
Р.ОЮУН
Түрүүч нь http://www.polit.mn/a/84101
“Томчууд бид үнэхээр анхаарал болгоомжгүй юм байна. Бага насны хүүхдүүдээ л гэхээс 8-14 насныхныг том болсон гээд тоодоггүй нь алдаа болсон. Хэрэв хил хамгаалах байгууллагын усан хил хамгаалалтынхан байгаагүй бол тухайн үед би гурван цогцос юм уу эсвэл юу ч үгүй хоосон буцах байсан. Хилчид энх цагийн баатрууд юм” хэмээн ярих энэ хүн бол хийлдэг завинд сууж явсан гурван хүүхдийн аав, ах Ж.Пунцаг юм. Тэрээр “Миний амьдралыг бүтэн байлгаж өгсөн Хилийн 0219 дүгээр салбарын хамт олонд баярлаж талархсанаа дахин илэрхийлэхээр өөрийн биеэр ирж байгаа минь энэ. Хүний сэтгэлийн бэлэг багаддаггүй гэдэг. 2020 оны долдугаар сарын 11-ний өдөр Буйр нуурт завьтайгаа тоглож байгаад хүчтэй салхинд туугдан нуурын гүн рүү хөвж сураггүй болсон гурван хүүхдийг минь хилчин та бүхэн эрэн хайх, аврах ажиллагааг түргэн шуурхай гүйцэтгэж амь насыг нь авран хамгаалж, элэг бүтэн, мөр тэнэгэр алхах хувь тохиол бидэнд бэлэглэсэнд талархаж дурсамж хадгалуулав. Хилийн тэнгэр цэлмэг байж хилчдийн яруу алдар бадартугай. Иргэн Ж.Пунцагийн гэр бүлээс. Улаанбаатар хот. 2020 оны долдугаар сарын 20-ны өдөр” гэсэн талархлыг проекторын хамт Хилийн 0219 дүгээр салбарын захирагч, ахмад Э.Энхтүвшинд гардуулж өглөө. Мөн гэрээт хилчин, офицер нарт өөрийн сэтгэлийн бэлэг болгож сэлэм бэлэглэсэн юм. Сэлмэн дээр “Хөрстийг тамгалах үрсийг минь амь үл хайрлан аварч үлдсэн ачтан танд иргэн Ж.Пунцагийн гэр бүлээс дурсгав” гэж бичсэн байв. Үнэхээр бахархахгүй байхын аргагүй. Энэ бүхэн түүх болж үеийн үед үр удам, хойч үе нь аав, өвөөгөөрөө бахархаж, дурсах болно.
Тухайн үед юу болсон талаар гэрээт хилчин Э.Санги-Очир болон иргэн Ж.Пунцаг нарын сэтгэгдлийг хүргэж байна.
Хилийн 0219 дүгээр салбарын гэрээт хилчин Э.Санги-Очир: Гэрээт хилчин гэрэлтэй алба
-Би гэрээт хилчнээр жил гаруй хугацаанд ажиллаж байна. Хугацаагаа дуусахаар ахлагчийн бүрэлдэхүүнд орно гэж бодож байгаа. Анх Хилийн 0306 дугаар ангийн Хилийн 0145 дугаар салбарт хугацаат цэргийн алба хаагаад өөрийн сонирхлоор гэрээт хилчний албанд шилжиж ирсэн. Хилчин хүний бахархал өглөө нар мандахыг харах хамгийн сайхан. Наадмын эхний өдөр өдрийн хоолондоо орох гэж байхад цагийн байдал үүсч бүгд завиа нууранд аваачаад эрэлд гарсан. Жижиг хийлдэг завьтай хүүхдүүдийг нэлээд хайж олоход 14, 9, 8 орчим настай хүүхдүүдийн бага нь уйлсан байсан. Их давалгаатай байсан болохоор хурдан явж болохгүй байсан. Биднийг очиход хүүхдүүд нуурын голд, том нь богино өмдөөрөө завинд орсон усыг шавхаж байсан. Их сэргэлэн хүүхэд байна лээ. Хэрэв усаа шавхаагүй бол хөмрөх эрсдэлтэй байсан. Мөн жаахан л удсан бол хил давах магадлалтай байлаа. Гэрээт хилчин сайхан гэрэлтэй алба. Ялангуяа, манайх усан хилийн хамгаалалттай онцгой алба.
