хоёр мянга гаруй төлөөлөгч, 60 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар оролцох юм. Энэ жилийн чуулга уулзалтад БНХАУ онцгой ач холбогдол өгч байна. Тус улсаас 110 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцохоос гадна Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Швейцар ба Ирланд улсуудад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ.

Хятад дахь Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын төлөөлөгч Чэн Лимин хэлэхдээ "Хятадын эдийн засгийн цаашдын өсөлт ба өсөлтөд нөлөөлөх шинэ түлхэц зэрэг сэдвүүд олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж байна. Хятад бол дэлхийн хоёр дахь том эдийн засаг бөгөөд 140 гаруй улс орон, бүс нутгийн худалдааны гол түнш билээ. Иймээс Хятадын эдийн засгийн хөгжлийн чиг хандлага дэлхий дахинд чухал ач холбогдолтой юм. Олон улсын хамтын нийгэмлэг энэ сэдэвт ихээхэн анхаарал хандуулж байна" гэв.

Манай улсаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор мордсон. Монгол Улс сүүлийн 20 жилд анх удаа Ерөнхий сайдын түвшинд оролцож байгаа нь энэ юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 9 (7253)

 

О.Ангарагсүрэн: Монголынхоо өв соёлыг өөр нүдээр харах боломжийг бидэнд олгосон

“Монголын урчуудын эвлэл”-ийн Арт галерейд энэ сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн “Мөнх тэнгэр” үзэсгэлэнд

2026-02-16
Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал болж, шинэ ерөнхийлөгчөөр УИХ-

2026-02-16
Төв шуудангийн урд байрлах 54 давхар, “Улаанбаатар хотын төв цэгээс 800-хан метрийн зайтай тансаг хороолол” ... мөнгө угаалт биш биз?

Төв шуудангийн урдахь 54 давхар, “Улаанбаатар хотын төв цэгээс 800-хан метрийн зайтай тансаг хороолол” ... мөнгө угаалт биш биз?

2026-02-15
NTV телевиз JTI-ийн гэрчилгээг хүртжээ  

NTV телевиз JTI-ийн гэрчилгээг хүртжээ  

2026-02-13
Б.Энхбаяр VS Б.Тулга

Б.Энхбаяр VS Б.Тулга

2026-02-13
Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах саналаас татгалзжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах саналаас татгалзжээ

2026-02-13
“Оюу толгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгджээ

“Оюу толгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгджээ

2026-02-13
Э.Батшугар: Уул уурхайг түшиглэсэн  хиймэл оюуныг хөгжүүлэх нь Монгол Улсын давуу тал байх болно

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-02-13
Ж.Баярмаа: Сонгогчдын саналыг худалдан авахын эсрэг хуулийн төсөл боловсруулж байна

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2026-02-13
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдэгдэл гаргажээ

2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын нэгдс

2026-02-12