
“ZM” © Л.БАТДОРЖ
Х.ОЮУНБОЛД
“Амьдралын тойрог” энэ удаагийн Монгол шаазан урлагийн уламжлалыг түгээн дэлгэрүүлж яваа уран бүтээлч Х.Хадхүүг урилаа. Тэрээр Өндөр гэгээн Занабазарын хийц, дэг сургуулийг судлан уран бүтээлээ туурвиж яваа шаазан барималын мастер юм.
Аав ээж нь хүүгийнхээ авьяасыг дэмжжээ
Дүрслэх урлагийн сургуулийг төгссөнөөс хойш 30 гаруй жил шаазан урлалыг хөгжүүлэхэд ур ухаанаа уралдуулж ирсэн тэрээр 1971 оны дөрөвдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотод төрсөн нийслэлийн унаган иргэн. Харин айлын хоёр дахь хүү юм. Хотын хүүхдүүдийн нэгэн адил ясли, цэцэрлэгээр дамжин сургуульд орж, 100 айлын тэндэх Монгол III сургуульд IV анги хүртлээ суралцжээ. Гэвч удалгүй тэднийх ЗХУ-аас бэлэглэсэн III-IV хорооллын шинээр баригдсан орон сууц руу нүүснээр 77 дугаар сургуульд шилжиж очжээ.
Үеийнхэн дотроо хөдөлгөөнтэйд ордог сэргэлэн цовоо хүү зураг зурах, баримлын шавраар юм хийх дуртай. Уралдаан тэмцээнд оролцоход шагналт байраас хоцрохгүй. Цэцэрлэгт байхдаа тухайн үед гардаг байсан “Чамайг даа” хүүхэлдэйн киноны баатруудыг баримлын шавраар хийдэг. Түүнийг нь харсан хүмүүс “Ямар адилхан болов. Ийм жаахан хүүхэд ийм юм хийж болдог юм байх даа. Энэ хүүхэд барималчин эсвэл урлагийн талын хүн болно” гэцгээдэг байж. Тийм болохоор аав ээж нь хүүгээ баримлын шавраар таслахгүй. Олдохгүй бол Оросоос хүртэл захиалж авчруулна. Ээж нь хэвлэх үйлдвэрт ажилладаг байсан болохоор гэртээ авчирсан гологдол цаасан дээр зураг зураад сууна. Аав нь хэдийгээр санхүүгийн талын мэргэжилтэй ч уран зураг зурах дуртай, хүүгээ зураг зурахад дэргэдээс нь зааж зөвлөнө. Аав ээж хоёр нь хүүгийнхээ зураг зурах, уран барималчин болох орчин нөхцлийг ийнхүү бүрдүүлж өгч байсан нь түүнийг ирээдүйн шаазан урлагийн мастер болоход дэмжлэг болжээ. Тиймээс тэрээр ямар ч хүнд орчныг нь бүрдүүлээд өгвөл хэн ч хэн болж болно гэж үздэг аж.Түүнээс гадна ямар ч хүнд төрөлхийн авьяас өгөгдөл гэж бий. “Авьяас өвлөгддөг” гэсэн үг ч байдаг. Тэгвэл аав ээжийнх нь талд лам хувраг, зураач, дархан, сийлбэрчин гээд авьяаслаг уран хүмүүс олон байсан бөгөөд тэднээс уламжилсан авьяас надад ирсэн юм болов уу хэмээн тэрээр боддог гэсэн.
Х.Хадхүү 1987 онд наймдугаар ангиа төгсөөд Дүрслэх урлагийн дунд сургуульд оржээ. Гэвч баримлын анги гэж байгаагүй учраас “Ваар урлал, керамикийн ангид орж суралцжээ. Харин шаазан урлалаар дагнан уран бүтээл хийх суурийг тавьсан мэргэжлийн сургуулиа 1991 онд төгссөн байна. Мөн хоёр жил нэмж суралцсанаар 1993 онд бакалаврын зэрэгтэй болжээ. Түүнийг төгсдөг жил Дүрслэх урлагийн дунд сургууль нь коллеж болсноор бакалаврын зэрэг олгодог сургууль болсон аж. Тэр цагаас хойш тэрээр аав ээж нь түүнийг зааж чиглүүлсэн энэ мэргэжлээ зах зээлийн шуурганд ч орхилгүй одоог хүртэл бие даасан уран бүтээлчээр ажиллаж иржээ.
