
Судлаач доктор Ц.Минжин «Монголчуудын алсын хараа ба үнэт зүйл» сэдэвт лекцийг оюутан сурагчид болон хилийн цэргийн ...дугаар ангийн бие бүрэлдэхүүнд уншсан юм. Тэрээр лекцдээ монгол хүн, монгол удирдлага, Монгол Улс гэсэн шаталсан агуулгаар хувь хүн, байгууллага, улсын алсын хараа ба үнэт зүйлийг тодорхойлжээ. Агуулга бүр дотроо суурин ба нүүдэлчин иргэд, өрнийн ба дорнын судалгаа, нэг үндэстний болон олон үндэстний улсыг харьцуулж сэдвийн агуулга, мөн чанарын ялгааг сонирхолтой хэлбэрээр гаргажээ.
Судлаач монголчуудын уламжлалт ухааны суурийг шинжлэх ухааны арга зүйгээр задлан шинжилсэн нь сонирхолтой бөгөөд монголчууд улс эх орныхоо хувь заяаг түүхэн цаг хугацааны уртад болон орон зайн өргөн талбарт хэрхэн ойлгох, эдүгээ цагийн амьдралын суурин соёлын нөлөө монголчуудын уламжлалт ахуйтай хэрхэн зохицож буй болон сүйтгэж буйг жишээгээр ярьсан нь сонсогчдын сонирхлыг татлаа.
Доктор Ц.Минжин лекцээ Нагаржунагийн “Үүсэл гарлын учир шалтгаан далд нарийн тул үнэн учрыг тайлбарлан таниулах нь маш бэрх” гэсэн үгээр эхэлсэн. Энэ нь уг сэдвийн үүсэл гарвал, учир шалтгаан, үнэний төөрөгдөлд орох вий гэсэн судлаачийн болгоомжлолыг давхар илэрхийлсэн мэт. Түүний лекцийн агуулгыг уншигчиддаа тоймлон хүргэе.
1.Монгол хүн гэж хэн бэ
Монгол хүн төлөвшин бий болоход монголчуудын ахуй хийгээд өвгөдийн ухаан ихээхэн ач холбогдолтой. Монгол хүүхдийг нүүдэлчдийн ахуйд өсгөснөөр байгйльтай харилцах хийгээд монголчуудын эв эеийн хүчийг эзэмшихэд суралцдаг. Өөрөөр хэлбэл монгол хүүхдийн тоглоом нь хамтын наадгай (шагайн наадгай) төдийгүй өдөр тутмын ахуй нь хамтын хөдөлмөр байдаг. “Хүн ахтай дээл захтай”, “Ахыгаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл”, “Цувж явсан барсаас цуглаж суусан шаазгай дээр” гэх мэт сургааль үгийг суурь болгодог. Суурин соёлын хүмүүжил нь чи мундаг, чи удирдагч, чи манлайлагч гэсэн хувь хүний ганцаарчилсан сургалтыг эрхэм болгодог. Үүнээс би үхэхээр чи үх, буюу хувиа хичээсэн аминчхан зан төлөвшил хүүдэд суудаг.
Жишээ нь, монгол хүүхдүүдийг гэр бүлээ зур гэхэд аав, ээжийгээ зураад зогсохгүй гэр, хашаа, ард нь байгаа уул, мал сүргийг зурна. Энэ нүүдэлчин удмын соёл. Суурин соёлд өссөн хүүхэд аав, ээж би гээд гурван толгой л зурна. Монголчууд зураг авахуулахдаа ч арын фоноо анзаарч, тэр байшингийн оройг заавал оруулаарай, үүнийг гаргаарай гэдэг. Гэтэл бодит байдалд тухайн хүний зураг л чухал шүү дээ. Энэ нь монголчуудын би биш бид гэх үзлийн илэрхийлэл юм.
Монголчуудын нүүдэлчдийн ахуй хийгээд суурин соёлын ахуй бол оршихуйгаараа бие биенээ эсрэгцэн оршдог.
Нүүдэлчид бол сэтгэлгээнд суурилсан хэрэгцээ байдаг бол суурин соёлд хэрэгцээнд суурилсан сэтгэлгээ байдаг.
