“Монгол улсын 17 дахь ерөнхий сайдтай хийсэн 17 ярилцлага” номын тухай

2021-10-05
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Т.Баасансүрэн
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч

Түрүүч нь №191 (6668), 192 (6669), 194 (6671), 195 (6672)-т

Сэтгүүлч Ч.Үл-Олдох анхны асуултаа яаж, юунаас эхэлснийг одоо бүгдээрээ харцгаая. Тэрбээр:
-Та бол нээлттэй хүн. Олон сэтгүүлч тантай ярилцсан. Миний хувьд тантай хийж буй энэ удаагийн ярилцлага маань 17 дахь нь болж байна. Гэхдээ та гол төлөв нийгэм, улс төрийн тодорхой асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлээд хувь хүнийхээ амьдралыг орхигдуулан тойруулаад өнгөрүүлчихдэг. Нийгэм, улс төрийн нэрт зүтгэлтэн Бямбасүрэнг Монголын ард түмэн сайн мэднэ. Харин Монгол Улсын иргэн Дашийн хүү Бямбасүрэнг бол төдийлөн сайн гадарладаггүй байж мэднэ. Төрсөн нутаг, аав ээж, бага нас, буриад зоныхоо тухай та энэ удаад надад илэн далангүй дэлгэрэнгүй ярьж өгөөч! Хувьсгалт үйлсийн зүтгэлтэн Бямбасүрэнг биш хувь хүн Бямбасүрэнг би илүүтэй сонирхож байна хэмээн асуужээ.
Хэнд ч гэсэн төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгөсөн аав ээж нь хамгийн дотно сэдэв, үнэт эрдэнэ нь байдаг. Тэр сэдэв зүрх сэтгэлд нь насан турш тээгээстэй явдаг. Бага насаа, нутаг нэгтнүүдээ халуун дулаанаар дурсан ярих дуртай байдаг. “Хувьсгалт үйлсийн зүтгэлтэн Бямбасүрэнг биш хувь хүн Бямбасүрэнг би илүүтэй сонирхож байна” гэж Ч.Үл-Олдох хэлжээ.
Илэн далангүй их яриаг өдөөж өгсөн анхны асуулт нь энэ. Оносон асуулт. Итгэлцлийг буй болгож халуун дулаан уур амьсгал бүрэлдэхэд шууд нөлөөлнө. Ийм асуултад хариулахаас хэн ч татгалзахгүй. Дуртайяа хариулна. 
-Би Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн хүн. Дайны үед төрсөн болохоор миний бага балчир нас, ухаан орох үе дайны залгаа хүнд үетэй холбоотой. Түүний өмнө талд  манай нутагт хувьсгалын ширүүн шуурга шуурч, олон хүнийг баривчилж   буудаж алаад хөрөнгийг нь хураасан хэцүү цаг үе  байсан. Миний юм санаж эхэлсэн үе 1945 оны сүүлч 1946 оны эхэн. Амьдрал хүнд, аав минь цэрэгт явчихсан, манайх гэртээ тавуулаа байлаа. Аавын маань эмэг эх гэж  70 гарсан хөгшин, аавын ээж гэж 50 хүрч байгаа   бие муутай хөгшин байх /би хөгшин ээж гэдэг байлаа/. Үүн дээр ээж минь эгчтэйгээ, бид тавуулаа таван ханатай эсгий гэрт, шалны оронд үхрийн шир дэвсээд голомтод ойр хэсэгт шороог нь нягтруулах гээд халуун ус цацаж,  эгч бид хоёр дээгүүр нь хөлөөрөө индүүдэж гишгэлдэг. Хавар болохоор бороо орно, дээврээс гоожсон дусаал дор  5-6 төмпөн сав тосч гүйнэ. Манай отогт  эр хүн байхгүй, залуус нь бүгд цэрэгт явчихсан, ахмадуудыг бүгдийг аваачаад хядчихсан болохоор чоно, нохой хэцүү. Шөнө бүрий болохоор чоно 4-5-аараа хотонд ойртож ирээд нохойтой ноцолдоно. Хүүхдүүд бид унтахын өмнө  