Т.Билэгсайхан: Дарьгангад мерит зарчим хэрэгжиж байсан

2020-02-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Т.Билэгсайхантай ярилцлаа.   -Та “Дарьганга уулын хошууны хүн амын бүртгэл” гэсэн ном  хэвлүүлжээ. Хэдийнээс судалгаа хийж  эхлэв? -Дарьганга судлалаар 11 дэх жилдээ ажиллаж  байна. Судалгааны ажил маань үндсэн хоёр чиглэлтэй. Нэгдүгээрт, Дарьгангын түүхийг Монгол Улсад хадгалагдаж буй архивын баримтанд тулгуурлан тодруулахыг зорьсон. 2015 онд “Дарьганга түүхийн тойм” нэг сэдэвт зохиол хэвлүүлсэн. Хоёрдугаарт, Дарьгангын орчин үеийн асуудлыг 2011-2017 оны хооронд явуулсан 14 сарын суурин судалгааны  дүнд тулгуурлан хүн судлалын үүднээс авч үзэж 2019 оны хавар БНПУ-ын Варшавын их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Судалгааны ажлын хүрээнд нэлээд хэдэн өгүүллийг гадаад, дотоодын мэргэж­лийн сэтгүүлүүдэд хэвлүүл­сэн. Мөн гурван өгүүлэл редакцийн зөвлөлөөс зөв­шөөр­сөн хариу авч хэвлэгдэх шатандаа явж байна. Олон нийтэд зориул­сан “Дарьганга уулын хошууны хүн амын бүртгэл” номыг саяхан хэвлүүлсэн. Учир нь өвөг дээдсийнхээ талаар тодруулах хүсэлтэй хүмүүс надад ихээхэн ханддаг. Тэдэнд гарын авлага болохуйц бүтээл болсон гэж бодож байна. -Дарьганга ястны тухай хэр тодруулав? -Дарьгангыг зарим судлаачид бие даасан ястан буюу угсаатны бүлэг гэдэг бол зарим  нь ястан болох замдаа явж буй халхын салбар гэж үздэг. Цахарын салбар гэж үзэх нь ч бий. Миний хувьд ястан буюу угсаатанчлалын үүднээс асуудалд хандах нь учир дутагдалтай гэж үздэг. Иймээс  арай өөр өнцгөөс буюу нутгийн онцлог гэдэг талаас нь авч үзсэн. Монгол дахь энэ олон угсаатны бүлгүүдийг тэдний нутгийн онцлог буюу амьдарч ирсэн хүрээлэн буй орчин, харьяалагдаж байсан засаг захиргаатай нь холбож үзэх хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсад монгол, казах гэх хоёр угсаатан байна. Бусад олон угсаатны бүлгүүд гэж нэрлэгддэг хүмүүс маань бүгдээрээ л монголчууд бөгөөд тэднийг тэгж хуваах шаардлагагүй. Харин тэднийг нутгийн онцлогоос үүссэн багавтар соёлын зөрүүтэй нийтлэгүүд гэж  болох юм. Жишээлбэл Чин улсын үед 200 гаруй жил хааны төмөр сүргийг хариулж хатуу захиргаанд тусгаарлагдмал оршиж ирсэн дарьгангачуудын ухамсар ХХ зууны эхэн гэхэд нэгэнт төлөвшсөн байжээ. Тиймээс дарьганга хүн гэж өөрийгөө ухамсарлаж, шууд тэгж нэрлэж буй тохиолдол архивын баримтад хэд хэд гарч байна. Үүнээс үзэхэд дарьганга нь халх зэрэг бусад нутгийнхантай адил бие даасан тусгай бүлэг гэж болно. -Манжийн хааны төмөр сүрэг хэдийд үүсч, ямар зохион байгуулалттай байсан бэ? -Албан бичигт “Дээдийн адууны Дарьганга дахь сүрэг” хэмээх тусгай сүрэгчин захиргаа нь монголчуудын түүхийн хамгийн ээдрээтэй цаг үед бүрэлдэн тогтсон. Түүхийн сурвалжид тэмдэглэгдсэнээр Халхад орж ирээд байсан Галдан бошигтийн хүчийг дарах зорилгоор Манж Чин улсын