-Хүний үнэт зүйл нь өөрийгөө танихад оршдог. Энэ бол нүүдэлчид хийгээд суурин соёлын иргэшлийн гол ялгаа юм. Суурин соёл хэрэглээнд суурилсан сэтгэлгээнд суурилдаг, жишээ нь онгоцоор аялахад гадаад хүмүүс дугуй дэр, эсвэл өөрийн уудаг кофег бариад явж байдаг. Суурин соёл иргэншил өөрийгөө тойруулаад орчноо бүрдүүлдэг соёл иргэншил юм. Өөрөөр хэлбэл, тав тухтай байшин, унтах ор, хоолоо бэлддэг. Тэгвэл нүүдлийн соёл иргэншил хаана ч очсон тэр газартаа өөрөө дасан зохицдог.
Төрийг удирдахад ч энэ хоёр иргэншил хоорондоо ялгагддаг. Тухайлбал
- Чингис хаан миний дээр төр,
- төрийн дээр тэнгэр гэж хэлсэн нь бий /өөрөөсөө дээш хоёр шатлал нэмсэн байгаа биз/.
- “Би эрийн сайнд хаан болсонгүй
- Эзэн тэнгэрийн ивээлээр хаан боллоо” гэсэн нь хаан хүн ч хан тэнгэрийн эрхшээл дор байдаг гэдгийг илэрхийлж байна.
Суурин соёл иргэншлийн хаан миний доорх бүх юм минийх гэдэг агуулгыг илэрхийлж хэмжээгүй эрхт хаан хэмээн өөрийгөө өргөмжилөг.
Тэгвэл Монголын төрт ёс өөр. “Их засаг”- т засгийг зөрчсөн алтан ургийн хэн ч цаазтай гэжээ. Алтан ургийнхан хэчнээн эрх мэдэлтэй байсан ч засаг ёсыг зөрчихгүй гэсэн нь тэрхүү засаг ёсын доор байна гэсэн үг.
Хүн бүрийн оршихуй бол өөрийгөө таних, өрөөлийг мэдэх, орчноо мэдрэхээс эхлэлтэй.
- Хэрэв чи дайснаа болон өөрийгөө бүрэн таньж мэдвэл зуун тулаанд оролцсон ч үр дүнд нь санаа зовох хэрэггүй болно.
- Хэрэв чи өөрийгөө мэдэх атлаа дайснаа таниагүй байвал ялсан ялалт болгон асар их үнээр олдоно
- Хэрэв чи дайснаа болон өөрийгөө таниагүй байвал тулаан бүртээ мөхөсдөн ялагдна
Өнөөдөр бид суурин нийгмийн хөгжилтэй хөл зэрэгцэн алхахад хүнийг танихад амаргүй болж. Л.Түдэв гуай “Тэнэг хүмүүс ухаантай үг цээжилдэг” болчихсон болохоор энэ их аюулыг жирийн иргэд ялган танихад бэрхтэй болжээ. Гэвч хүн бүрийн үг үйлдлийн зөрүү хийгээд хэлж ярьж буй зүйлийг анхаарч ажвал тэр хүний хэн бэ гэдгийг ялгахад их амар болно хэмээгээд хүн таних олон арга аргачлалыг зааж өгөв.
2.Монгол удирдлага
Удирдахуйн ухааны түүхэнд Чингис хааны удирдсан шиг Эзэнт гүрнийг байгуулсан удирдагч байхгүй. Дэлхийн удирдагч нар Чингис хааны удирдлагын нууцыг эрэн хайж олон арван бүтээл бичсэн. Монголчууд хүний толгой дээрх туулайн чинээ ухааныг шүтэн бишрээд өөрсдийн толгой дээрх уулын чинээ ухаанаас суралцахгүй байгаа нь харамсалтай.
