Польшид зураачаар сурч, төгссөн анхны бөгөөд сүүлчийн Монгол хүн

2022-04-01
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Хөгжим, уран зохиол эхлэл, төгсгөлтэй. Харин уран зурагт төгсгөл гэж байдаггүй. Уран бүтээлчийн гараас гараад хананд өлгөсөн бол хүмүүст төрөл бүрийн мэдрэмж өгдөг. Энэ төгсгөлгүй мэдрэмжийг урладаг хүн бол зураач. Энэ салбарт оргилж, бүдэрч тэмүүлж өөрийгөө олсон уран бүтээлч О.Эрдэнэцогтыг “Өөр зочин” буландаа урьж ярилцлаа.

 

-Уран бүтээлчийн авьяас билэгт төрсөн нутаг ус их нөлөөлдөг гэж ярьдаг. Та аль нутгийн хүн бэ?

-Аав ээж минь Увс аймгийн Зүүнхангай сумын, Ханхөхий  нутгийн хүмүүс. Залуу насандаа Улаанбаатар хотод орж ирсэн юм билээ. Би 1950 онд аав ээжийнхээ удам залгах хүү нь болж мэндэлсэн. Аав минь намын ажил хийдэг, ленинизмийн хичээл заадаг байлаа. Харин ээж эмч  мэргэжилтэй ч насаараа цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан.

-Таны амьдрал хэзээнээс уран зурагтай холбогдов?

-Аавын ах уран гартай дархан хүн байлаа. Багадаа ахыгаа  бүтээл хийхийг нь харж, ажиглаж суудаг байв. Гал, оч үсрээд их сонирхолтой санагддаг байсан нь надад зураг зурах, аливаа зүйлийг өөр өнцгөөс харах нүдийг нээж өгсөн. Хүүхэд байхаасаа цаас, харандаатай нөхөрлөсөн. Би нийслэлийн 11 дүгээр сургуульд сурдаг. Гэр маань 50 мянгатад байдаг байлаа. Намайг дөрөвдүгээр ангид байхад хөгжим бүжгийн сургуульд уран зургийн анги нээгдсэн юм. Тэгсэн ангийн хүүхдүүд “Чи гоё зурдаг юм чинь тэнд орооч” гэсэн. Ингээд найзуудтайгаа ярилцаж байгаад бийр будаг, цаас харандаагаа бариад шалгалт өгөхөөр явлаа. Тэгээд шалгалтдаа тэнцэж, хүсэл мөрөөдлийнхөө шинэ замыг нээсэн. Сургуулиас надад шалгалтдаа тэнцсэн гэсэн бичиг өглөө. Нөгөө бичгээ ээждээ үзүүлээд, шинэ сургуульд орох тухайгаа хэлэхэд “Аав чинь гадаадад ажиллаж байна. Дүү нар чинь байна. Чиний орох сургууль хол. Яаж чамайг зөөж, хүргэж авч байх юм бэ” гэв. Тэгэхэд нь би “Сургуульдаа ганцаараа явж чадна” гэхэд ээж минь “Өөрөө явж чадах юм бол ор доо” гэж байна. Ингээд л шинэ сургуулийн сурагч болов. Манай анги 20 хүүхэдтэй. Багш маань Дугаржав гэж хүн байлаа. Тухайн үед нэрт уртын дуучин Дорждагва гуай хичээл ордог байсан юм. Зураач болох хүмүүс аливаа зүйлийг бусдаас илүү харж, мэдэрдэг байх ёстой. Тиймээс хөгжмийн хөг аяыг мэдрэх хэрэгтэй гэж хэлдэг байсан.

-Яагаад Польш улсад суралцахаар болов. Тухайн үед гадаад руу явахад амаргүй байсан болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Хэн бүхэнд олдохгүй боломжийн эзэн болсондоо баярладаг. Тухайн үед сургуулиа амжилттай төгсөж, Увс аймгийн сургуулиас  миний ажлын гараа эхэлсэн юм. Тэнд ажиллаад хоёр жил болоод УБДС-ийн зургийн ангид орохоор боллоо. Тухайн үед багшийн сургууль дөрвөн жилд нэг удаа элсэлт авдаг байв.  Гэтэл  Монголын урчуудын эвлэлээс намайг дуудаад “Чи сургуульд орохоо түр азначих, хойтон гадаад руу сургуульд явуулъя” гэсэн. Ингэж л би хүсэл мөрөөдлөө тээгээд алсыг зорьсон доо.

