З.Батбаяр: Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус өгөхгүй

2023-09-28
Нийтэлсэн: Админ
 17 мин унших

Сүрнээгийн УЯНГА

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг байх учиртай. “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа зочноор Усны газрын дарга З.Батбаярыг урилаа.

 

-Унгарт эх орноо төлөөлж хэсэг ажиллаад ирсэн. Цар тахлын хүндрэлээс эхлээд нэлээн хариуцлагатай ажиллах цаг үе ч таарлаа. Хилийн цаанаас эх орон “яаж” харагддаг юм бэ?

-Хүн өөрийгөө үргэлж голж байдаг. Гэхдээ хичээвэл бага ч гэсэн үр дүн гардаг гэдгийг мэдэрсэн цаг хугацаа байлаа. Намайг Унгар улсад Элчин сайдаар очиход тэнд Монголоос 70 оюутан суралцаж байсан бол ажлаа хүлээлгэж өгөх үед 1200 болсон. Одоо бол Европтоо Унгар улсад Засгийн газрын тэтгэлгээр хамгийн олон оюутан суралцаж байгаа нь Монгол Улс болж байна. Мөн тэнд амьдардаг монголчуудын тоо хоёр дахин өссөн. Би өөрөө энэ улсад суралцаж төгссөн учраас ажлаа явуулах, хүмүүстэй ойлголцоход харьцангуй амар байлаа.

Намайг очоод итгэмжлэх жуух бичгээ өргөн барихад Унгарын ерөнхийлөгч “Танд хоёр давуу тал, хоёр том саад бий. Унгар хэл болон улс орны нөхцөл байдлыг мэдэж байгаа нь давуу талтай. Элчин сайд нар томилолтын хугацааныхаа  бараг хагасыг тухайн улс оронтойгоо танилцахад “алдчихдаг”. Та манай улстай танилцах гэж цаг алдахгүй нь маш том боломж. Харин саад нь хоёр улсын хоёулангийнх нь хүнд суртал ” гэж хэлсэн. Үнэндээ 200 оюутныг сургахад Унгар, Монгол хоёр талаас хоёулангаас нь саад учирсан ч нэлээн зоригтой “дайрсан”. Үүний хүчинд 2016 оны намраас оюутнуудаа сургаж эхэлсэн дээ. Бас нэг сайн мэдээ гэвэл Унгарт ажиллаж амьдрах талаар монголчуудын мэдлэг, ойлголт сайжирсан.

Цар тахлын үед ихэнх орны хамтын ажиллагаа зогссон байсан. Тэгэхэд Унгар, Монголын харилцаа хамтын ажиллагаа зогсоогүй. Оюутнуудыг хүлээж авахаас гадна Биокомбинатыг шинэчлэх хамтын ажиллагаанд хөл хориотой байсан учраас Засгийн газрыг төлөөлөөд миний бие гарын үсэг зурж цахимаар уулзалт хийж байлаа. Мэдээж цар тахлын үед ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахад боломжит бүх арга хэмжээг авч ажилласан даа. Манай хоёр улс соёл, спортын салбарт өндөр хэмжээнд өгөөжтэй хамтарч ажиллах боломжийг ч олж харсан. Ер нь бол хамтарна гэдэг заавал нэг дор байхын нэр биш. Энэ мэтээр зорьж санаачилж эхлүүлсэн ч дуусгаж амжаагүй олон ажил бий. Улс орны гадаад бодлого тасралтгүй байх учиртай. Дараагийн хүмүүс маань үргэлжлүүлнэ гэж найдаж байгаа.

