Японы “Эн Эйч Кэй”(NHK)-гийн тайзыг монголчууд эзэмдсэн үдэш

2022-12-05
Нийтэлсэн: Админ
 24 мин унших

NHK бол дэлхийн хамгийн том телевизийн компаниудын нэг юм. “NHK” корпораци улс орондоо болон гадаадад болж буй бүх томоохон үйл явдлыг цаг алдалгүй мэдээлэх үүргийг ард түмэн, улс орныхоо өмнө хүлээдэг аж. Японы иргэдийн дийлэнх олонх нь NHK сувгийг өөрийн улсын үндэсний баялаг гэж үздэг гэнэ.

Телевиз, радиогийн “NHK” корпораци нь Япон улсын хэмжээнд бүсийн найман том төв, өргөн нэвтрүүлгийн дамжуулах 54 станцтай аж. Гадаадын 31 оронд өөрийн төлөөлөгчийн газартай. Ажиллагсдын тоо 10300. Өөрийн гэсэн симфони оркестортой. “NHK”-гийн тайзан дээр тоглох нэртэй ансамбль, оддын тоглолт жил гаруйн өмнөөс оочерлочихдог аж. 2023 оны тоглолт, концертууд ар араасаа жагсчихсан байна лээ эдний календарт.

 

Хасах З4 хэмийн хүйтэн, жавар салхи хацар нүүр хайрсан нийслэл хотоосоо үүрээр гарч нэмэх 24 хэмийн дулаантай зөөлөн бороо шивэрсэн ногоон намартай Токиод бага үдийн хойхонтоо Эйр Монгол компанийхаа агаарын хөлгөөр буув. Эн Эйч Кэй-гийн концертын их танхимд маргааш тоглох Морин хуурын чуулгынхан МИАТ-ийн нислэгээр өчигдөр ирээд Токиогоос арай алсдуу Кэйо Плаза хэмээх дөрвөн одын зэрэглэлтэй зочид буудалд буучихсан байв. Энэ чуулгын авъяаслаг хамт олон дэлхийн томоохон тайзуудад тоглолтоо хийж алдар хүндийн хуудсаа улам бүр зузаатгасаар буйг манай үзэгч, уншигч түмэн олон сайн мэднэ дээ. Америкийн Карнеги холл, Японы Сантори танхим, Москвагийн Большой театр, Парисын Дуурийн театр гээд дэлхийн одууд дуу хоолой, авъяас билгээ сорьдог тэрхүү тайзуудад тоглолтууд хийж олон хэл, олон газрын үзэгч олныг бишрүүлсээр иржээ. Дэлхийн улс төрийн лидерүүд чуулдаг Нью-Йоркийн НҮБ-ийн чуулганы ногоон танхимаас ч энэ чуулгынхан дуу хоолойгоо олон нийтэд хүргэж байсан. Морин хуурын чуулга ийнхүү дэлхийн дэвжээнд нэгэнт гарсан болохоор Монгол улсын Соёлын яам Монгол улсын Соёлын элч хэмээх эрхэм цол хэргэмийг эднийхэнд 30 жилийн ойг нь тохиолдуулан саяхантаа  хүртээж байв.

