Д.Үүрийнтуяа: Шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш байдлыг хангах хэрэгтэй

2023-07-17
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Доржийн ОЮУНЧИМЭГ

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяаг урьж, ярилцлаа.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ

-Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана одоогоор уул уурхайн салбар болж байна. Манай улсын эдийн засагт уул уурхайн салбарын экспорт голлох нөлөөг үзүүлж байгаа. Тухайлбал, экспортийн 94, дотоодын нийт бүтээгдэхүүний 23 хувийг уул уурхайн салбар эзэлж байна.

Хэдийгээр эдийн засагт энэ салбарын эзлэх байр суурь давуу байгаа ч ажиллах хүчний дийлэнх нь хөдөө аж ахуйн салбарт байна. Тиймээс монголчууд хөдөө аж ахуйн салбараа орхигдуулж болохгүй.

Тэгэхээр уул уурхайн салбарыг түшиглэж хөдөө аж ахуйн салбараа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Монгол Улсын хувьд уул уурхайн салбарын хөгжил олборлох түвшинд түлхүү ажиллаж байгаа бол Монгол Улсын Засгийн газар боловсруулах шатанд шилжих бодлого баримтлан ажиллахаар бодлогоо тодорхойлсон. Үүний тулд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтын асуудал чухлаар тавигдах учиртай. Хөрөнгө оруулалтыг зөв бодлогоор дэмжихийн тулд хоёр талдаа харилцан ашигтай хувилбараар хөрөнгө оруулалтыг татаж чадвал уул уурхайн салбарт нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж, гарц бий гэж хардаг.

Тэгэхээр уул уурхайн салбарын хөгжлийг дагаад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхлэхэд түүнийг дагасан жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломж нээгдэх юм. Ялангуяа аж үйлдвэрийн паркийн асуудлыг сүүлийн жилүүдэд нэлээд эрчимтэй ярьж байна. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн аж үйлдвэрийн парк байгуулах юм. Ингэснээр уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжлийг дэмжих, үүнийг дагасан жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломжийг Аж үйлдвэржилтийн тухай хуулиар дамжиж хэрэгжинэ гэж харж байна. Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулалтыг дэмжсэн хууль эрх зүйн орчныг зөв бүрдүүлж чадвал эдийн засгийн хөгжлийг дэмжих боломж бүрдэнэ.

 

УУЛ УУРХАЙ БА ХӨДӨӨ АЖ АХУЙ

 

-Уул уурхайн салбарын хөгжлийг дэмжихийн зэрэгцээ нөгөө талдаа хөдөө аж ахуйн салбарыг зэрэгцүүлж авч явах ёстой. Хүнсний аюулгүй байдлын тухай асуудал нь Монгол Улсын язгуур эрх ашиг. Тиймээс хөдөө аж ахуйн салбараар дамжиж хүнсний аюулгүй байдлыг хангах нь зүйн хэрэг. Үүний тулд уул уурхайн салбарыг түшиглэсэн хөдөө аж ахуйн бодлого хийгээд хүнсний аюулгүй байдлын бодлогыг ярих учиртай. Өөрөөр хэлбэл, уул уурхай болон хөдөө аж ахуйн салбар юугаар дагнаж, хэрхэн хоршиж ажиллах вэ гэдэг бодлогыг зөв тодорхойлох нь зүйтэй. Үндсэндээ эдийн засгийн тулгуур багана болсон эдгээр салбарын хөгжил цаашид үйлдвэрлэл болоод бусад салбарын хөгжлийн хөшүүрэг болох юм.