Дипломат алба онцлогтой. Өдөр тутамдаа холбогдож ажил үүрэг аваад ажилладаг болохоор эх оронтойгоо илүү ойр байдаг. Гэхдээ хилийн цаана Монголын хөдөө нутаг, нүүдэлчин соёлын үнэ цэнийг мэдэрсэн он жилүүдийг өнгөрүүллээ. Бид хажуудаа байгаа баялгаа мэддэггүй юм байна. Хангалттай цалин хангамж, эрүүл аюулгүй орчинд амьдардаг европууд юу хайдаг гээч. Тэд бидэнд үнэгүй байдаг, тэр бүр тоодоггүй зэлүүд тал нутаг, нүүдлийн аж ахуйг хайдаг юм байна. Ерөөсөө энэ дэлхийн хүмүүсийн үнэт зүйл, амар амгалан бол хэн нэгнээс хараат бусаар тайван амьдрах юм. Их мөнгө, том байшин биш байгалиа харж хайрлаад тайван амьдрахыг хүсч байна. Хамаг чангаараа эрх чөлөөтэй хашхирч үзэх юмсан гэсэн хүнтэй хүртэл таараад гайхаж байлаа. Энэ эрх чөлөө бидэнд байна шүү дээ.

Хөгжил гэдэг бол ерөөсөө л хүмүүс сайхан амьдрах юм. Харин хүн хэзээ сэтгэл хангалуун байх вэ гэвэл хамгийн эхний хэрэгцээ нь уух ус, амьсгалах агаар, идэх хоол. Харин тэр агаар, усыг нь байгаль, мал аж ахуй л өгнө шүү дээ. Энэ л бидний хөгжлийн нууц юм биш үү. Дээр нь нийгмийн бүх харилцаан дээр дүрэм журам, стандартаа хэрэгжүүлэхэд болно.

-Та Элчингээр ажиллаж байхдаа Унгар ардын дуу дуулсан нь олон хүнд хүрэх шиг болсон шүү?

-Элчин сайд хүн дуу дуулж болно, болохгүй. Мэргэжлийн бус хүн гэдэг ч юм уу янз бүрээр хүлээж авсан л даа. Гэхдээ Унгарын ард түмэн тэр дундаа хөдөөгийн иргэд Унгараар ярьдаг Монголын Элчин сайд гэж мэддэг болсон. Унгарчуудын өдөр болгон шахуу сонсдог алдартай дуу байсан болохоор хүмүүст их хүрсэн байх. Батбаяр гэдэгтээ биш Монголын талаарх ойлголт мэдээлэл өгсөн нь чухал байх.

-Зургаан жилийн дараа ирээд усны салбарын ажлаа хариуцахад нөөцөөс эхлээд нөхцөл байдал нэлээн өөрчлөгдсөн байх. Агентлагийн даргын албанд томилогдоод хамгийн түрүүнд “юу” олж харав?

-Эрхэлж байсан алба маань өөр ч усны ажлаасаа холдоогүй. Өдөр тутамдаа хобби маягаар судалж ирсэн. Тиймдээ ч монгол орны гадаад бодлогод байгаль орчин, усан хангамжийн асуудал тэргүүн эгнээнд байх ёстой гэж Элчин сайд нарт уриалдаг.

Хоёр л тоо хэлье. Намайг 2005-2012 онд ажиллаж байх үед Монгол Улсын нийт усны хэмжээ жилд 610 км куб буюу метр куб рүү шилжүүлэх юм бол 610 тэрбум метр куб байсан. Энэ тоо 2022 оны байдлаар 50 орчим нь алга болж 564 км куб болж багассан. Гэтэл үүний 70 хувь нь нуур байдаг. Тэр дотроо дахиад 70 хувийг Хөвсгөл нуур бүрдүүлдэг. Тоо харвал агуу их устай юм шиг хэрнээ талаас илүү хувийг нь жижиг том нийлсэн 3000 нуур бүрдүүлж байдаг. Хоёрдугаарт, Монгол Улс жилд 500 сая метр куб ус хэрэглэдэг. Ингэхдээ газар доорх усыг хэрэглэж байна. Гэтэл газар доорх ус 12 км куб буюу нийт усны хоёр хүрэхгүй хувийг эзэлж байгаа. Үндсэндээ сүүлийн арав гаруй жилд бидний ашигладаг газрын доорх уснаас тав дахин их ус алга болчихсон. Байдал ийм л байна.