Нэр хүндтэй томоохон тайзуудаас хараахан тоглолт хийгээгүй үлдээд байсан нь Эн Эйч Кэй-гийн Концерт Холл гэж хэлж болохоор. Энд хийх тоглолтын сураг бараг гурван жилийн өмнө гарч байв. Монголын Морин хуурын чуулгынхныг Япон орон, япон үзэгчидтэй анхлан танилцуулсан хүн бол монголчуудад дотно хатагтай Сато Норико билээ. Эн Эйч Кэй Холл-д хийх энэ удаагийн тоглолтыг санаачилж ажил хэрэг болгож буй хүн нь ч бас энэ хатагтай аж. Миний алба хааж байсан төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины редакцаас зохион байгуулсан “Олон улсын байгаль хамгаалагчдын Хөвсгөлийн уулзалт”-д Япон улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Сато Норико хатагтай хүрэлцэн ирж анх Монголд хөл тавьж байлаа. Тэр үеэс хойш гучаад жил энэ хатагтай монголын байгаль хамгаалах болон урлаг соёлын үйлсэд өөрийн хүч хөдөлмөрөө зориулсаар ирж. Монголд ирсэн тоо нь ч аль хэдийнээ гурван оронтоо болчихож. Тоо болгон нь өгөөж заах. Нийслэл хотын цэцэрлэгт хүрээлэн, засаг захиргааныхантай хамтран ногоон Улаанбаатар төсөлд хувь нэмэр оруулж буй сураг сонсогдсон. Мөн хот хөдөөгийн боловсрол, эрүүл мэндийн салбарт ч үр бүтээлтэй хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсныг нь би мэдэх юм. Гучаад жилийн өмнөх “Хөвсгөлийн уулзалт”-ад Сато хатагтайгаас гадна Японы нэрт эрдэмтэд, зохиолч сэтгүүлчид, байгаль хамгаалагчид ирж байлаа. Тэр үеийн Зөвлөлтөөс Валентин Распутин, Владимир Крупин, Армений А. Баланян, Казакстаны  А.Алимжанов гээд зохиол бүтээл, нэр овог нь түмэнд түгсэн алдартнууд ирж чуулж байлаа. Сониныхоо даалгавраар энэ төлөөлөгчдөд миний бие үйлчилж байв. Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат төлөөлөгчдийг хүлээн авч Хөвсгөл нуурыг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж  буйд нь баяр хүргэж байсан юм. Сато хатагтай ч тэр үед Ерөнхийлөгчтэй танилцаж байлаа. Анхны Ерөнхийлөгч маань Эн Эйч Кэй Холл-д хийх өнөөдрийн энэ тоглолтод гэргий Ш.Цэвэлмаагийн хамт зочноор уригдан ирээд байна. Гурван жилийн өмнө байх, намрын нэг өдөр хатагтай Сато бидний хэдэн нөхдийг Улаанбаатарт Шангри Ла-д зочид буудалд урьж Морин хуурын чуулгыг Эн Эйч Кэй-д тоглуулах болсон тухайгаа танилцуулж байв. Их л олон жил хөөцөлдөж байж нааштай шийд аваад байгаа гэнэ. Тэрээр П.Очирбат Ерөнхийлөгчийг энэ тоглолтод гэргий Ш.Цэвэлмаагийнхаа хамт хүрэлцэн ирж тоглолтын бүрэлдэхүүнийг ахлаж өгөөч гэсэн хүсэлт тавьж байсан юм. Морин хуурын чуулгынхан Эн Эйч Кэй-д тоглочихоод Японы бусад хотуудаар ч аялан тоглолт хийх юм гэж байв. Сүүлийн жилүүдэд Японд хийсэн Морин хуурын чуулгын тийм аялан тоглолтын заримынх нь ахлагчаар Экс Ерөнхийлөгч маань Сато саны санал болгосноор явж монголынхоо ардын урлагийг хилийн чанадад сурталчлан таниулахад өөрийн хувь нэмрээ оруулж буй аж.Намайг тоглолтын мэдээлэл сурталчилгааг хариуцвал ямар вэ гэж байв. Төлөвлөснөөр дараа жилийнх нь намар явах байтал корона ковид гээч нь дэлхий даяар, Японд ч манайд ч тархсанаар Эн Эйч Кэй-д хийх тэр тоглолт тодорхойгүй хугацаагаар хойшилчихсан юм. Харин энэ жилийн дундаас л тоглолтын сураг нь гарч эхлэсэн. Яваа яваандаа Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд энэхүү тоглолт зарлагдаж Монгол улсын Гадаад харилцааны яам, Соёлын яам зохион байгуулалтад нь оролцож тоглолтын ач холбогдол, нэр хүндийг улам өргөв. Монгол Япон хэл дээр гаргасан концертын хөтөлбөр танилцуулгад Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын сайд Ч.Номин, мөн Япон улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяаши нарын зурагтай мэндчилгээг хэвлэсэн байна лээ. Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат эрхэмийн зураг хөрөгтэй элэгсэг дотно дурсамж мэндчилгээ ч энд бас байна. Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан чуулгынхаа үүсгэн байгуулагч Ц.Батчулуун багшаа дурссан халуун дотно үгтэй сайхан мэндчилгээ өгч. Энэ танилцуулга хөтөлбөрийн япон хэл дээрх хэсэгт Монгол улсын Ардын жүжигчин, чуулгыг үндэслэн байгуулагч, анхны Ерөнхий удирдаач Ц.Батчулуун агсныг япон үзэгчдэд танилцуулжээ. Мөн морин хуурынхны тоглодог хөгжмүүдийг япон хэл дээр нэр төрлөөр нь гэрэл зурагтай хэвлэж япон үзэгчдийн мэлмий сонорт хүргэсэн байв. Нэг ёсондоо японы үзэгчдийг энэ тоглолтод бэлтгэж буй хэрэг юм. Нилээд хэдэн мянган хувь хэвлүүлсэн гэх. Үзэгчид танхимд орохдоо өргөн мэдээлэл бүхий энэ хөтөлбөр танилцуулгыг аваад тоглолтын үеэр ч танилцах боломжтой аж. Мөн энд одоогийн эрхэм Эзэн хаан Нарухито 2007 онд Ханхүү байхдаа манай оронд айлчилж Монгол улсын Дуурь бүжгийн театрт Морин хуурын чуулгынхантай эрдүү хийл хөгжмөөр Францын хөгжмийн зохиолч Ками Сан Сансын дэлхийд алдаршсан “Хун” хэмээх бүтээлийг тоглож байх үеийнх нь зурагтай мэдээллийг хэвлэсэн байна лээ.

