Ч.Амарбаясгалан: Ятга хөгжимд хүнийг тайвшруулах гайхалтай увидас бий

2022-08-19
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Хүний сэтгэлийг уяраах гайхал­тай аялгуу ятга хөгжимд оршдог гэлтэй. Хөгжмийнхөө хэмнэлийг мэдэрч, чавхдасыг ами­луулан, бусдад түгээж буй ятгачин бүсгүйн биеийн хэлэмж гарын хөнгөн товшилттой хослон дэндүү үзэсгэлэн төгөлдөр харагддаг билээ. Тиймээс энэ удаагийн “Өөр зочин” буландаа Монгол түм­ний гайхалтай өв соёлыг дэл­хийд түгээн, дэлгэрүүлж яваа “Хөсөгтөн” хамтлагийн ятгачин, СУИС-ийн багш Човжоогийн Амарбаясгаланг урилаа.

 

-Алс баруун хязгаараас эхлээд 21 аймаг, нийслэлийн өв тээгчид, иргэд,  жуулчид цугласан “Нүүдэлчин Монгол-2022” наадамд “Хөсөгтөн” хамтлаг ая дуугаа өргөсөн. Тухайн мөчид ямар мэдрэмж төрж байв?

-Монгол үндэстний өв соёлыг сурталчилж, таниулсан өргөн дэлгэр сайхан наадам болж өндөрлөлөө. Монголынхоо үзэсгэлэнт байгальд ардын урлагийн үзүүлбэрээ үзүүлэхэд бахдам сайхан санагдсан.

Тоглолтын дараа Ховд нутгийнхаа өв уламжлалын гэрээр ороход, нутгийнхан маань хуримлах зан үйл хийж байгаатай таарсан нь бэлгэшээлтэй байлаа. Нутаг нутгийн өв уламжлал, ёс заншил дахин давтагдашгүй гайхалтай мэдрэмжийг өгсөн.

-Та Ховд нутагт төрж өссөн. Ятга хөгжмийг бусдад түгээх мэдрэмж тань төрж өссөн орчноос эхтэй болов уу?

-Манайх Ховд аймгийн Булган сумын Торгууд айл. Би хүүхэд байхаасаа хуучны гайхалтай ая, аялгуутай дуу хуурыг сонсож өссөн. Одоо ч би хуучны дуунуудаас  хөгжимдөх дуртай. Үг нь хүнд ухаарал өгдөг гайхалтай үнэ цэнтэй шүү. Би дөрөвдүгээр анги хүртлээ Булган сумандаа сурсан. Тухайн үед ах, эгч нар маань ятга, ёочин, мандолин, гитар тоглоно. Тэгээд би ах эгч нарыгаа дагаж гитар, мандолин тоглож сурсан. Гэртээ хөгжмөө тоглоод, дуулаад, концерт үзүүлдэг байлаа. Ер нь их уран сайханч гэр бүл байсан. Тиймээс намайг ятгатай нөхөрлөхөд өссөн орчин, ах эгчийн сонирхол их нөлөөлсөн гэж хэлж болно. Би нэгдүгээр ангийнхаа үсэглэлийн баяраар “Янзага” дууг ятгаар тоглож, ангийн хүү Энхбат дуулж байсан. Одоо бид хоёулаа урлагийн салбарт ажиллаж байна.

-Тэгэхээр гэр бүлийн тань орон зайгаас урлагийг ялгаж салгахын аргагүй бололтой?