-Анх очиход бүх зүйл шинэ байсан уу?

-Хэлийг нь мэдэхгүй учраас их хүндрэлтэй байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам дасаж суралцсан. Миний амьдралын аз жаргалтай, гунигтай мэдрэмжийг хөглөсөн дурсамж дүүрэн цаг хугацаа тэндээс улбаатай. Польшийн талбайд хамгийн том сүм байрладаг. Тэр сүмийн орой дээр цаг тутамд бүрээ үлээдэг. Учир нь Монголын түүхтэй холбоотой. Би Польшийн Краковт уран зургийн акедемид зургаан жил сурч, төгссөн анхны бөгөөд сүүлчийн монгол хүн. Польш улс тухайн үедээ социалист системтэй байсан ч хөрөнгөтөн орон байсан. Тиймээс сургалтын онцлог, арга зүй их өөр. Би Аинсе Гай гэдэг багшийн урланд зураасан зураг, график чиглэлээр сурч, төгссөн. “Зүүд” гэдэг графикийн цуврал ажлаар дипломоо хамгаалж байлаа.

-Польшоос ирээд ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?

-Тухайн үед сургуулиа төгсөөд Монголдоо ирэхэд ажил олдох нь ховор байсан. Хөрөнгөтөн оронд сурч ирсэн хүнд ажил хариуцуулж болохгүй гэх хандлага гарна. Тэгээд Монголын урчуудын эвлэлд ажилласан.  Гэхдээ сурсан чиглэлээрээ зураг зурахгүй. Ленин, Сүхбаатар, эх орны байгалийг зурна. Уриа лоозон бичиж, эх загвар гаргадаг байлаа.

-Та анхны үзэсгэлэнгээ хэзээ гаргасан бэ?

-Монголдоо ажиллаж байгаад хэсэг хугацааны дараа Польш руу буцсан. Тэгээд Польшид анхны  үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Тухайн үед Монголд зураасан зураг, графикийн чиглэлээр зурж,  үзэсгэлэн  гаргах боломжгүйг Монголд байрладаг Польшийн Элчин анзаарсан байна лээ. Тэгээд өөрийнхөө зааланд миний хоёр дахь үзэсгэлэнг гаргуулж байсан юм. Би сэтгэлгээний, философи чиглэлээр зурдаг учраас түүнийг ойлгохгүй нийгэм байсан.

-Одоо хүмүүс уран зургийг хэрхэн үнэлж, ойлгож байна вэ?

-Орчин үеийн уран зургийн чиглэл хурдацтай хөгжиж хүмүүс ойлгодог болсон. Монгол зураачид ч гэсэн  их чадварлаг болж, олон улсын тэмцээнд  амжилттай оролцож байна. Харин Монголд урлаг судлаачаар төгсөж байгаа хүүхэд цөөн. Оросод энэ чиглэлээр төгссөн тоотой хэдэн урлаг судлаач бий. Гэхдээ тэд дээр үеийн зураг руу илүү сонирхож ажиллаж байгаа нь анзаарагддаг. Орчин үеийн зургийн чиглэлд судалгаа хийж, шүүмж бичиж байж илүү хурцлагдана.

-Ямар орчин, цаг хугацаа таны зураг зурах мэдрэмжийг хөглөдөг вэ?