хаан Канси 1696 онд Монголын нутагт цэрэг удирдан ирэхдээ Халхын нэгэн засаг ноён Цэрэнжавыг Дарьгангад буй Манжийн цэргийн агтыг адгуулах газрыг захируулахаар томилсон байдаг. Сүрэг малын эхийг Халхаас татаж байгуулсан бөгөөд түүнийг хариулах ардуудыг Цахараас гол төлөв татаж авчирсан тухай  архивын мэдээнүүд байдаг. Чин улсын ноёрхлын үед Халхын дөрвөн аймагт өсгөж байсан үржил сүргээс жил бүр татварлан авах малыг Дарьгангад хүргүүлж байв. Энэ үед Дарьгангад хоёр тусгай захиргаа оршиж байсан. Чин улсын Дарьганга дахь морь, тэмээн сүргийн бүгдийн тэргүүн захиргаа нь зүүн, баруун гар адуу, тэмээ хэмээх дөрвөн гараас бүрдэнэ. Үүнээс гадна Дарьганга дахь үхэр, хонин сүргийн нийтийн тэргүүний захиргаа гэж тусдаа оршиж байсан. Харин тус нийтийн тэргүүний захиргаа нь XIX  зууны хагаст өөрчлөгдөж, үхэр сүрэг нь Цахар дахь үржил сүрэгт нэгдэж, зүүн, баруун гар хоньчин нь нэг гар болж Дарьганга дахь бүгдийн тэргүүний захиргаанд нэгдсэнээр Дарьганга дахь гурван сүрэг адгуулах таван гар хэмээн нэрийдэх болсон. Энэхүү таван гарын сүрэгт 22 мянган адуу, таван мянган  тэмээ, 88 мянган  хонь адгуулж байсан бөгөөд жил бүр Шанду дахь үржил сүрэгт найман зуун  адуу, гурван зуун  тэмээ, дөрвөн мянган  ирэг/хонь/  нийлүүлж байсан. Сүүлдээ Дарьгангаас нийлүүлэх ирэг хонины алба нэмэгдэн долоон мянга  гаруй тоо толгойд хүрэх болсон. Тиймээс ч судлаачид Чин улсын үед залгуулж байсан Дарьганга сүргийн албыг хүнд алба гэдэг. [caption id="attachment_79383" align="aligncenter" width="850"] Сүхбаатар аймгийн Дарьганга суманд судалгааны ажлын үеэр. 2011 он[/caption] -Дарьгангыг олон газ­рын хүмүүсийн бүрдэл гэх ойлголт түгээмэл бай­даг. Зарим нь Галдан бошигтын цэргүүдээс тус нутагт үлдэж хоцорсон гэж ярьж, бичдэг. Дарьгангад газар газрын монголчууд цуг­ла­сан гэж ойлгож  болох уу? -Судлаачдын дунд ч ийм хандлага өнөө хүртэл давамгайлж ирсэн. Харин бидний явуулсан судалгааны дүнд энэ асуудал тодорхой болж байгаа. Архивын баримтаас үзэхэд анх Дарьгангад очсон Цэрэнжав ноён удалгүй өөрийн хошуундаа албатаа авч буцаж ирсэн байдаг. Зарим  домгийг эс тооцвол Халхаас болон Баруун Монголоос хүмүүсийг шууд Дарьгангад аваачсан гэх мэдээ сурвалж  алга. Харин Цахараас хүмүүсийг бүрдүүлсэн тухай баримт  мэдээ нэлээд байна. Гэхдээ тэдгээр Цахараас татан авчирсан хүмүүсийн бүрэлдэхүүн нь их өвөрмөц. Учир нь 1675 онд Лигдэн хааны ач хүү Бүрни вангийн удирдсан Чин улсыг эсэргүүцсэн Өвөрмонголчуудын бослого дарагдаж цахаруудыг нутгаас нь нүүлгэж олон хэсэг тархаан суурьшуулсан. Иймд  Галдангийн довтолгооны үед халхууд, мөн хожим Зүүн гарын хаант улсын дотоодын зөрчилдөөний үед Ойрадын зарим ноёд Цахарын уугуул нутагт очиж суурьшсан. Тэрхүү Цахар нутагт цугларсан эрээвэр хүмүүсээс хожим Дарьгангад шилжүүлэн суулгасан гэж болно. Тухайлбал, Хотгойдын захирагч