Монголчууд бүлэг хүмүүсийг биш багийг бүрэлдүүлж чаддаг байсан учраас амжилттай байсан. Бүлэг бол өөр өөрийн зорилготой хэсэг бүлгийн нэгдэл байдаг бол баг нь нэг зорилгын дор нэгдсэн хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, нэгэн аравтыг цул болгож байгаа нь тэдний зорилго хийгээд сэтгэлийг нь нэг зорилго дор зангидаж чадсанд гол шинж нь оршино. Монголчуудын “Сэтгэлийг дагуулбал бие нь хаа холдох вэ” гэдэг үг аливаа байгууллагын удирдлага ажилчдынхаа сэтгэлийг дагуулж удирд гэдгийг хэлсэн санаа. Байгууллагын удирдлага хийгээд хөгжлийн замыг дараах гурван мөртөөр илэрхийлж болно. Үүнд
- Угтаж мэдээд-Өнгөрснийг таньж
- Тосож бэлдээд –Ирээдүйг тооцож
- Тэсэж магад гарах-Өмнөхийг бүтээмүй
Үүнийг орчин үеийн үг хэллэгт буулгавал байгууллагын оршихуй нь:
Тактикгүй стратеги ялалтанд хүрэх хамгийн хол зам.
Стратегигүй тактик нь үхлийн өмнөх бужигнаан юм.
Байгууллагын хөгжил хувь хүний хөгжлөөс эхтэй. Байгууллага доторх хувь хүн амжилтанд хүрэхийн тулд түүний алсын хараа тодорхой, нээлттэй байх ёстой. Хэрэв та тодорхой гавьяа байгуулсан бол цол нэмэх нь тодорхой байх ёстой. Түүний төлөө хүн өөрийн бие, сэтгэл, оюуныг бэлддэг. Монголчуудын амжилтад хүрэх өөр нэг зүйл нь итгэл. Итгэлгүй хүн саргүй шөнөтэй адил. Итгэлийн цаана юу байдаг вэ гэвэл, хариуцлага. Дээр нь уйгагүй оролдлого байна. Шантрашгүй тууштай мөн чанарууд бол удирдлага. Эцэст нь тэсч гарахын тулд бүтээ. Энэ нь гүйцэтгэл юм.
Гүйцэтгэл нь ялалтын таван үндэс дээр суурилдаг. Энэ нь хэзээ тулалдах, эсэхээ мэддэг, цаг хугацааны хүчин зүйлийг мэддэг байх юм. Хүч илүү эсвэл хүч дутуу дайсантайгаа хэрхэн тулалдахаа мэдэж байх арга нь энэ. Арми бүх шатандаа нэгдмэл зорилготой байх ёстой. Дарга нэг зүйл хүсдэг, доор байгаа хүмүүс нь өөр зүйл хүсдэг. Энэ нөхцөл байдал зарим байгууллагад харагддаг.
-Өөрийгөө бэлдэнгээ дайсныхаа сулрах мөчийг хүлээж чаддаг байх чадвар маш чухал. Үүний дараа цэрэг армиа удирдахад дээдсүүд нь саад хийдэггүй байх чухал. Өөрөөр хэлбэл, түрүүнд хэлсэн эрх мэдэл, хөрвөх чадварыг хангалттай өгөх ёстой.
Чингис хаан ганцаар дэлхийн талыг эзэлсэнгүй гагцхүү түүний цэрэг бүр зорилгоо ойлгосон, түүний жанжин бүр тодорхой эрх мэдлийн хүрээнд хөрвөх чадвартай байсанд оршино.
Байгууллагын эд ширхэг болгоноо / Хүн нэг бүрээ/ хөгжүүл, эрх үүргийг тодорхой болгох хэрэгтэй. Тэгвэл амжилтанд хүрнэ. Энэ бол хувь хүний түвшинд, манлайллын түвшинд, байгууллагын түвшинд гэж хуваагддаг. Хувь хүний түвшинд бид юуг ярьдаг вэ гэвэл, алсын хараа, сахилга бат, зан чанарыг ярьдаг. Дараагийн түвшинд удирдан чиглүүлэх ,урамшуулан зоригжуулах, нийтэд үлгэрлэх нь чухал. Байгууллагын түвшинд гүйцэтгэл, стратеги, байгууллагын соёл чухал.
