Технологийн шийдлээр дэлхийг өөрчлөх боломж бүгдэд бий

2023-03-09
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

Хөвгүүд математик, физикийн хичээлд сайн,эрэгтэйчүүд л IT инженер болдог гэх ойлголт үеэ элээжээ. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд олон шинэ аппликэйшн бүтээж, старт-апп компаниуд байгуулах болсноор охид IT-г сонирхож эхэлснийг “Women in Tech Mongolia”-гийн оролцогчид тэмдэглэн ярилцаж байна. “Women in Tech Mongolia” буюу “Монголын технологийн салбар дахь эмэгтэйчүүд” чуулга уулзалт тав дахь жилдээ “Өөрчлөх цаг” уриан дор боллоо.
“Women in Tech” нь STEM буюу шинжлэх ухаан, технологид суурилсан салбарт тэгш оролцоог хангах, охид, эмэгтэйчүүд энэ салбарт ажиллаж, мэдээллийн технологийн тусламжтайгаар орлогоо нэмэгдүүлэхэд нь туслах зорилготойгоор 2018 онд байгуулагдсан дэлхийн хөдөлгөөн юм. Өнөөдрийн байдлаар тус хөдөлгөөн 50 гаруй улсад салбараа байгуулж, 250 мянга гаруй гишүүнтэй болжээ. Ийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдрөөр “Women in Tech” дэлхийн хөдөлгөөн 26 дахь салбараа Монгол Улсад албан ёсоор нээлээ. 


Үүний үр дүнд технологийн салбарт эрэгтэйчүүдтэй эн зэрэгцэн ажиллах эрхээ бүрэн дүүрэн эдлэх боломж эмэгтэйчүүдэд бүрдэх юм. Тодруулбал, 2030 он гэхэд таван сая охид, эмэгтэйг мэдээллийн технологийн салбарт ороход нь дэмжиж, эерэг нөлөө үзүүлэх зорилго тавин ажиллаж байгаагаа тус хөдөлгөөний үүсгэн байгуулагч Аюми Моори Аоки нээлтэд цахимаар оролцохдоо онцлов.


Харин “Women in Tech Mongolia”-гийн элч төлөөлөгч, Монголын Технологи шинжлэх ухааны эмэгтэйчүүд ТББ-ын ТУЗ-ийн дарга  Н.Энхсайхан “Манай улс уг хөдөлгөөнд нэгдсэнээр “Боловсрол, бизнес, цахим оролцоо, хамтын ажиллагаа” гэсэн дөрвөн үндсэн үйл ажиллагааны хүрээнд эмэгтэйчүүдийн чадварыг дээшлүүлж, нөлөөллийн ажил хийнэ. Жил бүр салбарын эмэгтэйчүүдийг онцлон урамшуулах, дэмжих, чадавхжуулснаар технологийн салбарт ажиллах эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд тустай. Ингэснээр Монгол Улсын технологийн салбарт хүйсийн тэнцвэрт байдал хангагдахын сацуу эмэгтэйчүүдийг дэмжин ажиллах олон төсөл хөтөлбөр зохион байгуулна” гэсэн юм.


