Цахилгаан утас (телеграмма)

2023-02-27
Нийтэлсэн: Админ
 27 мин унших

 

ӨГҮҮЛЛЭГ


Намрын сүүл сард ховор үзэгдэх жихүүн хүйтэн болж, тэнгэр муудлаа. Байшингийн нимгэн банзан дээврүүд бороонд улам харлаж, цэцэрлэгийн сахлаг өвс ногоо нэлдээ ургац нь гүйцэж, налж ороолцолдоод, гагцхүү хашааны ёроолын ганц хэнз наранцэцэг л хараахан боловсорч гүйцээгүй тул үр нь унаагүй байв. 

Голын тэртээх нуга намгийн дээгүүр хөвсгөр үүлс залгалдан нүүж, нүцгэн уд бургасны оройг дайран өнгөрөхөд, бургаснаас борооны ус доош зогсолтгүй шивэрнэ. Зам харгуй явгаар ч, унаагаар ч нааш цааш зорчихын аргагүй боогоод, малчид мал сүргээ бэлчээрт нь гаргахаа болилоо. Малчны эвэр бүрээн дуу ирэх хавар болтол чимээ алдрах нь тэр. 


Катерина Петровнагийн тухайд өглөө бүр орноосоо дээшлэн босох, галлаагүй зуухнаас ханхлах гашуун утааны үнэр, тоосонд дарагдсан “Европын  мэдээ” сэтгүүл, ширээн дээрх өнгө алдаж шарласан хэдэн аяга, удтал угаагаагүй халуун тогоо, хананд өлгөөтэй зурагнууд гээд өрөө тасалгаан дахь дасал болсон бүхнээ нүдээр үзэх тамир тэнхэл нь улам л доройтсоор байлаа. Өрөө тасалгаа улам бүүдийн харанхуйлж, Катерина Петровна нулимс нь гоожимтгой, улцан болсноос ч тэр үү, эсвэл тэдгээр зураг цагийн эрхэнд өнгөө алдан бүдгэрээд, дотор нь юу байгаа нь ялгарч танигдахын эцэсгүй болжээ. Катерина Петровна энэ зураг эцгийнх нь хөрөг, харин энэ шармал хүрээтэй жижигхэн нь эцэгт нь Крамскийн бэлэглэсэн “Хилэн хүрэмтэй үл таних бүсгүй” нэртэй зурагны эх загвар гэж ой тойнд нь хоногшсоноор л санаж байлаа. 


Катерина Петровна, алдартай зураач эцгийнхээ босгосон эл хуучин байшинд насаа элээжээ. Насны нь нар хэвийсэн хойно зураач Петрбургээс гэдрэг буцаж, төрсөн тосгондоо харьж ирээд амар тайван суун, цэцэрлэгч болжээ. Гар нь салга болж, хараа нь муудан, нүд нь байн байн өвдөөд цаашдаа зурж чадахаа ч больсон байна.  
Зураачийн байшинг мужийн музей “Ховор нандин дурсгал”-д тооцон хамгаалалтдаа авсныг Катерина Петровна ярина. Гэтэл өөрийг нь, сүүлчийн эзнийг нь насан эцэслэхээр энэ байшин чухам хэрхэхийг Катерина Петровна үл мэднэ. Уран зургийн талаар, нийслэл хот Петрбургийн аж төрлийн тухай, эцэгтэйгээ Парист зусах үедээ Виктор Хьюгoг оршуулах ёслолыг үзсэнээ Катерина Петровнагийн хөөрөх хуучийг яриулж авах сөхөөтэй хүн Заборье хэмээх энэ тосгонд нэг ч байсангүй. 
Өдөр болгон гүйн орж ирж, худгаас ус дөхүүлж, шалыг нь шүүрдэж, халуун тогоог нь тавьж өгдөг, хамтралын гуталчин хөршийнхөө жаал охин Манюшкад энэ бүхнийг ярьж суултай биш дээ. Катерина Петровнад мөнгө алга, Манюшкагийн тус дэмийн хариуд өнгөө алдсан үрчгэр бээлий, тэмээн хяруулын өд, өнгөт шилэн шигтгээтэй хар бүрх малгай мэтхэнийг өгч, гарыг нь цайлгажээ. 


“Хуучин хувцас дэлгэчихсэн суудаг авгай биш дээ, наадахаар чинь би яах юм?” гээд Манюшка хоолой нь сөөнгөтөн, нусаа шорхийтэл татжээ. “Хонгор минь, наадуулаа зар даа, зарж л орхи” хэмээн Катерина Петровна хариу шивнэв. “Аваачаад хаягдалд тушаачихаас даа” хэмээн бодоод, Манюшка бүгдийг нь хамаад гарчээ. 
Эмгэний тамир тэнхээ доройтож, дуу нь цааш ороод жил тойрч байв. 
Гал унтраах машины хашааны сахиул, эцэнхий хорчгор, хонгор үст Тихон тэднийхээр хааяахан нэг үзэгдэнэ. Катерина Петровнагийн эцэг Петрбургээс ирж, байшингаа барьж, цэцэрлэг, эдлэнгээ босгон төвхнүүлж байсныг нь Тихон өнөөг хүртэл мартаагүй байлаа. Тихон тэр үед балчирхан хүү байсан хэрнээ л өвгөн зураачид биширсэн хүндэтгэлээ насан турш хадгалж яваа ажээ. Уран зургуудыг нь гярхай ажиглаж байснаа “Энэ ч ёстой жинхэнэ урлаг даа” гэж ирээд л, хэнгэнэтэл шүүрс алдана. 
Эмгэнд тал өгч сэтгэлийг нь засах гавьтай юм Тихонд олдохгүй, дэмий л өрөвдөхдөө гэр орных нь ойр зуур ажилд нэмэр болж, цэцэрлэгийн хатаж хувхайрсан модноос унагаж, хөрөөдөн галын түлээ болгон жиргэж өгнө. Явах тоолондоо л үүдэнд зогсоод:
-Катерина Петровна, Настягаас сураг чимээ дуулдана уу, захидал занаа байна уу, алга уу? гэж ёс юм шиг асууна. 