Шолой Убашийн удмын хүн Галдан бошигтыг Халхад орж ирэх үед нутгаас дүрвэж Цахарт очиж суурьшиж байгаад хожим Дарьгангад ирсэн тухай архивын мэдээ бий. -Дарьгангыг шилийн сайн эрсийн түүхээр монголчууд  сайн  мэддэг. Тэд ямархуу хүмүүс байв? -Дарьгангад яагаад тийм олон шилийн эрс газар газраас цугларав гэвэл  тухайн үед мөрдөгдөж байсан дүрэмтэй холбоо­той. Учир нь эзэн хааны сүргийг  хариулсан сүр­гийн захиргааны нутагт хулгайг мөрдөж яваа бусад хошууны албаны хүмүүст ч гэсэн улаа залгуулахыг хориглодог байсан. Иймд Дарьгангын сүрэгчин за­хир­гаанаас төдийгүй түү­нийг тойрсон Халх болон Өвөрмонголын олон хо­шуу­ны хулгайч нар нийлж засгийн хошуудаас дээрэм хийгээд Дарьгангад ирж орогнох болсон. Түүхэн баримтаас үзэхэд зарим тохиолдолд Дарьгангад буй тэдгээр эрчүүд 50 орчим тоонд хүрч буу, шийдмээр зэвсэглэсэн тохиолдол ч бий. Тэд голдуу зам зуур явж байгаа хятад худалдаачид болон заримдаа монгол ноёдын хөсгийг тонодог байсан. Харамсалтай нь тэдэнд дээрэмдүүлсэн хүмүүсийн нөхөн төлбөрийг тэдгээр эрчүүдийн уугуул захиргаа нь төлөх өрд унаж байсан. Тухайлбал, Торой бандийн хулгайлсан эд зүйлс дээр нэмээд Их хүрээнд хар гэрт хоригдож байсан үед түүний хэрэглэсэн болон харгалзагч хуягуудын зардлыг Дарьгангаас нэхэмжилсэн бичгүүд архивт олонтоо хадгалагдаж байна. Үүнээс үзэхэд зорилго нь аргаа зөвтгөхгүй гэдгийг тэдгээр эрчүүдийн үйл ажиллагаанаас харж болохоор байгаа юм. -Монголчууд Чин ул­саас салж тусгаар тогт­нолоо сэргээсний дараа дарьгангачуудын хувь заяа хаашаа эргэсэн бэ? -Тусгаар тогтнолоо сэргээх үйл ажиллагааг дарьгангачууд анхнаасаа дэмжиж оролцсон. Дарьгангын бүгдийн тэргүүн Содномдовдон өөрийн хөвгүүн Цэвэгжавыг Их хүрээнд илгээн Богдыг хаан ширээнд залах ёслолд оролцуулж дарьгангачууд тулгар төрд нэгдэж буйгаа илэрхийлсэн байдаг. Иймд, Богд хаан Содномдовдонд улсын түшээ гүнгийн хэргэм өгч, үе улиран захирах засаг болгож, Дарьгангыг Сэцэн хан аймагт харьяалуулах болсон. Бусад халхын хошуудтай адил болгосон энэхүү өөрчлөлтийг Дарьганга дахь бусад тэргүүлэгчид тухайлбал таван гарын дарга нар шууд эсэргүүцсэн. Иймд  Дарьгангын хуучин сүргийн захиргааг хэвээр хадгалан  Дотоод яамны харьяанд захируулах болсон. Энд онцлоход Хаант Монгол улсын үед Дарьгангын нэг гарыг Халхын нэг хошуутай адилтгаж байсан түүхтэй. Иймээс Дарьгангын таван хошуу гэсэн нэрийдэл тухайн үед хэрэглэгдэж байсан. Харин 1915 оны Хиагтад болсон “Гурван улсын гэрээ”-ний дараа Дарьгангад эмх замбараагүй байдал хэсэг үргэлжилж, нэлээд тооны хүн  урагш Цахар мянганы нутагт, хойш Халхын хошуудад ирж суурьших  болсон. Энэ үед Дарьгангын цэргийн хороон дарга байхдаа 1913 онд Өвөрмонголын чөлөөлөх таван замын цэрэгт багтаж, гарамгай үүргээ гүйцэтгэсэн гэж Богд хаанаас сайшаагдаж байсан Цэрэнтогтох тэргүүтэй хүмүүс Нийслэл хүрээнд ирж