“Зүрхгүй” шүлэгчийн “зүрхний бичээс”

2014-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Таван хэмжээст ертөнц

“Анхнаасаа л тэр аялгуу дуу байсан юм

Аялаад л явж байхад болох байсан юм...“ гэх. Аль ч насныхан хайр дурлалын гэгээн гунигаар дуурсана. Хайрыг яруу найраггүйгээр, яруу найргийг хайргүйгээр төсөөлөх хүн байхгүй биз ээ. “Таван хэмжээст ертөнц” булан энэ удаагийн дугаартаа “Сэтгэлийн аялгуу цаглашгүй” шинэхэн номын нээлтээ саяхан хийсэн, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан яруу найрагч Я.Отгонбаяртай ярилцав.   

-Шинэ номоо гаргасанд баяр хүргэе. Цахим хуудсаар зүрхгүй гэдгээ зарлаад л. Зүрхээ яачихваа?

-Тэр  миний “Би зүрхгүй хүн” гэж шүлэгтэй холбоотой байх. Ер нь бол хайр сэтгэл гэдэг дурлаад ид үедээ маш сайхан жаргал байдаг юм байна. Нөгөө талаас хайр гэдэг их харгис байдаг юм байна. Яг тэр нэг харгис үеийг нь туулж яваа хүмүүст зориулсан шүлэг юм даа. Миний туулж өнгөрүүлсэн үйл явдал амьдралаас үүдэлтэй шүлэг ч бас биш юм. Хайраар хөглөгдөөд явж явж эцэст нь үүрдийн юм шиг санасан тэр нь  бүтэлгүйтэх үед гуньж яваа залуугийн сэтгэлээ тайвшруулахын тулд өөрийгөө зоригжуулж байгаа үг юм даа. Миний энэ шүлгийг уншсан хүмүүс, найз нөхөд нэрээр минь дуудахаа больж. “Зүрхгүй хүн явж байна” гэх жишээтэй. Хүмүүст жаахан хүрсэн юм болов уу даа.

-Олонд хүрч чадсан ийм шүлэг бичнэ гэдэг харин ч зүрхтэй байгааг харуулж байгаа биш үү?

-Тийм ээ. Би хэдийгээр “Зүрхгүй хүн” гэдэг шүлэг бичсэн боловч үнэхээр миний дотор хайраар хөглөгдсөн, уран бүтээлээрээ өнгөлж тордож явдаг бүр нандин сайхан зүрх байдаг юм шүү. Хайр сэтгэл гэдэг бол үнэхээр магтан дуулавч баршгүй зүйл. 

-Хайрын тухай зоригтой шүлэглэнэ гэдэг хэн хүнд байгаад байдаггүй байх.  Ер нь хайр гэдгийг юу гэж ойлгодог вэ?

-Зүрх сэтгэлийн гэгээн гуниглал гэдэг юм миний хувьд маш их эрч хүч, надаас ундарч байдаг бүхнийг түгээж байдаг мэдрэмж минь юм даа. Явж явж гуниглал гэдэг гэгээн шүү дээ. Хүн уйтгар гуниг утгаар нь ойлгоод байдаг. Гуниг дотроос гэгээнийг олж харна гэдэг бол шүлэгч хүний тавилан юм бол уу даа. Ялгаагүй хайр сэтгэлийг ч бас. Хүмүүс хайртай хайртай гэж байгаа л салдаг. Харин нэг нэгэндээ хайртай гэж ганц ч удаа хэлж байгаагүй юм байна гэж байсан хүмүүс насан туршдаа сайхан амьдраад явчихдаг. Хайр хайр гэж хашигичихаасаа илүү тэрийг зүрх сэтгэл дотроо байгаа юу байдгийг эхэлж бодмоор. Өөд өөдөөсөө харалгүй ар нуруугаа харуулаад сууж байсан ч биенээ мэдрэх мэдрэмжийг л хайр сэтгэл гэж ойлгож болох байх. Хайр сэтгэл гэгч ердөө хүндлэлээс үүсдэг. Хүндлэлгүй хайр гэдэг салхинд хийсэх хамхуул лугаа адил. Хүндлэлтэй хайр гэдэг бол хэзээд хэдийд ч салж сарниж явдаггүй. Үүнийг л хүн зүрх сэтгэлийн гэгээн ордондоо тахиж явах ёстой. Цааш нь ярих юм бол хайр сэтгэл гэдэг хүн болгонд заяагаад байдаг юм биш ээ. Хүн андуурдаг байхгүй юу. Би хайр сэтгэлтэйгээ учирчихлаа, дурлачихлаа гээд л. Үнэн хайр сэтгэл гэдэг юунд ч тордоггүй асар их хүч. Тийм агуу их сэтгэлийн хүч байгаа учраас л хайр сэтгэлийг магтан дуулдаг байж мэдэх юм. Хэрвээ хүн хайртай, хайртай гэж хэлээд амьдарч чадаагүй л бол хайр биш байжээ гэж хэлнэ. Амьдралын тухайд бол би их сайхан хайр сэтгэлээр хөглөгдөж амьдарч яваа хүн. Шүлгүүд бол эсрэгээрээ байдаг даа.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Хань минь оюутан үеэс л би хайраараа хөтөлж яваа нутгийн минь сайхан бүсгүй бий. Ухаантай, гүндүүгүй, түшиг тулгуур болж ар талыг их сайн авч явдаг. Ханьдаа хамгийн их баярладаг. Олон ч шүлгийн минь эзэн дээ. Тэр үеийн жижигхэн дэвтрүүдэд байдаг шүлгүүд маань яг л сэтгэлээс ундран гарсан бидний хайрын шүлэг юм даа. Бид хоёр сайхан амьдарч байна. Охин хүү хоёртой.