Тэгээд л өнөөдрийн тоглолтод оролцох бүх хөгжимчид, дуучдыг нэрээр нь, зурагтай танилцуулсан байв. Танилцуулгын сүүлийн хуудсуудад японы үзэгчдэд монголын байгалийн сайхныг мэдрүүлэх гэрэл зургуудыг сонгож хэвлүүлжээ. Морин хуурын чуулгынхантай Эн Эйч Кэй-гийн концертын танхимыг өглөөгүүр зорьж явахдаа автобусны арын суудалд суучихаад Сато хатагтайн бэлтгэж хэвлүүлсэн концертын хөтөлбөр танилцуулгыг сонирхож явав. Цаг гаруй давхиад “Эн Эйч Кэй”-д ирцгээлээ. Тоглолтын зохион байгуулагч Сато сан япон хэлний хоёр орчуулагч, чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы хамт өглөө эрт энд ирээд тайзны болон бусад зохион байгуулалтын бэлтгэлийг хангуулж буй юм байна. Японы эрхэм дээдэс, Эзэн хаан, энэ хүрээнд Японы Засгийн газар яам тамгынх нь удирдлагууд, мөн Японы Засгийн газрын урилгаар энд Төрийн айлчлал хийж буй Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэргүүтэй өндөр дээд хэмжээний төлөөлөгчид тоглолтыг үзэж сонирхох тул өндөр хариуцлагатай ажиллахаас өөр аргагүй. Орой 18.30-д эхлэх тоглолтын бэлтгэл бага үдэд эхэллээ. Хөгжимчид, дуучид дор бүрнээ л бэлтгэлийн өрөө тасалгаандаа орцгоочихож. Хэн аль өрөөнд байрлахыг хувиарлаад нэрсийг томоор бичээд байршуулчихаж. П.Очирбат Ерөнхийлөгч , гэргий Ш.Цэвэлмаа нарын нэр бичсэн өрөө ч энд бас байна лээ. Тоглолтыг хариуцан зохион байгуулж буй хатагтай Сато Норико, орчуулагч Ц.Бурмаа, М.Уламбадрах нар Эн Эйч Кэй-гийн ажилтан мэргэжилтэнүүдтэй Морин хуурынхныг уулзуулан тайз өрөөнүүдийн хооронд гүйлдэж ажил албаа амжуулж буй харагдав.

Морин хуурын чуулгын концертыг зохион байгуулагч Осако хот дахь Япон Монголын Эдийн засаг, соёлын харилцааны нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монголын Соёлын Элч Хатагтай Сато Норико.

...Үдээс хойхонтоо манай чуулгынхан сүүлчийн бэлтгэлээ давтахаар Эн Эйч Кэй Холл-ын тайзан дээр гарч дуу хуураа  эгшиглүүллээ. Эн Эйч Кэй-гийн концертын мэргэжилтэнүүд их л анхааралтай сонсоцгоож байх.  Хөөмийч, морин хуурч Н.Ашитыг тайзнаас бууж өрөөндөө очих үед нь бага шиг яриа өрнүүлэв. “Сэтгэл санаа ямархуу байна, та нар ч дэлхийн том том тайзуудыг ээлж дараагаар эзэмдээд...” хэмээн яриа өдөв. Тэрээр “Сэтгэл хөдөлж байна аа, Москвагийн Большой театр, Кремлийн концертын их танхим, Санкт-Петрбургийн Марийнский театр, Нью-Йоркийн Карнеги холл, Токиогийн Сантори , Осакогийн Сепоне холл, Канадын дуурийн театр гэх мэтийн “томчуул”-ыг манайхан ер нь нэрлэнэ шүү. Нэгдсэн үндэстний байгууллагад Монгол улс элссэний 50 жилийн ойг тохиолдуулан Нью-Йоркт НҮБ-ийн ногоон танхимд манай чуулга 2011 онд бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож байлаа. Парисын дуурь бүжгийн театрт ч ЮНЕСКО-д элссэний ойн ёслолын том тоглолт хийж байв. Манай чуулга ч ер нь их явсан даа, их явсан. Өнөөдрийн энэ концертын гол зохион байгуулалтыг хариуцаж байгаа Сато Норико сан гадаадад явсан тэр тоглолтуудын нилээдийг нь зохион байгуулсан байдаг юм. Бүр тэр холын Америкийн Нью-Йорк хотын Карнеги холлын концертыг ч бас. Дэлхийн энэ том тайзууд чинь өмнө нь хаана тоглож вэ гэдгийг чинь их хардаг юм байна. Тоглолт хийсэн тайзуудын нэр, жагсаалтыг нь харж байгаад л тайзаа өгөх эсэхээ шийддэг бололтой юм билээ. Эн Эйч Кэй-гийн энэ танхим бол манайхны нэг мөрөөдөл байсан. Энэ мөрөөдлөөсөө болж би онигоонд ч орж явлаа. Манайхны дотно дуучин Солонгоо намайг нэг удаа дамшиглачихсан юм. Японд бид тоглолтоор ирчихсэн үе байлаа. Буудалдаа байж байтал өрөөний утас дуугарлаа, япон эмэгтэй ярьж байна. “Эн Эйч Кэй...концерт энэ тэр гээд л японоор дуржигнуулж байх юм... Утсаа барьчихаад хэл мэддэг нэгнийгээ дуудаад “Эн Эйч Кэй-гээс концерт энэ тэр гээд яриад байна, манайхныг урьж байх шиг...” гээд л утсаа өгөв. Нөгөөх маань хэдэн үг сольсноо бөөн инээд хөхрөлдөөн болоод явчихлаа. Юун Япон бүсгүй, юун Энэ Эйч Кэй байхав, дуучин Солонгоо Эн Эйч Кэй-гийн ажилтан болоод надтай ярьчихаж. Түүнээс хойш манайхан Эн Эйч Кэй гэхээр л намайг дамшигласнаа сэргээж кайф авцгаадаг юм, өнөөдөр тэр “дамшиглал”, манайхны мөрөөдөл биелэлээ олж мөрөөдлийн тэр тайзан дээрээ бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох гэж байна. Сэтгэл хангалуун байна. Эзэн хаанд нь, бас энд айлчилж буй Монголынхоо Ерөнхийлөгчид тоглолтоо толилуулах болж байна. Догдолж, бас том хариуцлага гэж манайхан сандарч бэлтгэлээ базааж  байна гээд өрөөнөөсөө гарч тайз руу одов...