Атийж хорчийсон эмгэн Катерина Петровна юу ч дуугарахгүй, буйдандаа шигдээд, элэнхий арьсан гар цүнхээ онгичин, цаасны өөдсөөр оролдоно. Тихон нусаа сар хийтэл нийчихээд, үүдэнд хөлөө ээлжлэн товшиж удтал зогсоно. Нэгэнт хариу дуугарахыг хүлээгээд нэмэргүйгээс хойш “За даа, би ч одоо явъя даа, Катерина Петровна” гэнэ. “Яв даа, яв, Тиша минь. Намайг амраа. Бурхан чамайг ивээх болтугай” хэмээн Катерина Петровна шивнэнэ. 


Тихон хаалгыг зөөлөн хамхиад гарч одно, Катерина  Петровна чимээгүйхэн мэгшиж гарна. Цонхны цаана нүцгэн мөчирт салхи хүүгэн үлээж, сүүлчийн навчсыг гүвнэ. Ширээн дээрх шөнийн тосон дэнгийн дөл чичигнэнэ. Энэ эзгүйрсэн байшинд амьтай голтой цорын ганц юм энэ дэн л гэлтэй, дэнгийн сүүмгэр дөлгүйсэн бол Катерина  Петровна өглөө болохыг яаж хүлээж тэвчихээ мэдэхгүй билээ. Шөнө улам уртассаар, нойр хулжсан хүнд өнгөрч өгөхгүй зовооно. Үүр удаж удаж, бүр ч орой цайх болж, жаазны нь завсарт зулсан хөвөн дээр унасан түрүү намрын өнжмөл шар навчис хэвтсээр одоо хорчийж харлаад, угаагаагүй халтартсан цонхоор үүрийн туяа сая арайхийж тусна.  


Цор ганц элгэн садан, охин Настя нь алс тэртээ Ленинградад сууна. Охин нь хамгийн сүүлд гурван жилийн өмнө ирээд буцжээ. Настя одоо өөр шиг нь эмгэнийг гэж сатаарах сөхөөгүй явааг Катерина Петровна мэдэж байлаа. Залуу улсад дор дорын ажил төрөл, оройгүй хүсэл тэмүүлэл, өөр өөрсдийнх нь аз жаргал бий. Тэдэнд тээр болохгүй л байвал барж. 
Иймээс Катерина Петровна охин Настядаа захидал бичих нь ч тун ховор. Гэлээ ч охиноо өдөржин үгүйлэн санана. Цөмөрхий муу буйдангийнхаа ирмэг дээр сандайлан дув дуугүй сууж охиноо бодсон үед нь, сэрэмж алдсан хулгана зуухны араас гүйн гарч ирээд, хойд хөл дээрээ өцийн сууж, зүг зүгт хамраа шонтос шонтос хийлгэн өрөөний нэвширмэл бам чийгийг удтал шинжилнэ. 


Настягаас ч ялгаагүй захидал ирэхгүй. Харин хоёр-гурван сард нэг удаа хоёр зуун рубль гуйвуулсныг нь шуудан хүргэгч хөгжөөнтэй залуу Василий, Катерина Петровнад хүргэж ирнэ. Тэрбээр мөнгөний баримт дээр буруу газар зурчих вий гэж Катерина Петровнагийн гарыг барьж байж гарын үсгийг нь зуруулна. Василий яваад өгнө, мөнгө гартаа атгасан Катерина Петровна барьц алдан сандарч сууна. Тэгснээ шилээ зүүж аваад мөнгөний гуйвуулга дээрх тоотой хэдэн үгийг дахин дахин уншина. Ажилд дарагдаад, очиж үзэгдэх нь бүү хэл, дэлгэрэнгүй захидал биччих цаг зав гарахгүй юм гэсэн улигт үгээ л давтсан байна.  Катерина Петровна мөнгөн дэвсгэртийн иржгэрийг хурууныхаа өндгөөр эвтэйхэн тэмтрэв. Зөнөж буйдраад тэдгээр нь Настягийн гарт байсан дэвсгэрт бишийг  мартан будилж, тэр мөнгөнөөс Настягийн сүрчигний үнэр ханхлах юм шиг өөрт нь санагджээ. 


Намрын адаг сарын хуучдаар, нэгэн шөнө цэцэрлэгийнх нь бүр гүнд хэдэн жилийн өмнө битүүлээд хадчихсан хаалгыг хүн удтал балбажээ. Катерина Петровнагийн сэтгэл ихэд түгшив. Дулаан ороолтоор толгойгоо битүү ороож, элэнхий нөмрөгөө хэдрэх гэж удаж удаж, өнөө жил анх удаа гадагш цухуйлаа. Өмнөх замаа тэмтэчсээр газар хороохгүй байв. Хүйтэн жавар тархийг нь хага ташна. Өөрт нь ор тас мартагдсан одод газар дэлхийг цоо ширтэн жирвэлзэнэ. Хөглөрсөн навчис хөл тушна. 
Хашааныхаа хаалганд тулж очоод, Катерина Петровна “Хэн хаалга цохиод байна аа?” хэмээн намуухан дуугаар асуув. Гэтэл хашааны цаанаас хэн ч хариу дуугарсангүй. “Санаа дагасан байж таарах нь дээ” гэснээ, буцаад гэлдэрлээ. Амьсгаа нь давхцаад, нэгэн хөгшин модны дэргэд зогсож, чийг хайрсан хүйтэн мөчрөөс нь атгахдаа агч мод гэж танилаа. Энэ агч модыг аль дээр цагт, инээд хөөр халгисан охин хонгор насандаа өөрөө суулгажээ. Харин одоо тэр агч мод хаацайлах мөчиргүй нүцгэрч, хүйтэн жавартай шөнөөс зайлах газаргүй, тэндээ бээрч дагжин зогсох ажээ. Катерина Петровна агч модоо хайрлан харамсахдаа, арзгар холтостой тураг биед нь гараа хүргэчихээд, сажилсаар гэртээ орж, тэр шөнөдөө Настяд захидал бичжээ. 