Их шавьд орсон нь ч бий. 1921 оны хувьсгалын  дараа Ардын засгийн газрын шинэчлэлтэй холбоотой Дарьгангын сүрэгчин системийг халах үйл ажиллагааг шат дараатай хийсэн байдаг. Орон нутгаас ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч  байсан хэдий ч 1925 он гэхэд Дарьгангын таван гарыг тарааж 18 жижиг сум болгож, Дарьгангын сүрэгчин захиргааг өөрчлөн Дарьганга уулын хошуу болгосон. Дарьгангачууд 1929 он хүртэл Дотоод яамнаа урьдын адил харьяалуулж байсан ч 1929 оноос Хан-Хэнтий уулын аймаг, 1931 онд Дорнод аймагт багтаж зургаан суманд оршин суух болсон. Үүний дараа 1942 онд байгуулагдсан Жавхлант Шарга буюу өнөөгийн Сүхбаатар аймгийн урд талын сумдад дарьгангачууд оршин сууж байна. -Дарьгангыг удирдаж байсан түүхэн хүмүүсийн тухай мэдээлэл бага байдаг. Иймээс хүмүүс ихэвчлэн нэрт зохиолч Д.Маам агсны “Газар шороо” романд  гардгаар төсөөлдөг. Та тэднийг тодруулж судлав уу? -Юуны өмнө  Дарьганга нутгаас төрж гарсан нэрт зохиолч, доктор Д.Маам агсны “Газар шороо” гурамсан роман нь Дарьгангын түүхийг уран зохиолын аргаар олон нийтэд гайхалтайгаар таниулсан бүтээл гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Зохиолч маань Дан буюу Буяндэлгэр амбаны албат байсан ой сайтай нэгэн настангаас номын ихэнх мэдээллээ авсан гэдэг. Гэхдээ  үүнээс болсон уу, эсвэл тухайн ном бичигдэх цаг үеийн үзэл суртлаас үүдэлтэй юу Дарьгангын тэргүүлэгчдийн тухай нэлээд хэдэн  ташаа мэдээлэл байдаг. Тухайлбал, Дан амбаны нэг өрсөлдөгч, тус бүтээлд сөрөг дүрээр  гардаг Содномдовдон бол Дундад иргэн улсын дарамтыг үл харгалзан насан эцэслэтэл  нэгдмэл Монгол Улсын төлөө байсан зүтгэлтэн. Мөн бүтээлд гардаг Уулын Ду ноён буюу Баруун гар адуун сүргийн дарга Дугарсүрэн гэхэд тухайн хил орчмын нөхцөл байдал ээдрээтэй цаг үед Зүүн өмнөд хязгаарыг төвшитгөн тогтоох цэрэгт үлэмж тооны адуу хувиасаа нийлүүлж тус хүргэсэн тул цол хэргэм шагнуулж байсан нэгэн байдаг. Эдгээр хүмүүсээс жаахан урагшилвал Орлойн цагаан амбан буюу бүгдийн тэргүүн гэж ихээхэн нэртэй хүн Дарьгангад XIX зууны хоёрдугаар хагаст амьдарч байсан. Тэр бол Тэмээчин гарын дарга байж байгаад бүгдийн тэргүүнд томилогдож шударгыг барьж ажилласан Донров гэгч хүн болох нь баримтаас хөөхөд мэдэгдэж байгаа юм. Гэвч  сайн эрсийн тухай цуврал бүтээл гаргасан манай нэг нэртэй зохиолч түүнийг шилийн сайн эр болоод хулгай хийж давхиж байснаа нас жаахан яваад ирэхээр амбан болсон гэж тусгайлан тууж бичсэн нь бий. Гэтэл  бодит байдалд Чин улсын хааны төмөр сүргийг адгуулж байсан Дарьгангад мерит зарчим маш хатуу үйлчилж байсан. Бүгдийн тэргүүний ор гарахад таван гарын дарга нараас нэг нь дэвшиж байсан. Гарын даргын ор гарахад тус гарын дэд даргаар ажиллаж байсан хүн болох, дэд даргын орон гарахад гарын жинхэнэ бичээчээр ажиллаж байсан хүн дэвших ёс тогтсон байсан. Тэдгээр