-Хувь хүнд өөрчлөгддөг зүйл, өөрчлөгддөггүй зүйл гэж бий. Хувь хүний өөрчлөгддөггүй зүйлээр бүү оролд. Өөрөөр хэлбэл, ажилтныхаа оюуны чадвар, хувийн онцлог зан чанар, үнэт зүйл болон шашин шүтлэг сонирхлоор нь бүү оролд. Тэр хүний хүлээж авах чадвар, оюуны багтаамж хоёр литр байгаа бол бид таван литрийг хийгээд нэмэргүй гадуураа халиад асгарчихна. Тухайн хүний оюуны багтаамжийн хэмжээ тийм бол тэрийг нь удирдлага мэддэг байх ёстой. Тэр хүн христийн шашин шүтдэг бол тэрийг нь бид хүндэтгэх ёстой болохоос “Чи муу христ шүтдэг хэн бэ. Ганданд очиж ном уншуулаад ир” гэж болохгүй. Тиймээс тухайн хүний өөрчлөгдөггүй мөн чанараар оролдоод хэрэггүй. Өөрчлөхөд хялбар зүйл юу вэ гэвэл та тухайн хүнд мэдлэг нэмж болно, туршлага нэмж болно. Та тэр хүнд ур чадвар суулгаж болно. Тиймээс ийм зүйлүүдэд нь л анхаар.
Хэрэв танай байгууллага ур чадвар муутай, гэхдээ хийх хүсэл эрмэлзэлтэй ажилтантай бол яах вэ. Ийм хүмүүсийг чиглүүлээд хийж өгөх ёстой зүйлийг нь яг зааж өгөх ёстой. Өөрөө мундаг ур чадвартай хэрнээ наадах чинь аяндаа болчихдог юм, аажмаар бүтчихдэг юм гээд сууж байгаа хүнийг яах ёстой вэ гэвэл мотивацийг нь өргөтгөж, тухайн хүнийг өдөөж өгөх хэрэгтэй. Өндөр ур чадвартай, хүзсэл эрмэлзэлтэй хүнийг бол зүгээр л өөрөөр нь хийлгэ. Тэнд оролцоод хэрэггүй. Удирдлага тархинаас биш зүрхнээс эхэлдэг. Асуудлыг томсгож харах тусам асуудал өөрөө маш томоор харагддаг.
3.Монгол ямар улс вэ?
-Үндэстэн бүрэлдсэн шинжээр нь тухайн улсыг нэг үндэсний, эсвэл олон үндэстний улс гэж нэрлэдэг. Монгол нэг үндэсний улс. Оршин тогтнож чадсанаар нь бүрэлдсэн улс, тогтнох чадамжтай улс, бүрэлдэж чадаагүй улс гэж ангилдаг. Дэлхийн хэмжээнд нөлөөлөх болон цэрэг дайны хүчин чадлын талаас нь хэт хүчтэй, хүчирхэг, дунд хүчтэй бага хүчтэй улс үздэг.
Монгол улс бол нэг үндэстэний улс. Үнэт зүйл нь нэг, үндэсний хөгжлийн хэв маяг, уламжлал, онцлог нь нэг зүйл дээр суурилсан. Маш олон шалгуураар үүнийг задлан тайлбарлаж болно. Тухайлбал боловсрол талаас үзэхэд үндэсний мэдлэг, боловсролыг оршихуйгаасаа авдаг, нэгдмэл үзлийг уламжлалаасаа авдаг улсыг нэг үндэсний улс гэнэ.
Олон үндэсний улс нь хувь хүний үнэт зүйл дээр тулгуурладаг. Хувийн өмч, хувийн эзэмшил, хувийн компани, хувийн эрх, хүний эрх гэдэг зүйл голлодог.
Нүүдэлчдийн түүхэн хөгжлийг авч үзвэл, хүний эрх гэдэг зүйл эхэндээ байдаггүй харин оршихуйн асуудал эхэнд тавигддаг. Өөрөөр хэлбэл улсын тусгаар тогтнол, хувь заяаны асуудал, байгаль экологийн асуудлууд өөрөөр хэлбэл Улсын эрх буюу оршихуй нь эхэндээ байдаг. Чингис хааны хэлсэн үг байдаг.
