Тагнуулын хурандаа Б.Зинамидар

2020-08-24
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

 

НАХЯ-ны бичиг хүргэгчээс эхэлсэн  ажлын гараа

Иркутск хотын хөдөө аж ахуйн их сургуульд Хөвсгөл аймгаас Жанц, Рэнцэн, Дорж, Төмөрбаатар, Зинамидар нар хамт суралцжээ.

Энгэрээрээ дүүрэн одон медальтай цэргийн дүрэмт хувцсаа өмсөхдөө “Олон жил өмсөөгүй удчихсан чинь медалиуд минь дийлдэхээ больжээ.Ийм хүнд байсан юм байхдаа. Ингэхэд миний энгэр чинь сум нэвтрэхээргүй юм байна шүү” хэмээн  инээвхийлэх нь эх орныхоо төлөө зүтгэж өнгөрүүлсэн идэр залуу насныхаа хийсэн бүтээсэндээ сэтгэл хангалуун байгаа нь илт. “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”,  “Гавьяат үйлстэн, “Хүндэт иргэн”-ээс эхлээд “Байлдааны хүндэт” медаль, “Эх орны төлөө” тэмдэг, “Алтан гадас” хүртэлх олон медалиар цэрэг, цагдаагийн байгууллагаас хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж шагнуулсан судлаач, тагнуулын бэлтгэл дэд хурандаа Б.Зинамидар гуай ийн биднийг угтлаа.  Нийгмийг аюулаас хамгаалах яам хэмээх нэр одоо ч бидний сэтгэлд ихэд ойр бөгөөд тод сонсогдоно. Тэгвэл бидний “Амьдралын тойрог” буландаа урьсан Б.Зинамидар гуай  энэ байгууллагад 37 жил тасралтгүйгээр ажилласан юм. Тэрээр 1949 онд Дотоод явдлын яамны Засан хүмүүжүүлэх байгууллагыг удирдах газарт 16 насандаа бичиг хүргэгчээр ажлын гараагаа эхэлжээ. Энэ үеийнхээ тухай “Тэр үед Улаанбаатар хотод автобус байгаагүй. Сонин сэтгүүлээс эхлээд ДЯЯ-ны олон төрлийн чухал баримт бичигтэй хүнд цүнхээ үүрээд зорьсон хүндээ хүргэж өгөхөөр алхдаг байлаа. Морь, унадаг дугуй цөөн унасан. Ихэнх хугацааг алхаж өнгөрөөсөн.  Тэр үед чинь сонин содон зүйл их тохиолддог байсан даа” хэмээв. Нэг жил бичиг хүргэгчээр ажиллаад л идэвх зүтгэл, ажилдаа зориулдаг чин сэтгэлээ үнэлүүлж тоо бүртгэгч, байцаагчаар дэвшин ажиллаж, 1952 онд бага дэслэгч цолоор шагнуулжээ. Ийн 1956 оноос Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагуудын МХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1959 оноос Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороо, МХЗЭ-ийн төв хороонд хэлтэс тасгийн эрхлэгчээр ажиллалаа. Хөдөлмөрч, хичээнгүй түүний зан чанар нь богино  хугацаанд дэвшин ажиллах боломжийг түүнд бэлэглэж байв. Энэ тухай түүний дотны  найз Л.Цасчихэр “Бид МХЗЭ-д хамт ажиллаж байсан. Нийслэлийн залуучуудын эвлэлийн хорооны түүхийг судалсан хүн Зинамидараас өөр байхгүй. Аливаа зүйлд чин сэтгэлээ зориулж, юм болгоныг судалгаа тооцоотой хийдэг. Нэг ч удаа хөнгөн хуумгай хандаж байгаагүй. Хүн бүртэй сайхан харилцдаг, бахархан дуурайх ёстой ахмад зүтгэлтний нэг юм. Хамгийн гол нь эсэргүү бослогыг ардын бослого хэмээн нэрлэхгүй. Гадаадын тагнуул санаачилсан гэж нотолсон. Үүнийг нь үгүйсгэх хүн байхгүй. Олон хүнд зөвлөгөө өгч тусалдаг боловч тэр болгоноо зарлаад явдаггүй даруухан хүн” хэмээн ярилаа. Улс төрийн дээд боловсролтой  Б.Зинамидар гуай бага сургуулиа төгсөөд оройгоор Марксизм-Ленинизмийн их сургууль, өдрөөр Намын дээд сургууль төгсөөд зогсохгүй ЗХУ-д Комсомолын төв сургуульд 1960-1961 онд дэлхийн 30 орны оюутантай мөр зэрэгцэн  суралцахдаа Монголын 20 оюутны ахлагчаар ажиллаж байлаа. Мөн Эрхүү хотын Хөдөө аж ахуйн сургуульд суралцсан юм.  Залуучуудын эвлэлтэй тасралтгүй холбоотой тэрээр МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, энгэрийн тэмдгийн цомог хийж Монголын Залуучуудын холбоонд дурсгаж байв. Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийг удирдах ажлаасаа түр амсхийж тэр үеийн МАХН-ын Төв хорооны I нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын тушаалаар Хөвсгөл аймагт илгээлтээр очиж ажиллав. Энэ хугацаанд 1964-1967 онд Улаан-Уул сумын МАХН-ын үүрийн нарийн бичгийн дарга, 1974-1977 онд Жаргалант сум нэгдлийн даргын үүргийг чадварлагаар гүйцэтгэж Намын хорооны бүгд хурлын гишүүнээр нэг, аймгийн депутатаар хоёр удаа сонгогдон ажиллаж байлаа. Өөрийн төрөлх нутгаа хөгжүүлэхийн төлөө хэдэн жил ажилласны дараагаар  НАХЯ-ндаа эргэн ирж 1978 оноос НАХЯ-ны МАХН-ын хороонд ахлах зохион байгуулагч, Ардын хянан шалгах хорооны  орлогч дарга зэрэг албан тушаалын ажлыг 37 жил идэвх зүтгэл, үр бүтээлтэйгээр гүйцэтгэж 1990 онд тэтгэвэртээ гарсан юм.

