Монгол туургатны хэмжээнд 22 эмэгтэй хөөмийч бий

2022-08-11
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” сэдвийн хүрээнд цуврал нийтлэл хүргэж байгаа билээ. Бид энэ удаагийн дугаартаа Монголчуудын эртний өв соёл болох хөөмийн урлагийн тухай хөндөж байна. Ялангуяа Монголд цөөхөн байдаг эмэгтэй хөөмийчидтэй ярилцаж, энэхүү урлаг нь зөвхөн эрэгтэйчүүдийнх биш хүсвэл эмэгтэй хүн ч энэ урлагаар хичээллэж, хөг аялгуу эгшиглүүлэх боломжтой. Харин эмэгтэй хөөмийчдийг  бусдад таниулж, дэмжихэд төрөөс ямар зохицуулалт хийж, бодлого боловсруулах ёстой вэ гэдгийг хөндөхөөр зорилоо. 

 

 

“Хөөмий Хүннүчүүдээс эхтэй” 

 

Хөөмий бол Монгол туургатны соёлын их өв, биет бус соёлын төрөл юм.Энэхүү урлагийг тухайн хүний ам болон хамрын амьсгалаар авсан хийг өгүүлэх эрхтний оролцоотойгоор цээжний хөндийн амьсгалаар хөөрөгдөн цохилт, доргио үүсгэн цуурайтуулж, ая, хөг, эгшиг үүсгэн хөгжимдөх гэж тайлбарлаж болох. Монгол Улсын хэмжээнд хөөмийн ухаанаар мэргэшиж, судалгаа хийсэн хүн нь МУИС-ийн Урлаг судлалын хөтөлбөрийн багш, доктор, дэд профессор Л.Хэрлэн ажээ. Тэрбээр “Хөөмийг орчин үежүүлж,  тайзан дээр анх гарснаар нь ярихад 1950-аад оны үеэс Ховд аймгийн Чандмань сумаас үүсэлтэй гэх нь бий. Зарим эх сурвалжид энэ урлагийг Монгол, Өвөрмонгол зэрэг олон ястан, үндэстнээс үүсэлтэй гэдэг. Гэхдээ үүнийг би Монгол туургатны өв их соёл гэж үздэг. Судлаад үзэхэд хөөмий нь нүүдэлчин малчдын өв юм. Ялангуяа малтай харилцах ухаанаас үүссэн гэж хэлж болно. Буга, бух хүртэл хөөмийлдөг. Бухын доороос унжсан хэсэгхэн арьсыг хөөмий гэдэг юм билээ. Үүнээс гадна мал ахуйтай харилцах энэхүү зан үйл нь цэвэр нүүдэлчдэд л байдгаараа онцлог. Олон эх сурвалжаас судлахад Герман, Англи, Франц гээд суурин ард түмний дунд өвөрмөц авиа гаргах нь  хөөмий гэдэг нэрээр бус өөр нэршлээр тайлбарласан баримтуудтай таарч, уншиж байлаа. Харин миний судалгаагаар хөөмий нь Хүннүчүүдээс эхтэй. Учир нь Хүннүчүүдийн дунд цуурын дуу гэж байж. Тэр нь хүннүгийн цэргүүд цагаан хэрэмний ойролцоо очоод сонин авиа гаргаж  харилцаж байсан тухай Хятадын хоёр жанжин хоорондоо сонин болгон ярьж, захиа бичилцэж байсан баримт олдсон. Мөн Монголчууд бод малтай харилцахдаа тэдэнтэй адилхан дуу авиа гаргаж, урин дууддаг байсан гэх баримт бичиг түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг” гэсэн юм. Хөөмийг 2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэсэн ажээ. Хөөмийн урлаг гэхээр бид эрэгтэй хүнээр төсөөлөх нь бий. Гэвч энэхүү урлагаар эмэгтэй хүн ч амжилт гаргах боломжтой. 

 

 

Хөөмийн ангид нэг эмэгтэй оюутан суралцаж байна

 