 “Энхрийхэн охин минь ээ, ээж нь энэ өвөл онд орохгүй нь бололтой. Ганц өдрөөр ч болов ирж уулз даа. Ээждээ царайгаа харуулж, гараа атгуулна уу. Ээж нь насны туйл болж, алхаж гишгэх нь бүү хэл, суух, хэвтэхдээ ч хэцүүдэж түүртэх боллоо. Үхэл намайг авах замаа мартаж төөрснөөс зайлахгүй. Цэцэрлэг маань хатаж мөхөөд хуучны юм огт үгүй  болжээ. Би ч цэцэрлэгээ олж үзэх мэлмийгүй болсон. Нэг л ёозгүй намар юм. Би үүнд гутарч эмзэглээд байна, хамаг амьдрал минь энэ намар шиг ийм урт байгаагүй л санагдах юм”. Манушка нусаа шор хийтэл татсаар, захиaг шуудан руу авч очоод, захидлын хайрцагт хийхийн өмнө, тэнд чухам юу байгааг олж харах гэж, дотогш нь удаан гэгч шагайж үзэв. Гэвч хөндий хоосон төмрөөс өөр харагдах юу ч алга.


Настя Урчуудын Эвлэлд нарийн бичгийн дарга, эх, адаггүй их ажилтай. Үзэсгэлэн гаргах, уралдаан зохион байгуулах гээд, энэ бүхий л ажил Настягийн гараар дамжина. Катерина Петровнагийн захидлыг Настя албан ажил дээрээ хүлээж авав. Ажлаас хойш уншина гээд, задлалгүй гар цүнхэндээ далд хийчихжээ. Настягийн хувьд Катерина Петровнагаас захидал ирэхэд дотор нь уужирч, ээж захидал бичиж байгаа нь амьд мэнд суугаагийн тэмдэг байв. Үүний хамтаар ээжийнх нь захидал болгон битүүхэн зэмлэх шиг санагдаж, далдуур түгшүүр төрүүлнэ. 


Ажлын дараа Настя залуу барималч Тимофеевын урлангаар орж үзээд, ажил төрөл нь ямар байгааг Урчуудын эвлэлийн удирдлагад илтгэх үүрэг авчээ. Тимофеев урлан нь гэж мөсний хөндий, угаасаа өөрийг нь шахаж хавчаад, юу чаддагаа олонд харуулах боломж олгохгүй байна хэмээн урьд нь гомдол мэдүүлсэн байжээ. 

Настя шатны тавцан дээр зогсосхийн толио гаргаж, нүүрэндээ энгэсэг түрхсэнээ царай зүс нь сая л нэг санаанд нь таарав бололтой инээвхийлэв. Цайвар шаргал үс, жаварласан дүрлэгэр нүдээр нь зураачид хүүхнийг Сольвэйг (Нарны илч. Героиня пьесы Генрика Ибсена “Пер Гюнт” зохиолын гол баатар. Орч.) хэмээнэ.
    Тимофеев өөрөө хаалга нээв. Шазруун байрын, хурц зан төрхтэй шавилхан эр байв. Гадуур хувцастайгаа зогсоно. Хүзүүгээ нэлмэгэр зузаан ороолтоор битүү ороож, хөлдөө эмэгтэй хүний эсгий бойтог угласныг Настя ажив. “Гадуур хувцастайгаа л бай, үстэй дээлтэй ч осгоно. Ор ор” хэмээн Тимофеев хамар дороо гөвтнөв. Настяг харанхуй хонгилоор дагуулсаар, дээш хэдэн гишгүүр өгсөөд, урландаа ордог давч хаалгыг нээв. 


Урланд тортог хиншүү ханхална. Нойтон шавартай торхны хажууд шалан дээр керосин зуух галлажээ. Эргэдэг суурин дээгүүр чийгтэй даавуугаар бүтээсэн баримал өрөөстэй. Цэлгэр цонхны цаана цас бужигнаж, Нева мөрнийг манан буданд умбуулан, харлан бараантах усанд нь хайлна. Цонхны хүрээгээр салхи сийгэж, шалан дээрх хуучин сониныг хөвхөлзүүлнэ. 
“Ээ, Тэнгэр минь яасан хүйтэн газар гээч вэ!” хэмээн Настя уулга алдав. Өрөөний ханаар нэг хайш яйш өлгөсөн цагаан гантиг товгор хээ чимэглэл урланд улам ч хүйт даалгаж байх шиг санагджээ. 