 

Токиод ер нь эрт бүрэнхий болдог. Эн Эйч Кэй-гийн гол хаалга руу гарахад өмнөх гудамжинд нь хаа сайгүй л улаан гэрэл улалзуулсан машин тэрэг, цэрэг цагдаа, хамгаалалтын хар хувцастнууд цугларчихаж. Концерт эхлэх цаг ч дөхөж үзэгчид цувж байв. Япон монгол нь төдий л ялгарахгүй хүмүүсийн урт урт цуваа. Өчигдөр биднийг угтсан манай Элчин яамны ажилтан хатагтай Ц.Майцэцэгийн ярианаас анзаарахад Токио, Осако, Нагояа гээд эдний томоохон хотуудад сурдаг манай оюутан залуус сураг ажиг тавиад нилээд үзэх бололтой гэж байв. Токио нисэхийн өмнөхөн монгол судлаач Кимура Аяокотой би цахимаар харилцаж концерт үзэх эсэх тухай нь асуусан юм. Хэдэн жилийн өмнө түүнээс ярилцлага авч сонин хэвлэлд нийтлүүлж байсан сэтгүүлчийнхээ хувиар, бас монгол судлаач болохоор нь энэ тоглолтын үеэр уулзаж нийтлэл энэ тэрд оруулах бодолтой байв. Тэрээр Осакогийн их сургуульд багшилж буй бололтой юм. Өөрөө хичээлтэй байх тул завдахгүй, харин өөрийнх нь арваад оюутан тоглолт үзэхээр явна, Хакухо аварга тоглолтын нилээд олон билет бидэнд ирүүлсэн гэж ярьж байв. Монгол судлалын япон оюутнууд ч олуулаа ирэх нь. Гадна цувсан тэр хүмүүс рүү ойртож яриа хөөрөөгөөр нь энэ япон, тэр нь монгол гэж ялгахаас биш шууд хараад хэн нь монгол, хэн нь япон гэдгийг таах аргагүй. “Манба дацан”хийдийн Хамба лам, Гавьяат эмч Д.Нацагдорж л хувцас хунар, байр байдлаараа тэр олноос содон байлаа. Хамбатан Энэ Эйч Кэй-гийн хаалгаар орж ирэхийн өмнөхөн Какурю Ёкозуна тэргүүтэй хэсэг сумочид хөлийн танхимд хүрэлцэн ирж үзэгчдийг шуугиулж байв.

 

Голдуу япон бүсгүйчүүд оочерлоод л тэдэнтэй зургаа авахуулж байх юм билээ. Нацагаа хамба ч сумочидтой бас амжаад зургаа даруулна лээ.

 

Иймэрхүү ая зантай байтал Эзэн хаан морилох гэж байна гээд хамгаалагчид тэр хавийн замыг чөлөөлж эхлэв. Манай Ерөнхийлөгч энэ үеэр бас ирж байгаа юм байлгүй, Ерөнхийлөгчийн тамгын албаныхан, энгэртээ улаан туузтай манайхны хамгаалалтын албаны бололтой залуус олноороо харагдаж японы тусгай албаныхан хөл хөдөлгөөн хатуу хорьлоо. Гурав дөрвөн давхар бельтаж, ложтой нийт 3800 хүний суудалтай концертын энэ танхим дүүрсэн байна лээ. Чанга яригчаар Эрхэм дээд Эзэн хаан, хатаны хамт морилон ирж буйг япон, монгол хэлээр зарлав. Үзэгчид суудлаасаа босож хүндэтгэл үзүүлэн алга ташиж тэднийг угтлаа. Монгол улсын Ерөнхийлөгчийг бас гэргийн хамтаар хүрэлцэн ирлээ гэж монгол япон хэлээр зарлаж угтана лээ. Партерт суугаа үзэгчид бүгд л суудлаасаа босч эргэн эргэн харж алга ташиж баяр хүргэж байв. Хаан, хатан болон өндөр дээдсүүд хоёрдугаар давхарын суудалд сууцгаадаг юм байна. Сумо үзэхдээ ч сумогийн ордны хоёрдугаар давхарын тусгай суудалд сууж байхыг манайхан телевизээрээ олонтоо харсан даа. Эдний ёс жаяг тийм аж. Сумог ч Эн Эйч Кэй телевиз дамжуулдаг даа. Тэгэхээр манай уншигч үзэгчид Эн Эйч Кэй-г сайн мэдэх талдаа. Хакухо тэргүүтэй сумочид эзэн хаан болон өндөр дээд зочид морилохоос өмнөхөн танхимд орж ирж суудлаа эзэлнэ лээ. Тэдний суудал нэгдүгээр давхарт, манайхны хэлдгээр партерт юм. Хажуугийн хана дагуу урт цагаан вандан буйдан тавьсан байв. Үзэгчид ч Хакухо Ёкозунотой цувраад л гар  барьж байна лээ. Какурю аварга, түүнийг  дагалдсан сумочид Хакухо аваргатай зэрэгцээд сууцгаана лээ. Удаж төдөлгүй концерт эхэллээ. Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г Морин хуурын чуулгын хөгжимчид эгшиглүүлэв. Залгаад Монгол улсын гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар Монгол ардын уртын дуу “Урьхан хонгор салхи” дууг намбалаг сайхнаар уянгалуулан дуулж японы үзэгч түмнийг монголын өргөн уудам талд “аваачив”. Хацар нүүр юуг нь  монголын тал нутгийн сэвшээ хонгор салхиар илбэх ч шиг...

 

Дараа нь “Уулс туульс” магтаалыг морин хуурч, хөөмийч Н.Ашит, морин хуурч С.Эрдэнэбаяр нар их хуурч М.Мөнхбат, Л.Пүрэв-Очир, ятгач Э.Оюунтуяа нарын хамт хөөмийлж дуулцгаав. Танхим тэр чигээрээ нүргэлсэн их алга ташилт. Монгол улсын дуурь бүжгийн театрын гоцлол дуучин Б.Монголхүү Морин хуурын чуулгын удирдаач Д,Түвшинсайханы хөгжим “Наран мэлмийт нутаг” дуу, мөн япон ардын алдартай “Цуки но сабаки” дууг дуулж танхимыг бишрүүлэв. “Цуки но сабаки”хэмээх энэ дуу нь японы хүүхдийн алдартай 100 дууны нэг аж. Монгол хөтөлбөрт “Сартай цөлөөр” гэж орчуулж тавьсан байна лээ. Бүрхэг сартай шөнө, цөлөөр тэмээ унан аялж буй Ханхүү болон Гүнжийн тухай өгүүлдэг дуу аж.

Сартай цэлийсэн цөлийг

Аянчин тэмээ туулна

Алт мөнгөн эмээл тохсон

Хос тэмээ алхана...

хэмээн Б.Монголхүү дуучин намуухан зөөлнөөр сэтгэлийн их өгүүлэмжтэй дуулна лээ. Дараа нь ятгачин О.Мөнхтогтох алдарт хөгжмийн зохиолч Б.Шаравын ятганд зориулсан “Вариаци Концертино” бүтээлийг маш чадварлагаар гоцлон хөгжимдөв. Үргэлжлээд Н.Жанцанноровын алдарт “Цагаан суврага”, Б.Чинбатын “Аравт” бүтээлийг Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ эгшиглүүллээ. Монголын консерваторийн сурагч, арван нэгэн настай А.Түшигт хүү Америкийн хүүхэлдэйн киноны хөгжим бичиж алдаршсан хөгжмийн зохиолч Leigh Harlina-гийн “When You Wish Upon A Star”(орчуулбал: “Та одонд хүслээ шивнэх үед таны хэн байх чинь хамаагүй” гэх юм уу) бүтээлийг төгөлдөр хуураар Японы үе тэнгийн турбачин хүү Хакудо Ичитэй хослон маш чадварлаг тоглож танхимыг шуугиуллаа.

