Т.БАТСАЙХАН
Өнгөрсөн нэгдүгээр сар Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төр, эрүүл мэндийн салбарт нэлээд үйл явдал өрнөсөн сар байлаа. Үүнээс 10 үйл явдлыг онцлон тоймлон хүргэж байна.
- Ахмадын тэтгэврийн зээл тэглэх

Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдохтой зэрэгцэн ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх болсноо олон нийтэд зарлав. Ингэж олон хүнийг зээлээс чөлөөлсөн нь Монголын түүхэнд анхных болон тэмдэглэгдэж байна. Ерөнхийлөгчийн мэдэглийн дараагаар нийгэмд хүлээлт үүсээд байгаа. ҮАБЗ-өөс гаргасан байгалийн баялагийг тэгш хуваарилах замаар тэтгэвэр тэглэх зөвлөмжийн дагуу хуулийн төсөл боловсруулан парламент батлаад байгаа билээ. Ингээд энэ сарын тэтгэврээс эхлэх ахмад настны зээлийг суутгахгүй гэсэн мэдээлэл байна. Гэвч Монгол Улсын төсөв санхүүг барьдаг Сангийн яам нь энэ асуудалд оролцохгүй байгаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Тэтгэвэр тэглэх асуудал манай яаманд хамаагүй. Монголбанк, УИХ хоёр хариуцна” хэмээн саяхан хүртэл мэдэгдээд байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 229 мянган тэтгэвэр авагч иргэн нийт 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Үүнийг тэглэх бөгөөд тэтгэврээс чөлөөлөгдөх босгыг зургаан сая төгрөг байхаар хуульд тусгаж баталсан билээ. Харин тэтгэврийн зээлгүй иргэдэд сая төгрөгийн ваучер олгохоор болсон байдаг.
2. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэв
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал он гарснаас хойш улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдэв байлаа. Нэг хэсэгтээ л сураг тасарч ажилдаа ирэхгүй байсан Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан гэнэт гарч ирж гишүүнийг түдгэлзүүлэх саналын парламентад хүргүүлсэн. Улмаар энэ асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо дэмжсэн. Харин Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн олонх түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн билээ. Ер нь парламент Н.Номтойбаярыг явуулах гэж нэлээд юм болсон доо. Үүнд мэдээж олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Асуудлыг хаалттай хэлэлцэж, гишүүд УЕП Б.Жаргалсайханы гишүүнийг түдгэлзүүлэх үндэслэлийг сонссон. Улмаар нэрсийн дарааллаар цаасаар нууцаар санал хурааж, дуусав. Яг үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдэгдэл хийж, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгч буйгаа илэрхийлсэн байдаг. Тэрээр “Би хэн нэгний шахалтаар өргөдлөө өгөөгүй. Цэвэр өөрийн хүсэл сонирхлоор чөлөөлөгдөж байна. Миний эсрэг улс төрийн том махны машин ажиллаж байна. Гэвч би айхгүй. Үнэн ялна гэдгийг цаг хугацаа харуулна. Надад хийсэн гэм байхгүй. Надад өөрийнхөө гэм буруугүйг нотлох хангалттай баримт бий. Харамсалтай нь хууль хяналтын байгууллагынхан түүнийг шалгахгүй байна. Гэм буруугүй гэдгээ нотлоод эргэж ирнэ гэж хэлэхгүй, одоо шууд өргөдлөө өгнө” гэсэн. Харин парламент яг шийдвэр гаргахдаа Н.Номтойбаярын чөлөөлөгдөх өргөдлийг биш, түдгэлзүүлэх тогтоолын төслийг баталсан юм. Мөн энэ үйл явдлуудтай зэрэгцэн МАН-ын ёс зүйн хорооноос Н.Номтойбаярыг намаас гарсанд тооцсон шийдвэрийг гаргасан байдаг.
3.Гишүүд казинодов