дарга нар нь эрдэм мэдлэгтэй байх үндсэн шалгууртай бөгөөд түүний нэгэн шаардлага гэхэд л манж, монгол, хятад бичгийн боловсролтой байх ёстой байв. Энэхүү шатлан дэвших зарчмаар л Донров дэвшсээр бүгдийн тэргүүн болсноос биш хулгай хийж давхиж байгаад гэнэт дэвшээд явсан юм байхгүй. Ер нь одоо үеийнхээрээ сэтгээд түүхийг төсөөлбөл ташааралд хүргэж буйг энэ мэт цөөнгүй түүхэн уран зохиолын бүтээлүүдээс харж болохоор байна. -Дарьгангын тухай ярихад зайлшгүй асуух ёстой зүйл бол  Дарь­гангын мөнгөн урлал, уран дархчуул, дээр нь хурдан хүлгүүд юм. Энэ талаар мэдээ сурвалж байх юм уу? -Энэ хоёрын үүсэл нь Дарьганга сүрэгчинтэй холбоотой болов уу. Хоёр гарын сүрэгт тусгайлан үржүүлж байсан нь адууны сайн үүлдэр бий болох хүчин зүйлс болсон. Үүнээс гадна унтарсан галт уулсаар дүүрсэн Дарьгангын байгаль экологи  их өвөрмөц. Иймд Сүхбаатар аймгийн адууны идэж буй өвс ургамлын бүтэц нь тэр зүгийн хүлгүүдийн хурдтай байхад их нөлөөтэй санагддаг. Үүн дээр мэдээж уяа сойлгыг тааруулах уяачдын хөдөлмөрийг үнэлэх нь зүйтэй. Хоёрдугаарт, дарьганга дархчуул тусгайлан судлагдахуун болоод явж байна. Миний ажигласнаар дарьганга хийцийн эд зүйлс дахин давтагдашгүй. Өөрөөр хэлбэл, дархан болгоны хийц өөр байдаг. Нийтлэг тал нь гэвэл хийцэндээ хөдөлгөөн их оруулсан байдаг нь Монгол дахь бусад алдартай хийцээс ялгардаг. Мөн мөнгө их хэрэглэж байсан нь иргэд цалингаа мөнгөөр авч байсантай холбоотой. Үүнээс гадна гар урлалын зүйлсээ Чуулалт хаалган зэрэг газруудад арилжаалах боломж бусдаас их байсан нь тус газар дарханы урлал хөгжих эдийн засгийн хөшүүрэг  болсон байх талтай. -Дарьгангачууд Алтан Дарь овоогоо тахиж шү­тэж, хүнд хэцүү цагт дуудаж залбирч ирсэн. Алтан-Овоог тахиж шүтэх хийгээд оройд нь эмэгтэй хүн гарга­­даггүй хатуу дэг жаяг юутай холбоотой юм бол? -Энэ бол онолын ихээ­хэн маргаантай асуу­дал. Энгийн үгээр тайлбарлавал, нүүдэлчдийн газар нутаг нь өрнөдийн зарим судлаачдын үзэж байгаа шиг нэгэн хэвийн үргэлжлэх эзэнгүй талбар биш юм. Монголчуудын байгаль дэлхийгээ амьдчилж үздэгээс үүдэн ивээлт шүтээнээс эхлээд аюултай догшин хүртэл олон хэлбэрт газар нутаг оршиж байдаг. Тэдний нэг томоохон төлөөлөл нь монгол төрийн их тахилгат, дарьгангачуудын гол шүтээн Алтан Дарь овоо юм. Монголын уул овоо тахих түүхэн сурвалжид тэмдэглэгдсэнээр хаан овоо байгуулах газрын шинж нь Дарь уулын байрлалтай үндсэндээ тохирч байдаг.  Мөн тус хайрханд хандаж буй дарьгангачуудын хандлага нь XVI зууны сүүлийн хагаст энэ бүс нутгийн захирагч байсан Дарь ноёнтой ямар нэгэн сэжмээр холбогдоод байдаг. Түүхэнд тэмдэглэгдсэнээр Халхын Гэрсэнз Жалайр хунтайжийн V хөвгүүн Дарь ноён Хатигин, Хөхүйд хоёр отгийг захирах болсон. Түүний эзэмшил нь эдүгээгийн Дарьганга орчмийн бүс нутагт байсан. Дарь ноён нь үр хүүхэдгүй тул эзэмшил нутаг нь түүний ах Амин