Ж.Пунцаг: Хилчид байгаагүй бол бид гашуудлын нулимстай буцах байсан
-Би Улаанбаатар төмөр замын дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч даргаар ажилладаг. Долдугаар сарын 11-ний өдөр гэр бүл, ах дүүгийн хамт Буйр нуурт амрахаар очсон. Тэр өдөр урдаасаа хойшоо нэлээн салхитай, майхан тогтохгүй байсан. Үдээс хойш салхи арай тогтуун болохоор нь хүүхдүүдээ тоглуулахаар завийг нь хийлээд аврах хантаазыг нь хийлэх хооронд 8-14 насны гурван хүү маань завиа нуурт тавьчихсан. Манайх хоёр хүү, нэг охинтой. Хоёр том хүү, манай дүүгийн хүүтэй хамт завин дээр явж байсан юм. Энэ нь бидний том алдаа байсан. Бид бага насны хүүхдүүддээ илүү анхаарал хандуулаад, арай том болсныг нь төдийлөн анзаардаггүй юм байна. Гэтэл хүүхэд л бол хүүхэд. Хантаазаа хийлж байх хооронд нэг мэдэхэд бидний хүрч очих боломжгүй хэсэг рүү хөвөөд явчихсан. Гэр бүлийнхэн хүүхдүүд арай холдчихлоо гэж сандралдаж эхлэхэд би нуур руу яаран орж ус хоолой тултал явсан ч барьж чадаагүй. Гэнэт хүчтэй сэрүүн салхи гарч хүүхдүүд завьтайгаа маш хурдан цаашаа явчихсан. Энэ бүхэн маш богино хугацаанд болж өнгөрсөн.
Хүүхдүүд эргээс холдоход хамгийн түрүүнд Онцгой байдлын албанд хандсан. Гэтэл тэнд байсан Онцгой байдлын албаны хоёр аврагч хүчтэй шуурганд тогтохгүй жижиг завьтай, дээрээс нь мотор нь эвдэрчихсэн байсан. Иргэн хүний хувьд онцгойгийн бэлэн байдлыг бэхжүүлэх нэн шаардлагатай юм байна гэсэн бодол тэр үед төрсөн. Дүрэмт хувцаснаас өөр зүйлгүй тэр хүмүүсийн буруу биш шүү дээ. Манайд бусад улс шиг эргийн хамгаалалтын албыг байгуулах шаардлагатай юм билээ. Бидэнд аз тохиосон. Нэг хүчтэй салхи гарахад л гурван хүүхэд завьтай хөмрөх эрсдэлтэй. Гэтэл аврал эрэн нөхцөл байдал минут, секундээр хэмжигдэж байгаа үед аврах ажиллагаа цаг алдана гэдэг хэцүү бас харамсалтай. Ингээд өөр арга зам хайж Буйр нуурын усан хил хамгаалалтын салбар байдаг, тэнд хандах нь зөв гэдэг зөвлөмжийг тухайн үед өгсөн. Ингээд хилчдээс тусламж хүсэхэд түргэн шуурхай арга хэмжээ авч хоёр хөлөг гаргаж эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Эрэн хайх ажиллагаа эхлүүлэх үед хүүхдүүд хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчихсон байсан.
Эрэн хайх ажиллагаа хоёр цаг гаруй үргэлжилж, шуурхай олж өгсөн. Хүүхдүүд дөрвөн цаг усны мандал дээр байсан. Би цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн. Цагдаагийн алба хаагч аливаа эрсдэл тулгарахад сэтгэл зүйгээ бэлдэж, хамгийн муу хувилбарыг эхлээд тооцдог. Нуулгүй хэлэхэд хүүхдүүд үзэгдэхээ болих үед дотроо мууг бодож эхэлсэн. Хүүхдүүд нүдэн дээр минь хөвөөд алга болчихоор их хэцүү юм билээ. Тэд улсын хилд ойрхон тулж оччихсон байсан гэсэн. Хил хамгаалах байгууллага, хилчид техник хэрэгслээ бэхжүүлээгүй, хурдан шуурхай арга хэмжээ аваагүй бол хүүхдүүдийн минь амь нас өндөр эрсдэлд тулгарчихсан байсан. Тэднийг минь аварч элэг бүтэн, мөр тэнэгэр алхах боломж олгосон хилчиддээ өөрийн болон гэр бүл, төрөл төрөгсдийнхөө өмнөөс талархаж, баярлаж байгаагаа илэрхийлье. Эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө цаг наргүй, амралтгүй зүтгэж байгаа хилчдийнхээ ажлын онцлогийг мэддэг хүний хувьд үргэлж бахархаж явдаг. Учир нь миний аав Жигжидсүрэн Хилийн 0119 дүгээр ангид штабын даргаар ажиллаж байсан. Мөн миний төрсөн дүү Хилийн 0108 дугаар ангийн Автозамын шалган нэвтрүүлэх салбарын Тээврийн хэрэгслийн шалгагч, ахлах ахлагч Ж.Пунцагсүрэн хилчидтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгааг дурдахад таатай байна.
Хүүхдүүдээ аврагдаад ирэхэд өөрийн эрхгүй уйлсан. Хил хамгаалах байгууллага, хилчид байгаагүй бол бид баярын биш гашуудлын нулимс унагах хатуу тавилантай нүүр тулчихсан байсан. Хилчдээсээ, хүүхдүүдийг минь тээвэрлэж ирсэн хөнгөн хөлгөөс монгол хүний ёсоор адис авах нь зүйн хэрэг. Бид хамгийн их хүндэлж дээдэлсэн зүйлдээ толгой бөхийж адис авдаг шүү дээ. Хүндлэлийн минь хамгийн том илэрхийлэл энэ юм. Энэ дашрамд ХХЕГ, ОБЕГ, Сүмбэр сумын цагдаагийн хэсгийн хамт олон, Хилийн 0306 дугаар ангийн хамт олон, эрэн хайх, аврах ажиллагааг гардаж зохион байгуулсан ахмад Э.Энхтүвшин, ахлах ахлагч Ү.Чулуунсүх, дэд ахлагч Х.Болот, Ц.Адьяахүү, гэрээт хилчин байлдагч Э.Санги-Очир, Г.Наранмандах, Б.Бат-Отгон нартаа гүн талархал илэрхийлье. Эцэг эхчүүд та бүхэн аялал зугаалгаар явахдаа хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг өөрийн зүгээс зөвлөж байна. Аливаа эрсдэл надаас хол гэж хөнгөн хандаж болохгүй гэдгийг ухаарсан. Миний сургамжаас олон хүн эрсдэлтэй нүүр тулсныхаа дараа биш тулахаас сэргийлээсэй хэмээн хүсч байна. Та бүхэндээ дахин талархсан сэтгэлээ илэрхийлж байгааг минь хүлээж авна уу гэсэн юм.
Түүнээс хүүхдүүд аврах багийнхан очтол юу хийж байсан талаар нь сонирхож асуув уу гэхэд тэгэлгүй яах вэ. Манай том хүү “Аав мэдээж биднийг аврах арга хэмжээ авч байгаа. Цаг нь болсон бол гурвуулаа үхнэ дээ. Завь хөмөрсөн ч гэсэн завинаасаа тавьж болохгүй шүү. Хамгийн гол нь бид амьд байх ёстой гээд завь руу орж ирсэн усыг богино өмдөөрөө шавхаж байсан. Аврахаас нь өмнө Хятадын хил рүү орчихвол бид аврагдана. Тэгээд Хятадын карентинд 14, Монголынхоо карентинд 21 хоноод харина даа гэж хээв нэг ярьсан гэдэг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.8.19 ЛХАГВА № 159 (6384)