Зураг дээр: Баруун гар талын өндөр нь төгөлдөр хуурч А.Түшигт

А.Түшигт хүүтэй тайзны ард хэдэн үг сольсон юм. Тэрээр япон оронд хоёрдахь удаагаа тоглож байна гэв. Өнгөрсөн жил гэр бүлээрээ Токио болон ойр тойрны хэд хэдэн хотод тоглолт хийсэн гэж ярив. Хэн хэнтэйгээ чи тоглодог юм бэ гэсэн чинь “Аав, ээж хоёртойгоо, бас нэг эгчтэйгээ... ” гэж байх. Асуугаад байсан чинь аав нь энэ чуулгын морин хуурч Р.Амарбаяр, ээж нь ятгачин А.Жамбалсүрэн болж таарав. Намайг хүүтэй ярилцаж суухад орчуулагч Ц.Бурмаа “Япон монгол хоёр хүүг ингэж сонгож тоглуулсан нь гоё байгаа биз, Сато сан Монгол, Японы ирээдүйг билэгдэж зориуд энэ хоёр авъяаслаг хүүгийн тоглолтыг хөтөлбөрт оруулсан юм шүү...” гэж ярьлаа. Тоглолтын эхний хэсэг ийн дуусч завсарлага болов. Хакухо аваргатай хэдэн үг солив. Хэдэн жилийн өмнө Токиогийн өвлийн башёд түрүүлэхэд нь сумогийн ордонд уулзаж дараа нь хүлээн авалтад нь оролцож, маргааш нь дэвжээнд нь очиж ярилцлага авч сонин хэвлэлд нийтлүүлж байсан юм. Тийм болохоор би түүнтэй танимхайрсан хэрэг.

 

Тоёотогийн дилер “МөнхХада”компаниа Улаанбаатарт нээх үед нь, бас Хөдөлмөрийн баатар болоход нь аав, хүү хоёр Хөдөлмөрийн баатартай уулзаж явлаа. “Хатагтай Саяока концерт үзэхгүй яагаав?” гэсэн чинь дээр сууж байгаа гээд дээдсийн хоёрдугаар давхар луу зааж байна. Хамтдаа суух гэхээр нийтийн суудалд нь сумочид багтдаггүй, тэгээд л эднийг үзвэр үзэхэд нь ийм тусгай вандан суудлыг энд байршуулдаг аж. Хана дагуу тавьсан энэ суудал тайзанд ойр юм. Хоёр Ёкозуно монгол сумочидтойгоо хамтдаа сууж концерт үзнэ лээ. Завсарлагаанаар Хакухо аварга гадаалсангүй, япон үзэгч фенүүдтэй гар барьсаар таарсан. Танхимд зураг авахыг хориглодог болохоор хүссэн япончуудад Хакухо аварга түүнийг нь сануулаад ачааллаа арай хөнгөлж байх шиг. Голдуу япон охид бүсгүйчүүд аваргатай гар барьж бөхөлзөөд л монголоор баярлалаа гэж хазгай муруй хэлээд одож байв. Зарим нь явахдаа “Сайн байна уу” гэж ч байх шиг. Бүгд л аваргад ганц хоёр монгол үг хэлэх гэж оролдоцгоох юм. Мэндчилгээний ийм цуваа удаан үргэлжлэв. Хажуугийн надад ч төвөгтэй санагдаж байв. Аварга харин өөрийн үүрэг гэж хандаж байх шиг байна лээ. Какурю аварга танхимын гадаах холл-д байсан болохоор зураг авахуулах оочер байж.Сумочид бүгд л маш сайхан концерт байна гэж магтаж байна лээ. Какурю аварга “Таван жил нутагтаа очоогүй, энэ концерт нутгаа санасан сэтгэлийг минь бүр гэгэлзүүлчихлээ” гэж ярив. Хоёрдахь хэсгийн тоглолтын эхэнд Н.Жанцанноровын “Чингисийн эр хоёр загал”, Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг” хэмээх алдартай бүтээлүүд эгшиглэлээ. Залгаад Ц.Сүхбаатарын “Цэцэг нуурын хөвөөнд” гэх цоглог аялгууг морин хуурч Р.Амарбаяр, Д.Оргил, Х.Батзаяа, их хуурч Л.Пүрэв-Очир нар хөгжимдөж үзэгчдийг өмнөх сонгодогуудынх нь гүн бодролоос бага шиг холдуулах шиг. Б.Шарав, Загдын Түмэнжаргал нарын “Монголын тал нутаг” хэмээх алдартай дууг Монгол улсын Дуурь бүжгийн академик театрын гоцлол дуучин Б.Энхнаран дуулж Эн Эйч Кэй-гийн танхимыг тэр чигээр нь монголын өргөн уудам цэлгэр тал нутагт аваачих шиг санагдав. Түүний дараагийн дуулсан “Ханава Саку”гэх дуу нь 2011 онд зүүн хойт Японд болсон газар хөдлөлт, цунамигийн гамшигт нэрвэгдсэн, сэргэх гэж мэрийж чармайж буй хүмүүст дэмжлэг болох гэсэн утгаар хийгдсэн бүтээл гэнэ. Дууны нэр нь “Хэзээ нэг өдөр цэцэглэнэ” гэсэн утга агуулдаг аж. Ш.Өлзийбаярын Морин хуурт зориулсан концертын 5 дугаарыг Морин хуурын олон улсын удаа дараагийн уралдааны шагналт, гоцлол морин хуурч Н.Жигжиддорж хөгжимдөж авъяас билгээ харуулав. Концертын төгсгөлд Н.Жанцанноровын “Нутаг минь, хүлэг минь” бүтээл эгшиглэлээ. Алга нижигнэж байв. Удирдаач, хөгжимчид мэхийн ёслоод тайзыг орхилоо. Алга нижигнэх нь улам бүр ширүүссээр... Бүгд л амны хаалттай болохоор хашгирах, шүгэлдэх энэ тэр эрх биш байхгүй юм. Эзэн хаан ч, бас хатан нь, манай Ерөнхийлөгч, гэргий нь, дагалдсан сайдууд ч бүгд л концертын туршид амны хаалттай сууцгаана лээ. Алга ташилт бараг гурав дөрвөн минут үргэлжилсэн байх, аргагүйн эрхэнд хөгжимчид тайзнаа эргэн ирж байр байраа эзэллээ. Дуурь бүжгийн театрын гоцлол дуучин Б.Энхнаран, Б.Монголхүү нар ч гарч ирлээ. Тэд тайзны ард давтаж сургуулилаад байсан Японы хүүхдийн 100 алдартай дуунд тооцогддог “Фүрүсато” гэдэг дууг дуулж япон үзэгчдийн санааг сая нэг амраав.