 

Эсэргүү, бослогын үнэний мөрөөр мөшгөсөн жилүүд

 

Монгол хүн бүрийн зүрхэнд 1937,1939 гэсэн хоёр тоо үргэлжийн хадаастай байдаг. Гэхдээ баяр баясал бус тухайн үеийн нийгмийн гажуудал, харуусал, дайн, хэлмэгдүүлэлт гэсэн  сэтгэл зүрхийг эмзэглүүлэм зүйлийг бидэнд эргэн сануулдаг билээ. Тэгвэл 1932 онд БНМАУ–ын 13 аймгийн 40-аад сумын  бүс нутгийг хамран таван сар үргэлжилж 6000 гаруй хүний амийг хөнөөсөн “Шамбалын дайн” хэмээх аймшигт бослого, хөдөлгөөн түүхэнд тодоор үлдэлгүйгээр намжжээ. Хөвсгөл, Завхан, Архангай аймгуудыг хамарч 6000 гаруй хүн амиа алдаж олон хүн шархадсан 1932 оны бослого дөрөвдүгээр сард эхлээд есдүгээр сард дуусахад  удирдсан 39  хүнийг баривчилж 1933 оны тавдугаар сард ял  оноосон түүхтэй.  Тэр үед Монголын малчин ард, жирийн лам нар ардын нам засгийн бодлогод дургүйцэж эсэргүүцэж байгаагүй. Харин Ванчинбогд, Ёнзонхамба нар монголын дээд ангийн феодал лам нарыг уриалан ятгаж, турхирч, сүсэгтнүүдийг шарын шашнаар мунхруулж бослого гаргуулсан нь Түвдийн түрэмгийлэх бодлогын илрэл, хор холбогдол байсан гэж судлаач үзжээ.  Таван сар үргэлжилсэн бослогын улмаас эхийнхээ хэвлийд бүрэлдэн буй байхдаа эцгээ алдсан тэрээр яг энэ үеийн бослогын үнэн мөнийг олох, түүхийг гуйвуулахгүй байх сан гэх хүсэлд хөтлөгдөн судалгааны ажлаа эхлүүлж улмаар нь энэ нь түүнийг түүхийн олон ном бичихэд хүргэсэн юм. Сүүлийн үед  сүсэгтэн олон өөрсдөө гаргасан “Ардын бослого” хэмээн нэрийдэх болсон 1932 оны эсэргүү хөдөлгөөн нь гадаадын өдөөн хатгалга, турхилтын улмаас гарсан гэдгийг нотлохоор  амьдралынхаа 60 орчим жилийг зарцуулаад байна. Энэ бослогт  аав нь  амиа алдсан учраас  БНМАУ-ын 1930-аад оны түүх, IX Ванчинбогд Гэлэгнамжил, Ёнзонхамба Лувсанхаймчиг нарыг судалж эхэлсэн байдаг. Илгээлтээр Хөвсгөл аймагт ажиллаж байхдаа тэр үеийн амьдралыг мэдэх, бослогод өөрөө оролцож явсан ахмад хүмүүстэй уулзаж ярилцаж тэмдэглэж авсан баримтуудаа ТЕГ-ын архив, Үндэсний төв архив, Батлан хамгаалах яамны архив, Архангай аймгийн архивтай тулгахад  яг цав таарсан тул цуврал ном болгосон билээ.  Олон жилийн судалгааныхаа үр дүнд тэрээр 2004 онд “Бослого, хэлмэгдэл, цагаатгал”, 2013 онд “Гадаадаас турхирсан 1932 оны бослого”, 2016 онд “Шамбалын дайн”, 2017 онд “Шамбалын дайн ба Халх голын дайн” номыг хэвлүүлж уншигчдад хүргэсэн. Энэ номууд нь 1928-1939 оны түүхийн ээдрээтэй үйл явдлууд, ахмад үеийн халуун амь, бүлээн цусаар бүтээгдсэн өнгөрсөн цаг үеэ үнэн зөвөөр үнэлж дүгнэхэд асар их хувь нэмэр оруулах үнэ цэнэтэй бүтээл болжээ. Ахмад судлаачийн 60 орчим  жилийн цуцалтгүй хөдөлмөр үр шимээ өгч 1932 оны бослогыг чухам хэн өдөөсөн нь ил болж Монголын түүхэнд үнэлж баршгүй  чухал үйл явдал болсон юм.

