"Төрийн гурван өндөрлөг манлайлаад, ард түмнээрээ Шинэ Үндсэн хуулиа хэлэлцүүлээд батлуулах хэрэгтэй"

2023-03-14
Нийтэлсэн: Админ
 22 мин унших

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын “ТВ-9” телевизэд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

ГУРАВДУГААР ХЭСЭГ

-Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийгмийн чиг баримжаатай улс гэж тусгасан байна. Одоогийн Үндсэн хуульд хүмүүнлэг ардчилсан улс гэж бай­гаа. Тэгэхээр нийгмийн чиг барим­жаатай улс хүмүүнлэг ард­чилсан улсаас ямар ялгаатай байх вэ?
-Одоогийн Үндсэн хуульд заасан “хүмүүнлэг ардчилсан” гэдэг зарчим нь “нийгмийн чиг баримжаатай улс орон” дотор орчихсон байгаа. Тэгэхдээ нийгмийн чиг баримжаатай улс орон гэдэг энэ ойлголт хүмүүнлэг ардчилсан нийгмийг дотроо багтаахаас гадна тодорхой онол дээр үндэслэсэн маш тодорхой нэр томьёо юм. Түүхийг харвал  ХIХ зуунд Европт үүссэн гэж ингэж үздэг. Тодруулбал, Герман улсад үүссэн гэж ингэж үздэг. Тэр үед харгис гэх юм уу, үгүй бол зэрлэг капитализм гэдэг нэр томьёо хэрэглэдэг байсан. Зэрлэг капитализм, харгис капитализм Англид нэлээд эрчимтэй хөгжөөд татварын шорон хүртэл байгуулагдсан. Гэсэн ч  зэрлэг капитализм, харгис капитализм нийгмийн бүх асуудлыг шийдэж чадахгүй нь ээ гэж үзсэн. Яагаад гэвэл хүн төрөлхтөн амьдрахад хүссэн хүсээгүй эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээсээ арай сул дорой байдаг, бие бялдрын хувьд шүү дээ. Оюун ухааны хувьд бол биш. Ахмад настнууд бас тодорхой хэмжээний арчилгаа шаардана. Хүүхдүүд сургууль соёлтой болтлоо хүмүүсийн арчилгааг шаардана,  хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж бас байна. Хотоос гадна хөдөөгийн иргэд гэж байна. Энэ  мэтээр янз янзын нийгмийн давхаргууд зэрлэг капитализмын харилцааны үед буюу энэ харилцаа дангаараа ноёлж байгаа үед их хохирдог. Тэд нарыгаа ийш тийшээ нүүлгээд аваачиж болохгүй, улс орноосоо хөөгөөд явуулчихаж болохгүй, тэд нартайгаа хамт л амьдрах ёстой шүү дээ. Тиймээс эрдэмтэн судлаачид ярилцаж байгаад нийгмийн чиг баримжаатай улс орон байж энэ нийгэм өөрөө бүхэлдээ хождог гэдгийг олж тогтоосон. Энэ тогтолцоо илүү эв нэгдэл, нийгмийн найрсаг харилцаанд тулгуурласан нийгэм болгож болох юм гэж үзсэн. Гол зарчим нь иргэдийнхээ эрүүл мэндийн асуудлыг шийддэг болъё гэдэг асуудалтай шууд холбогдсон. 
Мөн энэ ойлголт цаашаагаа явсаар сургууль үнэгүй байх ёстой юм байна. Эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй байх ёстой юм байна. Ахмадуудад тэтгэвэр нь хангалттай хүрдэг байх ёстой юм байна.  

Түүнчлэн хүн долоо хоногтоо 35 цаг ажиллах ёстой юм байна. Энэ дагуу нийгэм хөгжих тусам аливаа зөрчилгүй,  хүүхэд нь хохирдоггүй, ахмадууд нь золиослогддоггүй, эмэгтэйчүүд нь хаягддаггүй, орхигддоггүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь мартагддаггүй, ийм цогц нийгэм болж хөгжиж чадна. 
Харамсалтай нь, манайх нийгмийн чиг баримжаа хөгжлийн онол дээр тулгуурлаж улс орноо байгуулаагүй учраас  ахмадууд маань хаягдчихлаа. Залуучууд гээгдчихлээ, хүүхдүүд орхигдчихлоо гэх зэрэг шүүмжлэл гараад байгаа шүү дээ. Бусад улс орнууд нийгмийн чиг баримжаатай улс орон  гэдгээ өөрсдөө зарлаад, Үндсэн хуульдаа суулгаж батлаад маш амжилттай хөгжиж байна. Жишээлбэл, ХБНГУ. Тэнд дээд боловсрол үнэгүй. Голланд, Англи хоёрыг капитализмыг үүсгэсэн орон гэж ярьдаг. Гэсэн ч Англи одоо нийгмийн чиг баримжаатай улс орон болон хөгжиж байна. Мөн Канад, Скандинавын орнууд, Норвеги, Дани, Швед, Финлянд, Энэтхэг гээд дэлхийд хамгийн хөгжилтэй л гэж хэлж болохоор орнууд бүгд нийгмийн чиг баримжаатай улс орон. Тэгэхлээр Монгол Улс хэн нэгнийгээ гээж, орхиж, хаяж, мартаж, дээрэлхэж, доромжилж хөгжихгүй. Тийм учраас хөгжихийн тулд бид эмэгтэйчүүдтэйгээ, аав ээжтэйгээ, өвөө эмээтэйгээ, хүүхдүүдтэйгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэйгээ хамт хөгжинө.