2050 он гэхэд мөнх цаст хайрханууд хайлах аюулд орсон. Хайлбал юу болох вэ. Мөнх цаснаас эх авч байгаа голууд үерлэнэ. Хайлж дууссаны дараа хатаж ган болно. Монголын алдартай их нууруудын хотгор үгүй болж экологийн сүйрэлд орох аюултай. Хүмүүс муу амлаж байна гэж хэлэх байх. Гэхдээ Хөвсгөл, Увс, Хяргас нуурыг эс тооцвол их нууруудын хотгорын эко систем маш эмзэг. Ердөө 1.5-3 метрийн гүнтэй. Дээр нь амьтан, ургамал нь багасаад ирэх юм бол хатах аюултай. Баруун таван аймгийн дөрвийнх нь хэдэн зуун мянган хүн олон арван сая малтайгаа амьдрах аргагүй болно. Нүүдэллэж таарна. Гэтэл Улаанбаатар хот 200-300 мянган хүнийг хүлээж авах боломжтой бил үү. Ийм эмзэг асуудал яригдах түвшинд хүрсэн байна. Тиймээс ус, усны хомсдолын талаар ярихаас аргагүй. Монгол хүн бүр ус хэмнэх арга ухаанд суралцахгүй бол тун горьгүй. Нэг жилд стаканаар болон крантны ус гоожуулж шүдээ угааж байгаа хүний хооронд тэнгэр газар шиг ялгаа бий. Стаканаар шүдээ угааж байгаа хүний 36 жил хэрэглэх усыг  крантны ус гоожуулдаг хүн нэг жилд л ашигладаг гэсэн үг. Ус хэмнэхийн гайхамшиг ердөө л энэ. Ялангуяа залуучууд маань ус хэмнэхийн учир холбогдлыг аль хэдийнэ ойлгоод дор бүрнээ хэрэгжүүлж байгаа байх гэж итгэж найддаг даа. Гэтэл ус хэмнэх биш ашиг олох сэтгэлгээ гүн бат суугаад тэр нь өөрчлөгдөөгүй хүмүүс ч байгаа. Тэр хүмүүс үр хүүхдийнхээ амьдралын хэдэн үеийг бусниулж буйгаа мэддэггүй. Чи нэг литр ус хэмнэх юм бол хүүхдийн чинь уух ус тэр хэмжээгээр  нэмэгдэнэ л гэж ойлгох хэрэгтэй. Гурван сая хүн хоногт нэг литр ус хэмнэх юм бол хэд болох билээ. Ийм л байна.

-Тал бүртээ л усаа хэмнэхээс аргагүй. Машин угаалгын газрууд саарал ус ашиглах шийдвэр гарсан ч өнөө хэр хэрэгжихгүй байгаа. Саарал ус хаана байна вэ гэж эсэргүүцсээр байна. Уул уурхайн компаниуд ч мөн адил цэвэр усыг хэдэн тонноор нь асгасаар байгаатай яаж тэмцэх вэ?

-Хатуухан хэлэхэд төр цэвэр ус өгөхгүй. Улаанбаатар хотод 600 мянган машин бий.Нэг машиныг 100-250 литр усаар угаана. Нэг машин жилд хэдэн удаа угаалгах вэ гээд бодоод үзвэл чамгүй их тоо гарна. Шүдээ угааж байгаа хүүхдийг 10 грамм ус хэмнэ гэчихээд машин угаалга, том компаниуд мянга мянган литрээр нь асгадаг байж болохгүй. Машин цэвэр байх нь чухал уу, уух устай цаашлаад амьдрах нь чухал уу гэсэн асуудал яригдах нь. Дэлхийн өндөр хөгжилтэй зарим орон машин угаалгах, ногоон байгууламж услахыг хориглож эхэллээ. Хоногт 250 литрээс дээш ус ашиглахгүй шүү гэж анхааруулж байна. Ер нь бол ус, цахилгаан түрхэн хугацаанд тасрахад яадаг билээ. Ийм л аюул болно гэсэн үг.