Австралийн Холбооны Улсад суух Элчин сайд Б.Чулуунхүү болон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нарын Сиднейн казинод байгаа зураг олон нийтийн анхаарлыг татсан. УИХ-ын дарга Г.Занданшатарын албан ёсны айлчлалын үеэр гарсан дээрх дуулиан нэлээд газар авав. Тэнд байсан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар яарч, сандран тайлбар хийж, казино тоглоогүй, судалсан хэмээж байгаа. Мөн тэдний тайлбарт “Айлчлалын хөтөлбөрийн дагуу Элчин сайд Б.Чулуунхүүг дагаж, казинод орсон” гэх үг ч хавчуулагдсан байв. Түүнчлэн энэ асуудлаар ЕТГ-ын дарга З.Энхболдын тайлбар анхаарал татаж байв. Тэрээр “Төрийн албан хаагчийн тухай ёс зүйн дүрэмд өөрчлөлт орж, мөрийтэй тоглосон тохиолдолд ажлаас нь халахаар болсон. Түүний дагуу хэдэн хүнд арга хэмжээ авсан. УИХ-ын гишүүн бол төрийн албан хаагч. Тиймээс халагдах ёстой. МАН-ын УИХ, Засгийн газар дүрмээ хэрэгжүүлж чадах эсэхийг харъя” гэсэн байдаг. Тэнд хоёр гишүүнтэй хамт Элчин сайд Б.Чулуунхүү байсан. Гэтэл ЕТГ-ын дарга З.Энхболд зөвхөн гишүүд дээр акцент өгч байгаа нь сонин байв. Аливаа оронд эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд ёс зүйн алдаа гаргавал хариуцлага тооцох, эгүүлэн татах эрх нь Ерөнхийлөгчид байдаг. Харин УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг парламент хариуцдаг. Тэгэхээр ЕТГ-ын дарга З.Энхболдын мэдэгдэл нь өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг харах гэдэгтэй л адил болоод өнгөрсөн.
4. Коронавирусын халдварын улмаас хилээ хаав

Урд хөршид гарсан коронавирусын халдвар нэгдүгээр сарын 31-ний байдлаар дэлхийн 19 оронд тархаад байна. Түүнчлэн коронавирусаар нас барагсдын тоо 31-ний байдлаар 213-т хүрч, халдвар авсан хүмүүсийн тоо 8236-д болсон хэмээн БНХАУ-ын мэдээллийн эх сурвалжууд мэдээлжээ. Нас барагсдын олонх нь халдварын голомт болсон Ухань хотын оршин суугчид байгаа юм. Харин уг өвчнийг эдгээх тодорхой эмчилгээ, эм байхгүй байгаа ч эдгэсэн хүмүүсийн тоо 143 болж өссөн байна. Бусад улс орнуудад халдвар авагсдын тоо /01.31/ 11.00 цагийн байдлаар: Тайланд 14, Япон 11, Өмнөд Солонгос 4,АНУ 5, Вьетнам 2, Сингапур 7, Малайз 7, Балба 1, Франц 5, Австрали 5, Канад 1, Герман 1, Камбож 1, Шриланка1, Непал 1, хүн халдвар авсан тухай мэдээлэл байна. Харин Монгол Улсын тухайд халдвар авсан мэдээлэл гаргаагүй. ДЭМБ-аас онц байдал зарласантай холбоотойгоор ҮАБЗ-өөс яаралтай хуралдаж, хилээ хэсэгчлэн хаах зөвлөмж гаргаад байна. Улмаар Засгийн газраас хил орчимд хэсэгчилсэн хязгаарлалт хийгээд байна. Мөн сургууль цэцэрлэг үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг ирэх сарын 2-ныг хүртэл зогсоох шийдвэр гаргав. Түүнчлэн олон нийтийг хамарсан арга хэмжээг хязгаарлаж, цагаан сарын золголт хийхгүй, гэр бүлийн хэмжээнд тэмдэглэх уриалга хүргүүлээд байна. Халдварын голомт болох Ухань хотод манай 31 иргэн байгаа бөгөөд тэднийг авчрах шийдвэр гаргасан билээ.
5.Сонгуулийн мандат: Хотод багасгаж, орон нутагт нэмж батлав
УИХ-ын ээлжит сонгууль болоход таван сарын хугацаа үлдлээ. Эрх баригч нам өөрсдийн тоглоомын дүрэм буюу сонгуулийн хувилбараа хуульд тусгаад баталчихсан. Тэд энэ удаа 2008, 2012 оны сонгуулийн хувилбар буюу 29 тойрогтой, томсгосон можаритар тогтолцоог сонгосон билээ. Улмаар мандатын тоог хотод цөөлж, орон нутагт нэмж батлав. Тэд нийслэлийн сонгогчдоос айсан хэвээр гэдэг нь гарсан шийдвэрүүдээс нь харагдаж байгаа юм. Арга ч үгүй юм. 2008 оны сонгууль яг ийм хувилбараар явагдахад хөдөөгийн тойрогт МАН, нийслэлд АН давамгай ялалт авч байсан түүхтэй. Энэ түүхийг МАН давтахыг хүсэхгүй, мандатын тоогоо орон нутагтаа нэмж, хуучин арга техникээ хэрэглэхээр болсон байна. Тухайлбал, аймгуудад 20 тойрог, 52 мандаттай байхаар болсон. Нэг тойрогтой байсан аймгуудын тойргийг хоёр болгожээ. Дундговь, Говь-Алтай, Булган, Сүхбаатар гэсэн дөрвөн аймгийг тус бүр хоёр мандаттай болсон. Улмаар Говьсүмбэр аймгийг Дундговь аймагтай нэгтгэжээ.. Нийслэлийн хувьд есөн тойрог, 24 мандаттай байхаар шийдэж байна. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр таван мандаттай, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг тус бүр гурван мандаттай, Налайх, Багануур, Багахангай дүүрэг нийлээд хоёр мандаттай нэг тойрог байна гэжээ. Уг нь Сонгуулийн хуульд дөрвөн нөхцлийг харгалзан үзэж, мандат хуваарилахаар заасан байдаг. Хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарь, байршил энэ бүхэн багтдаг. Гэвч МАН асуудалд хуулийн хүрээнд биш улс төрийн өнцгөөс хандаж шийдвэр гаргалаа.
6. МАН хандив авахгүй, АН авна