-Сонгох сонгогдох эрхийг Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэрхэн тусгаж өгсөн бэ?
-Ардчиллын төлөө зөвхөн намууд, эсхүл ямар нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагууд, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын холбоо ч юм уу, ямар нэгэн байгууллага санаа зовдог, тэрний төлөө хөөцөлддөг байгаад баталгаагүй юм байна. Яагаад гэвэл иргэд өөрсдөө ардчиллынхаа төлөө, иргэн бүр ардчилал, ардчилсан тогтолцооныхоо төлөө хариуцлага үүрэх ёстой. 
Энэ ардчилал бол нэг талдаа эрх, эрх мэдэл, нөгөө талдаа үүрэг, хариуцлага байж ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжинэ.  Харин бид тэрийг тэр болгон анзаардаггүй, үүргээ мартдаг. Ийм байж болохгүй. Тийм учраас сонгуульд иргэн бүр оролцож сонгох эрхээ эдэлж өөрөө саналаа өгснөөрөө төр засгийг эмхлэн байгуулах үйл ажиллагаанд оролцох бололцоотой, бүр үүрэгтэй гэж ингэж туссан байгаа юм.  Үүнийг хэрэгжүүлэх нөхцөл байдлыг нь бүрдүүлж өгөх ёстой.
Шударга сонгууль өөрөө ард түмний саналын сайн тусгал болохын тулд яах ёстой вэ гэхээр сонгуулийн санхүүжилтийн асуудал маш чухал. Энэ Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгыг олон намууд оролцож хийсэн. Сонгуулийн санхүүжилттэй холбоотой асуудал дээр Монголын Уламжлалын Нэгдсэн Нам маш тодорхой санал хэлж идэвхтэй ажилласан. Тэр нь сонгуулийн санхүүжилт одоогийнх шиг байвал, баян хүн, баялгийн эзэн хүн, уул уурхайтай хүн, архины үйлдвэртэй хүн, том дэлгүүрийн сүлжээтэй, барилгын компанитай хүн яагаад мөнгөөр зодож сонгогдоод байгааг сонгогчид тэр болгон сайн анзаардаггүй. Өнөөдөр тогтолцоо тийм учраас тэр мөнгөтэй хүмүүс гарч байгаа нь тэдний буруу биш. Гэхдээ мөнгөгүй мөртлөө эрдэм боловсрол сайнтай, шударга хүн сонгуульд өрсөлдөөд баян хүнд ялагдчихаж байна. Баян хүн сонгогчдод мөнгө тарааж байна. Идээ будаа тарааж байна. Наадам хийж өгч, мотоцикл өгч байна. Маш том баг ажиллуулж чадаж байна. Бараг айл болгоны гэрийн эзнийг, эзэгтэйг нь өөрийнхөө цалинтай ухуулагч болгож чадаж байна. Тэр айл мэдээж цалин олгосон хүндээ л саналаа өгч байна. Харин мөнгөгүй хүн гутлынхаа улыг эргэтэл яваад яваад тэр айл руу орж чадахгүй, за орлоо гэхэд тэр айл сонсохгүй, за сонслоо гэхэд дэмжихгүй. Ийм л гажуудал үүссэн.  Үүнийг засах хоёр арга бий. Нэг нь хувь хүн өөрөө мөнгөө гаргаад явах.  Гэхдээ энэ бол зөв шийдэл биш байна. Хэрэв хувь хүн өөрийнхөө мөнгөөр сонгуульд оролцоод санхүүжилтээ хариуцаад явах юм бол олигархи төр бий болох гол үндэс болно. Тэгэхээр өнөөдрийн Үндсэн хууль энэ асуудлыг дутуу орхисон байна, тодорхой болгож чадаагүй байна. Сонгууль өөрөө мөнгөтэй хүмүүсийн тоглодог тоглоом болсон. Олон оронд асуудал ийм байна. Зөвхөн Монголд ч биш. Тэгээд энэ шүүмжлэлийг бид сонсоод дүлий юм шиг, огт сонсоогүй царайлаад суугаад байж болохгүй. Дэлхий үүнийг засахын төлөө ажиллаж байна. 
Дараагийн нэг арга нь сонгуулийн санхүүжилтийг төсвөөс санхүүжүүлэх арга. Үүнийг зарим хүмүүс тэр Их Хурлын гишүүн болох гэж байгаа хүн өөрөө мөнгөө гаргана биз гэх байх. Гэтэл бид юу байгуулж байгаа билээ. Тэр хүн хаашаа гарах гээд байгаа билээ. Монгол Улсын төр лүү тэр хүн орох гээд байна шүү дээ. УИХ руу орох гэж байна, Засгийн газар руу, шүүх рүү орох гэж байна. Та бидний амьдралын өдөр тутмын асуудлыг шийддэг, бодлого гаргадаг, хууль гаргадаг, тогтоол гаргадаг, хэрэгжүүлдэг байгууллага руу тэр хүн орох гэж байгаа байхгүй юу.


