Монголын их утга зохиолын  хойморт дэлгэрсэн “алтан зул” буюу хаан найргийн хатан Ш.Дулмаа

2021-03-21
Нийтэлсэн: Админ
 15 мин унших

“ZM” © Д.ЦЭРЭННАДМИД

Ч.ҮЛ-ОЛДОХ

 Монголын их утга зохиолын босгоор  эрхэмсэг хатагтай С.Удвал, Э.Оюун нарын араас алхан орж,  ард түмнээсээ “Хаан найргийн хатан Дулмаа” хэмээх алдрыг хүртсэн, эх хэлнийхээ яруу сайхны үр шим, ард түмнийхээ итгэл, сэтгэлээс  соёолон   дэлгэрсэн нэгэн сайхан алтан зул цэцэг  бол Шагдарын Дулмаа ахайтан билээ.

Монголчууд өөр хэнийг ч бус гагц түүнийг л  ийнхүү өргөмжилсөн нь учиртай. Их найргийн эгшиглэнт атлаа адармаат зам мөрөөр эрчүүдтэй мөр зэрэгцэн хатируулж энэ өндөрлөгт хүрсэн  эмэгтэй найрагч цөөхөн.    

...Хар далайн цэнхэр мандал дээр шүлэг бичив

Карпатын уулын өндөр оргил дээр шүлэг бичив

Ариухан Дунайн гарцан дээр шүлэг бичив

Агаарын хөлгийн бүхээг дотор шүлэг бичив... хэмээн өөрийнх нь шүлэглэн дуулсан лугаа түүний дуу хоолой, уран бүтээл хүрээгүй газар үгүй. Түүн шиг дэлхийн 30 гаруй оронд очиж  Монголоо шүлэг найргаараа сурталчилж, монгол хүний мөн чанар, ёс жудагийг тунхагласан  найрагч тийм ч олон биш юм. Зөвхөн уран бүтээлээр хязгаарлагдахгүй тэрээр   хүүхэд, залуусыг эх оронч болгож хүмүүжүүлэхэд  тухайн цаг үеийнхээ дууч, уран илтгэгч, оюун санааны талбарт үзгээ хурцалсан сэтгүүлч, олон арван шавь төрүүлсэн ардын багш билээ.

Өөрийгөө “Би цэцэг, нар хоёрын дунд хүн болсон”  гэдэг  Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт  Шагдарын Дулмаа найрагч алдартан олонтой Төв аймгийн Авдарбаян сумын  хүн юм. Бүр лавшруулбал Баргын баян айлын охин. Мэндэлснээс өгсүүлээд хүй цөглөж  хүн болсон, эрдэм номын мөр хөөж, эцэст нь яруу найрагтаа үнэнч үлдсэн гээд  баялаг түүх намтартай нэгэн.  1934 онд түүнийг мэндлэхэд Авдарбаян сум тухайн үедээ том сум байсан бөгөөд  одоогийн  Баян, Сэргэлэн, Баянцагаан гэсэн  гурван сумыг хамарч байжээ. Өдгөө тэрээр “Би Баянгийнх” гэдэг ч   Сэргэлэн  сумынхан  “Манайх” хэмээн булаацалддаг. Тэр нь ч аргагүй юм. Учир нь түүний төрсөн газар  яах аргагүй Сэргэлэн сумын нутаг  Цээл шар бүрдний хойд бэлчир  юм билээ.

Авдарбаянгийн баргуудыг  Хөлөнбуйраас нүүж ирсэн гэлцдэг. Хувьсгалын далбаан дор зах хязгаар нутагт  дээрэм тонуул элбэгшсэн   1917 онд Өвөрмонголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгаас 200 гаруй өрхийн 1000 гаруй барга ястан нүүдэллэн ирж Богдын шавь болон тэр үеийн Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуунд нутаглан суурьшсан түүхийн гэрч нь Авдарбаяны баргууд юм. Тэр дотроос Ш.Дулмаа найрагчийн аав, ээж бол Баргын гучид овгийнхон. Гучидынхан бол  Чингис хааны дархалсан хэдхэн овгийн нэг гэж  түүхэн сурвалжид тэмдэглэгджээ.