Настяд шавар наалдаж цоохортсон явган сандал дөхүүлэнгээ Тимофеев “За сонирхон болгооно уу, энэ ичээнд өдий болтол мажийчихгүй тэсэж буйдаа гайхах юм. Тэгтэл, Пeршиний урланд болохоор эгээтэй л Сахарын цөлийнх шиг халуун агаар халаагуураас нь үлээж байдаг” хэмээлээ. 
“Та Пeршинд нэг л дурамжхан юм аа даа?” хэмээн Настя хашир лавлав. 
-Сохор азаар нэрд гарагч! Бүдүүн тоймын дархан! Баримал нь гэж шувтан мөртэй, гадуур хувцасны мөрөвч өлгүүр адил. Хамтралчин эмэгтэй нь чулуун эмгэнд хормогч зүүчихсэн мэт. За тэр ажилчны дүр гэдэг нь балар эртний хүний л галбир. Модон нялуураар дүрс бүтээнэ. Гэхдээ, хонгор минь, үүндээ бүр нүд дасчихсан, эгээ л сүмийн ширээт шиг зальжин амьтан” хэмээн уурсав. 
Настя яриагаа займруулах санаатай: Та надад Гоголь-оо нэг харуулаадах нь уу! хэмээн гуйлаа. “Ийшээ яв! биш ээ, биш, ийшээ гээд байхад!. Тэр булан тийш, уухайс даа!” хэмээн барималч царай барайлган захирав.
Тэр нэгэн баримлаас нойтон бүтээлгийг  нь дээш сөхөж аваад, хотгор гүдгэр болгоноос нь өө сэв хай мэт ажсанаа керосин зуухны дэргэд явган сууж гараа ээнгээ:
-За, Николай Васильевич энэ байна! Таалан соёрх доо” гэлээ. 
Настя давхийн цочив. Шовх хамартай, бөгтөр сэрвээтэй хүн дотор руу нь өнгийж, нэвт шувт мэдээд байх шиг, өөдөөс нь дооглосон харцаар цоо ширтэнэ. Чамархайны нь хялгасан судас ч лугшив уу гэлтэй Настяд санагдав. 


“Ээ зайлуул, шагшаа шаазгай минь, цүнхэнд чинь задалж уншаагүй захиа байгаа шүү” хэмээн Гоголийн өрөмдөн цоргисон хоёр нүд өөрийг нь чамлах шиг санагдав. Настя “Гайхалтай сайхан! Жинхэнэ төгс төгөлдөр урлагийн бүтээл ч мөн дөө” хэмээн балмагдсандаа арай ядан өчив. Тимофеев зэвүүн муухай инээлээ. Тимофеев “Гайхамшигтай” хэмээн давтаад, “Бүгд л гайхамшигтай гэцгээдэг. Пeршин ч, Матьяш ч тэр, элдэв зөвлөл хороодын мэддэг чаддаг болгон нэгэн адил ингэнэ. Ямар утгаар тэгж хэлж байна вэ?  Энд ч гайхамшигтай л байдаг юм биз, барималчных нь хувьд миний хувь заяаг тэнд шийдэж байна. Тэнд мөнөөх Першин яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, хамартаа “хмм” дуугараад л гүйцэх нь тэр. Першиний хамар шуухитнаад л дуусгавар болдог ... Олон шөнө нойр хулжлаа. Нойтон шавартай зууралдсанаас гар хуруу янгинадаг өвчин оллоо. Гурван жилийн турш Гоголийн тухай хүний амнаас унасан үг болгоныг олж унших гээд үз дээ. Гахай хоншоороо дуугаргах нь хүртэл зүүдэнд чинь орох бий вий!” гээд, урлан дотроо эсгий бойтгоороо тамгалан харайлгаж, уурсан хашгирав. 

 

Дэлхийн алдарт одыг бишрүүлсэн өгүүллэг
Америкийн домогт дуучин, жүжигчин Марлен Дитрих (Marlene Dietrich): Зөвлөлтийн зохиолч Константин Паустовскийн  “Цахилгаан утас” өгүүллэг миний амьдралд тохиосон уран зохиолын хамгийн гарамгай үйл явдал. Энэ өгүүллэгийг бичсэн зохиолчтой уулзаж, гарыг үнсэхийг олон жил мөрөөдсөөр ирлээ” гэжээ. Тэгээд хожмоо Москвад театрын тайзан дээр эцэнхий чүүчгэр, хэд хэдэн удаа зүрхний шигдээс болсон  72 настай өвгөн зохиолчийг гарч ирэхэд нь Марлен Дитрих “Гэгээн дүрээрээ айсуй аугаа их зохиолчийн өмнө өвдөг сөгдөхөөс өөрөөр бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх арга үнэндээ надад олдоогүй юм” хэмээн хэлсэн байдаг.  


Тимофеев ширээн дээрээс тэвэр ном өөд нь өргөснөө буцаагаад чулуудчихав. Ширээнээс шохойн өлөн тоос пургин бужигналаа. “Эдгээр номонд бүгдэд нь Гоголь бий. За яав? Би таныг айлгачихав аа даа, янз нь. Өршөөгөөрэй, хонгор бүсгүй!  Харин би үнэндээ юу юугүй дайтах дээрээ тулаад байна шүү”  гэснээ уур нь гэнэт  гарчихав. “Ганцаараа ч юу байхав, хүч хавсран тэдэнтэй үзэлцье” гээд, Настя бослоо. Тимофеев гарыг нь чанга атгав. Настя энэ нэрд гараагүй дарагдсан авьяастанг тодруулахад чадах бүхнээ хийхээр эрс шийдэн гарч одлоо. 


Настя Урчуудын Эвлэл дээр эргэж ирээд, eрөнхийлөгчтэйгээ уулзаж, Тимофеевийн уран бүтээлийн үзэсгэлэнг даруй гаргах нь зүйтэй хэмээн  мэтгэж зүтгэн удаан ярилцав. Ерөнхийлөгч харандаагаараа ширээ тогшиж, саналыг нь ой ухаандаа удтал эргэцүүлэн тунгаасны эцэст сая зөвшөөрлөө.
Настя Мойка гудамж дахь гэртээ харьж, хуучин цагийн, адар нь шармал чимэглэлтэй өрөөндөө орсон хойноо л Катерина Петровнагийн захиaг сая  нэг юм уншаад:
-Би одоо яаж явах билээ дээ? Эндээс ховхрох арга даанч алга даа” гээд бослоо. 
Настя хүн чихэлдсэн галт тэрэг, орон нутгийн зөрлөгт зам солихыг хүлээх, морин тэрэг замын энхэл донхолд займчин сэгсрэх, хатаж өтөлсөн цэцэрлэг, ээжийнх нь нүднээс гарцаагүй асгарах нулимс, алс бөглүү нутгийн гойд юмгүй нэгэн хэвийн уйтгарт өдрүүдийг дүрслэн бодоод, захиаг бичгийнхээ ширээний шургуулгад хийгээд орхижээ. 


