Батлан хамгаалах салбарт эмэгтэй удирдагч үгүйлэгдэж байна

2022-07-26
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Т.БАТСАЙХАН

 

“Цэрэг зодуулсан. Цэрэг хүнд гэмтсэн. Цэрэг нас барсан” гэх хар бараан мэдээллүүд хөвөрсөөр. Үүнээс болж хүүгээ цэрэгт явуулсан эцэг эхчүүд айдастай байгааг нийгмийн мэдээллийн сүлжээн дэх сэтгэгдлүүд харуулна. Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос өнгөрсөн зургаадугаар сард УИХ-ын чуулганд танилцуулсан мэдээллээс үзэхэд, сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгджээ. Хамгийн багадаа 44 хүний амь нас хохирсноос хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 20, эрүүл мэнд хохирсон 126, цэргийн албанаас оргон зайлсан 56, дүрмийн бус харьцааны зөрчилд өртсөн 105 тохиолдол байна. Мөн өнгөрсөн онд хийсэн ХЭҮК-ын судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн гэж хариулжээ. Монгол Улсын Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбарт уян хатан бодлого, олон улсын мэдрэмжтэй шинэчлэл дутагдаж байгааг энэ бүхэн харуулна. 

 

Дэлхийн 20 гаруй орны батлан хамгаалахын салбарыг эмэгтэй сайд удирдаж байна

 

“Эрэгтэйчүүдийн асуудал гэж үздэг байсан уул уурхай, батлан хамгаалах зэрэг салбарыг одоо хар хүчээр удирдах бус, салбарын онцлог болон тэнд ажиллагсдын хэрэгцээг ойлгож, улс орны аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих ухамсартай, чадварлаг, мэдлэгтэй эмэгтэйчүүдэд шилжүүлж байгаа туршлагууд байна. Засгийн газрын кабинетын энэ хэсгийг өмнө нь эрэгтэй хүнд өгдөг байсан бол сүүлийн үед энэ чиг хандлага өөрчлөгдөж, илүү үр дүнтэй ажиллах эмэгтэйчүүд олширч байна” хэмээн “Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сан” үндэсний сүлжээний тэргүүн Ц.Бүжидмаа хэлэв.  Өнөөдөр дэлхийн 20 гаруй оронд Батлан хамгаалахын салбарыг эмэгтэй сайд удирдаж байна. 1960 оноос нийтдээ 120 гаруй эмэгтэй Батлан хамгаалахын сайдаар ажиллажээ. Харин Монголд энэ салбарыг эмэгтэйчүүд удирдаж чадахгүй, боломжгүй гэсэн хэвшмэл ойлголт хэвээр байгааг үе үеийн томилгоо харуулна. Манай Засгийн газруудын түүхэнд Батлан хамгаалахын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын хэмжээнд ч эмэгтэй удирдагч төрөөгүй байна.  “Манай улсын хувьд батлан хамгаалахын салбар болон цэргийн ангиудад бугшсан хүний эрхийн зөрчлийг бууруулахад тэс өөр удирдлага, зоригтой шийдэл эмэгтэйчүүдээс гарахыг үгүйсгэх аргагүй юм” хэмээн Ц.Бүжидмаа тайлбарлав.

 

Сайн жишиг

 

2014 онд Монгол Улсын Засгийн газар түүхэндээ анх удаа Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар эмэгтэй хүн буюу тухайн үеийн УИХ-ын гишүүн  Р.Бурмааг томилсон.  Хөдөө гадаа их явдаг, зуд турхан болвол хэцүүднэ гээд  эмэгтэйчүүдийг энэ салбарт “ойртуулдаггүй” байсан бол тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эмэгтэй хүнд энэ салбарыг хариуцуулж байлаа.  Р.Бурмаа сайд жендэрийн мэдрэмжтэй ажилласны нэг жишээг энд дурдах нь зүйтэй болов уу.  Тэрбээр  Монгол Улсын гавьяат малчин, сайн малчин зэрэг цол тэмдгийг эхнэр, нөхөр хоёрт хамтад нь олгохоор шийдвэрлэж байв. Учир нь мал маллах, малынхаа тоо толгойг өсгөх зэрэг нь малчин гэр бүлийн хамтын ажиллагаа байдаг. Тиймээс нэг гэр бүлийн эхнэр, нөхрийг хамтад нь алдаршуулах хэрэгтэй хэмээн үзэж, ажил хэрэг болгосон юм. Ингэснээр сайн малчин нөхөр шагнал гардаж, эхнэр цай хоол хийж, зочдод үйлчилдэг гэсэн хэвшмэл ойлголтыг халж байлаа. Энэ мэтчилэн эмэгтэй сайдууд амьдралын нарийн ширийнийг мэдэрч, төрийн бодлогыг хэрэгжүүлсэн жишээ олон бий.