гуулин төмпөн, цар барьж гараад модоор цохиж  чоно нохойг   холдуулж байгаад тэр хооронд  нэг юм амжуулж аваад /бие засаад/   орж унтана. Манайх  20-оод хоньтой, уналгын 2-3 морь, саалийн 5-6 үнээтэй  байсан. Ер нь манай нутгийнхны амьдрал жигд иймэрхүү. Аав минь намайг ой өнгөрч байхад цэрэгт явсан юм гэнэ лээ. 1946 оны зуны нэг өдөр тугалаа уулын ар руу гаргачихаад буцаад иртэл хөгшин ээж минь хадгалж байсан шинэ ширдгүүдээ дэвсэн дэлгэж, дээр нь хүрэн бор царайтай хүн сууж байсан. “Аав чинь ирлээ, аав чинь” гэхэд нь би танихгүй учраас бишүүрхээд эмээгийнхээ араар ороод хэвтээд өгсөн. Тэр жил аав минь ирсэн болохоор амьдрал өөдөлж эхэлсэн. Манай аав ажилд сайн, модны ажил хийнэ, гуалин бэлдэнэ. Тэгээд  байшин барихаас өгсүүлээд тэр жил манай  амьдрал өөдөлж эхэлсэн. Би ч удалгүй найман нас хүрч сургуульд орсон. Хүүхдүүд хичээлдээ мориор ирнэ. Анх удаа хичээлд сууж үзэж байгаа хүнд тэвчээр дутдаг юм байна лээ. Багш гараа өргөөд асуух юмаа асууж байгаарай гэсэн болохоор нэг удаа гараа өргөөд сууж байтал багш  “За юу  вэ” гэхээр нь “Зөөхийтэй талх идмээр байна” гээд аваад хаячихсан чинь бүгд хөхрөлдөж бөөн онигоонд орж байлаа...” хэмээн ярилцлага эхэлж байна. Хөдөө нутгийн амьдрал, хүүхэд үеийн Бямбасүрэн бидний нүдэн дээр тодрон товойж харагдана. Дайны өмнөх болоод дараах цаг үеийн Монголын аж амьдралын нийтлэг дүр зураг аж.
Дайны хүнд бэрх цаг үеийн бага насаа дурсахдаа Д.Бямбасүрэн гуай буриад зон олны амьдралын талаар сонин зүйл олныг хэлжээ. Ганцыг нь эш татвал “эмэгтэйчүүд шингэн сүүгээрээ тогоо нэрнэ. Тэрийг нь уух хүн байхгүй. Эмэгтэйчүүд долоо хоногтоо  нэг удаа юм уу  эсвэл оройдоо  бөөгнөрч суугаад дуу дуулна. Дуулж суухдаа аавыгаа, ахыгаа, нөхрөө дурсаад уйлцгаана. Тийм л хүнд зураг миний сэтгэлд үлдэж дээ” гэсэн байна.
Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд, түүнээс 17 дахь удаагаа ярилцлага авч байгаа Ч.Үл-Олдох сэтгүүлч хоёрын яриа саадгүй өрнөн үргэлжилжээ. Тос шиг нийлэмжтэй торгон асуултаар яриагаа эхлүүлж чадсаны үр дүн ингэж гарч байна. Бяцхан хүү Бямбасүрэн ааваа дагаад ан гөрөөнд явж буй тухай, амьдрал өдөр өдрөөр өөдлөн дэвжиж эхэлснийг, сумын сургуульдаа орсноо  дуртайяа эргэн дурсчээ.
Сумын төвд байдаг дунд сургуульд сурахдаа эхний жил аавынхаа ээжтэй хамт, хоёр дахь жилд орос хөгшнийд, гуравдугаар ангидаа барга айлд, дөрөвдүгээр ангидаа хорь буриад нэгнийд, тавдугаар ангид сумын төв дэх ганц хятад айлд, дараа жил нь өвөрмонгол айлд байж олон ястан, үндэстний ахуй заншил, зан үйлтэй танилцсанаа хүртэл хүүрнэн өгүүлжээ. Яриа халж, сэдвийн хүрээ өргөжин тэлж улам улмаар урсан гүнзгийрч эхэлж байна. Үүний нэг тод жишээ нь нэгдэлжих хөдөлгөөний талаарх сонин яриа юм. Өнөө үеийнхний ойлголтоос огт өөр, тэс ондоо зүйл хэлсэн байна.
Цаг үеийн дэглэм их  хатуу, хонины ноос, эвэр туурай  тушаахад дутвал сумын төлөөлөгч, буутай хүмүүс ирээд шууд туугаад явах жишээтэй. Буутай хүнээс айгаад тэр үү,  манай эгч бид хоёр 4-5 настайгаас хонио хариулдаг болж, хээр буутай хүн харагдвал хонхорт ороод  нуугдчихдаг байлаа. Нэгдэлжих хөдөлгөөнийг хүмүүс үзэл суртал, улс төр талаас ярих гээд байдаг болж. Ер нь бол  нэгдэлжих хөдөлгөөн эхэндээ хүмүүст  хамтраад юм хийж болдог юм байна, арай илүү  бүтээмжтэй байх юм гэдгийг ойлгуулсан болохоор  эхэндээ урамтай байсан. Залуус хамтарч эрдэнэ шиш тариална.  Түүгээрээ дарш хийж, саалийн үнээтэй газруудад сүүнд санаа зовох юмгүй байлаа. Нэгдэл эхэндээ сайн дурын үндсэнд зах зээлийн жамаар явсан. 1957 онд би дунд сургуулиа төгсж хот руу сургуульд ирсэн. Аймгийн төвд  очиход гудамжаар нэг сум болгон  гуанз гаргачихсан, бид тэрийг нь хэсээд аль сайн  хоолтойг нь шилж  иддэг байлаа. Жишээ нь, Өмнөдэлгэрийнхэн тарган хонины махтай сайхан хоолтой учраас авч идэх жишээтэй. Сүүлд 1960 онд би сургуулиа төгсөөд  хойшоо  явж 1962 онд буцаад ирэхэд бүх юм өөр болчихсон байсан. Нөгөө  нэгдлүүдийг  зах зээлийн зарчмаас нь  хязгаарлаж, худалдаа наймаа хийхийг нь болиулчихсан. Аймгийн төв ороод иртэл ганц нэг гуанзтай, тэнд нь ороход түлэнхий будаанаас өөр юмгүй болчихсон байсан. Манайхан нэгдлийнхээ давуу талыг ашиглаж чадалгүй өөрсдөө нугасалчихсан юм шүү дээ. Манай нутгийнхны хувьд  тэр үед элдэв хулгай зэлгий байгаагүй. Энэ чинь сүүлийн үед  гарч ирсэн хачин үзэгдэл  болохоос бүх зүйл натур маягаар, ардынхаа зан заншилд тулгуурласан, ахмадууд нь залуусаа сургадаг, тэд ч ахмадаа сонсдог байлаа.  Миний багын амьдрал ийм. Надад үлдсэн юм нь  хөдөөний хүн гэсэн чанар л байх. Одоог хүртэл би өөрийгөө хөдөөний хүн л гэж боддог”  хэмээн Д.Бямбасүрэн гуай сэтгүүлч Ч.Үл-Олдоход ярьсан аж.
Хүүхэд насанд олж авсан төрөлх хүмүүжил хүнийг хүн болгон өсгөж өндийлгөөд насан туршид хамт дагалдаж залж чиглүүлж жолоодож байдаг гэсэн том гүн ухаан энэ ярианаас нэвт үнэртэж байна. Сэтгүүлч Ч.Үл-Олдох ярилцлагынхаа анхны асуултаараа л гол зорилгодоо хүрч ончтой хариулт авч чадсан байна. Уншигчдад Д.Бямбасүрэн гэдэг хувь хүний тухай чухал мэдээллийг хүргэжээ. Анхны асуулт амжилтад хүрэх нь нэн ховорхон байдаг юм. Аз таарсан байж болно эсвэл их туршлагатай мастер сэтгүүлч зангараг зааж онож асуусан байж мэднэ. Ч.Үл-Олдохын хувьд би хоёр дахийг нэрлэх байна.
Нэгдэлжих хөдөлгөөний талаарх үнэн мөнийг энд жишээ баримтаар өгүүлжээ. Хөгжил дэвшлийг нь гажуудуулж завхруулаагүй бол нийгмийн амьдралд хэрэгтэй хөдөлгөөн, шинэ дэвшилтэй зүйл байсныг Д.Бямбасүрэн гуай хэлсэн байна. Манайхан нэгдлийнхээ давуу талыг ашиглаж чадалгүй өөрсдөө нугасалчихсан юм шүү дээ гэсэн нь үнэмшилтэй сонсогдож байна. Үүнийг Д.Бямбасүрэн гэдэг хүний үе тэнгийнхэн нь л үнэнээр нь хэлнэ. Өөр хүмүүс хэлж чадахгүй. Яагаад гэвэл мэдэхгүй. Сэтгүүлчийн анхны асуулт байгаа олж онож чадсан учраас энэ мэт олон чухал мэдээлэл олж авах оньсон түлхүүр болж чаджээ.