Настя хоёр долоо хоногийн турш Тимофеевийн үзэсгэлэнд сөхөө завгүй бэлтгэв. Энэ хугацаанд эв зүйгээ олоход туйлын адармаатай энэ барималчтай хэдэнтээ сайдаж, мууджээ. Бүтээлээ үзэсгэлэнд илгээхдээ, Тимофеевийн царайд бүтээлээ харин устгалд оруулахаар ачуулж байгаа мэт янз төрх тодорч байлаа. “Эрхэм бүсгүй, энэ ч үнэндээ бүтэлтэй юм болохгүй дээ. Шал дэмий юманд би цаг нараа үрж байна” хэмээн өөрийнх нь үзэсгэлэнг бус, харин Настя өөрийнхөө үзэсгэлэнг гаргаж байгаа мэт муухай авирлан адарчээ. 


Эхэндээ Настя цөхрөнгөө барж, гомдсон хэдий ч, наанаа адайр аашлавч, Тимофеев үзэсгэлэнгээ гаргах болсонд сэтгэл дотроо туйлын  баяртай байгааг нь яваандаа анзаарлаа. Үзэсгэлэн үдэш нээгдэв. Баримлыг чийдэнгийн гэрэлд үзээд  үзсэн болохгүй хэмээн өнөөх чинь бас л цамнав. 
-Үхээрийн суунаг гэрэл!  Ёрын уйтгар! Дэргэд нь дэнгийн гэрэл хавьгүй дээр хэмээн ундууцав. 
-Та тэгээд ямар гэрэл хүсээ вэ? Санаанд нь таарах юм гэж байдаггүй хаашаа янзын амьтан бэ? хэмээн Настя дүрсхийв. 
“Лаа л хэрэгтэй! Ердөө л лаа! Гоголийн баримлыг яахан цахилгаан гэрэлд тавьж үзэх билээ. Шал завхарсан ажил!” хэмээн Тимофеев хахирган дуугаар хашгирав. 
Үзэсгэлэнгийн нээлтэд барималч, зураачид цугларав. Хөндлөнгийн хүн барималчдын ярьж хэлэлцэхийг сонсоод, тэд Тимофеевийн урлалыг магтаад байна уу, муулаад байна уу, тааварлахад бэрх. Харин Тимофеев өөрөө үзэсгэлэн нь тэдэнд тоогдож буйг мэдэрч байлаа. 
Буурал үстэй, дэвэлзсэн нэгэн зураач эр Настя руу хүрч ирж гарыг нь нөхөрсгөөр атган алгадаад:
-Танд талархлаа. Тимофеевыг сая л нэг юм ертөнцийн гэрэл гэгээ үзэх болгосон хүн нь таныг гэлцэж байна. Та маш сайн ажил үйлс сэджээ. Манайд уран бүтээлчдийг анхааралдаа авч, санаа тавьж, энэрч хайрлана хэмээн хоосон чалчигчид өдий төдий байвч, яг ажил хэрэг дээрээ тулахлаар хүйтэн цэвдэг харцтай л тулгардгийг та юу эс андах билээ. Танд дахин талархъя гэлээ. 


Хэлэлцүүлэг эхэллээ. Их ч ярьцгаав. Магтаж, маргацгаав. Залуу хүнд, гавьяа шагналаас гадуурхагдсан залуу уран бүтээлчдэд анхаарал хандуулъя гэсэн нэгэн ахмад зураачийн саналыг үг хэлсэн хүн бүр өлгөн авч дэмжив. Тимофеев тэнд хүрлийчихсэн, шал ширтээд, үг хэлж буй улсыг жишүүхэн харж, үгэнд нь итгэх үү, азнах уу, мэдэхгүй сууна. 
Тэгж байтал Урчуудын Эвлэлийн бичиг шуудан хүргэгч зан сайт, эгэл бодь Даша хэмээх хүүхэн хаалгаар цухуйв. Тэрбээр, Настя руу дохилоо. Настя босч өөдөөс нь очиход, Даша инээвхийлэн, цахилгаан утас гардууллаа. Настя байрандаа эргэн ирж, цахилгааныг хүний нүд хариулан нээж “Катя хоногоо хүлээж байна.Тикон” гэснийг уншаад учрыг эс олов. “Ямар Катя билээ? Тикон гэж хэн билээ? Энэ лав хүн андуурснаас зайлахгүй” хэмээн гайхан бодлоо. 
Илгээсэн хаягийг лавлан харлаа, андуураагүй байна, цахилгаан утас өөрт нь иржээ. Тууз цаасан дээр нарийн дармал үсгээр: “Заборье” хэмээснийг сая л анзаарлаа. Настя цахилгааныг хумхин атгаад, царай нь зэвхийрлээ. 