Монголын сод авьяастнууд, түүний дотор  зохиолч найрагчдын  цөөнгүй нь  өргөмөл заяаны эзэн байдаг  нь   сонин хувь тавилан санагддаг юм. Ш.Дулмаа тэдний нэг. Аав нь хар багаас сүм хийдэд шавилсан оточ  маарамба Зана,  ээж нь  олон хүүхэд төрүүлсэн Мажигсүрэн гэж эмэгтэй байж. Тэд олон малтай, тэр хэрээр зарц хамжлага ч олонтой. 10 хүүхэд төрүүлж, өсгөөд байтал  11 дэх нь болж орчлонд ирсэн   бяцхан  охин нь халуут ээжийн хавирган гэрт багтсан ч ханат  гэртээ өсч торних  тавилан огт өөр  газарт   зурагдсан байжээ.  Хонин  жилийн  халуун зунаар түүнийг  төрүүлээд ээжийнх нь  хойдох  цөглөгдөхгүй, эхэс нь гарахгүй гурав хоносон тул  хавийн нэртэй зартай илээч бариачдыг урьж залаад нэмэр болсонгүй.  Цагтаа маарамба  явсан, бурханы номд  нэвтэрсэн  Зана ном тарнийн арга ухаан эрэлхийлж, улаан нялзрай охиноо  гэртээ оруулалгүй  сааль сүүнд өмсдөг муу  дээлийн хормойд ороон чингэлэгтээ хийж  гурав хонуулан  домносон ч бас л  тусыг эс олжээ.  Иймд мал ахуйгаа харуулдаг Шагдарыг хүнээр дуудуулж  “Энэ хүүхдийг танайх авбал ав. Гэртээ оруулбал эхийнхээ толгойг залгичих гээд байна. Энэ манай хүүхэд биш байна аа. Чамайг авахгүй бол өөр  хүнд өгье. Очирынд өгнө” гэжээ.

Шагдар уг нь зургаан хүүхэдтэй өнөр өтгөн сайхан амьдарч явсан ч  Хятадын хар цэрэгтэй байлдаж явах  хооронд  эхнэр нь зургаан хүүхэдтэйгээ халуун хижиг өвчнөөр нас барж,  ганц лам ах нь амьд үлдсэн. Дахин гэрлэсэн ч эхнэрээс нь хүүхэд гаралгүй үрийн мөрөөс болж явсан тул  лам ахыгаа дагуулан тэр даруй мордож баргын хувилгаанд бараалхжээ.    “Уг нь голомт залгах эрэгтэй хүүхэд авъя гэж бодож байлаа. Гэтэл олон хүүхэдтэй айл 11 дэх  охиноо  авах уу гэлээ. Та нэг болгоож хайрла”  хэмээн хадаг барьсан түүнд  хувилгаан  “Энэ хүүхэд  эрэгтэй хүнээс нэг их доргүй. Хүн болгоод авчихвал сайн. Гэвч тэр хүртэл их   хэцүү. Өвчин ороож зовооно. Их  ч уйланхай юм. Тэрийг нь өнгөрөөчихвөл та гурвыг өлхөн тэжээчихнэ” гэснээр  Дулмааг  Шагдар аав нь өргөж авчээ.

Сонирхолтой нь төрсөн эцэг  Занынх нь  Дулмааг хүнд өргүүлснээс хойш 12 дахь хүүхдээ  өлгийдөж авсан нь хожим мэс заслын нэртэй эмч болсон  байдаг. Тэднийхэн  долоон үеийн баян хийгээд   царай зүс сайтай хүмүүс төрдөг  удамтай. Бас долоон үедээ хэн нэгэн нь заавал 12 хүүхэд төрүүлдэг жамтай.  Тэр 12 хүүхэд дотор нь нэг сайн лам оточ, өнөөгийнхөөр бол нэг сайн улс төрийн зүтгэлтэн буюу төрийн хар хүн, нэг сайн бичиг үсэгтэй багш,  айл гэрийг авч явдаг нэг сайн  аянчин жинчин, бас нэг үзэсгэлэн төгөлдөр бүсгүй  ёс юм шиг төрдөг байсан гэх сонин түүхтэй.