“Чандага хөөсөн тэр л толгод

Жараахай цулбуурдсан энэ л гол

Одоо ч сэтгэлд минь тодхон

Хэзээ ч үл мартам нутаг минь

Амар мэнд суугаа болов уу аав ээж минь

Ажил алба нь сайн биз дээ анд нөхөд минь

Бороонд салхинд ч

Бодогдсоор л байх юм төрсөн нутаг минь...

гэсэн нутаг орноо, аав ээжээ, дотно нөхдөө санасан сэтгэлийн сайхан үгтэй юм.

 

Хоёр дуучин тайзны ард “Фүрүсато” дууг их л хичээнгүйлэн ийн давтаж байгаад тайз руу одсон юм.

Тэгээд л танхим сая нэг тайвшрав. Тайзны ард янз янзын л яриа болж байлаа. Эзэн хааны тамгын газрынхан цаг хэтэрлээ гээд Эн Эйч Кэй-гийнхнийг, нөгөөдүүл нь манайхныг, зохион байгуулагчдыг зэмлэх янзтай байсан гэнэ. Гэсэн хэдий ч Морин хуурын чуулгынхан, Сато Норикогоор удирдуулсан зохион байгуулах албаныхан өндөр хариуцлагатай том ажлын ард гарсандаа бүгд л санаа амарч урт амьсгаа авцгаах шиг болно лээ. Хатагтай Сато Норико Эзэн хаан, хатан болон манай Ерөнхийлөгч, гэргий нарыг нь тоглолтын танхимд орж ирэхэд нь хүлээн авч суудалд нь суулгаж үйлчилсэн болохоор тэндээс хараахан хүрч ирээгүй байлаа. Тоглолтын дараа Соёлын сайд Ч.Номин, хөгжмийн зохиолч, Хөдөлмөрийн баатар эрхэм Н.Жанцанноров,Улсын филармоны захирал С.Баттулга нар тайзнаа ирж чуулгынхандаа баяр хүргэв.

 

-Таны олон ч бүтээл энд эгшиглэлээ, концертод та аль хэр сэтгэл хангалуун байна хэмээн хөгжмийн эрхэм зохиолчоос асуув. Тэрээр