Пeршин үг хэлж байлаа. Тэрбээр үл ялиг ганхасхийн, нүднийхээ шилийг гартаа бариад, ярьж гарав.
“Өнөөдөр хүний төлөө тавих анхаарал халамж бодитой илэрч, ажил хийх, ахиж дэвшихэд маань тус дэм болж байна. Бидний дунд, барималчид, уран бүтээлчдийн дунд энэ анхаарал халамж жинхэнэ ёсоор хэрэгжиж буйг тэмдэглэхэд таатай байна. Би нөхөр Тимофеевийн уран бүтээлийн үзэсгэлэнг хэлж байна. Энэхүү үзэсгэлэнг амжилттай зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн, уучлаарай, манай Эвлэлийн удирдлагууд гэхээсээ илүүтэй, Урчуудын эвлэлийн мөр зэрэгцэн хамтран зүтгэгчдийн маань нэг, бидний хонгорхон Анастасиа Семеновнадаа бид бүхэн хүндэтгэл үзүүлэх ёстой” гэлээ.
Пeршинийг Настя руу мэхийхэд, бүгд алга ташив. Удтал алга нижигнэв. Настя самгардан, нүдэнд нь нулимс цийлэгнээд ирлээ.
Араас нь хүн гарт нь хүрэв. Мөнөөх дэвэлзсэн хижээл зураач байлаа. Настягийн гартаа хумхин базсан цахилгааныг харцаараа зааж, “Яагаа вэ? Базаахгүй юм болоо юу?” хэмээн асуулаа.
Хариуд нь Настя: “Үгүй дээ, миний нэг....танилаас л ирж” гэлээ. “Аa за” хэмээн хижээл зураач бөвтнөснөө Пeршиний үгийг цааш нь чагнав.
Бүгд Пeршиний зүг харж байхад, харин хэн нэг хүний нэвт шувт цоргисон харц өөр дээр нь тусахыг Настя цаг үргэлж мэдэрч, толгойгоо  өндийлгөхөөс ч халширч суув. “Энэ чинь хэн байдаг билээ? Миний явдлыг хүн гадарлачихлаа гэж үү? Мөн ч тэнэг хүн юм даа, би. Дахиад л ухаан санаа үймэрч орхилоо” хэмээн бодов.
Настя нүдээ арайхийн дээш өргөсөн хэдий ч, цочиж харцаа буруулав. Гоголь өөдөөс нь жуумалзан ширтэж байлаа. Чамархайны нь хялгасан судас лүг лүг лугших шиг болов. Энэ нь Гоголь зуунги шүднийхээ завсраар: “Чиний байж байгаа царайг дээ!” хэмээн шивэгнэх шиг Настяд санагдав. 
Настя өндөсхийн босч, гадагш гараад, доош бууж гадуур хувцсаа яаран өмсөөд гудамжинд гүйн гарлаа. Гудамжинд нойтон цас лавсана. Гэгээн Исаакийн сүм цан хүүрэгт бууралтжээ. Хуйсагнасан тэнгэр хотын дээрээс, Настягийн дээрээс, Нева мөрний дээрээс улам доошлон дарах мэт.
“Харж ханашгүй хонгор охин минь, энхрий хайрт охин минь” хэмээсэн эхийнхээ эцсийн захидлыг нэхэн саналаа. Настя Адмиралын талбайн хажуугийн цэцэрлэгт тууш сандал дээр суугаад гашуун нулимс асгаруулан уйлав. Нүүрэн дээр нь буух цасан ширхэг хайлж, нулимстай нь холилдон доош урсана. Хүйтэнд дагжин чичирч суухдаа Настя алс тэртээх уйтгарт бөглүү Заборье тосгонд хэн ч хайхрахгүй орхиж, насны туйл болсон энэ эмгэн шиг өөрийг нь ингэтлээ их хайрласан нэгээхэн ч хүн үгүйг гэнэт ухаарав. “Оройтжээ! Би ээжтэйгээ амьд уулзахгүй байх” хэмээн Настя өөртөө хэлээд, хүүхэд ахуй цагтаа хэлдэг байсан хамгийн нандин “Ээж” гэдэг үгээ сүүлийн жилд анх удаа хэлж байгаагаа санав. 


Настя ухасхийн босоод, нүүр рүү нь шаван орж буй цас сөрөн алхлаа. Өмнөхөө олж үзэхгүй яваа тэрбээр “Ээж минь, яачихав даа? Даанч дээ, ийм юм болох гэж дээ. Энэ яваа насанд минь намайг нааш гэх ганц ч хүнгүй болно. Элгэн садан ч байхгүй. Амжаад хүрэхсэн, яая даа. Ээжтэйгээ уулзаж амжих л юм бол, намайгаа өршөөнө дөө” хэмээн эргэцүүлэн бодлоо. 
Настя Невийн өргөн чөлөөгөөр явж, хотын төмөр замын өртөө рүү алхлаа. Очтол нэгэнт хожимджээ. Тасалбар дуусчихаж.     Настя тасалбар түгээврийн дэргэд уруул нь өмөлзөж хоолой нь зангиран зогсоно, дуугарвал л цурхиран уйлах байлаа. Нүдний шилтэй, мөнгө хураагч хижээл эмэгтэй түгээврийн нүдээр шагайгаад: 
-Иргэн та яагаа вэ? хэмээн хөндий хүйтэн өнгөөр асуулаа. Зүгээр ээ, хэмээн Настя өчөөд, ээж минь л ....гэснээ эргээд, бушуухан үүд зүглэв. Хаачих нь вэ? Шууд л хэлэхгүй яасан юм бэ, жаахан хүлээ хэмээн мөнгө хураагч авгай хойноос нь хашгирлаа.