-Номд чинь одоо хэр нь нэг л бүтээгүй, бас мартаагүй, хайрласаар яваа тийм шүлгүүд зонхилжээ.  Харин өөрөө бол хайраар хөглөгдөж явдаг ханьтай гэлээ. Хүний сэтгэл хөдөлгөх шүлэг бичнэ гэдэг, түүнээ зоригтой гаргана гэдэг бас ард нь нэлээн сайн хань байгааг илтгэж байгаа болов уу?

-Тиймээ. Миний уран бүтээлийг маш сайн ойлгодог. Тийм ч учраас би ингэж яваа хэрэг. Дотор сэтгэлийнхээ гэгээн гуниглангаа ил гаргаж чадахгүй яваа тийм хүн, яруу найрагч зөндөө байна шүү дээ. Тэгэхэд би энэ заяандаа баярладаг шүү. Ер нь бол шүлэг гэдэг хүний дотоод сэтгэлийг илэрхийлж байдаг гэдэг утгаар хүмүүс ойлгож байдаг. Харин миний хувьд бол миний бичсэн шүлгийг хүмүүс хүлээж авах хэлбэр нь ямар байх вэ гэдэг дээр маш их анхаардаг. Энэ сэтгэхүйг миний хань хамгийн гол нь ойлгодог.

-Салаад холдоё гэхээр Хайран сайхан хайр минь

Салгуу холоос ч гэрэлтэх халуун янаг сэтгэл минь

Зөндөө ихийг туулсан ч зөнгөөрөө дураараа итгэл минь

Зөвхөн чамайг л хайрлах зүгээр байлгахгүй зүрх минь ээ...гээд л хажууд нь байж шүлэглээд байхаар уг нь хардвал хардмаар даа тийм үү?

-Харин тийм шүү. / инээж/ Мэдээж миний шүлгийг жаахан мөхөс хүн байсан бол хардаад, шүлэг бичихэд хэцүү байх биз. Би ханьдаа их баярладаг. Хэзээ ч энэ хүнийг гомдоохгүй. Сэтгэлийг нь хөргөхгүй гэж дотроо андгайлж явдаг юм даа. Ханьдаа баярлалаа гэж танай сониноор дамжуулан хэлье.

-Отгонбаяр гэдэг хүн юунд гуньж явдаг вэ?

-Манай аав ээж хоёрыг маш сайхан хүмүүс байсан л гэж хэлдэг. Харин би яагаад тэр хоёртойгоо өдий хүртэл хамт байгаагүй юм бэ гэж хэнээс ч юм асуумаар. Байвал байж л байх нас. Миний тавилан байх. Арай л эрт явсан шүү. Магадгүй энэ Отгоог дотор сэтгэлдээ тунгааж яваг, амьдрал ийм байдаг юм шүү гэж ухааруулж яваг гээд явчихсан ч юм уу. Сайхан хүмүүс болохоор тэнгэрийн оронд үгүйлэгдсэн ч байж мэднэ. Ээжтэйгээ, эцэгтэйгээ хамт өтөлж яваа хүмүүсийг хараад үнэхээр атаархдаг. Харамсдаг, нүднээс нулимс гардаг. Нинжин уян сэтгэл, хүн хүнээ хайрлах сэтгэлийг хүн надаас олж харах юм бол аав ээжийн минь буян гэж хэлнэ.

-Зүрхгүй юм байж зүрхээр наадаж, хайр нь дэргэд нь бүүвэй аялж байхад хайргүй хүн шиг сэтгэл нь тэнүүчилж суудаг эрх чөлөөтэй найрагчдаа эгэл сайхныг хүсье?

-Би харин хүний дээд ханьтайдаа сэтгэл зоргоороо, омголон байдаг. “5DW” буланд зүрхний бичлэг хийлгэх боломж олгосонд чамд баярлалаа.

Бүсгүйн тухай магтахдаа хаврын салхи мэт урьхан, бороотой үдшийг зураглахдаа сэтгэлийн салхи мэт бухимдуу, хагацлын тухай шүүрс алдахдаа намрын салхи мэт уйтай, хайрын тухай шүлэглэхдээ хээрийн салхи мэт эрх чөлөөтэй энэ найрагчийн салхи мэт гүйцэгдэшгүй, солонго мэт баригдашгүй сэтгэлийн бичээс нь ийм ажгуу. Гэгээн хайрын бичээс нь ундран оргилох болтугай.

 

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

17 цаг 55 мин
С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

18 цаг 15 мин
Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

18 цаг 22 мин
Зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй

Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) нь орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрт зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэйгээр оролцож байгаа ба Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд олгосон орон сууцны зээлийг Банкнаас худалдан авч, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааг гүйцэтгэдэг. “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 4.2-д заасны дагуу Банк нь зээл хүсэгчид олгох орон сууцны ипотекийн зээлийн шийдвэрийг бие даан гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй юм.

19 цаг 45 мин
УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

23 цаг 3 мин
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 их н

Өчигдөр 06 цаг 00 мин
Төсвийн хөрөнгө оруулалтын зардал 3.8 их наяд төгрөгөөр  нэмэгджээ

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байна. Тухайлбал, хөрөнгө

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

Уржигдар 10 цаг 55 мин
Хугацаандаа ашиглалтад өгөхгүй бол концессын гэрээг цуцална

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг тоймлон хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-2

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “догол

Уржигдар 06 цаг 00 мин