 Өсгөсөн тал буюу Шагдар аавынх  нь цөөн малтай, тарчиг ядуу ч амьдралын гүйлгээ  ухаан сайтай эгэл жирийн малчин удмын хүмүүс байжээ. Харин Дулмааг өргөж авснаар  ойр тойрныхон  нь  хонь зүсэлж, ембүү зоос ч овоо цугларч гэрийн цээжинд толгой хоргодож  байснаа  шинэ гэр барьж, хот дүүрэн хоньтой болж өөдөлсөн  гэдэг. Хүнээс авсан ганц охиноо өсгөх гэж хувилгаантны хэлснээр зовлонгийн “далайг” гаталж, уйлах болгонд нь буйраа сэлгэн нүүдэл хийж,  хөлсөх бүрт нь нь лам хар залсаар хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд хүргэжээ. Найман нас хүртэл нутгийн ном эрдэмтэй Хутрангаа хэмээх хүнд шавь оруулж дөрвөн аргын тоо, хэл бичгийн хичээл заалгасан  тул охин  сургуульд ороод шинэ үсгийг амархан сурч, бага сургуулиа төгсөөд Төв аймгийн төвд очиж  сурах болжээ. Долдугаар  ангиа төгсөхөд  шүлэг зохиол ч оролддог болж, улмаар  их сургуулийн бэлтгэл ангид орохоор хот руу иржээ. Энэ хооронд ганц охиноо  эрдэм номтой хүн болгоно гээд аав, ээж хоёр нь  дагаад л нүүж суух. Их сургуулийн бэлтгэл ангиа гайгүй  төгссөн Дулмаа  тухайн үед МУИС-ийн  хэл бичиг, утга зохиолын нэгдүгээр ангид элсэн орж, чөлөөт цагаараа .М.Ширчинсүрэн, Д.Мягмар, “Барсан хэвнэгт баатар”-ыг орчуулсан авьяаслаг орчуулагч Доржийн Гомбожав нарын  хамт   Ч.Чимид багшийнхаа  удирддаг яруу найргийн  дугуйланд явах  болов. Бас болоогүй хот хүрээ бараадсан бүсгүй хүний зөнгөөр  “сайхан эмэгтэй  болох юмсан” гэж бодоостой.  Тэгж бодогдуулсан аавынх нь  төрсөн дүү нар  болох  долоон сайхан эгч,  өөрийнх нь  зургаан эгч  бүгд л тухайн цаг үеийнхээ хамгийн гоё хүүхнүүд байх. Тэдэн шигээ  болохыг мөрөөднө. Их сургуулийн хоёр, гуравдугаар куртс орсноос хойш Л.Цогзолмаа гуай шиг сайхан хүүхэн болохыг, С.Удвал гуай шиг ухаантай хүн болохыг мөрөөсөх. Харин сайхан хүн болохоос илүү сайн хүн байхын чухлыг мэдрэх үест тэрээр сургуулиа  хэдийнэ төгссөн байлаа. Энэ л философи нь түүний амьдралын зарчим болжээ.