дуралын эзэмшилтэй нэгдэж Сэцэн хан аймгийн эхлэл болсон түүхтэй. Гэвч түүнд зориулсан Дарь овоо нь нутгийн ардуудын дунд үе уламжлан шүтэгдсээр үлдсэн байна. Хураангуйлан үзвэл, Дарь ноёны албатууд эзнийхээ тахилгад зориулж Дарь овоог босгосон бөгөөд энэ нь Чин улсын үе хүрч Дарьганга сүрэгчний гол тахилгат овоо болон үргэлжилсэн. Цаашлаад Дарь овоог Богд хаан 1913 онд зарлиг гаргаж Монгол төрийн тахилгат уул болгон өргөмжилсөн. Английн болон Оросын зарим антропологчдийн судалгаагаар Монгол, Өвөрмонгол, Буриадад нутгийн гол шүтээн уулаа хаад, ноёд, гарамгай жанждад зориулсан бөгөөд тэдгээр нь мөнөөх эзний нэрээр нь нэрлэгдсэн байна. Тэгэхдээ тэрхүү овооныхоо жинхэнэ нэрийг цээрлэж гол овоо, хошуу овоо, жанжин овоо гэх мэтээр ерөнхийдөө нэрлэдэг. Үүний нэгэн адилаар Дарь овоог Алтан овоо гэж нэрлэх нь түгээмэл байдаг. Энэ мэт нутгийн эзэн овоонуудад хүмүүс гарах нь хориотой байдаг. Тийм ч үүднээс Дарь овооны оройд хүмүүс гардаггүй бөгөөд  бэлээр нь эмэгтэйчүүд түүнээс арай дээхнүүр хар ардууд, уулын дунд биеэр сүргийн томоохон тэргүүлэгчид болон лам нар гороолдог тогтсон уламжлал байсан. Харин 1990 онд сүсэг бишрэл чөлөөтэй болсноор эрчүүд бүгд Алтан овооны оройд гарахыг эрмэлзэх болсон. Гэвч эмэгтэйчүүд урьдын адил тус овоонд гарах хорио цээртэй хэвээр үлдсэн. Энэ нь Дотоод Азийн ард түмнүүдийн дунд түгээмэл тархсан аливаа их тахилгатай уул овоодод эмэгтэйчүүдийг гарахыг хориглодог Буддизмийн ёстой холбоотой болов уу. Харин сүүлийн үед хүмүүс хавтрайруулан эмэгтэйчүүдийг овоо болгонд гарахыг хориглож туйлшруулах хандлага ажиглагдаж байна. -Та одоо Дарьгангын ямар асуудлыг судалж байна? -Би Архивын ерөнхий газарт архивч, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байхдаа Дарьгангын тухай нэлээдгүй баримтуудыг кирил үсэгт буулгасан юм. Одоо тэдгээр баримтуудаа цэгцэлж ахисан түвшний архив зүйн судалгаа буюу баримтыг баримтаар нь тайлбарласан ном гаргах бодолтой байгаа. Дарьгангын түүхийг тодруулахад нэн чухал энэ бүтээлээ Сүхбаатар аймгийн ИТХ-ын дэмжлэгтэйгээр тун удахгүй олны хүртээл болгохоор ажиллаж байна. Энэ номд XVIII зууны үеэс XX зууны эхэн хагаст холбогдох Дарьгангын бүхий л асуудлыг хөндсөн баримтуудаас түүвэрлэн  оруулах юм. Ойрын жилүүдэд хийхээр төлөвлөж буй эхний ажил бол докторын дипломоо номын хэлбэрт оруулж хэвлүүлэх. Мөн Дарьгангын аман түүхийн судалгааг сонирхож байна. Үүнээс гадна хилийн чанадад буй Дарьгангын түүхэнд холбогдох баримтыг сурвалжлах. Эдгээр судалгаануудыг шат дараалалтай хийгээд явах боломжтой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.7  БААСАН  № 26 (6251)
Дарьганга судлаач доктор Т. Билэгсайханд баярлалаа. Судалгааны ажилд нь их амжилт хүсье
Судалгааны ажилд нь амжилт хүсье!
Б.Жавхлан: Хүн солигдож болно, гэхдээ 14 мега төслийн нэг нь ч зогсох ёсгүй