Тэгэхээр  бид энэ асуудалд хайнга хандаж болохгүй. Миний хувь заяа, миний хүүхдийн хувь заяа, миний хүүхдийн сургуулийн хувь заяа, миний бизнес хийх асуудлыг, татварын асуудлыг, миний аав, ээжийн тэтгэврийн асуудлыг, миний хань ижлийн эмнэлгийн асуудлыг шийдэх гэж байгаа хүмүүсийг өөрсдийнхөө мөнгөөр сонгогдчих, тэгээд миний төлөө зүтгэ гэж хэлэх боломжгүй болно. Тэр хүн өөрийнхөө мөнгөөр сонгогдсон бол өөрийнхөө л төлөө ажиллана. Эсвэл нэг баян хүний мөнгийг аваад сонгуульд оролцоод сонгогдсон  бол тэр баян хүнийхээ төлөө ажиллана шүү дээ. Харин одоо бид тийм гэнэн байж болохгүй. Хэн мөнгө өгч байна тэр хүн тоглох хөгжмийг захиалдаг гэсэн үг байдаг. Тэрэнтэй адилхан хэнээс сонгуулийн санхүүжилт гарч байна тэрний төлөө төр засаг ажиллана гэдгийг ойлгох цаг болсон. Энэ утгаараа хувь хүн өөрийн мөнгөөр, эсхүл баян хүний мөнгөөр ямар нэгэн хүн нэр дэвшиж сонгогдож байна гэдэг бол төр өөрөө тэр компанийн, тэр хүний хувийн өмч болчихсон гэсэн үг. Төр хувьчлагдчихсан байна гэсэн үг. Сонгуулиар дамжаад, сонгуулийн санхүүжилтээр дамжаад төр хувьчлагдчихсан байхгүй юу. Тэгээд хувьчилж авсан хүмүүсийнхээ төлөө ажиллахад нь та бид уурлаад байна шүү дээ. Яагаад чи тэр компанид тендер өгөөд байгаа юм.  Яагаад тэрэнд концесс өгөөд байгаа юм, яагаад тэр өмч хувьчлалаар тэр хүнд эд хөрөнгө өгчихөв. Аргагүй шүү дээ. Хэн сонгуулийнх нь кампанит ажлын мөнгийг гаргасан юм. Мөнгө зарсан хүн мөнгөө буцааж олохын тулд би тендер авна, би концесс авна, би энэ өмч хувьчлалд орж давуу эрхээрээ энэ өмчийг авна гэнэ биздээ. Тэгээд бүр шилж сонгож авч байна шүү дээ. Ард түмэн одоо ийм гэнэн байх хэрэггүй ээ. 


Ард түмэн минь. Сонгуулийг өөрсдийнхөө татвараар санхүүжүүлж, тэр сонгогдсон хүнээ хэн нэгний мөнгөөр биш, бидний мөнгөөр сонгогдсон учраас бидний төлөө ажилла. Чи хувьчлагдсан төрийн хүн биш, чи хувийн компанид үйлчлэх биш, надад, Доржид, Долгорт, нийт гурван сая 300 мянган монголчуудад үйлчилнэ шүү гэж ам бардам хэлэх эрхтэй байх хэрэгтэй. Эс тэгвээс 10 мянган  хүн гарын үсгээ зураад буцаагаад татдаг байх байдлаар хариуцлагын асуудлыг шийдэх ёстой юм.
Энэ тогтолцоо дэлхийн олон оронд, ялангуяа АНУ-д, Аризона муж гээд хэд хэдэн мужид амжилттай хэрэгжиж байна.  Одоо Монголд ингэх цаг болсон. 
Мөн энэ асуудалтай холбогдуулан намын санхүүжилтийн асуудал яригдаж байна.  Намууд зарим нь баян байна. Зарим нь ядуу байна. Тэгэхлээр намуудын санхүүжилтийн асуудлыг бас дээрхтэй адилхан шийддэг байна. Тухайлбал, Германд ард түмний итгэл, дэмжлэгийг авсан намыг сонгогчийн авсан саналыг нь үнэлээд санхүүжүүлж байна.  Чи ард түмнээс дэмжлэг авсан юм бол төсвийн мөнгө ав. Тэгээд энэ  мөнгөөрөө Фридрих Эбертийн сангаа байгуулна, санхүүжүүлнэ. Ардчиллын төлөө ажил. Ард түмнийхээ улс төрийн боловсрол мэдлэгийг дээшлүүлбэл цаана чинь фашизм төрөхгүй. Харгис дарангуйллын систем тогтож болохгүй. Тогтож болохгүйн гол баталгаа бол ард түмний оюун ухаан. Ард түмэн яагаад фашизм тогтож болохгүй, буцаж сэргэж болохгүй гэдгийг ойлгоно. Яагаад сонгууль шударга байх ёстой юм. Яагаад иргэн та эрхийнхээ хажуугаар үүрэг хүлээх ёстой юм гэдгийг төсвөөс авсан санхүүжүүлтээр дамжуулан сангийнхаа шугамаар идэвхтэй ажиллаж ойлгуул. Чи ямар ямар эрхтэйг нь ойлгуулна.