 “Эмэгтэй хүн дандаа баяр баясгалантай явах хэрэгтэй. Гуньж, харуусах үйл явдалтай зөндөө таарна. Уйтгар гунигийг шүлгэндээ үлдээдэг юм сан уу, сэгсэрч хаяад юу ч болоогүй юм шиг хүмүүсийн дунд явах хэрэгтэй. Үсээ сайхан самна. Хувцсаа сайхан өмс. Дээлээ чангахан бүслээд, хэн ч харсан ямар аятайхан бүсгүй вэ гэж харахаар алх. Үзэсгэлэнтэй, биедээ арчаатай бүсгүйчүүд бол Монголыг соёлтой, хөгжилтэй, аз жаргалтай байлгах үндэс юм. Хүүхэн болгон сайхан хувцаслаад, амьдралыг ойлгоод, хүчирхэг байж, өөрийгөө өөд нь татаж чадвал баргийн зүйлд нугарахгүй дээ. Монголын баяр баясгалан тэр л болно” гэж тэр шавь нартаа сургадаг. Үүнийг бичигч би вээр шавь нарыг нь дагаж тэднийхээр ганц нэг удаа ороод гарах зуур чих дэлссэн үгс бас ийм.  Багшийнхаа зааж сургасныг  “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо, Ш.Лхамжноржмаа, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Болорцэрэн, Ш.Анхтуяа, Д.Оюундэлгэр нар нь  өнөөдөр  харуулсаар  яваа.

Ш.Дулмаа найрагч  оюутан байхдаа анхны ханьтайгаа учирчээ. Зүрх сэтгэлийг нь соронзон мэт татсан тэр хүн нь   Багшийн сургуулийн оюутан хар нүдэн Дугар гэж сайхан залуу байсан ч  тэдний амьдрал    нэг л  эвлэсэнгүй хоёр тийш болжээ. Тэгээд ч яруу найрагч бүсгүйд  таарах эр хүн ховор. Ер нь олддоггүй гэлцдэг дээ. Гэвч тэр жинхэнэ амьдралын ханьтайгаа хожуу учирсан юм.  “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” киноны Гэлэг хошууч, “Анхны хайрын дууль” киноны Дандийгийн дүрээр монголчуудын сайн мэдэх хийгээд үзэгчдийн хайртай   жүжигчин, найруулагч Э.Ганболд түүний нэгэн  насны хань байв. Нэг нутгийнх, бие биеэ эртнээс мэдэх ч  амьдралын замд учрал тохиол бүрдэхгүй  зөрөлдөөд  байсан гэдэг. Тийн явсаар хожуу учирсан ч хамт амьдарсан он жилүүдэд бие биеэ “ээж”,  “аав” хэмээн дуудаж, бурханы бэлэг шиг 21  жилийг хамтдаа  жаргаж туулжээ. Харамсалтай нь хорвоо жаргалдаа харам  байж,  дөнгөж 60  насны сүүдэр зооглоод  тэр минь бурхны орныг зорьсон. Боловсрол, мэдлэг, үзсэн харсан зүйлүүд минь л намайг торгоосон гэж Ш.Дулмаа  найрагч дурссан бол шавь нар нь “Ганболд ах  хоолыг янзтай сайхан хийнэ. Багшийг тогоо шанага руу ойртуулахгүй, маш халамжтай хүн байсан. Ийш тийшээ явахад нь чемодантай юмыг нь цэгцэлж, хувцсыг нь хүртэл бэлдэж тавина. Сайхан зантай, орсон гарсан хүмүүсийг гарынхаа хоолоор дайлна. Тансаг ширээ засна. Нээрээ л аав шиг хүн байлаа” хэмээн дурсч байна.

