Р.Сэддорж: Боловсролын салбарын бодлого малчин өрхийн амьдралтай нийцэж байх ёстой

1 цаг 7 мин
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Та олон хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан байдаг.  Харин энэ удаа бие дааж хуулийн төсөл өргөн барьж байна. Малчны хүүхдүүдийн сурах орчин нөхцөлөөс шалтгаалсан нийгмийн асуудлуудыг шийдэх зорилготой гэж ойлголоо.  Улс төрийн нөхцөл байдал нэлээд ойлгомжгүй байна.  Энэ цаг үед таны өргөн барьсан хуулийн төсөл сонирхолтой санагдлаа.  Ер нь энэ хуулийг батлан хэрэгжүүлэх шалтгаан, нөхцөл юу байна гэж харсан бэ?

-Улс төрийн нөхцөл байдал халуун байгаа ч ард иргэдийн аж амьдралд шаардлагатай асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэж, хууль эрх зүйн орчныг бодит хэрэгцээнд нь нийцүүлэн өөрчлөх нь гишүүд бидний үүрэг юм.  Хөдөө амьдарч байгаа 6–7 настай хүүхдүүдийн боловсролтой холбоотойгоор бодит хүндрэлүүд тулгарч байна. Ялангуяа эцэг эхээсээ хол, бие даан амьдрах насанд хүрээгүй хүүхдүүд дотуур байранд амьдрах, эсвэл айлд байрлаж суралцахад маш хүндрэлтэй байдаг.

12 жилийн боловсролын тогтолцоонд шилжсэнээс хойш хүүхдүүд зургаан настайгаасаа сургуульд орж байгаа. Энэ насны хүүхэд ганцаараа дотуур байранд амьдрах боломжгүй. Тиймээс аав, ээжийнх нь аль нэг нь буюу ихэвчлэн ээж нь хүүхдээ дагаж сумын төв рүү нүүж очдог. Энэ нь залуу гэр бүлд маш том дарамт болж байна. Ялангуяа нүүдлийн соёл, өв уламжлалаа авч яваа удам дамжсан малчин гэр бүл энэ тогтолцооны гажуудалд хамгийн их өртөж байна. Нөхөр нь мал дээрээ ганцаараа үлддэг, эхнэр нь хүүхдээ дагаад тусдаа амьдардаг. Ингэснээр гэр бүлийн сэтгэл зүйн тогтвортой байдал алдагдах, үл ойлголцол үүсэх, цаашлаад гэр бүл салалт нэмэгдэх боллоо. Өрхийн амьдралын хэв маяг, эрүүл мэнд, сэтгэл санаанд ч сөргөөр нөлөөлж байгаа.  Зарим тохиолдолд нөхөр нь малаа зараад, “Хүүхдээ дагаад явъя, энэ амьдралаа өөрчилье” гээд суурин газар руу шилжих шийдвэр гаргаж байна. Ингэснээр тухайн айл өрхийн эзэмшиж байсан нутаг, бэлчээр эзгүйрч үлдэж байна. Монголын нэг малчин өрх өөр газарт шилжиж амьдарна гэдэг нь зүгээр нэг айл нүүж байна гэсэн үг биш. Морио уяж, мал сүргээ өсгөж, өв соёлоо авч явдаг гэр бүл байхгүй бол мал аж ахуйн үйлдвэрлэл буурч, уламжлалт соёл тасарч байна гэсэн үг. Энэ цаашлаад Монгол Улсад маш муу үр дагавартай.

-Та хуулийн төсөлдөө малчин өрхийн 6, 7 настай хүүхдийг цахимаар сургах боломжийн талаар тусгажээ. Ер нь хэр боломжтой гэж харж байна вэ?

-Өнөөдөр технологийн хөгжилтэй холбоотойгоор онлайн сургалт, явуулын багшийн тогтолцоо, телевизийн хичээл зэрэг олон боломж бүрдсэн байна. Ялангуяа цар тахлын дараагаас манай улс цахим сургалтын орчинд тодорхой хэмжээнд дасан зохицож, туршлага хуримтлуулсан. Өнөөдөр онлайнаар суралцаж байгаа хүүхдүүд ч байна.  Тэгэхээр нийгэмд олон асуудал дагуулж байгаа энэ асуудлыг шийдэх боломжтой. Боловсролын салбарын зарим бодлого Монголын бодит орчин, амьдралын нөхцөлөөс тасарсан байдал ажиглагдаж байна шүү дээ.