Харин ард түмний дэмжлэг авч чадаагүй намууд байвал санхүүжилт авахгүй гэсэн үг. Ингэж өрсөлдөөн нь шударга болох нь байна.
Одоо бид маргалдаад, эргэлзээд, цаг алдаад суухын оронд Үндсэн хуульдаа энэ зөв зарчмуудыг тусгая. Үүнийг эрх баригчдаас шаардаад ард нийтийн санал асуулгаар хэлэлцүүлэн дэмжүүлж, Үндсэн хуульдаа энэхүү өөрчлөлтүүдийг оруулах юм бол Монголын сонгууль шударга болно. Монголд хариуцлагатай намууд бий болно. Ард түмэн тэр намуудыг өөрсдөө санхүүжүүлж байгаа учраас хариуцлагатай байлгаж чадна. Албан тушаалтнууд ард түмнээсээ хараат байдалд байна. Ард түмнээсээ хараат байдал байна гэдэг чинь дээд зэргийн хариуцлагатай байна гэсэн үг. Ард түмнээсээ биш хувийн компаниас хараатай байна гэдэг чинь дээд зэргийн хариуцлагагүй байна гэсэн үг. Тэгэхээр та хариуцлагагүй хувийн компаниас шалтгаалсан төлөөлөгч парламентын гишүүнтэй баймаар байна уу үгүй юу гэдэг танаас шууд шалтгаалсан тогтолцоотой болох хэрэгтэй. Таны өмнө хариуцлага хүлээдэг гишүүнтэй байх уу. Шийдэх цаг болсон. 


-Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нутгийн өөрөө удирдах ёсны тухай хэрхэн яаж зааж өгсөн байгаа вэ. Өөрөө удирдах ёс ямар хэмжээнд хүрэх вэ?
-Ардчилсан оронд ард түмэн төр засгийн бүрэн эрхийн цорын ганц эх сурвалж нь мөн гэж бичсэн байдаг шүү дээ. Одоо үйлчилж байгаа Үндсэн хуульд засгийн эрх мэдэл ард түмэнд байгаа гэжээ. Тэр эрх мэдлийн эх сурвалж нь хэн юм бэ гэдгийг бичээгүй үлдээчихсэн. Энэ эрх мэдлийн эх сурвалж нь хэн бэ гэдгийг нь бичээгүй үлдээснээс болоод одоо ерөнхийдөө ямар ойлголт байдаг вэ? гэхлээр энэ дарга нараас эрх мэдэл эх сурвалжтай. Дарга нар өөртөө эрх мэдэл олгоно, тэр эрх мэдлийг эдэлнэ гэсэн ийм буруу тогтолцоо тогтчихоод тэрэнтэй санал нийлэхгүй байгаа ард түмэн энэ байдлыг шүүмжлээд байгаа байхгүй юу. Одоо бид өнөөгийн дарга нарыг шүүмжлээд хэрэггүй. Үндсэн хуульдаа “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага” гээд биччихсэн байгаа. Төрийн эрх барих дээд байгууллага учраас хяналтын гадна үлдчихсэн. Тэр их хурлын гишүүдийг муулаад нэмэргүй. Энэ бүхнийг Үндсэн хуулиа шинэчлэн өөрчилж баймааж сая өөрчилнө. 