Ирэх УИХ-ын сонгуулиар АН нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн дэнчин авахаар болсон бол МАН нэр дэвшигчдээсээ хандив авахгүй гэж мэдэгдлээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх "МАН нэр дэвшигчдээсээ сонгуулийн хандив авахыг илүүд үзэхгүй. Ёс зүйтэй, хариуцлагатай улстөрчдийг намаасаа нэр дэвшүүлэх бодлого баримтлана" гэдэг байр суурьтай байгаа гэнэ. Тэгвэл МАН хандив авахгүй гэдэг нь иргэдийн татварын мөнгөөр сонгуульд оролцоно гэж зарласантай ижил гэдгийг улс төрийн хүрээнд ид ярьж байна. Ер нь олон улсад улс төрийн нам мөнгө, санхүүгүй сонгуульд орно гэж байдаггүй. Тэгвэл намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд ийм мэдэгдэл хийсэн нь өөртөө байгаа эрх мэдэл, хөрөнгө мөнгө, давуу талдаа хэт эрдэж, бардсан хүний үг гэдэг нь харагдаж байлаа.
7.Ариг банкинд юу болоод байна вэ?
Ариг банкны үйл ажиллагаанд менежмент хийлгэхээр Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилсон нь эдийн засагт сонин үзэгдэл байлаа. Энэ нь банкны үйл ажиллагааг нь зогсоож буй хэрэг биш зөвхөн менежментийг нь Монголбанк хэрэгжүүлэх юм. Мөн зарим эх сурвалж Монголбанкнаас шаардлагатай арга хэмжээ авахад Ариг банк биелүүлээгүй гэх мэдээллийг өгч байгаа. Тиймээс Банкны тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авсан гэх. Уг хуулийн 49-р зүйлд зааснаар “Монголбанк хуульд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь банкны үйл ажиллагааг сайжруулах, найдвартай тогтвортой удирдлагыг сэргээхэд хангалтгүй гэж үзсэн, эсхүл хуулийн 3.1.16-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд банкинд нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, бүрэн эрхт төлөөлөгчийг томилж болно гэж заасан байдаг. Мөн Ариг банкны хөрөнгө оруулагчид болон удирдлагуудын дунд үл ойлголцол үүссэн тул банкны үйл ажиллагааг дампуурах эрсдлээс хамгаалсан яриа ч гарч байлаа. 2014 онд Эрэл банк Ариг банк хэмээн нэрээ өөрчилж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн байдаг. Харин Эрэл банк 1997 онд Монгол Улсын хоёр дахь Арилжааны банкны үйл ажиллагаа явуулах эрхээ авсан билээ.
8.Ерөнхийлөгч анх удаагаа ДАВОС-ийн чуулганд