- Бүхнээс илүү хайрлалтай нь өөрийн амь
- Өөрийн аминаас илүү хайрлалтай нь үр хүүхдүүдийн минь амь
- Үр хүүхдийн аминаас илүү хайрлалтай нь оршихуйн амь юм.
Жирийн малчин өвгөний билчээрээ хайрлах ухаан бол оршихуйгаа хайрлах ухаан юм.
Суурин хөгжлийн гол үзүүлэлт нь хувь хүний хөгжил дээр оршдог. Улс орнуудыг эдийн засгийн талаас нь хөгжингүй улс, хөгжиж буй улс, буурай улс гэж нэрлэдэг. Бид нэг үндэсний улс, магадгүй бүрэлдэж чадаагүй улс, бага хүчтэй улс, буурай улс гэсэн ангилалд буй мэт. Гэвч монголчуудын оюун ухааны ангилалыг харийхан хийж чадахгүй, монголчуудын оршихуйгаа хайрлах үзлийг харийхан ойлгохгүй, зарим асуудал бүрхэг байх тусам бидний оршихуй хамгаалагддаг.
Бид өөрсдийн оршин тогтнох чадамжийг хангаагүй, аль нэг салбар нь ямар хурдтайгаар аюулын ирмэгт дөхөж очсоноо шинжлээгүй. Гадны бодлогын нөлөө шууд ба шууд бус хэрхэн нөлөөлж байгааг шинжээгүйгээс Монгол Улс тогтолцооны хувьд бүх салбарын асуудлыг багтаагаад эрсдэл нь ямар түвшинд байна, аюулын аль шатанд яваагаа тодорхойлоогүй байна. Өөрөөр хэлбэл оршин тогтнох чадамж, магадгүй бид бүрэлдэж чадаагүй улс гэсэн статуст орохоор бид хараат бус болсон уу, үгүй юу. Жишээ нь бид боол мөн үү. Энэ асуултанд “Бид Үндсэн хуулиараа эрхтэй , тусгаар тогтносон улсын эзэн” гэж хэлдэг. Гэтэл боол гэдгээ мэдэхгүй боол байх шиг эмгэнэлтэй зүйл байхгүй. Ганц жишээ хэлье, Монгол Улсыг эдийн засгийн хэдэн хувь нь Хятадаас хараат, түлш шатахууны хэдэн хувь нь ОХУ-аас хараат вэ? Бид боол гэдгээ мэдэхгүй боол болчихсон буюу улсаараа боол улс болчихсон явж байгаа юм биш биз.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд монголчуудын ашиг сонирхлыг 10 гаруй зүйлээр илэрхийлсэн байдаг. Монголын ард түмэн соёл иргэншил, тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн хил хязгаарын бүрэн бүтэн байдал гээд энэ бүхнийг дурдаж болно. Өнөөдөр бид Монгол Улсын хил амгалан байна, хил тайван байна, сайхан байна гэдэг, бүгд ингэж ярьдаг, боддог. Гэтэл саяын 10 асуудлыг Монголын төрт ёсны түүхэнд таван асуудлаар багцлан
- Цусны тусгаар тогтнол,
- Оюуны тусгаар тогтнол,
- Ахуйн тусгаар тогтнол,
- Засаглалын тусгаар тогтнол,
- Орон зайн тусгаар тогтнол гэсэн байдаг.
Цусны тусгаар тогтнолыг авч үзэхэд Монгол Улсад жилдээ хэчнээн хятад иргэн орж ирж байна, хэд нь цагаачаар үлдэж байна. Одоо хятадын ажилчдыг байршуулахаар есөн давхар хоёр өндөр байшин барьж байна. Тэр цонх болгоны цаана хятад хүн, магадгүй арван цонхны цаана нэг монгол эмэгтэй. Энэ эрлийзжих бодлого хаана явж байна. Дээрээс нь цус ойртолтын асуудал байна. Цус ойртолтын асуудлыг дагаад өвчний зураглал, оюуны хомсдол гэх мэт олон асуудлыг дагуулдаг.