Төр засгийн бүрэн эрх гэж агуу их эрх байна шүү дээ. Энэ дотор шүүх эрх мэдэл орж байна. Хууль тогтоох эрх мэдэл орж байна.  Гүйцэтгэх засаглалын буюу хууль хэрэгжүүлэх эрх мэдэл орж байна. Хүний эрхийн асуудлууд орж байна. Орон нутгийн эрх мэдлийн асуудал гээд энэ бүх эрх мэдэл чинь бүрэн эрхэд орж байгаа байхгүй юу. Төрийн эрх, төр засгийн бүрэн эрх гэдэг дотор энэ бүх эрх мэдэл орно, тэр бүрэн эрх хэнээс эх сурвалжтай юм гэхээр  ард түмнээсээ гэж байх ёстой. 
Ерөөсөө бүх дэлхийн улс төрийн шинжлэх ухаан өөрөө будилж будилж, хөгжиж хөгжиж, төөрч төөрч төр засгийн бүрэн эрхийн цорын ганц эх сурвалж нь ард түмэн мөн гэдгийг олж тогтоосон байхгүй юу. Цорын ганц эх сурвалж нь ард түмэн юм байна гэж тогтоосон байна шүү дээ. 
Энэ дагуу орон нутагт буюу ард түмэн өөрөө удирдах ёсныхоо дагуу өөрийнхөө асуудлыг шийднэ гэж байгаа юм. Мэдээж байгалийн баялаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг том том асуудлыг сумдаа, хороондоо, дүүрэгтээ шийдэх боломж байхгүй. Энэ бол төр засгийн хийх ёстой ажил. Хувийн хөрөнгө оруулалттай, гадаадын хөрөнгө оруулалттай төмөр зам, уул уурхайн төслүүд хэрэгжинэ. 


Тухайлбал, энэ жил манай сум хөгжихийн тулд яах ёстой билээ гэдгээ тэр сумын хүмүүс биднээс илүү мэднэ. Тэр сумаа өөрөө удирдах ёсны зарчмын дагуу удирдана. Улаанбаатар хотоос очоод чи тэгэх ёстой, ингэх ёсгүй гэж ингэж заагаад байх зохимжгүй. Тэгээд иргэд өөрсдөө асуудлаа шийдэх ёстой. Үүнийг одоогийн Үндсэн хуульд нутгийн өөрөө удирдах ёсыг, төвлөрүүлэн удирдах ёстой хослуулан хөгжүүлнэ гэжээ. Үнэн хэрэг дээрээ нутгийн өөрөө удирдах ёсыг байхгүй болгоод төр засгаас бүх хэрэгт нь оролцдог болсон байгаа. Түүнийгээ  дагаад бүх намууд орон нутагт бүүр баг дээр очоод байгуулагдчихсан. Улстөржилт баг дээр хүртэл явагддаг. Намууд өөрөө өөрийнхөө үзэл баримтлалаар Мөрийн хөтөлбөр боловсруулаад, тэр Мөрийн хөтөлбөрөө танилцуулаад сонгуульд өрсөлдөөд, тэгээд аль үзэл баримтлал нь тухайн үед ард түмний сэтгэл санаанд илүү нийцэж байна вэ, түүнийхээ дагуу сонгогдоод, олонхийн суудал авсан бол Засгийн газраа байгуулаад амласныгаа хэрэгжүүлдэг. Ийм бүтэц байх ёстой. Тэгтэл одоо харамсалтай нь нийгмээ хуваагаад, хагаралдуулаад тэгээд намын гишүүнчлэлээрээ дамжуулаад хамгийн доод шатандаа бид эв нэгдэлтэй байж чадахгүй улс төрийн хэрүүл маргаантай улс орон болчихсон байгаа юм. 
Сүүлийн 30 гаруй жил үүнийг засахаас өөр арга байхгүй гэж ярьж байгаа.  Засах арга нь өөрөө удирдах ёсоо хөгжүүлээч ээ. Тэнд одоо ямар нэгэн сайд очоод захирч загнаад байж болохгүй. Иргэд өөрсдөө бид өөрсдөө нутагтаа өөрөө удирдах ёсны дагуу сумаа ингэж хөгжүүлнэ. Хороогоо ингэж хөгжүүлнэ гэдэг ийм бодлого гаргадаг байх нь зөв. Өөрөө удирдах ёсоо сайн мэддэг, аль нэг намаар дамжуулж биш зүгээр хамгийн хүндтэй хүнээ иргэд өөрсдөө нийтийн хурлаасаа сонгоно. Энэ жилийн төлөвлөгөө ийм байна. Ингэж хэрэгжүүлнэ, хэрэв чадахгүй бол маргааш хуралдаад өөр хүнийг тавьчихна.  Намчирхддаггүй, хуваагддаггүй, хэрэлддэггүй, улстөрждөггүй ийм орон нутагтай байх хэрэгтэй. Мөн бүтцийг өөрөө удирдах ёсны дагуу бий болгох ёстой.  Европын орнууд энэ талаар маш хол алхчихсан байна. Европын Холбоо баримталдаг “Өөрөө удирдах ёсны Харти” байна. Хятад энэ асуудалд нэлээн идэвхтэй ажиллаж байна. Энэ асуудлыг судлаад үзэхэд  анхан шатны нэгж дээрээ өөрөө удирдах ёсыг сайн хөгжүүлж, дэмжиж байж, ард түмэн өөрөө төр засгийг удирдах, улс орноо удирдах, орон нутгаа удирдах хэрэгтэй. Өөрөө оролцох бололцоог нь хангаж өгөөч гэж байгаа юм.