Настя тэр оройгоо явлаа. Галт тэрэг уур савсуулан сэрэмжилсэн урт дохио хангинуулсаар шөнийн ой дундуур шуурхайлан хурдалсаар атал “Улаан Сум” хэмээх энэ галт тэрэг Настяд зам туж хөдөлж ядан байгаа мэт санагдана. 
...Тихон шуудан дээр ирж, шууданч Василийтэй шивэр авир гэснээ, өөрөөс нь цахилгааны хуудас авч, удтал эргүүлж тойруулж барьснаа, сахлаа ханцуйгаараа шударчихаад, хуудсан дээр сарайлган бичлээ. Тэгснээ өнөөхөө эвтэйхэн эвхэж, малгайдаа шургуулаад Катерина Петровнагийнх руу алхчихлаа.
Катерина Петровна өндийхөө больж, хэвтэрт ороод арав хонов. Өвдөж зовиурлах юмгүй ч, цээжин бие, хөлийнх нь мэдээ мэдрэл доройтож, толгой нь эргээд, амьсгал давчдах болов. Машюшка дэргэдээс нь зургаа хоног огт холдсонгүй. Шөнө нь цөмөрхий буйдан дээр бүхлээрээ хажуулна. Зарим үес Катерина Петровна амьсгалахгүй байна уу гэмээр болоход Манюшка айж “Эмээ, эмээ, та амьд уу?” хэмээн хоолой нь зангирахад, хөгшин хөнжил дороо гараа хөдөлгөж, Манюшка тайвширна.
Өглөө эртийн цагаар байшингийн булан ширгүү болгонд зул сарын харанхуй бүүдийвч, дулаахан байлаа. Манюшка пийшинд гал түлж дулаацуулав. Бадарсан гал дүнзэн ханыг гэрэлтүүлэхэд, Катерина Петровнагийн амьсгаа уужрах нь уу гэмээр, галын илчинд өрөө тасалгаа нь амь орж, аль эрт, бүр Настяг гэртээ байхынх  шиг ая тухтай болов. Катерина Петровна нүдээ анихад, зовхины нь завсраас ганц дусал нулимс гарч, шарангуй шанааг нь даган бөмбөрсөөр буурал санчигт нь очиж тогтов.    


Тихон орж ирлээ. Хоолой засан ханиалгаж, нусаа татах нь баахан тэвдсэнийх. Катерина Петровна сулбуухан дуугаар: 
“Яав, Тиша?” хэмээлээ. 
-Хүйтэрчээ, Катерина Петровна, мөдхөн цас орно. Энэ ч харин зүгээр шүү. Хүйтэнд цас дагтаршиж хатуураад тэрнийг нааш хүрч ирэхэд амар болно хэмээн Тихон цовоо дуугарснаа, малгай руугаа зүрх алдан хяламхийлээ. 
Катерина Петровна: “Хэнийг явахад тэр вэ?” гээд нүдээ нээн, хатангир гараараа хөнжлөө чичигнэн илэв. 
Тихон “Настя Сeменoвнаг л байхгүй юу даа” хэмээн завжаа муруйлган инээвхийлснээ, малгайнаасаа өнөөх цахилгаан утсаа гаргаад, Настягаас өөр хэн байх билээ гэв. Катерина Петровна өндийх гээд чадалгүй, дэрээ налан буцаад уначихав.
“За май!” гээд Тихон цахилгаан хуудсыг эвтэйхэн тэнийлгээд, Катерина Петровнад барилаа. Гэвч эмгэн цахилгааныг авсангүй, харин Тихоны өөдөөс царайчлангуй ширтэж байв.


“Уншаад өг дөө, эмээгийн хараа муудаад, уншиж чадахаа больсон шүү дээ” хэмээн Манюшка сөөнгөтөн дуугарав. Тихон ийш тийш хулчганан харж, захаа буулгаад, шингэн хонгор үсээ илж, итгэлгүй, дорой дуугаар. “Гарлаа, тэсээд хүлээгээрэй. Таны үүрдийн хайрт охин Настя” хэмээн уншлаа. 
-Яахнав дээ, Яахнав, Тиша, хонгор минь. Тэнгэр Бурхан чамайг ивээг. Чиний найртай дулаан үгс, нинжин сайхан сэтгэлд баярлалаа хэмээн Катерина Петровна аяархан дуугарав. Тэгснээ хана руу арайхийн эргэснээ, төдөлгүй унтчих шиг боллоо.  
Тихоныг үүдний хүйтэн өрөөнд урт сандал дээр толгой гудайн, тамхи татаж, шүлсээ хаяж, санаа алдан сууж байтал Манюшка гарч ирж даллаад, Катерина Петровнагийн өрөө рүү дохив. Тихоныг өлмий дээрээ сэмхэн гишгэлж, нүүрээ таван сарвуугаараа шударсаар ороход, царай нь цонхийж, умгар жаахан болсон Катерина Петровна амгалан нойрсож буй мэт байв. 


Тихон “Хүлээж чадсангүй дээ, зайлуул. Ээ, хөөрхий энэ эмгэний харуусал гуниг мөн ч гашуун байсан даа. Өгүүлшгүй их зовлоо”! хэмээгээд, “За тэнэг минь ингээд харж бай! Ачийг сайн хариулна шүү, хүн шиг байж үз! ... Чи эндээ сууж бай, би гүйж очоод тосгоны зөвлөлд мэдэгдээд ирье” хэмээн Манюшкад ширүүлэв.
Тихон явж, Манюшка мухар сандал дээр өвдгөө тэврээд, айж чичрэн, Катерина Петровнагаас харцаа үл салган сууж үлдэв.    
Катерина Петровнаг маргааш нь хөдөөлүүлэв. Хүйтэрлээ. Хярмаг цас оржээ. Өдөр нь цас цайж, тэнгэр онгойгоод цэлмэсэн хэдий ч, угаагаад хөлдөөсөн ёрог даавуу орой дээгүүр нэлэнхүйд нь татчихсан мэт зэгэлтэн байв. 