Бид оюуны тусгаар тогтнол гэж ярьдаг. 100 гаруй телевизтэй, өчнөөн сайттай, хэвлэл мэдээллийн 80 хувь нь дандаа гадаад мэдээ байна. Бид эх оронч үзлийг төрүүлье гээд монголынхоо түүхээр кино хийж байна. Гэтэл эх оронч үзэл гэдэг хаанаас төлөвшдөг юм бэ. Ганцхан түүхээ мэдсэнээр эх оронч үзэлтэй болдоггүй харин Монголоо хайрлах сэтгэлтэй болсон цагт сая эх орочн үзэл бий болдог.
Ахуйн тусгаар тогтнол бол ойлгомжтой. Бидний амьдрал ахуйд юунд голлож, хэнээс хараат байна. Засаглалын тусгаар тогтнол ойлгомжтой. Одоо бүр ч ил болж байна. Орон зайн тусгаар тогтнолыг аваад үзье хилийн асуудал ямар байгаа билээ. Монгол Улс хэчнээн улсад газар нутгаа лизенз, орд гэх мэт хуулийн дагуу худалдсныг та бүхэн мэдэх үү. Нэлээд хэдэн жилийн өмнөх лицензийн судалгааг аваад үзэхэд газар нутгийн хэдэн хувь нь лицензээр бусдын мэдэлд оччихсон байна. Хил хязгаар тайван, газар нутаг бүрэн бүтэн гэж ярьж, тэгж ойлгож байтал юу болж вэ. Хууль нэрийн дор хуулийн дагуу бүх үйл ажиллагаа явсан. Хуулийн дагуу лиценз олгосон уу олгосон. Та хуулийн дагуу газраа зарсан уу зарсан. Та хуулийн дагуу хятад иргэнтэй хамтраад газраа өмчилж, ашиглаж ашгийг нь хувааж авч байна. Энэ бүхэн хуулийн дагуу болсон. Тоглоомын дүрмийг хэн зохиосон нь хождог болохоос хэн сайн тоглосон нь хождоггүй. Энэ хуулийг зохиож байгаа нь тэр тоглогчид юм.
Өөрөөр хэлбэл, хилээр буутай хүн орж ирвэл манайхан барьчихна. Санааныхаа ард таван муу санааг суулгаад орж ирсэн хүнийг барьж чадахгүй. Аллагыг гүйцэтгэснээс алах гэж санасан нь илүү аюултай. Тэгэхээр
Улсыг нь устгая гэвэл хүнийг нь устга.
Хүнийг нь устгая гэвэл ахуйг нь устга.
Ахуйг нь устгая гэвэл оюуныг нь устга.
Оюуныг нь утсгая гэвэл түүхийг нь устга
Түүхийг устгая гэвэл шинэ түүхээр хуучин түүхийг устга гэж үг бий. Энэ шат бүгд хэрэгжээд явж байна. Монгол хүн устаад байна уу. Олон хүн хэлдэг манай нөгөө сайхан монгол эрчүүд нэг л биш болжээ, байхгүй болжээ. Монголын сайхан эрчүүдийн мөн чанар алга болчихлоо. Эрчүүд трико өмсөөд явдаг болжээ гэлцдэг. Монгол эмэгтэй хаачив л гэдэг. Талцах бодлогын дунд яс мэт хаяад талцуулж байна шүү дээ, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг. Эрчүүдийг нь архичин, сул дорой, эмэгтэйг нь янхан биеэ үнэлэгч гээд сурталчлаад, тэгж ойлгуулдаг. Гэтэл
- эрчүүдээ дээдлээгүй улс сөхөрдөг,
- эмэгтэйчүүдээ хамгаалаагүй үндэстэн мөхдөг зарчимтай.
Үндэстний эх нь эмэгтэйчүүд. Эмэгтэйчүүд төрдөг эмэгтэйчүүд үндэстнийг бий болгодог. Харин эрчүүдийг дээдэлж байж эрчүүдээ хайрлаж байж улс орон хөгждөг. Монголчуудын үнэт зүйл Монгол хүн. Монголчуудын алсын хараа бол оюуны хүч. Бид Монголоо аваръя гэвэл оршихуйгаа аврах нь улсын үндэс, иймд монголчууд эв эеийн хүчнээ нэгтгэх нь хувь хүн, байгууллага, улс орны түвшинд нэгдэж байж Монгол Улс хөгжинө.