Ш.Дулмаа найрагчийн ажил хөдөлмөрийн анхны гараа   1954 онд МУИС-ийг  төгсч  МХЗЭ-ийн Төв хороонд хуваарилагдаж  очсоноос эхлэн  ЗХУ-д  хоёр удаа очиж суралцах  эрдмийн  гэрэлт он жилүүдээр жигүүрлэн улам дээшлэн дэвжжээ.  Тэнд  очоод дөнгөж хоёрхон сар болж  байтал  нэг өдөр  “Комсомолын сургуульд явуулна” гэснээр тэрээр хүүхдүүдээ ээж, аавдаа үлдээгээд  Алтан Москваг зорьсон байна. Зав гарвал шүлгээ бичиж, хичээлээ давтана,  ээж  аавдаа захиа илгээж  стипендээсээ илүүчилнэ. Ийн байсаар  нэг л мэдэхэд төгсч ирээд  1958 оны хавар Төв аймгийн  МХЗЭ-ийн хоёрдугаар нарийн бичгийн даргаар томилогдож   хэсэг  ажилласны эцэст   МХЗЭ-ийн Төв хороондоо  эргэн иржээ. Энд  14 жил ажиллахдаа лектор хийж байлаа. Лекцээ өөрөө бичээд уншина. Гол агуулга нь хүүхэд, залуусыг нийгмийн сайханд уриалан дуудсан, эх оронч хүмүүжил төлөвлшлийг бий болгох зорилготой.  Энэ ажлынхаа хажуугаар нь анхны номоо өлгийдөж амжаад, бас болоогүй  Утга зохиолын дугуйлан байгуулж зохиолч  Б.Жамдын хамт удирдаж  байтал Б.Явуухулан  багш нь Горькийн сургуулийг төгсч ирээд   Зохиолчдын хороон  дээр дугуйлан байгуулсан тул тийшээ нийлж, энэ цагаас  Ш.Сүрэнжав, П.Бадарч, Ш.Цогт, Р.Чойном, сүүлд  Б.Лхагвасүрэн, Д.Цоодол нартай нэг баг болж шүлэг зохиолоо уншин   саалийн ферм, үнээн зэл, эх орны торгон хил  гээд Монгол орноо тойроод  яваагүй газар үгүй. Угийн эршүүд Дулмаагаа найрагч нөхөд  нь эр хүнд тооцно. Эргүүлэх тухай ойголт байхгүй,  тэгсэн атлаа  хавийн залуусаас  харамлана. Гэрт нь цуглаж, ханийнх нь гарын  хоолоор дайлуулангаа  шүлгээ дуудаж бужигнах тул  тэднийх байнга олны  хөлд даруулаастай. Сүүлд Монголын Горький хэмээн нэрлэгддэг  Утга зохиол-Нийгмийн ажилтны дээд сургуульд  багшлах үеэс   шавь нар нь   ээлж дараалан ирж гэрт нь  амьдрах болсноор  тэднийх бүр ч олуулаа  болжээ. Оюутнуудын олонхи нь  хөдөөний хүүхдүүд тул  хотод байр сууц олдох­гүй. Баярхүүгийн Ичин­хорлоо гэхэд л  Багшийн сургуулийн дотуур байр­наас хөөгдөөд  ирж байсан удаатай. Хоёр ч жил дараалан  "Болор цом" авчихсан түүнтэй залуучууд уулзах гэж бай­раар нь очиж, асуудал үүс­гэснээс багшийгаа бараадсан нь тэр. Ш.Лхамноржмаа, Ш.Анхтуяа нарын  бүсгүй найрагчид мөн л  тэднийд амьдарч, Ш.Дулмаа багшийгаа  одоо ч “ээж” хэмээн дуудаж ирж очсоор. Харин эрэгтэй шавь нар нь “Багш маань хүн бүхэнд ижийн сэтгэлээ дэлгэдэг, өгөөмөр сайхан хүн дээ. Бид хоолыг  нь мөн ч их хороосон доо” хэмээн  дурсах.

Ш.Дулмаа найрагч өөрөө бол хоёр хүү, хоёр охин төрүүлсэн  ээж. Уранчимэг, Саранчимэг гэж наран саран хоёр шиг сайхан охинтой. Том хүү нь хувийн аж ахуй эрхэлдэг. Бага хүү Монгол Улсын гавьяат жүжигчин  Ганхуяг нь дуурийн гоцлол дуучин, "Тунгалаг Тамир", "Мартагдашгүй намар"-аас өгсүүлээд олон кинонд дүрээ мөнхөлсөн. Ач нар дотроос нь   мисс, дуучин, орчин үеийн хөгжмийн урлагийн авьяастнууд тодрон гарч удмынхаа нэр сүрийг өндөрт өргөсөөр явна.