-Тийм шүү. Ах маань надад анх ятга хөгжим авчирч өгөөд зааж байлаа. Тухайн  үед миний хурууны өндөг цэврүүтээд уйлаад л ээж дээрээ очиж байсан ч хөгжмөө тоглож сурах хүсэл мөрөөдлөө орхиогүй. Энэ тухай ах маань “Өглөө нь нэг ая зааж өгөөд орой ажлаасаа ирэхэд сурчихсан байдаг. Тэгээд өөр ая заагаад өгөөч гэж гуйдаг байсан” гэж сүүлд дурсаж ярьсан байдаг юм. Тиймээс ах минь намайг урлагийн хүн болж магадгүй гэж бодсон гэдэг. Радиогоор Хөгжим бүжгийн коллеж элсэлт авч байгааг сонсоод намайг дагуулаад 1800 км-ийн цаанаас хот руу ирж байлаа. Ах бид хоёрыг хотод иртэл сургуулийн бүртгэлийн  хугацаа дуусчихсан байв. Сургуулийн коридорт учраа мэдэхгүй зогсож байтал нэг эмэгтэй ирээд миний хуруу, гарыг харснаа эргээд яваад өглөө. Дараа нь тэнхимийн эрхлэгч намайг дуудаад “Энэ хүн чиний багш шүү” гэлээ.  Тэгсэн нөгөө миний хуруу гарыг  хараад явсан хүн байсан. Энэ хүн бол надад ятга хөгжмийн мэргэжлийн суурийг зааж өгсөн Д.Нарантуяа багш маань юм. Багшийнхаа удирдлагад сар хичээллээд сарын дараа элсэлтийн шалгалтаа амжилттай өгч, багшийнхаа шавь болж, сургуульдаа элсэн орж билээ.

-Таныг урлагийн замд хөтөлсөн хүн нь таны ах юм байна. Ах тань мөн ятга сайн тоглодог байсан уу?

-Миний амьдралын замыг чиглүүлсэн хүн яахын аргагүй миний ах Ч.Амгаланбаяр. Ах маань  ятгаа тоглоод сууж байхдаа үнэхээр сайхан харагддаг, бас сайхан дуулдаг хүн байсан. Миний дотроо бодож явдаг хүсэл зорилгын нэг бол уран бүтээлдээ ахыгаа мөнхрүүлэх юм сан гэж. Тиймээс хийхээр зорьж, бодож төлөвлөсөн зүйл бий.

-Ятга хөгжмийг мэргэжлийн түвшинд тоглож сурахын тулд хэр хугацаа зарцуулсан бэ?

-Ер нь хамгийн багадаа 6-10 жил сурч байж мэргэжлийн хөгжимчний ур чадварыг эзэмшдэг. Урт хугацаа зарцуулдаг их нарийн мэргэжил. Миний хувьд олон мэргэжлийн багш нарынхаа арга ухаанаас суралцаж, энэ мэргэжлийг эзэмшсэн. Д.Нарантуяа багш маань сурагчдадаа өндөр шаардлагатай тавьдаг байсан бөгөөд хоёрхон жилийн хугацаанд их зүйл зааж сургасан. Дараа нь Д.Алтантуул багш, тэгээд СУИС-ийн Ч.Баасанхүү  багшийн мэргэжлийн арга барилаас суралцаж 2007 онд сургуулиа төгссөн.

-Одоо та өөрөө  СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багшаар ажиллаж байгаа. Ямар арга барилаар шавь нартаа зааж сургадаг вэ?

-Монголын гайхалтай өв соёлын нэг ятга хөгжимтэй амьдрал минь холбогдсон учраас ятгын уран бүтээл, боловсон хүчин бэлтгэх, урын санг баяжуулахад өөрийн чадахаараа хувь нэмрээ оруулаад явахыг хүсэж багшилж эхэлсэн. Багшийн мэргэжил хүнээс их ухаан шаарддаг, хариуцлагатай ажил. Би өөрт байгаа мэдэж чадах зүйлээ харамгүй заахыг хичээдэг. Оюутнууддаа хичээл заахдаа амаараа ингэж тоглох хэрэгтэй гэж хэлэхээс илүү өөрөө хөгжимдөж үзүүлдэг. Мөн оюутнуудынхаа сонсох гарын авлагыг баяжуулахыг тулд Монголын хөгжмийн зохиолчдын болон өрнийн сонгодог бүтээлүүд багтсан сонсох гарын авлагын цомгийг төгөлдөр хуурч Ч.Отгонцэцэг багштайгаа хамтран гаргасан.

-Эрэгтэй хүүхдүүд ятга хөгжим сонирхох нь хэр байдаг вэ. Эрэгтэй шавь бий юу?

-Эрэгтэй шавь бий. Ер нь эрэгтэй хүүхдүүд ятга тоглохдоо илүү бядтай, төвлөрөл сайтай байж чаддаг. Монголын анхны мэргэжлийн 16 ятгачны дөрөв нь эрэгтэй байсан. Эрэгтэй ятгачид маш содон ховор харагддаг.

-Үндэсний урлагийн их театрт ажилладаг байсан. Мэргэжлийн үүднээс их зүйлийг сурч мэдсэн хугацаа байсан болов уу?

