Боловсролын салбар алдагдсан жилүүдээ хэрхэн нөхөх вэ?

2020-10-22
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Хотынхоо төв хэсэгт барьсан олон давхар өндөр шилэн цамхагуудаа монголчууд хөгжил хэмээн ойлгодог. Жил бүр нэг тансаг цамхаг барина. Үүнийгээ хөгжиж байна гэж ярьж, бичсээр, өөрсдийгөө хуурсаар хэдэн арван жилийг үдэв. Гэтэл бодит байдал дээр бүх л салбар дэлхийн  хөгжлөөс хол тасарч, тэртээх эртний соёл, иргэншил, сэтгэлгээнээсээ бид салж чадсангүй. Учир нь боловсролын салбарын хөгжил дэвшил, иргэдийн   мэдлэгийн түвшнээс улс орны цаашдын хөгжил шалтгаалдаг. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль гэсэн боловсрол олгодог бүх салбараа хөгжүүлэхийг урьтал болгож, хамгийн сайхан тохилог байранд сурагч, оюутнууд нь хичээллэдэг. Тиймдээ ч их сургуулийн кампус хэмээх моддоор хүрээлсэн орд харш мэт байранд суралцахын тулд монгол залуус гадаад руу хошуурцгаадаг. Эцэст нь эх орондоо үлдсэнгүй хэмээн залуу үеийг шүүмжилнэ. Гэвч залуусыг ийм байдалд оруулсан буруутан нь төр, засаг өөрөө юм.

Хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотын зарим дүүрэг, хороо нэг ч цэцэрлэг, сургуульгүй.

Ганц сургуультай хороондоо нэг ангид 50-60 хүүхэд чихэлдэн гурван ээлжээр хичээллэнэ. Одоо байгаа боловсролын системд чухам ямар асуудал тулгараад байгаа. Манай улсад яг ямар тогтолцоо тохирох эсэхийг судлаагүй хэрнээ Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлнэ гэсэн тэнгэрийн зүйлийг түшээд нэг хэсэг ярилаа. Монгол Улсын боловсролын салбарыг “гадна” талаас нь харахад иймэрхүү дүр зурагтай байна. Харин дотогш өнгийвөөс боловсролын хүртээмж, чанараас эхлээд олон асуудал тасралтгүйгээр цуварна. Харин бид энэ удаа танхимын сургалтыг зогсоосон цар тахлын үед боловсролын салбар ямар сорилттой тулгарч, юу алдаж, юуг ухаарсныг хөндөхийг зорилоо.

100 жилдээ ганц удаа тохиодог гэх цар тахал дэлхий нийтийн хувьд том сорил болж, улс орнуудын хөгжлийн түвшин чухам хаана байгааг шалгаж, шандасыг нь нэг сайн шалгалаа. Өндөр хөгжилтэй хэмээх өргөмжлөл бүхий улс орнуудын хувьд энэ удаагийн “уралдаан”-д дахин манлайлав. Цахим хичээлийг хэдийнэ сургалтдаа нэвтрүүлчихсэн байсан болохоор тэд огт сандарсангүй. Халдварын тохиолдол нэмэгдэв үү, үгүй юу сургуулиудаа хаагаад, хичээлээ цахимд шилжүүлээд тайван сууцгаасан. Европын орнууд болон АНУ-д халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа ч энэ нь боловсролынх нь салбарт огт нөлөөлсөнгүй.

Гэтэл Монгол Улс “Хүүхдүүд хичээлээ мартлаа. Төлбөрөө төлчихөөд юу ч сурсангүй. Теле хичээлээ үзэж чадсангүй, ойлгосонгүй. Цахим хичээлээ зогсоо. Төлбөрөө буцааж авъя” гэсэн сурагч, эцэг эх, оюутнуудын хэл амтай “зууралдсаар” шинэ хичээлийн жилтэй золгосон. 

 

Сурагчдын 46 хувь нь теле хичээлээ  тогтмол үзсэн

 

Дотооддоо нэг ч  халдвар тархаагүй байхад сүржигнэж хоёр настнуудыг цэцэрлэгт авахгүй. Хэсэг хугацааны дараа авна, багтаах зай алга гэсэн утга учиргүй, эргэж буцсан шийдвэр гаргаж, 80 мянга орчим эцэг эхээр “наадсан”. Тэгснээ халдвар тархах эрсдэлтэй гээд сурагчдыг гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллүүлнэ гээд есдүгээр сарын 1-нээс 21-нийг хүртэл нэг өдөрт дөрөвхөн цаг хичээллэсэн. Энэ үеэр “Нэг хүүхдээ хүргэж өгчихөөд ажил руу шууд очив уу үгүй юу дараагийн хүүхдээ авах цаг болчихлоо. Хүүхдүүдээ хичээлд нь хүргэж өгөхийн тулд ажлаасаа чөлөө авлаа. Түгжрэл ихтэй хотод ийм шийдвэр гаргаад байх даа яах вэ” гэж эцэг эхчүүд хэсэгтээ бухимдсан. Төд удалгүй хэвийн горимоор хичээллэх боллоо гэж зарласан. Үүний ард 834 ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа 690 мянга орчим хүүхэд хохирч үлдлээ.

