
Б.ТУУЛ
Сүүлийн жилүүдэд жингийн илүүдэл, суугаа ажил зэргээс үүдэн нас харгалзахгүй тохиолддог өвчний нэг бол үений эмгэг үүсэх өвчин юм. Өвдөгний үе солих хагалгааг монголчууд гадны улс оронд хийлгэхийг илүүд үздэг байсан бол одоо улсын томоохон эмнэлгүүдэд энэ хагалгааг хийдэг болжээ. Энэ тухай Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Үений мэс заслын эмч Г.Билгүүн, Э.Анхбаяр нараас дараах зөвлөгөө, мэдээллийг авсан юм.
-Үе хэсэгчлэн солих мэс засал нь өвдөгний үений дотор, гадна талд үрэвсэл хүндэрсэн шатанд хийгддэг нарийн хагалгаа. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хувьд өвдөгний үе солих хагалгааг хэзээнээс хийж эхэлсэн бэ?
- Манай эмнэлгийн хувьд хамгийн анх 2014 онд энэ төрлийн хагалгаа хийгдсэн. Үүнээс хойш 1000 гаруй өвдөг болон түнхний үе солих хагалгааг хийсэн. Өнгөрсөн онд гэхэд л 250 орчим үе солих хагалгааг амжилттай хийсэн байна. Эмч нарын хувьд бүгд мэргэшсэн учраас ямар нэгэн хүндрэл үүсдэггүй. Тиймээс иргэд маань энэ төрлийн хагалгаа хийлгэх бол эмнэлэг, эмчээ сайн сонгоод үйлчлүүлэх боломжтой юм.
-Өвдөгний үе солих хагалгаа хэдэн төгрөг байдаг вэ. ЭМД-ын хөнгөлөлт байдаг уу?
-Улсын томоохон эмнэлгүүдэд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй хагалгаануудыг хийж байна. Манай эмнэлгийн тухайд гэвэл 2015 оноос эхлэн Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр энэ хагалгааг хийж эхэлсэн. Энэ нь өвчтөн үйлчлүүлэгчдийн санхүү эдийн засгийн талаас нь харсан ч ачаалал багатай байдаг учраас энэ төрлийн хагалгааг хийхэд тохиромжтой байдаг. Одоогоор манай эмнэлгийн хувьд өвдөгний үе солих хагалгаанд үйлчлүүлэгчээс өөрөөс нь гарах төлбөр 1.900 мянга гаруй төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл, өвчтөн үе солих хагалгааны нийт зардлын 25 хувийг өөрөөсөө гаргадаг гэсэн үг.
-Орчин үед хөдөлгөөн багатай, суугаа ажилтай хүмүүс их байдаг болсон. Мөн жингийн илүүдэл зэргээс үүдэж, өвдөгний үе өвдөх зовиур илэрдэг. Ер нь энэ өвдөгний үений үрэвсэл, үений элэгдэлийг хаана хандаж, яаж оношлуулдаг вэ?
-Өвдөгний үеэр өвдөх шалтгаан олон хүчин зүйлээс хамаарна. Тухайлбал, гэмтлийн болон насны, төрөл бүрийн архаг үрэвслийн гэх мэт шалтгаанууд бий. Залуу хүний хувьд өвдөгний үеэр их өвддөг бол энэ нь гэмтлийн болон хэт их ачаалал үүссэнтэй холбоотой. Гэмтлийн улмаас жийргэвч мөгөөрс урагдсан, холбоос тасарсан, өвдөгний үений мөгөөрс элэгдсэн тохиолдолд өвдөгний үе өвдөх нь элбэг байдаг. Энэ тохиолдолд шаардлагатай оношлогоо хийлгээд, тохирсон мэс засал болон бусад эм эмчилгээний аргуудыг хийлгэж болно. Настай хүмүүсийн хувьд, суурь архаг өөрчлөлтүүдээс гадна наслалт өөрөө дангаараа өвдөгний болон аливаа үе элэгдэж муудах шалтгаан болдог. Нас явах тусам өвдөгний үе аажим аажмаар муудаж, өвдөлт зовиур ихэсдэг. Энэ үед эмийн эмчилгээ үр дүнгүй болж эхэлдэг бөгөөд энэ үед үе солих гэх мэт хагалгаануудыг хийдэг. Тиймээс юуны өмнө дээрх зовиур илэрдэг бол мэргэжлийн эмчид хандан ямар эмчилгээ хийлгэх талаар зөвлөгөө, мэдээлэл авах нь чухал.
-Ер нь яг ямар зовиур, эмгэг давамгайлсан үед өвдөгний үе солих хагалгааг хийлгэдэг вэ?
-Өвдөгний үений артроз буюу үений хүндэрсэн үрэвсэл хагалгаа хийх хамгийн гол шалтгаан болдог. Энэ өөрчлөлтөд хүргэх шалтгаанууд гэвэл насжилтаас хамаарсан болон өвдөгний үений архаг үрэвсэл зэргээс үүдэлтэй. Тухайлбал, сүүлийн жилүүдэд таргалалт, жингийн илүүдэл ихэсч буйтай холбоотойгоор өвдөгний үе дээр ирж буй ачаалал ихэсдэг. Энэ нь өвдөгний үеийг өөрчлөлтөнд оруулах эрсдэлтэй байдаг. Ихэнх тохиолдолд энэ артрозын өөрчлөлт нь настай хүмүүст үүсдэг. Гэхдээ үүсч эхэлсэн даруйд мэс засал хийх шаардлага байдаггүй. Энэ үед эмийн эмчилгээ болон амьдралын хэв маягийг нь өөрчлөх зөвлөгөө тусламжийг өгдөг. Залуу хүмүүсийн хувьд, дурангийн хагалгаа хийлгэх нь зүйтэй гэж үздэг. Хүмүүс өвдөгний үеэр өвдөж эхлэнгүүт хагалгаанд орох ёстой гэж ойлгоод байдаг, тийм биш юм. Өвдөгний үе солих хагалгаа нь хамгийн сүүлд хийгддэг эмчилгээ учраас өөр олон төрлийн эмчилгээний аргууд байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
-Хагалгааны дараах эдгэрэлт хэр хугацаа шаарддаг вэ. Үр дүнгийн талаар мэдээлэл өгөөч. Зарим хүн энэ хагалгааны дараа өвдөгний нугаларалт алхах, явах зэрэгт гадны биет өөриймсөж өгөхгүй, хэцүү байна гэж ярьдаг. Энэ тухай тайлбарлаж өгөөч?
-Хагалгаанд ороход бас үйлчлүүлэгчийн нас, өвчлөлийн явц зэргийг харгалзан үздэг л дээ. Өөрөөр хэлбэл, аль болох хожуу насандаа үе солиулах хагалгаа хийлгэх нь зүйтэй гэж үздэг. Яагаад гэвэл хагалгаа хийлгэснээс хойш 10-15 жил болоход өмнө нь солиулсан хиймэл үе муудаж ирдэг. Энэ үед түүнийг дахин солих шаардлага үүсдэг. Дахин солих хагалгаа нь анхдагч хийгдсэн хагалгаанаасаа илүү хүндрэл үүсэх эрсдэлтэй байдаг. Эдгэрэлтийн хувьд, хагалгааны дараах эдгэрэлт 3-6 сарын хугацаа шаарддаг. Энэ хугацаанд өвчтөн нөхөн сэргээх дасгалыг эмчийн хяналтан дор маш сайн хийх ёстой. Ингэснээр хагалгааны үр дүн бүрэн дүүрэн гарч ирнэ. Хичнээн хагалгаа хийлгэсэн ч хагалгааны дараах дасгал хөдөлгөөнийг хийхгүй бол үр дүн нь муу байх талтай. Үе солих хагалгааны хамгийн гол үр дүн ач холбогдол юу вэ гэвэл тухайн өвчтний өвдөлт, зовиур маш сайн багасдаг.
-Фитнессээр хичээллэдэг залуус хүнд зүйл өргөх, хэт ачаалалтай дасгал хөдөлгөөн хийснээс болж өвдөгний үеэр хатгуулах зовиур илэрдэг гэдэг. Энэ үед юуг анхаарах ёстой вэ?
-Энэ нь хийж буй дасгал хөдөлгөөн ихэссэнээс үүдэн өвдгөн дээр очиж буй ачаалал нэмэгдэж, залуусын дунд өвдөгний үеэр хатгуулах зовиур илэрч байна. Энэ үед хийж буй дасгалынхаа ачааллыг тохируулах шаардлагатай. Мөн тохирох эмчилгээ үйлчилгээг цаг алдахгүй авах хэрэгтэй. Зарим хүмүүс тосон түрхлэг гэх мэт зүйлсийг авч хэрэглэдэг. Энэ нь зовиурыг намдаадаг болохоос эдгэрэх тал дээр төдийлэн үр дүн өгдөггүй.
-Зарим хүмүүс өвдөгний үений шингэн нөхөх зорилгоор өвдөгний үе рүү шингэн тариулах эмчилгээг байнга хийлгэх нь зөв үү?
-Энэ төрлийн эмчилгээ нь үений эмгэгүүдийн эмчилгээнд өргөн хэрэглэгддэг. Ялангуяа астрозын өөрчлөлтийн эхэн үед хийлгэхэд тохиромжтойгоос гадна үр дүнгээ өгдөг. Тухайн тариаг хэрэглэснээр өвдөгний өвдөх зовиур багасдаг. Ингэснээр уудаг эм зэрэг зүйлс бас багасдаг үүгээрээ давуу талтай. Харин астрозын өөрчлөлтийн хүнд шатанд орсон хойно тухайн тарилга үр дүн муутай болдог. Байнга хийлгэх нь тохиромжгүй. Учир нь, тус тариа нь өөрөө олон төрөлтэй. Тухайлбал, гормон, дааврын болон цусны сийвэнгээс гаргаж авсан гэх мэт. Гормоны тариаг байнга хийлгэхэд гаж нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлтэй байдаг.
-УХТЭ-ийн хувьд, үе солих хагалгааны ачаалал, хүлээгдэл хэр их байдаг вэ?
-Өмнөх жилүүдэд их байдаг байсан. Харин энэ жилээс мэс заслын хоёрдугаар тасаг шинээр зохион байгуултанд орж ажилласантай холбогдуулан хагалгааны орны ачаалал хүлээгдэл гэх мэт асуудлууд шийдэгдсэн.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.27 ЛХАГВА № 165 (6390)