 Хүний амьдрал ялангуяа малчин өрхийн нөхцөл байдалтай зарим талаар нийцэхгүй. Хамгийн сүүлд гэхэд хөдөөгийн айлын хүүхдүүдийг цэцэрлэгт хамрагдаагүй бол нэгдүгээр ангид авахгүй гэсэн журам гарчихсан байна. Тэгэхээр малчин өрх маань зургаан настайгаас нь биш, бүр таван настайгаас нь дагаад сумын төв рүү явах шаардлага үүсэж байна. Асуудлыг шийдэх биш улам л хүндрэл үүсгэж байна шүү дээ. Хүүхдийн боловсролын асуудлаас болж гэр бүл хоёр талд амьдрах, нэг нь хөдөө үлдэх, нөгөө нь хүүхдээ дагаад сум, аймаг, хот руу явах нөхцөл үүсэж байгаа нь харамсалтай. Энэ цаашлаад архидалт, зарим тохиолдолд гэмт хэрэг хүртэл дагуулж болзошгүй эрсдэл үүсэж байна. Үүнээс болж бодит амьдрал дээр гэр бүл салсан биш атлаа амьдралын шаардлагаар хоёр тусдаа амьдрах нөхцөл үүсэж байна. Хиймлээр өрх толгойлсон ээж, аавууд бий болж байна. Үүнийг зүгээр хараад сууж болохгүй.

Хүүхэд нэг, хоёрдугаар ангидаа гэртээ байж онлайнаар хичээлээ үзээд суралцаж болох боломж өнөөдөр байна. Ингэснээр тэр хүүхэд аав, ээжийнхээ дэргэд өснө, удам дамжсан малчны амьдрал ямар байдаг юм, мал аж ахуй гэж юу юм, нүүдэлчин соёл гэж юу юм гэдгийг хамгийн их суралцдаг, төлөвшдөг насандаа өөрийн нүдээр харж, мэдэрч өснө. Ер нь 6–7 нас бол хүүхдийн суралцах, хүлээж авах чадвар хамгийн өндөр байдаг үе. Яг тэр үед нь гэр бүл, ахуй орчноос нь салгаад дотуур байр, эсвэл сумын төвийн амьдралд оруулчихвал хүүхдийн хүмүүжил, үнэт зүйл төлөвшихөд өөр нөлөө үзүүлдэг.

Өнөөгийн танхимын сургалтыг буруу гэж хэлэхгүй байгаа. Харин сонголттой болгоё гэж байгаа юм. Сумын төв дээр багш нь байж байна, сургалтын тогтолцоо нь байж байна. Харин малчин өрхийн хүүхдүүдэд онлайн сургалт, явуулын багш, тогтмол хяналт, даалгаврын үнэлгээ зэрэг уян хатан хэлбэрийг давхар ашиглах боломжийг эрх зүйн хүрээнд нээх юм. Жишээлбэл, Боловсролын салбарын цахим платформ дээр шилдэг багш нарын хичээлийг оруулж болно. Малчин айлын хүүхэд хамгийн сайн багшийн хичээлийг онлайнаар үзээд суралцах боломжтой. Шаардлагатай үедээ сумын төв орж багштайгаа уулзана, даалгавраа шалгуулна, ангийнхаа хүүхдүүдтэй уулзана. Цаашдаа гуравдугаар ангиасаа эхлээд ангийн орчинд тодорхой хугацаанд хамруулж болно.

Багшийн хувьд ч энэ боломжтой. Нэг ангид 25–30 хүүхэд байлаа гэхэд тэдний 20–30 хувь нь л малчин өрхийн хүүхэд байдаг. Өөрөөр хэлбэл 6–10 орчим хүүхэд гэсэн үг. Энэ тооны хүүхдүүдтэй утсаар, онлайнаар, явуулын хэлбэрээр тогтмол ажиллах бүрэн боломж бий. Өнөөдөр зарим айл аль хэдийн “Starlink” зэрэг интернэт ашиглаж байна. Технологийн боломж бий болсон. Эцэг эх өөрсдөө ч хариуцлага хүлээж, хүүхдийнхээ суралцах орчныг бүрдүүлэх боломжтой. Харин алслагдсан бүс нутагт интернэт, техник хэрэгслийн асуудал байж болно. Үүнийг төр, орон нутаг, боловсролын байгууллагууд хамтдаа шийдэх ёстой. Учир нь Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар боловсрол эзэмших эрхтэй. Тэр эрхийг нь бодит амьдрал дээр хангах нь төрийн үүрэг шүү дээ.

-Асуудлыг хуулиар шийдэх нь зөвхөн боловсролын салбарын асуудал биш, цаашлаад Монгол Улсын өв соёлтой холбоотой асуудал гэж харж байгаа юм байна.  Зөв үү?

-Тийм ээ. Хөдөө орон нутаг, бэлчээрийн газар нутаг, уламжлалт аж ахуйгаа авч явах хүмүүс аажмаар цөөрч, зарим нь бүр энэ амьдралаасаа холдож байна. Ерөнхийдөө энэ асуудал 12 жилийн боловсролын тогтолцоонд шилжсэн үеэс илүү тод мэдрэгдэж эхэлсэн. Тойргийнхоо сумдаар явахад ч, бусад аймаг орон нутгийн сумдаар очиход ч ийм асуудал байна. Монголын тусгаар тогтнолын гол баталгаа бол газар нутаг. Газар нутгийн баталгаа нь уламжлалт аж ахуй, мал сүрэг, малчин өрхүүд юм. Нүүдэлчин соёл бол хүн төрөлхтний хамгийн өвөрмөц, хамгийн үнэ цэнтэй соёлын нэг. Хэрэв бид энэ ондоошлоо алдвал Монголын онцлог, дархлаа алдагдах эрсдэлтэй. Тиймээс бага наснаасаа боловсрол эзэмшиж байгаа хэр нь аав, ээжийнхээ амьдрал, хөдөлмөр, уламжлалаа зэрэг өвлөж өссөн хүүхдүүд л Монголын ирээдүйн дархлаа болно гэж би үзэж байгаа.

Цахимаар хичээллэх тогтолцоо дэлхийд ч байдаг. Жишээлбэл, АНУ-д home school буюу гэрээр суралцах тогтолцоо өргөн хэрэглэгддэг. Онлайн боловсрол, зайны сургалт бол шинэ зүйл биш, харин орчин үеийн боловсролын нэг хэлбэр болсон. Монгол Улсын хувьд ч өөрийн онцлогтоо тохирсон шийдлийг санал болгох цаг болсон.

-Цахимаар хичээллэх нь магадгүй боловсролын чанарт сөргөөр нөлөөлнө гэж үзэх байх.  Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

- Хүүхдээ зөв хүн, боловсролтой иргэн болгохыг хүсэхгүй эцэг эх гэж байхгүй. Эцэг эх, эмээ өвөө, гэр бүлийнхэн нь бүгд хүүхдийн боловсролдоо анхаарна. Энэ шийдэл олон талын ач холбогдолтой. Ер нь монгол хүүхэд 12 жил сурч байгаа тогтолцоо зарим талаараа урт байна уу гэж бодогддог.  Бидний үед 10 жил боловсрол эзэмшсэн, хангалттай байсан. Харин одоо дээрээс нь цэцэрлэг, 12 жилийн тогтолцоо гээд хүүхэд бага наснаасаа эхлээд тасралтгүй нэг системд орчхож байна. 6–7 нас бол тоглож, байгальтайгаа харилцаж, ахуй амьдралаасаа суралцаж, зан төлөвөө төлөвшүүлэх хамгийн чухал үе. Яг энэ насандаа зөвхөн нэг орчинд хэт баригдаж өсөх нь хүүхдийн хөгжлийг хязгаарлах тал бий.

Монголчуудын онцлог, ахуй амьдрал дэлхийн бусад орны жишгээс өөр. Тиймээс боловсролын бодлого ч Монголын нөхцөлдөө нийцсэн байх ёстой. Мэдээж зарим зүйл дээр хоцрогдол гарч болно. Гэхдээ хүүхэд аав, ээжийнхээ дэргэд өсөж, ахуй амьдрал, хөдөлмөр, өв соёл, уламжлалаа зэрэг сурч өснө гэдэг өөрөө маш том боловсрол. Бичиг үсгээ ч сурна, боловсролоо ч эзэмшинэ, нөгөө талаасаа амьдралын ухаанаа ч давхар олж авна. Тиймээс бид энэ асуудлыг заавал нэг хэлбэрээр сур гэж шахах биш, харин сонголттой болгоё гэж ярьж байгаа юм.

-Төрийн зохицуулалт чухал байна гэдгийг тойргийн сонгогчид ч гэсэн хэлж байна уу?

-Төр иргэдийнхээ сонголтыг хүндэтгэж,  эрхээ хэрэгжүүлэх боломжийг нь бодлогоор хангаж өгөх ёстой. Өнөөдөр гэр бүлүүд өөрсдөө асуудлаа шийдэх гэж оролдож байна. Гэхдээ төрийн зохицуулалт дутуу байна.  Ерөнхийдөө тойргийн иргэд, ялангуяа малчин өрхүүдийн бодит хэрэгцээ, шаардлагаас урган гарсан хуулийн төсөл гэдгийг би хэлсэн. Хууль батлагдвал  Боловсролын яам  бодлого, зохицуулалтын түвшинд ажиллана. Цахим сургалтыг тухайн сумын сургууль өөрөө хариуцаж болно.  Сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, бага ангийн багш нар, багш нарын зөвлөл гээд бүх шатны хүмүүс оролцоно. Тухайн суманд нэгдүгээр ангийн хэдэн хүүхэд малчин өрхөөс байгааг сургуулийн захиргаа мэдэж байгаа. Энэ  бол хүүхдийг боловсролоос хоцроох тухай асуудал биш. Хүүхдийн эрхийг зөрчиж байгаа асуудал ч биш. Харин боловсрол эзэмших өөр хэлбэр, өөр сонголтыг нээж өгч байгаа асуудал юм. Монголд өмнө нь шавь сургалт буюу гэрээр суралцах уламжлал байсан. Хүүхдийн боловсрол, гэр бүлийн тогтвортой байдал, хөдөөгийн амьдралын чанарт шууд нөлөөлөх учраас дэмжих байх гэж итгэж байна.

-Та говийн бүсээс УИХ-д сонгогдон ажиллаж байна.  Өөр ямар асуудлуудад анхаарч ажиллаж байна вэ?

- Ер нь асуудалгүй аймаг, бүс гэж байхгүй. Асуудлыг томоор харах ёстой. Би УИХ-ын гишүүний хувьд улсынхаа нийтлэг эрх ашгийн төлөө ажиллана.  Тэгж ч тангараг өргөсөн. Тиймээс аль болох амьдралд хамгийн чухал, бодитоор нөлөөлөх асуудлууд дээр төвлөрч ажиллах нь зөв гэж харж байна.

Орон нутагт асуудалтай зүйл олон байна.  Хүүхдийн боловсрол, залуучууд, гэр бүлийн асуудлаас эхлээд газар нутаг, бэлчээр, хаврын морины уралдаантай холбоотой зохицуулалтууд ч чухал байна.  Орон нутгийн амьдралын нэг онцлог нь залуусын сонирхол, идэвх дээр тулгуурладаг.  Хаврын хурдан морины уралдаан гэхэд зөвхөн спорт биш, соёлын хувьд ч хүмүүсийг татдаг, залуучуудыг хөдөө орон нутагтай холбодог чухал зүйл. Гэтэл тэр нь байхгүй болсон.  Энэ мэт орон нутагт амьдрах боломжийг нь хаах тусам залуусын нэг хэсэг нь уул уурхай, хот суурин газар руу ажил хөдөлмөрийн шалтгаанаар шилжиж байна. Энэ нь амьдралын сонголт боловч хөдөө нутаг эзгүйрэх нэг шалтгаан нөхцөл болж байгааг анхаарах хэрэгтэй. 

Монгол Улсын онцлог бусад орноос өөр. Өргөн уудам нутагтай, цөөн хүн амтай учир төрийн бодлого ч энэ онцлогт нийцсэн байх ёстой. Зарим улс орны нэг хэлбэрийн хатуу тогтолцоог шууд хуулбарлах бо­ломжгүй. Сүүлийн үед аймаг, сумдын хооронд ус, бэлчээр, нутаг дэвсгэрийн ашиглалттай холбоотой маргаан гарч байгаа. Энэ нь үндэсний эв нэгдэл, орон нутгийн зохион байгуулалттай холбоотой. Иймээс малч­дын отор нүүдэл, ус ашиглалт зэрэг асуудлыг хууль эрх зүйн хүрээнд тодорхой, зөрчил багатай зо­хи­цуулах шаардлагатай байна. Монгол Улс нэг улс учраас аймаг, сум хоорондын харилцаа, хил зааг нь мар­гаан дагуулах биш, ойлгомжтой байх ёстой. Ерөнхийдөө асуудлыг тусад нь харах биш, харин хөдөө орон нутгийн амьдрал, хүн амын тогт­вортой байдал, боловсрол, эдийн засгийг цогцоор нь харж шийдвэрлэх нь чухал юм.