Оюутан байхдаа тэрээр “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд зориулсан үзэсгэлэнд анхны бүтээлээ тавьсан байна. Гэхдээ тэр үе нь уран бүтээлийн хувьд сайхан цаг эхэлж байхтай таарчээ. Ардчилал ялж үзэл суртлыг халснаар уран бүтээлчид эрх чөлөөтэй болчихсон. Өөрсдийн бодсон, санаснаа дүрслэх урлагийн хэлбэрт оруулан бүтээхэд нээлттэй болсон үе байжээ. Энэ тухай тэрээр ардчилал гарч ирснээр манай сургуулийн ахмад багш нар болон уран бүтээлчид “Та нар азтай. Ёстой сайхан цаг үед, дуртай зүйл, дуртай сэдвээрээ уран бүтээлээ хийх боломжтой боллоо. Манай социализмын үед чинь хаалттай, цензуртэй. Уран бүтээлч болгон чөлөөтэй сэтгэхэд их хэцүү. Үзэл суртлын их хэцүү нөхцөлд ордог үе байсан. Та нарын хувьд үнэхээр гайхалтай. Дүрслэх урлагийн хүссэн олон урсгал чиглэлээр дуртай бүтээлээ, өөрсдөө хүссэн уран бүтээлээ гаргах тийм цаг үе ирсэн” гэж ярьдаг байсан хэмээв. Мөн тэрээр эзэмшсэн мэргэжил хийж байгаа ажлынхаа талаар “Өөрөөр хэлбэл хүн болгон уран барималч байдаг. Харин минийх бол шаазан ваар эдлэлийн тал руу оруулж хийсэн болохоор маш өвөрмөц. Мөн тусдаа уран баримлын тодорхой нэг чиглэл болж хувираад байна” гэсэн юм.
Өндөр гэгээний хийцийг судалж нээсэн он жилүүд

Х.Хадхүү “Би шаазан баримал урлалын чиглэлээр 30 гаруй жил ажиллаж байна. Энэ бол тэр чигээрээ эрдэм шинжилгээний ажил гэж болно. Тухайлбал, шаазангийн үйлдвэрлэлийн шавраа хаанаас олборлох, яаж боловсруулах, яаж шатаах, яаж пааландах зэргээр шаазан баримал үйлдвэрлэх найман шат дамжлагыг бүгдийг нь уран бүтээлдээ шингээж урладаг аж. Тухайлбал, шавраа яаж боловсруулах, яаж нарийвчилсан технологиор цутгах вэ, хэдэн градуст яаж шатаах вэ гээд бүгдийг нь тооцоолдог байна. Хэрэв буруу хатаалт хийвэл хагарч гэмтэнэ. Дутуу шатаавал бас гэмтэж, хэмхэрнэ гээд маш нарийн технологитой. Тодорхой хэмжээгээр туршилт их хийнэ. Тэгж байж шинэ бүтээл гарна” хэмээн ярьж байна. Дүрслэх урлагийн дунд сургуульд суралцаж байх үед нь Г.Сэрээтэр багш нь “Цаг үе одоо өөр болох гэж байна. Хүмүүс монгол үндэстэнийхээ сонгодог урлагаас суралцах хэрэгтэй” гэж захисныг тэрээр ийн хэрэгжүүлж, бүтээлдээ шингээж яваа ажээ.
Тухайн үед Монгол Улс уран бүтээлч, мэргэжилтнээ хуучнаар ЗХУ-д бэлддэг байсныг тэрээр “ Манай улсад уран бүтээлчдээ өөрсдөө бэлдэх хэмжээнд их нөөц бололцоо байсан. Бид өөрсдийн гэсэн сонгодог урлагтай. Тэр хэн нь бэ гэхээр Өндөр гэгээн Занабазар. Өндөр гэгээний бүтээсэн уран бүтээлийн хийцийг шинжлэх ухаан үндэстэй, уран сайхны өндөр төвшинд суралцах, зааж зөвлөх хүн тухайн үед байгаагүй. Харин яаж суралцаж судлах боломж байсан гэхээр музейнүүдэд очиж дадлага хийх байлаа. Г.Сэрээтэр багш ч “Музейд дадлага хий. Өндөр гэгээний уран бүтээлийн хийцийг судла. Энэ ирээдүйд бестселлер болно” гэж зөвлөж байсан гэв.