Ер нь бол хийе гэвэл арга нь олдоно. Хийхгүй гэвэл шалтаг олдоно гэдгийн үлгэр саарал усан дээр гарч ирж байна. Машин угаалгын газар, арьс шир, химийн үйлдвэрүүдэд цэвэр ус нийлүүлэхгүй байх ажлыг хийнэ. Крантнаас битгий ус өгөөч ээ, Ус сувгийн удирдах газар битгий гэрээ байгуулаач ээ гэж байгаа. Тэдэнд 2-3  арга бий. Гэр хорооллын худгаас очоод ус авч болно. Гэхдээ хоёр биш 25 төгрөгөөр ус худалдаж авна. Хоёрдугаарт, барилгын компаниуд шүүрлийн усаа шууд гол руу хаяж байгаа. Үүнийх нь төлөө мөнгө авч эхэлнэ. Хэрэв тэр компани ухаалгаар ажиллах юм бол улсад мөнгө төлж гол руу урсгахын оронд цуглуулж байгаад машин угаалгын газруудад хямдхан ч хамаагүй зарж болно.

-Шүүрлийн усаар угаахаар машин зурчихдаг гэсэн яриа байдаг. Цэвэр усыг хэмнэх шийдлээ та бүхэн юу гэж харж байна вэ?

-Үнэнийг хэлэхэд бид үнэхээр даварчихсан байна. Бүх зүйлд цэвэр ус ашиглаад сурчихаж. Шүүрлийн усыг ганцхан удаагийн шүүлтүүрээр оруулахад л ямар ч асуудалгүй. Нэгэнт хямдхан худалдаж авсан энэ усаа эргүүлээд ашиглаж ч болно. Хүнсний үйлдвэрүүдийн хаягдал ус ч бий. Тэд бохир усны төлбөр төлж байхаар харин ч энэ усаараа орлого олж, саарал усны зориулалтаар ашиглуулж болно. АПУ компанийн хүнсний хаягдал усыг 600 метрийн зайд байгаа Сүлжмэлийн үйлдвэр яагаад авч болохгүй гэж. Машин угаалгын газрууд бол бүр булаацалдаад авах хэрэгтэй. Эцэст нь хэн хэн нь хожино, бүх талд зардал буурна.Саарал ус ашиглах цаад агуулга ердөө л энэ.

 Миний бас нэг хийхээр зорьж байгаа ажил бол таван одтой зочид буудлууд. Дэлхийн томоохон буудлууд ус дахин ашиглах төхөөрөмжтэй байдаг. Жишээлбэл, энэ төхөөрөмжийг Шангрилла ажиллуулдаггүй. Уг нь нэг кноп дарахад болох зүйл.  Гэтэл тэр төхөөрөмжийг ээлжээр ажиллуулах 2-3 хүний цалин цэвэр ус авч ашиглахаас өндөр болох гээд байгаа учраас хүсэхгүй байна. Цэвэр ус ийм л үнэ цэнгүй байна. Ямар ч улсад очсон зочид буудалд нь ус байж байдаг. Бусад нь ууж болохгүй дахин ашигласан ус шүү гэсэн үг. Ганцхан жишээ авахад, нэгдүгээр сургууль өдөрт ариун цэврийн өрөөндөө хэчнээн литр ус татдаг бол. Гэтэл тус сургуулиас 100 метрийн зайд байгаа таван одтой зочид буудлын 250 өрөөнд хэр хэмжээний ус хэрэглэдэг билээ. Манай байрны хоёр талд томоохон хувийн компани болон сүм байрладаг. Гурвуулаа нэг шугамаар усаа авдаг. Гэтэл манайх төсвийн байгууллага болохоор илүү мөнгө төлдөг бол өнөө хоёр маань хувийнх учраас бага мөнгө төлдөг. Нэг литр усанд төсвийн байгууллага гурван төгрөг 11 мөнгө, хувийнх 2.6 төгрөг төлдөг. Үүнтэй адил улсын сургууль илүү, хувийнх нь бага мөнгө төлдөг. Монголд ийм л зарчим үйлчилж байна. Мөн оффисын барилгуудын усны төлбөрийг нэмж байж хэмнэлт бий болно.Тиймээс хаана их ус хэрэглэж байна тэндээс өндөр төлбөр авдаг болно. Тэр орлогоороо гэр хорооллын иргэдийн усны төлбөрийг төлөхөд ч буруудах юмгүй.