ДЭЛХИЙД МОНГОЛЫГ СУРТАЛЧИЛСАН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ЭМЭГТЭЙЧҮҮД

Цахиурын хөндийд гарч, Монголыг дэлхийд таниулж яваа анхны компани “Erxes Inc” дөрвөн эмэгтэй гишүүнтэй анх байгуулагдаж байхад байгууллагын үйл ажиллагааны чиглэл, ирээдүй тодорхой бус байжээ. Гэсэн ч багийн гишүүдийн хамтын ажиллагаа, тасралтгүй зүтгэлийн дүнд 2018 онд гадаадын зах зээлд зориулж хийсэн “Эрксис” бүтээгдэхүүнийхээ анхны борлуулалтаа амжилттай хийжээ. Байгууллагад шаардлагатай, хамгийн сайн тохирох туршлагыг нэвтрүүлдэг нээлттэй платформ “Эрксис”-ийг одоо  дэлхийн 100 гаруй оронд 40 хэл дээр орчуулан өдөрт 25 мянга гаруй ААН, компани ашиглаж байгааг “Erxes Inc” компанийн хамтран үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Наран бахархал дүүрэн ярилаа.
Чуулганы үеэр “Momade”-гийн үүсгэн байгуулагч Л.Бадамцэцэг одоогийн бизнесээ босгохдоо 10 жилийн дотор долоон удаа дампуурсан хийгээд энэ хүнд цагийг хэрхэн даван туулсан түүхээ хуваалцав. Гэртээ хүүхдээ харангаа ажилладаг ээжүүдийн нэгдэл гэдгээр нь хүмүүс “Momade”-г маш сайн мэднэ. Тус нэгдлийн ээжүүд ур чадвар, мэдлэгээ ашиглан гэрээсээ ажилладаг. Тухайлбал, “Univision”-ы гадаад багцын кинонуудын орчуулгыг “Momade” нэгдлийн эмэгтэйчүүд орчуулдаг юм. Хоёр жилийн хугацаанд энэ нэгдлийн 270 эмэгтэй зайнаас ажиллаж 780 гаруй хувь хүн, албан байгууллагад 520 орчим сая төгрөгийн үйлчилгээ үзүүлжээ.
Л.Бадамцэцэг эмэгтэйчүүд өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж чадвал технологийн салбарт манлайлан, дэлхийн түвшинд ажиллах боломжтойг онцолсон юм. Тэрбээр “Таньтай адилхан эмэгтэй хүн эмэгтэйчүүдэд гэрээсээ орлого олох боломж олгож чадсан юм чинь та ч бас чадна. Зөвхөн өөрийнхөө төлөө биш бусдын төлөө хамтдаа өөрчлөгдөе” гэж уриалсан.

 

ТЕХНОЛОГИЙН САЛБАР ЯАГААД ЧУХАЛ ГЭЖ?

 Өмнө нь IT, EQ гэсэн оюун ухааны болон сэтгэл хөдлөлөө удирдах чадвар чухалд тооцогддог байсан. Харин сүүлийн жилүүдэд DQ буюу дижитал технологийг эзэмшиж, цахим орчны аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах чадвар, мэдлэгээр ажилтныг үнэлдэг болсон гэдгийг “IT Sight”ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Агиймаа тодотгосон юм. Түүний ярьснаар зарим их сургууль суралцагчийн технологитой харилцах ур чадвар буюу DQ-г шалган авдаг болсон байна.


“Нито” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал З.Уянга дижитал боловсролоо нэмэгдүүлснээр технологийн тусламжтайгаар эмэгтэйчүүд аливаа эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах боломжтойг онцлоод “Технологи бол хүн болон байгууллагын үйл ажиллагааг хурдавчилдаг их хүчтэй. Тухайлбал, metaverse орчинд  виртуал оффис нээн дэлхийн өнцөг булан бүрээс хоорондоо хамтарч ажиллах талаар хэдийнэ олон улс яриад эхэлжээ” гэсэн юм. 


Мөн “Sain Score” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Энхцацрал технологийн салбарыг код бичихээр хязгаарлах бус илүү өргөн хүрээнд ойлгож дижитал боловсролоо нэмэгдүүлж чадвал охидод боломж дүүрэн байгааг тодотгов. Харин менежерээс захирал болтлоо дэвшиж чадсан “Call Pro”ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Аягүль технологийн салбарыг сонгох нь ирээдүйд хамгийн их үр ашгаа өгнө гэдгийг бататгалаа.Технологийн дэвшлийг ашиглан хүн төрөлхтөнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн, дэлхийг өөрчлөх боломж хүн бүрдэн тэнцүү байгааг “Women in Tech”-ийн оролцогчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн юм. Эх дэлхийгээ “Өөрчлөх цаг” хэдийнэ иржээ, охидоо.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 49 (7034)

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

4 цаг 28 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

10 цаг 3 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

10 цаг 3 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

10 цаг 3 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

10 цаг 3 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

Өчигдөр 13 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин