Монголын оюуны их өргөөний чамбай хатагтай

2021-06-10
Нийтэлсэн: Админ
 17 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

...Монголын эмэгтэйчүүдийн манлайд хоёр зуун дамнан алдаршсан С.Удвал тэргүүтэй хатагтай нарын нэг нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Найдангийн Цагаач гуай юм. Тэр бол “Номон дунд мөрөө гаргаж, номон суваргаар нэрээ мөнхөлсөн” нийгэм, соёлын зүтгэлтэн юм.

...Гүн их итгэл, чин хайраар Түдэв, Ном хоёртой хувь заяагаа холбон хорвоог туулахдаа ихийг үзэж дуулж, ихийг  мэдэж таньж, тун ч ихийг хийж бүтээсэн тэрбээр чухам ямархан хүн явсныг хураангуйлан товч тодорхойлбоос:

-Насны ганц ханиа сэцэн хатдын ухаанаар түшихдээ төрмөл их авьяас билгийг нь тэтгэн, дэвжээж “Лодонгийн Түдэв бол дэлхийн суут сэтгэгч, эрин цагийг эзэлсэн зуун эрхэм хүний нэг мөн” хэмээн хүмүүн төрөлхтөн нэгэн дуугаар хүлээн зөвшөөртөл эр нөхрийнхөө дээлийн захыг мушгиж чадсан тэнгэрлэг монгол бүсгүй, Алтай нутаг, Лодон абугайн төдийгүй монгол түмний эрхэм хүндтэй дархан бэр.

-Монгол Улсын судар номын ариун гал голомт, эрдмийн гэгээн ордон Төв номын сангийн суу алдрыг дэлхий, олон улсад дуурсгаж, монгол номын ертөнцөд бүтэц, үйл ажиллагааны шинэ дэвшилт удирдлага, арга зүйн өөрчлөлт шинэчлэлтийг ардчилсан хувьсгалтай хөл нийлүүлэн хийж хэрэгжүүлсэн соён гэгээрүүлэгч.

-Л.Түдэв даргыг төр улсын тэргүүнээр биш ч Монгол Улсынхаа оюун билэг, эрдэм ухааны оройн дээдэд түмэн олноороо дуун нэгтэй хүндэтгэн залсаар буй нь гарцаагүй үнэн учир түүний хань Н.Цагаач тэр их дээд баяны оройд залрагчийг түшиж тулсан Тэргүүн хатагтай мөнөөс мөн” гэж Цэндийн Намсрайн нэрэмжит шилдэг редакторын шагналт сэтгүүлч Ядамжавын Сумъяа бичжээ.

Монголын оюун санааны хүчирхэг удирдагч, зохиолч, сэтгүүлч, нийтлэлч, эрдэмтэн, төр, нийгмийн зүтгэлтэн, нэрт соён гэгээрүүлэгч  Л.Түдэв гэж хэн  билээ. Монголын ард түмний төлөө  юу хийж бүтээж ирсэн билээ.  Ийн эрэгцүүлэх аваас тэр их хүмүний дэргэд завсаргүй нэгэн жаран хамт байж,  нэг  биеэ гурав хуваан, нимгэн заяагаа  нөмөр болгож   халамжлан  түшсэн  хайрт хань  Найдангийн Цагаачийнх нь  дүр төрх,  сэтгэл зүтгэл  тодорно. Ямархан агуу,  гайхамшигтай эмэгтэй  болох  нь хэнд ч  ойлгогдоно.  Л.Түдэв хэмээх агуу хүмүний гэргий байж, гэрийг нь гийгүүлж, үсрийг нь өсгөж,  дэргэдэх ханиа  түшиж тулж  хорвоог туулна гэдэг түүнээс ч  дутахааргүй мундаг  байхыг л шаардана  шүү дээ. Найдангийн Цагаач хэмээх номын гэрэлт бүсгүйд тийм заяа тавилан  тохиож тэрээр ханиа хайраар өлгийдөж, судар номоо  ухаанаар баринтаглаж амьдарчээ. Ер нь бол дэргэд нь байж насыг элээсэн хань нь байтугай Л.Түдэв гуайтай хэсэгхэн хугацаанд  хамт ажилласан, ном бүтээлээ уншуулж, зөвлөгөө авч явсан, хичээл заалгасан, лекцийг нь сонссон, ер түүнтэй ямар нэгэн сэжмээр холбоотой бүхэн өөрийгөө азтай гэдэг. Тухайлбал  Л.Түдэв гуайн туслах, нарийн бичгийн даргаар олон жил ажилласан Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн дууны зохиолч Ш.Бадарч “Л.Түдэв хэмээх агуу хүний дэргэд байна гэдэг миний хамгийн том албан тушаал байлаа”  хэмээн  ergelt.mn цахим сайтад сэтгүүлч Б.Энх-Марттай ярилцахдаа хэлжээ.  “Түдэв гуайг илүү мэдэхийн тулд түүний зохиол бүтээлүүдийг уншихаас гадна өдгөө ч түүний эрхлэн гаргасаар байгаа “Дал” сониныг унших. Гэвч надад бас л хангалтгүй байдаг. Гэхдээ Түдэв гуай өөрөөсөө илүү эхнэрээ алдаршуулахыг, түүнийхээ нэрийг үүрд дурсагдсаар үлдээхийг хүсдэг санагддаг. Та эхнэрийг нь хэр сайн таних вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр  “Тийм  том хүний тушиг тулгүүр байж чадаж байна гэдэг чинь түүнээсээ дутахааргүй мундаг хүн гэсэн үг шүү дээ. Хүний амьдралын учрал ерөөл гэж байна л даа. Хүн агуу их ухаантай, асгарсан эрдэмтэй байж болно. Гэхдээ  сайн хань түшиж байж илүү гялалзана шүү дээ. Үр хүүхэд төрүүлэх, өсгөх, гэр орны ажил энэ тэр бол бүх эмэгтэйн хийдэг л зүйл. Тэгэхэд үүний хажуугаар тэр хүний авьяас билэг, эрдэм чадлыг улам гэрэлтэхэд нь тусална, нөлөөлнө, түшиг болно гэдэг бол баргийн эмэгтэйн чадах зүйл биш. Тэгэхээр Цагаач гуай бол яах аргагүй Түдэв багшийн учрал ерөөл юм шүү дээ. Их халамжтай, зан сайтай хүн байсан. Хэн хүнтэй нэг л зангаар, нэг л сэтгэлээр он цагийн алинд ч уулзана, инээж хөхөрнө, тусална.  Тэгээд ер нь авсан гэргий нь эр нөхрөө ямар ч цагт тулж түшээд, сайхан халамжлаад, сэтгэл түвшин амьдруулна гэдэг бол буян. Энэ буяныг тэр хоёр бие биедээ өгсөн гэж би боддог” хэмээн хариулсан байх юм.

Л.Түдэв гэж ямар хүн байсан тухай өнөөдөр найман настай балчраас наян настай буурал мэднэ. Дэлхий түүнийг  танина. Харин гэргий  Найдангийн Цагаачийнх нь  ямар хүн байсан хийгээд  амьд сэрүүн ахуйдаа  юу хэлж ярьж байсан бэ гээд үзвэл  тэр болгон  өөрөө  ярьсан, тайлагнасан нь хомс юм. Түүнийг амьд ахуйд зорьж ярилцлага авсан  хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч алга. Цор ганцхан  хүн л түүний  хөрөг нийтлэлийг  бичиж, агуу Л.Түдэвийн эрхлэн гаргадаг “Дал” сонин, түүний 85 насны ойд зориулан гаргасан дуртгал, дурсамжийн номонд  нийтлүүлсэн нь   Цэндийн Намсрайн нэрэмжит шилдэг редакторын шагналт сэтгүүлч Я.Сумъяа болой. Тэрээр  энэхүү  нийтлэлийг бичихэд ч   чигийг   заасан “Алтан гадас” болсныг энд тэмдэглэх учиртай.

Агуу Л.Түдэвийн  их хайрын эзэн тэнгэр, эрхэмсэг хатагтай  Найдангийн Цагаач Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төржээ. Ш.Базарын эмхэтгэсэн  “Ном дагасан заяа” хэмээх 450 гаруй  шилдэг номын санчийн намтар түүх, бүтээл туурвилыг багтаасан  “Лавлах товчоон”-д  түүнийг 1938 онд төрсөн. Дээд боловсролтой, номын санч мэргэжилтэй, Олон улсын номын санчдын холбооны бие даасан гишүүн бөгөөд Австрали, Америк, Герман, Орос, Польш, Турк, Унгар, Хятад, Япон зэрэг олон оронд болсон номын санчдын   Олон улсын  хурал, зөвлөгөөнд оролцож үг хэлж, өгүүлэл нийтлүүлсэн.  Монголын номын санчдын анхны тэргүүнээр сонгогдон ажилласан. Монгол Улсын Төв номын санд хүүхдийн уншлагын танхимын эрхлэгч, хэлтсийн дарга, захирлын албыг 30-аад жил хашсан. 1996 оноос Анагаах ухааны номын сангийн даргаар ажилласан. Ном зүйн арга  ухааны бүртгэлийг зургаан цувралаар хэвлүүлсэн” хэмээгээд бүтээлийн  жагсаалтыг хавсаргажээ. Л.Түдэв агсан  “Ураг удам” сонины захиалгаар 2020 онд бичсэн  “Сүүлчийн захиас” нийтлэлдээ “...Эхнэр Н.Цагаач маань хотгойд овог бөгөөд Хөвсгөл аймгийн хойд  хязгаарын омгийн малчин гаралтай. Гурван хүүхэд хоёр охин, нэг хүү төрүүлсэн эх юм. Төрүүлсэн гурван хүүхэд нь тус бүр гурав гурван охид голдуу хүүхэд төрүүлж өсгөсөн билээ” хэмээн бичиж үлдээжээ. Харин сэтгүүлч Я.Сумъяа нийтлэлдээ “Монгол Улсын соёл боловсролын ертөнцөд номон суваргаар нэрээ мөнхөлсөн эрдэмт бүсгүй тэрбээр Ирчмийн нуруу, Бүхсийн голын унагана охин юм” гэжээ.

Л.Түдэв гэргийтэйгээ хэрхэн анх учирсан хийгээд  амьдрал зохиосон тухайгаа “Нийгмийн ариусал” 35 дугаар ботийнхоо   “Хамт жаргасан хагас зуун минь” зүрхний дуртгалд  “Алтайн хөх цахиур, Хөвсгөл далайн цагаан сувд хоёр ижилсэн хорвоог туулах болсон нь анхны харц мөргөлдөх  тэр агшинд зүрх ер бусын их хүчтэй  ёгхийсэн  1961 оны өлзий учралт өвөл” хэмээн тодотгожээ

Тэр их хүний агуу хайрыг татсан цорын ганц нь  байна гэдэг өөрөө агуу хувь тавилан юм. Бас тэдний хайр ямар агуу, чин үнэнч байсныг  Төрийн шагналт яруу найрагч С.Оюун  “Л.Түдэв дарга 1961 оны өвөл “Үнэн” сонинд томилогдон  очиход Н.Цагаач гуай эрхлэгчийн туслахаар ажиллаж байсан юм  гэнэ лээ. Анхны харцаар  шууд дурлаж, гэргийгээ болгож, амьдралынхаа туршид Н.Цагаач гуайгаас өөр эмэгтэй рүү харж байгаагүй  гэж манай зохиолчид ярьдаг. Хаа ч явсан хамт л байна. Ер нь Л.Түдэв гуай ажлаа тараад шууд машиндаа суугаад харьдаг. Машинаасаа буугаад гэр рүүгээ үсрээд  орчихдог. Ерөөс Түдэвийнх гэдэг айл, Түдэвийнх гэсэн  амьдралын өвөрмөц  ертөнц, өөрсдийн гэсэн дэг жаягийг бүрдүүлж амьдарсан гэж айл  хөрш байсан, орж гарч явсан зохиочдын амнаас сонсч байлаа” хэмээн дурсан ярьж байна. Тэдний амьдрал  бараг тэр чигээрээ тун сонирхолтой шинжлэх ухаан байсан гэж олон зохиолч, сэтгүүлч хэлсэн байдаг. Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ “Түдэв маягийн аж төрөх ёс гэж бий. Тэр бол их унших, гүн сэтгэх, бүтээлч ажиллах, цаг хугацааг цагийн механизм шиг ашиглах, аливаа дэл сул занг үл таашаах, хүмүүст хариу нэхэхгүй тусч сэтгэлээр хандах, үзэл бодолдоо үнэнч байх, холч мэргэнээр угтан харах. Ийм зарчим, ийм хэмнэлээр цаг мөч бүртэй уралдан үр бүтээлтэй ажиллаж ирсэн учир тэрээр энэ их амжилтад хүрчээ” хэмээн тодорхойлсон нь  ч бий.

Тухайн үед Л.Түдэв гуай аавынхаа барьсан жижигхэн модон байшинд айл болж өрх тусгаарлах боломжтой байсан ч “Гэргий авсан бол гэрээ барь” гэсэн хуучны үгийг даган “Үнэн” сонины коммуны гэх зуслангийн шавар тагзны ганц өрөөнд  гэргийтэйгээ шувууд буцаж, голын ус захаасаа зайрмагттал сууж, арга ухаан уралдуулан явсаар гал голомтоо асаасан гэдэг. Тэрээр ЗХУ-д сурч байсан оюутан ахуй цагийнхаа амьдралыг   “Садаво-Кудринская 9” гэдэг хаягтай байрандаа дөрвүүлээ аж төрцгөөх болов. Нийтийн гал зуухтай, нийтийн халуун устай тул нялх амьтдаа угаах, цагаан хэрэглэлийг нь байнга цэвэрлэж индүүдэх, цагт нь хооллох гэхчлэн зав зайгүй ажилд  эхнэр бид хоёр хамаг цагаа зориулж түүний хажуугаар эрдмийн ажлаа амжуулах гэж гурван жилийн цаггүй хөдөлмөрт зүтгэж явсаар залуу насны аагаар тэр бүхнийг давж, хоёулаа биш дөрвүүлээ, ганц  биш хоёр дипломтой \нэг нь Академи төгссөнийх, нөгөө нь дэд эрдэмтнийх\ эх орондоо 1967 оны зун эргэж ирсэн билээ. Галт тэрэгний буудал дээр хоёр хүүхдээ тэвэрч нэг хүүхдийн тэрэг, чемодан дүүрэн номоо чирч буухад минь угтагсдын дотор байсан хоёр хүүхэн “Яасан ядуу айл вэ” гэж ярилцахыг авгай минь сонсчихоод “Хамгийн баян гээч” гэж байж билээ хэмээн дурссан байдаг. Ийнхүү айл болоод тэд Улсын Их дэлгүүрээс гурван мөнгөн халбага, гурван сэрээ, гурван таваг худалдан авч байсан хнь  Шүрбум, Ширитүм, Дарьбум хэмээх хоёр охин, нэг хүү  гурван хүүхэдтэй болохын нь  оршил билэгдэл байсан бол гэрлэлтээ бүртгүүлсэн аравдугаар сарын 17-ны өдрийг гэргий Н.Цагаач нь “Энэ миний хорвоод хүн болж төрсөн өдөр минь болог” хэмээн бэлэгшээж, ууган хүүхдийнх нь төрсөн өдөр Орос орон даяар их бууны буудлага хийж охиныг угтсанд залуу эцэг  бэлэгшээн “Хүн төрлөө” найраглал бичиж Оросын ард түмний  эх хэл, их гүрний хэвлэлээр түмэнд сонордуулж, Л.Түдэвийнх гэдэг айл ерөөл, билэгдэл,  ёс гурваар  өөрсдийн ертөнцөө бүтээж жаран жил  жаргаж  амьдарчээ. Тэднийг хорвоогийн жам салгах хүртэл  захиа бичих завсар гаралгүй дандаа хамт байв. Гэвч жамыг сөрж гарсан хүн үгүй билээ. Тиймийн учир Л.Түдэв гуай ханиа тэнгэр болоход шарил дээр нь  “Хөөрхийтэйгэээ  байхад зовлон ч жаргал байлаа. Хөөрхийгөө үгүй болмогц жаргал ч зовлон боллоо”  хэмээн буурал  тэргүүнээ гудайлган байж хэлсэн нь хэн хүнд нэгийг бодогдуулна.  

 Найдангийн Цагаач бол дэлхийд танигдсан номын сангийн мэргэжилтэн, аргазүйч, Олон улсын номын санчдын холбооны бие даасан гишүүн  бөгөөд    дэлхийн номын сангийн дэвшилтэт арга технологи, шинэ соёлыг Монголдоо түгээн дэлгэрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн  нийгэм соёлын   зүтгэлтэн, нэрт соён гэгээрүүлэгч  юм. Тэрээр Олон улсын стандарчилал, дугаарлалтыг  Монголын нийт номын санд нэвтрүүлэх ажлыг санаачлан өөрөө удирдаж хэрэгжүүлсэн нь түүний нэрээр нэрлэгдэн   одоо ч улсын нийт номын санд  хэрэгжсээр байна. Мөн түүний бичсэн  номын санчийн гарын авлага, арга зүйн номуудыг  одоо ч мэргэжлийн ангийн оюутан сурагчид, номын санчид  уншиж судалсаар байдаг билээ.  

Найдангийн Цагаач   1965 онд Улсын  төв номын санд \хуучин нэрээр\   Хүүхдийн уншлагын танхимын номын санчаар ажилд оржээ. Улмаар   Ном бүрдүүлэх солилцооны номын санч,   хэлтсийн дарга, номын сангийн дарга,  захирлын албан тушаалд дэвшин 30-аад   жил ажиллажээ. Сүүлд  Анагаах ухааны их сургуулийн номын сангийн даргаар ажиллахдаа  олон улсын стандартыг нэвтрүүлэхийн төлөө олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна.  

Монголын оюуны өргөө, номын ертөнцөд насаараа  ажиллахдаа  тэрээр эрдэмтэн зохиолч Л.Түдэвийнхээ  мэдлэг оюуныг тэлэхэд өөрийн чадах мэдэхээр ямагт туслаж байсны  нэгээхэн гэрч нь “Монгольские сказания об Амурсане” хэмээх гар бичмэлийнх нь доор “Хань Найдангийн Цагаач минь Хотгойд бөгөөд Амарсанаагийн тухай энэхүү домог яриаг  орос хэлнээс хуулж надад өгсөн 50 жилийн тэртээх гар бичмэл. Хайрт ханийн минь гар бичмэл надад юунаас ч үнэтэй дурсгал билээ. Л.Түдэв” гэсэн баримт үлджээ.   

Тэрээр  эрхэлсэн ажилдаа няхуур нямбай, санаачилгатайн дээр удирдах авьяастай нэгэн байсныг түүнтэй хамт ажиллаж байсан  Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад номын санч, аргазүйч, номын сангийн түүх судлаач Ш.Базар ярихдаа  “Н.Цагаач бид хоёр  1965 онд Улсын төв номын санд зэрэг ажилд орж  20 гаруй жил  хамт ажилласан юм. Бас нэг оныхон, нас  чацуу учир хэн хэнээ ихээхэн  хүндэтгэдэг байлаа. Би тэр үед номын сангийн  арга зүйн хэлтсийн даргаар, Н.Цагаач Хүүхдийн номын уншлагын танхимд номын санчаар анх   ажилд орж байлаа. Эхлээд дарга, ажилтан хоёр байлаа. Дараа нь тэр дарга, би ажилтан нь болсон. Мань хүн   тэндээсээ ном бүрдүүлэх солилцооны номын санч,  хэлтсийн дарга, номын сангийн дарга болж дэвшсэн. Сүүлд 1995 онд тэтгэвэртээ гарахад нь  ЭМШУҮИС урьж Анагаах ухааны номын сангийн даргаар ажиллсан” хэмээн дурсч байна.

Үнэхээр тухайн үед ЭМШУҮИС-ийн  захирал, академич Ц.Лхагвасүрэн, Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга академич Л.Лхагва нар Анагаах ухааны номын санг удирдуулах хүсэлт тавьснаар  Н.Цагаач  гуай маань тийшээ очиж байжээ. Тэрээр   Анагаах ухааны номын санг  электрон болгосон анхдагч бөгөөд энэ  ажлаараа   зөвхөн  ЭМШУҮИС төдийгүй Монголын их, дээд сургуулиудын номын санг шинэчлэх нүсэр шинэчлэлийг  эхлүүлсэн  байна.    Анагаах ухааны номын санд ирээд тэрээр  15 жил амрах завгүй  ажиллажээ. Хамгийн сүүлд   ЭМШУҮС-ийн номын санг Анагаахын шинжлэх ухааны салбарын  номын сан   болгоод зогсохгүй шинэ байртай болгохыг  зорьж, олон газраар орж хөөцөлдөж явсан гэдэг. Өдгөө түүний хөөцөлдөж явсан  ажил биеллээ “Номын сангийн барилгыг энд л бариулчих юм сан” хэмээн сонгож явсан газарт нь орчин үеийн номын өргөө сүндэрлэн боссоныг тэнгэрээс  харж байгаа бол мэдээж   баярлаж  буй биз ээ.

Ахмад номын санч Ш.Базар гуай  хэлэхдээ “Н.Цагаач маань хүнийхээ  хувьд  маш дайчин,  ясны хөдөлмөрч, шулуун  шударга зантай.  Удирдах авьяастай учир олон нийтийн байгууллагад олон сонгуультай, шинийг санаачлагч, түүнийхээ төлөө уйгагүй зүтгэдэг хүн  байлаа. Монгол Улсад  номын сангийн орчин үеийн стандартыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн хүн  шүү дээ.   Олон улсын номын сангийн ангиллыг Монголын номын сангуудад нэвтрүүлэх зорилгоор АНУ-ын  ангилал DDC-ыг монгол хэл рүү  орчуулж  хэвлүүлэх ажлыг удирдаж дөрвөн боть хэвлүүлсэн нь   улсын нийт номын санд одоо ч   ашиглагдаж байгаа.  Монголын номын санд электрон каталоги нэвтрүүлж ЮНЕСКО-гийн CDS-ISIS Олон улсын мэдээллийн  тогтолцооны программыг анх удаа Монголд  түгээх дистрибьютер байгууллагын эрхийг өөрийн эрхэлж буй номын санд авч хэрэгжүүлэн улмаар их, дээд сургуулиуд, хот хөдөөгийн номын сангуудад аргазүйн  зөвлөмж өгч  нэвтрүүлсэн.  Монгол номыг дэлхийн бүртгэл  ISBN стандарт дугаарт оруулах талаар ч  анх санаачлан “Монголын үндэсний товчоо”-г 2000 оноос байгуулан ажилласнаар монгол ном XXI зуунд олон улсын дугаартай болсон юм” хэмээн дурсан ярьж байна.

Үүнээс үзэхэд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Цагаач номын санч, арга зүйчийн хүрээнээс хальсан сэтгэгч,  шинийг санаачлагч  төдийгүй Монголын номын сангийн хөгжлийг урагшлуулж   дэлхийтэй хөл нийлүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн  ховорхон  мэргэжилтэн байжээ.

  Тэр бас номон суварга дээр нэрээ мөнхжүүлсэн  уран бүтээлч  байв.    ОХУ-ын номын санчидтай хамтран орос, монгол хэлээр  гаргасан  “Монгол ном” \Книга Монголи 1988\ ,  “Писатели  Монгольской Народной Республики. 1983” буюу “Монгол зохиолчдын лавлах”, өөрийнх нь бичиж нийтлүүлсэн  “Нэвтрэх эрдэнэ” \эмхэтгэл\ , “Монголын үндэсний номын сан” \түүхэн бичиг  нэг сэдэвт ном \2001\,  “Эрдмийн сувд” \2008\ , “Монголын талаарх ном зүйн бүртгэл” VII, VIII  дэвтэр  \1975-1980\, хүүхдийн номын санд зориулан өөрийн нөхцөл тохируулан орчуулсан  “Номын сан, ном зүйн ангилал” бүтээл, “МХЗЭ-ийн ном зүйн бүртгэл” |1986 он\, Дэлхийн монголч эрдэмтдийн их хурлын эмхэтгэлүүд, “Альманах библиофила”-Монголд зориулсан боть болон судалгаа, шинжилгээний ихээхэн ач холбогдолтой олон арван  ном бүтээл туурвижээ. Түүнчлэн  “Номын дүрэм” , “Үйл бүтээх тухай”  цуврал 10 хичээл”, “НҮБ-ын хадгалагч номын сан” өгүүлэл, “Д.Нацагдоржийн номүйн бүтээл хэвлэгдэв” шүүмж, “Монголын холбогдолтой гадаадад хэвлэгдсэн номын тухай”, “Ертөнцийг харах цонх”, “Золотом то серебру-Азия-Африка сегодня”, “Д.Нацагдорж хөрөнгөтний газарт”  Т.Рафф АНУ-д зургаан өгүүллэгийг нь өмнөх үгтэй нь орчуулсан тухай, “Монгол ном дэлхийд данслагдахын ашиг”, “Үндэсний номын сангийн зэрэг дэв”, “Номоор дамжуулан хүргэх мэдээлэл хангамжийн шинэчлэл”, “Монгол номын сангуудад шинэчлэлийн цонх нээгдэв”, “Аливаа үндэстний хамгийн том уншигч нь хүүхэд”, “Эрүүл мэндийн ухааны мэргэдийн бүтээлийн сан” зэрэг монгол, англи хэлээр бичсэн өгүүлэл, нийтлэл, Австрали, АНУ, Болгар, Герман, Польш, Турк, БНХАУ, Япон  зэрэг оронд болсон номын санчдын Олон улсын  хурал, зөвлөгөөнд хэлсэн үг, эрдэм шинжилгээ, онол арга зүйн хуралд тавьж хэлэлцүүлсэн илтгэлүүд нь ач холбогдлоо хэзээ ч үл алдах шинжилгээ судалгааны дорвитой бүтээлүүд болжээ.  Эдгээр бүтээлийг нь   насны хань Л.Түдэв нь ариутган шүүж, нягтлан найруулсан байна.  Үүнээс гадна Н.Цагаач боловсролын салбарт Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд шинжээчээр олон жил  үр бүтээлтэй ажилласан байдаг.  Тухайн үед тус  зөвлөлийг удирдаж байсан, өдгөө  АНУ-д төвтэй Перегрин академик сервис байгууллагын Монгол дахь салбарын захирлаар ажиллаж буй  В.Алзахгүй “Цагаач  эгч ажилд гайхалтай нямбай, өндөр шаардлагатай, аливаад чин сэтгэлээсээ ханддаг  хүн байлаа. Миний хариуцаж байсан Боловсролын магадлан итгэмжлэх  үндэсний зөвлөлийн шинжээчээр олон жил ажиллаж, их, дээд сургуулиудын номын санг сайжруулах, ном зүйч- шинжээчдийг мэргэшүүлэхэд үнэн сэтгэлээсээ тусалж байсныг нь би одоо ч  хүндэтгэн дурсдаг” хэмээн бичсэн байдаг.   

Түүнийг амьд сэрүүн ид хийж бүтээж явахад нь  төр, засгийн зүгээс   хөдөлмөр  зүтгэлийг  нь өндрөөр   өндрөөр үнэлж,  Монгол Улсын Соёлын тэргүүний  ажилтан,  Монгол  Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр,  Олон улсын түвшинд хоёр орны ном солилцоо, соёлын харилцаанд оруулсан хувь нэмрийг үнэлж  Бүгд Найрамдах Польш улс  гавьяаны мөнгөн одонгоор   тус, тус шагнаж урамжуулжээ.

Найдангийн Цагаач хэмээх эрхэм хүмүн өдгөө бидний дунд  байхгүй ч  түүний үлдээсэн  номон  суваргууд, дэлхийн хөгжлийг Монголдоо авчирч нутагшуулсан номын сангийн цахим шинэчлэл,  шинээр хэвшүүлсэн  соёлууд    эзнийхээ  тухай  ихийг  ярьж, олныг тодотгосоор  байна. Монголын оюуны их өргөөний тэргүүн хатагтай тэрээр монголчуудаа соён гэгээрүүлэх нөр их үйлсэд ухамсарт амьдралаа  бүрэн зориулж, мэдлэг оюунаа хойч үеийнхэнд   баринтаглан үлдээж, ирээдүйн сайн сайхны төлөө бүхнийг урьтан  судалж,  бүтээлчээр  хэрэгжүүлж,  заримынх нь эхлэл суурийг тавьж өгөөд   одсон ч  үлдээсэн өв нэрээр нь мөнх дуурсагдаж,  үйл хэрэг нь өнөд  үргэлжилсээр байна. Номын цагаан буян  үүрд орших  болтугай.

“Зууны 100 эмэгтэй” II ботийн 266-р тал

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

6 цаг 43 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

7 цаг 34 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

7 цаг 41 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

7 цаг 55 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

8 цаг 16 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

12 цаг 40 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

12 цаг 45 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

12 цаг 55 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

13 цаг 0 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

13 цаг 5 мин