Тэрээр Ерөнхийлөгч болсноор анх удаагаа энэхүү чуулганд оролцож байгаа юм. Энэ жил зарим улсын төр, засгийн тэргүүнийг оролцуулан 117 улсын 3000 гаруй хүн хүрэлцэн ирсэн, нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй болов. Төрийн тэргүүний ДАВОС-ийн чуулганд хэлсэн үгнээс онцолбол, далайд гарцгүй, байгаль цаг уурын өөрчлөлтөд эмзэг өртөмтгий орнуудын нэг учир Монгол Улс унаган байгалиа хамгаалах чухал арга хэмжээний нэгийг тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх гэж үздэг. Түүнчлэн Үндэсний хүлэмжийн хийн ялгарлаа 2030 он гэхэд 22.7 хувь бууруулах зорилтыг тодорхойлоод байна. Улмаар Монгол Улс 2030 он гэхэд тусгай хамгаалалттай нутгийн хэмжээг 30 хувьд хүргэх тухай санаачилгыг дэмжин “Байгалийн төлөө өндөр эрмэлзэл бүхий эвсэл”-д нэгдэн ороход бэлэн байгаагаа илэрхийлж байна. Энэ нь Евразийн эдийн засагт хувь нэмрээ оруулна. Тиймээс Төв Азийн нутаг Монгол орноор Евразийг холбох дэд бүтэц хөгжүүлэхэд хамтран ажиллахыг хүсье” гэжээ. Мөн тэрээр Норвегийн Хаант Улсад айлчилж Баялагийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, Монголд мэргэжилтнүүдийн баг илгээхийг хүссэн юм.
9. ТЕГ-ын тусгай албад дээрэм хийсэн үү?

Тагнуулын ерөнхий газрын тусгай ажилтнууд ОХУ-ын иргэнийг их хэмжээний мөнгөтэй явж байхад нь зохион байгуулалттайгаар дээрэмдсэн гэх мэдээлэл цацагдаж байна. Хэргийг шалгахад гаднын иргэнийг дээрэмдсэн этгээдүүд нь Тагнуулын ерөнхий газрын тусгай хэлтсийнхэн байсан гэх мэдээлэл баталгаажсан байдаг. Тэд дээрэм хийх үедээ ажлынхаа хувцастай байсан гэнэ. Мөн дээрэм хийх үедээ байлдааны галт зэвсэг ашигласан болох нь тогтоогдсон” гэжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Цагдаагийн байгууллагаас тодорхой ажиллагаа явуулж гэмт этгээдүүдийг баривчилсан” гэсэн мэдээллийг өгч байна. Хэргийг Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж буй юм байна.
10. УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган хаалтаа хийлээ

Намрын ээлжит чуулган 86 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 32 удаа, байнгын болон дэд, түр хороод давхардсан тоогоор 119 удаа хуралдаж, 154 хууль, УИХ-ын 51 тогтоол хэлэлцлээ. Холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг 19, нийтийн сонсгол гурван удаа зохион байгуулсан байна. УИХ-ын дарга Г.Занданшатар “Хэдхэн хоногийн дараа XVII жарны шороон гахай жил шувтарч, хулгана жил эхлэх гэж байна. Хувьтай хүний үздэг эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулгана жилд өнө мөнхийн эх орон минь дэлгэрэн дэвжихийн өлзийт ерөөл бэлгэдье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэжээ. Ийнхүү Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө.
Эх сурвалж:www.polit.mn