Орон сууцанд амьдарч байгаа хүн хоногт 150 литр ус хэрэглэж байхад гэр хорооллын иргэн 10 литр байх жишээтэй. Гэтэл гэр хорооллынхон орон сууцныхаас дөрөв дахин өндөр үнээр ус авч байна. Энэ зөрүүг арилгах ёстой.

Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд, эзэгтэй нар маань сард төлдөг цэвэр усны төлбөрөө тооцож үзээрэй. Хамгийн наад зах нь бохир усны тоолуур байдаггүй учраас хэдүй хэр хэмжээний цэвэр ус ашиглаж байна тэр хэмжээний бохир усаар тооцдог. Халуун усыг бүтэн сараар тасалчихаад төлбөрөө авдаг. Энэ зөв үү, буруу юу. Жижиг мэт боловч эдгээр асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Энэ бол аль нэг байгууллагын ажлыг хүндрүүлэх биш хэмнэлтийн асуудал юм шүү. Манай байгууллагын бас нэг гол зорилго бол Монгол Улс даяар хаягдаж байгаа бүх усыг болдог бол литр тутмыг тоолохын төлөө ажиллана. Бидэнд байгаа усыг яаж ашиглаж байгааг дусал бүрийг нь мэдмээр байна.

-“Авлига” хороололтой холбоотойгоор нийгэм даяар баахан шуугилаа. Гэтэл ил гарсан нь эднийх болсноос голын хамгаалалтын бүсэд барьсан байшин олон бий. Тэднийг бүгдийг нь нураах уу?

-Миний ажил бол хуулиа л биелүүлэх. Голын эрэгээс 50 метр зайд онцгой хамгаалалтын бүс байдаг. Тэр бүсээс дотогш нэг давхар, 10, 100 давхар байшин байсан ч хамаагүй нураах ёстой. Модон жорлон байсан ч адилхан. Зарим хүмүүсийн хэлж байгаагаар зориг гаргаад байх асуудал биш. Хэний ямар байшин байх нь огт хамаагүй. Хуулиа дагаж мөрдөж хэрэгжүүлэх ёстой юм. Жишээлбэл, авлигал хороолол гэж нэрлээд байгаа газарт нэлээн том хэмжээний төлбөрийн нэхэмжлэл очих байх шүү. Энэ газар 2-3 жил ус шүүрүүлж барилга барьсан учраас хохирол тооцож төлбөрийг нь төлүүлэх ёстой. Бидний тооцоолсноор голын хамгаалалтын бүсэд 2900 хашаа, 2400 байшин байна.

-Хүний хувийн өмчид халдаж байгаа хэрэг биш үү?

-Би хуульч мэргэжилтэй. Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр Унгарт доктор хамгаалсан. Хүний өмчийг Үндсэн хуулиар хамгаалдаг. Харин хууль ёсны дагуу олсон баялгийг өмч гэдэг. Хууль бусаар олж авсан бол тэр өмч биш. Харин хулгайн зүйл болно. Анхнаасаа хууль журам зөрчиж барилга барьсан бол тэр өмч биш. Зөвшөөрөл өгсөн эсэхэд бол буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ гэдгийг хууль журамд заачихсан байгаа шүү дээ. Эцсийн дүндээ хэний хэдэн барилгыг нураах, нураахгүй байх асуудал биш юм. Хэрэв тэр үерийн хамгаалалтын бүсэд баригдсан байшинд амьдарч байгаад байгалийн гамшиг боллоо гэхэд хэн хохирох юм. Байшингаа барьж ашгаа олчихоод явсан компанийн эзэн биш тэнд амьдарч байгаа иргэд хохирч үлдэнэ гэдгийг ойлгоосой. Өнөөдөр төрийн байгууллагыг хуурах биш өөрсдийгөө, үр хүүхдээ хорлож байгаа хэрэг.