Монголын анхны эмэгтэй хөөмийч нь дуучин Г.Алимаа юм. Түүний хувьд одоогийн Үндэсний урлагийн их театрт ажиллаж байхдаа буюу 1997-1998 оны үед Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Одсүрэн багштай багш, шавийн барилдлагатай болж, хөөмий сурч эхэлсэн байна. Тиймээс энэхүү уран бүтээлчийг Монголын анхны мэргэжлийн эмэгтэй хөөмийч гэж үзэхэд болох аж. Мөн түүний дараагаар өдгөө Германд амьдардаг П.Өсөхжаргал болон одоогийн МУИС-ийн Урлаг судлалын хөтөлбөрийн багш, доктор, дэд профессор Л.Хэрлэн нар Б.Одсүрэн багшийн шавь болж хөөмий сурснаар Монголын эмэгтэй хөөмийчдийн буухиа тэр үеэс өнөөг хүртэл тасраагүй байна. СУИС-д 2004 оноос хөөмийн ангийг албан ёсоор байгуулсан билээ. Хөөмийг Монголчуудаас гадна Өвөрмонгол, Тувагаас эмэгтэй оюутан ирж сурдаг ажээ. Энэ тухай СУИС-ийн сургалтын албанаас тодруулахад “Манай хөөмийн ангид гадны оюутнууд ирж суралцах сонирхолтой байдаг. Ялангуяа Өвөрмонголоос их олон хүүхэд ирдэг. Одоогийн байдлаар бакалавр, магистартайгаа нийлээд 20 гаруй хөөмийч төгсөөд байна. Үүнээс 10 гаруй нь охид” гэсэн юм.  Харин Монгол оюутнуудтайгаа нийлээд тус сургуулийг одоогийн байдлаар 22 эмэгтэй хөөмийч төгсжээ. Энэ онд хөөмийн ангид Хөвсгөл аймгаас нэг эмэгтэй оюутан суралцаж байгаа юм байна. Тэрбээр энэ есдүгээр сард хоёрдугаар дамжаанд орох аж.   

 

 

“Эмэгтэй хөөмийч эрэгтэйгээсээ харгиа хөөмийгөөр илүү дуугардаг”

 

Монголын хөөмийн урлагийн хөгжил,  сургах арга барил, эмэгтэй хөөмийчдийн тухай сэдэв хөндөхөд Урлагийн гавьяат зүтгэлтэн, МУИС-ын Ардын урлаг судлалын тэнхимийн багш,  СУИС-ын хөөмийн багш Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Одсүрэн багшийн тухай бичихгүй байж боломгүй. Учир нь ардын урлаг, тэр дундаа хөөмийн чиглэлээр сурч төгссөн бүхий л мэргэжилтний ихэнх нь энэ эрхэм хүний шавь байдаг ажээ. Б.Одсүрэн “Эмэгтэй хүүхэд хөөмий сурахад эрэгтэй хүүхдээс ялгарах зүйл бараг байдаггүй. Эмэгтэй хөөмийч бүр эрэгтэйгээсээ харгиа хөөмийгөөр илүү дуугардаг. Гэхдээ хүн бүхэнд аав ээжээс заяасан өгөгдөл гэж бий. Миний хувьд хүүхэд шалгахдаа тухайн өгөгдлийг нь түрүүлж хардаг. Түүнээс хүн бүхнийг чадна гээд орилуулаад байж болохгүй. Энэ жил манай хөөмийн ангийг нэг Өвөрмонгол охин төгссөн. Миний шавь нараас олон эмэгтэй хөөмийч мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна. Анхны шавь нарын нэг П.Өсөхжаргал маань Германд 20 гаруй жил хөөмийлчихлөө. Багшийн хувьд бусад шавь нараа ч олон улсад гараасай, Монгол эмэгтэйн хоолойны царыг дэлхийд гайхуулаасай гэж хүсдэг. Даанч тэднийг минь дэмжсэн төрийн бодлого, хөтөлбөр гэж алга. Соёлын яамны зүгээс хөөмийн урлагийг тусгайлан анхаарч авч үзээсэй гэж хүсэж байна” гэсэн юм.   

 

 

Эмэгтэй хөөмийчдөд чиглэсэн зөв менежмент алга 

 