-Зураач бүрийн арга барил, техник, урсгал өөр. Тухайн орчин, цаг хугацаа,  байгалийн сайхнаас мэдрэмж нь урган гардаг зураач байна. Миний хувьд ч ялгаагүй. Хөгжим сонсоод мэдрэмж хөглөгдөнө. Гудамжинд гуйлга гуйж зогсоо үл таних нэгний үйл хөдлөл, сэтгэлийг зургаар илэрхийлэхдээ өнөөгийн нийгэмд оршин буй хар бараан дүр төрхийг гаргахыг эрмэлздэг. Бяцхан охин гадаа инээд цацруулан мишээж тоглож байхыг хараад түүний  сэтгэлийг цэцэг навчаар төсөөлж зохиомжоор илэрхийлнэ. Амьдралын өнгө, тухайн цаг хугацааг мэдрэмжээрээ хөглөн буулгана гэдэг ховор заяа. Гэхдээ зураг зурахгүй, уран бүтээл туурвихгүй олон сар цаашлаад жил болох тохиолдол ч бий. Учир нь уран бүтээл туурвих онгод хөглөгдөхгүй, цаас харандаа барихгүй явах цаг хугацаа уран бүтээлчдэд байдаг. Энэ үедээ эх орныхоо байгалийн сайхнаар явдаг. Харин нэг суувал урландаа өдөр шөнөгүй  сууж бүтээлээ туурвина.

-Таны урланд байгалийн зураг олон байна. Та эх орныхоо байгалийн үзэсгэлэнт олон газраар явсан бололтой?

-Миний уран бүтээлийн сэдэл санааг хөглөдөг зүйлийн нэг нь байгаль. Монгол орныхоо аймаг, ихэнх сумаар орж байгалийн сайхныг биширч явлаа. Байгаль өөрөө гайхамшигтай шүү дээ. Хүний сэтгэлийг баясгаж, уярааж бас гуниглуулж чадна. Улирал бүрийн давтагдашгүй зураглал надад уран бүтээл туурвих хөг болдог. Хаврын зөөлөн бороо шиврэхэд цаанаа л нэг гуниг хурж нэгийг бодогдуулдаг. Би говийн өнгийг зурах дуртай. Хэдий ургамал ногоо тарчиг ч говийн цэлийсэн тал ер бусын мэдрэмж төрүүлдэг.

-Шинэ уран бүтээлээ өлгийдөн авах нь зураач хүний жаргал байдаг болов уу.Таны мэргэжлийн амт, гуниг нь юундаа байдаг вэ?

-Энэ салбарт амьдралынхаа бүх цаг хугацааг зориулна. Миний уран бүтээлийн хөг, мэдрэмж одоо ч оргилж яваа гэж боддог. Би уран зургийн хүнд өгч буй тэр тансаг мэдрэмжээр хөглөгдөн амьдарч байна. Оюун бодол, сэтгэл зүрхээ зориулж туурвисан уран бүтээл төрөн гарах агшин зураач хүний аз жаргал. Зураг зурах цаг хугацаанд гуниг, зовлон гээд хар бараан бүхэн үгүй болдог. Тухайн зураачийн бүтээл нь хувь хүнийх нь занг илэрхийлдэг. Миний мэргэжил намайг багш болох замд хөтөлсөн. Би ХААИС-д компьютер графикийн багшаар 10 гаруй жил ажилласан. Өөрт байгаа мэдлэгээ бусдад түгээнэ гэдэг сайхан.

-Хамгийн сүүлд ямар бүтээл туурвисан бэ?

-“Хүсэл хясал” гэсэн нэртэй зураг бий. Энэ бүтээлийг хоёр удаа зурсан. Нэг нь Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагддаг. Энэ бүтээлдээ хүн юу ч  хүсэж чадна. Магад огторгуй, диваажингийн оронд очих хүсэл байдаг ч  хүн тэгж чадахгүй нь хясал юм.

-Та энэ чиглэлээр уран бүтээлээ туурваж буй залуу үеийнхэнд хандаж юу гэж зөвлөмөөр байна?

-Уран бүтээлч хүн өөрийгөө олно гэж байдаг. Хүмүүс миний зурсан зургийг ойлгохгүй үе байсан. Би  сургуулиа төгсөөд дипломынхоо ажлыг хамгаалахдаа өөрийгөө олсон гэж боддог. Тийм болохоор хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлж явах үедээ өөртөө үнэнч бай. Уран бүтээлч хүнийг амжилтад хөтлөх зам тэр гэж хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 66 (6798)

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

4 цаг 10 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

4 цаг 33 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

4 цаг 33 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

4 цаг 34 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

5 цаг 46 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

6 цаг 20 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

6 цаг 42 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

7 цаг 3 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

7 цаг 20 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

7 цаг 36 мин