Казахстанд хөдөө аж ахуйн чиглэлээр оюутнууд сургах бүрэн боломж бий

2022-10-04
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонины “Элчин сайд ярьж байна” булангийн энэ удаагийн зочноор Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүүг урилаа.

 

-Юуны өмнө ярилцлагын урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та Элчин сайдаар томилогдоод жил гаруйн хугацаа өнгөрлөө. Ажил хүлээж авснаас өнөөдрийг хүртэлх жил гаруйн хугацааг дүгнэхэд хоёр орны харилцаа ер нь ямар шатанд байна вэ?

- Би 2021 орны аравдугаар сард Казахстанд Элчин сайдаар томилогдож ирсэн. Энэ оны хоёрдугаар сард Казахстаны Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. Үндсэндээ Казахстанд ирээд жил гаруй болсон байна. Казахстан бол манай улсын хилээс дөнгөж 40 гаруй километрийн цаана байрлах, Төв Ази дахь манай чухал түнш орнуудын нэг. Бид ЗХУ-ын үед Казахстантай нэлээн өргөн харилцаатай байсан. Монголоос олон залуучууд соёл боловсрол эзэмшиж байлаа. Дараа нь ЗХУ задарсны дараа Казахстан албан ёсоор тусгаар тогтнолоо зарласны дараахан буюу 1992 оны нэгдүгээр сарын 22-нд алба ёсоор дипломат харилцаа тогтоосон. Мөн тухайн жилдээ тэр үеийн нийслэл Алма-Ата хотод Монгол Улсаас анх удаа Элчин сайд суурьшсан бол 1997 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын элчин сайдын яам Улаанбаатарт үүдээ нээсэн байдаг.

Хоёр орны харилцаа сүүлийн үед нэлээд идэвхжиж байна. 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд Казахстанд айлчилсан нь харилцааг шинэ шатанд гаргасан гэж хэлж болно. Түүнээс хойш өнгөрсөн оны аравдугаар сард Гадаад харилцааны сайд, энэ оны тавдугаар сард Гадаад харилцааны дэд сайд мөн айлчиллаа. Энэ жилдээ багтаж Засгийн газар хоорондын дэд комиссоо хуралдуулахаар бэлтгэж байна.

Намайг ирэхэд суугаа оронд минь төдийгүй дэлхий нийтэд цар тахлын нөхцөл байдал нэлээд хүнд байлаа. Харин сүүлийн үед энэ байдал сайжирч, газрын хил ч нээгдлээ. Энэ оны гуравдугаар сараас эхлэн манай “Хүннү Эйр” компани долоо хоногт хоёр удаа шууд нислэг хийж эхэлсэн. Шууд нислэг үйлдэнэ гэдэг тухайн хоёр орны харилцаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Иргэд хоорондын урсгал, солилцоог нэмэгдүүлэхээс гадна бизнес эрхлэгчдэд ч шинэ боломжийг олгодог.

-Хоёр орны харилцаа ямар салбарт илүү эрчимтэй байна вэ?

-Нуулгүй хэлэхэд газар зүйн хувьд ойрхон боловч хоёр орны худалдааны эргэлт харьцангуй бага буюу ойролцоогоор 20 орчим сая ам.долларт эргэлдэж байна. Түүний 80 хувьд нь манай улс Казахстанаас гурил, гурилан бүтээгдэхүүн, цагаан будаа, тамхи зэргийг импортолж байна. Мөн сүүлийн үед жимс жимсгэнэ импортлох хандлагатай болсон. Монголын талаас мах, махан бүтээгдэхүүн, хивс хивсэнцэр, ноос ноолууран бүтээгдэхүүн экспортолж байна. Шууд нислэг нээгдсэнтэй холбоотойгоор бизнес эрхлэгчид олноороо ирж шинэ боломжийг хайснаар худалдааны эргэлт нэмэгдэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа.

-Худалдааны эргэлт бага байгаагийн гол шалтгаан, бэрхшээл нь юу байна?

-Тээвэр ложистикоос эхлээд хэд хэдэн саад бэрхшээл байгаа. Гэхдээ энэ онд болсон Гадаад харилцааны дэд сайдын айлчлалын дараа тулгамдаад байгаа асуудлуудаа шийдвэрлэх боломжийн талаар Казахстаны талтай нэлээд дэлгэрэнгүй ярьж, хамтран ажиллахаар болсон.

-Хоёр улсын хооронд эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх өөр ямар гарц байна вэ. Жишээ нь аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, жуулчдыг татахын тулд соёлын ямар ажлууд хийгдэж байна?