Үнэхээр Монголын соёлын биет бус өвийг, тээж яваа эмэгтэй хөөмийчдөө  дэмжиж, олон улсад сурталчилж чадвал Монголын язгуур урлагийг дэлхийд таниулах содон өнгө төрх болж болох юм. Энэ тухай доктор, дэд профессор Л.Хэрлэн “Хөөмийн урлагийг биологи болон урлаг талаас нь тайлбарлаж болно. Хүйсийн хувьд эрэгтэй эмэгтэй хүн ялгаагүй л хоёулаа уушгитай.  Авиа гарч байгаа болохоор төвөнх байгаа. Тиймээс эмэгтэй хүн хөөмийлөх бүрэн боломжтой. Хөөмий гэдэг нь багалзуурын дотор болон гадна талд шахалт авиа үүсгэж байгаа булчингийн тэлэлтийг хэлдэг. Манай Ч.Баяржаргал барилддаг байсан, тэнхээтэй тул их чанга дуугарч хөөмийлдөг онцлогтой. А.Ундармаа ятгачин учир өнгө их сайн, мэдрэмжтэй санагддаг юм. Урлаг талаасаа хөөмийчин дуучидтай яг адил. Хэн сайн өнгө гаргаж, хэн чин сэтгэлээсээ мэдэрч, цэвэр хөөмийлж байна гэдэг их чухал. Харин энэ уран бүтээлчдийг чиглэсэн зөв менежмент алга. Магадгүй бодлогын хэмжээнд эмэгтэй хөөмийчдийг дэмжээд, олон улсад гарах гүүр болж өгвөл дэлхийн зах зээлд маш эрэлттэй, содон модель болно” гэсэн юм. Соёлын яамнаас язгуур урлаг тэр дундаа хөөмийчдөд чиглэсэн тусгай бодлого бий эсэхийг тодруулахад албаны эх сурвалж “Язгуур урлагийн тухай Соёлын яамны бодлогыг Соёлын өвийн үндэсний төв хариуцаж, ажилладаг. Энэ төвд яг хөөмийн урлаг руу чиглэсэн мэргэжилтнүүд бий. Хөөмий бол Соёлын биет бус өвийн Ардын язгуур урлагийн нэгэн бүлэг гол төрөл юм. Тиймээс энэ урлагаа дэмжих, дэлгэрүүлэх тал дээр Соёлын яам цогц бодлоготой ажиллаж байна. Манай судлаачид хөөмийг исгэрээ, шахаа, хархираа зэрэг 3-6 төрөлд ангилан үздэг юм билээ. Төрөл бүрд нь бид судалгаа хийж байна” гэсэн юм.

 

Хөөмийг мэргэжлийн түвшинд сурч, энэ урлагийг дэлгэрүүлж, олон улсад сурталчилж яваа эмэгтэй хөөмийчдийн сэтгэгдлийг хүргэе. 

 

 

Хөөмийч, Урлаг судлаач Ч.Баяржаргал: ХӨӨМИЙГ ГАДНЫ ҮЗЭГЧИД ГАЙХАЖ ХҮЛЭЭЖ АВДАГ

-Монголд цөөхөн эмэгтэй хөөмийч  бий. Ихэнх нь гадаадад уран бүтээл хийдэг. Би 2007 оны эхээр СУИС-д Урлагийн гавьяат зүтгэлтэн Б. Одсүрэн багшид шавь орсон. Тэр үеэс өнөөдрийг хүртэл зөвхөн хөөмийлөөд зогсохгүй судалгааны ажил хийж байна. Хөөмийлөхөд  хүйс ямар ч хамаагүй.  Бэлтгэлээ сайн хийхэд эрэгтэй хүмүүстэй яг адилхан дуугарна. Харин саяхнаас миний араас хэд, хэдэн эмэгтэй хөөмийч СУИС-ийг төгссөн гэж сонссон. Зөвхөн Монголчуудаас гадна Өвөрмонгол, Тува, Хятадаас олон оюутан ирж хөөмий сурч байгаа. Миний хувьд Монголын соёлын өв болсон энэ баялгийг үргэлж түгээн дэлгэрүүлж, хүмүүст ойлгуулж, хүүхдүүдэд зааж, өвлүүлэхсэн гэсэн бодол тээж явдаг. Тиймээс Завхан аймгийн хүүхэд багачуудыг сургалтад хамруулж тоглолт, хийж байлаа. Өөрөө хөгжим техникээ үүрээд замын унаанд дайгдаад олон ч газраар явж хөөмийгөө сурталчилсан. Хөөмийг гадны үзэгчид их гайхаж хүлээж авдаг. Зарим нь бүр тоглолт дууссаны дараа амандаа хөгжим хийчихсэн юм уу гээд шалгаж байсан удаатай. Тиймээс энэ их өв болсон урлагаа улам дэлгэрүүлмээр байна. Ялангуяа дунд сургуульд бие даасан ардын урлагийн боловсрол олгох цогц хөтөлбөртэй болчихвол хүүхэд багачууд илүү их сонирхох байх. Үүнийг төр анхааралдаа аваасай.

 

Ятгачин, урлаг судлаач, хөөмийч А.Ундармаа: ЯЗГУУР УРЛАГИЙН ЦОГЦ БОДЛОГО ХЭРЭГТЭЙ   