Х.Хадхүү Репинийн академид суралцахыг мөрөөдөж, багшийнхаа зөвлөснөөр III дамжаанд байхдаа академид явахын тулд өгөх байсан шалгалтаа тэр жилдээ өгөхөө больсон байна. Харин Өндөр гэгээний уран бүтээлийн хийцийн судалгааг хийхийн тулд Дүрслэх урлагийн музейд бүтэн жил дадлага хийж, бурхадыг хуулбарлах, ур хийцийг нь судлах зэргээр ажиллажээ. Дараа жил нь академийн урилга ирэхэд “Багшаа, би явъя” гэхэд багш нь татгалзаж “Үгүй ээ. Хэрэггүй. Монголынхоо юмыг судал” гэсээр. Тэгээд “Энэ чиглэлээр хүмүүс сураад төгсч байна. Харин чи энэ судалж байгаа чиглэлээ хөгжүүлбэл илүү утга учиртай юм болох гээд байна” гэх.Ийнхүү алсыг харсан багш нар нь шаазан баримлын мастерыг өөрсдийн гар дээр бэлдэж байсныг тэрээр яахин мэдэх билээ. Хэрэв тэгээгүй бол өнөөдөр тэрээр “Өндөр гэгээн нь Монголын дүрслэх урлагийг дэлхийд таниулсан гайхамшигтай уран бүтээлч. Урлагийн талаас бол Монголын сонгодог урлаг гэж хэнийг хэлэх вэ гэхээр Өндөр гэгээн Занабазар” гэж үздэг хэмээн яриад сууж байх байсан ч юм уу, өөр урсгал чиглэл хөөгөөд явах байсан уу хэн мэдлээ.
Ийнхүү суралцах хугацаанд Занабазарын музейгээс гадна Богд хааны музей, Чойжин ламын сүм музей, Эрдэнэзуу сүмийн музей дэх түүний хийсэн бүтээлүүдийг судлах зэрэг том ажлууд ундарч байв. Гэхдээ тэр үед музейд дадлага хийхэд амархан. Тэр бүтээлийг нь буулгаад ир гэхэд буулгаад аваад өгчихдөг. Тийм үед дадлага хийсэн нь азтай хэмээн тэрээр ярьж сууна.
Х.Хадхүү энэ чиглэлээр олон жил судалснаас гадна их сургуулиа төгсөхдөө бакалаврын дипломынхоо ажлыг “Өндөр гэгээний хийцийн бурхад” сэдвээр хамгаалсан байна. Мөн дараа нь 2012-2015 оны хооронд 300 гаруй жилийн өмнө металлаар бүтээсэн “Өндөр гэгээний хийцийг шаазан урлалаар хэрхэн үзүүлж болох вэ” гэсэн сэдвээр соёл урлаг судлалын магистрын зэрэг хамгаалжээ. Шаазан баримал урлаач тэрээр энэ ажлаараа Занабазарын хийцийг шаазангаар дамжуулж түмэн олонд хүргэх ямар боломж байгааг магистрынхаа ажлаар харуулсан аж. Түүний хэлснээр 1990 оноос хойш эхлүүлсэн Монголын сонгодог урлаг, ялангуяа, Өндөр гэгээн Занабазарын гайхамшигтай хийц, дэлхийд алдартай сургуулийн талаар судалгааны ажил нь хэзээ ч дуусашгүй. Яагаад гэхээр энэ гайхамшигтай хүний бүтээсэн хийц өнөөдөр дэлхийд их өндөр үнэлэгддэг. Бээжин, Хонгконгод болсон том дуудлага худалдаагаар хэчнээн сая ам.долларын их үнэ хүрч зарагддаг байна. Энэ нь хэзээ ч хуучрашгүй гайхамшигтай урлаг болохыг харуулж байна гэж нийтлэлийн зочин маань өгүүллээ.