-Заавал нураахгүйгээр шийдэх арга бий юу?

-Олон янзын гарц ярьж болно. Гэхдээ бүгд шинжлэх ухааны үндэслэлтэй байх ёстой. Хэрэв нураахгүй гэвэл үерийн хамгаалалтын бүсийн дээд талд усан сангуудыг барих хэрэгтэй. Ингэж усан сан барьсны дагуу урсац даланг хамгаалах ёстой. Далан гэдэг бол усны барилга байшингийн нэг төрөл буюу маш нарийн тооцооллоор бүтдэг трапиц хэлбэртэй байгууламж байдаг. Гэтэл хашаа барьчихаад түүнийгээ далан гэж хэлж болохгүй. Тиймээс нэг бол 50 метр газраа байгалиар нь суллаад явах, үгүй бол хамаагүй их зардал гаргаж үерийн хамгаалалтын далан, усан сангуудыг барих л хоёр гарц байна. Усан сан барихад нэлээн их хэмжээний хөрөнгө шаардагдана. Хэн нэг хүнээр мөнгө гаргуулаад барьчихдаг, дараа нь усны эзэн гээд суувал яах вэ гээд асуудал бий. Ус бол хэн нэгний биш бүх нийтийн эрх ашиг, улс орны хэмжээний асуудал юм.

Сэлбэ гол дээр тооцоолсноор дахиад үерийн гамшиг болох юм бол усны түвшин 3-4 давхар байшингийнх шиг хэмжээтэй болно гэсэн судалгаа байна. Энэ зуны үер үүнтэй харьцуулахад хамаагүй бага байлаа. Сүүлийн үер дээр голын хамгаалалтын бүсийн дэглэм мөрдүүлээгүй, жалга байсан газрыг барилгын хогоор дүүргээд дээд талд нь айл буучихсан учраас үерлэж 3-4 хүний амь нас эрсэдлээ. Хамгийн аймшигтай нь жалга бөглөсөн биш түүний доод талд байсан айлууд аюулд өртлөө. Уг нь хамгаалалтын бүс жалгыг хамгаалж байгаа юм. Ер нь монголчууд үерийн аман дээр буудаггүй гэж ярьдаг ард түмэн шүү дээ.

Улс орнуудад болсон энэ жилийн үерийг судлахад нэг аюултай зүйл анзаарагдсан нь хөрсний гулгалт. Урьд өмнө болдоггүй байсан газарт хөрсний гулгалт болж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалаад хөрсний шинж чанар өөрчлөгдөж байна гэсэн үг. Монголд ийм зүйл болж  голын эрэгт нэг см-ийн гажилт өгөхөд барилгын сууринд нөлөөлж бүгд нурах аюултай.

-Та бүхний зорьж байгаа цэвэр усыг хэмнэх шийдвэрүүд “том” эрх ашгуудыг хөндөх нь. Тэр хэрээр хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч таарна. Үнэнийг хэлэхэд манай төрийнхөн олон нийт эсэргүүцэхээр буугаад өгчихдөг, шийдвэрээ өөрчилчихдөг. Томоохон компаниуд яаж лоббиддогийг эрх биш та мэдэх биз, сонгууль ч дөхөж байна. Нэлээн “дээр”-ээс дарамт ирж мэднэ. Ийм зүйл олон давтагдаж байгаа болохоор үнэндээ таны энэ “гал” гарсан шийдвэрүүд хэрэгжих эсэхэд эргэлзэж байна л даа?

-Шүүмжлүүлэх баалуулахаас айдаг нас өнгөрсөн. Мэдээж сайхан зүйл биш учраас хүн болгон эмзэглэж таарна. Миний хувьд ажлын туршлага, насаа бодсон ч айгаад суух үе биш л дээ. Тиймээс усны менежментийн тал дээр амьдралаа зориулж ирсэн ажлаа хийх цаг үе ирсэн, одоо л эхэлж байна гэж бодож байгаа. Усны менежментээр зүйрлэвэл миний цаг өглөөний 07:00 болж байна.