-Шүүх байгууллагын хараат бус байдлыг хэрхэн тусгасан бэ. ҮХЦ-ийн эрх үүргийг Улсын дээд шүүхэд шилжүүлэхээр тусгаж оруулж өгсөн нь анхаарал татлаа?
-Шүүх эрх мэдэл гэдэг бол маш чухал эрх мэдэл. Шударга байгаа юу үгүй юу гэдэг асуудлыг эцсийн эцэст шүүх л ямар нэгэн байдлаар тогтоодог. Шүүхийн шийдвэр шударга бус байна гэж хүмүүс их бухимдаж байна. Энэ үнэн. Харамсалтай нь шүүх шударга биш байна. Үндсэн Хуулийн Цэц шударга биш байна. Тэд Үндсэн хуулийн зүйл, заалт Үндсэн хуультайгаа зөрчилдөж байгаа гэдэг шийдвэр гаргаад сууж байна шүү дээ. Дэлхийн улс оронд асуудал өөр байна. Үндсэн хууль өөрөө юунаас бүрддэг юм. Тодорхой зүйл, заалтаас бүрдэнэ. Тэгээд эргээд Үндсэн хууль өөрийнхөө зүйл заалттайгаа зөрчилдөнө гэдэг чинь үлгэрлэвэл миний гар хөлтэйгөө зөрчилдөж байна.  Миний нүд надтай, Энхбаяртай зөрчилдөнө гэдэгтэй адилхан сонсогдоно. 


Асуудал ийм байгаа учраас шударга ёс алга байна. Шударга шүүх алга байна.  Хараат байдалд орчихлоо харамсалтай нь. Гадаадад чинь муу хүн аливаа албан тушаал дээр очоод муу юм хийх гээд байвал энэ хууль зогсоож чадах уу гэдэгт хариулж байж тухайн хуулийг баталдаг. Манайд тийм шалгуур байхгүй учраас хууль гаргачихдаг тэрийг нь сайн хүн очвол сайн хэрэгжүүлдэг, муу хүн очвол хууль нь тэр байгууллагтайгаа хамт муу хүний өмнө буугаад өгчихдөг. Эсвэл тэр муу хүнд дээд зэргээр ашиглагддаг. Уг нь муу хүн ашиглаж чаддаггүй хууль баталж байж төр засаг өөрөө өөрийнхөө дархлааг бий болгоно. Мөн  ард түмнийхээ дархлааг, улс орныхоо дархлааг бий болгоно.


Шүүх эрх мэдлийг Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх гэж хувааж салгах хэрэггүй юм. Шүүх эрх мэдэл нэг л байгууллагад төвлөрөх ёстой. Үүнийг Шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгасан. АНУ-д Дээд шүүхэд нь Үндсэн хуулийн асуудал, иргэний асуудал аль аль нь төвлөрч байна. Тэнд Дээд шүүх нь аливаа асуудлыг шийдэж байна, харьцангуй шударга шийдэж байна. Яах вэ? тэнд ч улстөржилт бий л дээ. Аль ч оронд төгс төгөлдөр юм байхгүй, гэхдээ төгс төгөлдөр болгохын төлөө тэмүүлэх хэрэгтэй. 


Ардчилал өөрөө төгс төгөлдөр нийгмийн харилцаа руу зорьсон тэмүүлэл байгаа юм. Гэхдээ ардчилал төгс төгөлдөр ялчихлаа гэдэг юм байхгүй. Ардчилал чинь өөрөө зорилго, тэгсэн мөртлөө бас үйл явц, тэрэнд хүрэхдээ ардчилсан аргаар хүрэх ёстой. Хүн алж ардчиллыг тогтоохгүй, хүн хэлмэгдүүлж ардчилалыг тогтоохгүй, хулгай хийж ардчиллыг тогтоохгүй. Хулгай байна, хүн алж байна, шударга бус шүүх байна гэдэг чинь ардчилал байхгүй байгаагийн шинж, жишээ. Тийм учраас бид ардчиллыг баталгаажуулахын тулд шүүх шударга байгаасай гэдэг бол хамгийн том шаардлагын нэг.  Одоо шүүх яаж байгуулагдаад байгаа вэ гэхлээр УИХ-ын байгуулсан Шүүхийн Ерөнхий Зөвлөл судалж байгаад шүүгчдийн нэрсийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулан баталгаажуулж байгаа юм.