-Мэдээж суугаа орондоо Монголын аялал жуулчлалын салбараа сурталчлах нь бидний үндсэн үүрэг. Үүний хүрээнд ч тодорхой ажлууд хийж байна. Мөн “Казах Жиографи” гээд аялал жуулчлалын салбарт нэлээн нөлөөтэй төрийн бус байгууллага бий. Тэдний төлөөллийг Монголд аваачиж Казах хүний өнцгөөр Монголыг харах, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжуудыг судлаж байна. Аялал жуулчлал гэхээр дээр хэлсэнчлэн шууд нислэг маш чухал үүрэгтэй. Миний бодож явдаг нэг хүсэл бий. Тэр бол “Холын Казахстан ойртох болтугай” гэж. Одоогоор долоо хоногт хоёр удаа шууд нислэг хийж байна. Астана хот руу шууд нислэг үйлдэх боломжийг ч эндхийн компаниуд бас судалж байна. Агаарын харилцаа ингэж сайжирснаар зөвхөн иргэдийн урсгалаас гадна бизнес эрхлэгчдийг ойртуулдаг. Тэгэхээр олон монголчууд энд ирж энэ сайхан улстай танилцаасай гэж хүсч байна.

-Та энэ улсад ирээд бага биш хугацаа өнгөрсөн байна. Таны харж байгаагаар Монголд нутагшуулах шинэ ажил, санаачлага юу байна вэ?

-Казахстанд мал аж ахуй, тэр дундаа эрчимжсэн мал аж ахуй нэлээд өндөр төвшинд хүрсэн. “Каз биф” гээд брэнд болсон үйлдвэр байна. Эндхийн махны чиглэлийн үхрийг Монголд оруулж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бүрэн боломж байна. Ер нь ЗХУ-ын үед ч бид Казахын “Цагаан толгойт” үүлдрийн үхрийг Сэлэнгэ, Булган аймагт нутагшуулж байсан туршлагатай. Тухайн үед Монголын хүйтэн цаг уурт маш сайн тэсвэртэй, өндөр ашиг шимтэй үүлдэр байлаа. Үүнийгээ цаашид үргэлжлүүлж болж байна. Мөн Казакстан Улсаас ганд тэсвэртэй сайн чанарын үрийн буудайг Монголд нутагшуулах талаар ярилцаж байна. Мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр нарийн мэргэжилтнүүдийг Казахстанд бэлтгэх бүрэн боломжтой. Хөдөө аж ахуйн Их сургуулийн нэг хоёрдугаар курсын оюутнуудыг малын эмч, зоотехникч, агрономич, усжуулалтын менежмент зэрэг мэргэжлээр суралцуулах боломжтой. Казахстан Улсад дэлхийд дээгүүр ордог, олон улсын хэмжээнд диплом нь хүлээн зөвшөөрөгдсөн чанартай сургуулиуд олон бий. Монгол оюутнууд маань англи, орос аль аль хэл дээр суралцаж болно. Казахстаны Засгийн газар манайд жилд 25 оюутан сургах квот өгсөн. Харамсалтай нь манайх энэ квотыг бүрэн ашиглаж чадахгүй байна.

-Энэ квотоо ашиглаж чадахгүй байгаагийн гол шалтгаан юу юм бол. Хөдөө аж ахуйгаас гадна ямар чиглэлээр суралцах боломжтой вэ?

-Гол шалтгаан гэвэл монгол оюутнууд маань энэ боломжийг тэр бүр мэддэггүйнх юм болов уу. Ялангуяа дээр хэлсэнчлэн хөдөө аж ахуйн чиглэлээр сурдаг оюутнуудад боломж илүү байгаа гэж хардаг. Оюутан залууст хандаж хэлэхэд, БСШУ-аас зохион байгуулдаг нээлттэй шалгаруулалтад тэнцэж чадвал Казахстан Улсад хөдөө аж ахуйн бүх төрлийн чиглэлээр суралцах бүрэн боломж байна шүү.

-Манай сурвалжлах баг нийслэл Астана хотод ажиллаж байхад хот төлөвлөлт сайтай, маш цэгцтэй санагдсан.

-Тийм шүү. Астана хотын хувьд Улаанбаатар хоттой бараг ойролцоо хүн амтай мөртлөө түгжрэл болон агаарын бохирдол байдаггүй гэж хэлж болно. 2019 онд Улаанбаатар хот болон одоогийн Астана, тухайн үеийн Нурсултан хотын хооронд ах дүүгийн харилцаа тогтоох санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ санамж бичигт хот төлөвлөлтийн талаар нэлээд асуудал хөндсөн. Ерөнхийдөө нийтийн тээвэр маш сайн хөгжсөн, ногоон байгууламж сайтай сайхан хот шүү.