Гэхдээ эдгээрээс ар гэрийн боломж сайтай, жилийн 10-40 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуульд суралцдаг сурагчид хасагдана. Учир нь хувийн сургуулийн нэг ангид 20 орчим хүүхэд суралцдаг болохоор есдүгээр сарын 1-нээс таван өдөр танхимаар 6-7 цагаар хичээллэж эхэлсэн. Тэд боловсролоос хоцорсонгүй.

Өмнөх хичээлийн жилд сурагчид 85 өдрийг танхимаар 75 өдрийг теле хичээлээр суралцсан. Боловсролын байгууллагуудын хамтарсан судалгаагаар сурагчдын 46 хувь нь теле хичээлээ  тогтмол үзсэн гэсэн дүн гарчээ. Гэтэл салбарын яам нь сурагчдын 80 хувь нь теле хичээлдээ сэтгэл хангалуун байгаа хэмээн өөрсдийн хүсэл сонирхолд нийцсэн худал тоогоор олон нийтийг хуурсан. Улсын хэмжээн дэх 600 мянга гаруй сурагчийн тал хүрэхгүй хувь нь теле хичээлээ үзсэн. Хичээлээ тогтмол үзсэн 300 орчим мянган хүүхдийн тал нь хичээлээ бүрэн гүйцэд ойлгоогүй гэж тооцоолбол 100 гаруй мянган хүүхдэд теле хичээл хүрсэн байна. Үлдсэн 500 мянга орчим сурагч 75 өдөр үзэх ёстой байсан боловсрол, мэдлэгээ чухам хаанаас хэрхэн нөхөх нь тодорхойгүй. Энэ хичээлийн жилд эхний ганцхан сард бататгал хичээл орж, теле хичээлийнхээ агуулгыг эргэн сануулах журмыг БШУЯ гаргасан. Гэвч 4-5 сарын хугацаанд үзэх ёстой байсан хичээлийн агуулгыг ганцхан сарын дотор бүрэн олгоно гэдэг бүтэхгүй. Нэг ёсондоо бас л олон нийтийг хуурсан үйлдэл юм.

Теле хичээлээ сурагчид, цахим хичээлээ зарим оюутан үзэж чадаагүйн шалтгаан нь өнөөх амьжиргааны түвшний ялгаатай байдалтай холбоотой. Өөрийн хүрээллийн цөөн хүнээр олон нийтийн үзэл хандлага, аж байдлыг тодорхойлдог нэг нийтлэг хандлага бидэнд байдаг. Энэ удаа ч ихэнх сурагч ухаалаг утастай, бараг айл бүр зурагттай гэсэн өрөөсгөл ойлголтоороо COVID-19-ийн үед сурагчдад теле хичээлийг, оюутнуудад цахим хичээлийг заав. Гэвч гэртээ зурагттай, хүүхдэдээ ухаалаг утас бариулах нь байтугай хоногийн хоолоо арай ядан олж байгаа олон мянган өрхийн хүүхдүүд боловсролын салбараас жийгдэв. Мөн нэг айл олон хүүхэдтэй бол хичээлийн цаг давхцах гэсэн шалтгаан бий. Оюутнуудын хувьд  их сургуулиуд цахим системээ сайн хөгжүүлж амжаагүй, багш, сурагчдын харилцан үл ойлголцол, хөдөө орон нутгийн сүлжээ муу, өдөр бүр цахим хичээл хийхэд шаардагдах их хэмжээний датаг авах боломжгүй гэсэн олон  шалтгаанаас ихэнх нь боловсрол олж авч чадалгүй 4-5 сарыг өнгөрөөв. Үүний улмаас зарим нь улиран суралцах нөхцөлд хүрсэн байна. Харин төгсөх курсын оюутнуудын хувьд “Тахлын үеийн төгсөгчид”, “Онцгой үеийн төгсөгчид” гэсэн өргөмжлөлийг өөрсдөдөө хүртээн, туршилтын туулай болсон.

 

“Цахим технологийг ашиглах чадвартай багш байсангүй”

 

Сургалтыг дан ганц танхимаар явуулах нь зохисгүй. Цахим сургалтыг нэвтрүүлэх шаардлагатай гэж манай улс 30 орчим жилийн өмнөөс ярьж эхэлсэн ч бодит ажил хэрэг болгохгүй явсаар COVID-19-тэй “уулзав”. Энэ талаар Боловсролын хүрээлэнгийн секторын эрхлэгч А.Энхтогтох “1990-ээд оноос сургалтыг зөвхөн анги танхимд явуулах боломжгүй. Цахим орчинд хэрхэн, яаж явуулах  талаар ярьж эхэлсэн. Гэвч шийдэх гарцыг олж харж чадахгүй явсаар өнөөдрийг хүрсэн. COVID-19-ийн үед дэлхийн улс орнууд цахим хичээл, цахим технологийг  хөгжүүлэх,  цахим ангийг үүсгэх, цахим контентуудыг бэлтгэх, теле хичээл явуулах гэсэн өөрийн орны онцлог, нөхцөл байдалд тохирсон олон янзын аргаар боловсролыг олгож байна. Өндөр хөгжсөн орнууд цахим платформоо ашиглаад хүүхдүүдэд мэдээлэл өгөх жишээтэй. Зарим орон зайны сургалтын багшийг эрчимтэй ажиллуулж,  багшаар дамжуулж  хүүхдийн сургалтын материал, хэрэглэгдэхүүн, гарын авлагуудыг хүргэж байна. Харин манай улс улсын хэмжээнд нэгдсэн цахим хичээлийг хөгжүүлэх платформ байхгүй. Янз бүрийн цахим технологиудыг ашиглаад хүргэе гэхээр үүнийг нь ашиглах чадвартай багш, эцэг эх, суралцагч байхгүй байлаа. Тиймээс зурагтаар дамжуулж боловсрол олгох боломжтой гэдэг өнцгийг хараад маш хурдан хугацаанд шийдвэр гаргасан. Харин сурагчид сэтгэл дундуур үлдсэн. Учир нь багш нартайгаа амьд харилцаа үүсгэж чадахгүй,  юуг мэдээд, юуг чадаад байгаагаа шалгуулах  боломж байгаагүй гэсэн судалгааны дүн гарсан. Мөн 20-30 хувь нь цахим хэрэглэгдэхүүн, ашиглах ухаалаг утас  байхгүй, зурагтгүй, интернетэд  холбогдоогүй гэсэн шалтгаанаар хичээлээ үзэж чадаагүй. Тиймээс бид цахим хичээлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарсан” хэмээн манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан билээ.

Цар тахлын үеийн хичээл, сургалтаа нөхөж сургах боломж байхгүй. Тиймээс зурагтгүй, ухаалаг утасгүй сурагчид аливаад бэлтгэлгүй Засгийн газрын туршилт болоод өнгөрлөө. Дараа дахин ямар шинэ туршилт биднийг хүлээж байгааг бид таашгүй.Учир нь сүүлийн хэдэн жилд төр  боловсролын салбар болон сурагчдаараа “тоглосон” ч ханаагүй бололтой. Учир нь монгол хэл, бичгээ бид мэддэг юм чинь үүнийг дахин заах, сургах шаардлага байна уу.  Түүний оронд гадаад хэл сураад дэлхий ертөнцтэй өрсөлдөөд явъя гэсэн хандлага давамгайлсан.   Нэг үе хүүхдүүдийг монгол бичгээр сургаж байгаад, буцаагаад больсон. Тэгснээ англи хэлийг бага ангиас нь зааж эхэлсэн.  Мөн сургууль завсардсан хүүхдүүдийг тэр чигт нь орхисонтой холбоотой сөрөг үр дагавар ч  их гарсан. Энэ их сөрөг үр дагавар, алдагдсан жилүүдээ Монгол Улс хэзээ, хэрхэн нөхөх нь тодорхойгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.22 ПҮРЭВ № 204 (6429)

 

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНД БАРААЛХЛАА

21 цаг 19 мин
Парламентын дарга буцаж, Амбан захирагчийн айлчлал эхэллээ

Төв талбайд төстэй хоёр далбаа намирч, сониуч зарим нь Шинэ Зеланд, Австрали

Өчигдөр 06 цаг 00 мин
Ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолду

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Наранхүү: “Энержи ресурс” ХХК-д олгосон лиценз компанийн хувь нийлүүлэгчдийн өмч гэдэгтэй Засгийн газар маргахгүй

Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тав

Өчигдөр 06 цаг 00 мин
Тавантолгойд нүүрсний хулгайг “дахиулж” болзошгүй тогтоолын төсөл УИХ-д очжээ

Нэгэн цагт, нийтээрээ жигшин эгдүүцэж байсан нүүрсний хулгай мартагдаж, нүүрсний хулгайч

Өчигдөр 06 цаг 00 мин
Эх оронч монголчуудын түүхэн ялалт, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлнэ

Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн түүхт ойн өдөр Аривын ерөнхий газар, Үндэсний төв архи

Уржигдар 06 цаг 00 мин
Сургуулийн орчинд 13 цэгт электрон тамхи зарж байна

“…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж ба

Уржигдар 06 цаг 00 мин
“Алтай трейдинг”, “Энержи ресурс” компаниудаас болж Ашигт малтмалын хуулийг 2006 онд шинэчилжээ

УИХ-аас Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд шинэчлэн баталсан.

Уржигдар 06 цаг 00 мин
Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан парад Бээжинд болов

Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан парад Бээжинд болов

2025-09-03
“Бодь”-ийн барьсан төмөр замын хэргийг шалгах уу

Сүүлийн өдрүүдийн улс төртэй зэрэгцээд, “...Мөрдөх байгууллагууд “Бодь”-ийн барьса

2025-09-03