Шүүгч нартай хэн хариуцлага тооцох вэ гэхээр УИХ-аас байгуулсан Сахилгын хороо шүүгч нартай хариуцлага тооцож байгаа. Бид тэнгэрт амьдарч байгаа биш.  Саран дээр амьдарч байгаа биш, Монголдоо амьдарч байна. Бид бүгдээрээ энэ бүх болж байгаа үйл явцыг ямар нэгэн байдлаар мэдэж байна. Монгол хүн энэ бүхнийг шүүмжилж байна, тэр нь юун шүүмж байгаа вэ гэхлээр УИХ-д хэн нь олонх байна тэр хүмүүс тухайн цаг хугацаандаа Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүдийг тавиад байна. Сахилгын Хороны гишүүдийг, Цэцийн гишүүдийг, Дээд шүүхийн гишүүдийг томилоод байна. Тэгээд тэд нар нь луйвар булхайг шийддэггүй, цаг алддаг. Ард түмэн жагсаад байдаг. Төр засгийнг зарим байгууллага, албан тушаалтан шийдээсэй гэж боддог, шүүх засаглал нь энийг шийдэж өгдөггүй. Бид энэ асуудлыг  Шинэ Үндсэн хуулийн төсөлд яаж тусгасан бэ? гэхлээр Шүүхийн Ерөнхий Зөвлөлийг УИХ-аас байгуулахгүй. Ард түмэн шууд өөрөө сонгож байгуулна. Тус зөвлөлд 21 хүн байна, та санлаа өгөөд сонгочих. Тэр 21 хүн танаас сонгогдчихсон юм чинь өөр хэний ч хараанд орохгүй зөвхөн ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээж шударга ажиллах ёстой болно. Тэгээд Шүүхийн Ерөнхий Зөвлөл шударга зарчмыг баримтлан тэр шүүгч томилох ажлыг хийнэ.  Ард түмнээсээ сонгогдсон ШЕЗ хэний ч хараат бус байна. ШЕЗ шударга шүүгчийг олж томилж чадна. Тэр ШЕЗ-өөс томилогдсон шүүгч хэн нэгэн Ерөнхийлөгчөөс, Их Хурлаас хараат биш байж чадна. Ийм байдлаар шүүхийг ажиллуулъя гэж байгаа юм. 


Шүүгч муу ажиллавал яах вэ яаж тэрэнтэй хариуцлага тооцох вэ, тэрийг бас бодох ёстой. Төсөлд энэ ажлыг Хүний Эрхийн Дээд Зөвлөлд хариуцуулсан байгаа.
Мөн дараагийн нэг шинэчлэлийн асуудал нь Хүний Эрхийн Дээд Зөвлөлийн статусыг нэмэгдүүлээд, дөрөв дэх засаглалын хэмжээнд аваачих хэрэгтэй гэж үзсэн. Тэгээд бусдыгаа хянадаг, бусадтайгаа эн тэнцвэртэй байдаг байдлыг  Үндсэн хуульдаа тусгаж өгье. Тэгээд Хүний Эрхийн Дээд Зөвлөлийг ард түмнээсээ сонгоод, шүүгч хүний эрхийг зөрчсөн тохиолдолд халах шийдвэрийг гаргах эрхтэй болгоё гэж тусгасан. Ингээд шүүгч өөрөө томилогдохдоо хараат бусаар томилогдон ажиллана, харин муу ажилласан бол ажлаа өгдөг байхаар тусгаж, шүүх шударга ажиллах бүх нөхцлийг хангасан зохицуулалтыг тусгасан. 
Тэгээд шүүх өөрөө Үндсэн хууль зөрчсөн эсэхтэй холбоотой асуудлыг шийднэ. Үндсэн хуулийн зүйл, заалт, цэг таслал, утга агуулга, зарчим энэ бүхнийг харгалзан байж Үндсэн хуулийг зөрчсөн байна уу, үгүй юу гэдгийг шийднэ. Ийм асуудлыг өөрөө санаачлан авч шийдэж болно. 


Одоо Үндсэн Хуулийн Цэц бол Үндсэн хуулийг зөрчиж үү үгүй юу гэдгийг авч хэлэлцэхдээ УИХ-ын хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол гурвыг л авч хэлэлцдэг шүү дээ. Тэгээд дээр нь Үндсэн хуулийн цэц бол өөрөө асуудал санаачилж хэлэлцдэггүй. Гагцхүү иргэн гомдол гаргавал сая нэг хөдөлдөг.
Шинэ төсөлд шүүх эрх мэдлийг Дээд шүүх дээрээ төвлөрүүлээд, Дээд шүүхийн гишүүнийг томилохдоо ард түмнээс сонгогдсон ШЕЗөвлөл хараат бусаар томилоод, хүний эрх, эрх чөлөөг нь ард түмнээсээ сонгогдсон Хүний Эрхийн Дээд Зөвлөл нь хариуцан ажиллах хэрэгтэй гэж зохицуулсан. Шүүгчидтэй хариуцлага тооцдог механизмыг оруулаад шүүх жинхэнэ ёсоороо хүний эрхийг дээдэлдэг, Үндсэн хуулиа дээдэлдэг, дээр нь хэнээс ч хараат бус шударга ажилладаг байгууллага болох ёстой.  Үүнийг Шинэ Үндсэн хуулийн төсөлд нарийвчлан бичсэн. 