Б.Жавхлан: Хүн солигдож болно, гэхдээ 14 мега төслийн нэг нь ч зогсох ёсгүй

11 цаг 11 мин
Д.Амарбаясгалан: Ирэх долоо хоногт чуулган таван өдөр хуралдана

Д.Амарбаясгалан: Ирэх долоо хоногт чуулган таван өдөр хуралдана

11 цаг 28 мин
Э.Бат-Үүл АН-ыг сүүдрийн Засгийн газар байгуулах санал гаргажээ

Э.Бат-Үүл АН-ыг сүүдрийн Засгийн газар байгуулах санал гаргажээ

13 цаг 14 мин
Т.Мөнхсайхан: Намайг сайдын суудлаа өг гэвэл өгнө

Т.Мөнхсайхан: Намайг сайдын суудлаа өг гэвэл өгнө

13 цаг 18 мин
Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо яригдаж эхлээгүй байна

Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо яригдаж эхлээгүй байна

13 цаг 23 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилжээ

13 цаг 28 мин
“Шатар өрөөстэй айлд муу зүйл ойртдоггүй”

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл дизайны сургуулийн багш, монгол уран дарханы өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч “Дуут урлан”-гийн менежер П.Нямдуламыг урилаа.

20 цаг 37 мин
Хуулийн төсөл: Цусны донорыг сурталчилна, харин эрхтэн, эд эсийн донорыг сурталчлахыг хориглоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт 57 хувийн ирцтэйгээр эхэллээ. 

20 цаг 37 мин
Л.Гантөмөр намын даргын албан тушаалаа өгөхөө мэдэгдлээ

Л.Гантөмөр намын даргын албан тушаалаа өгөхөө мэдэгдлээ

Уржигдар 13 цаг 44 мин