Голын тэртээ алс хөхөмдөг ягаан өнгөөр тунарна. Тэртээгээс түрүүчийн цасны жаварт цочир цантсан уд бургасны хальс холтосны хурц аятайхан үнэр сэнгэнэнэ. 
Хөдөөлүүлэхэд эмгэд, хүүхэд явлаа. Шарилыг оршуулгын газар тийш Тихон, Василий, ах дүү Малявин хэмээх дун цагаан шугуй шиг сахал үсэндээ баригдсан хоёр өтөл өвгөн дамжлан явлаа. Дүү Володягийн хамт авсны тагийг авч яваа Манюшка нүд үл цавчин урагш ширтжээ.
Оршуулгын газар тосгоноос хөдөө тийш, голын эх өөд аж. Чимээгүй хотыг хагд өвс, өндөр ургасан хамба шарилж бүрхжээ. Сургуулийн багш эмэгтэй замд тааралдав. Тэр багш мужийн төвөөс саяхан ирсэн тул одоохондоо Заборьед таних хүнгүй.


Жаал хөвгүүд, “Багш явж байна, Багш” хэмээн шивнэлдэв. Тэр багш бүрэг даруухан, хонин бор нүдтэй, бараг хүүхдээрээ гэхээр насаар бага бүсгүй байв. 
Багш охин оршуулгыг хараад эмээн зогсож, авсан доторх атийсан жижиг эмгэнийг айж бүлтгэнэн ширтэнэ. Эмгэний нүүрэн дээр буусан цасан ширхэг үл хайлна. Багш охин ардаа, мужийн нэгэн хотод яг л нэг ийм шавилхан, охиноо мөрөөдсөн, хойноос нь цаг үргэлж санааширсан, ав адилхан цал буурал толгойтой ээжийгээ орхиод гарчээ. 


Багш охин зогсосхийснээ, оршуулгын араас зугуухан алхлаа. Эмгэд багшийг эргэж харан ажигласнаа, ийм бүрэг дөлгөөн даруухан охин энэ хэдэн хүүхэдтэй эхэндээ амаргүй л байх даа, Заборье суурины хүүхдүүд баахан зоргоороо, дүрсгүйг ч хэлэх үү хэмээн хоорондоо шивнэлдлээ.  
Багш бүсгүй сая л сэхээ орж, хөгшдийн нэг Матрену эмгэнээс:
-Энэ эмгэн ганцаархнаа хүн байж дээ, янз нь? хэмээн асуулаа. Эмгэн: 
-Эвий хөөрхий минь, орь ганцаархнаас өөрцгүй хүн байсан юм. Харин хиргүй ариун, өр нимгэн зүрх сэтгэлтэй хүн. Таван үг солих ч хүнгүй, цаг үргэлж гэртээ жижигхэн муу буйдан дээрээ ганцаар суусаар өнгөрөөсөн дөө. Мөн ч харамсмаар шүү!  Ленинградад охин нь бий л дээ. Гэвч тэр хүүхэн дэлхийн дээвэрт дүүлээд нисчихсэн юм байлгүй дээ.  Ингээд л эмгэн толгой түших хүн ч үгүй, элгэн садан ч үгүй байсаар өөд боллоо доо хэмээн дуржигнуулав. 
Шарилыг оршуулгын газарт, шинэ ухсан нүхний хажууд тавив. Эмгэд шарилд мэхийн, бор, бор гараа газрын хөрсөнд хүргэнэ. Багш бүсгүй шарилд тулж очоод, дээрээс нь тонгойн Катерина Петровнагийн хатангир шар гарыг үнслээ.  Тэгснээ, биеэ шалмаг цэхлэн эргэж, нурсан тоосгон хашааны зүг явж одлоо. Хашаанаас цааш залгаад энхрий дотно, ялимгүй дүнсгэр эх нутгийн газар шороо хөнгөн сэвсгэр цасан дор налайна. 
Багш бүсгүй ард нь өвгөд, хөгшид хүүрнэлдэх, авсны таглаан дээр хөлдүү шороо түржигнэн асгарах, тэртээ гацааны айлуудын хашаанд цэлмэг өдрийг, жавар уясахыг, өн болохыг зөгнөсөн тахиа өнгө өнгөөр донгодохыг анзаарч, чагнасаар явлаа.


Настя эхийгээ хөдөөлүүлсний нөгөөдөр Заборье тосгонд хүрч ирэв. Оршуулгын газарт, бөөрөнхий, бөөрөнхий хөлдүү шороо нь овойсон булш, дотор нь амь амьдрал бүрмөсөн тасраад он жил удсан мэт санагдах Катерина Петровнагийн харанхуй, хүйтэн өрөө хоёр л Настяг угтжээ.
Настя цонхны цаана сүүмгэр, дүнсгэр үүр хөхрөн гийх хүртэл энэ өрөөнд шөнөжин уйлж хонов. Тэгээд Настя хэнд ч үзэгдэж харагдаж, юун тухай ч үг асуухаас зугтахын түүс болсоор Заборье тосгоноос хулгайгаар сэм буцлаа. Настяд зөвтгөж цайруулахын аргагүй тэр их гэмшил, дааж дийлшгүй энэ хүнд ачаа дарамтыг өөрийнх нь нуруунаас эх Катерина Петровнагаас нь өөр хэн ч хөнгөлж чадахгүй санагджээ. 

1946 он.

 

Орос хэлнээс орчуулсан 

Цэдэндоржийн ХИШИГБАТ

Ц.Хишигбат 1988 онд Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийг дүүргэжээ. Аюулт өвчнийг сөрөн тэмцсэн энхрий хайрт охиндоо эмчилгээ хөөцөлдсөөр хилийн чанадад сорилт бүхнийг туулан олон жил болж, одоо Английн Лондон хотод сууж байна. Тэрбээр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын дунд сургуульд алдарт “Тайлбартай дасгал”-ын арга ухаанаар монгол хэл, уран зохиолын хичээл заалгасан сурагч. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 42 (7027)

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

3 цаг 33 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

4 цаг 33 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

4 цаг 35 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

4 цаг 39 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

5 цаг 10 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

6 цаг 15 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

9 цаг 24 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

12 цаг 12 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

12 цаг 17 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

12 цаг 22 мин