Ард түмэн өөр дээр нь мэдрэгдсэн зүйлээ эсэргүүцдэг. Гэтэл ард түмний хэрэглэж байгаа усны үнийг бууруулаад өгье. Харин хаана хамаа замбараагүй ашиглаж байна тэндээс хэмнэж, төлбөрийг нь нэмье гэж байгаа юм. Жишээлбэл, нэг машиныг 25 мянган төгрөгөөр угаалгадаг гэж бодож үзэхэд угаалгын газрууд олж байгаа орлогынхоо 0.01 хувийг л усанд төлж байгаа. Үнийг нь арав дахин нэмэхэд цэвэр ус ашиглахгүйгээр хэрхэн шийдэж болох вэ гэж ухаанаа уралдуулж өөр “юм” бодож эхэлнэ. Энэ сэтгэлгээ анхнаасаа суугаад хэвшчихсэн болохоор л өөрчлөхөд хэцүү байгаа юм. Цаад агуулга, үнэ цэнийг нь ойлгочихвол эцсийн дүндээ бүх хүнд ашигтай. Таны эсэргүүцнэ гээд байгаа хүмүүс ч Монгол хүн. Тэд үр хүүхдийнхээ уух цэвэр усанд адилхан санаа тавьж, үр ачийнхаа төлөө хэмнэх ёстой юм байна гэж бодож таарна. Ус хэмнэхийн ач холбогдлыг ойлгуулж чадвал бид зорилгодоо маш амархан хүрнэ. Гэхдээ хүн дээр усыг хэмнэж болохгүй. С.Зориг агсны хэлдгээр би Монгол хүний саруул ухаанд итгэдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 193 (7178)

 

Аалзны тархины шинэ судалгаа Альцгеймерийн өвчний шалтгааныг олоход тусалжээ

Аалзны тархины мэдрэлийн доройтлын талаарх судалгаа нь ой санамжаа алдах Ал

2 цаг 36 мин
Гэрийн ажилд туслах Neo роботыг ирэх жилээс худалдаална

Норвеги болон Цахиурын хөндийд байрладаг 1Х компани гэрийн ажилд ту

2 цаг 37 мин
“Эрсдэлтэй гэнэтийн шийдвэр гаргасан ерөнхийлөгчийг огцруулахаар жагсаж байна”

Өмнөд Солонгост сүүлийн хэдэн арван жилд тохиолдсон хамгийн том улс төрийн хямралын үеэр

3 цаг 20 мин
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, говийн бүс нутагт усан хангамжийг сайжруулна

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, говийн бүс нутагт усан хангамжийг сайжруулна

6 цаг 51 мин
Сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлалын чиглэлд Саудын Арабтай хамтран ажиллана

Сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлалын чиглэлд Саудын Арабтай хамтран ажиллана

7 цаг 5 мин
Монгол Францын хамтын ажиллагааг эрчимжүүлэх томоохон төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ

Монгол Францын хамтын ажиллагааг эрчимжүүлэх томоохон төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ

7 цаг 17 мин
МИАТ ТӨХК: Сөүл чиглэлийн нислэгүүд хэвийн явагдахыг мэдэгдэж байна

МИАТ ТӨХК: Сөүл чиглэлийн нислэгүүд хэвийн явагдахыг мэдэгдэж байна

7 цаг 54 мин
ЭСЯ: Олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны ойр орчмоор зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

ЭСЯ: Олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны ойр орчмоор зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

8 цаг 1 мин
Юн Сүк Ёл: Төрийн эсрэг хүчнээс улсаа аврахын тулд онц байдал зарласан ч Үндэсний Ассамблейн шаардлагын дагуу цуцалж байна

Юн Сүк Ёл: Төрийн эсрэг хүчнээс улсаа аврахын тулд онц байдал зарласан ч Үндэсний Ассамблейн шаардлагын дагуу цуцалж байна

8 цаг 6 мин
Улсын төсвийг энэ сарын 10-ны дотор хэлэлцэж батална

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хуралдаж,  Төсвийн тухай хуульд нэмэлт

11 цаг 25 мин