Ш.Дулмаа найрагч бол социализмын гэгдэж байсан  цаг үед  Зөвлөлтөд сургууль төгссөн анхны сэтгүүлчдийн нэг. МХЗЭ-ийн Төв Хороонд ажиллаж байтал нэг л өдөр  МАХН-ын Төв хорооноос  дуудаж  “Хойшоо сэтгүүлчийн сургуульд яв” гэжээ.   Ингээд  хоёр дахь удаагаа   ЗХУ-ыг зорьж,  Коммунист намын дээд сургуулийн сэтгүүлчийн ангид суралцаж,  1967 онд төгсч ирээд  “Үнэн” сонины  Соёлын хэлтэст утга зохиолын ажилтан болжээ. Чухам энэ үед тэрээр “Хүүгийн эцэгт бичсэн захидал”  хэмээх алдарт найраглалаа бичсэн гэдэг. Уншигчид түүнийг эл найраглалаа өөрийн амьдралаас сэдэвлэсэн хэмээн тааж таваарлах нь бий. Ийм асуулт ч уншигч-зохиолчдын  уулзалт, тухайн үед хөдөө аймаг, сумдаас шуудангаар ирэх захиа бүрт зоолттой байх. “Миний хувийн амьдралтай огт хамаагүй. Нийгмийн захиалгаар  1972 онд бичсэн юм. Баахан хүүхнүүд С.Удвал гуайд захиа бичсэн юм билээ. Харчууд амьдарч суугаад хүүхэдтэй болгоод хаяад явчих юм. Олон өнчин хүүхдүүд үлдэх юм. Энэ талаар эрэгтэйчүүдэд хандсан сайхан зохиол хэрэгтэй байна гэж. С.Удвал гуай нэг өдөр намайг дуудаад “Чи хүүхдээ хаяад явдаг харчуулын тухай нэг юм хийнэ байгаа. Хүмүүсийн захиалга гэх үү дээ. Чамд боломж юу байна” гэж асуусан. Надад бас говийн хүүхнүүд, Хөвсгөлийн нягтлан бодох хүүхэн, өөр хаанахын хаанахын билээ хүүхнүүдээс захиа ирнэ. Ийм сайхан хар хүнтэй байсан чинь ингээд хүүхдээ хаяад явчихсан. Та эрчүүдийг хүүхдээ өнчрүүлж орхиод явдгийг болиулах талаар сайхан бүтээл бичиж өгөөч гэсэн захиа ирнэ. Тэгээд бичсэн нь тэр дээ” хэмээн тэрээр учирлах. Тэрхүү найраглал  энэ тайлбартай хамт одоо ч  хүмүүсийн сэтгэлд тодхон  үлдсэн бөгөөд сэдэв нь хуучраагүй, үе үеийнхэнд захиас гэрээс болон уншигдсаар...Үүнээс гадна  тэрээр "Үүрийн цолмон", "Өглөө" "Халхын сайхан эрчүүд", "Мөнгөн хонх", "Мөнгөн чавхдас", "Нарны алтан тоос" , "Хайрлахын заяатай орчлон",  "Галын тэнгэр", "Хайрын мянган бодол", "Цэнхэр гараг", "Хайрын эгшиглэн", "Хунгийн нулимс, “Алтан урсгал", "Дурсан хайлах уянга” зэрэг яруу найрагч, тууж, өгүүллэгийн  20 гаруй номоо  уншигч олондоо хүргэсэн юм.  1970 онд “Үүрийн цолмон”, “Өглөө” ном туурвисны учир МЗЭ-ийн шагнал, 1984 онд “Эх орон танаа өргөх дуулал”, “Бүсгүй”, “Цэргийн эх” шүлгүүдээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг хүртсэн бол Монголын оюун санааны ертөнц, их утга зохиолын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монгол  Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  2007 онд Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,  2014 онд Ардын уран зохиолч  цолыг тус тус  хүртээжээ.