Ахиулаад Ч.Үл-Олдох буриад зон олны тухай сонирхон асууж асар үнэ цэнтэй хариулт сонсож байна. Дашийн Бямбасүрэн Монгол угсаатны үүх түүхийг гаргууд сайн мэддэгээ хариултаараа харуулжээ гэж хэлж болно. Хөөрөлдөөн улам л сонирхолтой болон өрнөж байна. Сэтгүүлч Ч.Үл-Олдох ч ар араас нь асуултуудаа угсруулан залгуулж загатнасан газар нь маажиж байна. Энэ удаагийн буюу 17 дахь ярилцлагадаа Ч.Үл-Олдох хөөрөлдөгчдөө нийт 28 асуулт тавьж дэлгэрэнгүй хариулт авч чадсан байгаа юм. Асуулт хийгээд хариултаас харахад тэр хоёр хагас өдөр бардаахан хөөрөлдсөн байж таарна.
Ч.Үл-Олдох түүнээс социализм гэдэг нийгмийн формацийн буюу уг нийгмийн байгуулал улс орон, хүн ардад сайн зүйл юуг өгсөн, муу муухай нь юу байсан тухай, Статистикийн төв газар, Үнийн хороонд ажиллаж байсан он жилүүдийнх нь талаар асууж, Ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхий сайдаар томилогдоод ажилласан амаргүй хүнд цаг үеийнх нь тухай яриулжээ. Бас алдарт 20 дугаар тогтоолын талаар лавлахаа ч мартсангүй. Алт, диллерийн хэргийн талаар ч гүнзгийрүүлэн ухаж төнхөж “байцаажээ”. Үе үеийн Ерөнхий сайдуудын адармаатай амьдрал тэмцлийн үнэн түүхийг Дашийн Бямбасүрэнгээр хэлүүлж, Юмжаагийн Цэдэнбал, Жамбын Батмөнх болон Пунцагийн Жасрай, Думаагийн Содном гэсэн нийгэм, улс төрийн нэрт зүтгэлтнүүдийн тухай сонин дурсамжийг яриулж амжсан байна.
Шашин шүтдэг эсэхийг нь сонирхон уг сэдвээр хөөрөлдөж байгаад сэдвийнхээ хүрээг улам улмаар хумьж хувийнх нь амьдралд ахиулан ойртуулсаар үр хүүхдүүд, эхнэрийнх нь тухай эвтэйхэн гэгч нь асууж Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайдын хувийн амьдралын хамгийн үнэт нандин зүйлсийг товойлгон гаргаж чадсан аж. Хүн бүр ганзагын наймаанд мордож, улс төрийн өндөрлөгт залрагсад мэдээлэлд ойр буй давуу талаа ашиглаж төрөөс төрсөн тэрбумтнууд болон хувирч байхад та яагаад тэдний замаар орсонгүй вэ гэж асуухаа ч Үл-Олдох мартсангүй.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.5  МЯГМАР № 195 (6672)

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

6 цаг 14 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

20 цаг 19 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

20 цаг 19 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Уржигдар 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Уржигдар 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

2025-08-13
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

2025-08-13
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-13
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12