 

Олон улсын туршлага

 

Одоогоор манай Засгийн газрын 18 хувийг эмэгтэй сайд нар эзэлж, энэ үзүүлэлтээр дэлхийн 182 улсаас 101 дүгээрт жагсаж байна. Олон улсын дунджаар бол сайд нарын 21 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд 14 улс засгийн газрынхаа талаас илүүг нь эмэгтэй сайдаар бүрдүүлжээ.Сүүлийн үед дэлхийн улс орнуудын засгийн газарт эмэгтэй сайдын тоо өсөх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, 2021 оны байдлаар Колумб, Коста Рика, Мексик зэрэг улсад өмнөх үетэй харьцуулахад эмэгтэй сайд нарын тоо мэдэгдэхүйц өссөн аж. 2018 оноос хойш Коста Рика 55 хувь, Колумбид 50 хувь нь эмэгтэйчүүдээс бүрдсэн Засгийн газрын танхимтай болжээ. Ялангуяа Колумб улсад хууль зүй, эрчим хүч, дотоод хэргийн сайдын албан тушаалыг ч эмэгтэй хүн хашиж болдгийг харуулж чадсан. 1990-ээд онд улс төрийн хүчирхийлэл, бага хэмжээний зэвсэгт мөргөлдөөн зэргээс зовж шаналж байсан Колумб улсын иргэд 2005 оноос аюулгүй байдал, хууль эрх зүй, нийгмийн тогтвортой байдлын хөгжлийн гэрч болж байгаа юм. Эмэгтэйчүүд улс орны бугшсан асуудлыг шийдэж, энх тайванд хүргэдэг өөр нэг жишээг бид Руанда улсаас харж болно. 1994 онд 800 гаруй мянган хүний аминд хүрсэн аймшигт хядлагын дараа улс орноо сэргээж, энх тайван тогтоох их ажлыг чухам эмэгтэй удирдагчид хийсэн билээ. Өнөөдөр руандачуудын амьдрал Африкийн бусад орны иргэдийнхээс илүү хангалуун байна. Эдийн засаг, дэд бүтцийн тогтвортой хөгжилд хүрч, авлига бараг үгүй болжээ. Парламент болон засгийн газарт эзлэх эмэгтэйчүүдийн хувиар энэ улс дэлхийд түүчээлсэн хэвээр.

Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо их байх нь энх тайвныг бэхжүүлэх төдийгүй эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулдгийг хэдийнэ баталсан. Тиймээс ч Тогтвортой хөгжлийн зорилгын нэгэн чухал шалгуур нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо байна гэж НҮБ үзэж буй.  

 

Эцэст нь...

 

Аливаа улс орны хөгжлийн бодлогод жендэрийн тэгш бус байдал, хэвшмэл ойлголтууд “чөдөр тушаа” болж, энэ ойлголтыг халж чадсан улс орнууд бүх талаараа тэгш хөгжиж байна. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд төрийн томилогдох улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл 15 хувиас доошгүй байхаар заасан байдаг. Манай улсын хувьд төрийн албан хаагчдын дийлэнх буюу 62 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа ч удирдах албан тушаалд тэдний оролцоо сул хэвээр.   Засгийн газрын түвшинд “босго” оноондоо хүрч байгаа мэт боловч салбараар нь ангилаад харвал учир дутагдалтай байгаа юм. Батлан хамгаалах яам гэлтгүй уул  уурхай, хүнд үйлдвэр,  хууль зүй, хөдөө аж ахуй, барилгын салбарт ч эмэгтэй удирдагчид үгүйлэгдэж байна. Эмэгтэй сайд нарыг томилохдоо боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгаалал зэрэг  нийгмийн асуудал руу чиглэсэн салбар л хариуцуулдаг жишиг тогтжээ.  Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба “Сүүлийн үед Засгийн газраас хийж байгаа томилгоонуудаас харахад жендэрийн мэдрэмж нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна" гэж байв.  Гэвч судалгаа арай өөр дүн харуулж байна. “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан”-гаас энэ онд гаргасан “Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо гадаад орны туршлага” судалгаанд яамны сайд, аймаг нийслэлийн Засаг даргын орлогч, дүүргийн ИТХ-ын дарга, дүүргийн Засаг даргын орлогч, сумын ЗДТГ-ын даргаас бусад албан тушаалд хуульд заасан квот хангагдахгүй байгааг тоо баримттайгаар онцолсон байдаг.Тэгэхээр цаашид төрийн удирдах албан тушаалд томилгоо хийхдээ Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиа мөрдөх шаардлагатай байна. Мөн батлан хамгаалах, уул уурхай, барилга зэрэг салбарыг яагаад эмэгтэй хүн удирдаж болохгүй гэж. Яагаад эмэгтэй Ерөнхий сайд байж болохгүй гэж. Эцэг эхчүүд хүүгээ цэрэгт явуулахдаа сэтгэл уужим байх цаг ирэх ч юм билүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 141 (6873)

 

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

23 цаг 34 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06