 

Түүхийг үнэнээр нь үлдээх үүргээ гүйцэтгэсэн нь

1960 онд Комсомолын төв сургуульд суралцахаар очихдоо танилцсан сургуулийн орчуулагч залуу В.В.Грайворонскийн хамт.

Харуусал, шаналлын толбо нь одоо ч гүйцэд арилаагүй 1937 оны их хэлмэгдүүлэлтийн галын очыг дөл болгоход сүсэгтэн олныг өдөөн турхирч, удирдсан 1932 оны бослогын түүхийг судлах нь асар их ач холбогдолтой билээ. Монгол Улсынхаа түүхийг үнэн зөв байлгах, түүхээ хамгаалах монгол хүний  ариун үүргээ биелүүлэхийн тулд амьдралынхаа 60 гаруй жилийг Б.Зинамидар гуай зарцуулжээ. Дээр дурьдсан бослогын талаар тэрээр “1930-аад оны эхээр Хятад улс IX Ванчин Богдоороо турхируулж БНМАУ-д “Шамбалын дайн”-ыг гаргуулсан бол 1930-аад оны сүүлээр ЗХУ-ын бодлогоор  20 мянга шахам лам нарыг бослогод бэлтгэсэн, оролцсон, цуурхал тараасан хэргээр нам засаг, цэрэг, боловсрол, соёлын шилдэг боловсон хүчнүүдийг хилс хэрэгт холбогдуулж нийтдээ 30 гаруй мянган  Монгол хүн Монгол хүнээ өөрийн гараар хэлмэгдүүлсэн гашуун түүхийг бид гуйвуулж, мартаж болохгүй.  БНМАУ-ын 70 жилийн түүхэнд 1932 оны бослого гадаадын удирдлага нөлөөгөөр гарсан гэж бичдэг байсан. Гэтэл 1990 оноос гадаадын удирдлагагүй, сүсэгтэн ардын бослого гарсан гэж эсрэгээр бичдэг болчихлоо. Мөн Хуулийн дээд байгууллага УДШ, УЕПГ гадаадын тагнуул, зэвсэгт бослогын нууц удирдагч байсан Ёнзонхамба Ц.Лувсанхаймчигийн мэдүүлгийг өөрчлөн үгүйсгэж, үндэслэлгүй шалтгаанаар цагаатгаж, гадаадын удирдлагагүй сүсэгт зэвсэгт бослого байсан гэж түүх гуйвуулсанд би сэтгэл дундуур байдаг. Улсын ерөнхий прокурорын газарт Ёнзонхамба Ц.Лувсанхаймчигийг хуулийн бүрэн үндэслэлгүй цагаатгасан тухай 30 жил шүүмжлэл, өргөдөл бичээд түүх, хуулийн шаардлага хангасан хариу өгөхгүй түүх будилуулаад байгаад нь дургүйцэн тэмцсээр байна. 1916 онд Ц.Лувсанхаймчиг Ванчинбогдоос анхны захидал авснаас эхэлж 1937 он хүртэл суурин тагнуул байсан. Тэгээд 1929 онд Төвд 26 хүнтэй “Гандан бүлэг”, 1930 онд Рэгдэлбүрэлгүү “Тариат бүлэг”, 1931 онд Цэрэнжав “Хөвсгөл бүлэг” улмаар “Очирбатын яам” байгуулж зэвсэгт эсэргүү бослогод бэлтгэсэн. Тиймээс Ц.Лувсанхаймчиг бол тагнуул, бослогын нууц удирдагч байж БНМАУ-д асар их хохирол учруулсан учраас цагаатгалыг хүчингүй болгох гээд тэмцээд байгаа юм. Энэ тэмцэл бол хууль хэрэгждэг, түүх гуйвуулж будилуулдаггүй  болохын төлөө эх оронч санаа сэтгэлтэй хүний тэмцэл юм. 1937 онд Ц.Лувсанхаймчиг цаазлагдаж IX Ванчинбогд жанч халснаас хойш БНМАУ-д Шамбалын дайн эсэргүү бослого гарна, гаргана гэсэн үг яриа, үйлдэл огт гараагүй нь тэдний гэмт үйлдлийн нотолгоо юм.  Миний хараа муудаж, сэтгэн бодох чадвар муудсан тул энэ цагаатгах асуудлыг түүхчид, хуульчид дэмжиж, 1930-аад оны түүх үнэн зөв болгохын төлөө үргэлжлүүлэн тэмцэхийг уриалж байна. Түүх мөнх тул хайрлаж яваарай” хэмээн ярилаа. 

Ахмад үеийнхэн бол төр улсын өмөг түшиг, түүхийг дархлан бүтээгчид, туулсан замналын үнэнийг гэрчлэгчид билээ. Тэрээр залуугаасаа ахмад хүмүүсийн яриа дурсамжийг анхааралтай сонсож, мартахаас өмнө чухал хэсгийг нь тэмдэглэж авдаг байсан нь түүнийг судлаач болоход ач тусаа өгчээ. 1932 оны эсэргүү бослогын уршгаар эцэггүйн зовлон үзсэн тэрээр яг энэ маргаантай асуудлыг сэргээн судалж, элдэв туйлшралтай тэмцэж, өмнөө тавьсан үнэнийг эрэлхийлэх хүсэл тэмүүлэлдээ бат зогссоор л байна. Монгол, Орос, Хятад, Япон, Германы таван улсын судлаач түүхчид эрдэмтэд оролцсон эрдэм шинжилгээний бага хуралд “Ванчинбогд, Ёнзонхамба хоёр Шамбалын дайныг удирдалцсан” илтгэлийг  2017 онд хэлэлцүүлсэн байдаг. Өдгөө 88 настай ч Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулж “1932  оны дайн, зэвсэгт бослогыг Ванчинбогд, Ёнзонхамба хоёр удирдалцсан” хэмээх номоо хэдийнэ бичиж эхлүүлсэн нь түүний нэг эхлүүлсэн ажилдаа ямар их хичээл зүтгэл, хүч хөдөлмөрөө зориулдагийн гэрч юм. Тэтгэвэрт гарснаас хойш “НАХЯ-ны нам, улс төрийн байгууллага”, “НАХЯ-ны МАХЗЭ-ийн байгууллага”-ын товч түүхийг бичиж хэвлүүлжээ. Судалгааны эдгээр номуудаас гадна “Өөртөө өштэй хүн” хэмээх туужаас эхлээд 10 гаруй бүтээл хэвлүүлж олны хүртээл болгосон юм. Мөн 1999 онд “Хөвсгөл аймгийн хүн амын угийн бичиг” хэмээх ном хэвлүүлж үүн дотроо Бөөчүүд овгийнхныхаа тухай илүү нарийн тодорхой бичжээ. Тэрээр энэ ургийн бичгийн 1640 оны анхны эх хувийг Бөөчүүд овгийн лам Лувсансодовд хадгалагдаж байсныг олж авчээ. Түүнчлэн “1932  оны дайн, зэвсэгт бослогыг Ванчинбогд Ёнзонхамба хоёр удирдалцсан” номоос гадна дурсамжийн номоо бичээд эхлүүлчихсэн сууж байна лээ, 88 настай судлаач маань.

 

Тусгай сурвалжлагч, гэрэл зурагчин боллоо

 

Хуучны Архангай аймгийн Идэр одоогийн Хөвсгөл аймгийн Галт суманд 1933 онд төрсөн Б.Зинамидар гуайн “Амьдралын тойрог” Нийгмийг аюулаас хамгаалах яам, Залуучуудын эвлэл, 1932 оны бослогын түүхэн судалгаа гэсэн зүйлсээр хязгаарлагдсангүй.  Учир нь тэрээр төв орон нутгийн  сонин сэтгүүлд идэвхтэн бичигч, орон тооны бус сурвалжлагчаар ажиллаж байлаа. Эсэргүү бослого өрнөж, хэлмэгдүүлэлтийн гашуун нулимстай он жилүүдэд өсч, социалист нийгэмд сурч, ажиллаж, 1990 оны зах зээлийн шуурганд ч тэр өртсөн. Тиймдээ  дэлгүүрийн лангуун дээр давс, гоймонгоос өөр бараагүй, олон үйлдвэр, ХАА-н нэгдэл, Сангийн аж ахуй хаалгаа барьж, иргэд ядуурч байсан тухай “Сайн цаг ирэхийг үзэх өдөр байдаг болов уу“ гэсэн нийтлэлийг 1995 онд “Зууны мэдээ” сонины 82 дугаар дугаарт хэвлүүлсэн байдаг.   Мөн 1996 оноос “Үнэн”, “Ардын эрх”, “Хүмүүс” зэрэг сонинуудад захидал, нийтлэл, Батлан хамгаалахын сайдад гурван удаа захидал бичсэний үр дүнд 2015 онд Эрх чөлөөлөх дайны 70 жилийн ойгоор БХЯ, Сүхбаатар аймгийн ЗДТГ хамтарч гэрэлт хөшөө босгож, амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг сэтгэлийг бага ч атугай дэвтээж байсан удаатай. Энэ тухайгаа “1990 оноос хойш сонин сэтгүүлд бичвэрээ нийтлүүлчихээд нэг ч төгрөг аваагүй.Өндөр настан хүний хувьд ажил амьдралд тохиолдсон түүхийн ховор сэдвээр бичиж үлдээх нь мөнгөн шагнал авахаас илүү ач холбогдолтой юм” хэмээн ярив.  Мөн гэрэл зураг дарж нийтлүүлдэг байлаа.

 

“Жимсчин” гэр бүл

Б.Зинамидар гуайн аав Банзай Хөвсгөл аймгийн Галт суманд 1882 онд төрсөн. 1932 оны тавдугаар сард Тариат чөлөөлөгдөж наймдугаар сард эсэргүү бослого дарагдсан сургаар уулнаас бууж гэртээ ирээд байтал бүгэж байсан шар цэргийн жанжнууд ирээд цэрэгтээ дайчилжээ. Ийн Цэцүүхийн  байлдаанд орсон анхны өдрөө амь үрэгдснээр өнчирсөн найман хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх хүнд ачааг  ээж Д.Сольхүү нь үүрчээ. Д.Сольхүү Булган аймгийн Тэшиг суманд төрсөн.  Эхийнхээ хэвлийд байхад нь аав нь амь үрэгдсэн учраас аавынхаа талаар сайн мэдэхгүй байлаа. Харин 1963 онд  бослогод хамт яваад амьд үлдсэн  Х.Гэцэл гэдэг хүн аавынх нь талаар “Бүслэгдчихээд байхад “Би Монгол хүн. Тиймээс Монгол хүнийхээ өмнөөс буу шагайхгүй” гээд  бууныхаа сумыг гаргаж амжаагүй байхдаа буудуулчихсан” хэмээн ярьжээ.  Найман хүүхэдтэй айлын отгон хүү Б.Зинамидар гуай өөрөө мөн найман хүүхэдтэй. Түүний эхнэр, “Буянтай ээж” өргөмжлөлт Д.Номонзул 1956 онд Элдэв-Очир кино театрын билет шалгагчаар ажлын гараагаа эхэлж, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Жаргалант суманд зочид буудал, зоогийн газрын эрхлэгч, тогооч, НАХЯ, ГЯЯ-ны харьяа газар тогооч, нярав, Зөвлөлтийн барилгын III трестэд Орос дэлгүүрийн үнэмлэх шалгагч зэрэг ажил хийжээ. Мөн соёл урлагийн концерт хөтөлж, “Ээмэг” жүжгийн гол дүрд тоглож байв.  Түүнчлэн “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Сувдаагийн дүрд тэнцсэн боловч хүндэтгэх шалтгааны улмаас тоглох боломжгүй болсон олон төрлийн авьяастай эмэгтэй байжээ. Тэд 1956 онд гэр бүл болж З.Алимаа, З.Нэрсмаа, З.Мойлмаа, З.Үрэлмаа, З.Тошлоймаа, З.Улаалзай гэсэн зургаан охин, З. Хадбаяр, З.Аньсбаяр гэсэн хоёр хүү нийт найман хүүхэдтэй болж, бүгдийг нь мэргэжилтэй, дээд боловсролтой болгож ажил амьдралд хүргэжээ. Тухайлбал охин З.Улаалзай нь Гаалийн улсын байцаагч, З.Мойлмаа нь аавынхаа халааг үргэлжлүүлж ТЕГ-ын Төрийн тусгай хамгаалалтын албаны дэд хурандаагаар ажиллаж байна. Мөн хүү З.Хадбаяр нь МХЕГ-т ажилладаг. Хүүхдүүдийнх нь том дөрөв нь тэтгэвэрт гарчээ.  “Миний эхнэр их сайхан эмэгтэй байлаа. Бид үр хүүхдээ нэгдүгээрт боловсролтой хоёрдугаарт байнгын ажилтай, хөдөлмөрч байхад сургасан. Эхнэр минь өнгөрсөн дөрөвдүгээр сард нас эцэслээд ганцаардаж сууна” хэмээн харуусангуй ярина лээ. Үнэний төлөө тууштай тэмцэж, ялна гэдэгтээ итгэл дүүрэн байгаа  өвгөн судлаач  1932 оны бослогын маргаантай түүхийг судлаач, түүхч, эрдэмтнүүд үргэлжлүүлэн судалж, чин үнэнийг нь тогтоосой гэж хэмээн чин сэтгэлээсээ хүсч буйгаа манай сониноор дамжуулсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.24  ДАВАА № 162 (6387)

Л.Оюун-Эрдэнэ: Хууль бус хөрөнгийг хураах хуулийг батлуулна, би ч шалгуулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн байр суурийг хүргэе.

5 цаг 50 мин
“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу?!

“…Сайжруулсан шахмал түлш” гэх шууд л утаа алга болгочихмоор нэртэй түлшийг “Таванто

5 цаг 50 мин
Ордынхон дэмжиж, Ордныхон дэвсэн “...Оюун-Эрдэнийг огцруулах” акцын ард...

Эхлээд, энэ цагийн улстөрчдөд эмгэнэл илэрхийлье. Учир нь, стратегийн орд дээр гадна, дотнын ко

5 цаг 50 мин
УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

2025-05-16
Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашгаас урвасан шийдвэр гаргалаа

Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашигаас урвасан шийдвэр гаргалаа

2025-05-16
Э.Гэрэлт-Од: Өнгөрсөн 30 жилийг мартъя. Намууд шинэ соёлоор төлөвшиж, амьд байх үе эхэллээ

Монгол Улсад 30 гаруй жилийн дараа улс төрийн намуудын хөрөнгө, орлого олон нийтэд бүр

2025-05-16
Т.Доржханд: Гашуунсухайттай холбоотой шийдвэр гарах болгонд эсэргүүцэл гардаг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна.

2025-05-16
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Хөрөнгө хураах хуулийг Ерөнхий сайд өөрөө дэмжиж байгаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна. 

2025-05-16
Удаан хүлээлгэсэн “Гашуунсухайт”-ын нээлтийг урьдаас бэлдсэн акцаар дарав уу?!

Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын ажил эхлэв. Нээлт нь уржигда

2025-05-16
“Ухаахудаг”-ийн 2 боть эмхэтгэлийг тараасанд Ж.Оджаргал уурлажээ

“…Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогд

2025-05-16