-Би 2004 онд МУИС-ийн урлаг судлаачийн ангид орохдоо хөөмийн урлагийг давхар судалж, сурч эхэлсэн. Анх өөрийгөө хөөмий сурна гэдэгтээ итгэлгүй байсан. Харин урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Одсүрэн багш суурийг минь их зөв тавьж, зааж сургасан гэж боддог. Багш намайг МУИС дээр бэлдэхээс гадна СУИС дээр хөөмийн анги нээгдэхэд тэнд давхар бэлдэж эхэлсэн. Эрэгтэй эмэгтэй хөөмийчдийн ялгарах гол онцлог нь хоолойны бүдүүн, шингэн өнгө. Түүнээс адилхан л хөөмийлж чадна. Би 2005 онд олон улсын хөөмийн уралдаанд оролцож, гоцлол төрлөөр алтан медаль авсан. Үүнээс гадна 2006 онд одоогийн Үндэсний урлагийн их театраас надад ажиллаач гэсэн санал тавьж байлаа. Би театртаа ажиллаж байгаад Солонгос руу сургуульд явахын тулд чөлөө авсан юм. Бид язгуур урлагаа сурталчилж, эмэгтэй хөөмийчдөө таниулахын тулд эхлээд ардын урлагаа ойлгодог үзэгчдийг бодлогын хэмжээнд бэлтгэх ёстой гэж бодож байна. Жишээлбэл, Солонгост бага ангиас дунд анги руу дэвшиж суралцахын тулд үндэсний урлагаасаа нэгийг сонгож судалж, суралцаад шалгалт өгдөг юм билээ. Мөн ардын урлагийн дугуйлан их байдаг. Энэ бол тухайн улсын бодлого шүү дээ. Үүнтэй адил язгуур урлагийн цогц бодлого хэрэгтэй байна.  

 

Ховд аймгийн Хөгжимт драмын театрын хөөмийч Д.Золзаяа: БИДЭНД ЧИГЛЭСЭН ТӨРИЙН БОДЛОГО, ДЭМЖЛЭГ БАЙХГҮЙД ХАРАМСДАГ

-Миний хувьд багаасаа урлагт дуртай, дуулж бүжиглэдэг, хөгжим тоглодог хүүхэд байсан. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, 2016 онд СУИС-ийн Үндэсний язгуур урлагийн ангийг төгссөн. Намайг хөөмийн ангид орсноос хоёр жилийн дараа Өвөрмонголоос оюутнууд элсэж орсон. Түүнээс өмнө дөрвөн дамжаа дундаа ганц эмэгтэй оюутан байсан. Харин Өвөрмонголоос бакалавраар Анужин, Хишгээ, Нарантуяа, магистарт Толь, Цацраг зэрэг зургаан эмэгтэй миний дараа төгссөн байдаг. Бидний хувьд анх сууриа авахад их ачаалалтай байдаг. Олон цагаар тууштай давтаж, үр бүтээлтэй бэлдэж байж хөөмийтэй ойртоно. Харин биеийн анатомийн хувьд эмэгтэй эрэгтэй хүмүүсийн төвөнхний хэмжээнээс эхлээд ялгаатай зүйлүүд мэдээж байдаг. Гэхдээ өөрөө хичээж, амьсгалаа зөв аваад сурчихвал эмэгтэй хүн хөөмийлөх бүрэн боломжтой. 2017 оноос хойш Ховдын театртаа хөөмийлж байна. Надаас гадна Өмнөговийн театрт хувиараа хөөмий сураад нэг эмэгтэй ажиллаж байгаа сураг байдаг. Бусад орон нутгийн театрт одоогоор эмэгтэй хөөмийч байхгүй. Эмэгтэй хүн хөөмийлөхөд үзэгчид тааламжтай хүлээж авдаг. Содон сонирхолтой байна , эмэгтэй хүн хөөмийлж байна гэхээр итгэмээргүй юм гэдэг. Гэхдээ энэ бүхэн тухайн тоглолтын дараа яригдаад л дуусдаг. Түүнээс бидэнд чиглэсэн төрийн бодлого, дэмжлэг байхгүйд харамсдаг. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 153 (6885)

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

7 мин
Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

2 цаг 5 мин
Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

3 цаг 37 мин
Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлын нэг нь Газын зурвастай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй гал зогсоох тогтоолыг баталж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Москва хотноо болсон зэвсэгт халдлагын дараа улс орнууд ОХУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсаар байна.

6 цаг 10 мин
Сошиал орчинд ёс зүйтэй мэдээлэхийг уриаллаа

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн зарчим билээ. Иймд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд манлайлж, хариуцлагаа дээшлүүлж ажиллах шаардлага сонгууль хаяанд ирсэн энэ үед чухал болоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ёс зүйтэй нийтлэл, нэвтрүүлэг түгээхийг уриалж байдаг “Хэвлэл мэдээллийн зөвлөл”, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг өчигдөр зохион байгуулав. 

6 цаг 20 мин
Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Уг нь энэ УИХ “багц”-аараа маш том реформуудыг хийсэн юм. Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт, авлига, адбан тушаалын ашиглалт, гэмт хэргийн эсрэг олон хуулийг батлан гаргасан. Баргийн УИХ чадахааргүй улс төрийн “шийдвэр” л дээ.

6 цаг 25 мин
Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 51.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Чуулганы нэгдсэн хуралдааны протоколыг хүргэж байна.

6 цаг 25 мин
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

21 цаг 22 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

21 цаг 50 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

21 цаг 52 мин