-Сургуулиа төгсөөд ажлын гараагаа Үндэсний урлагийн их театраас эхэлсэн. Үе тэнгийн охидтойгоо нэгэн газраас ажлын гарааг эхлүүлсэн миний амьдралын дурсамжтай сайхан мөчийн нэг. Мөн энэ үеэс “Хөсөгтөн” хамтлагийнхантайгаа холбогдсон.

-Язгуур урлагийн өв соёлыг түгээж яваа “Хөсөгтөн” хамтлаг байгуулагдаад 14 жил болжээ. Хамтлагаараа тайзан дээр үзүүлбэрээ үзүүлэх мөч давтагдашгүй цаг хугацааны нэг байх?

- Том, жижиг тайз гэж байхгүй.Тайз бүхэн шинэ гайхалтай мэдрэмжийг өгдөг. Бусад улс оронд уран бүтээлээ толилуулаад явахад Монгол гэсэн нэрээрээ овоглодог учраас их хичээж, бэлтгэл сургуулилтаа хийдэг. Хүмүүст уран бүтээлээ хүргэсний дараа  баярлаж, догдолсон алга ташилтыг мэдрэх цаг бол гайхалтай. Тайзан дээр бие биеэ мэдрээд, ая хөг нь таараад хөгжимдөх сайхан. Эх орныхоо язгуур урлагийг  бусад улсад сурталчилж, гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудтайгаа үндэсний урлагаараа уулзах нь сайхан мэдрэмжийн нэг. Гадаадад байгаа монголчууд маань эх орноо их санасан байдаг. “Алтаргана” дуу дээр маш их уйлдаг. Гадаадад олон жил амьдраад монголдоо амрахаар ирсэн эгч маань “Та нар  ямар гоё амьдарч байна. Өв соёлоо тээгээд, дуртай ажлаа хийгээд, завгүй явж байгаа чинь хүртэл  утга учиртай байна” гэж хэлсэн.

- “Хөсөгтөн” хамтлагийн “Авьяаслаг Азиуд” шоуны үзүүлбэр шүүгчид болон үзэгчдийг огшоосон. Энэ тоглолтод та анх удаа тайзан дээр дуулсан гэсэн үү?

-Манай хамтлагийнхан бүгдээрээ хөгжмөө тоглонгоо давхар хөөмийлж, дуулдаг. Харин миний хувьд зөвхөн ятгаа тоглодог байсан. Дуулж эхлэхэд эхэндээ  хөгжмөө  тоглоход  хоолой сонсогдохгүй, эсвэл дуулахдаа илүү их анхаарахаар хөгжим нь хаягдчих гээд байсан хэцүү байсан. Дуулах, хөгжимдөх хоёрыг нэгэн зэрэг хийхээр их мэдрэмж, хяналт шаарддаг юм байна гэдгийг ойлгосон. Бусдынхаа үүргийг илүү ойлгосон гэх үү дээ. Одоо гайгүй зүгшрэх гээд л байна.

-Ятга хөгжмөөс хүн ямар мэдрэмжийг илүү авах боломжтой вэ?

-Ятга хөгжмийг ойроос сонсвол хүнийг тайвшруулах их увидас оршдог. Хүмүүс ятгын гайхалтай хөг аялгууг ойроос сонссоны дараа ямар гайхалтай дуугардаг юм бэ гэж догдолж, сэтгэл нь хөдөлж байхыг олон харсан. Ятга их  баялаг хөгжим учраас бүх л төрлийн ая, аялгууг тоглох боломжтой. Түүхэн эх сурвалжид ятгыг төрийн хүндэтгэлийн хөгжим байсан хэмээн бичсэн байдаг.

-Монголоос өөр ямар улсад ятга хөгжим хөгжсөн байдаг вэ?

-Хятад, Солонгос, Япон, Вьетнам зэрэг азийн улс орнуудад ятга өндөр хөгжсөн байдаг. Улс орон бүр үндэсний сэтгэлгээ нь шингэсэн хөгжимдөх арга барил, хөг хөглөгөөний онцлогтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 159 (6891)

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Өчигдөр 18 цаг 01 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

Өчигдөр 14 цаг 14 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

Өчигдөр 13 цаг 59 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өчигдөр 13 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Өчигдөр 13 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин