Д.Далайжаргал: Сүхбаатарын төв талбай, Дорноговийн Улаанбадрах сум хоёрт цацрагийн түвшин яг ижил хэмжээг заадаг

2021-12-15
Нийтэлсэн: Админ
 15 мин унших

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Бадрах Энержи” компанитай хамтран Зөөвч-Овоо ордоос уран олборлох төсөлд Засгийн газрын 34 хувийг хэрэгжүүлж байгаа “Мон-Атом” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргалтай ярилцлаа.

 

-"Мон-Атом" компани Монголд уран олборлох төсөл дэх Засгийн газрын эрхийг хэрэгжүүлж байгаагийн хувьд олон нийтийн дунд байгаа ойлголтуудыг сайжруулах чиглэлээр юу хийж байна вэ?

-"Мон-Атом" компани 2017 оноос хойш үе шаттайгаар тодорхой ажлуудыг хийсэн. Тухайлбал, таван удаагийн сургалт зохион байгуулахдаа эхний ээлжид төрийн байгууллагууд, салбар салбарын хүмүүсийг хамруулсан. Яагаад гэвэл Монгол Улс анх удаа уран олборлох гэж байгаа учраас зөвхөн иргэд төдийгүй төрийн байгууллагуудад ч мэдэхгүй зүйл олон.

Зөвхөн бид мэдэхгүй байгаа хэрэг биш, дэлхийн ихэнх орнууд ялгаагүй энэ тухай мэдэхгүй. Учир нь ураны салбарт манай хоёр хөрш, Англи, Франц, АНУ гэсэн таван орон л гол тоглогч буюу бидний олборлож байгаа шар нунтгийг баяжуулаад цөмийн түлш гаргаж байгаа. Мөн дэлхий дээрх 200 гаруй орноос 15 улсад нийт ураны нөөцийн 95 хувь нь оршдог. Тэдгээрийн дийлэнх нь өндөр хөгжилтэй. Харин Монгол Улс нөөцөөрөө 10-т бичигддэг. Ийм учраас бүх шатанд ойлголт өгөх зайлшгүй шаардлага бий. Энэ чиглэлээрх “Мон-Атом” хэрэгжүүлж байсан олон ажил цар тахлын улмаас сүүлийн хоёр жилд саарсан ч үе шаттай ажлууд хийж байгаа.

-Монголд уран олборлох үйлдвэрлэлийн туршилт албан ёсоор эхэлсэн. Иргэдийн ойлголт бол  уран олборлоод, цөмийн хаягдал бий болгож, хүн, малын эрүүл мэндэд заналхийлэх ажил хийж байна гэж харж байна. Яг бодит байдал дээр юу хийгдэж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Бид 2021 оны долдугаар сарын сүүлээр л үйлдвэрлэлийн туршилтаа эхлүүллээ. Үйлдвэрлэлийн туршилт гэдэг нь үндсэн үйлдвэрлэл эхлэхэд техник, эдийн засгийн гол хэмжигдэхүүнүүдээ тодорхойлох болон Хөрөнгө оруулалтын гэрээний үндэс суурь юм.

Одоогоор Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаагүй, Монгол яаж ашгаа хүртэж, татвараа авах зэргээ яриагүй байгаа. 1997 онд Францын компани анх орж ирснээс хойших өнгөрсөн 24 жилийн хугацаанд хайгуул хийж, нөөцөө тогтоож, хувьцаа эзэмшигчдийн гэрээ, орд ашиглах гэрээ зэрэг төрийн байгууллагуудаас зөвшөөрөл авч, гэрээ байгуулж, бэлтгэл хангасны эцэст сая уранаа туршилтаар олборлож эхэлж байна.

Яг одоо газар доор уусган баяжуулах хамгийн орчин үеийн технологи ашиглан шар нунтгаа гаргаж авах ажиллагаа явагдаж байгаа.

-Энэ төсөл байгаль орчинд ямар нөлөөтэй вэ?

-Шар нунтаг гэдэг зүйл хүнд ямар ч хор нөлөө байхгүй. Цацрагийн түвшин буюу микро зиверт хэмждэг багажаар үзэхэд Сүхбаатарын төв талбай, Дорноговийн Улаанбадрах сум хоёрын цацрагийн түвшин яг ижил хэмжээг заадаг. Өөрөөр хэлбэл, байгаль дээрх хэвийн хэмжээнд байна гэсэн үг.

Шар нунтгийг дээрх таван улс баяжуулаад, өндөр технологиор дамжин атомын цахилгаан станцын түлш болох үед л цацрагийн аюул яригдана. Манайд бол энэ бүхэн хол, хуулийн хүрээнд зөвхөн шар нунтгаа л гаргаж авах юм.

Нөгөөтээгүүр, бидний эргэн тойрон тэр чигтээ байгалийн цацрагаар хүрээлэгдэж буй. Онгоцоор нисэхэд цацрагт тодорхой хэмжээнд өртдөг учраас хүн ядардаг. Төрийн ордон ороход төхөөрөмжөөр шалгаж нэвтрүүлдэг. Металл эд зүйл авч яваа эсэхийг цацрагаар шалгаж байгаа нь тэр. Шүдээ үзүүлж, CT-д зураг авахуулах зэргийг цацрагийн тусламжтай гүйцэтгэдэг. Тухайлбал, бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа лаазалсан ундаа зэрэг бүтээгдэхүүнийг ижил граммтай савлахад цацрагаар хэмжих технологи ашигладаг. Энэ болгон цацраг юм бол яагаад үхэхгүй байна вэ? Бид амьдрал дээр байгалийн цацрагийн шарлагад байнга өртөж байгаа хэдий ч, хоол идэж, унтаж амарч, бодисын солилцоонд ордог учраас хороо гадагшлуулдаг.

Чернобыль шиг дэлбэрэлт, Фүкүшима шиг осол болбол тэр бол аюултай. Энэ бол байгалийн гамшигт үзэгдэл болон хүний хариуцлагагүй үйлдлээс болсон цөмийн осол болохоос шар нунтагтай холбоогүй тэс өөр зүйл юм. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг баримталбал шар нунтаг ямар ч аюулгүй.

Хүхрийн хүчлийн тухайд 100 хувиар нь биш, 3-8-13 зэрэг хувь буюу 100 литр усанд 3 эсвэл 5 литр хүхрийн хүчил хийсэн уусмалыг ашигладаг. Энэ нь ундны усанд ямар ч нөлөөгүй. 140-170 метрийн гүнд байдаг унданд ашиглах боломжгүй гүний уст давхрага буюу  шаврын үеэр тусгаарлагдсан урантай элсэнд хүхрийн хүчлийн сулруулсан уусмалыг ашигладаг. Тэр ус нь дээш, доош нэвчихгүй, энгийнээр бол вакуумжсан орчинд байдаг. Хүхрийн хүчил бүхий уусмалаа тэр орчинд оруулаад буцаан соруулж авахад уран уусан гарч ирдэг. Түүнийг нь 2-3 үйлдвэрлэлээр дамжуулаад уранаа ялган авч байгаа хэрэг. Энэ үйл явцаа битүү циклд оруулдаг технологи.

Ундны усны худгийг 10-20 метр ухаад гаргадаг бол ураны орд байгаа гүний ус хоорондоо ямар нэгэн холбоо байхгүй болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Тэгэхээр энэ усаар хүн, мал хордоно гэдэг үндэслэлгүй байгаа биз!

-Та цацрагийн түвшин Улаанбаатарт ч, Улаанбадрахад ч яг ижил байдаг гэж хэллээ. Хэмжилтээр гарч байгаа дүнгийн талаар илүү тодруулахгүй юу?

-Тусгай багажаар цацрагийг хэмждэг. Би Улаанбадрахад очихдоо яг шар нунтгийн хажууд зогсож байгаад хэмжихэд 0.19 микро зиверт гэж зааж байсан бол Улаанбаатарт яг л энэ хэмжээ багаж дээр гардаг. Энэ бол ердийн, байгалийн үзүүлэлт. Иймээс шар нунтгийг атомын цахилгаан станцтай хольж хутган ойлгож болохгүй.

Шар нунтаг огт цацраг ялгаруулахгүй гэсэн үг биш. Нүүрс ч гэсэн ялгаруулж байдаг. Гол нь хүнд хор хөнөөл учруулах хэмжээнд ялгаруулдаггүй. Шар нунтагт бээлийтэй гараараа хүрч,  барьж болно. Амьсгалж л болохгүй. Яг нүүрс шиг гэж хэлж болно. Зүв зүгээр гээд бид хүчил, давсыг шууд амандаа хийдэггүйтэй л адил.

-Тэгвэл яагаад Дорноговийн мал цацрагт хордлоо, өвчиллөө гээд малчид нь тэмцээд байдаг юм бэ?

-Хордлого, вирусийн өвчлөл хоёр тэс өөр зүйл шүү дээ. Хэрэв яг одоо энэ өрөөнд вирусийн халдвартай хүн байхад дархлаа сайтай нэгэн нь өвчлөхгүй байж болно. Харин хортой хий ялгарвал энд байгаа бүх хүн ялгаагүй хордоно. Тэгэхээр үнэхээр цацраг хордуулж байгаа бол тэр нутгийн хүн зон мал сүрэгтэйгээ, зуу зуугаараа үхнэ биз дээ.

Одоогийн уран олборлож байгаа үйл ажиллагаанд эдгээр тохиолдолтой бүү хольж хутгаж ойлгооч ээ гэж хүсмээр байгаа юм. Чернобылийн осол технологийн алдаанаас бус, хувь хүний хүчин зүйлээс шалтгаалсан гэдгийг хүн бүр киног нь үзээд мэдэх боломжтой. Хоёрдугаарт, машинаар зүйрлэвэл тэр бол хамгийн анхны атомын цахилгаан станц. Одоогийн АЦС бол хүний хүчин зүйл ямар ч оролцоогүй болсон. 

Найман хөлтэй ишиг гээд л шуугьсан. Тэр нь ямаанд халддаг вирусийн өвчин байсан  учраас тугал, ботго нь үхэхгүй байгаа юм. Хэрэв тийм биш бол хурга, тугал ялгалгүй үхчихсэн байгаа. Би малын эмч биш ч энэ бол логик, энгийн ойлголт.

Сүүлийн гурван жилийн хугацаанд яг энэ асуудлаар Дорноговь аймагт гурван удаа Ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Сая хүртэл долдугаар сард Засгийн газрын тогтоолоор шинжлэх ухааны байгууллагын бие даасан эрдэмтэд явсан. Тайлангаа удахгүй Засгийн газар танилцуулах байх. Өмнөх бүх Ажлын хэсгийн тайлан дээр ганц л дүгнэлт байгаа нь цацрагаас болж хүн, мал хордсон нь тогтоогдоогүй.

Статистикийн мэдээ бол албан ёсны, хамгийн гол эх сурвалж. 2019 оны статистикаар аймгуудын хүн амын бүх өвчлөлийг судлахад Дорноговь аймагт өвчлөл бусад аймагтай харьцуулахад доогуур байгаа. Ялангуяа, Улаанбадрах сумынх бүр бага түвшинд байсан. Малын өвчлөл ч ялгаагүй бусад аймаг болон улсын дунджаас доогуур байгаа. Хамгийн их малын өвчлөл Өвөрхангай аймагт бүртгэгдсэн байдаг юм билээ. Үүнийг статистикийн мэдээнээс харж болно.

Үнэхээр баталгаатай, нотолгоотой зүйл байвал бид ойлгоно. Гэтэл нэг зээр үхсэн таарвал уранаас болоод үхлээ гэж ямар ч үндэслэлгүйгээр ярьж болохгүй. Хэрэв санаж байгаа бол иргэний хөдөлгөөний нэг залуу гаж малын төлийг шүүх дээр нотлох баримт гэж авчирсан. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар энэ бол нотлох баримт биш. Хэрэв үнэхээр тийм зүйл болсон бол одоо хэрэгжиж байгаа хуулиар малын эмчийг дуудах ёстой. Хүн эмнэлэгт очиход өвчний түүх бичдэгтэй адил тухайн орон нутгийн малын эмч очиж үзээд малын гарал үүслийг тэмдэглэж, өвчнийг оношилж, шаардлагатай бол малчин лаборатори руу дээж өгч шинжлүүлэх ёстой. Харин малын эмчийн тодорхойлолтгүй бол гэмт хэрэг. Учир нь тэр мал малаас малд, малаас хүнд халдаадаг өвчтэй байвал яах вэ?

Өнгөрсөн 5-6 жилд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 70 орчим гаж малын тохиолдол яригдсан ч сая хэлсэнчлэн хуулиараа хоёр нь л тогтоогдсон ба малын өвчний шалтгаантай байсан. 2020 онд Мал эмнэлгийг газрын тушаалаар Ажлын хэсэг гарч ажиллахдаа энэ дүгнэлтийг хийсэн байгаа.

-Ашигт малтмалын төслүүдийн талаар эдийн засагт үзүүлэхээсээ илүү хохирлыг бий болгож байна гэсэн нийтлэг хардлага иргэдэд байдаг. Монгол Улсаас олборлох ураныг экспортлохоор төлөвлөж байгаа байх. Эдийн засагт хэдий хэмжээний өгөөж бий болгоно гэж тооцож байна вэ?

-Нийт хөрөнгө оруулалт нь 1.2 тэрбум ам.доллар, олох орлого нь 35 жилийн хугацаанд 7 орчим тэрбум ам.доллар, татвар хэлбэрээр л гэхэд 1.2 тэрбум ам.доллар төлнө гэсэн тооцоо байгаа.

Үйлдвэрлэлийн туршилтын хугацаанд л гэхэд 28.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татвар төлбөр, ажилчдын цалин хөлс, гэрээлэгч компаниудын үйл ажиллагааны зардал зэрэгт зарцуулна. Төсөл хэрэгжсэнээр орон нутагт дор хаяж 800 гаруй ажлын байр бий болно. Одоо тэнд ажиллаж байгаа 100 орчим ажилтан байгаагийн 30 гаруй хувь нь Дорноговийн залуус. Орд ашиглах гэрээгээр 90 хувиас багагүй  нь Монгол Улсын иргэд ажиллана гэж байгаа. Газар доор уусган олборлох нь хамгийн эко технологи гэдгийг дээр дурдсан. Уламжлалт уурхай шиг хөрс шороог сэндийчих зүйл огт байхгүй.

-Засгийн газраас хоёр ч удаа ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргуулсан ч иргэд итгэхгүй хэвээр байна. Үнэхээр малын дотор эрхтэн авах юмгүй болж, малд үзэгддэг байсан гажиг төрөлт, хээл хаялт хүмүүст үзэгдэж, хүүхдүүдэд нөлөөлөх болсон уу. Үүнийг хянаж, судалж чадаж байна уу?

-Нэг дутагдал бол өнгөрсөн хугацаанд очиж ажилласан бүх Ажлын хэсгийн дүгнэлтийг олон нийтэд төдийлөн ил танилцуулаагүй юм билээ. Одоо бид Шинжлэх ухааны академийн хийж байгаа шалгалтын дүнг олон нийт болон орон нутгийн иргэд, удирдлагуудад танилцуулах хэрэгтэй гэж үзэн судлаачдад санал тавих гэж байна. Яагаад гэвэл бүх зүйл шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлагдана.

-Орон нутгийн иргэдтэй та бүхэн нүүр тулж уулзаж, асуудлыг нь сонссон уу?

-Яг үйл ажиллагаа явуулж байгаа оператор компани болох “Бадрах Энержи” компанийнхан иргэдтэй байнга уулзалт хийж, орон нутгийн эрх бүхий байгууллагуудад ажлаа танилцуулдаг. Аймгийн ИТХ, Засаг даргатай нь би уулзалт хийж байсан. Манай оператор компани энэ дээр маш идэвхтэй ажиллаж байгаа.

Өнгөрсөн долдугаар сард би аймгийн удирдлагуудтай уулзахдаа өөрсдөө очоод үйлдвэрээ үзээч гэдэг санал тавьсан.