Тэр бас дууны шүлгийн нэрт мастеруудын нэг.  “Амьдрал хайр дээр тогтдог”, “Дандаа чамайгаа хайрлаж явъя”, “Хар нүдэн бүсгүй”  шүлгүүд нь дуу болж  ард түмний дунд хагас зуун жил дуулагдаж байгаа бол  1980-аад онд бичиж залуусын дунд одоо ч  “хит” болсоор байгаа “Алтан зул” дуунд нь гэрэлт  хөшөө  босгосон билээ.

 Алтан зул  цэцгийн нэг үр тасран газарт унахдаа заавал ч үгүй дахин соёолж ургадаг гэлцдэг.  Түүн лүгээ монгол түмнийнхээ  мөнхөд оршихын бэлгэдэл болгож үр удам нь улам өнөржин олшрог хэмээн сэтгэж бүтээсэн энэ дуу өөрөө бас найрагчийн уран бүтээл, ажил үйлс, амьдрал замналын   бэлгэдэл болж он цагийг туулж ирсэн юм. Алтан зул цэцгэн хээтэй дээлээр гоёсон  эрхэмсэг яруу найрагч “Баргын жаахан Дулмаа”, ганган Дулмаа,  “Хаан найргийн хатан Дулмаа”, “Комсомол Дулмаа”, “Үнэн” сонины  Дулмаа, “Монголын Горький”-н Дулмаа, “Алтан зул”-ын Дулмаа, “Хүүгийн эцэгт захидал бичсэн Дулмаа”, Ардын багш Дулмаа, “Өндөр ээж”  Дулмаа   хэмээн удам судар,  замнасан замнал, бүтээл туурвилаараа нэрлэгдэн өдгөө 100 насны босго руу дөхөж яваа эрхэм найрагч шүлэг найргаа  уншсаар бидний  дунд уран бүтээлийн аз жаргалыг эдлэн амьдарч явна. Хүмүний амьдрал гэдэг хэзээ ч давтагдахгүй, хэн ч өөрчилж чадахгүй агуу  ертөнц ажээ.“Зууны 100 эмэгтэй” II боть 270-р тал 

Эх сурвалж: www.polit.mn

Баасансүрэн Бүтээл туурвил бүхэн нь хүнд нэгийг бодогдуулан сургамжилсан, эрч хүч, урам зориг хайрласан аугаа уран бүтээлч. Дулмаа зохиолч доо эрүүл энхийг хүсэн ерөөе.
Мөнхцэцэг
Зууны манлай зохиолч доо урт насалж удаан жаргаарай биднийгээ баясгаарай
МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

Уржигдар 17 цаг 17 мин
Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Уржигдар 11 цаг 45 мин
Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Уржигдар 11 цаг 39 мин
267 дахь папаар Роберт Превост тодорчээ

267 дахь папаар Роберт Превост тодорчээ

Уржигдар 11 цаг 28 мин
Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Уржигдар 11 цаг 25 мин
Сайхны тухай санаануудад хүрэх замд

Угтаа дээрх бодлууд яруу найрагч Ц.Буянзаяагийн “САЙХНЫ ТУХАЙ САНААНУУД” шүлгийн номыг уншсанаас маань үүдсэн юм.

Уржигдар 10 цаг 47 мин
Түүхэн хэвлэл мэдээллийн цахим архив олон нийтэд нээлттэй боллоо

News.esan.mn — Монгол улсын сэтгүүл зүй, хэвлэлийн түүхийн 100 гаруй жилийн өвийг цахим хэ

Уржигдар 07 цаг 00 мин
“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Жил гаруйхны өмнө, ногоон автобусны хэрэг илэрч улсаараа нэг “юм” болсон. Ер нь бол, ногоо

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ордоор тогтоосон. Эдгээ

Уржигдар 06 цаг 00 мин
100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

2025-05-08