Манай улс эдийн засгийн хараат байдалд байгааг хүн бүр мэдэж байна. Тухайлбал, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ болоод эрэлт хэрэгцээнээс хамаарсан байдлаар явж ирлээ. Тэгэхээр ашигт малтмалын гаралтай түүхий эдээс эдийн засгийн хараат бус байлгахын тулд солонгоруулах зайлшгүй шаардлагатай. Үүний тулд урт хугацаандаа хэрхэх вэ гэдгийг ярих ёстой. Одоогоор уул уурхайд түшиглэсэн байдлаар эдийн засгаа тодорхойлж, харж байна. Цаашид хөдөө аж ахуй, санхүү, боловсрол, хиймэл оюун ухаанд тулгуурласан эдийн засгийн хөгжлийг бий болгохын төлөө зорих учиртай. Үүний зэрэгцээ эдгээр салбарын зах зээлийн өсөлтийг дэмжих бодлоготой байх.

 

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО ЧУХАЛ

 

-Эдийн засгийн өсөлт цар тахалтай жилүүдэд дэлхий нийтээр саарсан. Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжих, тогтвортой өсөлтийг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд тодорхой үр дүнд хүрсэн гэж харж байна. Энэ удаагийн эдийн засгийн өсөлт тогтвортой хөгжлийн бодлого чухал гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс аливаа улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд эрх баригч улс төрийн нам, Засгийн газар, УИХ залгамж халаатайгаар бодлогоо үргэлжлүүлдэг байх нь хөрөнгө оруулалтыг татах таатай хөрс нь болдог. Ер нь эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын бодлогод нөлөөлж байгаа гадаад хүчин зүйл нь улс төрийн нөхцөл байдал гэж ойлгож болно. Тэгэхээр улс төрийн болон бодлогын тогтвортой байдал эдийн засгийн өсөлтийг хангах суурь үндсэн зарчим болно.

Залгамж халаа гэдэг бол процессийн алдаагүй, давхардалгүй ажиллахыг хэлнэ. Энэ нь төрийн байгууллагаас эхлээд бизнесийн орчинд ч хамаатай асуудал. Тиймээс бодлого тодорхойлохдоо чиг үүргийн хувьд хоосон орон зай үүсгэдэггүй байхад анхаарах хэрэгтэй. Үүнд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан төрийн бүтээмжийн бодлого гарц, шийдлийг харуулж, үлгэрлэнэ. Нөгөөтэйгүүр чиг үүргийн хувьд давхардал, хийдэл үүсэх, бодлогын уялдаагүй байх нь бүтээмжтэй шууд холбоотой. Аль ч салбарт үр ашиг, өгөөжийг бий болгохын тулд бүтээмжид анхаарлаа хандуулах ёстой. Үүний тулд ямар сул болон давуу тал байгаа вэ гэдгээ эхлээд тодорхойлох учиртай. Бүтээмжийн өсөлтийг хангахын тулд сул талаа хааж, давуу талаа өнгөлснөөр илүү үр өгөөж, ашиг хүртэх юм. Төрийн бодлого хийгээд үйлдвэр аж ахуйн газрын хувьд аль болох хийдэл, давхардал, залгамж халаагүй байдлыг халахын зэрэгцээ уялдаа холбоог хангасан, ажлын чиг үүргийн системийг цахимжуулж, хиймэл оюун ухаанд түшиглэх нь дээрх байдлыг халах боломжийг бүрдүүлнэ.

Монгол Улс үйлдвэрлэгч орон болохын тулд том зургаар нь харвал гадаад зах зээл рүү гарах арга замыг эрэлхийлэх ёстой. Дотоодын зах зээл дээр өрсөлдөхөөс илүүтэй гадаад тал руугаа гарахыг эрмэлзэн масс үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгч орон болохын тулд нэгж бүтээгдэхүүнээс массын үйлдвэрлэлд шилжих ёстой гэсэн үг. Одоогоор үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих тухай ярьж байгаа ч импортын бараатай өрсөлдөх чадвар сул байна. Энэ нь нэгж бүтээгдэхүүний зардал өндөр байгаатай шууд холбоотой. Нөгөөтэйгүүр түүхий эд, материалыг импортоор авч байна. Энэ мэтчилэн хямд өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал байгаа юм. Тэгэхээр хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд дотоодын зах зээлээс илүүтэй гадаад зах зээл рүү гаргахын тулд зорьж ажиллах хэрэгтэй. Мэдээж газарзүйн онцлог байдлаас үүдэн гадагшаа борлуулах асуудал тулгардаг. Үүнийг орчин цагт цахим платформ хөгжүүлэх замаар шийдвэрлэх боломж бий. Өөрөөр хэлбэл, цахим шилжилт, цахим хөгжлийн асуудлыг илүү далайцтай ярьж, хэрэгжүүлснээр гадаад худалдаагаа хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж харж байна. Хэрэв монголчууд үйлдвэрлэлээ хөгжүүлж бүтээгдэхүүн борлуулах зах зээлээ тэлэхийг зорьж байгаа бол цахим хөгжлийг ашиглах нь нэг гарц. Нөгөөтэйгүүр Цахим хөгжлийн яамтай болсноор мэдээ мэдээлэл шилэн болж байгаа нь бизнес эрхлэгчид бодит мэдээ мэдээлэл, тоон статистик дээр үндэслэн стратеги төлөвлөгөө, хөгжлийн бодлогоо урт хугацаанд тодорхойлж хөгжих боломжтой хэмээн харж байна.

 

ХҮЙСИЙН ТЭГШ БАЙДАЛ БА БОЛОВСРОЛ

 

-Эрх тэгш байдал гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай зүйл биш. Жендерийн тухай асуудлыг хөндөх ёстой юм. Зах зээлийн нийгэмд шилжих үед эрэгтэй хүүхдийн, эрчүүдийн боловсролыг хойш тавьж ирсэн. Хүмүүсийн хамгийн сайн мэдэх нь “Эрэгтэй юм яах вэ ачигч, жолооч хийгээд амьдарчихна. Охиноо л сургууль, номтой болгоё” гэдэг “давалгаа” явсан. Энэ нь одоогийн хүн амын дундах боловсролын түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байгаагаар илэрхийлэгдэнэ. Ингэснээр гүйцэтгэх түвшин тэр дундаа нийгмийн  салбарт эмэгтэйчүүдийн оролцоо чамлахааргүй байна. Харин шийдвэр гаргах түвшинд гүйцэтгэх шатныхтай харьцуулахад харьцангүй бага байгаа юм. Энэ нь шийдвэр гаргах түвшинд жендерийн мэдрэмж багатай бодлого шийдвэр гарч байгаагаас  жендерийн асуудал үүсч байна уу гэж хардаг. Тэгэхээр шийдвэр гаргах түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангаснаар гаргаж байгаа бодлого, шийдвэр хэрэгжих шатандаа илүү хүний эрхийг хангасан, жендерийн мэдрэмжтэй шийдвэр болох юм.

Саяхан манай улсад Ази, Номхон далайн бүс нутгуудийн эмэгтэй эрдэмтэн, инженер, математикчдын XIII дахь удаагийн уулзалт зохион байгуулагдсан. Энд жендерийн эрх тэгш байдлыг хиймэл оюун ухаантай хэрхэн хослуулан хөгжүүлэх вэ гэдэг асуудлыг хөндөж, ярилцсан. Жишээлбэл, сувилагч гэдэг мэргэжлийн тухай ярихад “She” гэх эмэгтэй гэдэг үгээр илэрхийлэгдэж байна. Тэгтэл хиймэл оюун ухааныг эрэгтэйчүүд голдуу хөгжүүлж байгаа юм. Тэгэхээр шинжлэх ухаан, технологийн салбарт жендерийн  тэгш байдлыг хангахад анхаарал хандуулах шаардлага тулгарч байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, мэргэжил сонголт, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхээс эхлээд хүйсийн тэгш байдлыг хангаж ажиллах нь чухал юм. Мэдээж үүнд эмэгтэйчүүд хэрхэн оролцож байгаагаар эмэгтэйчүүдийн манлайлал харагдах болов уу.

Цаашилбал, боловсон хүчний бодлого улс орны хувьд хамгийн чухал. Үүнийг үе шаттайгаар бэлдэх хэрэгтэй гэж хардаг. Цаашид боловсролын системд өөрчлөлт оруулж, салбарын төр захиргааны байгууллагууд нь бодлогоо зөв тодорхойлж явах учиртай юм. Өөрөөр хэлбэл, аливаа ажлыг хүн мэргэшсэн ур чадвараасаа гадна хандлага, хувь хүний төлөвшлөөр илүү үр дүнтэй хийдэг гэдгийг өнгөрсөн хугацаанд харж байна. Манай улсын хувьд суурь боловсролын тогтолцоонд шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарч байна гэж боддог. Үнэн хэрэгтээ монголчууд дэлхийн хүн бэлдэж байж дэлхийтэй өрсөлдөх түвшинд хүрнэ шүү дээ.

БЛИЦ

Төгссөн сургууль, мэргэжил:

2003 онд Хөдөө, аж ахуйн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй,

2009 онд Удирдлагын академийг удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгсөж,

2007 онд Хөдөө, аж ахуйн их сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.      

2011 онд Мэргэшсэн нягтлан бодогч.

2017 онд Татварын мэргэшсэн зөвлөх

Мэргэжил дээшлүүлэлт:

2005 онд Сангийн яамны санхүүгийн тайлагналын олон улсын стандарт,

2005, 2006 онд Дэлхийн банкны “Төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг чадавхжуулах” төсөлд улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт,

2017 онд Компанийн засаглалын,

2018 онд Австрали Улсын Сидней хотод нягтлан бодох бүртгэлийн сургалтад тус тус хамрагдан мэргэжил дээшлүүлсэн.

2020 онд ХААИС-д Бизнесийн удирдлагын доктор / Ph.D /-ын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

2003-2013 онд Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт санхүүгийн хяналтын улсын байцаагч, улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга,

2013 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт улсын ахлах байцаагч,2014-2016 онд “Сод монгол групп” ХХК-д Орхон салбарын дарга, группийн худалдаа эрхэлсэн дэд захирал,

2017 оноос Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан зөвлөх,

2019 оны дөрөвдүгээр сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын  Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор томилогдон ажиллаж байгаад,

2022 оны тавдугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 139 (7124)

 

Ж.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг дуудаж байна

Ж.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг дуудаж байна

7 цаг 25 мин
"Г.Батбаяр агсны машинаас гэрээслэл, бичиг баримт олдоогүй"

"Г.Батбаяр агсны машинаас гэрээслэл, бичиг баримт олдоогүй"

7 цаг 30 мин
Элчин сайдын яамдаас мэдээлж байна

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Барилга хот байгуулалтын Яам хамтран “

14 цаг 50 мин
“Хамтын эрэн сурвалжилга” Үндэсний тэтгэлэгт хөтөлбөр эхэллээ

Хэвлэлийн Хүрээлэнгээс сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, иргэний нийгмийн байгууллагуудад чиг

15 цаг 0 мин
“...Сонгуулийн санхүүжилт” гэсэн банк дахь доллар, чингэлэгтэй юанийг СМА юу гэдэг вэ?!

2024.3.26. Цахим сүлжээнд “…Хятадаас тус улсын мөнгөн тэмдэгтээр дүүргэ

15 цаг 0 мин
Шүүхийн нотолсон “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийг нууцаас гаргах уу

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрү

15 цаг 5 мин
Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 28-нд “Генерал цолны 80 жилийн ой”-г тохиолдуулаад

15 цаг 10 мин
Монгол Улс ардчилалд ээлтэй эдийн засгийн бүтцээр хөгжих ёстой

 “Монгол Улс-Ардчиллын Баян бүрд” олон улсын хурлаар “Монголд тулгамдаж б

15 цаг 15 мин
Н.Наранцэцэг: Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах үүрэгтэй

​​​​​​​Сонгогчдын нэрийн жагсаалтын талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжил

15 цаг 20 мин
126 гишүүнийг ингэж “дэглэнэ”

Монгол Улсын парламент ирэх зургадугаар сард болох сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй болно.

15 цаг 25 мин