-Таны хэлсэнчлэн аймаг, орон нутгийн удирдлагууд танилцсан байсан. Танилцсаны дараа ИТХ нь “Бадрах Энержи” компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байсныг та харсан байх. Тэгэхээр төрөөс хамтраад хэрэгжүүлж байгаа төслийг доод шатны удирдлагууд зогсоох шийдвэр гаргаж байгаа нь та бүхэн уялдаагүй ажиллаж байгаагийн шинж үү?

-Монгол Улсын Үндсэн хуулиар аймаг, хотын ИТХ бие дааж шийдвэр гаргадаг, бие даасан бүтэцтэй. Гэхдээ Засгийн газрын нэгдсэн удирдлагад байж, зангидагдана. Хоёрдугаарт, Монгол Улсын одоогийн хууль тогтоомжоор аймаг юм уу, сумын ИТХ аливаа нэг компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах, зогсоох эрх байхгүй. Зөвхөн АМГТГ, МХЕГ-ын дүгнэлтээр хийнэ. Тиймээс орон нутагт тийм эрх байхгүй талаар би албан бичиг хүргүүлсэн. Үнэхээр зогсооё гэхэд Монгол Улсын эдийн засагт үүсэх эрсдэлийг тооцож үзсэн эсэхийг лавласан.

Засгийн бодлого тогтвортой явах ёстой. Өнгөрсөн хугацаанд ийнхүү үйл ажиллагаа явуулах бүх зөвшөөрлийг олгочхоод одоо зогсооно гэж болохгүй.

-Тэгэхээр орон нутгийнхантайгаа ойлголцож, мэдээлэл өгч, уялдаатай ажиллах шаардлагатай байх нь, тийм үү?

-ШУА-аас гарах дүгнэлтийг орон нутгийн удирдлагуудад танилцуулж, аль болох ойлголцохыг хичээнэ.

-Уран Монгол Улсад ямар ашигтай вэ. Уран бидэнд ямар боломж олгох вэ?

-Нэгдүгээрт, байгалийн баялгаа эргэлтэд оруулж байгаа юм. 1997 оноос хойш 20 гаруй Засгийн газар дамнаад зөвшөөрлөө аваад, гэрээ хэлэлцээрээ байгуулсаар ирсэн. Ашиг гэвэл мэдээж Хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулахдаа нээлттэй хэлэлцэнэ.

Одоо бид нүүрсээ ухаад эрчим хүчээ үйлдвэрлэж байна. Өнөөдрийн Монголын эдийн засгийн хувьд голлох түүхий эд нь нүүрс, зэс. Тэгвэл 1997 оны Киотогийн протокол, 2015 оны Парисын хэлэлцээрээр хүлэмжийн хийг бууруулах хүрээнд нүүрсний аливаа төслүүдийг зогсоох амлалт авсан. Манай улс түүнд нь гарын үсэг зурж, амлалт авсан. 2030-2040 оноос нүүрсний хэрэглээ байхгүй болох нь. Тийм учраас өнөөдөр дэлхий дээр 440 гаруй атомын реакторыг шинээр барьж байна. Тэдгээрийн дийлэнхийг манай хоёр хөрш барьж байгаа. Тэгвэл Монгол Улс 30 жилийн дараа нүүрсээ түлээд л амьдраад байх уу, эсвэл нар, салхины станц, атомын цахилгаан станц барих уу гэдгээ одоо бодох ёстой. Бидэнд тэр боломж нь байгаа. Баялаг нь байна шүү дээ. Дэлхийн 15-хан улсад нөөц нь байхад бид 10 дугаарт бичигдэж байна. Тиймээс цаашдаа яахаа одоо бодох шаардлагатай.

-Зөвхөн Улаанбадрахаас гадна бусад ордуудаа яах вэ. Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө бий юу?

-Дорнодод ЗХУ-ын үед уран олборлож байсан. Тэр ордууд дээр БНХАУ хөрөнгө оруулсан компаниуд бий. Дундговь аймагт Чехийн хамтарсан төсөл байгаа. “Мон-Атом” компанийн зорилго бол Монгол Улсын хуулийн дагуу энэ ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрийн төлөөлөл болж ажиллах. Тухайн төслүүд дээр 51, 34 гэхчлэн хувь эзэмшээд явж байгаа.

-Олон улсад ураны олборлолт, ашиглалт, хөгжил ямар шатанд байна вэ. Энэ салбарт тулгамдаж байгаа асуудал нь юу вэ?

-Ер нь дэлхий дээр ямар эх үүсвэрээс эрчим хүч гаргаж авах вэ гэдэг асуудал тулгамдаж байна. “Тайм” сэтгүүл яг энэ сэдвийг хөндөж, 20 жилийн дараа эрчим хүчний хомстол үүсэх нь, нефть дуусна. Тэгэхээр нар, салхины эрчим хүчнээс гадна хамгийн чухал эх үүсвэр нь атомын цахилгаан станц байх нь ээ гэдгийг хөндөж тавьсан байсан. Тийм ч учраас атомын 440 гаруй шинэ реактор барихаар төлөвлөж байгаагийн 56 нь баригдаж байна. Хэрэглээ нэмэгдээд байгаа учраас энэ салбарын эрэлт нэмэгдэж байгаа гэсэн үг. Үүний илэрхийлэл нь, нэг паунд буюу хагас кг шар нунтгийн үнэ дэлхийн зах зээл дээр 2017 онд 18 ам.доллар байсан бол одоо 50 ам.долларт дөхөж байна. Эрэлт байна гэсэн үг.

Хоёрдугаарт, цөмийн технологи хүн төрөлхтний хувьд гайхамшигт нээлт болсон. Одоо бүх дэвшил цөмийн технологид суурилж байна. Яагаад дэлхийн өндөр хөгжилтэй орнууд руу эмчлүүлэхээр зориод байна гэвэл тэнд цөмийн технологиор эмчилж чадаж байгаа хэрэг. Бидний бүх амьдрал цөмийн технологитой холбогдсон байтал үүнийгээ өөрсдөө эсэргүүцээд байдаг.

Гэтэл хүйтэн дайны үеийг бодвол 1970-аад оноос хойш атомыг энх тайвны зорилгоор ашиглана гэдэг нэгдсэн ойлголтод хүрчихсэн шүү дээ.

-Ер нь цаашид Монгол Улс атомын цахилгаан станц байгуулаад ажиллах боломжтой юу?

-2009 онд Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг УИХ баталсан. Тэр бодлогын баримт бичиг дээр маш том зорилт тавьсан нь Монгол Улс шар нунтаг олборлогч орон байж байгаад цөмийн технологи эзэмшигч орон болох тухай тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, атомын цахилгаан станцтай болно гэсэн амбицаа уг баримт бичгээр баталгаажуулсан. Гэтэл амьдрал дээр бодитой хэрэгжсэн зүйл байхгүй, шар нунтгаа тойроод л маргалдаад байдаг.

Чернобыль, Фүкүшимагийн атомын цахилгаан станцыг иш татаж, хүмүүс их болгоомжилдог л доо. Бид ийм түвшинд очоогүй байгаа гэдгийг юуны түрүүнд ойлгох хэрэгтэй. Одоогийн уран олборлож байгаа үйл ажиллагаанд эдгээр тохиолдолтой бүү хольж хутгаж ойлгооч ээ гэж хүсмээр байгаа юм. Чернобылийн осол технологийн алдаанаас бус, хувь хүний хүчин зүйлээс шалтгаалсан гэдгийг хүн бүр киног нь үзээд мэдэх боломжтой. Хоёрдугаарт, машинаар зүйрлэвэл тэр бол хамгийн анхны атомын цахилгаан станц. Одоогийн АЦС бол хүний хүчин зүйл ямар ч оролцоогүй болсон.

Фүкүшимагийн тухайд мөн НҮБ-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, Олон улсын атомын агентлагаас гаргасан тайланд цацрагаас болж нэг ч хүн нас бараагүй гэдгийг бичсэн байгаа. Энэ бүх мэдээлэл нээлттэй тул хэн ч олоод үзэх боломжтой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.15 ЛХАГВА № 245 (6722)

 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

14 цаг 29 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

14 цаг 53 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

14 цаг 57 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

21 цаг 7 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

21 цаг 9 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин