XXI зуунд хүн төрөлхтөн зовлон дааж, эсэн мэнд гарах гол хүчин зүйл бол соёл

2020-05-17
Нийтэлсэн: Админ
 14 мин унших

 

Виктор Франкл. Зорилгогүй амьдралын зовлон. Новосибирск, 2019
Иван Шилов © ИА REGNUM

 

2019 онд “Сибирийн их сургуулийн хэвлэлийн газар”-аас эрхлэн агуу сэтгэл зүйч Виктор Франклын “Зорилгогүй амьдралын зовлон” (“Страдания от бессмысленной жизни”) номыг бас дахин хэвлэжээ. Энэ ном бол логотерапи (оршихуйн утга учрын эрэл хайгуул, задлан шинжилгээнд тулгуурласан экзистенциал сэтгэц заслын нэгэн төрөл) хэмээх өөрийнхөө бүтээж бий болгосон аргын тухай өгүүлж, янз бүрийн цаг үед Франклын уншсан лекцийн эмхэтгэл юм. Сэтгэл судлалын ухаанд Франклын нээсэн тэрхүү чиглэл бол миний бодлоор хувьсгалт шинжтэй.

Энэ чиглэл хувьсгалт шинжтэй болохын суурь үндэс нь хүнийг үзэх үзэл, хүний сэтгэл зүйд хандах хандлага юм. Чухамдаа ийм үзэл, хандлагын өвөрмөц онцлог бол Франкл өөрөө үр шимийг нь амсаж хүртсэн логотерапийн арга билээ. Бүхэлдээ улс төр судлал хүртэлх хүн, нийгмийн тухай хүмүүнлэгийн бүхий л салбарт гарсан хувьсгалын урьдач нөхцлийг сэтгэл судлалын энэхүү чиглэл юутай ч бүрдүүлсэн. Хаана мэдлэгийн хувьсгал гарна, тэнд практикийн хувьсгал бас дагадаг.

Хүний төрөл бүрийн загвар, эдгээр загвараас урган гарах бүхий л асуудлыг философи өнө эртнээс судалсаар ирсэн. Философийн аль нэг тогтолцоо хүний ямар загварыг авч үзсэнээс хамаарч бусад бүх зүйлд, юуны өмнө, нийгэм, улс төрд уг философийн тогтолцооны хандах үзэл, хандлага шалтгаалдаг. Мөн урвуугаар, нийгмийн аливаа байгууламж бол, хэдийгээр ухамсарлагдаагүй ч гэсэн, хүний тухай ямар нэгэн төсөөлөл байдаг гэдэг нь ч бас үнэн.

 

Виктор Франкл

 

Тухайлбал, нэмүү өртгийн учир шалтгааны тухай улс төрийн эдийн засгийн ухааны үндсэн асуудлыг нухацтай авч үзвэл үүнийг ойлгохын тулд хөдөлмөрийг хэрхэн ойлгох, хөдөлмөрийг хэрхэн ойлгох нь гарцаагүй хүний тухай асуудлыг авч үзэхэд хүргэнэ. Энд бас хөдөлмөрлөх сэдлийн тухай асуудлыг ч наанадаж авч үзэх хэрэгтэй болно. Хаана ийм маягийн асуудал байна, тэнд бүхэлдээ хүн, түүний сэтгэл зүй байх болно. Тийм учраас улс төрийн эдийн засагч нартай (Адам Смит, Давид Рикардо болон бусад) Марксын хийж байсан бүхий л маргааны уг үндэс нь үнэндээ философи, антрополог, тэр бүү хэл метафизикийн явцуу шинжтэй байсан.

Гэхдээ философийн эдгээр бүх маргаан, тэдгээрийн практик ач холбогдол хүмүүнлэгийн бус хүрээнийхнийг огт ярилгүйгээр олон шалтгаанаар хүмүүнлэгийн өргөн хүрээнийхэнд хүртээмжгүй нь даанч харамсалтай. Хаана нь философи, хаана нь практик байгаа юм бол? Бас тэгээд энэ философийг уншаад эдгээр бүх “номын үг хэллэг” хийгээд бодит амьдрал хоорондын уялдаа холбооны учрыг олох гэж оролдоод үз.

Харин сэтгэл судлалын хувьд бүх зүйл огт өөр. Жирийн хүмүүс ч үүнийг сонирхоно. Бусдыг ойлгох явдал өөрт нь хэрэгтэй гэдгийг тэд бүгдээрээ ойлгодог. Иймэрхүү сонирхол угаасаа ахуйн шинжтэй байдаг, нухацтай, глобал дүгнэлтийг хэн ч хийдэггүй, тиймдээ ч энэ сонирхол зөвхөн ахуйн хэмжээнийх л байдаг. Гэхдээ философиор дамжуулсанаас сэтгэл судлалаар дамжуулж хүмүүнлэгийн өргөн асуудлыг ойлгож мэдрэхэд илүү хялбар дөхөм, тэгээд ч энэ утгаар авч үзвэл Франклын номыг үнэлж баршгүй.

 

Карл Маркс

 

Франкл бол зөвхөн сэтгэл судлаач төдийгүй, юуны өмнө, амьдралын асар хүнд бэрх, маш сонирхолтой зам туулсан эгэл жирийн хүн. Өөрийнхөө арга барилыг тэрээр эсэн мэнд амьд үлдэж чадсан нацистын бөөнөөр хорих газрын (лагерийн) туйлын хүнд хэцүү “практикийн” нөхцөлд ч хөгжүүлсээр ирсэн билээ. Хожим нь тэр хувиараа эмчилгээний ажил эрхэлж дадлага суусан. Чухамдаа өөрийн биеэр амсаж туулсан хатуу ширүүн энэхүү туршлага л түүний судалгаа шинжилгээний бүх ажлын үндэс суурь болж, хий хоосон идеалист хандлагаас сэргийлэн, бид бүхэнд практик ач холбогдлын баталгаа болж чаддаг билээ.

Гол нь байгалийн шалгарал бус харин зорилгодоо хүрэхийн төлөөх хүний хүсэл тэмүүллийн ачаар нацистын бөөнөөр хорих газрын ухаан санаанд багтамгүй хүнд бэрх нөхцлийг өөрөө болон бусад хүн амсаж туулан, амьд мэнд тэсч гарсныг Франкл онцлон тэмдэглэдэг. Энэ л байр сууринаас тэр олноо танил болсон “Маслоугийн пирамид”-ийг төдийгүй мөн юуны өмнө Фрейд, Адлер, Юнг нараар төлөөлүүлэн психоаналитикийн сэтгэл судлалыг ч бас шүүмжилдэг. “Зорилгогүй амьдралын зовлон” номдоо тэрээр “Маслоугийн үзэл бодлоор бол хэрэгцээг дээд, доод хэмээн ангилах бөгөөд гагцхүү доод хэрэгцээ хангагдаж байж дээд хэрэгцээ хангагдахыг нийтээр мэднэ. Зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэл бол “хүний суурь сэдэл” хэмээн Маслоу өөрөө үзсэн дээд хэрэгцээний нэг мөн боловч ер нь хүн “эхлээд бор ходоодоо болгож, дараа нь сэтгэл оюундаа” санаа тавин тав тухтай сайн сайхан аж төрөх үед л амьдралын зорилгын (утга учир) хэрэгцээ хүнд бий болдог. Үүний хамт амьдрал тэсэхийн аргагүй хүнд хэцүү болсон яг тэр цаг мөчид амьдралын зорилгоо ухаарч олж авах хэрэгцээ өөрийн эрхгүй бий болдгийг бид бүгдээрээ, юуны өмнө, сэтгэл мэдрэлийн эмч нар бид өөрсдийн туршлагаасаа мэднэ. Үүнийг үхлийн эдгэшгүй хүнд өвчин туссан өвчтөнүүд, мөн бөөнөөр болон олзны цэргийн хорих газрын хоригдол асан хүмүүс гэрчилж чадна!” хэмээн бичжээ.

 

Абрахам Маслоу

 

Хэдийгээр хүн “эхлээд бор ходоодоо болгож, дараа нь сэтгэл оюундаа” санаа тавьж амьдардаг хэмээн үздэг ч гэсэн зорилгодоо тэмүүлэх хэрэгцээний ач холбогдлыг Маслоу өөрөө ч ойлгодог гэдэгт анхаарал хандуулангаа Франкл Юнгийг шүүмжилж эхэлдэг. Тухайлбал:

“Аналитик сэтгэл судлалыг үндэслэгч Карл Густав Юнгийн тухайд гэвэл бүр ХХ зууны эхээр тэр неврозыг “өөрийнхөө оршихуйн зорилгыг ухаарч чадаагүйн улмаас үүссэн сэтгэлийн зовлон” хэмээн нэрлэхээр шийдсэн гавьяаг түүнд хамааруулж болох л юм. Гэхдээ энэ өгөөшинд хууртаж тал зассанаар аналитик сэтгэл судлал нэвт шингэсэн психологизмын урхинд амархан орж болзошгүй. Аналитик сэтгэл судлалд нууцлагдсан энэхүү далд муу санааг илрүүлсэн анхны судлаач нь Виктор Эмиль фон Гебзаттель байсан. “Христианство и гуманизм” хэмээх номдоо тэр антрополог сэтгэл зүйгээ үүсгэн буй болгохдоо Юнгийн анхааралдаа аваагүй хүний хувийн онцлог шинжийг “сэтгэл судлалын дээрх” шатлалд авч үзэх зүйл (инстанци) хэмээн нэрлэжээ. Гагцхүү юунаас ч үл хамаарах бие даасан ийм инстанци нь шашны үл ухамсарлагдах замбараагүй санаа сэдэл, “зөн билгийн мэдлэгийг” эмхэлж цэгцлэхдээ өөрийн шалгуурт нийцэхийг нь ялгаж авч, үлдсэн үл нийцэхийг хэрэгсэлгүй орхидог ажээ. Юнгийн үзэл баримтлалд “үл ухамсарлагдахуйг” үнэлж цэгнэдэг инстанци гэж байхгүй. Тийм болохоор Бурхны үзэл санааг хүлээж авахад бэлэн байх гэдэг бол итгэл үнэмшлийн асуудал биш болж таарах нь. “Ийнхүү психологизм ойлгомжтой болж байна. Урвууг батална гэдэг бол зааныг нүдэн цэцэг гэж нэрлэсэн хүнийг ургамал зүйч болгож итгүүлэхтэй нэгэн адил биз ээ” хэмээн өөрийн бодол эргэцүүллээ Гебзаттель дүгнэн өндөрлөжээ.

Өөрөөр хэлбэл Франклын дүгнэж байгаагаар Юнг хэдийгээр зорилгоо ухааран олж харах асуудлын бүхий л ач холбогдлыг ойлгодог боловч энэ асуудлыг “сэтгэл судлалын дээрх инстанцтай” хамтад нь авч үзэлгүй зүгээр л гаргуунд гаргаж орхисон ажээ. Эндээс Юнгийн сэтгэл судлал бол хүнийг огт хүсэл зоригийн эрх чөлөөгүй, дээр нь бас христийн соёлтой харшилдаг хэмээн авч үздэг гэсэн дүгнэлт гарч байна.

 

Карл Густав Юнг

 

Мөн иймэрхүү шүүмж зэмлэлийг Франкл психоанализийн урсгалд бүхэлд нь, тэр дотроос юуны өмнө Фрейд, Адлер нарт хандаж гаргасан. Фрейд бүхнийг бэлгийн зөн билигт, харин Адлер давамгайлах эрмэлзэлд үндэслэн бүтээдэг. Гэхдээ тэд, Юнгийн нэг адил хүнийг бүрдүүлж буй болгодог бүхнийг чухал ач холбогдолтой хүчин зүйл хэмээн авч үзэхээс татгалздаг. Чухам үүнд л Франклын идеалист бус, харин шинжлэх ухааны гол санаархал мөчөөрхөл оршдог. Мөн чанартаа психоанализ хүнтэй ажиллахаас татгалзаж, оронд нь харин өөр ямар нэг зүйлийг чухалд үздэг.

Сэтгэл судлалын бусад дэг сургуультай мэтгэлцэж зөрөлдөхийн үндэс нь хүнийг өөрөөр төсөөлж үздэгт оршдог тухайгаа Франкл ил шууд хэлдэг бөгөөд чухам үүнээс л бусад бүх зүйл ургаж гардаг. Ер нь хүний тухай аливаа төсөөллийн үндэс чухамдаа философийн шинжтэй байдаг. Сэтгэл зүйч Уильсон ван Дузеныг эшлэнгээ Франкл “Аливаа сэтгэл заслын эмчилгээний арга зүйн үндэс нь тодорхой нэгэн философи байдаг, гэхдээ экзистенциал задлан шинжилгээний урсгалыг баримтлагчид шиг өөрсдийн философийн зарчмыг ил тод илэрхийлдэг нь харин ховор юм” хэмээн Уильсон ван Дузен өгүүлжээ. Аливаа сэтгэл заслын эмчилгээний арга зүй онцгой антрополог үзэл баримтлалд суурилдаг нь үнэхээр тийм. Психоанализ ч мөн ялгаагүй” гэж бичжээ.

Психоаналитикийн чиг хандлагыг баримтлагчид зүгээр л өөрсдийн философ үндэслэлийг цэвэр нуун дарагдуулж байна хэмээн Франкл хэлдэг. Энэ нь уг чиг хандлагыг практикт хэрэглэж байгаа аргад нь тусдаг. Тухайлбал:

“Аналитик чиг хандлагыг баримтлагч бол үйлчлүүлэгчтэй энгийн, хүн ёсоор шууд харилцахаас аль болохоор дөлж зайлсхийдэг, тэгэхээр үйлчлүүлэгчийн хувийн шинжийг харгалздаггүй үзэл баримтлалыг удирдамж болгож байна гэсэн үг. Психоаналитик хүн ёс суртахууны үнэлгээ хийхээс түдгэлздэг. Ёс суртахууны үнэлгээ хийхээс түдгэлзэхэд бэлэн байна гэдэг бол өөрөө ёс суртахууны тодорхой үнэлгээ биш гэж үү”.

 

Зигмунд Фрейд

 

Ийнхүү хүнтэй холбоотой асуудлыг “хашилтаас гаргаснаар” эрдэм шинжилгээний үр дүн үнэн зөв гарахгүй. Нөгөөтэйгүүр, “хүний хувийн шинж” бол практик дээр бэлгийн зөн (Фрейд), давамгайлах эрмэлзэл (Адлер), эсвэл сэтгэцийн хэв шинжийн онолын тусламжтайгаар тодорхойлсон үл ухамсарлахуйн бүтэц (Юнг) зэргийн алинаас нь ч дутахааргүй хүчтэй.

“Миний бодлоор, психозын үед ч хүн хүсэл зоригийн тодорхой хэмжээний эрх чөлөөгөө хадгалж байдаг. Тэр бүү хэл, эндогений депрессээр шаналж байгаа хүн депрессийг ялж гарах чадвартай” хэмээн Франкл нотолдог.

Өөрөөр хэлбэл, бие хүний хүсэл зориг бол психоз болон эндогений депрессээс ч илүү хүчтэй байж болно! Франкл энэхүү тайлбартаа үндэслэн өөрийнхөө анагаахын эрдэм шинжилгээний гол дүгнэлтээ дараах байдлаар томьёолдог. Тухайлбал, тэрээр “Мэдээж, өвчтөний бие хүн чанарыг психозын битүү харанхуй мананг нэвтлэн олж харах боломж эмчид тэр бүрий гарахгүй. Гэлээ ч гэсэн сэтгэл мэдрэлийн эмч хүн бол психозоор өвдсөн өвчтөнүүд ч гэсэн өөрийн оюун санааны хувийн шинжээ хадгалдаг гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг байх ёстой гэж үздэг миний өөрийн үзэл онол шударга зөв гэдгийг эмчийн ажил эрхэлж байсан туршлага минь надад гуйвалтгүй итгэл үнэмшил төрүүлдэг юм” гэжээ.

 

Альфред Адлер

 

Үл ухамсарлахуй, бэлгийн зөн хүсэл, сэтгэцийн хямрал болон бусад олон зүйл хүний бие хүн чанарыг ялан дийлж болохыг Франкл ойлгож байгаа нь мэдээж. Гэхдээ зөвхөн хүний төдийгүй мөн нийт хүн төрөлхтний зовлонг тэсч дааж гарах чадварын баталгаа нь дотоод, гадаад нөхцөл байдлыг сөрөн зогсох чадвартай хосолсон чухамхүү хүний бие хүн чанарын хүч чадал юм хэмээн Франкл үздэг. Тэрээр:

“Өөрийнхөө амьдралын зорилгыг олж хараагүй хүн аз жаргалгүй байгаад зогсохгүй бас амьдрах ч чадваргүй байх болов уу гэж Эйнштейн нэгэнтээ хэлсэн байдаг. Үнэхээр, зорилгодоо хүрэхийн төлөө хүсч тэмүүлнэ гэдэг бол америкийн сэтгэл зүйчдийн нэрлэснээр “амьд мэнд тэсч гарах хүчин зүйл” гэсэнтэй ямар нэг хэмжээгээр адил тэнцүү юм. Освенцим, Дахауд байхдаа миний олж авсан нэн чухал сургамжийн нэг нь ирээдүй рүү тэмүүлж, өөрийнхөө авьяас чадварт итгэж, санаа бодлоо биелүүлж хэрэгжүүлэхийг мөрөөддөг хэн боловч хүний ёсноос гадуур нөхцөл байдлыг ч тэсч давж гарах чадвартай гэдэгт оршдог юм. Америкийн сэтгэл мэдрэлийн эмч нар ч мөн япон, хойд вьетнам, хойд солонгосын цэргийн хорих лагерьт хоригдож байсан хоригдлуудтай ажиллах үеэрээ үүнд итгэж үнэмшсэн билээ. Хэн нэгэн тусгаар хүний амьдралд нөлөөлж байгаа зүйл нийт хүн төрөлхтний амьдралд нөлөөлдөггүй гэж үү? Нэгэнт бид дэлхий дахины энх тайван байдлыг хадгалах сэдвийг хөндсөн болохоор,  хэрвээ бид нийт хүн төрөлхтний хүсэл зорилгодоо хүрэх тэмүүлэлд хүчин чармайлтаа нэгтгэж чадах нөхцөлд л хүн төрөлхтөн сая зовлон дааж, эсэн мэнд гарч чадах юм биш үү гэсэн асуулт тавих нь зүйд нийцэх биш үү?” хэмээн бичжээ.

Зовлон дааж, эсэн мэнд гарч чадах боломж олж авахын тулд хүн төрөлхтөн зорилгоо хаанаас хутгаж авч болох вэ?

Цаазын ялаар шийтгүүлсэн хоригдолтой ярилцаж, өөрийнхөө чиг хандлагаа хэрэглэсэн жишээгээр Франкл номоо төгсгөжээ. Тухайлбал:

“Намайг Митчелд (яллагдагч, зохиогчийн тайлбар) юуны тухай ярьсан гэж та бодож байна? Би түүнд Толстойн “Иван Ильичийн үхэл” туужийг ярьж өгсөн юм. Огт утга учиргүй амьдарснаа амьсгал хураахынхаа өмнө ухаарч байгаа хүний тухай энэ туужид өгүүлдэгийг та мэдэх байх. Ингэж сэхээрсний ачаар уг хүн өөрөөсөө дээш асар өндөрт гарч, огт утга учиргүй юм шиг байсан амьдралыг утга агуулгаар дүүргэж чадсан билээ”.

Одоохондоо олон хүн, тэгэхдээ бүр өөрсдөө тэд үл ухамсарласан философийн үндэслэлээс ургуулан, хүнд хэцүү нөхцөл байдлаас амьд мэнд тэсч гарахад амьд явах зөн билиг л гагцхүү туслана хэмээн горьдож найддаг, тэгвэл зөн билиг, үл ухамсарлахуйн алинд ч горьдож найдах хэрэггүй, харин хүний бие хүн чанарт л найдах хэрэгтэй хэмээн Франкл өгүүлж байна. Бие хүний хүч чадлыг утга агуулгатай болгохыг харин соёл л бэлэг болгон барьж чадна.

 

Лев Толстой

 

Франкл өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал, шинжлэх ухаан, соёлын асар арвин баялаг туршлагаа ашиглан хоригдолтой ярилцахдаа мэргэжлийн хүний хувиар бус, харин хүн хүнээ гэх сэтгэлээр хандсаны үрээр цаазын ял шийтгүүлсэн хүн амьдралынхаа эцсийн мөчид зорилгоо ухаарч ойлгожээ. Хүнд зорилгоо ухаарч ойлгоход нь туслах явдал бол бие хүнийг эрхэмд үзэх чиг хандлагыг номлодог логотерапийн сэтгэл заслын эмчилгээний арга барилын гол зорилт бөгөөд тийнхүү тэрээр шинжлэх ухааны арга гэхээсээ илүү харин хүнд хамаатай бүхнийг хөнддөгөөрөө урлаг болж хувирч байна.

“Ном бол хамгийн эгэл жирийн хүнийг ч хэрхэн амьдарч аж төрөх, хэрхэн өөд болох нь зөв зүйтэй талаар сургаж болдгийн тод томруун жишээ энэ байна. Тийм болохоор нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа зохиолч хүн ямартай ч умартах ёсгүй.

Үг хэлэх эрх чөлөөний зарчмыг бид үг дуугүй дагаж мөрдөн, өмгөөлж хамгаалах ёстой гэж надад зааж зааварлах хэрэггүй. Ганцхан нэмэлт тайлбартайгаар би өөрөө ч үг хэлэх эрх чөлөөний төлөө явдаг хүн. Эрх чөлөө дангаараа хангалтгүй. Эрх чөлөө хариуцлагагүй бол зоргоороо авирлахад хүргэнэ. Чухам ийм болохоор би америк оюутнууддаа хандаж Эрх чөлөөний Баримал хөшөөний дэргэд Хариуцлагын Баримал хөшөө босговол тун зөв байх сан гэж байнга хэлж захидаг юм”  гэсэн санаагаар Франкл номоо өндөрлөжээ.

Соёл бол дан ганц “эрх чөлөө” төдийгүй, бас хүн төрөлхтнийг авран хамгаалах, зовлон дааж, амьд мэнд оршин үлдэх хүчин зүйл болж чадна гэдгийг энэ үг мөн чанартаа сануулан байна.

Данила Уськов  /regnum.ru/

Орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ

Эх сурвалж: www.polit.mn

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

1 цаг 32 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

1 цаг 56 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

1 цаг 56 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

1 цаг 57 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

3 цаг 9 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

3 цаг 43 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

4 цаг 5 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

4 цаг 26 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

4 цаг 43 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

4 цаг 59 мин