-Монголд өнөөдөр түгжрэл хамгийн тулгамдсан асуудал болчихоод байна. Бүр түгжрэлийн асуудал хариуцсан сайдтай боллоо. Та АНУ, БНСУ гээд хэд хэдэн улсад дипломат алба хашиж байсны хувьд бусад орнуудын түгжрэлээс ангижирсан туршлагыг тодорхой хэмжээнд мэдэх байх. Монгол Улс яавал түгжрэлээс хамгийн хурдан салах бол?

-Астана хотын хувьд бол анхнаасаа хот төлөвлөлтийг маш зөв хийсэн. Японы архитектор гол төлөвлөлтийг хийсэн юм билээ. Замын түгжрэлээс сэргийлсэн гүүрэн гарц зэргийг анхнаас нь маш сайн хийж чадсан. Нийтийн тээврийг маш сайн хөгжүүлсэн. Нийтийн тээвэр очоогүй газар гэж Астана хотод бараг байхгүй. Мөн та анзаарсан бол зам нь нэлээн өргөн, нэг талдаа 3-4 эгнээтэй, үүнийгээ түгжрэлтэй үед ухаалаг гэрлэн дохиогоор зохицуулж байгаа юм. Ачаалал ихтэй үед ухаалаг гэрлэн дохионы ачаар ачаалалтай урсгалаа хурдан явуулах, эгнээг нь нэмэх тэргүүн туршлага олон улсад байдаг.

-Энэ тэргүүн туршлагыг Монголд яагаад ашиглаж болохгүй байна вэ?

-Ухаалаг гэрлэн дохиог зөвхөн Казахстан ч гэлтгүй өөр олон улс ашигладаг болсон. Ачаалалтай замын улаан гэрэл асах хугацааг арай бага, ногоон гэрэл асах хугацаа арай их байлгах гэсэн үг л дээ. Мөн ухаалаг гэрлэн дохиотойгоо уялдуулж замын ачааллыг урсгалаар зохицуулдаг.

-Агаарын бохирдлыг яаж шийдсэн бол?

 -Астана, Алмата хотууд ногоон байгууламж ихтэй учраас агаарын бохирдол багатай. Эрчим хүчний гол эх үүсвэр нь атомын цахилгаан станц учраас агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээгээр ахиц авчирсан байх. Мөн тухайн хотын газар зүйн онцлог нөлөөлдөг болов уу. Астана хотын ойр 200 километрийн радиуст уул байхгүй учраас задгай салхитай, тэр хэрээр агаарын бохирдол бага юм билээ.

-Шатахууны үнэ атаархмаар хямд, Монголоос бараг хоёр дахин бага санагдлаа. Монгол руу түлш импортлох боломж байна уу?

-Манайх бас судлаж үзээд, Монгол руу хямдаар түлш эксортлох боломжийг хайсан. Гэвч шатахуун гэдэг ард түмний амьдралд шууд тусдаг, эмзэг асуудал учраас шатахууны үнийг Засгийн газраас нь онцгой анхаардаг. Намрын ургац хураалт, хаврын тариалалтын үеэр дизел түлшинд хязгаарлалт тогтоох үе ч бий. Тиймээс гадагшаа шатахуун экспортлохыг Засгийн газраас тодорхойгүй хугацаагаар хориглочихсон учраас хямд шатахуун импортлох боломж жаахан хомс байна.

-Казахстанд амьдарч байгаа монголчуудын  нөхцөл байдал хэр байна. Хэр олон монголчууд энд амьдардаг вэ?

-Одоогийн байдлаар Бүгд Найрамдах Казахстан Улсад Монголын 4000 орчим иргэн оршин сууж байна. Хоёр орны иргэд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих эрхэй. Тийм учраас 90 хоногийн визтэй ирж буй хүмүүс ч олон. Нэг сонирхолтой статистик дурдахад 1992 оноос хойш Монголын 60 гаруй мянган иргэн БНКУ-д ирж, тэднээс 58 мянга орчим нь Казахстаны иргэн болсон. Харин 1811 хүн Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээсэн тоо баримт байдаг.

Монгол Улсын иргэд бичиг баримт шинээр авах, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах, гэрлэлтээ батлуулах, төрсний гэрчилгээ авах зэргээр консулын бүх төрлийн үйлчилгээ авч байна. Манай Консулын газар багагүй ачаалалтай ажилладаг ч эх орноосоо хол байгаа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах нь бидний гол үүрэг учраас үүнд бид тусгайлан цаг гаргаж аль болох хөнгөн шуурхай ажиллахыг хичээдэг.

-Хоёр орны хувьд шашин шүтлэг өөр боловч түүх соёл, хөгжлийн төвшин бүр цаашлаад угсаатны зүй талаасаа ч ижил төстэй байсан цаг саяхан. БНКУ өнөөдөр бодитоор томоохон бүтээн байгуулалт өрнүүлсэн, хөгжлийн хувьд ч Монголоос нэлээд хол тасарсан санагдаж байна. Үүний гол шалтгааныг та юу гэж боддог вэ?

-Казахстаны нэг хүнд ногдох ДНБ нь 9600ам.доллар буюу ойролцоогоор 10 мянга орчим ам.доллар байна. Мэдээж энэ улсын гол орлого бол нефьт газ, уран гэх мэт уул уурхайн баялгаас олж буй ашиг байдаг. Манайхаас ялгаатай нь тэд баялгийн сантай, орлогынхоо ихэнх хувийг баялгийн сандаа байршуулж, иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэх, хот байгуулалтаа шийдэх зэргээр зөв зарцуулдаг.

Үндсэндээ Казахстаны хурдацтай хөгжиж байгаагийн гол шалтгаан нь баялгийн сангаас дэд бүтцийг сайжруулахад онцгойлон анхаардаг. Казакстаны Засгийн газраас 2030 он гэхэд дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэх 50 орны нэг болох зорилт тавьсан, үүнийхээ хүрээнд томоохон шинэчлэлтүүд ч хийж байна лээ. Нийслэл хотынхоо нэрийг Нурсултан байсныг Астана болголоо, Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг энэ арваннэгдүгээр сард багтааж хийхээр боллоо. Ингэхдээ Ерөнхийлөгч нь нэг удаадаа долоон жилээр сонгогдохоор болж байна гэх мэтээр өөрчлөлт, шинэчлэлтүүд хийсээр байгаа.

-Саяхан Астана хотод Дэлхийн болон уламжлалт шашны удирдагчдын долдугаар их хурал боллоо. 30 жилийн өмнө Тусгаар тогтнолоо зарласан энэ улс өнөөдөр олон улсад явуулж буй гадаад бодлого, эдийн засгийн чадамж, хөгжил цэцэглэлтийн хувьд биднээс түрүүнд алхах боллоо. Өөрсдийгөө ч  Төв Азийн хурдтай хөгжиж буй улс хэмээн зарлаж, цаашлаад Евразийг холбосон томоохон гүүр болохуйц улс болно хэмээн зарлалаа. Нэг талаар энэ амбиц бидэнд хамааралгүй мэт боловч нөгөө талаас Тусгаар тогтнолын 100 жилээ тэмдэглэсэн гэхэд Монголын минь хөгжил арай чамлалтай байгаа санагдах юм. Та үүнтэй хэр санал нийлэх вэ?

-Олон улсын нөхцөл байдал амаргүй байна. Энэ эгзэгтэй үед дэлхийн шашны удирдагчид дайн дажныг зогсоох арга замыг хайж, энх тайвныг сахин хамгаалах талаар цуглаж ярилцлаа. Дэлхийн хүн гэгддэг Ромын пап зорьж очно гэдэг шууд бус утгаараа энэ улсыг сурталчлаад явж байгаа хэрэг. Казахстан Улсын хувьд ч олон улсад нэр хүндээ бэхжүүлэх, гадаад харилцаанд эзлэх жингээ нэмсэн томоохон ажил боллоо гэж харж байна. Ялануяа Ромын пап Франциск өөрийн биеэр ирсэн нь энэ жилийн чуулганыг хэр ач холбогдолтой байсныг давхар харууллаа. Казахстан бол олон үндэстний орон. Ихэнх нь исламын шашин шүтдэг хэдий ч тодорхой тооны хүмүүс Христийн шашинтай. Тэгэхээр шашны талаас ямар нэг дарамт байхгүй, олон үндэстэн энх тайван оршин байдаг нээлттэй улс гэдгээ зарлалаа. Товчоор хэлэхэд, Казахстаны зөөлөн хүчний бодлогын эерэг тал юм  уу даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 192 (6924)

 

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

39 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

46 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

1 цаг 0 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

1 цаг 22 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

5 цаг 45 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

5 цаг 50 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

6 цаг 0 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

6 цаг 5 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

6 цаг 10 мин
Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт

СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

6 цаг 15 мин