-АН дотооддоо бүтцийн өөрчлөлт, шинэчлэл хийж байна.  Маргаантай асуудал ч олон байх шиг.  Нам дотор өрнөж буй үйл явдлуудыг та хэрхэн харж байна вэ?

– Нам дотооддоо хариуцлагатай үе. 2027, 2028 оны сонгуулийн бэлтгэлтэй холбоотой чухал шинэчлэлүүдийг бид үе шаттайгаар хийж байна. Бүлгийн дарга, намын удирдлагын бүтэц, улс төрийн зөвлөлийн бүрэлдэхүүн зэрэг томилгоонуудад хариуцлагатай хандаж байна. Ингэж байж дараагийн сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдана. Тиймээс яарах биш, зөвшилцөл, эв нэгдэл дээр суурилсан шийдвэр гаргах нь чухал байна. Олон нийтийн хүлээлтэд нийцсэн нам байх ёстой. Татвар, төсвийн орчин, эдийн засгийн эрх чөлөөг нэмэгдүүлэх чиглэлд шинэ бодлого хэрэгжих ёстой гэсэн хүлээлт байгаа. Гэхдээ энэ бүхнийг хэрэгжүүлэхийн тулд намын дотоод эв нэгдэл хамгийн чухал. Нам доторх зөрчил, өрсөлдөөн хэт хурц байвал гадагшаа бодлого хэрэгжүүлэх боломж сул болно. Манай нам өмнө нь ч ийм зүйлээс сургамж авсан. Тиймээс эв нэгдлийг хангаж, аливаа асуудалд яарах нь чухал биш, харин зөв шийдвэр гаргах нь чухал байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 87 (7829)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
АН генсек болон дэд дарга нарынхаа асуудлыг хэлэлцэв

АН-ын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаан 73.5 хувийн ирц

1 цаг 7 мин
Ойрх Дорнод болон түүний хөрш орнуудад нөлөөлж буй геополитикийн доргилт

The Chicago Council on Global Affairs сэтгүүлийн геополитикийн анализ тойм

1 цаг 7 мин
Б.Найдалаа: Эрчим хүчний дэд бүтэц, төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх үүрэг авлаа

асгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлаар сайд нар мэдээлэл хийлээ. Эрч

1 цаг 7 мин
Р.Сэддорж: Боловсролын салбарын бодлого малчин өрхийн амьдралтай нийцэж байх ёстой

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

1 цаг 7 мин
АН-ЫН ҮБХ: Ирц 72.5 хувьд хүрсэн тул хурал эхэллээ

АН-ЫН ҮБХ: Ирц 72.5 хувьд хүрсэн тул хурал ЭХЭЛЛЭЭ

18 цаг 22 мин
Б.Энхбаярыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс хасч, С.Лүндэгийг нэмжээ

Б.Энхбаярыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс хасч, С.Лүндэгийг нэмжээ

21 цаг 19 мин
Тэтгэврийн шинэчлэл хүлээсэн настангуудын найдвар хэзээ биелэх вэ

 Монгол Улсад өндөр насны тэтгэвэр авагч 510 мянга гаруй иргэн бий. Тэдний 170 мянга нь шууд утгаараа “хохирогчид”.

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Амарсайхан: Эпштейнийн файлтай холбоотой хэргийг шалгах ажлын хэсэг байгуулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хууль, Улсын дээд шүүхийн шийдвэрээс давсан эрх мэдэлтэй хотын даргын шийдвэрийг Захиргааны шүүх яахыг харах л үлдэв  

Монгол Монгол Улсын Үндсэн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт “Монгол Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн ши

Уржигдар 15 цаг 08 мин
АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй

УИХ дахь АН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа бүлгийн даргаа сонгох ёстой байсан ч хой

Уржигдар 06 цаг 00 мин