21 аймгаас авчирсан шавраар 21 дарь эх бүтээжээ
Тэрээр Өндөр гэгээн Занабазарын хийцээс гадна Үндэсний түүхийн музейд монгол ахуй үлгэр домог, жүжгээс сэдэвлэн харуулсан “Хийморь” нэртэй үээсгэлэнгээ хоёр жилийн өмнө гаргажээ. Энэ үзэсгэлэндээ Ардын хувьсгалаас өмнөх бөх ямар байсан, зохиолч Д. Нацагдоржийн “ Үйлийн гурван толгой” жүжгийн Юндэн, Нансалмаагийн 18 нас хүрч байгаа залуу үеийг харуулсан шаазан баримал, хийморийн морь, өвөө нь хүүдээ үлгэр ярьж байгаа зэрэг уран бүтээлээ тавьсан аж. Тэрээр баримал хийх шавраа өөрөө очиж сонгон судалгаа хийж байж авчирдаг. Тухайлбал, Өмнөговь аймгаас уурхайгаа дагаад байдаг шаазан хийхэд тохиромжтой гол түүхий эд нарийн наанги шороо буюу каолин шороог авчирдаг байна. Нэг удаа авчрахдаа 30 кг гаруй кг шуудайнд хийн боловсруулсан тонн гаруй шаврыг цаг агаар дулаарах үеэр тав, зургадугаар сард портер машинаар дүүрэн авчраад нунтаглаж засах зэрэг нарийн ажиллагаа хийдэг. Мөн авчирсан шаврыг судлах замаар шинж чанарыг таньж мэдсэнээр ямар уран бүтээл хийхээ шийддэг байна. Мөн шаардлагатай бол ОХУ, Англи,Германаас шавар захиж авчруулдаг гэнэ.Харин уран бүтээлч хүний хувьд дахин давтагдашгүй гэж хэлж болохоор шаазан баримлынх нь тоонд, хамгийн сүүлд Богд хааны ордон музейд “Хийморь” үзэсгэлэнгээс өмнө гаргасан үзэсгэлэнд Өндөр гэгээний бүтээж амжаагүй ямар бурхадууд байна гэж бодож судалснаар бүтээсэн Янжинлхам бурхан ордог байна. Гайхалтай сонин энэ бүтээл нь өнгөрсөн жил Өвөрхангайн урчуудын дунд зарласан томоохон уралдааны Гранпри шагнал цом болж байжээ. Мөн 21 аймгаас авчирсан шавраар керамик 21 дарь эхийг бүтээж “Хавдар” судлалын үндэсний төв” ТББ-д хандивласан аж. Тэрээр “Энэ юуг илэрхийлээд байна вэ гэвэл Монголд бүх зүйлийг бүтээх шаврын орд газрууд байдаг юм байна гэдгийг хэлээд байгаа юм” гэв. 30 гаруй жил шаазан урлалыг хөгжүүлэхийн тулд зүрх сэтгэлээ зориулж яваа мастерын урланд хүний харцыг булааж зүрх сэтгэлийг татсан гангар шаазан монгол гэрийн цуглуулга, Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж хийсэн Чингис хаан, Өгөөдэй, Гүюг , Мөнх, Аригбөх гэсэн таван шаазан баримал болон хийж арай дуусаагүй бүтээлүүд ч ярайж харагдана.
Тэрээр энэхүү нарийн чимхлүүр ажлынхаа талаар зураг, загвараа гаргана, зүлгэж засна, зуухандаа шатаана, пааландана, будаж өнгө тавих зэрэг дамжлага дамжсаар нэг бүтээлийг хийхэд нэг сар зарцуулна. Технологийг нь сайн эзэмшихгүй бол их хэцүү гэж ярилаа. Харин БНХАУ-ын бүх хотоор орж ваар сав хийдэг хятадуудыг зорьж очихоор ваар хийдэг нь ваараа л хийдэг. Буддаг нь будаж, ваараа хатаах нь хатаадаг гэх мэтээр үе залгамжлан нууцаа хадгалдаг. Энэ гоё будгаа өгөөч гэхээр энд суугаад гаргаж аваад буд гэдэг. Харин намайг бүх юмаа өөрөө хийдэг гэхээр сонин нөхөр вэ гайхаж байдаг юм гэлээ.
Тэрээр ирэх сарын дундуур Өндөр гэгээнтэй холбоотой “21 дарь эх”-ээс бүрдсэн үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөжээ. Харин үзэсгэлэнгийнхээ нэрийг бодож олоогүй байгаа гэв. Үүнээс гадна тэрээр Монголын шаазан урлалын хөгжлийг бичиж яваа учраас түүний түүхийг харуулсан зураг, тайлбар бүхий ном гаргахын тулд зурагнуудыг нь аваад хадгалжээ. 1990 оноос хойш цуглуулсан 400 орчим бүтээлийн зураг бий гэнэ. Мөн уран бүтээлч хүний хувьд ирээдүйд сэдэвчилсэн чиглэлээр Майдарын ёслол гэдэг 1000 орчим хүнтэй, хуваргатай бүх суваргатай нь багтаасан шаазан баримлыг том хэмжээгээр хийх болон том хэмжээний шаазан, метрийн хэмжээний бүтээлүүд шаазангаар хийхийг мөрөөддөг аж.
Харин гэр бүлийн найдвартай ар тал байж, ханиа үргэлж дэмждэг түүний гэргийг Б. Дарьсүрэн гэдэг. Үзэсгэлэнгээ нөхрөөсөө түрүүлэн гаргаж байсан мэргэжлийн уран бүтээлч, монументаль уран зураачийн мэргэжлээр суралцаж төгссөн уран зураач ажээ. Тэрээр эхнэртэйгээ одоогоос 10 жилийн өмнө Дизайн парк гэж байгуулагдах үеэр танилцаж гэр бүл болж байсан гэнэ. Гэхдээ эхнэр маань удахгүй эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах нөхцөл нь бүрдэж л байна. Учир нь үүнд бас хугацаа хэрэгтэй гэлээ. Тэднийх хоёр охинтой, зураг зурах дуртай. Тиймээс сонирхлоор нь зураг зурах хүслийг нь улам дэлгэрүүлэхийн тулд цаас харандаа гээд бүх юмыг нь бэлдэж өгдөг. Аль нь болох вэ гэдгийг заах гэдэггүй. Өөрсдөөр нь хийлгэдэг. Хүүхэд бол хүүхэд шүү дээ. Түүнээс биш тийм байх ёстой гээд заагаад байвал хүүхдийн уран бүтээл биш болно гэв. Харин шаазангаар юм хийдэг болоод хийж байгаа ажлыг минь үргэлжлүүлээсэй гэж боддог.
Манай нийтлэлийн баатарт “багшлаач” гэдэг санал гадаад, дотоодын их сургуулиудаас бишгүй ирж байсан ч өөрийгөө багшлах хэмжээний хүн биш гэж хэлээд татгалзжээ. Тухайлбал, Казахстанаас багшлах санал тавихад тэрээр “Та нар шаазангийн эх орон ОХУ-д нэг хүнээ сургахад олон багштай болчихно” гэж байж.
Тэрээр эцэг эхээсээ дөрвүүл, хоёр дүү нь зураач бөгөөд нэг нь ахынхаа төгссөн Дүрслэх урлагийн дунд сургуульд суралцсан хайпер реализм чиглэлийн зураач Х. Баяр бол нөгөө дүү зураач Х. Хандсүрэн нь АНУ-д ажиллаж амьдардаг аж.
Харин бүтээлээ зөвхөн нэг ширхэгийг хийдэггүй. Хожим ямар нэгэн байдлаар хэрэг болж магадгүй учраас хамгийн багадаа 2-3 ширхэгийг заавал хийж хадгалдаг байна. Хамгийн өндөр үнээр худалдсан бүтээл бол америкийн иргэн зорьж ирж шаазан Ногоон дарь эх бурханыг нь авч байжээ. Ийнхүү шаазан барималын урлагийг хөгжүүлэх үйлсэд 30 гаруй жил зүтгэж энэ урлагийн түүхийг бичилцэж бурхан ухаантай эцэг өвгөдөөс заяасан авьяас, сэтгэлээ зориулж Өндөр гэгээн Занабазарын хийцээс суралцаж, урлан бүтээсээр яваа нэгэн хүний талаар өгүүлэхэд ийм байна. Тун удахгүй тэрээр 21 аймгаас авчирсан шавраар бүтээсэн 21 Дарь эхээ үзэгч түмэндээ толилуулах биз ээ. Энд товч өгүүлснийг тэрхүү үзэсгэлэнгээр дэлгэрэнгүй харуулах учир олныг үр нуршин нийтлэлийн зочиндоо уран бүтээлийн их амжилт, судалгаа шинжилгээний ажилдаа олон шинэ нээлт хийхийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.3.15 ДАВАА № 49 (6526)