-Миний бүтээл эгшиглэсэн энэ тэр гэхээсээ илүү Морин хуурын чуулга маань дэлхийн өндөр эрэмбийн энэ тайзан дээр тоглолтоо хийлээ гэдэг нь том бахархал, өндөр нэр төрийн хэрэг юм даа. “Эн Эйч Кэй”-д ингэж тоглоод концертоо бичүүлчихсэн байхад дэлхийн аль ч театр, аль ч концертын танхим асуудалгүй хүлээн авна, элдэв долоон шалгуур тавих ч үгүй, хүрч ирээд тогло гэж л урина. Манай чуулга дэлхийн өндөр эрэмбэтэй болж байна. Чуулгынхаа залуучуудаар, уран бүтээлчдээрээ бахархаж байна. Эзэн хаан ч, хатан нь ч бас энэ концертийг их талархаж үзэх шиг болно лээ. Эзэн хаан намайг таньж гар барьсан шүү. Манай дуурьт болсон тоглолтыг нь би зохион байгуулалцаж байсан юм. Түүнийг санаж цухас дурдаад авна лээ... ”гэв. Манайхны нэг нь “Эзэн хаан тантай бээлийтэй гар барьсан уу?” гээд асууж байна лээ. Н.Жанцандорж эрхэм “Бээлийгүй гар барьсан” гэж хариулав. П.Очирбат Ерөнхийлөгчөөс сэтгэгдлийг нь сонсов. Тэрээр сэтгэл бас л хангалуун байна лээ. “Өнгөрсөн гучин жилийн хугацаанд Морин хуурын чуулга маань дэлхийн таван тивийн олон орноор аялан тоглосны дотор Япон улсад хамгийн олон удаа ирж, Японы олон хотуудаар явж олон мянган үзэгч фэнүүдтэй болж байна. Өнөөдрийн энэ тоглолт оргил нь юм даа. Эзэн хаан нь хатантайгаа үзлээ, Монгол улсын Ерөнхийлөгч маань бас энэ дэлхийн нэр хүндтэй тайзанд нутгийнх нь чуулга, нутгийнх нь хөгжимчид дуучид хэрхэн яаж тоглохыг үзэж харлаа. Бүгд л сэтгэл хангалуун байх шиг надад санагдсан” гэж ярив. Концерт зохион байгуулагчид хөгжимчид, дуучиддаа “Эзэн хаан үзэж буй энэ концерт яг хааны тамгын албанаас зөвшөөрсөн цагт дуусах ёстой гэх шаардлага тавьж байна” гээд л жүжигчдээ хурдан түргэн гар, бараг л зарим бадгийг нь товчил гэх шахуу л яаруулж байна лээ, миний анзаарснаар. Япон үзэгчид салахгүй алга ташсаар байж манай дуурийн хоёр дуучныг дахиулчихлаа, Та Эзэн хаан болон манай Ерөнхийлөгч нарын ойр сууж концерт үзсэн байх, танд ямар нэг сөрөг юм мэдэгдэв үү? гэж намайг асуухад тэрээр: ”Ямар л сөрөг юм байв гэж, олон түмэн хүслээ, алгаа хорстол ташцагаалаа, Эзэн хаан ч ард олны тэр хүслийг дагаж таараа, манай хоёр дуучин ч япончуудын сэтгэлд хүртэл сайхан дуулсан болохоор л дахиулсан хэрэг ” гэж ярив. Тоглолт тарахад чуулгынханд баяр хүргэх гэж хүлээсэн монголчууд бас олон байлаа. Төрийн Хан хуурч, ерөөлч магтаалч, Ардын жүжигчин Ц.Цэрэндорж гуай энд ирчихсэн чуулгын хөгжимчин Б.Алтантуултай уулзаж баяр хүргэж байв.

 

Хүүхдүүд дээрээ ирээд хагас сар болж байгаа гэнэ. Хүү охинтойгоо концерт үзэж. Сэтгэл их хөдөллөө, тун сайхан концерт байна гэж ярьж байв. Ц.Батчулуун агсантай Төрийн Хан хуурч маань маш ойр дотно ажиллаж байснаа өгүүлж үйлсийг нь амжилттай үргэлжлүүлж буй ханьд нь баяр хүргэж байлаа. Б.Алтантуул хатагтай ч ханийн маань  хүсэл мөрөөдлийн нэг хэсэг нь биелэж байна гээд баяртай байв. Багш маань, хань маань “Эн Эйч Кэй”-гийн тайзан дээр чуулгынхнаа тоглуулах юмсан гэж хүсдэг мөрөөддөг байсан. Бид өнөөдөр энд амжилттай тоглолоо. Одоо ханийн минь  мөрөөдөж хүсдэг байсан дэлхийн том тайзнаас Австралийн Сидней Опер Хаус л үлдээд байна даа. Морин хуурын буян заяа их, манайхан тэнд очоод тоглолтоо хийх тийм сайхан өдөр ирэх байх аа... гэж тус чуулгын ёочин хөгжимчин СТА Б.Алтантуул ярьж байв. Япон дахь монголчуудыг нутаг усныхантай нь уулзуулсан, нутаг орныг нь санагалзуулсан, бас дэлхийн өндөр эрэмбийн тайзанд нэр төрөө  баталгаажуулсан Морин хуурын чуулгын тоглолт Токио хотноо ийн амжилттай өндөрлөв.

Д.Цэдэн-Иш.      

Эх сурвалж: www.polit.mn

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

3 цаг 36 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

7 цаг 23 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

7 цаг 38 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

7 цаг 45 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

7 цаг 55 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

12 цаг 1 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

12 цаг 1 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

12 цаг 31 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

13 цаг 52 мин