-Та Үндсэн хуулийг зөвлөлдөх санал асуулгаар биш бүх нийтийн ард нийтийн саналаар баталдаг гэж ярьсан. Тэгэхээр бүх нийтийн ард түмний саналаар Үндсэн хуулийг баталлаа гэхэд хэзээ, хэрхэн, яаж өөрчлөх вэ гэдэг асуудал дээр хариулж өгөөч?
-Ажлын хэсэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт Үндсэн хуулийнхаа шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан байгаа.  Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлээд алдаа дутагдал байвал засаад ард түмнээрээ хэлэлцүүлж батлах ийм хүсэлт тавьсан.  Энэ өөрчлөлтийг ард түмэн л хэлэлцэн эцэслэн шийдвэрлэж хийх ёстой. Ямар нэгэн Зөвлөлдөх зөвлөл, ямар нэгэн нэр томьёо өгсөн, тодотголтой болсон байгууллага үүнийг хийхэд учир дутагдалтай. Тийм учраас ард түмнээр хэлэлцэж шийдвэрлэх ёстой. 


Ерөнхий сайд захирамж гаргаж энэ ажлын хэсгийн байгуулсан. Энэ бол  эр зориг юм. Үүний цаана нийгмээ шинэчилье гэж бодсон хүсэл эрмэлзлэл байна. Улс төрийн намуудтай бас ажиллаж чадаж байна шүү дээ. Улс төрийн намууд тус тусдаа Үндсэн хуулийн төсөл боловсруулсан юм бол та тэр төслүүдийг нэгтгэх ажлыг ахлаад ажиллаач гэсэн санал тавьсан. УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хууль нь Энэтхэгийн хөтөлбөрийн Үндсэн хуультай адилхан байвал зүгээр гэж ярьдаг.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр танхимтай парламенттай болж нэг нь нөгөөгөө хянахгүй бол УИХ өөрөө өөрийгөө хянаж чадахгүй байна. Тэгээд хариуцлагагүй тогтолцоотой болчихоод байна.  Ийм саналыг ярьдаг. 
Тэгээд одоо энэ гурван хүн маань дэмжээд, манлайлаад, ард түмнээрээ шинэ төслийг хэлэлцүүлээд батлуулах хэрэгтэй байна. Шинэ Үндсэн хуультай болно гэж үнэхээр итгэж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 52 (7037)

Мөрийн хөтөлбөртөө хүний эрхийн асуудлыг тусгахыг зөвлөжээ

Мөрийн хөтөлбөртөө хүний эрхийн асуудлыг тусгахыг зөвлөжээ

Өчигдөр 13 цаг 15 мин
Т.Баярхүү: Төмөр, цагаан зудтай малчин өрхүүдэд л хүнсний тусламж үзүүлнэ

Т.Баярхүү: Төмөр, цагаан зудтай малчин өрхүүдэд л хүнсний тусламж үзүүлнэ

Өчигдөр 13 цаг 09 мин
Ч.Отгочулууг гэм буруугүйд тооцож, хэргийг цагаатгажээ

Ч.Отгочулууг гэм буруугүйд тооцож, хэргийг цагаатгажээ

Өчигдөр 13 цаг 04 мин
МАН жагсаалтдаа багш , малчдын төлөөллийг оруулахаар ярьжээ

МАН жагсаалтдаа багш нар малчдын төлөөллийг оруулахаар ярьжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Эвлэрлийн гэрээ байгуулсан бол анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй

Энэ удаагийн “Хууль, эрх зүй” буландаа шүүхээр шийдвэрлэсэн нэгэн кейсийг хүргэ

Өчигдөр 07 цаг 15 мин
76 -г 5.9, харин 126 нэр дэвшигчийг 6.4 тэрбумаар сурталчилна

Монгол Улс түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй болно. Ингэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 78-ийг нь м

Өчигдөр 07 цаг 10 мин
Ажиглагч бүртгүүлэх, үнэмлэх олгох

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэг

Өчигдөр 07 цаг 05 мин
Хаврын чуулганаар авлигын эсрэг ямар хуулиуд батлах вэ?

УИХ-ын хаврын чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийнэ.   Сонгуулийн өмнөх чуул

Өчигдөр 07 цаг 00 мин
Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим систем нээлтээ хийлээ

Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим систем нээлтээ хийлээ

Уржигдар 15 цаг 46 мин
Дөрвөн жилд нэг удаа төрсөн өдрөө тэмдэглэдэг бүх хүмүүстээ төрсөн өдрийн мэнд хүргэе

 “Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа хоёрдугаар сарын 29-нд төрсөн өдөр нь тохиож буй Монгол Улсын бүх иргэнийг онцлон төрсөн өдрийн мэнд хүргэж байна.

Уржигдар 11 цаг 57 мин